Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 02 сарын 18 өдөр

Дугаар 45

 

Т аймгийн ЗД, тус аймгийн А сумын ИТХ-ын нэхэмжлэлтэй,

Ашигт малтмал, газрын тосны газрын

Кадастрын хэлтсийн даргад холбогдох захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч:                         Танхимын тэргүүн М.Батсуурь                  

Шүүгчид:                            Г.Банзрагч,

                                            Х.Батсүрэн,

                                            Ч.Тунгалаг,

Илтгэгч шүүгч:                   П.Соёл-Эрдэнэ,

Нэхэмжлэлийн шаардлага: Ашигт малтмалын газрын /хуучин нэрээр/ Кадастрын хэлтсийн 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 251 дүгээр шийдвэрийг хүчингүй болгуулах,

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 128/ШШ2018/0067 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 221/МА2018/0233 дугаар магадлалтай,

Нэхэмжлэгчийн гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв. 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Өмнөх шүүхийн шийдвэр:

1.  Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 128/ШШ2018/0067 дугаар шийдвэрээр: Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3, 19.4 /энэ зүйлийг 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/-т заасныг баримтлан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдуулан гаргасан “Ашигт малтмалын газрын /хуучин нэрээр/ Кадастрын хэлтсийн 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 251 дүгээр шийдвэрээр “П” ХХК-нд Т аймгийн А сумын нутаг “Шар хошуу” нэртэй газарт олгосон ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий Т аймгийн ЗД, Т аймгийн А сумын ИТХ-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2.  Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 221/МА2018/0233 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 128/ШШ2018/0067 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг тус тус баримтлан Т аймгийн ЗД, Т аймгийн А сумын ИТХ-ын нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож “Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 251 дүгээр шийдвэрээр “П” ХХК-д Төв аймгийн Алтанбулаг сумын нутаг “Шар хошуу” нэртэй газарт олгосон ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, нэхэмжлэгч Т аймгийн ЗД-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г, нэхэмжлэгч Т аймгийн А сумын ИТХ-ын өмгөөлөгч Д.Б нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

3.  Нэхэмжлэгч Т аймгийн А сумын ИТХ-ын дарга Н.Б хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Магадлалын хянавал хэсэгт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйл, 3 дугаар зүйлийн 3.1.3-д зааснаар захиргааны байгууллага хуульд заасан тохиолдолд нэхэмжлэл гаргах эрхтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн байна.

4.  Энэ асуудал анхан шатны шүүхэд захиргааны хэрэг үүсгэхэд болон шүүх шийдвэр гаргахад тус тус яригдсан боловч шүүгч нар энэ тохиолдолд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг нэхэмжлэл гаргах эрхтэй гэж үзсэн юм. Бидний хувьд ч сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй гэж үзэж байна. Учир нь иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь захиргааны чиг үүрэг, эрх мэдэл бүхий захиргааны байгууллага мөн боловч үндсэн шинж нь иргэний нийгмийн байгууллага билээ. Иргэдийн төлөөллийн байгууллага бөгөөд нутгийн өөрөө удирдах ёсыг хэрэгжүүлдэг, засаг төрийн байгууллагын тогтолцоонд хамаардаггүй ялангуяа гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлж буй Засгийн газар, түүний харьяа байгууллага биш. Нутгийн өөрөө удирдах ёсыг хэрэгжүүлэх, нутаг дэвсгэрийн хэмжээний нийгэм, эдийн засгийн асуудлаа бие даан шийдвэрлэх нь иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын үндсэн чиг үүрэг, бүрэн эрх нь билээ. Энэ хүрээнд төр засгийн байгууллагатай, тэр ч байтугай Засгийн газартай маргалдах, байр суурь зөрөх явдал бишгүй гарна.

5.  Захиргааны ерөнхий хуулиар иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг захиргааны байгууллагад хамруулан тооцсон нь түүний захиргааны эрх мэдлээс иргэдийг хамгаалах зорилготой болохоос биш иргэний байгууллага болохынх нь хувьд шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байх Үндсэн хуулиар олгогдсон статусыг хязгаарлахгүй гэж үзэж байна. Иймд хуулийг буруу хэрэглэсэн (Үндсэн хуулийг үзэл санаанд харшаар хэрэглэсэн) магадлалыг хүчингүй болгохыг хүсье.

6.  Энэ хэрэгт холбогдох бичиг баримт үрэгдүүлсэн, бусдад давуу байдал үүсгэсэн, авилга хээл хахууль авсан байж болзошгүй үйлдлүүд нь Улсын ерөнхий прокурорын 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 1/348 дугаар хариу мэдэгдэх хуудаст дурдсанчлан эрүүгийн журмаар шалгагдаж байгаа болно. Хэрвээ эдгээр үйлдлүүд нь гэмт хэрэг нь болох нь тогтоогдвол, түүний шууд үр дагавраар олгогдсон ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл шууд хүчингүй болох үндэслэл үүсэх билээ.

7.  Дээр дурдсан үндэслэлээр хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн магадлалыг хүчингүй болгож, хэргийг анхан шатанд буцаахыг хүсье гэжээ.

ХЯНАВАЛ:

8.  Давж заалдах шатны шүүхээс хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул магадлалыг хүчингүй болгож, шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон шийдлийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

9.  Нэхэмжлэгч Т аймгийн ЗД, А сумын ИТХ нь Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 251 дүгээр шийдвэрийг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасан байх бөгөөд уг шийдвэрээр Төв аймгийн Алтанбулаг сумын нутаг “Шар хошуу” гэх газарт “П” ХХК-д хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон байна.

10.  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт “энэ хуулийн зорилт нь ... нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд заасан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэж заасан, давж заалдах шатны шүүхээс хуулийн энэхүү зохицуулалтыг буруу тайлбарлаж, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан учир нэхэмжлэгч тус бүрээр хуулийн агуулгыг тайлбарлав.

11.  Алтанбулаг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тухайд: Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5 дэх хэсэгт заасны дагуу “нутгийн өөрөө удирдах байгууллага” хэмээх нийтийн эрх зүйн этгээдийн хувиар “захиргааны байгууллагад” хамаарч байгаа бөгөөд иргэдийн Төлөөлөгчдийн Хурал /цаашид Хурал гэх/ нь Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран хоёрдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “нутгийн өөрөө удирдах байгууллага тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг хорооны нутаг дэвсгэрийн хэмжээний эдийн засаг, нийгмийн амьдралын асуудлыг бие даан шийдвэрлэхийн хамт улс, дээд шатны нэгжийн чанартай асуудлыг шийдвэрлэхэд хүн амыг зохион байгуулж оролцуулна” гэж, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсэгт “нутгийн өөрөө удирдах ёс нь ... тухайн нутаг дэвсгэрийн эдийн засаг, нийгмийн асуудлыг иргэдийн ашиг сонирхолд нийцүүлэн хуулийн хүрээнд бие даан шийдвэрлэх эрх зүйн бодит чадвар мөн” гэж, 12 дугаар зүйлийн 12.1.7 дэх хэсэгт “... иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах” гэж, 20 дугаар зүйлийн 20.1.9 дэх хэсэгт “иргэдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах ажлыг зохион байгуулах ...” гэж тус тус зааснаар тухайн нутаг дэвсгэрийн нийт хүн амын эрх ашгийг төлөөлөх эрхтэй буюу нутаг дэвсгэрийн эдийн засаг нийгмийн асуудлыг бие даан шийдвэрлэх нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага юм.

12.  Иймээс иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хувьд /түүнийг төлөөлөн Хурлын дарга/ бусад нийтийн эрх зүйн этгээдийн адил захиргааны байгууллагын шийдвэр, үйл ажиллагаатай холбогдуулан зөрчигдсөн эрхээ сэргээлгэх зорилгоор шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй, тодруулбал, иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд бусад “захиргааны байгууллага” шиг хуулиар тусгайлан нэхэмжлэл гаргах эрх үүссэн байхыг шаардахгүй, эрх зүйн байдлын хувьд ялгаатай авч үзэхээр байна. 

13.  Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.2 дахь хэсэгт зааснаар иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга нь “ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох эсэх асуудлаар сум, дүүргийн Хурлын саналыг авч, Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцүүлэн, шийдвэрээ Засаг даргад уламжлах” эрх, үүргийг хэрэгжүүлэхээр зохицуулсан байх бөгөөд энэхүү маргааны хувьд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга дээрх хуулиар олгогдсон эрхээ эдэлж чадаагүй буюу тухайн орон нутагт хайгуулын тусгай зөвшөөрөл олгох эсэх асуудлаар иргэдийн нийтлэг эрх ашгийг төлөөлөх бүрэн эрхтэй Хурал нь “санал өгөх эрхээ хэрэгжүүлэх боломжгүй байсан” гэж маргасан байна. Ийнхүү нутгийн өөрөө удирдах байгууллагын хуулиар олгогдсон бүрэн эрх буюу угтаа орон нутгийн иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн асуудлаар маргаж байгаа нөхцөлд иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг “нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд” гэж үзэхгүй, иймээс давж заалдах шатны шүүхийн дүгнэлт буруу болжээ.

14.  Аймгийн Засаг даргын тухайд: Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1 дэх хэсэгт заасан “төрийн гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлдэг төв, орон нутгийн бүх байгууллага” буюу захиргааны байгууллагад хамаарч байгаа, энэ утгаараа түүний хувьд “хуульд заасан бол...” захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах эрх үүсэхээр байна. Иймээс Засаг даргын гаргасан нэхэмжлэлийн тухайд түүнд ямар хуулиар нэхэмжлэл гаргах эрх үүссэн талаар эрх зүйн дүгнэлт хийх шаардлагатай.

15.  Засаг дарга нь нэг талаас төрийн гүйцэтгэх эрх мэдлийг орон нутагт хэрэгжүүлэгч, нөгөө талаас, өөрөө удирдах ёсны байгууллага буюу Иргэдийн Хурлын шийдвэрийг хэрэгжүүлэгчийн хувьд бусад захиргааны байгууллага болон Хурлын шийдвэрийн эсрэг шүүхэд нэхэмжлэл гаргах эрх шууд үүсэхгүй, гагцхүү хуулиар тусгайлан эрх олгогдсон тохиолдолд л шүүхэд нэхэмжлэл гаргах боломжтой юм.

16.  Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3 дахь хэсгийн “е”-д зааснаар аймгийн Засаг дарга нь нутаг дэвсгэрт нь ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгоход хууль тогтоомжид заасны дагуу санал өгөх бүрэн эрхтэй байгаагаас үзвэл дээр дурдсан /Үндэслэх хэсгийн 13-т/ иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүрэн эрх нь Засаг даргын саналаар дамжиж хэрэгжихээр байна. Өөрөөр хэлбэл, иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь өөрийн саналыг эрх бүхий этгээдэд шууд явуулах боломжгүй юм.

17.  Энэхүү маргааны тухайд Засаг дарга нь Хурлаас санал авах ажиллагааг зохих журмын дагуу хэрэгжээгүйгээс тусгай зөвшөөрөл олгох эсэх асуудлаар “орон нутгийн санал” өгөх хуульд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлж чадаагүй гэсэн агуулгаар маргаж байгаа учир энэ тохиолдолд шүүхэд маргах эрхтэй байна гэж тайлбарлаж болохоор байна. Хэдийгээр нэхэмжлэгч Засаг даргын тухайд хяналтын гомдол гаргаагүй боловч магадлалын хууль зүйн үндэслэлийг хянах хүрээнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчилтэй холбогдуулан хуульд нийцүүлсэн дүгнэлт хийж, “нэхэмжлэл гаргах эрхгүй” гэж, хэргийг хэрэгсэхгүй болгосон магадлалыг бүхэлд нь хянах нь маргааны үйл баримтыг бүрэн дүүрэн шийдвэрлэхэд ач холбогдолтой юм.

18.  Иймээс дээрх үндэслэлүүдээр аймгийн Засаг дарга болон сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын аль алиныг нь “хуульд заасан хайгуулын тусгай зөвшөөрөл олгох эсэхэд  санал өгөх эрхийг хэрэгжүүлэх боломж олгоогүй” гэх үндэслэлээр нэхэмжлэл гаргах эрхтэй гэж үзлээ.

19.  Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлгүй тул нэхэмжлэгч нарын хууль ёсны эрх, ашиг сонирхол нь зөрчигдсөн эсэхэд дүгнэлт өгөх учиртай бөгөөд уг маргааны тухайд анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг зөв дүгнэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь зүйтэй байна. Тодруулбал, хариуцагч нь Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3 дахь хэсэгт заасан үүргээ биелүүлсэн буюу 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн албан бичгийг Төв аймгийн Засаг даргад хүргүүлсэн болох нь “Монгол шуудан” ХК-ийн 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 08/610 дугаар албан бичиг, нэхэмжлэгчийн “Төв аймгийн Засаг даргын Тамгын газрын бичиг хэрэг 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, 94 дүгээр картад дугаарлан, аймгийн Засаг даргын туслахад шилжүүлсэн” гэх тайлбараар тогтоогдсон байна.

20.  Ийнхүү Ашигт малтмалын газар хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлсэн, харин түүнээс явуулсан албан бичгийг тухайн орон нутгийн захиргааны байгууллагын үйл ажиллагааны дотоод зохион байгуулалтгүйгээс нэхэмжлэгч нар нь мэдээгүй, хуульд заасан “санал өгөх” бүрэн эрхээ хэрэгжүүлж чадаагүй нь хариуцагчийг буруутгах үндэслэл биш юм.

21.  Анхан шатны шүүх захиргааны байгууллага буюу Засаг даргын нэхэмжлэл гаргах эрхийг “...өөрийн харъяа нутаг дэвсгэрийн эдийн засаг, нийгмийн асуудлыг бие даан шийдвэрлэх эрхийн хүрээнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагаас гаргасан маргаан бүхий шийдвэрийн талаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг хязгаарлахгүй” хэмээн хэт өргөжүүлэн дүгнэсэн нь учир дутагдалтай бөгөөд холбогдох хуулийн зохицуулалтыг бүрэн хэрэглээгүй, маргааны үйл баримтад хамааралгүй хуулийн заалтыг хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын “хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах” тухай хяналтын гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүнээс үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 221/МА2018/0233 дугаар магадлалыг хүчингүй болгож, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 128/ШШ2018/0067 дугаар шийдвэрийн “тогтоох” хэсгийн 1 дэх заалтын “Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1” гэснийг “Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.2,   29 дүгээр зүйлийн 29.1.3 дахь хэсгийн “е”” гэж өөрчлөн, бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                                  М.БАТСУУРЬ    

                ШҮҮГЧ                                                                                            П.СОЁЛ-ЭРДЭНЭ