Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 02 сарын 29 өдөр

Дугаар 04

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч С.Отгонцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3-р баг, 31-р байр, 2-р орцны 28 тоотод оршин суух Хойд овогт Зоригийн Ууганбаярын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Засаг даргад холбогдох,
“Даланзадгад сумын Засаг даргын 2015 оны 8 сарын 03-ны өдрийн “Хууль бус захирамжийг хүчингүй болгох тухай” А/144 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч З.Ууганбаяр, нэхэмжлэгчийн өмгөөлөгч И.Олонмөнх, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Мөнхжаргал, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Гансүх, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Дөлгөөн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч З.Ууганбаяр шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хойд овгийн Зоригоогийн Ууганбаяр миний бие Даланзадгад сумын 8 дугаар багийн нутаг, Даланзадгад сумын зүүн хойно Хаяагийн голд мод тарих зориулалтаар 5 га газрыг мөн сумын Засаг дарга Б.Батхуягийн 2012 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн а/147 дугаар захирамжийн дагуу эзэмшдэг.
Гэтэл Даланзадгад сумын Засаг дарга Ц.Баттулга 2015 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн А/07 дугаар захирамж гаргаж надад газар эзэмшүүлсэн 2012 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн а/147 дугаар захирамжийг хүчингүй болгосон.
Энэ шийдвэрийг хууль бус гэж үзээд шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснөөр шүүх 2015 оны 6 сарын 26-ны өдөр хариуцагчийн зөвшөөрлийг баталж, тухайн захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож шийдсэн юм.
Тэгтэл дахин Даланзадгад сумын Засаг дарга 2015 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн А/144 тоот захирамж гаргаж надад газар эзэмшүүлсэн 2012 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн  а/147  дугаар  захирамжийг  ямар ч  үндэслэлгүйгээр  хүчингүй  болгож иргэн миний газар эзэмших эрхийг удаа дараалан зөрчсөн болохоор гомдлоо аймгийн Засаг даргад 2015 оны 8 сарын 28-ны өдөр гаргахад хариуг нь газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд туссан байршлаас өөр, бусдын газартай давхацсан байгаа тул олгох боломжгүй гэсэн хариуг өгсөн. Миний эзэмшлийн газар дээр “Тэс петролиум” ХХК шатахуун түгээх станц барьж ашиглалтанд оруулсан байгаа. Энэ компанид 2014 онд миний эзэмшил газрыг давхардуулан аймгийн Засаг дарга захирамж гарган газар олгосон бөгөөд Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 40 дүгээр зүйлийн 40.5 дахь заалтыг зөрчсөн байгаа.
Шүүхээр шийдвэрлүүлсэн байтал дахин дахин хууль бус захирамж гарган надад газар дээрээ үйл ажиллагаа явуулах боломж өгөхгүй, удаа дараа газар эзэмших эрхийг үндэслэлгүйгээр хүчингүй болгож хохироож байна.
Иймд Даланзадгад сумын Засаг даргын “Хууль бус захирамжийг хүчингүй болгох тухай” 2015 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн А/144 дүгээр захирамжийн надад холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч И.Олонмөнх шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Үйлчлүүлэгч маань Даланзадгад сумын Засаг дарга Батхуягийн 2012 оны а/147 дугаар захирамжаар 5 га газрыг мод тарих зориулалтаар хуулийн дагуу авсан байтал Засаг дарга Баттулга 2015 оны 01 дүгээр сарын 19-ны өдөр А/07 дугаар захирамж гарган 2012 онд З.Ууганбаярт эзэмшүүлсэн газрыг хүчингүй болгосон. Үүнийг хүчингүй болгуулахаар 2015 онд Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Даланзадгад сумын Засаг даргын 2015 оны 6 сарын 23-ны өдрийн 109 дугаар захирамж гардаг. Энэ  захирамжийн нэг дэх заалтаар Даланзадгад сумын Засаг даргын 2015 оны А/07 дугаар захирамжийн үндэслэх хэсэгт хууль зүйн буруу заалт ашигласан тул энэ захирамжийн хавсралтаас З.Ууганбаярт холбогдох заалтыг хүчингүй болгосугай гэж шийдсэн байдаг. Үүний дагуу хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамж гарсан.
Үүний дараа 2015 оны 08 дугаар сарын 03-ны өдөр А/144 тоот захирамж дахин гаргасан. Хариуцагч тал Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсгийг баримтлаж захирамж гаргасан гэж байна. Энэ заалтанд хууль бус гаргасан захирамжаа хүчингүй болгох тухай байгаа, 2012 оны а/147 тоот захирамжийг Засаг дарга бөгөөд хотын захирагч Батхуяг гэж засаг дарга гаргасан болохоос Ууганбаяр гаргаагүй. Мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-ыг зөрчөөгүй, энэ 5 га газрыг төсөл шалгаруулалт, дуудлага худалдаагаар авагддаг газар биш. Ууганбаяр өөрөө дур мэдэн гэрээ байгуулж, кадастрын  зураг хийгээгүй.
Аймгийн газрын албанаас Ууганбаярын эзэмшил газрын кадастрын зургийг хийж баталгаажуулсан. Хэн дуртай нь мэдээллийн санд оруулж хасдаггүй байхаа. Анх удаа мод тарих газрыг Ууганбаярт олгосон биш 2007 оноос хойш аймагт мод тарих газрыг зөндөөн л олгож байсан. Төлөвлөгөөнд тусгагдаагүй гэж байна, сумын 2012 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд өөр хүмүүст олгож болохоор туссан л байсан.
Иймээс маргаан бүхий сумын Засаг даргын захирамжийн Ууганбаяр холбоотой хэсгийг нь хүчингүй болгож өгнө үү гэв.
    
Хариуцагч Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Засаг дарга Ц.Баттулга шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:    “Иргэн Зориг овогтой Ууганбаяр нь 2012 оны 01 дүгээр сарын 17-нд Даланзадгад сумаас зүүн хойш 4.5 км-т мод тарих зориулалтаар 5 га газар эзэмших хүсэлтээ Даланзадгад сумын Засаг даргад гарган 2012 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр бүртгэлийн дэвтрийн 14 дугаарт бүртгэгдсэн.
Даланзадгад сумын газар зохион байгуулалтын 2012 оны төлөвлөгөөнд тусгагдаагүй тул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны 2012 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 03/12 дугаар тогтоолоор Даланзадгад сумын 8 дугаар баг, Хаяагийн голд 5 га газар, мод тарих зориулалтаар газар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн.
Сумын Засаг даргын 2012 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн а/147 дугаар захирамжаар Даланзадгад сумын 8 дугаар баг сумын төвийн зүүн хойно байрлах газарт 50000 м2 газар 60 жилийн хугацаатай газар эзэмшүүлэх захирамж гарган гэрээ, гэрчилгээ олгосон байна. Тухайн хугацаанд З.Ууганбаяр нь Даланзадгад сумын Засаг даргын Тамгын газарт Газрын мэргэжилтэн албан тушаалтай ажиллаж байсан ба өргөдөл, материал хүлээн авах, захирамж төлөвлөн гаргуулах, өөрөө өөртэйгөө гэрээ байгуулан, гэрчилгээ олгох ажиллагааг гардан гүйцэтгэсэн.
Мөн газрын хэмжилтээ өөрөө хийн, эрх бүхий мэргэжлийн байгууллагаар кадастрын зургаа хийлгэлгүй, аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт хэмжилт хийсэн газраа баталгаажуулах үедээ дур мэдэн газрын байршлыг өөрчлөн өөрийн анх хүсэлт гаргасан сумаас зүүн хойш 4.5 км зайтай газарт биш мөн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолоор баталгаажин Газар зохион байгуулалтын 2012 оны төлөвлөгөөнд суугдсан Хаяагийн голд биш 8-р баг хуучин нефть хангамжийн баазын хойд талд кадастрын зураг хийлгэж, тухайн газраа эзэмшилдээ авах гэсэн үйлдэл нь дараах хуулийн заалтуудыг зөрчсөн байна.
    1. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь заалт /Хүсэлт гаргасан газрын байршил нь аймаг, нийслэл, сум, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлж болохоор заагдсан байна/, З.Ууганбаярын хүсэлт гаргасан газрын байршил нь сумын Газар зохион байгуулалтын 2012 оны төлөвлөгөөнд Хаяагийн голд 5 га газар эзэмшүүлэхээр тусгагдсан.
    2. Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4 дэх заалт /Аймаг, нийслэл, сум, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд эзэмшүүлж болохоор зааснаас бусад газарт газар эзэмшүүлэхийг хориглоно/, Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан газрын байршлыг дур мэдэн өөрчилж хуучин Нефть баазын хойд талд газар эзэмшихээр санаархан кадастр хийлгэсэн.
    3. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх заалт /Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхдээ өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхлыг хөндсөн захиргааны акт гаргах, удирдах, хяналт, шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, гэрээ байгуулах, эдгээрийг хэлэлцэх, бэлтгэх, оролцох зэрэг үйл ажиллагаа явуулахыг хориглоно/,
- Тухайн захирамж төлөвлөн гаргах хугацаанд З.Ууганбаяр нь Даланзадгад сумын Засаг даргын Тамгын газарт Газрын мэргэжилтэн албан тушаалтай ажиллаж байсан ба өргөдөл, материал хүлээн авах, захирамж төлөвлөн гаргуулах, өөрөө өөртэйгөө гэрээ байгуулан, гэрчилгээ олгох ажиллагааг гүйцэтгэхдээ энэ талаар хариуцсан дээд шатны удирдлагад /Засаг даргын Тамгын газрын дарга/ ямар нэг мэдэгдэл гаргалгүй шийдвэрлэсэн.
Иймээс сумын Засаг даргын 2012 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн А/147 дугаар захирамжийн хавсралтаас иргэн З.Ууганбаяртай холбоотой заалтыг хүчингүй болгох тухай сумын Засаг даргын 2015 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн А/144 дүгээр захирамж гаргасан.
Иргэн З.Ууганбаярт газар зохион байгуулалтын 2012 оны төлөвлөгөөнд тусгагдсан байршилдаа газраа сэргээн авах хүсэлт гаргавал хуулийн дагуу шийдвэрлэх боломжтой талаар удаа дараа хэлсэн. Урьд нь энэ асуудлаар явагдсан шүүх хурлууд дээр мөн л хэлж эвлэрэх санал гаргасан боловч З.Ууганбаяр хүлээж аваагүй. Өнөөдрийн байдлаар Зориг овогтой Ууганбаяр нь хүчингүй болгосон газраа сэргээн авах талаар ямар нэг хүсэлт өргөдөл сумын Засаг даргад гаргаж өгөөгүй” гэжээ.
     Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Мөнхжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн З.Ууганбаяр анх 2012 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Даланзадгад сумаас зүүн хойшоо 4.5 км-т мод тарих зориулалтаар 5 га газрыг эзэмших хүсэлтээ Даланзадгад сумын Засаг даргад гаргаж иргэний үнэмлэхний хуулбар, авах газрынхаа зургийг гараар зураад хавсаргаж өгсөн байдаг.
Энэ хүсэлтийн дагуу 2012 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр бүртгэлийн дэвтэрт бүртгэгдсэн байсан. Ууганбаярыг өргөдөл, хүсэлтээ өгөхөөс өмнө 2012 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлагдчихсан байсан. Батлагдсан газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд одоогийн энэ Ууганбаярын газар ороогүй байсан. Сүүлд нь хагас жилээр буюу 2012 оны 06 дугаар сарын 04-ний өдөр иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хүсэлтийн дагуу энэ газрыг нь тодотголоор нэмж оруулъя гэсэн хэлэлцүүлэг өрнөсөн. Төлөөлөгчдөөс З.Ууганбаярт хаяагийн гол гэдэг нэртэй газар тухайн газрыг нь олгоё гэсэн тогтоол гаргасан. Тухайн үед Ууганбаяр нь надтай хамт газар зохион байгуулагч хийдэг байсан.
2012 оны 06 дугаар сарын 21-ний өдөр а/147 дугаар захирамжийн төслийг өөрөө боловсруулаад Даланзадгад сумын Засаг даргаар батлуулсан. Үүний дараа өөрөө өөртэйгөө гэрээ байгуулан, гэрчилгээ гаргаж авсан байдаг. Мөн тухайн 2012 ондоо аймгийн газрын албаар кадастрын мэдээллийн санд бүртгүүлсэн байдаг. Яг үүнээс эхлээд зөрчил гарч эхэлсэн байдаг. Яагаад гэхээр иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцэж тогтсон хаяагийн гол гэдэг газар дээрээ биш, өөрийн анх гаргасан 4.5 км газар дээрээ ч биш өөр газрыг зааж газрын мэдээллийн санд оруулуулсан байдаг.
Тухайн үед Ууганбаяр өөрөө ажлын байрны тодорхойлолтонд заагдсанаар газрын хэмжилт хийдэг байсан. Тэр эрхийнхээ дагуу өөрийн ашиг сонирхолдоо нийцүүлэн эрх хэмжээгээ ашиглаж сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан тогтоолыг зөрчиж, өөрийн гаргасан 4.5 км газрыг наашлуулсан зэрэг ажиллагаа хийсэн байгаа. Энэ байдлыг нь мэдээд сумын Засаг даргаас газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийг үндэслэлээ болгож 2015 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн А/144 тоот захирамжийг гаргасан. Иргэн З.Ууганбаярт бол одоо хаяагийн гол нэртэй газарт нь тухайн жилийн төлөвлөгөөнд тусгагдсан, 4.5 км-т газар олгоход татгалзах зүйлгүй. Бусдаар төлөвлөгөөнд тусгагдаагүй, 4.5 км биш газарт бид хууль зөрчиж газар олгоно гэж байхгүй.
Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, эвлэрэн хэлэлцэх саналтай байна. Тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан газарт 5 га газрыг хэмжээгээр нь өгч, Ууганбаяр өөрөө өөртэйгээ бус өнөөдрийн байдлаар хариуцаж байгаа миний бие түүнтэй гэрээ байгуулан, гэрчилгээ гаргаж өгч эвлэрэн хэлэлцэх саналтай байна. Тэр газар газрын нэршлийн зурагт “Хаяагийн гол”, “Хаяагийн худаг”-ийг зааж өгсөн байдаг тэр зурагт тэмдэглэгдсэн “Хаяагийн гол”-ын зүүн талд, 1980 оноос хойш ажиллаж амьдарч үйл ажиллагаа явуулж байгаа агрономич Оюунтуяагийн урд талд гэж ойлгож болно.
2012 оны 7 сарын 03-ны өдрийн кадастрын зураг дээр би гарын үсэг зураагүй, миний нэр албан тушаал байхгүй учраас хүний өмнөөс мөн бишийг нь хэлж мэдэхгүй гэв.

        Гуравдагч этгээд “Тэс петролиум” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Майдар шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Манай компанид Өмнөговь аймгийн Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн А/670 тоот захирамжаар тус аймгийн Даланзадгад сумын 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт хот явах замын урд З5ООм.кв газрыг “Шатахуун түгээх станц”-ын зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлсэн ба аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас “Газар эзэмших гэрээ”-г байгуулан газрын төлбөрийг төлж, кадастрын зургийг хийлгэн 2015 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр “нэгж талбарын хил, заагийн газарт бэхэлсэн эргэлтийн цэгийг хүлээлгэн өгсөн тухай акт” үйлдэн хүлээн авсан бөгөөд зориулалтын дагуу “Шатахуун түгээх станц"-ын зураг төслийг боловсруулан аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газраас үнэлгээ хийлгэн дүгнэлт гаргуулсан.
    “Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ХК-иас 29/2015 тоот техникийн нөхцлийг холбогдох байгууллагуудаар схем зургаа батлуулан, барилгын ажлыг эхлүүлэх, үргэжлүүлэх 2015/37 дугаартай зөвшөөрлийн үндсэн дээр Шатахуун түгээх станцыг байгуулаад байна. Энэ станцыг 2015 оны 10 дугаар сарын 23-ны өдөр “Барилга байгууламжийг байнгын ашиглалтанд оруулах комисс”-т хүлээлгэн өгснөөр үйл ажиллагаа эхлэн орон нутгийн 5 хүнийг ажлын байраар ханган ажиллаж байна.
    Дээрх ажлууд бүгд Газрын тухай болон бусад холбогдох хууль тогтоомжийн дагуу хийгдсэн, хөдөө орон нутгийн хөгжил дэвшилд хувийн хэвшлээс оруулсан бодит хөрөнгө оруулалт болсныг нутгийн иргэд сайшаан дэмжсэн юм.
    Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй тул хэрэгсэхгүй болгоно уу” гэжээ.

    Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Гансүх шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбарыг сонслоо, хавтаст хэрэгтэй танилцсан. Тэгэхээр иргэн З.Ууганбаяр Даланзадгад сумын Засаг дарга хоёрын хооронд үүссэн маргаан гэж үзэж байна. “Тэс петролиум” ХХК-нд ямар холбоотой юм бол гэж бодож байна. Нэхэмжлэгчийн хэлж байгаа тайлбараас манай шинээр барьсан шатахуун түгээх станц энэ хүний газартай давхацсан гэсэн зүйл яригдаж байна. Тэгэхээр доорх гурван үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн үндэслэл хууль зүйн үндэслэлгүй, хүлээн зөвшөөрөх ямар ч боломжгүй гэж үзэж байна.
“Тэс петролиум” ХХК нь энэ газраа Өмнөговь аймгийн Засаг даргын 2014 оны 11 сарын 20-ны өдрийн а/670 дугаар захирамжаар шатахуун түгээх станцын зориулалтаар 3500 м2 газар авсан. Үүнийхээ дагуу газрын харилцаа барилга хот байгуулалтын газраас эргэлтийн цэгээ аваад зохих зөвшөөрөл авсан байгууллагаар кадастрын зургаа хийлгээд үүнийгээ холбогдох мэргэжлийн байгууллагуудаар хянуулаад гарын үсгийг нь аваад мэдээллийн санд оруулсан, гэрээ байгуулан, гэрчилгээ авч кадастрын зурагтай болсон. Яагаад энэ асуудалд оруулан холбогдуулж байгаад гайхаж байна.
Нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбараас сонсоход нэхэмжлэгч нь тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй газарт газар авахаар хүсэлт гаргаад, нөгөөдөхөө тодотголоор оруулж батлуулаад, өөрөө гэрээ, гэрчилгээнийхээ төслийг бичиж боловсруулж Засаг даргаараа гарын үсэг зуруулаад, өөрөө газраа аваад, өөрөө газар дээрээ очиж хэмжээд, нэг хүнтэй хуйвалдаж газрын мэдээллийн санд бүртгүүлээд ийм юм гэж байх уу. Холбогдох хууль тогтоомжуудыг зөрчсөн асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргаад жирийн нэг бизнесийн компанийг гуравдагч этгээдээр татан оролцуулж чирэгдэл учруулж байна.
Өмнөговь аймгийн Засаг даргын захирамжаар бид газар авсан. Газрын тухай хууль дээр Засаг даргын бүрэн эрх тодорхой байгаа болохоор нуршаад байх шаардлагагүй гэж бодож байна. Тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан газарт төсөл сонгон шалгаруулалт, дуудлага худалдаагаар газрыг олгоно гээд заасан байдаг.
Тэгэхээр тэр нь ч хаана байгаа юм. Түрүү Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйл дээр маргалдаад байсан, хариуцагч тал зөв тайлбарлаад хэлчихлээ. Даланзадгад сумын Засаг дарга алдаатай, хууль зөрчсөн шийдвэр гаргасан, түүнийгээ Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар зөрчлөө арилгаад 2015 оны А/144 дүгээр захирамж гаргасан байна. Энийг ойлгож ядах юмгүй. Энэ асуудал нь “Тэс петролиум” ХХК-тай холбоогүй асуудал юм гэсэн тайлбарыг хийж байна.
Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэл хууль зүйн үндэслэлгүй, хууль зөрчөөд олгочихсон. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт хууль зөрчиж хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байна гэсэн байдаг. Өнөөдрийг хүртэл хууль бус гэрээ, гэрчилгээтэй явж байна.
Ийм нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэл нь хууль зүйн үндэслэлгүй, хүлээн зөвшөөрөх боломжгүй гэв.

ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч З.Ууганбаяр нь Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Засаг даргын 2015 оны 8 сарын 03-ны өдрийн “Хууль бус захирамжийг хүчингүй болгох тухай” А/144 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасан боловч шүүх хуралдааны явцад Даланзадгад сумын Засаг даргын 2015 оны 8 сарын 03-ны өдрийн А/144 дүгээр захирамжийн З.Ууганбаярт холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг багасгасан.
Шүүх хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судлаад дараахь хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Засаг даргын 2012 оны 6 сарын 21-ний өдрийн а/147 дугаар захирамжаар Даланзадгад сумын 8-р баг, мөн сумаас зүүн хойно байршилтай, 5 га хэмжээтэй газрыг мод тарих зориулалтаар, 60 жилийн хугацаагаар Хойд овогт Зоригийн Ууганбаярт эзэмшүүлэхээр шийдвэрлэж, Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн 0378720 дугаар гэрчилгээ олгож, 2012 оны 6 сарын 21-ний өдөр Иргэнд газар эзэмшүүлэх гэрээ байгуулснаар уг газрыг иргэн З.Ууганбаяр эзэмшиж байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна. /хх 1-3, 9, 15-18, 22, 43-44, 111-112/
Гэтэл Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Засаг дарга Ц.Баттулга 2015 оны 8 сарын 03-ны өдрийн А/144 дүгээр захирамжаар З.Ууганбаярт газар эзэмших эрх олгосон мөн сумын Засаг даргын 2012 оны 6 сарын 21-ний өдрийн а/147 дугаар захирамжийг Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т заасныг зөрчиж дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалт явуулахгүйгээр нэр бүхий иргэдэд газар эзэмшүүлсэн хууль бус үйлдлийг таслан зогсоох зорилгоор гэсэн үндэслэлээр мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсгийг тус тус баримтлан хүчингүй болгож шийдвэрлэжээ. /хх-19, 35-37, 113-114/
Хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаас үзвэл Өмнөговь аймгийн Даланзадгад сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2011 оны 12 сарын 27-ны өдрийн 05/11 дүгээр хуралдааны тогтоолоор батлагдсан Даланзадгад сумын 2012 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд 8-р баг, Хаяагийн голд мод тарих зориулалтаар нийт 29,5 га газрыг 5 иргэн, аж ахуйн нэгж байгууллагад шинээр эзэмшүүлэхээр тусгагдсан байжээ. /хх 92-103/
Мөн Даланзадгад сумын Газар зохион байгуулалтын 2012 оны төлөвлөгөөнд тодорхой зориулалтаар газар нэмж олгохоор тодотгол хийсэн Даланзадгад сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2012 оны 6 сарын 04-ны өдрийн 03/12 дугаар хуралдааны тогтоол гарсан ба энэ тогтоолын хавсралтаар газар эзэмших иргэн, аж ахуйн нэгжийг нэрлэн заасны 4 дүгээрт нь “Даланзадгад 8-р баг, Хаяагийн голд, З.Ууганбаярт 5 га газрыг мод тарих зориулалтаар эзэмшүүлэх” гэж нэхэмжлэгчийн нэр бичигдсэн байна.
Даланзадгад сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дээрх шийдвэрийн дагуу мөн сумын Засаг даргын 2012 оны 6 сарын 21-ний өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” а/147 дугаар захирамж гарсан байна. /хх 22, 41-42, 92-105, 135-148/
Уг захирамжийг үндэслэн иргэн З.Ууганбаярын эзэмшиж байгаа нэгж талбарын 4608001586 дугаар бүхий газрын байршлын кадастрын зураглалыг Өмнөговь аймгийн Газрын харилцаа, барилга, хот  байгуулалтын газрын мэргэжилтэн О.Хатанбаатар үйлдэж, газрын дарга Ч.Мөнхжаргал хянаж баталгаажуулан кадастрын мэдээллийн санд уг газрыг оруулсан байна./хх-18, 50/
Нэхэмжлэгч З.Ууганбаяр нь тухайн үед Даланзадгад сумын Засаг даргын Тамгын газарт Газрын асуудал, хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан ба Засаг даргын 2012 оны 6 сарын 21-ний өдрийн а/147 дугаар захирамжийн хоёрдугаар заалтаар газар эзэмшихтэй холбогдсон бичиг баримтыг зохих хууль тогтоомжийн дагуу бүрдүүлж, эзэмшүүлэх газарт зохион байгуулалт хийж, газар эзэмших гэрээ байгуулан, гэрчилгээ олгож, газрыг улсын бүртгэлд бүртгэхийг үүрэг болгосон байна. /хх-22/
Үүнээс хойш Даланзадгад сумын Засаг дарга нь 2015 оны 01 сарын 19-ны өдөр а/07 дугаар захирамжаар Даланзадгад сумын Засаг даргын 2012 оны 6 сарын 21-ний өдрийн а/147 дугаар захирамжийн дагуу газар эзэмших эрх авсан З.Ууганбаярын газар эзэмших эрхийн гэрчилгээг Газрын тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.12-т “энэ хуулийн 33.4-д заасан журмыг зөрчсөн албан тушаалтныг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг дөрвөөс арав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, гаргасан шийдвэрийг нь хүчингүй болгон, хохирлыг нөхөн төлүүлэх”, 63.1.15-д “энэ хуульд заасан үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй нь тогтоогдсон бол албан тушаалтныг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг арван хоёроос хорь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, гаргасан шийдвэрийг нь хүчингүй болгон, хохирлыг нөхөн төлүүлэх” гэсэн заалтуудыг баримтлан тодруулбал мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.4-т заасан “...газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд эзэмшүүлж болохоор зааснаас бусад газарт газар эзэмшүүлэхийг хориглоно” гэсэн заалтыг үндэслэн хүчингүй болгож байжээ.
Үүнийг эс зөвшөөрч З.Ууганбаяр нь Даланзадгад сумын Засаг даргын 2015 оны А/07 дугаар захирамжийг хүчингүй болгуулахаар шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасан ба уг хэргийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байх явцад хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, өмнөх 2015 оны А/07 дугаар захирамжийг “хууль буруу ашигласан” гэж захирамжийн хавсралтаас З.Ууганбаярт холбогдох заалтыг хүчингүй болгосон Даланзадгад сумын Засаг даргын 2015 оны 6 сарын 23-ны өдрийн 109 дүгээр захирамж гаргасан тул Захиргааны хэргийн анхан шатны 12 дугаар шүүх /хуучин нэршлээр/-ийн шүүгчийн 2015 оны 6 сарын 26-ны өдрийн 04 дүгээр захирамжаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. Ингэснээр Даланзадгад сумын Засаг даргын 2012 оны а/147 дугаар захирамж хүчин төгөлдөр хэвээр үлдсэн байна. /хх-126, 20-21, 23/  
Шүүгчийн захирамж гарсны дараа дахин Даланзадгад сумын Засаг дарга нь 2015 оны 8 сарын 03-ны өдөр А/144 дүгээр захирамж гарган Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь хэсэгт заасныг зөрчиж дуудлага худалдаа, сонгон шалгаруулалт явуулахгүйгээр газар эзэмшүүлсэн хууль бус үйлдлийг таслан зогсоох зорилгоор гэж мөн сумын Засаг даргын 2012 оны 6 сарын 21-ний өдрийн а/147 дугаар захирамжийг Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсгийг үндэслэн хүчингүй болгосноор маргаан үүссэн ба дээрх захирамж нь “хууль бус захирамжийг хүчингүй болгох” утгыг илэрхийлж гарсан боловч агуулгаараа нэхэмжлэгчийн газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, нэгэнт хуульд заасан журмын дагуу үүссэн газар эзэмших эрхийн тухайд Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т заасан “газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах” зарчмыг алдагдуулжээ.
Хэрэгт авагдсан дээрх баримтуудыг нэгтгэн дүгнэвэл, маргаж буй газар нь сумын Газар зохион байгуулалтын 2012 оны төлөвлөгөөнд ерөнхий байдлаар тусгагдаж, харин Даланзадгад сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2012 оны 6 сарын 04-ний өдрийн 03/12 дугаар хуралдааны тогтоолоор мөн төлөвлөгөөнд тусгагдсан байршил, хэмжээ бүхий газрыг эзэмшүүлэх иргэн, аж ахуйн нэгжийг нэрлэн зааж тодотгол хийж шийдвэрлэсэн тул уг газарт тухайн үед дуудлага худалдаа, сонгон шалгаруулалт явуулах шаардлагагүй байжээ. Улмаар дээрх төлөвлөгөө, хурлын шийдвэрт тусгагдсан байршил, хэмжээ бүхий газрыг эзэмших хүсэлтийг З.Ууганбаяр гаргаж /хх 43-46/ эзэмших эрхтэй болсон, бусдын эзэмшиж, ашиглаж буй газартай давхцаагүй байсан, мөн сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тогтоол, сумын Засаг даргын захирамж зэрэгт түүний нэрийг оруулан баталгаажуулсан байгаагаас үзвэл тухайн үед байсан эрх бүхий албан тушаалтны гаргасан шийдвэр буюу Даланзадгад сумын Засаг даргын 2012 оны а/147 дугаар захирамж нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2, 33 дугаар зүйлийн 33.1.1, 33.4 дэх хэсэгт тус тус заасныг зөрчөөгүй байсан үйл баримт тогтоогдож байна.
Мөн хариуцагчийн төлөөлөгч нь шүүх хуралдаан дээр “нэхэмжлэгчид тухайн хэмжээгээр, Хаяагийн голд газар эзэмшүүлэх”-ийг зөвшөөрч, эвлэрэн хэлэлцэх санал гаргаж байгаагаас нэхэмжлэгчийн дээрх газар эзэмших эрхийг хүлээн зөвшөөрч байна гэж үзэхээр байна. Тиймээс Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д “...газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн” гэх нөхцөл бүрдээгүй байхад З.Ууганбаярт газар эзэмшүүлсэн Даланзадгад сумын Засаг даргын 2012 оны 6 сарын 21-ний өдрийн а/147 дугаар захиармжийг хүчингүй болгосон мөн сумын Засаг даргын 2015 оны 8 сарын 03-ны өдрийн А/144 дүгээр захирамж нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.
Түүнчлэн Даланзадгад сумын Засаг даргын 2012 оны а/147 дугаар захирамжийн 2-т “Газар эзэмшихтэй холбогдсон бичиг баримтыг зохих хууль тогтоомжийн дагуу бүрдүүлж, эзэмшүүлэх газарт газар зохион байгуулалт хийж, газар эзэмших гэрээ байгуулж, гэрчилгээ олгож, газрыг улсын бүртгэлд бүртгэхийг... Газрын асуудал хариуцсан мэргэжилтэн /З.Ууганбаяр/-т” үүрэг болгосон байна.
Нэхэмжлэгч З.Ууганбаярын 2012 оны 6 сарын 04-ний өдөр эрх бүхий этгээдэд гаргасан “Газар эзэмших, ашиглахыг хүссэн өргөдөл”-ийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар хэргийн 43 дугаар хуудсанд авагдсан байна.
Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Мөнхжаргалын шүүх хуралдаанд гаргасан “З.Ууганбаярыг анх 2012 оны 01 дүгээр сард газар эзэмших нь өргөдөл гаргасан, энэ нь бүртгэлийн дэвтэрт 01 сарын 18-ны өдөр бүртгэгдсэн, энэ өдөр газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд уг газар ороогүй байсан, төсөл шалгаруулж, дуудлага худалдаа явуулаагүй, З.Ууганбаяр өөрөө өөртэйгээ гэрээ байгуулан, гэрчилгээ олгож хууль зөрчсөн” гэх зэрэг тайлбаруудыг шүүх хүлээн авах боломжгүй байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь “Хаяагийн худаг”, “Хаяагийн гол” гэх зэргээр нэрлэж буй газраа нэг газар болохыг, тухайн газрын байршил, хэмжээг болон “Хаяагийн гол” нь Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 8-р багийн нутаг дэвсгэрт хамрагдаггүй гэдгийг нотолж чадаагүй, харин нэхэмжлэгчийн Даланзадгад сумын Засаг даргын 2012 оны а/147 дугаар захирамжаар эзэмшиж буй газар нь тус сумын 8-р багийн нутаг дэвсгэрт хамрагдаж байгаа нь хэрэгт цугларсан бичгийн дээрх нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д “Газрын кадастрыг суманд газрын даамал, аймагт... газрын алба, улсын хэмжээнд газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага эрхлэнэ” гэж заасан бөгөөд З.Ууганбаярын эзэмшил газрын байршлын кадастрын зураглалыг үйлдэж мэдээлийн санд оруулах ажиллагааг Өмнөговь аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас гүйцэтгэсэн, түүнчлэн З.Ууганбаяр нь Засаг даргын 2012 оны а/147 дугаар захирамжаар өөрт үүрэг болгосны дагуу газрын эзэмшүүлэхэд холобгдох бусад баримтыг бүрдүүлсэн байх тул дээрх ажиллагаануудад нэхэмжлэгчийг дангаар нь буруутгах үндэслэлгүй юм.
Өмнөговь аймгийн Засаг даргын 2014 оны 11 сарын 20-ны өдрийн а/670 дугаар захирамжаар “Тэс петролиум” ХХК-нд мөн аймгийн Даланзадгад сумын 8-р багийн нутаг дэвсгэрт, хот явах замын урд байршилтай, 3500м2 хэмжээтэй газрыг шатахуун түгээх станцын зориулалтаар, 15 жилийн хугацаагаар эзэмших эрхийг Өмнөговь аймгийн Засаг дарга олгож, 2014 оны 12 сарын 10-ны өдөр Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ байгуулан Аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн 000307901 дугаартай гэрчилгээ олгосны дагуу шатахуун түгээх станцыг барьж  2015 оны 10 сарын 23-ны өдөр Барилга, байгууламжийг байнгын ашиглалтанд оруулах комисст хүлээлгэн өгсөн байсан. /хх 66-88/
Иймээс шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гуравдагч этгээдээр “Тэс петролиум” ХХК-ийг оролцуулсан боловч нэхэмжлэгч З.Ууганбаярт газар эзэмшүүлэх шийдвэр гарах үед бусдын эрх хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөөгүй байсны зэрэгцээ гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Гансүх шүүх хуралдаанд “... энэ асуудал нь Тэспетролиум” ХХК-тай холбоогүй ...” тухай агуулгаар тайлбар гаргаж байх тул гуравдагч этгээдийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн эсэх талаар шүүхээс дүгнэлт хийж шийдвэрлэх шаардлагагүй гэж үзлээ.  
Дээр дурьдсан үндэслэлүүдээр хариуцагч “Хууль бус захирамжийг хүчингүй болгох” байдлаар нэхэмжлэгчийн газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхол, мөн Газрын тухай хууль тогтоомж зөрчсөн нь тогтоогдож байх тул Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Засаг даргын 2015 оны 8 сарын 03-ны өдрийн А/144 дүгээр захирамжийн З.Ууганбаярт холбогдох хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
Шүүх З.Ууганбаярт сонгон шалгаруулалт явуулахгүйгээр газар олгосон үндэслэлээр өмнөх эрх бүхий этгээдийн шийдвэрийг хүчингүй болгосон тухай Даланзадгад сумын Засаг даргын 2015 оны А/144 дүгээр захирамжийн хууль зүйн үндэслэлийн талаар үүссэн маргааныг шийдвэрлэж байгаа тул Өмнөговь аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас шүүхэд ирүүлсэн “З.Ууганбаярын газрын байршилтай холбоотой” агуулга бүхий албан бичгүүд нь хэрэгт ач холбогдолтой нотлох баримт биш гэж үзлээ./хх 107-109, 120-125/
Нэхэмжлэгч талаас шүүх хуралдаан дээр гаргаж өгсөн З.Ууганбаярын эзэмшлийн талбайд давхардсан “Тэс петролиум” ШТС-ын талбай, координат, Даланзадгад сумын байршлын зураг гэх зэрэг баримтууд нь хуульд заасан нотлох баримтын шаардлага хангаагүй тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй болно.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 61 дүгээр зүйл зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг баримтлан иргэн З.Ууганбаярын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Засаг даргын 2015 оны 8 сарын 03-ны өдрийн “Хууль бус захирамжийг хүчингүй болгох тухай” А/144 дүгээр захирамжийн З.Ууганбаярт холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2, 81 дүгээр зүйлийн 81.1 дэх хэсэгт зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.


ДАРГАЛАГЧ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            С.ОТГОНЦЭЦЭГ