Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2016 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 001/ХТ2016/01128

 

О.Цэрэндаваагийн нэхэмжлэлтэй,

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч   П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 102/ШШ2016/03906 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2016 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 1306 дугаар магадлалтай,

Нэхэмжлэгч О.Цэрэндаваагийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Н.Энхбаатарт холбогдох,

41.500.000 төгрөг гаргуулах тухай  нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлоор

Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би Н.Энхбаатарын хүсэлтээр 2015.06.05-ны өдөр 20.000.000 төгрөгийг 4 сарын хугацаатай, сарын 10 хувийн хүүтэйгээр, зээлүүлсэн. Хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,5 хувийн алданги тооцохоор гэрээнд заасан. гэрээний хугацаа дууссан боловч мөнгийг буцааж төлөөгүй. Иймд Н.Энхбаатараас  гэрээний дагуу 41.500.000 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Н.Энхбаатарын шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй, хуульд заагаагүй хэт их төлбөр нэхэж байгаа нь үндэслэлгүй гэжээ.

 Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 102/ШШ2016/03906 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 282.4, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д заасныг баримтлан Н.Энхбаатараас 38 сая төгрөг гаргуулан О.Цэрэндаваад  олгож, нэхэмжлэлээс 3.500.000 төгрөгийн шаардлагыг  хэрэгсэхгүй олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 365.450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 347.950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн байна. 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 1306 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээжээ.  

Хариуцагчийн өмгөөлөгч хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ганзаяа нь 2016.05.11-ний өдрийн 13 цаг 30 минутанд товлогдон зарлагдсан шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцох хүсэлтэй байгаа, мөн хүндэтгэн үзэх шалтгаанаар ажил явдал гарсан учир хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаа илэрхийлэн хүсэлт гаргаж өгсөн боловч оролцуулалгүйгээр шүүх хуралдааныг хийж шийдвэрлэсэн нь буруу. Шүүх эрх тэгш байх боломжийг хангалгүй гагцхүү хариуцагч гэдэг утгаар хандсан нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3, 4, 6-г зөрчсөн, мэтгэлцэх боломжоор хангаагүй хэмээн үзэж байна. Мөн шүүх хуралдаанаас өмнө өмгөөлөгчөөс татгалзсан тухайгаа хүсэлтдээ бичсэн ба өөр өмгөөлөгчтэй  оролцох тухайгаа мэдэгдсэн байтал  Үндсэн хуульд заасан  эрхийг ноцтой зөрчиж нотлох баримтгүй хэмээн дүгнэсэн нь буруу. Тухайн өмгөөлүүлж байсан хариуцагч өөрөө сайн дураараа өмгөөлөгчөөсөө татгалзсан өөр өмгөөлөгчөөр эрх хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар хүсэлт гаргасан нь нотлох баримт байтал нотлох баримтгүй, өмгөөлөгчийг хүндэтгэн үзэх шалтгаангүй ирээгүй хэмээн үзсэн нь үндэслэлгүй. Иймд дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч гомдолд ирүүлсэн тайлбартаа: Хариуцагч тал анхан шатны шүүх хуралдааныг 5 удаа хойшлуулсан. Тодруулбал: өмгөөлөгч авна, өмгөөлөгч өвчтэй, шүүх хуралдаан давхацсан, итгэмжлэгдсэн төлөөлөгчийг хэргийн материалтай танилцуулах, шүүгчээс татгалзах, өмгөөлөгчөөсөө татгалзах хүсэлтэй гэх зэргээр хойшлуулсан. Ингээд 2016.05.11-ний өдөр мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хурлыг хойшлуулах тухай хүсэлтийг ямар ч нотлох баримтгүй хөндлөнгийн этгээдээр явуулсан байсан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100.3-т заасны дагуу шүүх өөрийн эрх мэдлийн хүрээнд хэргийг шийдвэрлэсэн. Иймд гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

О.Цэрэндаваа нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд хариуцагчаас үндсэн зээл 20 сая төгрөг, хүү 8 сая төгрөг, 163 хоногийн алданги 13.500.000 төгрөг нийт 41.500.000 төгрөг гаргуулахыг шаардаж, 2015 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн зээлийн гэрээг үндэслэжээ. Хариуцагч Н.Энхбаатар нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй  маргасан байна. 

Хоёр шатны шүүх нэхэмжлэлээс 38 сая төгрөгийн шаардлагыг хангаж, үлдэх 3.5 сая төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгожээ.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан журмыг зөрчсөн гэж хариуцагч хяналтын шатны шүүхэд гомдол гаргасан байна. 

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Зохигчид нь 2015 оны 06 дугаар сарын 05-ны өдөр гэрээ байгуулж, О.Цэрэндаваа нь  20 сая төгрөгийг нэг сарын 10 хувийн хүүтэй, 4 сарын хугацаатай зээлдүүлэх,  Н.Энхбаатар нь зээлийг хүлээн авч гэрээнд заасан нөхцөл, хугацаанд буцааж төлөх үүргийг тус тус хүлээснээс үзвэл талууд зээлийн гэрээ байгуулсан байна.

Талуудын хооронд байгуулагдсан гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх, хүчин төгөлдөр бус гэж тооцох үндэслэл тогтоогдоогүй тул зохигчид гэрээний заалтыг биелүүлэх үүрэг хүлээнэ. О.Цэрэндаваа нь хариуцагчид 20 сая төгрөгийг хүлээлгэн өгсөн, Н.Энхбаатар буцааж төлөөгүй нь тогтоогдсон тул нэхэмжлэгч зээлийн гэрээний үүргийг  шаардах эрхтэй, энэ тухай хоёр шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 281-р зүйлд нийцсэн тул Н.Энхбаатар үндсэн зээлд 20 сая төгрөг төлөх үүрэгтэй юм. 

 Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэх бөгөөд энэ тухай гэрээг бичгээр хийсэн байхыг шаардана. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 3 дахь заалтын агуулгыг зохигчдын тайлбар, хэргийн нөхцөл байдалтай харьцуулвал Н.Энхбаатар зээлийн гэрээний хугацаа хэтрүүлсэн тохиолдолд О.Цэрэндаваад алданги төлөхөөр талууд тохиролцсон байна. Харин алдангийн хэмжээг шүүх гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 %-р бус, харин үндсэн зээлийн тал хувиар  тооцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийг зөрчсөн байв.

 Зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоох бөгөөд хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. О.Цэрэндаваа, Н.Энхбаатар нар зээлийн гэрээг бичгээр байгуулж хүү төлөхөөр тохиролцсон тул нэхэмжлэгч нь хариуцагчаас хүү шаардах эрхтэй.

Нэхэмжлэгч нь хүү шаардах эрхтэй боловч хүүгийн хэмжээ нь зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтойгоор тогтоогдсон бол түүний хүсэлтээр шүүх зээлийн хүүг багасгаж болно.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа “...нэхэмжлэгч хэт их төлбөр нэхэж байна...” гэсэн /хх 34/ бөгөөд үүнийг О.Цэрэндаваа тайлбартаа болон шүүх хуралдаан дээр /хх 35, 71/ үгүйсгээгүй тул  Н.Энхбаатарын тайлбарыг нэхэмжлэгч зөвшөөрсөн гэж үзэх нь  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-т нийцнэ. 

Хүүгийн хэмжээ нь зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтойгоор тогтоогдсон бол түүний хүсэлтээр шүүх зээлийн хүүг багасгаж болох тул хариуцагчийн төлөх сарын хүүгийн хэмжээг 5 хувь болгон багасгах нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-г зөрчихгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэх байдал тогтоогдоогүй байх тул энэ тухай хариуцагчийн гомдлоор шийдвэр болон магадлалыг хүчингүй болгох боломжгүй байна.    

  Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчаас үндсэн зээл 20 сая төгрөг, 4 сарын хүү нийт 4 сая төгрөг, алданги 12 сая төгрөг бүгд 36 сая төгрөгийг хариуцагчаас гаргуулах өөрчлөлтийг шийдвэр болон магадлалд оруулав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 1306 дугаар магадлалын тогтоох хэсгийн нэг, Баянгол, Хан-Уул, Сонгино-хайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 102/ШШ2016/03906 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн нэг дэх заалтыг “...Иргэний хуулийн 281, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.4-т заасныг баримтлан Н.Энхбаатраас 36.000.000 төгрөг гаргуулж О.Цэрэндаваад олгож, нэхэмжлэлээс 5.500.000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай..” гэж, 2 дахь заалтын  “...347.950 төгрөг..” гэснийг “...337.950 төгрөг..” гэж өөрчлөн, шийдвэр болон магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Хариуцагч хяналтын шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдөр төлсөн 347.950 төгрөгийг Н.Энхбаатарт захирамжаар буцаан олгосугай.

                                   ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                     ШҮҮГЧ                                                    Б.УНДРАХ