Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 27 өдөр

Дугаар 2018/ШЦТ/04

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Э.Дулмаа даргалж,

Нарийн бичгийн дарга: А.Батцог  

Улсын яллагч: Д.Бат-Өлзий

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Н.Болд  

     Шүүгдэгч М.Л нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт М.Л-д холбогдох 1727000990054 дугаартай, 146/2018/0001/Э индекстэй, эрүүгийн хэргийг 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянаад

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1992 оны 06 дугаар сарын 03-ны өдөр төрсөн, 25 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Өвөрхангай аймагт оршин суух, ял шийтгэлгүй, Б овогт М.Л  

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч М.Л нь 2017 оны 11 дүгээр сарын 28-29-ний хооронд Өвөрхангай аймгийн Хужирт сумын 4 дүгээр багийн иргэн Ш.Гантөмөрийн 1 тооны саарал даагыг хулгайлж, хохирогч Ш.Гантөмөрт 300,000 төгрөгийн хохирол учруулсан   гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд дурдсанаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт авагдсан дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

            Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Л мэдүүлэхдээ: Би гэм буруугаа хүлээж байна. Даага хулгайсан нь үнэн. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Надад хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэв.

Хохирогч Ш.Гантөмөрийн 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр мэдүүлсэн мэдүүлэгт: “...Манай адуу Хужирт сумын 2 дугаар багаар бэлчдэг. Миний хул гүү, саарал даагатайгаа, М.Л-ийн цавидар даага, н.Туяа гэж хүний унагатай хээр гүүтэй хамт байсан. Би гүү даага хоёроо М.Л-ийн даага, н.Туяагын унагатай гүүнээс салгаж өөрийнхөө адуунд нийлүүлэх санаатай 2017 оны 11 дүгээр сарын 28-ны үеэр Хужирт сумын 2 дугаар багтай залгаа Зүүнбаян-Улаан сумын самарт гэх газар явж байсан чинь н.Туяагын унагатай гүү, М.Лийн даагатай хамт байсан миний саарал даага, М.Л-ийн цавидар даага хоёр байхгүй байсан. Миний саарал дааганы эх нь болох хул зүстэй гүү байсан. Би саарал зүстэй даагаа эрж хайгаад олдохгүй байхаар нь Хужирт сумын 1 дүгээр баг “Зуслан” гэх газар отороор явж байсан М.Л-оос даагаа асууж сураглах гээд очсон чинь тэр айл миний саарал зүстэй охин даагыг алаад арьсыг нь өвөлжөөн дээрээ шидчихсэн байсан. Би тухайн үед миний саарал зүстэй даага, М.Л-ийн цавидар даага хоёр байхгүй болохоор нь тэднийд сураглаж очсон юм. Тэгсэн М.Л-ийн цавидар зүстэй даага нь гэрийнхээ гадаа байсан. Би сүүлд М.Л-той уулзаад чи яагаад ахынхаа даагыг алаад идчихсэн юм бэ гэсэн чинь би төлөөд өгчихье гэсэн. Би алдсан даагаа 400,000 төгрөгөөр үнэлнэ...М.Лоос хохирлын мөнгө 300,000 төгрөг авсан тул надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Хэргийг түргэн шуурхай шийдэж өгнө үү...” гэжээ. /хх-ийн 30-33 дугаар хуудас/

Гэрч Д.П-ийн 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдөр мэдүүлсэн мэдүүлэгт: “...2017 оны 11 дүгээр сарын 27-28-ны үеэр Хужирт сумын 1 дүгээр баг “Зуслан” гэх газарт хүргэн дүү М.Л-ийн гадаа малтайгаа отороор нүүж очсон юм. Би оторлож очоод малаа хөдөө М.Л-ийн гадаа үлдээчихээд Хужирт сумын төвд байдаг гэртээ ирж нэг хоночихоод маргааш нь хөдөө мал руугаа явсан. Би хөдөө 15 цагийн үед очсон. Тэгэхэд манай хүргэн дүү М.Л адуундаа явчихаад ирэхдээ саарал зүстэй даага хөтөлж ирсэн. Маргааш өглөө нь би босоод адуундаа явах гээд байж байсан чинь М.Л хөтөлж ирсэн саарал зүстэй даагаа нядлах гэж байсан. Тэгэхээр нь би тэднийхийг идэшээ хийж байгаа юм байна гэж бодоод монгол хүн юм байна харчихаад хамжилцахгүй бол бас муухай юм даа гэж очиж даагыг нядлахад нь тусалсан. Тэр даагыг хэний даага болох талаар мэдэхгүй. Тухайн үед М.Л ямар нэгэн юм яриагүй манайх идэшээ хийж байна гэж байсан...” гэжээ.  /хх-ийн 35-36 дугаар хуудас/

Гэрч М.Б-ийн 2017 оны 12 дугаар сарын 09-ний өдөр мэдүүлсэн мэдүүлэгт: “...2017 оны 11 дүгээр сарын 28-ны М.Л адуундаа яваад ирэхдээ 1 тооны саарал даага хөтлөж ирсэн гэж манай эхнэр надад хэлсэн. Би тэр өдөр архи уучихсан согтуу байсан учир М.Лийг даага хөтөлж ирсэн талаар мэдээгүй. Маргааш нь буюу 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 10 цагийн орчим М.Лийн гадна саарал зүстэй даага уяатай байсан. Би хонио бэлчээж хариулж байгаад өдөр 13 цагийн үед ирэхэд М.Л-ийн гадаа байсан нөгөө саарал зүстэй даагыг нядалчихсан арьс ширийг нь эвхчихсэн байсан...” /хх-ийн 37-39 дүгээр хуудас/

Гэрч Д.Л-ийн 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр мэдүүлсэн мэдүүлэгт: “...2017 оны 11 дүгээр сарын 28-ны өглөө манай нөхөр М.Л адуундаа явсан. Үдээш хойш гэртээ ирэхдээ саарал даага хөтлөж ирсэн. Манай нөхөр надад хэлэхдээ 2-улаа энэ даагыг хийж хоолтой больё гэсэн. Тэгээд тэр оройдоо хийж чадаагүй. Маргааш өглөө нь 11 цагийн орчим манай нөхөр хажуу айлын М.Бямбацэрэнгийн эхнэр, тухайн үед отороор манайд ирсэн байсан миний төрсөн ах Д.Пүрэвсүрэн бид нар тэр даагыг хамт хийсэн. М.Бямбацэрэнгийн эхнэр бид хоёр гэдсийг нь арилгасан. Манай нөхөр, миний төрсөн ах Д.Пүрэвсүрэн нар тэр даагыг хийж, арьсыг нь хуулах гээд бусад ажлыг нь хийсэн. Би тухайн үед манай даага юм болов уу гэж бодсон. Нөхөртэйгээ би 2017 оны 10 дугаар сарын 07-ны өдөр гэр бүл болж тусдаа гарсан. Түүнээс хойш адуутайгаа ойртоогүй, одоо байгаа адуунуудыг би ямар зүстэй хэдэн тооны адуу байдаг талаар нь мэдэхгүй байна. Сүүлд нь Ш.Гантөмөр гэж хүний даага гэдгийг нь мэдсэн. Даагыг хийхдээ цагаан мяндсан уяагаар хүлж унагаагаад, хар иштэй хутгаар цуслаж хийсэн. Тэр уяа, хутга нь манай гэрт байгаа. Харин хөтлөж ирсэн ногт нь суран ногт шиг санагдаж байна...” гэжээ. /хх-ийн 40-41 дүгээр хуудас/

Гэрч А.С-ын 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр мэдүүлсэн мэдүүлэгт: “...2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр М.Л адуундаа явчихаад ирэхдээ саарал зүстэй даага хөтлөж ирсэн. Тэр даагыг тухайн өдрийн үдээш хойш 14-15 цагийн орчим хөтлөж ирээд гэрийнхээ гадаа уяж байгаа харагдсан. Тэр өдөр манай нөхөр М.Бямбацэрэн бид хоёр гэртээ байсан. Маргааш нь буюу 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өглөө би үхрээ сааж дуусаад гэртээ орох гэж байсан чинь М.Л хөтлөж ирсэн саарал даагаа 11 цагийн орчим хийх гэж байгаа бололтой байсан. Би тугалаа туучихаад ирэхэд саарал зүстэй даагаа унагаачихсан гэдэс нь гарч байсан. Тухайн үед би айл идэшээ хийж байхад нь харчихаад хамжилцахгүй юм бол муухай юм даа гэж бодоод М.Л-ийн эхнэртэй хамт гэдсийг нь арилгалцаж өгсөн. Би саарал зүстэй даагыг М.Л-ийн өөрийнх нь эзэмшлийн даага юм байна гэж бодсон. Тэднийх манай гадаа отороор ирээд удаагүй байгаа учраас хэдэн тооны ямар зүстэй адуутай талаар сайн мэдэхгүй байна. Сүүлд нь Ш.Гантөмөр гэж хүн манайд ирээд М.Лийн идэшиндээ хэрэглэсэн саарал зүстэй дааганы арьс ширийг өвөлжөөн дээр шуудайтай байхыг хараад манай алдсан даага байна гэж байсан. Тэгээд би хулгайн адуу байсныг мэдсэн...” /хх-ийн 43-45 дугаар хуудас/

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4 дүгээр хуудас/

    Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 6-7 дугаар хуудас/

    Шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай /хх-ийн 8, 18, 48 дугаар хуудас/

    Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 9, 19 дүгээр хуудас/

     М.Л-ийн эзэмшлийн “Мустанг-5” маркийн мотоциклийг битүүмжлэх тогтоол, хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 13-17 дугаар хуудас/

    Эд зүйл үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 23-25 дугаар хуудас/

    М.Л-ийн урд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 64 дүгээр хуудас/ зэрэг болно.

Шүүгдэгч М.Л-ийн нь 2017 оны 11 дүгээр сарын 28-29-ний хооронд Өвөрхангай аймгийн Хужирт сумын 4 дүгээр багийн иргэн Ш.Гантөмөрийн 1 тооны саарал даагыг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Ш.Г, гэрч Д.П, Д.Л, А.С нарын мэдүүлэг, шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай тогтоол зэрэг бичгийн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Л нь хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээр нотлогдож байна.

Иймд шүүгдэгч М.Л-ийг бусдын малыг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.

Шүүгдэгч анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар, хохирол төлсөн нь хохирогчийн мэдүүлгээр тогтоогдож байна.

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, бичиг баримт хураагдаж ирээгүй, хилийн хориг тавигдаагүйг дурдав.

            Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цагаан өнгийн уяа 1 ширхэг, хар иштэй хутга 1 ширхэг, суран ногт 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, хохирол төлбөргүй тул шүүгдэгч М.Л-ийн эзэмшлийн “Мустанг-5” маркийн мотоциклийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүйд тооцов.

            Шүүгдэгч анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөр төлсөн, хийсэн хэрэгтээ гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг тэнсэж, үүрэг хүлээлгэж шийдвэрлэв.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6 дугаар зүйлийн 1, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт М.Л-ийг бусдын малыг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б овогт М.Л-ийг 01 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Л-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, бичиг баримт хураагдаж ирээгүй, хилийн хориг тавигдаагүйг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цагаан өнгийн уяа 1 ширхэг, хар иштэй хутга 1 ширхэг, суран ногт 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

6. Хэрэгт битүүмжлэгдэж ирсэн шүүгдэгч М.Л-ийн эзэмшлийн “Мустанг-5” маркийн мотоциклийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүйд тооцсугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т хэсэгт  зааснаар шүүгдэгч М.Л-д оногдуулсан 01 жилийн хорих ялыг  01 жилийн хугацаагаар тэнсэж, оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэхийг үүрэг хүлээлгэсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Л-д урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй. 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         Э.ДУЛМАА