Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 11 сарын 12 өдөр

Дугаар 117/ШШ2024/0009

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Сугиржав даргалж, Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Баясгалан, шүүгч Б.Баярмаа нарын бүрэлдэхүүнтэйгээр шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ******* ХХК,

Хариуцагч: Говьсүмбэр аймгийн Засаг дарга нарын хоорондын газрын маргааныг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч *******, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, , , цахимаар гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч , гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , , , гуравдагч этгээд , иргэдийн төлөөлөгч , нарийн бичгийн дарга нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1. Нэхэмжлэлийн шаардлага:

1.1. Нэхэмжлэгч ******* ХХК 2019 оны 12 сарын 24-ний өдөр шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлдээ: “Манай “*******” ХХК нь 2016 онд MV- дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрлийг өөрийн охин компани болох “” ХХК-с шилжүүлэн авсан. Тус тусгай зөвшөөрлийг 2004 онд анх Говьсүмбэр аймгийн нутаг дэвсгэрт XV- дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийг авч хайгуул хийсний үндсэн дээр 2015 онд ашиглалтын тусгай зөвшөөрөл авсан.

Гэвч тус газартай давхцуулан аймгийн засаг даргын захирамжаар аймгийн иргэдэд газар өмчлүүлсэн болохыг Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нарын иргэд манай компани эзэмшлийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох нэхэмжлэл гаргасан захиргааны хэрэгт гуравдагч этгээдээр татагдаж орсноор мэдлээ.

Говьсүмбэр аймгийн засаг даргын 2013 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн дугаар захирамжаар нэр бүхий иргэдэд манай тухайн үеийн хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон газартай давхардуулан иргэдэд газар өмчлүүлэх шийдвэрийг гаргасан байна...

Иймд Говьсүмбэр аймгийн засаг даргын 2013 оны дугаар захирамжийн нэхэмжлэгч “*******” ХХК-ийн MV- дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй давхцаж буй хэсгийг хүчингүй болгож нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгөхийг хүсч байна” гэжээ.

            1.2. Нэхэмжлэгч ******* ХХК 2020 оны 02 сарын 18-ны өдөр шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: “а. Говьсүмбэр аймгийн засаг даргын 2013 оны 02-р сарын 18-ны өдрийн дугаар захирамжийн нэхэмжлэгч “*******” ХХК-ийн MV- дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй давхцаж буй хэсгийг хүчингүй болгуулах

б. Говьсүмбэр аймгийн засаг даргын 2017 оны 9 сарын 21-ний өдрийн дугаар захирамжийн нэхэмжлэгч “*******” ХХК-ийн MV- дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй давхцаж буй хэсгийг хүчингүй болгуулах

в. Говьсүмбэр аймгийн засаг даргын 2017 оны 10-р сарын 31-ний өдрийн дугаар захирамжийн нэхэмжлэгч “*******” ХХК-ийн MV- дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй давхцаж буй хэсгийг хүчингүй болгуулах...” гэжээ.

1.3. Нэхэмжлэгч ******* ХХК 2020 оны 04 сарын 10-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагыг тодруулж, нэмэгдүүлсэн шаардлагадаа: ... Шүүхэд хариуцагчаас ирүүлсэн нотлох баримтуудтай танилцаж үзэхэд нэхэмжлэгч “*******” ХХК-ийн MV- дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайтай давхдуулан Говьсүмбэр аймгийн засаг дарга 2013 оны 02-р сарын 18-ны өдрийн дугаар захирамжийг гарган хавсралт 1-ээр 200 айлд газар өмчлүүлэх шийдвэр гаргахдаа бүхэлд нь манай тусгай зөвшөөрлийн талбайтай давхцуулан олгосон байх тул нэхэмжлэлийн шаардлагыг тодруулан 1-200 дахь хэсгийг хүчингүй болгуулах шаардлагатай гэж үзэж байна.

Мөн 2017 онд манай компани ашиглалтын тусгай зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа явуулж байхад “*******” ХХК-ийн MV- дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайтай давхцуулан Говьсүмбэр аймгийн засаг даргын 2017 оны 09-р сарын 21-ний өдрийн дугаар захирамжийг гарган хавсралтаар газар өмчлөх эрх олгосон 200 айлд манай тусгай зөвшөөрлийн талбайд давхцуулан газар өмчлүүлэх шийдвэрийг гарсан байх тул хавсралтын 418-617 дахь хэсгийг хүчингүй болгуулах тухай шаардлагыг нэмэгдүүлж байна.

2017 оны 10-р сарын 31-ний өдөр дахин Говьсүмбэр аймгийн засаг дарга дугаар захирамж гарган 400 айлд “*******” ХХК-ийн MV- дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайтай давхцуулан газар өмчлүүлэх шийдвэр гаргасан байх тул захирамжийн хавсралтын 1009-1408 дахь хэсгийг хүчингүй болгуулах шаардлагыг нэмэгдүүлж байна.

Иймд Говьсүмбэр аймгийн засаг даргын 2013 оны дугаар, 2017 оны АУ250 дугаар, мөн 2017 оны дугаар захирамжийн нэхэмжлэгч “*******” ХХК-ийн MV- дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй давхцаж буй хэсгүүдийг хүчингүй болгож нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгөхийг хүсч байна гэжээ.

2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  2004 онд ХХК-д Говьсүмбэр аймагт Ашигт малтмалын газраас энэ тусгай зөвшөөрлийг олгосон. Үүнийг ******* ХХК 2015 онд өөрийнхөө компанид энэхүү ашиглалтын тусгай зөвшөөрлийг шилжүүлж авсан. 2004 оноос хойш болон ******* ХХК нийтдээ 5,6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн. Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу ХХК-ийн хувьд хууль ёсны итгэлийг хамгаалах зарчмыг зөрчиж Говьсүмбэр аймгийн Засаг дарга 2013 оны 02 сарын 18-ны өдрийн дугаар захирамж, 2017 оны 09 сарын 21-ний өдрийн дугаар захирамж, 2017 оны 10 сарын 31-ний өдрийн дугаар захирамжаар нийтдээ 800 иргэнд газар эзэмшүүлснээр манай компаний эдийн засгийн эрх ашгийг ноцтой зөрчиж байгаа юм. Он цаг дарааллын хувьд ХХК нь 2004 онд тус лицензийг авсан. 2015 онд ******* ХХК лиценз шилжүүлэн авсан. Захиргааны ерөнхий хууль 2016 онд батлагдсан. 2017 оны 10 сарын 31-ний өдрийн захирамж, 09 сарын 21-ний өдрийн захирамжууд нь Захиргааны ерөнхий хуулийг зөрчиж гарсан учраас хүчингүй болгож өгнө үү гэх нэхэмжлэлийн шаардлагаа бүхэлд нь дэмжиж байна.

******* ХХК, ХХК нь анх хууль ёсны дагуу ашиглалтын тусгай зөвшөөрөл хайгуулын тусгай зөвшөөрөл авч байсан гэдгийг нотолсон гэрчийн мэдүүлгүүд байна. Түүнтэй холбоотой бичгийн нотлох баримтууд 15-р хавтаст хэрэгт  байгаа. Гэхдээ анх эрхийн зөрчилтэйг шилжүүлэн авчээ гэдийг шүүх хуралдааны явцад ойголж байна. Нэмээд хэлэхэд Монгол Улсын иргэн газар өмчлөхдөө хууль ёсны дагуу Иргэний хуулийн 104, 106-д заасны дагуу хууль ёсны дагуу өмчлөгч болох ёстой. Магадгүй 800 иргэн мэдээгүй байж болно. Гэхдээ Засаг дарга захирамжаа гаргахдаа хуульд үндэслэж гаргах үүрэгтэй. 2017 оны хоёр захирамж гаргах цаг хугацаанд ******* ХХК 2015 оны 12 сарын 31-ний өдөр тусгай ашиглалтын лицензийн эзэмшигч болсон баримттай. А лицензийг хүчингүй болгосон шүүхийн шийдвэр байхгүй. Тиймээс нэхэмжлэгч компанийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү. 800 иргэний эрх ч, уг компаний эрх ч зөрчигдсөн гэв.

3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Магвансүрэн шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: Ашигт малтмалын газрын тосны газраас 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 30 жилийн хугацаатай Сүмбэр, Шивээговь сумын нутаг дэвсгэрт байрлах Шивээговь нэртэй газар 54447.21 гектар талбайд  ашиглалтын тусгай зөвшөөрлийг ******* ХХК-д олгосон. Төрийн захиргааны байгууллагаас тус тусгай зөвшөөрлийг олгохдоо Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д “...Төрийн захиргааны байгууллага нь талбайн солбицлыг тодорхойлохдоо тухайн аймаг, нийслэлийн Засаг даргад бичгээр мэдэгдэх бөгөөд түүнд талбайн зургийг хавсаргана”, 17.2-д “Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 17.1-д заасан мэдэгдлийг хүлээн авмагц тухайн талбай байрших сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн саналыг саналыг авч, 45 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад хариу өгөх бөгөөд энэ хугацаанд хариу өгөөгүй бол тухайн саналыг зөвшөөрсөн гэж үзнэ. Аймаг, нийслэлийн Засаг дарга хуульд заасан үндэслэлээр татгалзах хариу өгч болно” гэж заасныг хэрэгжүүлэлгүйгээр аймгийн Засаг даргаас санал авалгүй тухайн орон нутгийн иргэдэд мэдэгдэхгүйгээр одоогийн ******* ХХК-ий үйл ажиллагаа явуулж байгаа газар нь Шивээговь сум болон Сүмбэр сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт, улсын чанартай автозамын дагуу байрлалтай, 2013 оны , 1017 оны , 2017 оны дугаар захирамжуудаар өмчлүүлсэн 800 иргэний газартай давхацсан байдаг.

Өөрөөр хэлбэл Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3.2-т зааснаар хайн үеийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний дагуу иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэсэн. Аймгийн Засаг дарга нь Газрын тухай хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд 2013 оны , 2017 оны , 2017 оны дугаар захирамжуудыг гаргаж тус 800 иргэдэд газар эзэмшүүлэх шийдвэр гаргасан тул ******* ХХК-ийн MV- дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайтай давхцаж буй Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн дугаар захирамжийн хавсралтын 418-617 дахь хэсэг, 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн дугаар захирамжийн 1009-1408 дахь хэсгийг тус тус хүчингүй болгуулах тухай нэмэгдүүлсэн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Монгол Улсын Засгийн газрын баталсан тогтоолын дагуу Аймгийн засаг дарга газар өмчлүүлэх захирамж гаргаж олгодог. 800 иргэнд газар өмчлүүлэх шийдвэр гаргах үед ******* ХХК-ий ашиглалтын лиценз манай мэдээллийн сантай холбогдоогүй, тэр мэдээлэл орон нутагт мэдэгдээгүй. Ашигт малтмалын тухай хуульд ашиглалтын лиценз олгосноос хойш 7 хоногийн дотор тухайн орон нутагт мэдэгдэх ёстой байдаг. Энэ мэдээллийн сан холбогдоогүй учраас мэдэгдэх ёстой гэдэг үүргийг хуульд тусгайлан зааж өгсөн гэж ойлгож байгаа. Энэ хуулийн шаардлагыг хангуулаад орон нутагт мэдэгдчихсэн бол энэ процесс хийгдэхгүй байх боломжтой байсан байх.

Ашигт малтмал газрын тосны газар давхцалыг ерөөсөө огт шүүж харахгүй байна. Бүхэл бүтэн сум байхад давхцалыг шалгахгүйгээр лицензийг өгчихсөн байгаа нь энэ газар дээр ямар олголт байна, ямар уялдаа холбоог хангах вэ гэдэг тал дээр ерөөсөө огт анхаарал хандуулахгүй байна гэдгийг зориуд хэлэхээр байна. Засаг дарга санаатайгаар өмчлөлийн газар олгоогүй. Хууль журмынхаа дагуу өмчлөлийн, эзэмшлийн, ашиглалтын энэ бүх систем дээр байгаа газар дээрх олголтоо бүгдийнх нь давхцалыг нь шалгаж үзээд хууль ёсных нь дагуу шат шатных нь шийдвэрийг гаргуулаад эцэст нь захирамжаа гаргасан. Гэтэл нэхэмжлэгч 1 өдөр хүсэлт гаргаад л 1 өдөр нь тийм их хэмжээний газрыг авчиж болдог юм уу. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэв.

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тухайн үед кадастрын мэдээллийн систем нь геодези зураг зүйн газрын мэдээллийн системтэй нэгдсэн байдалтай байсан бол ******* ХХК-ийг тухайн газар дээр ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа гэдгийг бид нар  мэдэх боломжтой байсан. Ашигт малтмалын тухай хуулийн 26 дугаар зүйлд дурдсанчлан ашиглалтын тусгай зөвшөөрөл авсан бол тухайн орон нутагт Байгаль орчны газар, Мэргэжлийн хяналтын газар, тухайн орон нутгийн шат шатны байгууллагуудад мэдэгдэх ёстой. Мөн өдөр тутмын хэвлэл мэдээллийн хэрэгсэлд ажлын 7 хоногийн дотор олон нийтэд нийтлэх ёстой байсан. Гэтэл ашигт малтмал газрын тосны газраас тухайн процесс ажиллагааг хангаагүйн улмаас маргаан үүсэх гол шалтгаан болсон гэж бидний хувьд харж байна. 2015 оны 12 сарын 31-ний өдөр А лицензийн ашиглалтын тусгай зөвшөөрлийг авсан энэ компани өөрөө ажлын 7 хоногийн дотор орон нутагт мэдэгдээд дээрээс нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдэгдэх ажиллагаанууд хийгдсэн байсан бол давхцалын асуудал ч яригдахгүй байсан. Засаг дарга Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд иргэддээ газар өмчлүүлсэн асуудал буруудна гэж  бидний хувьд харахгүй байгаа. Захирамжууд үндэслэлтэй гэв.

6. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******: ******* ХХК -ийг эсэргүүцээд байгаа юм биш. Тэр газар нь 800 иргэний эрх ашиг цаашлаад Говьсүмбэр аймгийн эрх ашгийг хөндөөд байгаа юм. Яагаад гэхээр Говьсүмбэр аймгийг цэвэр усаар хангадаг Өехий гэх газар цэвэр усны ай сав байгаа газар. Энэ газрыг ухаад байгаа. Дорноговь аймгийн Засаг даргын зөвшөөрлөөр хайгуулын лиценз авч ухаж эхэлсэн. Дандаа шөнөөр ухдаг, нөхөн сэргээлт юу ч хийгээгүй. Төрийн бус байгууллагын хурал дээр санал аваад бичиг баримт бүрдүүлсэн нь хууль бус байсан. Нэг хүний нэр дээр гурван Төрийн бус байгууллага байсан. Эрсдэл тооцохгүй ухахаа урьтал болгоод байдагт бид эсэргүүцэж байна. Үнэн зөвөөр шийдэж өгнө үү гэв.

7. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч : ******* ХХК ухаж эхэлбэл ард иргэд амьдрахад хэцүү байдалтай болно. Зөвшөөрмөөргүй байна гэв.

8. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч : Сүмбэр суманд ажлын хэсэг гараад ******* ХХК-ийг ухсан шороогоо эргүүлж булж, нөхөн сэргээлт хий гэсэн санал гаргасан одоо хүртэл хэрэгжүүлээгүй байгаа гэв.

9. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******: Энэ компани ажиллаж эхэлбэл Говьсүмбэр аймгийнхан усгүй болно. Усны ай сав газар дор нь байгаа юм. Бид  устаж үгүй болно, тийм л ирээдүй харагдаж байна. Эрчимжсэн мал аж ахуй гээд малчдыг буулгасан. Иргэдийн талд шийдвэрээ гаргаж өгнө үү гэв.

10. Гуравдагч этгээд : Санал нэг байна. Би 4 өмчлөлийн газартай байсан гэв.

11. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч : ******* ХХК-ийг би  маш их  эсэргүүцэж байна. Бүх зүйл нь хууль бус. Манай аймагт үйл ажиллагаа нь эхэлбэл маш их хор нөлөөтэй, хүний эрх, амьдрах орчин, эрүүл аюулгүй байх бүх эрхийг зөрчинө. 800 айлын газрыг авч үлдмээр байна гэв.

12. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч : Монгол Улсын иргэн нэг удаа газар өмчлөх эрхтэй. Бид нэг удаа газраа өмчилсөн. Тэр газар дээр амьдрах гэхээр газар ухаад нөгөө айлын газар дээр шороо хаясан. Айлын өмчлөлийн газрыг ухаад сүйтгэсэн. Хашаа бариад газар дээрээ амьдармаар байна. Зарим айл нь айлын хашаа түрээслээд амьдарч байна. Өөрсдийнхөө газар дээр амьдрах боломжгүй байгаа. Манай аймагт хамгийн ойр байршилтай, засмал замд ойрхон, ашигтай байршилтай газар байгаа юм. 4, 5 хүүхэдтэйгээ газар авсан хүмүүс бий. Энэ газар дээрээ амьдарсан бол өчнөөн мод ургасан байх  зөндөө боломж байх байсан. Маш том газрыг тэр чигт нь авчихаад байгаа. Бидний авсан газрыг ухсан байгаа гэв.

13. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч : Анхнаасаа хууль зөрчигдсөн юмыг шат шатны шүүх бүгд мэдэж байгаа. Яагаад байн байн хурал зарлаад хэн нэгнийх нь сонирхлоор шүүх хурал хойшлогдоод байдаг юм бэ. Бид хуулиа мэдэх үүрэгтэй боловч мэдэж чаддаггүй нь тодорхой. Хууль зөрчигдөөд байгааг шат шатандаа мэдэж байгаа мөртлөө одоо хүртэл ингээд яваад байгааг гайхаж байна гэв.

14. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч : ******* ХХК 2015 оны 12 сарын 30-ны өдөр дутуу материалтай өргөдөл өгөөд 2015 оны 12 сарын 31-ний өдөр лиценз авчихсан.  Монгол Улсын иргэн хүн Монгол Улсынхаа нутаг дэвсгэр дээр өөрийнхөө хүссэн аж амьдралаа бүтээн босгох зорилгоор иргэнд олгож байгаа нэг удаагийн газар өндөр хэмжээний процессоор явагдаж авдаг. Гэтэл Лицензийг болохлоор 30-ны өдөр өргөдөл өгөөд 31-ний өдөр авчихдаг. Энэ хоёрыг харьцуулах ёстой... Нэг хоногийн дотор 26300 га газрыг авчхаад мартаж болохгүй. Үүнийгээ хамгаалах, мэдэгдэх үүрэгтэй. Монгол Улсын иргэн тухайн аймаг сумандаа хаана ч  газраа өмчлөх эрхтэй. Энэ бол онцгой эрх.  Говьсүмбэр аймгийн Засаг дарга болоод тамгын газраас иргэддээ өгч байгаа өмчлөлийн газар олгогчийн шийдвэрт буруу байхгүй...

Засгийн газар бол гүйцэтгэх эрх мэдлийн  дээд байгууллага. Гүйцэтгэх эрх мэдлийн дээд байгууллага нь улс орны хүрээнд үндсэн хуулиар олгогдсон аливаа асуудлыг бүхэлд нь шийдэх эрхтэй. Энэ хэсгийнхээ хүрээнд газар зохион байгуулалтын асуудлаар яг хууль журмынхаа дагуу явуулсан тэр процессыг хангаад ирэхээр нь тогтоол гаргасан.  Засгийн газрын 2012 оны 182,  2017 оны 173,  2017 оны 104 тоот тогтоолууд хүчин төгөлдөр байна. Нэхэмжлэгч Засаг даргын захирамж миний үйлчлүүлэгчийн эрхийг хөндөөд байна, дугаартай А лиценз хэрэгжүүлэх боломжгүй боллоо гэсэн агуулгаар гомдоод байгаа юм. Засгийн газраас байгуулагддаг Ашигт малтмал газрын тосны кадастрын хэлтэс Монгол Улсын Засгийн газрын агентлаг. Энэ агентлаг эрх хэмжээнийхээ хүрээнд Засгийн газрынхаа шийдвэрт захирагдана. 2012 оны 182 дугаар Засгийн газрын тогтоол гарчихсан байхад 2015 онд тэр А лиценз гарсан. Энэ лиценз Засгийн газрын тогтоолтой зөрчигдөж, дараа нь тэр гэрчийн мэдүүлэг дээр хүмүүс юу гэж хэлж байна гэхээр хэрвээ надаас асуусан бол Засгийн газрын тогтоол өөр гарах байсан гэж яриад байна. Энэ чинь эрх зүйнхээ зарчимтай нийцэхгүй байна. Засгийн газрын тогтоолыг зөв буруу гэж хэлснээр Засгийн газрын тогтоол хүчингүй болохгүй.  Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн гүйцэт тодорхой гаргаагүй. Монгол Улсын шүүхийн шийдвэр заавал биелэгдэх зарчимтай яг нэг адилаар Засгийн газрын тогтоол заавал биелэгдэх ёстой. Өмгөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг тодорхойлохгүй гэв.

15. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Сайханаа: Газар өмчлүүлэхэд хийгдэх хэд хэдэн процесс байдаг. Нэгдүгээрт нь, орон нутгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын шийдвэр гардаг. Үүнийг үндэслээд Засгийн газраас тогтоол гардаг. Бусад иргэдийн газар өмчлөх хүсэлтийг үндэслээд Засаг даргын захирамж гарахаас өмнө давхцал байгаа эсэхийг заавал шалгах ёстой. Ийм үндсэн 4 процессыг дамжиж иргэдэд газар өмчлүүлэх үйл ажиллагаа явагддаг. Энэ 4 процесс үндсэндээ явагдсан гэж үздэг. Өөрөөр хэлбэл хавтаст хэрэгт Сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоол, Засгийн газрын тогтоол, Аймгийн засаг даргын захирамж гэсэн дарааллаар явжээ. Давхцалын хувьд шалгасан боловч давхцал байхгүй байсан. Газар зохион байгуулалт геодези зураг зүйн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч *******ы 2023 оны 03 сарын 09-ний өдрийн албан бичиг байдаг. Ашигт малтмалын газраас олгосон х хайгуулын тусгай зөвшөөрөл, МV гэсэн ашиглалтын тусгай зөвшөөрлүүд нь ямар нэгэн байдлаар ашиглалтын тусгай зөвшөөрөл авах газартай давхцалтай байгаа, ямар нэгэн бүртгэлтэй талаар мэдээлэл огт байгаагүй. Координатын цэг, солбилцол, газрын байршил зэрэг огт байхгүй байна гэсэн мэдээллийг  ирүүлсэн. Тамгын газрын дарга тайлбараа Говьсүмбэр аймгийн Захиргааны хэргийн шүүхэд 2021 оны 02 сарын 05-ны өдөр  ирүүлсэн байдаг. Үүнд газар олголт хийх үед Аймгийн газрын харилцаа, барилга, хот байгуулалтын программд ямар нэгэн хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосон тийм бүртгэл координатын цэг солбилцол байгаагүй учраас сонсох ажиллагаа хийх боломжгүй байсан, сонсох ажиллагаа хийгээгүй гэсэн албан бичгийг ирүүлдэг. Ашигт малтмалын тухай хуулийн 26 дугаар зүйлд заасны дагуу Ашигт малтмалын газар тухайн шийдвэр гаргасныхаа дараа 7 хоногийн дотор тухайн аймаг орон нутгийн Засаг дарга, сумын засаг дарга, Мэргэжлийн хяналтын газар, Байгаль орчны газарт мэдэгдэх ёстой.  Мэдэгдээгүй гэдэг нь дарга мөн Мэргэжлийн хяналтын газрын дарга нарын албан бичгүүдэд заагдсан байдаг. Газар өмчлүүлэх үйл явц нь хуульд нийцсэн, хуулийн дагуу явагдсан. Үүнээс гадна нэмж хэлэх нэг зүйл бол хөөн хэлэлцэх хугацааны тухай, ялангуяа 2013 оны 02 сарын 18-ны өдрийн дугаар захирамж дээр ярих ёстой гэж үзэж байна. 2018 оны 01 сарын 18-ны өдөр ******* ХХК -ийн гэдэг хүн 800 иргэнд газар олгосон байна баримт материалаа өгөөч гэж аймагт хандсан. Тэр хүмүүс анхан шатны ойлголтуудыг авчихсан явж байсан. Дахиад 2018 оны 01 сарын 15-ны өдөр 1806  гэсэн албан бичгээр гэдэг хүн Аймгийн газрын албанд хандсан. Тухайн захирамжуудыг тус бүрд нь заагаад хариу хүргүүлсэн байдаг. ******* ХХК  Аймгийн засаг дарга Батсуурьд 2019 оны 11 сарын 12-ны өдөр  Говьсүмбэр аймгийн засаг даргын захирамж гарсан байна гээд нэртэй нь хандчихсан байдаг юм. Үүнээс өмнө Говьсүмбэр аймгийн хэсэг иргэд Энхтуяа нарын хорин хэдэн иргэн /эхний ээлжид 6 иргэн/ Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2019 оны 07 сарын 29-ний өдөр нэхэмжлэл гаргасан. Энэ нэхэмжлэлийнхээ шаардлагад 2013 оны 02 сарын 18-ны  өдрийн дугаар захирамжийг хавсаргаж гаргасан. Нэхэмжлэлийг шүүх хүлээж аваад захиргааны хэрэг үүсгээд гуравдагч этгээдээр 2019 оны 09 сарын 02-ны өдөр ******* ХХК-ийг  татсан. Мөн дахин 2019 оны 10 сарын 07-ны өдөр гуравдагч этгээдээр татахад танилцсан байдаг. Тухайн үед би Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэгчийн төлөөлөгчөөр явж байсан, одоо ч явж байгаа. Захиргааны хэргийн шүүхэд захиргааны акт шийдвэрийг түдгэлзүүлж өгнө үү гэсэн утгаар хүсэлт гаргасан. Энэ хүсэлтийг Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх хэлэлцэж шийдвэрлэсэн. Тухайн үйл явц дээр гуравдагч этгээд нар юу гэдэг вэ гэхээр Аймгийн засаг даргын захирамж давхцал байгаа эсэхийг шалгахгүйгээр олгосон эсвэл давхцал байгаа гэдгийг мэдсээр байж олгосон байна. Тэгэхээр Аймгийн засаг дарга эдгээр иргэдэд олгосон захиргааны акт нь хууль бус байна гэх мэтчилэн энэ хавтаст хэрэгт тухайн өдрийн тэмдэглэлийн гурав дахь тал дээр нь байгаа. Энэ хурал бол 2019 оны 09 сарын 30-ны өдөр болсон. Үүнээс дүгнэхэд захирамжийг бүрэн мэдсэн судалсан байна гэж үзэх бүрэн үндэслэлтэй. Засаг даргын захирамжийг нэхэмжлэл гаргахдаа хавсаргасан байдаг. Дараа нь захирамжид давж заалдах гомдол гаргасан. Тэр гомдол нь шүүхэд ирчихсэн байгаа. Дээрх нөхцөл байдлуудаас үндэслээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна... Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй, хуульд нийцээгүй. Засаг даргын захирамж хууль зүйн үндэслэлтэй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

16. Иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: 800 иргэний  газар өмчлөх эрхийг хүчинтэй гэж бодож байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

1. Захиргааны  хэргийн Давж заалдах шатны  шүүхээс  энэ хэрэгт харьяалал тогтоон[1] ирүүлснийг тус шүүх хүлээн авч хуулиар тогтоосон ажиллагааг хэрэгжүүлэв.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалд[2] нэмж хэрэгжүүлэх ажиллагааг заасанчлан Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд даалгавар гүйцэтгүүлэхээр хүргүүлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг  түдгэлзүүлсэн[3] ба даалгаврыг биелүүлж  ирүүлснээр  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг  сэргээж[4], хэргийг хэлэлцэв.

Шүүх хэрэгт авагдсан болон цуглуулсан баримт хэргийн оролцогчдын шүүхэд өгсөн тайлбарууд зэргийг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

3. Гуравдагч этгээд нарт газар өмчлөх эрх үүсгэхээс өмнө нэхэмжлэгчийн хайгуулын болон ашиглалтын хүчин төгөлдөр тусгай зөвшөөрөл бүхий талбайд  2013 онд 1, 2017 онд 2 захирамж гаргаж 800 гаруй иргэнд давхцуулан  газар өмчлүүлэх шийдвэр гаргасан нь итгэл хамгаалах зарчмыг зөрчиж нэхэмжлэгчийн цаг хугацааны хувьд он цагийн дарааллаар түрүүлж үүссэн  ашигт малтмалын ашиглалтын болон эдийн засгийн эрхийг тус тус зөрчсөн гэж шүүх хуралдаанд тайлбарлав.

Нэхэмжлэгч нь  хуулийн этгээдийн улсын бүртгэлийн дугаартай, 5586119 регистрийн дугаартай 100% гадаадын хөрөнгө оруулалттай ХХК гэж 2012 оны 04 сарын сарын 09-ний өдөр бүртгэгдсэн гэрчилгээтэй[5] болно.

4. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болон тайлбартаа:

4.1. *******  ХХК нь 2016 онд МV- дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрлийг өөрийн охин компани болох ХХК-иас шилжүүлэн авсан,

4.2. тус тусгай зөвшөөрлийг 2014 онд анх Говьсүмбэр аймгийн нутаг дэвсгэрт ХV- дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийг авч хайгуул хийсний үндсэн дээр 2015 онд ашиглалтын тусгай зөвшөөрөл авсан. Ашигт  малтмалын газраас /тухайн үеийн нэршлээр/ 2004 онд хайгуул хийх тусгай зөвшөөрөл олгож ашигт малтмалын хайгуул хийж хувийн хөрөнгөөс их хэмжээний хөрөнгө оруулалт хийж нөөцийг тогтоолгосны үндсэн дээр ашиглалтын тусгай зөвшөөрлийг АМГТГКХ-ээс олгосон,

4.3. тусгай зөвшөөрөл бүхий газарт давхцуулан Говьсүмбэр аймгийн засаг даргын захирамжаар аймгийн иргэдэд газар өмчлүүлсэн болохыг Нийслэл дэх захиргааны хэргийн анхан  шатны шүүхэд нарын иргэд манай компанийн эзэмшлийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгуулах нэхэмжлэлтэй хэрэгт гуравдагч этгээдээр оролцохдоо мэдсэн,

4.4. Говьсүмбэр аймгийн засаг дарга 2017 оны , мөн 2017 оны дугаар захирамжаар  тус тус нэхэмжлэгчийн МV дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй давхцуулж иргэдэд газар өмчлүүлсэн шийдвэр гаргасан болохыг Говьсүмбэр аймгийн засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд ирүүлсэн нотлох баримт хүргүүлэх албан бичгээс олж мэдсэн,

 4.5. Иймд а/ Говьсүмбэр аймгийн засаг даргын 2013 оны 02 сарын 18-ны өдрийн дугаар  захирамжийн хавсралтын 1-200 дахь хэсгийг хүчингүй болгуулах  б/ Говьсүмбэр аймгийн засаг даргын 2017 оны 09 сарын 21-ний өдрийн дугаар захирамжийн хавсралтын 418-617 дахь хэсгийг хүчингүй болгуулах, в/ Говьсүмбэр аймгийн засаг даргын 2017 оны 10 сарын 31-ний өдрийн дугаар захирамжийн хавсралтын 1009-1408 дахь хэсгийг хүчингүй болгуулах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.

5. Аймгийн Засаг даргын 2013 оны , 2017 оны , дугаар захирамжуудын[6] /холбогдох хавсралтууд/ хууль зүйн үндэслэлийн тухайд:

А. 2013 оны 02 сарын 18-ны өдрийн дугаартай захирамжийн хувьд Монгол Улсын Иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйл, 7 дугаар зүйлийн 7.1, 12 дугаар зүйлийн 12.1.3, 21 дүгээр зүйлийн 21.1, 21.2 дахь заалтыг,

Б. 2017 оны 09 сарын 21-ний өдрийн дугаартай захирамжийн хувьд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1, 43.2, Монгол Улсын Иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3, 12.1.5, 21 дүгээр зүйлийн 21.1, 21.2 дахь заалтыг,

В. 2017 оны 10 сарын 31-ний өдрийн дугаартай захирамжийн хувьд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1, 43.2, Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1, 12 дугаар зүйлийн 12.1.3, 12.1.5, 21 дүгээр зүйлийн 21.1, 21.2 дахь заалтыг тус тус үндэслэл болгожээ.

5.1. Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 5 сарын 30-ны өдрийн “2012 онд иргэнд өмчлүүлэх газрын хэмжээ байршил зориулалтыг тогтоох тухай 182 дугаар тогтоолоор[7] Говьсүмбэр аймгийн болон сумын төвд нийтдээ 228.31 га газрыг иргэнд үнэгүй өмчлүүлэхээр, 2016 оны 03 сарын 28-ны өдрийн “иргэнд 2016 онд өмчлүүлэх газрын хэмжээ, байршил, зориулалтыг тогтоох тухай” 173 дугаар тогтоолоор[8] Говьсүмбэр аймаг  болон сумын төвд 92.79 га газрыг иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлүүлэхээр, 2017 оны 03 сарын 29-ний өдрийн “иргэнд 2017 онд өмчлүүлэх газрын хэмжээ, байршил, зориулалтыг тогтоох тухай” 104 дүгээр тогтоолоор[9] Говьсүмбэр аймаг  болон сумын төвд 136.50 га газрыг иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлүүлэхээр шийдвэрлэснийг үндэслэн

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2013 оны 2 сарын 18-ны өдрийн “Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай” захирамжаар нэр бүхий 200 иргэнд[10] тус аймгийн 4-р багийн гэх газарт гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар тус бүрт 700 м.кв газрыг,

2017 оны 09 сарын 21-ний өдрийн “Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх шийдвэрт өөрчлөлт оруулах тухай” дугаар захирамжаар нэр бүхий 200 иргэнд[11] мөн аймгийн 4-р баг, Өехий гэх газарт гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар тус бүрт 700 м.кв газрыг,

2017 оны 10 сарын 31-ний өдрийн “Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай” дугаар захирамжаар нэр бүхий 400 иргэнд[12] тус аймгийн 4-р баг гэх газарт гэр бүлийн зориулалтаар тус бүрт 700 м.кв газрыг тус тус өмчлүүлж захирамжилжээ.

5.2 Аймгийн Засаг даргын дээрх захирамжуудаар олгосон газарт нэхэмжлэгч ХХК-ий эзэмшиж буй тусгай зөвшөөрөл бүхий талбайтай гуравдагч этгээдүүдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар олгосон газарт  давхцал[13] үүсгэжээ.

Тодруулбал энэ тухайд нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс “... 2004 оноос хойш ашигт малтмалын хайгуулын үйл ажиллагаа эрхэлж, ашиглалтын тусгай зөвшөөрлийг зохих ёсоор шилжүүлэн  авсан талбайд Говьсүмбэр аймгийн Засаг даргаас  дээр 3 захирамжийг иргэдэд олгосон нь хууль бус, давхцалтай гэж,

Хариуцагчаас “хариуцах Засаг даргаас санал аваагүй, орон нутгийн удирдлага болон иргэд энэ талбайг ашиглалтын зөвшөөрөлтэйг мэдээгүй, тухайн газар нь Шивээ говь сум болон Сүмбэр сумын 4-р багийн нутаг дэвсгэрт хамааралтай атал Дорноговь аймгаас санал авсан зэрэг нь хууль зөрчсөн, засаг дарга захирамжаа гаргахдаа Засгийн газрын болон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын газар зохион байгуулалтын төлөвлөгөөг үндэслэн шийдвэрлэсэн, нэхэмжлэгч тал энэ талбайг шилжүүлэн авснаа зохих ёсоор мэдэгдсэн бол энэ давхцал  гарахгүй байсан” гэж,

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч нараас “энэ давхцал тухайн үед огт мэдэгдээгүй, байгаагүй, сүүлд л нэхэмжлэгч тал 2019 оноос  нэхэмжлэл гаргаснаас л яригдаж эхэлсэн байдаг” гэж тус тус тайлбарлаж маргадаг. 

5.3. Дорноговь аймгийн Засаг даргын 2004 оны 08 сарын 23-ны өдрийн “Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Шивээговь нэртэй 23263 гектар талбайд ашигт малтмал хайх лиценз олгохыг дэмжиж байна” гэх саналыг[14] ашигт малтмалын  хэрэг эрхлэх газарт хүргүүлснээр Геологи уул уурхай кадастрын албаны даргын 2004 оноос Х дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг ******* эзэмшиж эхэлсэн[15],

Геологи уул уурхай, Кадастрын албаны даргын 2004 оны 1728 дугаар  шийдвэрээр ашигт малтмалын хайгуулын Х дугаартай тусгай зөвшөөрлийг ХХК-д шилжүүлсэн[16] байх бөгөөд Ашигт малтмал  газрын тосны хэрэг эрхлэх газрын даргаас 2008 оны 11 сарын 13-ны өдөр Шинэ шивээ ХХК-д олгосон ашигт малтмал хайх Х дугаартай хайгуулын зөвшөөрлийн хайгуулын талбай байршиж буй газрын нэрийг Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум Шивээговь сумын 20849 гектар талбай” хэмээн өөрчилж  олгосон[17],

Ашигт малтмалын газрын Кадастрын  хэлтсийн даргын 2015 оны 12 сарын 31-ний өдрийн 1190 дугаар шийдвэрээр[18] Говьсүмбэр аймгийн Сүмбэр, Шивээговь сумын нутагт Шивээговь нэртэй 5447.1 га талбайд  ашигт малтмал ашиглах МV дугаартай тусгай зөвшөөрлийг Шинэ шивээ ХХК-д олгож, тус тусгай зөвшөөрлийг 2016 оны 06 сарын 20-ны өдрийн 440 дугаар шийдвэрээр[19]  нэхэмжлэгчид  шилжүүлэн олгосон байна.

5.4. Говьсүмбэр Аймгийн газрын албанд иргэдийн гаргасан газар өмчилж авахыг хүссэн өргөдөл хүсэлтийг тухайн үед хүлээн авч холбогдох ажиллагааг эхлүүлсэн, Сүмбэр Сумын 4-р баг, Өехий гэх байршилд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар хуульд заасан хэмжээгээр өмчлөх эрх олгосон  болох нь тус аймгийн газрын албаны иргэдийн хувийн хэрэгт буй материалаас  тодорхойлогдох бөгөөд хэрэгт нотлох баримтаар  шүүхэд ирүүлсэн газрын албаны хувийн хэргээс  /эхээс/  болон 3 ширхэг CD-ээс авч, тэмдэглэл[20] үйлдэж баталгаажуулсан болно. Уг материалд аймгийн Засаг даргын 2017 оны 10 сарын 31-ний өдрийн дүгээр захирамжаар газрыг олон тооны иргэдэд олгох өмчлөлд шилжүүлэхдээ гаргасан газрын төлөв байдлын дүгнэлтэд[21] “бусдын эзэмшилд олгогдоогүй, сул чөлөөтэй талбай” гэж дүгнэсэн нь тухайн үед нэхэмжлэгчийн зөвшөөрөл бүхий газарт гуравдагч этгээдүүдэд олгосон газар давхцалтай байсан гэдгийг нотлохгүй байна.

5.5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс дээрх захирамжуудыг гаргахдаа мэдэгдэх сонсгох ажиллагааг эрх ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд буюу манай компанид мэдэгдээгүй, давхцалыг шалгаагүй олгосон, давхцалтай тогтоолыг өөрчлүүлэх саналаа Засгийн газарт Засаг дарга нь өөрөө мэдэгдэх үүрэгтэй байсан зэрэг нь захирамжийг хүчингүй болгох үндэслэлтэй гэж тайлбарлах бөгөөд Монгол Улсын иргэнд газар  өмчлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5-т “иргэнд энэ хуулийн 4.1.1-д заасан зориулалтаар газрыг өмчлүүлэхдээ:,  5.1.5.1-т газрын  тухай  хуулийн дагуу  иргэний эзэмшсэн газар  нь энэ хуулийн  5.1.2-т  заасан төлөвлөгөөнд  тусгагдсан  иргэдэд өмчлүүлэх газарт хамаарч байгаа  бөгөөд тухайн иргэн  хүсэлт гаргасан тохиолдолд  уг газрыг түүнд  өмчлүүлэх”, 9 дүгээр зүйлийн 9.1-т “Засгийн газар дараахи бүрэн эрхтэй, 9.1.1-т иргэдэд газар өмчлүүлэх болон ... зохион байгуулах.”, 9.1.2-т “аймаг нийслэлийн саналыг үндэслэн тухайн жилд улсын хэмжээнд иргэдэд өмчлүүлэх газрын нийт хэмжээ байршил зориулалтыг тогтоох”, 21 дүгээр зүйлийн 21.1-т “иргэнд газар өмчлүүлэх эрх бүхий засаг дарга иргэний  гаргасан өргөдөл тухайн иргэн  энэ хуульд заасны дагуу газрыг өмчилж авах эрх бүхий этгээд болохыг нотолсны үндсэн дээр түүнд газар өмчлүүлэх тухай захирамж гаргана”, Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-т “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно” гэж заасныг тус тус зөрчөөгүй байх тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн дээрх тайлбараар захирамжуудыг хүчингүй болгох үндэслэлгүй.

5.6. Тодруулбал, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “энэ хувьд нэхэмжлэгч тал зөрчлийн хуулиар хариуцлага л хүлээх байсан, байгаль орчны менежментийн болон хамгаалалтын төлөвлөгөөг ******* компани батлуулаагүй Шинэ шивээгийнхийг шууд шилжүүлэн авсан” гэх, мөн нэхэмжлэгчийн “... сонины газраас лавлана уу” гэх албан бичиг зэргээр эхлээд нэхэмжлэгч тал хуулиар хэрэгжүүлэх үүргээ биелүүлээгүй болох нь тогтоогдох тул хариуцагчийн маргаан бүхий захирамжид мэдэгдэх сонсгох ажиллагааг хууль ёсоор шаардах эрх нэхэмжлэгчид үүсэхгүй, улмаар Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2, 38 дугаар зүйлийн 38.1.1, 39 дүгээр зүйлийн 39.1.6, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т заасанчлан  хариуцагчийг буруутгах үндэслэл болохгүй гэж шүүх дүгнэлээ. Харин байгаль орчны менежментийн төлөвлөгөө, байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг одоог хүртэл тус компани батлуулаагүй, хэрэгт өгөөгүй, компаний төлөвлөгөөг шилжүүлэн ашиглаж байгаад нэхэмжлэгч өөрөө буруутай байна.

5.7. Нэхэмжлэгч талаас ашигт малтмалын ашиглалтын эрх шилжүүлэн авахдаа Дорноговь аймгийн Засаг дарга болон Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын Засаг даргаас санал авсан гэх баримт хэрэгт авагдсан ч маргаан бүхий захирамжуудаар болон нэхэмжлэгчид эрх үүсгэсэн шийдвэрээр давхацсан газар нь Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын нутаг дэвсгэрт хамаарч аймгийн Засаг даргын шийдвэрээр өмчлөлд олгогдсон байх тул нэхэмжлэгчээс гагцхүү Говьсүмбэр аймгийн Засаг даргад  хандаж санал авах ажиллагааг хэрэгжүүлээгүй нь хуулийг зохих ёсоор хангасан гэж үзэх үндэслэлгүй болно. Тодруулбал нэхэмжлэгчээс давж заалдах гомдолд[22] заасанчлан Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын Засаг дарга болон албаны бусад хүмүүс тодорхойлолт өгсөн нь хэрэгт авагдсан гэх ба эдгээрийг аймгийн Засаг даргад мэдэгдсэн гэж үзэхгүй тул Ашигт малтмалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.7-д заасан шаардлагад нийцэхгүй.

5.8. Түүнчлэн нэхэмжлэгч компанид энэхүү маргааны 2013 оны тоот  захирамж түүний хамаарах хэсэгт нэхэмжлэл гаргаж зөрчигдсөн эрх сэргээлгэхийг шаардах эрх үүсэхгүй болох нь 2016 онд Шинэ шивээ ХХК-иас нэхэмжлэгчид шилжүүлсэн улсын бүртгэлийн гэрчилгээгээр[23] нотлогдоно. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс “уг компани анхнаасаа зөрчилтэй эрхийг шилжүүлэн авсан нь буруу” гэж шүүх хуралдаанд тайлбарласныг мөн үндэслэл болгов.

5.9. Нэхэмжлэгч талаас анх шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ[24] манай газартай  давхцуулан аймгийн Засаг даргын захирамжаар аймгийн иргэдэд газар өмчлүүлснийг Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нарын иргэд манай компани эзэмшлийн тусгай зөвшөөрлийг хүчингүй  болгох нэхэмжлэл  гаргасан хэрэгт гуравдагч этгээдээр орсноор мэдсэн гэх боловч энэ талаарх баримтыг[25] судлахад уг захирамжийг 2019 оны 09 сарын 08-ны өдөр шүүхээс гардан авснаар нэхэмжлэгчийн мэдсэн хугацааг тоолох /үүнээс ч өмнө буюу 2018 оны 01 сарын 19-ний өдрийн 01/24 тоот Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас нэхэмжлэгч компанийн захирал Д.д мэдэгдсэн баримт[26]/ бөгөөд мөн шүүхэд анх нэхэмжлэлээ 2019 оны 12 сарын 24-ний өдөр гаргасан[27] байгаа нь нэхэмжлэл гаргах хуулиар тогтоосон хугацааг хэтрүүлснээс гадна нэхэмжлэгчийн мэдсэн гэж тайлбарлах хугацаанаас даруй 3 сар өнгөрсөн[28] байх ба хугацаа хэтрүүлснээ сэргээлгээгүй байна.

5.10. Ийнхүү газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд өмчлүүлэхээр тусгасан газрыг өмчлүүлэх үүргийг Засаг дарга зөрчөөгүй, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын баталсан Газар зохион байгуулалтын төлөвлөгөөний холбогдох хэсгийг болон Засгийн газрын тогтоолд маргаагүй, хүчин төгөлдөр хэвээр байгаа гэж талууд тайлбарладаг. Мөн Засгийн газар шийдвэрээ гаргахдаа давхцалыг шалгаагүй /шалгасан эсэх/ баталсныг аймгийн Засаг дарга мэдэж өөрчлөх, улмаар хянах боломжгүй.

5.11. ******* ХХК тухайн үед Шинэ шивээ ХХК-ий эзэмшдэг байсан эрхийг шилжүүлэн авсан, улмаар Засгийн газартай 2008 оны 03 сарын 03-ны өдөр “ашигт  малтмалын тусгай  зөвшөөрөл шилжүүлэх тухай гэрээ”-г байгуулсан, уг гэрээгээр Засгийн газар зохих үүрэг хүлээсэн байтал Говьсүмбэр аймгийн Засаг дарга Ашигт малтмалын тухай хуулийн 12.1.1, 12.1.2-т заасныг зөрчсөн[29] гэх нэхэмжлэгчийн  өмгөөлөгчийн тайлбар нь хариуцагчийн хуулиар хүлээсэн үүрэг болон шүүх хуралдаанд гаргасан хариуцагчийн төлөөлөгч нарын тайлбартай нийцэхгүй тул хүлээн авах үндэслэлгүй байна.

5.12. Мөн Засгийн Газрын 2012 оны 182, 2016 оны 173 болон 2017 оны 104 дугаартай тогтоолоор Говьсүмбэр аймгийн болон сумын төвд иргэнд өмчлүүлэх газрын хэмжээ байршил зориулалтыг тогтоосон гэх хариуцагчийн тайлбартай холбогдуулан Засгийн газраас тухайн тогтоолоор батлагдсан байршил нь нэхэмжлэгчийн ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайтай давхцалтай болохыг мэдэж байсан эсэх, хэрэв мэдэж байсан бол тухайн асуудлыг хэрхэн шийдвэрлэхээр тогтсон талаарх тайлбар тодруулга авахыг магадлалд заасан ба гэрч мэдүүлэгтээ[30] “...Засгийн газрын 2012 оны 182, 2016 оны 173, 2017 оны 104 дугаар тогтоолууд Ашигт малтмал, газрын тосны газарт ирээгүй. Тухайн батлагдсан онуудад ирсэн бичгүүдийг шүүж үзэхэд байгаагүй...тус яамнаас Ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй давхацсан эсэх талаар санал аваагүй. Тэгэхээр манай байгууллага тухайн асуудлыг мэдээгүй, мэдэх боломжгүй байсан...”, гэрч мэдүүлэгтээ[31] “...Тухайн үед ашигт малтмалыг тусгай зөвшөөрөл олгоход Ашигт малтмалын тухай хуулийн 24 дүгээр зүйлд зааснаар хориглосон, хязгаарласан талбайтай давхцалгүй байсан тул ******* ХХК-нд ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгосон... Ашигт малтмалын газрын тосны газрын системд өмчлөл, эзэмшил газар ямар нэгэн байдлаар харагддаггүй. Энэ нь Газрын харилцаа, Геодези зураг зүйн газарт бүртгэлтэй байдаг...” гэж, гэрч мэдүүлэгтээ[32] “...Давхцалтай болохыг мэдэж байсан эсэхэд Засгийн газрын тогтоолд саналыг өгөхдөө тодорхой хэмжээний судалгааг хийх ёстой байх. Ашигт малтмал газрын тосны газраас олгосон аливаа төрлийн зөвшөөрлийн талбайтай солбилцол болон давхцалыг зурагжуулалт хийх ёстой байсан. Зурагжуулалт хийж газрын кадастрын лавлагаа авсан эсэхийг одоохондоо мэдэхгүй байна...” гэж тус тус мэдүүлснээс үзэхэд мөн хариуцагчийг буруутгах боломжгүй байна.

5.13. Шүүх хуралдаанд оролцсон гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нараас “******* ХХК зөрчилтэй ажилладаг, зөрчлөө засдаггүй” гэх бөгөөд хэрэгт нэхэмжлэгчийн үйл ажиллагаанд хийсэн холбогдох байгууллагуудын дүгнэлтүүд[33] авагдсаныг шүүх судлав.

6. Маргаан бүхий захирамжуудад холбогдуулан  уг захирамжуудаар  газар авсан  нэр бүхий  хүмүүсийг  шүүх  гуравдагч этгээдээр[34] татаж тус тус шүүх хуралдаанд оролцуулж эрхийг хангасан.

7. Иргэдийн төлөөлөгч “800 иргэний газар өмчлөх эрх хүчинтэй” гэх дүгнэлт[35]  гаргасныг шүүх хүлээн авсан болно.

8. Иймд Засаг дарга дээрх 3 шийдвэрийг гаргахдаа хуулиар хүлээсэн эрх үүргийн хүрээнд, зохих  нөхцөл шаардлагыг хангаж,  холбогдох нотлох баримтыг бүрдүүлж, Засгийн газрын болон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн  Хурлын холбогдох  тогтоол шийдвэрийг үндэслэн шийдвэрлэсэн нь хэрэгт авагдсан цуглуулсан баримтуудаар нотлогдож байх тул нэхэмжлэгчийн цаг хугацааны хувьд түрүүлж үүссэн ашигт малтмалын ашиглалтын болон эдийн засгийн эрхийг хариуцагчаас хамаарч зөрчигдсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3, 106.3.14-т  заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Монгол Улсын Иргэнд газар  өмчлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 5.1.5, 9 дүгээр зүйлийн 9.1.1, 9.1.2, 12 дугаар зүйлийн 12.1.3, 21 дүгээр зүйлийн 21.1,  Ашигт малтмалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.7, 38 дугаар зүйлийн 38.1.1, 39 дүгээр зүйлийн 39.1.6-т заасныг баримтлан ******* ХХК-ий нэхэмжлэлтэй Говьсүмбэр  аймгийн Засаг даргад холбогдох “Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2013 оны 02 сарын 18-ны өдрийн дугаар захирамжийн хавсралтын 1-200 дах хэсэг, 2017 оны 09 сарын 21-ний өдрийн дугаар захирамжийн хавсралтын 418-617 дах хэсэг, 2017 оны 10 сарын 31-ний өдрийн дугаар захирамжийн хавсралтын 1009-1408 дах хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д заасныг баримтлан Говьсүмбэр аймгийн Газрын албанаас шүүхэд  ирүүлсэн газрын хувийн хэрэг болох баримтуудыг /эх хувиараа 38 хайрцаг бүхий/ шийдвэр хүчин төгөлдөр болмогц тэмдэглэл үйлдэн буцаан хүргүүлэхийг шүүгчийн туслах т даалгасугай.

Захиргааны хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн  төлөөлөгч өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                        Б.СУГИРЖАВ

 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         Г.БАЯСГАЛАН

                     ШҮҮГЧ                         Б.БАЯРМАА

 

 

 

 

 

[1] 17 хх-ийн 23-26 хуудас

[2] 16 хх-ийн 214-218 хуудас

[3]  17 хх-ийн 28-31 хуудас

[4] 17 хх-ийн 84-86 хуудас

[5] 1 хх-ийн 5 хуудас

[6] 1 хх-ийн 61, 78, 135 хуудас

[7] 15 хх-ийн 104 хуудас

[8] 18 хх-ийн 196-197 хуудас

[9] 15 хх-ийн 105 хуудас

[10] 1 хх-ийн 62-77 хуудас

[11] 1 хх-ийн 113-132 хуудас

[12] 1 хх-ийн 220—250, 2 хх-ийн 1-3 хуудас

[13] 12 хх-ийн 233-237, 13 хх-ийн 179-182, 15 хх-ийн 84-85, 108-123, 217-222, 229-232 хуудас

[14] 14 хх-ийн 26 хуудас

[15] 14 хх-ийн 18-19, 24 хуудас

[16] 14 хх-ийн 20 хуудас

[17] 14 хх-ийн 18 хуудас

[18] 14 хх-ийн 10 хуудас

[19] 14 хх-ийн 16 хуудас

[20] 17 хх-ийн 196-246, 18 хх-ийн 1-193 хуудас

[21] 17 хх-ийн 190-195 хуудас

[22] 16 хх-ийн 112 хуудас

[23] 1 хх-ийн 5 хуудас

[24] 1 хх-ийн 1-2 хуудас

[25] 3 хх-ийн 67-70 хуудас, өмгөөлөгч *******гийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар

[26] 3 хх-ийн 141-143, 161, 176-178  хуудас

[27] 1 хх-ийн 1-2 хуудас

[28] 3 хх-ийн 64-66 хуудас

[29] 16 хх-ийн 113-114 хуудас

[30] 17 хх-ийн 65-68 хуудас

[31] 17 хх-ийн 76-77 хуудас

[32] 17 хх-ийн 78-79 хуудас

[33] 1 хх-ийн 29-59

[34] 2 хх-ийн 108-110, 12 хх-ийн 5-7, 111-131, 3 хх-ийн9-17, 25-63,  80-85,   166-174, 4 хх-ийн 1-250, 5 хх-ийн 1-250, 6 хх-ийн 1-201, 7 хх-ийн 1-250, 8 хх-ийн 1-250, 9 хх-ийн 26-38, 41-51, 9 хх-ийн 55-250, 10 хх-ийн 1-89, 117-172, 194-250, 11 хх-ийн 1-252, 12 хх 5-7, 11-19, 28-33, 40-62, 64-231, 233-250 хуудас

[35] 18 хх-ийн 225 хуудас