Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 08 сарын 15 өдөр

Дугаар 2023/ДШМ/826

 

 

Г.Тт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч Б.Ариунхишиг, шүүгч Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Билгүүн,

шүүгдэгч Г.Т, түүний өмгөөлөгч Х.Ургаа,

нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нарыг оролцуулан,

            Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Далайхүү даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 2023/ШЦТ/469 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.Т, түүний өмгөөлөгч Х.Ургаа нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Г.Тт холбогдох эрүүгийн 2302001750157 дугаартай хэргийг 2023 оны 7 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Б овгийн Гийн Т, 1996 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизмын засварчин мэргэжилтэй, “Г” ХХК-д борлуулагч ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт - тоотод оршин суух, /РД:-/,

            Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 4-ний өдрийн 605 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 250 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн.

            Шүүгдэгч Г.Т нь - тоотод 2023 оны 3 дугаар сарын 6-ны өдөр Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн хоёрдугаар жагсаалтад багтсан 61.7871 грамм цэвэр жинтэй дельта-9-тетрагидроканнабинолын агууламжтай “өвс” гэх нэршилтэй, 0.0582 грамм цэвэр жинтэй “шавар” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг тус тус худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

            Нийслэлийн прокурорын газраас: Г.Тын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: шүүгдэгч Б овогт Гийн Тыг “Хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Тыг 1 жил 3 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Тт оногдуулсан 1 жил 3 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож шийдвэрлэжээ.

            Шүүгдэгч Г.Т давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ.” гэжээ. Миний бие насанд хүрээгүй хүү 2 нас 1 сартай Т овогтой Г, хүү 3 нас 1 сартай Т овогтой Г, эхнэр Б.Х нарын хамт Нийслэлийн Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Орхоны 10 дугаар гудамж, 8 тоотод түр оршин суудаг. Эхнэр Б.Х нь эрхэлсэн тодорхой ажилгүй, ах, дүү, төрөл садангүй бөгөөд би “Г” ХХК-д борлуулалтаар ажиллаж ар гэрээ тэжээж, бид түрээсийн байшинд амьдардаг. Би хэргийн зүйлчлэлтэй маргахгүй, мөн тус хэрэгт холбогдсондоо чин сэтгэлээсээ харамсаж, уучлалт хүсэж байна. Надад оногдуулсан 1 жил 3 сарын хорих ялыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөргүй, хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж өгнө үү. ...” гэв.

            Шүүгдэгч Г.Тын өмгөөлөгч Х.Ургаа давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний үйлчлүүлэгч Г.Т нь тухайн хэрэгт шалгагдаж эхэлснээсээ хойш хэргийн талаар үнэн зөвөөр мэдүүлж, тухайн хэргийг түргэн шуурхай шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэн өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн билээ. Шүүгдэгч Г.Т нь бусдад төлөх төлбөргүй, шийтгэх тогтоолоор гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршиг байхгүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж, гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан дараах байдлаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно” гэж зохицуулсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр таван жил, түүнээс бага хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх” гэж хуульчилсан бөгөөд миний үйлчлүүлэгч Г.Т нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн дээрх зохицуулалт хамрагдахаар байх тул заавал нийгмээс тусгаарлахгүйгээр өөр төрлийн хөнгөн ял шийтгэх боломжтой байна. Миний үйлчлүүлэгч нь гэр бүлтэй бага насны хоёр хүүхэдтэй тухайн гэмт хэрэгт шалгагдаж эхэлснээс хойш өөрийгөө гэр бүлийнхээ хүмүүстэй хамтран эмчилгээнд хамруулан тухайн хориотой ургамлыг хэрэглэхгүй энгийн амьдралаар амьдарч чадахаар болсон билээ. Иймээс Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 2023/ШЦТ/469 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэн зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.

            Прокурор Г.Билгүүн тус шүүх хуралдаанд дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд шүүгдэгч Г.Тт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 3 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд заасан гэмт хэргийг үйлдсэн тохиолдолд нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх санкцтай бөгөөд уг гэмт хэрэг нь хохирол, хор уршиг бодитой учирсан байхыг шаарддаггүй. Анхан шатны шүүх шүүгдэгч Г.Тт 1 жил 3 сарын хугацаагаар хорих ял оногдуулахдаа түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэн. Анхан шатны шүүх хуралдаанд улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Г.Тт 1 жил 3 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх ялын санал гаргасан. Харин шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс шүүх хуралдаанд шүүгдэгчид зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналтай оролцсон. Анхан шатны шүүх хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан. Учир нь, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хор уршгийн үр дагавар их учраас анхан шатны шүүхээс шүүгдэгч Г.Тт 1 жил 3 сарын хорих ял оногдуулж шийдвэрлэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдлуудад дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Г.Т нь - тоотод 2023 оны 3 дугаар сарын 06-ны өдөр Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн хоёрдугаар жагсаалтад багтсан 61.7871 грамм цэвэр жинтэй дельта-9-тетрагидроканнабинолын агууламжтай “өвс” гэх нэршилтэй, 0.0582 грамм цэвэр жинтэй “шавар” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг тус тус худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Г.Тын яллагдагчаар өгсөн: “...Би өвсийг 2023 оны 3 дугаар сарын 06-ны өдөр 15 цагийн үед хэрэглэж байгаад энгийн хувцастай цагдаагийн алба хаагч нарт баригдсан. Би тус өвсийг 2022 оны 7 дугаар сард Төв аймгийн Лүн сумаас нэг том тороор түүж, өөрийн гэртээ авчраад амбаартаа хатаж байгаад бага багаар ундааны саванд хийж, 2 ширхэг ахуйн газ шахаж 10-аас 20-минут орчим болоход өвсний тос, тоосонцор хоёр нийлж шавар гэх зүйл гарч ирдэг. Ирсэн шаврыг ганцаараа хэрэглэдэг. Дуусахаар нь дахиад шавар хийж өөрөө хэрэглэдэг. Би олон удаа газ шахаж шавар гаргаж байсан. ...” гэсэн /хх 66-67/, мэдүүлэг,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “...Ирүүлсэн дээж нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн №1 гэж дугаарласан ургамал мэт зүйл, №2 гэж дугаарласан хар өнгийн зүйлээр бохирлогдсон тугалган цаас, хар өнгийн зүйлээр бохирлогдсон бортого хэлбэрийн тугалган цаас, Монгол Улсын - серийн дугаартай 50 төгрөгийн дэвсгэрт, Монгол Улсын - серийн дугаартай 50 төгрөгийн дэвсгэрт, Монгол Улсын - серийн дугаартай 10 төгрөгийн дэвсгэрт, бараан өнгийн зүйлээр бохирлогдсон притка, №3 дугаарласан хажуу талдаа хар өнгийн зүйл наасан цагаан өнгийн асаагуур, №4 гэж дугаарласан гялгар ууттай бор өнгийн нунтаг ургамал мэт зүйл, №5 гэж дугаарласан хажуу тал дээрээ цоолсон хуванцар сав, Монгол Улсын - серийн дугаартай 20 төгрөгийн дэвсгэрт, №6 гэж дугаарласан хатсан ургамал тус бүрээс дельта-9-тетрагидроканнабинол /tetrahydrocannabinol/ илэрсэн. Илэрсэн бодис нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн II жагсаалтад багтдаг болно. Шинжилгээнд ирүүлсэн №1 гэж дугаарласан ургамлын цэвэр жин нь 54,1566 грамм, №3 гэж дугаарласан шавар мэт зүйлийн цэвэр жин нь 0.0582 грамм, №4 гэж дугаарласан бор өнгийн нунтаг ургамал мэт зүйлийн цэвэр жин нь 0.0335 грамм, №6 гэж дугаарласан хатсан ургамал мэт зүйлийн цэвэр жин нь 7.5970 грамм байна. ...” гэсэн шинжээчийн 1298 дугаартай дүгнэлт/хх 39-46/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “...Ирүүлсэн дээж нь шинжилгээнд тэнцэнэ. “Г.Т - 2023.36” гэж хаягласан хуванцар савтай шээсний дээжээс метамфетамин /Methamphetamine/ илэрсэн. Илэрсэн бодис нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцын II жагсаалтад багтдаг болно. ...” гэсэн шинжээчийн 1299 дугаартай дүгнэлт /хх 52-54/,

нэгжлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 12-17/, хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай “...5, 6, 9 дүгээр баганад /ТНС/, /AMP/, /MET/1 улаан зураас тодорч эерэг илэрсэн. ...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 18-22/, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх 25/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Хүн амын эрүүл мэндийг богино хугацаанд өргөн хүрээнд хамран сарниулдаг, дахин хэрэглэх зуршлыг бий болгодог, ойр дотнын хүмүүсээ хэрэглээндээ татан оролцуулдаг, тухайн хууль бусаар ашиглахыг хориглосон бодисыг худалдаалж байгаа этгээдүүдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх байдлаар худалдааг нь өргөжүүлэн тэлдэг зэрэг нийгмийн хор аюулын уршиг ихтэй учраас нийгэмд учирч болох хор аюул, үр дагавраас урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулиар мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг хууль бусаар бэлтгэх, хадгалах, бусдад өгсөн, мөн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын түүхий эдийг хууль бусаар тариалсан, ургуулсан үйлдлийг гэмт хэрэгт тооцсон.

Шүүгдэгч Г.Тын үйлдэлд анхан шатны шүүхээс Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг хэрхэн агуулж буй талаар болон хэргийн үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, түүнийг хориглосон мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Мөн шүүгдэгч Г.Тын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүгдэгч Г.Т, түүний өмгөөлөгч Х.Ургаа нараас “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг үндэслэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Гэм буруутай этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлаас гадна түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, тухайн гэмт хэргийн нийгэмд үзүүлэх нөлөөлөл, үр дагавар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл, хэмжээг сонгон ял шийтгэл оногдуулах, эсхүл ял оногдуулахгүйгээр тэнсэх, ялаас чөлөөлөх асуудлыг шийдвэрлэдэг.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7, 7.1 дүгээр зүйлүүдэд заасан хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлөх, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх зохицуулалт нь шүүх заавал хэрэглэх хэм хэмжээ биш, харин гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн тохиолдолд хэрэглэж болох зохицуулалт бөгөөд шүүх дээрх зүйл, хэсгийг хэрэглээгүй явдал нь Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн үндэслэлд хамаарахгүй бөгөөд дээр дурдсан үндэслэлээр давж заалдах шатны шүүхээс уг заалтыг хэрэглэх шаардлагагүй гэж үзлээ.

Нөгөөтэйгүүр, мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис нь хүний төв мэдрэлийн системд өвөрмөц нөлөөлөл үзүүлж, улмаар өөрийгөө удирдан жолоодох чадвар муудаж, уураг тархи, төв мэдрэлийн системд хүчтэй давамгайлал үйлчилж, мансууруулах сэтгэцийн өвчин үүсгэдэг нөлөөлөл бүхий бодис юм.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Г.Тын “мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан” үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх зааснаар 1 жил 3 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Г.Тын эдлэх ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлж шийдвэрлэсэн нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх зарчимд нийцсэн төдийгүй Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангажээ.

Анхан шатны шүүх хэргийг эцэслэн хянан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана...” гэж заасанд нийцжээ.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Т, түүний өмгөөлөгч Х.Ургаа нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Шүүгдэгч Г.Тын 2023 оны 6 дугаар сарын 12-ны өдрөөс 2023 оны 8 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 64 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 2023/ШЦТ/499 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Тын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Тын 2023 оны 6 дугаар сарын 12-ны өдрөөс 2023 оны 8 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 64 /жаран дөрөв/ хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.      

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ш.БАТ-ЭРДЭНЭ

ШҮҮГЧ                                                            Б.АРИУНХИШИГ

                        ШҮҮГЧ                                                            Г.ЕСӨН-ЭРДЭНЭ