| Шүүх | Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Буянтогтохын Сугиржав |
| Хэргийн индекс | 117/2024/0008/З |
| Дугаар | 117/ШШ2024/0010 |
| Огноо | 2024-11-20 |
| Маргааны төрөл | Нийгмийн даатгал, |
Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2024 оны 11 сарын 20 өдөр
Дугаар 117/ШШ2024/0010
Нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Сугиржав даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийж,
Нэхэмжлэгч: ******* овогт *******ын *******, ******* сумын 3 дугаар багт оршин суух,
Хариуцагч: Дундговь аймгийн Нийгмийн даатгалын газар /дарга *******/
Нэхэмжлэлийн шаардлага: 1995, 1996, 1997 оны нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийг тооцохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, дээрх хугацааны нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийг малчны хөнгөлөлттэй нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгоход оруулан тооцож шийдвэр гаргахыг даалгах тухай шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нарийн бичгийн дарга ******* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Би Дундговь аймгийн ******* сумын ******* нэгдэлд 1986 оны 6 сарын 25-наас 1988 оны 10 сарын 15-ны өдрийг хүртэл, 1990 оны 10 сарын 29-ний өдрөөс 1991 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал тус тус малчнаар,
- Ардын армийн 278-р ангид 1988 оны 10 сарын 16-наас 1990 оны 10 сарын 16-ныг дуустал цэргийн алба хааж,
-1992 оноос 1994 онууд болон 2000 онд нөхөн тооцолтод хамрагдаж,
-1995 оны 1 сарын 1-нээс 1999 оны 12 сарыг дуустал, 2011 оны 1, 2-р cap, 2013 оны 1 сараас 2015 оны 12 сарыг дуустал, 2016 оны 5, 6, 7 сарыг дуустал, 2017 оны 1 сараас 2017 оны 12 сарыг дуустал, 2020 оны 1 сараас 2020 оны 12 сарыг
дуустал, 2021 оны 7 сараас 2021 оны 12 сарыг дуустал, 2023 оны 11 сараас 2024 оны 8 сарыг дуустал тус тус нийгмийн даатгал төлсөн бөгөөд энэ хугацаанд тасралтгүй малчин байсан. Нийт улсад ажилласан жил нь 21 жил 25 хоногтой болоод байгаа.
Дундговь аймгийн Нийгмийн даатгалын газарт өндөр настны тэтгэвэр тогтоолгохоор материалаа бүрдүүлж өгтөл 1995, 1996, 1997 онуудын нийгмийн даатгал программд бүртгэгдээгүй, архивт тус онуудын сайн дурын даатгалд төлсөн шимтгэл төлөлтийн талаарх мэдээлэл байхгүй байгаа тул лавлагаа гаргах боломжгүй гээд дээрх 3 жилийг ажилласан хугацаанд оруулан тооцохгүйгээр дахин 3 жил нийгмийн даатгал төлөөд хүлээх шаардлагатай гэсэн хариуг 2024 оны 8 сарын 16-ны өдөр албан бичгээр өгсөн. Д.*******н нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийгдсэн бөгөөд нийгмийн даатгалын байгууллагад 1995-1997 оны холбогдох материал байхгүй байгаа нь нэхэмжлэгчийг хохироох үндэслэл болоод байна.
Нийгмийн даатгалын ерөнхий газарт хандсан боловч өнөөдрийг хүртэл хариу өгөөгүй байгаа учир хуулийн хугацаанд нь харьяаллын дагуу Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандаж байна.
Иймд *******а овогтой *******д 1995, 1996, 1997 онд малчны хөнгөлөлттэй нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгох тухай шийдвэрийг гаргуулахыг Дундговь аймгийн Нийгмийн даатгалын газарт даалгаж өгнө үү” гэжээ.
2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.*******н 1995, 1996, 1997 оны нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийг тооцохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, дээрх хугацааны нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийг малчны хөнгөлөлттэй нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгоход оруулан тооцож шийдвэр гаргахыг даалгах гэж нэхэмжлэлийн шаардлагыг тодруулж байна.
Үүнээс: 1. 1996 оны нийгмийн даатгалын шимтгэл төлсөнд тооцуулах хэсгээс татгалзаж байна.
2. 1995, 1997 оны нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийг тооцохгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, малчны хөнгөлөлттэй нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгоход дээрх хугацааны нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийг оруулан тооцож шийдвэр гаргуулахыг даалгах гэж тодорхойлов.
Манай үйлчлүүлэгч 55 нас хүрч байгаа 1995, 1997 оныг тогтоолгоход 21 жил 22 хоногтой болж хөнгөлөлттэй нөхцөлөөр тэтгэвэрт гарах боломжтой болох учраас нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хангаж өгнө үү. Зөрчигдсөн эрх ашиг учраас
ганц 2 сар дутах байж гэж болгоомжилж байна. Одоо хувиараа нийгмийн даатгалаа 8 сар хүртэл төлсөн. 1996 оны нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийг тооцуулах шаардлагаас татгалзаж татгалзлыг бичгээр гаргасан. Иймд татгалзал, хариуцагчтай тохирсон эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
3. Хариуцагч 2024 оны 08 сарын 21-ний өдөр шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: Д.*******н тэтгэврийн баримт материалыг шалгаж үзэхэд нийгмийн даатгалын дэвтэрт 1995-1997 онуудад сайн дурын даатгалын шимтгэл төлсөн бичилттэй боловч нийгмийн даатгалын цахим санд нийгмийн даатгалын шимтгэл төлсөн нь бүртгэгдээгүй.
******* сумын 1995-1996 оны сайн дурын даатгалын шимтгэл төлсөн иргэдийн нэрс байгаа боловч Д.*******н нэр байхгүй, 1997 оны харилцах болон сайн дурын даатгалын шимтгэл төлсөн баримт үрэгдсэний улмаас лавлагаа гаргаагүй тул НДЕГ-ын даргын 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн А/31 дүгээр тушаалын “Тэтгэвэр тогтооход шаардлагатай баримт бичгийн бүрдүүлэх, хянах журам”-ын 2.6 дэх хэсгийг баримтлан 1995-1997 онуудыг ажилласан жилд оруулан тооцох боломжгүй гэж үзсэн.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тухайн хүн нийт 20 жилээс малчнаар 15 жил нь байх ёстой. Малчны 20 жилтэй хүн хүрэх боломжтой. Нэхэмжлэгчийн төлөөлөгч сар дутчих вий гэж үзээд 1997 оныг оруулах гээд байгаа гэж ойлголоо. Миний хувьд нийгмийн даатгалын дэвтэрт 1997 оны нийгмийн даатгалын шимтгэл төлөлт бичилт хийгдсэн учраас няцаах боломжгүй байна. Нэхэмжлэгч 1996 оноосоо татгалзаж байна. Ийм учраас нэхэмжлэгчийн шаардсан 1995, 1997 оны хугацааны нийгмийн даатгалын дэвтэр дэх бичилтийг нийгмийн даатгал шимтгэл төлөлтөд оруулаад тооцоход боломжтой. Нэхэмжлэлийн 1995, 1997 онд хамаарах хэсгийг хүлээн зөвшөөрч байна. Нийгмийн даатгалын ерөнхий хууль, холбогдох журамд зааснаар нийгмийн даатгалын үндсэн баримт бичиг бол нийгмийн даатгалын дэвтэр юм. Д.*******н дугаартай нийгмийн даатгалын дэвтэр зөрчилгүй, бичилт үнэн зөв байна. Тиймээс 1995, 1997 оны нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийг тооцохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, дээрх хугацааны нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийг малчнаар ажилласан хугацаанд тооцох шийдвэр гаргахыг даалгах шаардлагыг зөвшөөрч эвлэрч байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Дундговь аймгийн Нийгмийн даатгалын газар /дарга *******/-т холбогдуулан “1995,1996, 1997 оны нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийг малчны хөнгөлөлттэй нөхцөлөөр өндөр насны тэтгэвэрт оруулан тооцохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, 1995, 1996, 1997 оны нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийг малчны хөнгөлөлттэй нөхцөлөөр өндөр насны тэтгэвэрт оруулан тооцох тухай шийдвэр гаргуулахыг даалгах”-аар маргаж байна.
2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгээс буюу “...1996 оны нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийг тооцохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоох, малчны хөнгөлөлттэй нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоох хугацаанд 1996 онд нийгмийн даатгалын шимтгэл төлсөнг оруулан тооцохыг даалгах... ” шаардлагаас татгалзаж татгалзлаа шүүх хуралдаанд бичгээр[1] гаргасан байх тул нэхэмжлэгчээс олгосон итгэмжлэл[2], шүүх хуралдаанд гаргасан тайлбар[3], татгалзал зэргийг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсэгт нэхэмжлэгчийн татгалзлыг баталж холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгов.
3. Нэхэмжлэгчид олгосон итгэмжлэлд “хариуцагчтай эвлэрэх нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэх багасгах” зэрэг эрхийг олгосныг үндэслэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилж “1995, 1997 оны нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийг тооцохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, 1995, 1997 оны нийгмийн даатгал шимтгэл төлөлтийг малчны хөнгөлөлттэй нөхцөлөөр тэтгэвэр тогтоох хугацаанд оруулан тооцох шийдвэр гаргуулахыг даалгах” гэх шаардлагад нэхэмжлэгч хариуцагч нар харилцан буулт хийж эвлэрч буй болох нь шүүх хуралдааны тэмдэглэлээр[4] нотлогдоно.
4. Хариуцагчийн төлөөлөгч нь аймгийн нийгмийн даатгалын газрын даргын 2024 оны 11 сарын 15-ны өдрийн 319 дугаартай итгэмжлэлээр[5] хэрэгт хариуцагчийг төлөөлж оролцох ба уг баримтад Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20, 28 дугаар зүйлд заасныг хэрэгжүүлэх эрхийг олгосончлон шүүх хуралдаанд нэхэмжлэгчтэй эвлэрэн хэлэлцэж нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагад буюу 1995, 1997 оны нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийг малчны хөнгөлөлттэй нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгоход тооцохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, уг хугацааг малчны хөнгөлөлттэй нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгоход оруулан тооцож шийдвэр гаргуулахыг даалгах шаардлагад эвлэрсэн, эвлэрлийг шүүх хуралдааны тэмдэглэлд тусгасан болох нь тус тус Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1, 68.3-т заасан шаардлагад нийцнэ.
5. Түүнчлэн нэхэмжлэгч хариуцагчийн эвлэрэл нь бусад этгээдийн эрх ашиг сонирхлыг зөрчихгүй хуульд нийцсэн байхыг шаардах бөгөөд энэ хэрэгт гуравдагч этгээд татаж оролцуулаагүй тул бусад этгээдийн эрх ашиг сонирхол зөрчигдөхгүй. Төлөөлөгч нарт олгогдсон итгэмжлэлийн хүрээнд эвлэрэх, татгалзах эрхүүдийг эдэлсэн, шүүх хуралдаанд биечлэн оролцож тайлбараа гаргасан, харилцан тохиролцсон зэргээр Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 4 дүгээр зүйлийн 4.1.10, 4.1.11, 5 дугаар зүйлийн 5.1.3, 34 дүгээр зүйлийн 34.2, Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2022 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн а/31 дүгээр тушаалын хавсралтаар батлагдсан “Тэтгэвэр тогтооход шаардагдах баримт бичгийг бүрдүүлэх, хянах журам”-ын 2.4-т “...даатгуулагч улсын дугаар бүхий нийгмийн даатгалын дэвтэртэй байх бөгөөд даатгуулагчийн даатгуулсан хэлбэр, ажилласан аж ахуйн нэгж, байгууллага, ажил, албан тушаал, нийгмийн даатгалд даатгуулж, шимтгэл төлж ажилласан хугацааг нотлох, нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж, төлбөр авах үндсэн баримт бичиг нь нийгмийн даатгалын дэвтэр байна”, 2.5-т “Нийгмийн даатгалын байгууллага нь 1995-2020 онд нийгмийн даатгалын шимтгэл төлсөн даатгуулагч бүрт нийгмийн даатгалын дэвтэр олгосон байна...”, 2.6-т “Даатгуулагчийн 1995 оноос хойш ажил хөдөлмөр эрхэлж, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг ажил олгогч болон нийгмийн даатгалын байгууллага (байцаагч)-ын баталгаажуулсан нийгмийн даатгалын дэвтэр болон нийгмийн даатгалын мэдээллийн цахим санд үндэслэн тооцно” гэж тус тус заасанчлан нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дугаартай дэвтрийн хуулбар[6], хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “Д.*******н дугаартай дэвтэр нь ямар нэгэн зөрчилгүй, бичилт хийгдсэн, төлөлт болон баталгаажилт тооцооны алдаагүй” гэх тайлбар[7] зэргийг үндэслэсэн нь дээрх хууль, холбогдох журамд харшлаагүй болно.
Мөн энэхүү журмын 2 дугаар зүйлийн 2.6 дахь заалтын Санамж хэсэгт “даатгуулагч нийгмийн даатгалын дэвтрээ үрэгдүүлсэн тохиолдолд нийгмийн даатгалын хэлтсийн архивын лавлагаа, QR код бүхий шимтгэл төлөлтийн лавлагааг үндэслэнэ” гэж заасан ба нэхэмжлэгчийн дугаартай дэвтэр нь шүүх хуралдаанд эхээрээ судлагдсан болно.
6. Энэ хэргийн хүрээнд шүүх нэхэмжлэгч болон хариуцагч талаас ...нийгмийн даатгалын байгууллагатай байгуулсан гэрээтэй эсэх, тус байгууллагаас даатгалын шимтгэл төлөлтөд шалгалт хийсэн баримттай эсэх /1995, 1996, 1997 оны шимтгэл төлөлт нь тухайн хугацааны шимтгэл төлөлтийн хэмжээтэй уялдаатай эсэх/ баталгаажих хуудас байгаа эсэх, малчны А данс, нэхэмжлэгчээс төлсөн баримтыг банкаар дамжуулж төлсөн эсэх зэрэг баримтыг шаардсан ч талууд шүүх хуралдаанд эвлэрч байх тул дээрх баримтуудыг дахин шаардахгүй.
Иймд нэхэмжлэлийн зарим хэсэгт нэхэмжлэгчийн /итгэмжлэгдсэн төлөөлөгчийн/ татгалзал, үлдэх хэсэгт нэхэмжлэгч хариуцагчийн эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дугаар зүйлийн 109.1, 122 дугаар зүйлийн 122.2-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 68 дугаар зүйлийн 68.1, 68.3-т заасныг баримтлан Д.*******н /итгэмжлэгдсэн төлөөлөгч/ нэхэмжлэлтэй Дундговь аймгийн Нийгмийн даатгалын газарт холбогдуулан гаргасан “1995, 1996, 1997 оны нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийг тооцохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, дээрх хугацааны нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийг малчны хөнгөлөлттэй нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгоход оруулан тооцож шийдвэр гаргахыг даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлагын “....1996 оны нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийг тооцохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох, малчны хөнгөлөлттэй нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоох хугацаанд оруулан тооцохыг даалгах“ гэх хэсэгт нэхэмжлэгчийн /итгэмжлэгдсэн төлөөлөгч/ татгалзлыг баталж, хэрэгсэхгүй болгох, “1995, 1997 оны нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийг малчны хөнгөлөлттэй нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгоход оруулан тооцохгүй байгаа эс үлдэхүй хууль бус болохыг тогтоож, 1995, 1997 оны нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийг малчны хөнгөлөлттэй нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтооход оруулан тооцож шийдвэр гаргуулахыг даалгах” гэх хэсэгт нэхэмжлэгч хариуцагчийн эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч аймгийн Нийгмийн даатгалын газрыг тэмдэгтийн хураамжаас чөлөөлсүгэй.
3. Захирамж хүчин төгөлдөр болмогц дугаар бүхий нийгмийн
даатгалын дэвтрийг *******а овогтой ******* /итгэмжлэгдсэн төлөөлөгч/-д олгохыг шүүгчийн туслах т даалгасугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.4-д заасны дагуу энэ захирамжид гомдол гаргах эрхгүй, шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг тайлбарлах нь зүйтэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.СУГИРЖАВ