Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 28 өдөр

Дугаар 210/МА2021/00043

 

2020 оны 12 сарын 28 өдөр

Дугаар 210/МА2021/00043

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                        Б.Мын нэхэмжлэлтэй

                                               иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Б.Нармандах, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 101/ШШ2020/03289 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Б.Мын хариуцагч ШБ ХХК-д холбогдуулан гаргасан 204 493 276 төгрөг гаргуулах үндсэн, зуучлалын гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, 12 000 000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг зохигчдын гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

 Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч У.Түвшин, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Иманмагзам, хариуцагчийн өмгөөлөгч М.Лхамсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: Б.М нь 2016 оноос эхлэн ШБ ХХК-тай ажлын шугамаар харилцаж эхэлсэн. 2018 оноос ШБ ХХК нь орон сууцны барилгын ажил гүйцэтгэгч компаниар оролцох хүсэлтэй байгаагаа илэрхийлж, 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдөр Б.Мтай зуучлалын гэрээг байгуулсан. Зуучлагчаас ШБ ХХК-ийг “БКЭА” ХХК-тай зуучилж, 2018 оны 8 дугаар сарын 01-ний өдөр “БКЭА” ХХК болон ШБ ХХК нь барилга угсралтын ажил гүйцэтгүүлэх гэрээг байгуулсан. Тус гэрээгээр ШБ ХХК нь ...буюу үйлчилгээний барилгатай, 16 давхар 140 айлын орон сууцны 1 барилгын барилга угсралтын ажлыг гүйцэтгэхээр болж, ажлын нийт дүн 10 448 548 880 төгрөг болсон. Зуучлалын гэрээний 4.1.5-т зуучлагч болон захиалагч этгээдийн хооронд гэрээ байгуулагдсанаар зуучлагч талын эрх, үүрэг дуусгавар болно гэж заасан бөгөөд тухайн барилга угсралтын гэрээ байгуулагдсанаар зуучлагчийн ажил үүрэг биелэгдэж дуусгавар болсон. Иймд зуучлалын үйлчилгээний хөлс 216 493 276 төгрөгөөс зуучлуулагчийн төлсөн 12 000 000 төгрөгийг хасч, үлдэх 204 493 276 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.      

Хариуцагчийн хариу тайлбарт: Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 4.1-т зуучлагч нь зуучлуулагчид зохих захиалагчийг олж өгнө гэж зуучлагчид үүрэг болгосон. Зохих захиалагч гэдэг нь хууль тогтоомж зөрчөөгүй, зуучлуулагчийн эрх ашигт нийцсэн захиалагчийг олж өгөх, зуучлуулагчийн эрх ашгийг хамгаалах нь нэн тэргүүний үүрэг юм. Нэхэмжлэгч нь Б ХХК-д хөлсөөр ажиллах гэрээний үндсэн дээр ажилладаг хуульч бөгөөд тэрээр ажил гүйцэтгэх гэрээн дээр гуравдагч этгээд болох “БКЭА” ХХК-ийн ахлах хуульчийн байр сууринаас гарын үсэг зурсан байдаг. “БКЭА” ХХК-ийн гүйцэтгэх захирал гэрчийн мэдүүлэгтээ уг гэрээний төслийг Б.Мыг боловсруулсан гэдэг. Иргэний хуулийн 411 дүгээр зүйлийн 411.7.4-т зуучлагч болон гуравдагч этгээд хоорондоо албан тушаалын болон хөдөлмөрийн харилцаатай байсан бол нөхөн төлөхгүй гэж заасан. Хуулийн уг зохицуулалт нь энэ нөхцөл байдалд нийцнэ. Хөдөлмөрийн харилцаа бол зөвхөн хөдөлмөрийн гэрээ байгуулаад үүсэж байгаа биш. Бизнесийн харилцаа улам бүр глобалчлагдаж байгаа үед тухайн төрлийн үйлчилгээг аваад, үйлчилгээ авсан боловсон хүчнээрээ нөхөх ажиллагаа гарсан. Б.М нь тус гэрээн дээр ахлах хуульч гэж гарын үсэг зурсан тул Иргэний хуулийн 411 дүгээр зүйлийн 411.7.4 дэх хэсэгт хамаарахаар байна. Зуучлагчид хамааралтай этгээд буюу өөрөө үйлчилгээ үзүүлдэг байгууллагад зуучилсан тул зохих захиалагч олоогүй буюу зуучлалын үйлчилгээний үүргээ зохих журмын дагуу гүйцэтгээгүй гэж үзэж байна. Иргэний хуулийн 411 дүгээр зүйлийн 411.9 дэх заалтыг зуучлалын онцгой эрхийн гэрээнд хамаарна гэж тайлбарлах боломжтой. Гэтэл Иргэний хуулийн тайлбарт Иргэний хуулийн 411.9 дэх заалтыг зуучлалын гэрээний бүх тохиолдолд хэрэглэх боломжтой гэж дурдсан байдаг. Б.М нь Б Г ХХК болон “БКЭА” ХХК-тай хамааралтай гэдгээ хэлээгүй. Уг байдлаа илэрхийлэхгүйгээр зуучилсан үйлдэл нь зуучлалын гэрээний 4.1 дэх заалтыг зөрчсөн үйлдэл болно. Зуучлалын үндсэн дээр хийгдсэн ажил гүйцэтгэх гэрээний хувьд санхүүжилт ороогүй, ажил нь хийгдээгүй. Гэрээний дагуу үр дүн гараагүй. Гуравдагч этгээд болон зуучлагч нар хоорондоо урьдаас тохиролцоод зуучлалын хөлс авах үүднээс гэрээ байгуулсан байж болзошгүй гэх эргэлзээ үүсгэж байна. Мөн зуучлалын гэрээ нь ШБ ХХК-ийн хувьд их хэмжээний хэлцэлд хамаарна. Компанийн тухай хуульд заасны дагуу их хэмжээний хэлцэл гэдэг нь тухайн компанийн сүүлийн санхүүгийн балансын 25 хувиас дээш хэмжээтэй хэлцлийг их хэмжээний хэлцэлд хамааруулдаг. Их хэмжээний хэлцлийг Хувьцаа эзэмшигчдийн хурал, Төлөөлөн удирдах зөвлөл санал нэгтэйгээр батлах ёстой. Хэлцлийн нөгөө тал Б.М нь хуульч хүн, хуулийг мэдэхгүй буюу зөв ойлгоогүй гэх үндэслэл байхгүй. Компанийн гүйцэтгэх захиралтай их хэмжээний хэлцлийг байгуулсан нь хууль зөрчиж хийсэн хэлцэл гэжээ.

Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад: ШБ ХХК нь Б.Мтай 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдөр Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1 дэх хэсэгт заасны дагуу зуучлалын гэрээ байгуулж 12 000 000 төгрөгийг төлсөн. Нэхэмжлэгчийн зүгээс уг мөнгийг хүлээн авснаа зөвшөөрдөг. “БКЭА” ХХК-тай барилга угсралтын гэрээ байгуулсан боловч захиалагч тал нь гэрээний үүргээ гүйцэтгээгүй, гэрээ цуцлагдсан. Зуучлагчийн үүрэг гүйцэтгэж байсан Б.М нь тухайн компанийн хамаарал бүхий хуульч, Б Г ХХК болон “БКЭА” ХХК-д хууль зүйн ажлыг хариуцдаг байсан. Тиймээс Иргэний хуулийн 417 дугаар зүйлд зааснаар зуучлагч өөрөө гуравдагч этгээд байсан гэх агуулгаар сөрөг нэхэмжлэлийг гаргаж байна. Б.М нь өөрийнхөө ажилладаг компанитай буюу өөртэйгөө хэлцэл хийх замаар энэхүү зуучлалын гэрээг байгуулсан байх тул үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 12 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийн шаардлагад гаргасан хариу тайлбартаа: Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэж заасан. Иймээс талуудын гэрээний агуулгыг өөрсдөө тодорхойлж ямар гэрээ байгуулахаа шийдвэрлэх эрхтэй. Мөн онолын хувьд гэрээг нэршлээр нь биш талууд эрх үүргээ тодорхойлсноос нь хамааран гэрээний зүйлчлэлийг хийдэг. Иргэний хуульд зуучлалын гэрээ, зуучлалын онцгой эрхийн гэрээ, худалдааны зуучлалын гэрээ гэж тус тус хуульчилсан бөгөөд тухай бүр хэрэглэгдэх зохицуулалтыг нэг бүрчлэн заасан байдаг. Хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч Б.М нь “БКЭА” ХХК-д хувьцаа эзэмшдэггүй, хөдөлмөрийн харилцаагүй, ямар нэгэн албан тушаал эрхэлдэггүй. Сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх Иргэний хуулийн 56.1.1, 59.1, 410.1, 411.7.4-т тус тус заасныг баримтлан Б.М /рд:ЙЮ90052733/-ын нэхэмжлэлтэй ШБ ХХК /рд:2669145/-д холбогдох 204 493 276 төгрөг гаргуулах үндсэн, зуучлалын гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, 12 000 000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь  тус тус хэрэгсэхгүй болгож, Б.Маас үндсэн нэхэмжлэлийн шаардлагад урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамж 1 180 417 төгрөгийг, ШБ ХХК-аас сөрөг нэхэмжлэлийн шаардлагад урьдчилан төлсөн 1 387 400 төгрөгийг тус тус улсын орлогод үлдээж, тус шүүхийн шүүгчийн 2020 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 101/ШЗ2020/11759 дугаартай шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай захирамжийг давж заалдах хяналтын журмаар гомдол гаргах хугацаанд хүчинтэй байхыг, ШБ ХХК -ийг өөрт хохирол учирсан гэж үзвэл шүүхэд жич нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурджээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч У.Түвшингийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: Шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад хуульд заасан үндэслэл журмын дагуу үнэлэлт өгөөгүй. 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн зуучлалын гэрээнд ШБ ХХК нь зуучлалын гэрээний эрх зүйн үр дүн хүртэж гуравдагч этгээдтэй гэрээ байгуулсан. Гэрээний зүйлчлэлийг хийхдээ гэрээний нэршлээр нь бус талууд эрх, үүргээ хэрхэн тодорхойлсноор нь гэрээний зүйлчлэлийг хийдэг. Гэрээний зүйлчлэлийг зөв тодорхойлсноор талуудын хооронд эрх зүйн харилцааг зөв тодорхойлж, зохих хуулийн хэм хэмжээг зөв хэрэглэх боломжтой. Иргэний хуулийн 410 дугаар зүйлд энгийн зуучлалын гэрээг, 411 дүгээр зүйлд зуучлалын онцгой эрхийн гэрээг, 413 дугаар зүйлд худалдааны зуучлагч комиссын гэрээний талаар хуульчилсан. Гэрээнүүдийн агуулга тус бүрээс харвал эрх, үүрэг нь өөр байна. Зохигчдын хооронд Иргэний хуулийн 410 дугаар зүйлд заагдсан зуучлалын гэрээ байгуулагдсан байдаг. Зуучлалын онцгой эрхийн гэрээнд хэрэглэгдвэл зохих хэм хэмжээг ерөнхий зуулчалын гэрээнд иш татаж шийдвэрлэсэн нь хууль зүйн хувьд үндэслэлгүй. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл Б Г ХХК, “БКЭА” ХХК тусдаа үйл ажиллагаа явуулдаг хоёр хуулийн этгээд байдаг. Хан-Уул дүүргийн нийгмийн даатгалын хэлтсээс ирүүлсэн баримтаас харвал Б.М нь Б Г ХХК-д хууль зүйн туслалцаа үзүүлж нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан. Өөрөөр хэлбэл Б.М нь зуучлуулагч ШБ ХХК-ийн гэрээ байгуулсан “БКЭА” ХХК-тай хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээгүй, хөдөлмөрийн харилцаагүй байсан. Гэтэл анхан шатны шүүх нь нотлох баримтад үндэслээгүй таамагласан, хийсвэр хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Шийдвэрийн үндэслэх нь хэсэгт Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.8, 33 дугаар зүйлийн 33.1, 33.3 дах заалтыг дурдсан байдаг. Гэтэл бодит нөхцөл байдал дээр Б.Маас “БКЭА” ХХК-д хууль зүйн туслалцаа үзүүлсэн зүйл байхгүй. Иймд үйлчлүүлэгчийн нууцыг задруулах, эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг өөрийн болон бусад этгээдийн нэрээр худалдан авах, эсхүл өөр бусад аргаар олж авах, эзэмшсэн зүйл байхгүй. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг зөрчсөн эсхүл хуульч ёс зүйн зөрчил гаргасан тохиолдолд шийддэг эрх бүхий байгууллага зохих журамтай байдаг. Гэтэл Иргэний хэргийн шүүх нь хуульчийн ёс зүйн зөрчлийг шийдвэрлэх эрх хэмжээтэй мэтээр өөрийн эрх хэмжээнд байхгүй асуудлаар хийсвэр дүгнэлт хийснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгчийн зуучлалын үйлчилгээний эрх зүйн үр дүнд хариуцагч нь “Бэрэн констракшн энд автомэшн" ХХК-тай барилга угсралтын гэрээг байгуулсан болохоо хүлээн зөвшөөрсөн. Тодорхой хэмжээнд ажил үүрэг гүйцэтгэсэн бол түүнийхээ эрх зүйн үр дагаварыг хүртэх эрхтэй. Бусдаас зуучлалын үйлчилгээ авсан бол зохих хөлс, шагналыг төлөх нь шударга ёсонд нийцнэ. Иймд шүүхийн шийдвэрт хариуцагч ШБ ХХК-аас 204 493 276 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Мт олгосон өөрчлөлтийг оруулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Иманмагзамын давж заалдах журмаар гаргасан гомдолд: Шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т “Шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна”.. гэж, мөн хуулийн 118 дугаар зүйлийн 118.4-т “Үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэс болсон нотлох баримтын хууль зүйн болон бодит үндэслэл, түүнийг шүүхээс хэрхэн үнэлж байгаа тухай заана”.., мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас үнэлнэ”... гэж тус тус заасныг анхан шатны шүүх зөрчсөн. Шүүх үндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ гэрчийн мэдүүлэг, холбогдох баримт, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 27, 33 дугаар заалтыг зөв тайлбарласан боловч 12 000 000 төгрөгийг урьдчилгаа гэж авсан болохоо илэрхийлж, холбогдох баримтаа хавсаргаж өгсөнийг үндэслэлгүйгээр үнэлээгүйд гомдолтой байна. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо Б.Мын өмгөөлөгчийн 12 000 000 төгрөгийг С.Бямбасүрэнгийн данснаас шилжсэн, ..., Ч.Жын данснаас шилжиж ороогүй тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Шүүх хэргийн үйл баримтыг үнэлэхдээ нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ урьдчилгаа 12 000 000 төгрөг авсан болохоо нэхэмжлэлдээ тодотгож, авсан баримтаа хавсаргаж өгснийг үнэлээгүй нь учир дутагдалтай. Уг мөнгөний гүйлгээ хэний данснаас Б.Мын данс руу орсон нь чухал бус нэхэмжлэгч, хариуцагчийн 12 000 000 төгрөг өгсөн, авсан үйл баримтад маргаагүй асуудлаар шүүх дүгнэлт өгч сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн үндэслэлгүй. Мөн нэхэмжлэгч талаас сөрөг нэхэмжлэлтэй холбогдуулан татгалзлаа шүүх хуралдаанаас өмнө илэрхийлээгүй байхад шүүх сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна. Шүүх Ч.Жыг ШБ ХХК-ийг Иргэний хууль, Компанийн тухай хууль, Хуулийн этгээдийн бүртгэлийн тухай хуульд зааснаар төлөөлөх эрхгүй этгээд, их хэмжээний хэлцэл байгуулах эрх олгогдоогүй байсныг үнэлэхдээ Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсгийг баримтлан шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. ШБ ХХК-ийн зүгээс татгалзлаа зөвхөн Иргэний хуулийн 59 дүгээр зүйлд зааснаар илэрхийлээгүй бөгөөд Иргэний хуулийн 56 дугаар зүйлд зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахаар шаардлагаа гаргасныг шүүх анхаараагүй. Иймд шүүхийн шийдвэрийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага болох 12 000 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон хэсэгт өөрчлөлт оруулж, бусад хэсгийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний болон найруулгын хувьд өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч Б.Мын зуучлалын гэрээний хөлс 204 493 276 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хариуцагч ШБ ХХК эс зөвшөөрч зуучлалын гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож, 12 000 000 төгрөг гаргуулахыг сөрөг нэхэмжлэлээр шаарджээ.

 

Нэхэмжлэгч Б.М нь 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдөр хариуцагч ШБ ХХК-тай зуучлалын гэрээг байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч нь барилга угсралтын ажил гүйцэтгүүлэх захиалагч этгээдийг олох, тэдгээрийн хооронд барилга угсралтын гэрээ хийхэд холбож өгөх, хариуцагч нь зуучлагчийн зөвлөгөөг хүлээн авч, зөвлөсөн захиалагчтай гэрээ байгуулах, зуучлуулагч болон захиалагч талуудын хооронд барилга угсралтын гэрээ байгуулсан өдөр уг гэрээний төсөвт өртгийн нийт үнийн дүнгийн 2 хувийг үйлчилгээний хөлс болгон зуучлагч талын дансанд шилжүүлэн өгөхөөр .., тохиролцжээ. /1хх19-20/

 

Уг гэрээний урьдчилгаа хөлсөнд нэхэмжлэгч нь 12 000 000 төгрөг авсан гэж тайлбарласан бөгөөд хэргийн 1 дүгээр хавтасны 89 дүгээр талд авагдсан нэхэмжлэгчийн Хаан банкны дансны хуулгаас үзэхэд 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдөр 5019166391 тоот данснаас “зуучлалын ажлын хөлс” гэх утгаар 10 000 000 төгрөг, 2018 оны 8 дугаар сарын 12-ны өдөр “99088206” гэх утгаар 2 000 000 төгрөг тус тус шилжиж орсон байна.

 

Дээрх 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдөр зуучлалын гэрээ байгуулсны дараа нэхэмжлэгч нь “БКЭА” ХХК-ийг төлөөлөн ахлах хуульчийн хувьд хариуцагч ШБ ХХК-тай 2018 оны 8 дугаар сарын 01-ний өдөр ...16 давхар 140 айлын орон сууцны 1 барилгын барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээг байгуулахад оролцсон байна. /1хх5-16/

 

Б Г ХХК болон “БКЭА” ХХК-д нэхэмжлэгч Б.М нь хууль зүйн туслалцаа үзүүлдэг, ажил мэргэжлийн хувьд тус компанитай хамааралтай болох нь хэрэгт авагдсан нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа, гэрч Ц.Эрдэмбаярын “Б.М Б Г ХХК-д гэрээгээр ажилладаг хуульч, “БКЭА” ХХК гэрээт 4 хуульчтай, гэрээ байгуулах өдөр Б.М байсан, Б.М гэрээг боловсруулсан” гэх мэдүүлэг, талуудын тайлбараар тогтоогдсон. /1хх128-130, 2хх48-51, /

 

Нэхэмжлэгч Б.М болон нэр бүхий дээрх компанийн харилцан хамаарлын талаар шүүхээс хийсэн дүгнэлт нотлох баримтад үндэслэгдсэн байх тул  нэхэмжлэгчийн “... “БКЭА” ХХК-тай хөдөлмөрийн харилцаагүй, гэрээг боловсруулсан гэдэг утгаараа гарын үсэг зурсан, техникийн алдаа байсан ...” гэх тайлбар үгүйсгэгдсэн. 

 

Өмгөөлөгчийн шүүхэд төлөөлөх эрхийн Улсын Дээд шүүхийн нэгдсэн бүртгэлд нэхэмжлэгч бүртгэгдсэн байх ба Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд заасан хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны зарчмыг баримталж ажиллах үүрэгтэй. Нэхэмжлэгчийн хувьд хамаарал бүхий компаниас явуулж байгаа аливаа ажилтай нь холбоотойгоор гуравдагч этгээдэд зуучлалын үйл ажиллагаа явуулсан нь мэргэжлийн үйл ажиллагаанд хориглосон үйлдлийг хийсэн гэж үзэхээр байна. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.8, 33 дугаар зүйлийн 33.1, 33.3 дах хэсэгт “хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаанд үйлчлүүлэгчийнхээ болон хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаанд нь өртөж байгаа этгээдийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг өөрийн болон бусад этгээдийн нэрээр худалдан авах, эсхүл өөр бусад аргаар олж авах, эзэмших”-ийг хориглоно, “Хуульчийн хууль зүйн туслалцаа үзүүлэхтэй холбоотой бүхий л мэдээлэл хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны нууцад хамаарна. Хуульч үйлчлүүлэгчийнхээ зөвшөөрөлгүйгээр мэдээллийг задруулах эрхгүй”, “Хуульч мэргэжлийн үйл ажиллагааны нууцыг задруулах, эсхүл өөрийн болон гуравдагч этгээдийн ашиг сонирхолд ашиглахыг хориглоно” гэж заасан ба нэхэмжлэгчийн дээрх үйлдэл нь хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаанд тавигдах хориглолтыг зөрчсөн байна.

 

Анхан шатны шүүх дээр дурдсан зуучлалын гэрээг хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзээд нэхэмжлэгчийг зуучлалын хөлс шаардах эрхгүй гэж дүгнэсэн нь зөв боловч маргааны үйл баримтад хамааралгүй хуулийн зохицуулалтыг буюу Иргэний хуулийн 411 дүгээр зүйлийн 411.7.4-т заасан зуучлах онцгой эрхийн зохицуулалтыг тухайн тохиолдолд хамааруулж хэрэглэсэн нь буруу. Иймд шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв.

 

 Зуучлалын гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгож, 12 000 000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хууль хэрэглээний алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс зөвтгөсөн өөрчлөлт оруулна.

 

Хариуцагч нь “2018 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн зуучлалын гэрээг их хэмжээний хэлцэл, хуульд заасан зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл тул уг гэрээний дагуу шилжүүлсэн 12 000 000 төгрөгийг буцаан гаргуулна” гэж тайлбарласан.

 

Нэхэмжлэгч нь өөрийн хууль зүйн туслалцаа үзүүлдэг компанийн явуулж байгаа барилгын үйл ажиллагаатай холбоотой ажилд хариуцагч ШБ ХХК-ийг зуучилсан нь хуульчийнхаа хувьд зөвшөөрөгдөөгүй, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.8, 33 дугаар зүйлийн 33.1, 33.3 дах хэсэгт заасан хориглосон хэм хэмжээг зөрчсөн тул талуудын хооронд байгуулагдсан зуучлалын гэрээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бус хэлцэл байна.

 

Сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 12 000 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдэл үндэслэлтэй. 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдөр нэхэмжлэгчийн дансанд шилжиж орсон 12 000 000 төгрөгийг хариуцагч ШБ ХХК, түүний эрх бүхий этгээдүүд болох ..., Ч.Ж нараас шилжүүлсэн эсэх нь тодорхойгүй, хариуцагч талаас уг мөнгөн дүнг шилжүүлсэн болохоо нотлох баримтаар хангалттай нотлоогүй болно.

 

Давж заалдах шатны шүүхээс дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, зохигчдын гомдлыг хангахгүй орхив.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 101/ШШ2020/03289 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул нэхэмжлэгч Б.Мын хариуцагч ШБ ХХК-аас 204 493 276 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасныг баримтлан зуучлалын гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дах хэсэгт заасан үндэслэлгүй тул 12 000 000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 180 420 төгрөг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 207 000 төгрөгийг тус тус улсын орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.             

                                       

 

                        ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                               Н.БАТЗОРИГ

                                          ШҮҮГЧИД                              Б.НАРМАНДАХ

 

                                                         А.МӨНХЗУЛ