Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 193

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,

нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа, 

улсын яллагч М.Эрдэнэзаяа,

шүүгдэгч Э.М /өөрөө өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

            Баянзүрх дүүргийн прокурорын газраас хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан Э.М Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1706028310069 дугаартай хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Монгол улсын иргэн Э.М, 1991 оны 07 дугаар сарын 30-ны өдөр төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, хувиараа үсчин хийдэг, ам бүл 3, эгч дүүсийн хамт Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуурын 16-331 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, РД:/УЮ91073091/,

Шүүгдэгч Э.М нь 2017  оны 10 дугаар  сарын 20-ноос 21-нд шилжих шөнө  Баянзүрх дүүргийн 3 хорооны нутаг дэвсгэрт байрлах Эн эс баарнаас гарч АТМ-нээс мөнгө авахаар явах замдаа иргэн М.Батгэрэлийг зодож  эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч Э.Мягмарцэрэн шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн тул одоо нэмж мэдүүлэх зүйлгүй, улсын яллагчаас сонсгосон торгуулын ялыг 10 сарын хугацаанд төлөх боломжтой” гэв.

Хохирогч М.Батгэрэл мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Уг залуу нь надтай цугтаа явж байснаа шууд мөргөсөн юм. Би уг залууд хандаад чи байж бай, би яваад АТМ-нээс мөнгө аваад ирье гэж хэлсэн чинь юу ч ярилгүй  шууд татаж ирээд нэг юм хэлээд л мөргөсөн...” гэх мэдүүлэг. /хх25-26/,

Яллагдагч Э.М мэдүүлэхдээ: “...Улмаар булан эргээд явж байсан чинь тэр залуу миний шилэн хүзүүн дээрээс дараад би энд ирсэн чинь надад томроод байсан. Хажуу талд цугтаа явж байсан Н.Ганаа гэж дууддаг, миний зүс таних залуу найздаа хандаад болио наадах чинь эндээ удаан ажиллаж байгаа, энэ хавийн хүмүүсийг мэдэж байгаа гээд татаж аваад холдуулсан чинь эргээд над руу сарвайгаад хүрээд ирэхээр нь би зууралдаж байгаад толгойгоорой нэг удаа мөргөсөн юм...” гэх мэдүүлэг. /хх30-31/,

              Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №13291 тоот дүгнэлтэд: 

  1. М.Батгэрэлийн биед дээд уруулын няцарсан шарх, дээд, доод уруулын цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлт. /хх-10/,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Э.М нь 2017  оны 10 дугаар  сарын 20-ноос 21-нд шилжих шөнө  Баянзүрх дүүргийн 3 хорооны нутаг дэвсгэрт байрлах Эн эс баарнаас гарч АТМ-нээс мөнгө авахаар явах замдаа иргэн М.Батгэрэлийг зодож  эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Э.М хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Э.М нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн болно.

Хохирогч М.Батгэрэл нь шүүгдэгч Э.М 450.000 төгрөгийг нэхэмжилсэн боловч өөрийн эмчилгээнд зарцуулсан хохирлын талаарх нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй тул гэм буруутай этгээдээс гаргуулах боломжгүй байна. Харин хохирогч М.Батгэрэл нь гэм буруутай этгээдээс хохирлын талаарх нотлох баримтаа хуульд заасны дагуу бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдав.

Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дүгээр зүйлийн 4, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Э.М хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар Э.М 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий анийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Э.М оногдуулсан торгох ялыг тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Э.М нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, Э.М нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

6. Хохирогч М.Батгэрэл нь гэм буруутай этгээдээс / Э.М / иргэний журмаар гэм хорын хохирлоо жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.

7. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Э.М хувийн баталгаа авах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Т.ШИНЭБАЯР