Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 08 сарын 08 өдөр

Дугаар 2023/ДШМ/790

 

 

Д.Ат холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Чулуунцэцэг даргалж, шүүгч М.Алдар, Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Бат-Эрдэнэ,

шүүгдэгч Д.А, түүний өмгөөлөгч А.Ганзориг,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

            Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Ариунболд даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 2023/ШЦТ/438 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.Аын өмгөөлөгч А.Ганзоригийн гаргасан давж заалдах гомдлоор Д.Ат холбогдох эрүүгийн 2311000000707 дугаартай хэргийг 2023 оны 8 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Б овгийн Дын А, 1988 оны 7 дүгээр сарын 02-ны өдөр Дорнод аймагт төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, хувиараа барилгын туслах ажилтай, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт -од оршин суух бүртгэлтэй боловч -  тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:-/;

            Шүүгдэгч Д.А 2023 оны 03 дугаар сарын 8-ны өдөр - тоотод хамтран амьдрагч О.Мийг үл ялих зүйлээр шалтаглан нүүрэн тус газар нь гараараа зодож, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Д.Аын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: шүүгдэгч Б овгийн Дын Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Д.Ат Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаан/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Аыг эмнэлгийн тусламж үйлчилгээ авахаас бусад тохиолдолд оршин суух газраасаа явахыг хязгаарлаж, түүнд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүгдэгчийн зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулж, шүүгдэгч Д.Ааас 3.000.000 төгрөгийг гаргуулан Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж, хохирогч О.Мий нь цаашид гарах эмчилгээний зардал, гэмт хэргийн улмаас учирсан хор уршгаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нотлох баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэжээ.

            Шүүгдэгч Д.Аын өмгөөлөгч А.Ганзориг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү. Шүүгдэгч Д.А нь үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрөн бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн. Цаашид нэхэмжлэх эмчилгээний зардлыг төлөхөө илэрхийлсэн. Шүүгдэгч Д.А нь группт орсон дүү болон эцэг, эхээ тэжээн тэтгэдэг. Тээврийн жолоочоор тогтвор суурьшилтай ажиллаж байгаа зэрэг нөхцөл байдлуудыг нь харгалзан үзэж зорчих эрх хязгаарлах ялыг нь торгох ялаар сольж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Д.А тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. 6 сарын хугацаанд гав зүүхээр хөдөлмөр эрхлэх боломжгүй болно. Эцэг, эх маань тэтгэврийн насны хүмүүс байдаг ба манай дүү хөдөлмөрийн чадвараа 70 хувь алдсан юм. Эм тарианы мөнгөнөөс авхуулаад амьдрал хэцүү болно. ...” гэв.

Прокурор Б.Бат-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхээс шүүгдэгч Д.Ат үйлдсэн гэмт хэрэгт нь тохирсон ял шийтгэл оногдуулсан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж, тодруулснаас гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хасаж буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

Шүүгдэгч Д.А 2023 оны 03 дугаар сарын 8-ны өдөр - тоотод хамтран амьдрагч О.Мийг үл ялих зүйлээр шалтаглан нүүрэн тус газар нь гараараа цохиж зодон, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч О.Мийн “...2023 оны 3 дугаар сарын 08-ны өдөр би Атай цуг 6 буудлын тэнд байдаг найзынх нь гэрт очоод А нөхөртэй нь архи уусан. Харин би эхнэртэй нь вино ууж байсан. Тухайн үед манай хөдөө байдаг ажлаас залгаж намайг ирэх хэрэгтэй гэсний дагуу би гэр рүүгээ явж хувцас хунараа янзлах гэтэл А намайг хацар руу хүчтэй алгадчихсан. Тэгэхээр нь би Аыг орхиж гараад - тоот гэртээ таксигаар ирээд хаалгаа онгойлгох гэж байтал А, хоёр найзынхаа хамт ирчихсэн байсан. Тэгээд тухайн үед А намайг таксины жолоочтой хардаад зүүн нүд рүү гараараа их хүчтэй цохиход, би бүр газарт уначихсан юм. Тэгээд намайг дахиад нүүр рүү өшиглөх гэж байтал хамт байсан найз нь салгаад, би эхнэртэй нь хамт гэрээсээ гараад гадаа байж байхдаа түргэн дуудаад, тухайн өдрөө гэмтлийн эмнэлэгт очсон. Гэмтлийн эмнэлэгт очиход зүүн нүд гэмтэлтэй, хацар яс гэмтэлтэй хагалгаанд орох шаардлагатай гэж хэлж байсан. ...А миний хагалгааг өөрөө хийлгээд өгье гээд байсан ба намайг цагдаагийн байгууллагад хандахгүй байгаач гээд гуйгаад байсан юм. Тэгээд би гэрийнхэнтэйгээ ярилгүй байж байгаад 2023 оны 3 дугаар сарын 14-ний өдөр Нэгдүгээр эмнэлэгт очиж нүдний ухархайн ясны бяцралт засах хагалгаа, болон эрүүний шанаа хадуулах хагалгаанд орж хэвтэн эмчлүүлж байгаад 2023 оны 3 дугаар сарын 17-ны өдөр эмнэлгээс гараад Атай хамт 10 дугаар хорооллын тэнд найзынх нь гэрт 2023 оны 3 сарын 22-ний өдрийг хүртэл хамт байсан...” /хх 7-8/,

гэрч Д.Мын “...Одоогоос 4-5 хоногийн өмнө О.Мий нь манай гэрт ирж хоносон. Тухайн үед О.Мий нь хамартаа гуурстай байсан ба би яасан талаар асуухад манай ах Д.Атай 2023 оны 3 дугаар сарын 08-ний өдөр Мартын баяр тэмдэглэж байхдаа маргалдаж муудалцаад Д.А ах ийм болгосон гэж хэлж байсан. ...” /1хх 16/,

Д.Аын яллагдагчаар өгсөн: “...Тасраад муудчихсан болсон зүйлийн талаар санахгүй байж байгаад маргааш нь ... Салхитад танихгүй айлд сэрсэн. ...Чийн гэрт ирээд болсон зүйлийн талаар асуухад “О.Мийтай гэрт муудалцаад маргалдаж байгаад О.Мий гарч яваад араас нь найз Ч, эхнэр Нын хамт - тоот гэрт нь очоод байж байхад О.Мийгийн нүүр рүү нь цохиод, дахиад О.Мийг өшиглөх гэж байхад салгасан” талаар Ч найзаасаа сонссон. Би дээрх асуудлыг хүлээн зөвшөөрч байна. 2023 оны 3 дугаар сарын 09-ний өдөр О.Мийтай уулзаж, Улсын нэгдүгээр эмнэлэг орж үзүүлэхэд “хамар, нүдний хагалгаанд орно” гэж хэлж байсан. ...Тэгээд О.Мий нь 2023 оны 3 дугаар сарын 14-ний өдөр нэгдүгээр эмнэлэгт зүүн нүдний ухархайн хагалгаанд орж хэвтэн эмчлүүлж байгаад 3 хоногийн дараагаар гараад дахиад 10 дугаар хороололд 4-5 хоног хоносон. Тухайн үед манай найз хөдөө явахаар болоод О.Мий бид хоёр гэрт нь ирээд хамт байцгаасан юм. ...Тэгээд бид хоёр орой 23 цагийн үед унтах гэж байхдаа би О.Мийн утсаар оролдож байхад утсанд “Uugii Uugii” гэх фэйсбүүк хаягтай хүнээс чат ирэхээр нь би чатлаж байхад “нүцгэн зургаа явуулаач” гэх чат ирсэн. Тэгэхээр нь миний уур хүрээд О.Мийгаас асуутал “чи битгий орон зай руу халдаад бай” гэхээр нь уурлаад гэрт нь байсан бор өнгийн иштэй хутгыг аваад “үнэнээ хэл” гэж айлгасан. ...” гэсэн /хх 46/ мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “...Мийн биед зүүн хоншоорын хөндийн өмнөд хана, хажуу хана, хацар, зүүн ухархайн хажуу доод хана, хамар ясны хугарал, баруун зовхинд шарх, нүүрний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хоёр нүдний салстад цус харвалт гэмтэл учирчээ. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх өдөр үүсгэгдсэн байх боломжтой гэмтэл байна. Тэмцэлдсэн ул мөр үгүй байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй. Зүүн хоншоорын хөндийн өмнөд хана, хажуу хана, хацар ясны хугарал тусдаа хүндэвтэр зэрэгт, зүүн ухархайн хажуу доод хана, хамар ясны хугарал, баруун зовхинд шарх, нүүрний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хоёр нүдний салстад цус харвалт гэмтэл тусдаа хөнгөн зэрэгт хамаарна. ...” гэсэн шинжээчийн 4325 дугаартай дүгнэлт /хх 22-23/,

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн эмчийн дүгнэлт /хх 18/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Шүүгдэгч Д.Аын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Д.Аын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруу, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцсэн, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

Иймд шүүгдэгч Д.Аын өмгөөлөгч А.Ганзоригийн “зорчих эрх хязгаарлах ялыг нь торгох ялаар солиулах талаар гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж, хохирогч О.Мий нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн байна.

Шүүгдэгч Д.А нь Завхан аймгийн Тэс суманд оршин суух бүртгэлтэй ба Улаанбаатар хотод оршин суух тодорхой хаяггүй, орон сууц түрээслэн оршин суудаг тул анхан шатны шийтгэх тогтоолын 3 дахь заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Аыг эмнэлгийн тусламж үйлчилгээ авахаас бусад тохиолдолд оршин суух газраасаа явахыг хязгаарлах, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих, түүнд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүгдэгчийн зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай” гэж өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулж, шүүгдэгч Д.Аын өмгөөлөгч А.Ганзоригийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 2023/ШЦТ/438 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Аыг эмнэлгийн тусламж үйлчилгээ авахаас бусад тохиолдолд оршин суух газраасаа явахыг хязгаарлах, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих, түүнд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүгдэгчийн зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.” гэж өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Аын өмгөөлөгч А.Ганзоригийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.      

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     О.ЧУЛУУНЦЭЦЭГ

ШҮҮГЧ                                                            М.АЛДАР

                        ШҮҮГЧ                                                            Г.ЕСӨН-ЭРДЭНЭ