Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2024 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 118/ШШ2024/0066

 

 

                                               Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

                                              хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  Ч.Цэнд-Очир би тус аймгийн Татварын хэлтсийн Тосонцэнгэл сумын Татварын улсын байцаагчийн 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн ......... дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах шаардлага бүхий прокурорын дүгнэлттэй хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад ТОДОРХОЙЛОХ нь:

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор  Н............ нь шүүхэд гаргасан дүгнэлтдээ: ... Завхан аймгийн Татварын хэлтсийн Тосонцэнгэл сумын Татварын улсын байцаагч Ц.........н нь бүртгэлийн Татвар-03 дугаартай "...1300 төгрөгийн худалдан авалт хийсэн боловч НӨАТ-ын баримт олгоогүй, буцаан олголт аваагүй" гэх гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж, зөрчилд холбогдогч Б.Б.........г 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдөр №........ дугаартай шийтгэлийн хуудсаар "Татварын хуулийн 11.19 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6-д зааснаар 150.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн байна. Эрх бүхий албан тушаалтан 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн №...........дугаартай шийтгэлийн хуудасны "Олсон" хэсэгт Татварын хуулийн 11.19 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6-д заасныг зөрчсөн гэж дүгнэн "Шийдвэрлэх нь" хэсэгт Б.Б........д 150000 төгрөгийн торгох шийтгэл оногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй байна. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Зөрчлийн улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн хүн, хуулийн этгээдийг хохирогч гэнэ, мөн хуулийн 4.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрх бүхий албан тушаалтан зөрчил гарсан байдлыг тодруулах, зөрчил шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий баримт, мэдээллийг олох зорилгоор мэдүүлэг авна" гэж хуульчилсан атал эрх хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж буй иргэнийг хохирогчоор тогтоож, мэдүүлэг аваагүй, мөн эрх бүхий албан тушаалтан Ц.Д.......... нь Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6-д зааснаар шийтгэл оногдуулахдаа хуульд байхгүй торгох шийтгэлээр шийтгэл оногдуулсан.

Өөрөөр хэлбэл Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6-д хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно..." гэж заасан байтал эрх бүхий албан тушаалтан нь шийтгэлийн хуудасны шийдвэрлэх хэсгийн 1 дэх заалтад "... 150.000..." гэх хуульд байхгүй шийтгэл оногдуулсан Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар "Эрх бүхий албан тушаалтан гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох үүрэг хүлээнэ" гэж заасны дагуу оролцогчдод шийдвэрийнхээ үндэслэлийг бүрэн тайлбарлаж өгөөгүй буюу хэргийн материалыг оролцогч нарт танилцуулаагүй, гомдол гаргагчид уг гомдлыг хэрхэн шийдвэрлэсэн талаар мэдэгдээгүй зэрэг нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт заасан "Оролцогч зөрчлийг хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэсэн эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан, шийтгэлээс чөлөөлсөн шийдвэрт энэ хуулийн 7.7 дугаар зүйлд заасны дагуу гомдол гаргана" гэж заасан эрхээ эдлэх боломжгүйд хүргэсэн байна. Иймд Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон Завхан аймгийн Татварын хэлтсийн Тосонцэнгэл сумын Татварын улсын байцаагч Ц.Д..........ийн 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдөр №.......... дугаартай шийтгэлийн хуудсаар зөрчилд холбогдогч Б.Б............г 150.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар прокурорын дүгнэлт бичив гэжээ.

Хариуцагч Завхан аймгийн Татварын хэлтсийн Тосонцэнгэл сумын Татварын улсын байцаагч Ц.Д......... шүүхэд гаргасан тайлбартаа: ...миний бие 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 0535112 дугаартай шийтгэлийн хуудсаар зөрчилд холбогдогч Б.Б.........г 150 000 төгрөгөөр торгож шийтгэл оногдуулахдаа хуулийн зүйл заалтыг буруу бичиж зөрчил гаргаснаа зөвшөөрч Тосонцэнгэл сумын сум дундын прокурорын газрын хяналтын прокурор гаргасан дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Завхан аймгийн Татварын хэлтсийн Тосонцэнгэл сумын Татварын улсын байцаагч Ц.Д.........с Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 2.6-д заасныг үндэслэн “...төлбөрийн баримтыг олгох үүргээ биелүүлээгүй...” гэх зөрчлийг үйлдсэн хэмээн үзэж, 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн .......... дугаар шийтгэлийн хуудсаар иргэн Б.Б..........г 150 000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Н.М......... нь Тосонцэнгэл сумын Татварын улсын байцаагч Ц.Д.........ийн 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн ............ дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах шаардлага бүхий дүгнэлтийг шүүхэд гаргасан бөгөөд дүгнэлтийнхээ үндэслэлийг “...эрх хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж буй иргэнийг хохирогчоор тогтоож, мэдүүлэг аваагүй, шийтгэл оногдуулахдаа хуульд байхгүй торгох шийтгэлээр шийтгэл оногдуулсан...” хэмээн тодорхойлсон байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Татварын улсын байцаагч Ц.Д............ дээрх прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрч, шийтгэлийн хуудсыг хүчингүй болгохыг зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлжээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1 дэх заалтад зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх эрхтэй бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт “хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж заасан байна.

Эрх бүхий албан тушаалтны оногдуулсан шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох нь гуравдагч этгээдийн  эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг шууд хөндөхөөргүй байх тул шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зөрчилд холбогдогч Б.Б............г гуравдагч этгээдээр оролцуулах шаардлагагүй гэж үзсэн бөгөөд хариуцагчийн зөвшөөрөл нь хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 111-р зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасныг баримтлан “Тосонцэнгэл сумын Татварын улсын байцаагчийн 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн .......... дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай” Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Н.М.............ийн дүгнэлтийг хариуцагч тус аймгийн Тосонцэнгэл сумын Татварын улсын байцаагч Ц.Д............с бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Прокурор нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь заалтад зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг  дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт заасны дагуу хариуцагчийн зөвшөөрлийг баталсан шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлдэг болохыг дурдсугай.

 

 

                                             ШҮҮГЧ                                   Ч.ЦЭНД-ОЧИР