| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Барнямын Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 155/2025/00008/и |
| Дугаар | 320/ШШ2025/00089 |
| Огноо | 2025-01-22 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 22 өдөр
Дугаар 320/ШШ2025/00089
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа би,
Нэхэмжлэгч: Х аймгийн Т сумын Засаг даргын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ТТӨ хоршоонд холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Хоршоо хөгжүүлэх сангийн зээлийн гэрээний үүрэгт нийт 24,062,374 ( хорин дөрвөн сая жаран хоёр мянга гурван зуун далан дөрөв) төгрөг гаргуулах тухай, 155/2025/00008/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Х аймгийн Т сумын Засаг дарга шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Т сумын Хоршоо хөгжүүлэх сангаас нь 2022 оны 5 дугаа сарын 16-ны өдөр 2 жилийн хугацаатай Тоног төхөөрөмж, ногооны үр худалдан авах зориулалтаар 40,500,000 төгрөгийн зээл авсан. Зээлийн хугацаа 2024 оны 5 дугаар сарын 16-ны өдөр дууссан. Иймд ТТӨ хоршооноос хугацаа хэтэрсэн зээлийн төлбөр нийт 24,062,374 ( хорин дөрвөн сая жаран хоёр мянга гурван зуун далан дөрөв) төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч ТТӨ хоршоо шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Тус хоршоо нь 2022 оны 5 дугаар сарын 13-нд 40,500,000 төгрөгийн зээл авснаас 16,735,859 төгрөгийг төлсөн болно. Одоо үлдэгдэл 24,062,374 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна гэжээ.
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х аймгийн Т сумын Засаг дарга нь хариуцагч ТТӨ хоршооноос зээлийн гэрээний үүрэгт 24,062,374 (хорин дөрвөн сая жаран хоёр мянга гурван зуун далан дөрөв) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ТТӨ хоршоо нь нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүрэгт 24,062,374 (хорин дөрвөн сая жаран хоёр мянга гурван зуун далан дөрөв) төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн нь хууль зөрчөөгүй, бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ гэж,
Мөн зүйлийн 74.2-т Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч нэхэмжлэгчийн татгалзал, хариуцагчийн зөвшөөрөл, зохигч талуудын эвлэрэл, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана гэж тус тус хуульчилжээ.
Иймд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч Х аймгийн Т сумын Засаг дарга нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс хуулиар чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч ТТӨ хоршооноос нэхэмжлэлийн шаардлага болох 24,062,374 (хорин дөрвөн сая жаран хоёр мянга гурван зуун далан дөрөв) төгрөгт тохирох улсын тэмдэгтийн хураамж 278,262 (хоёр зуун далан найман мянга хоёр зуун жаран хоёр) төгрөгийн тал хувь 139,131 (нэг зуун гучин есөн мянга нэг зуун гучин нэг) төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар Х аймгийн Т сумын Засаг даргын нэхэмжлэлтэй, хариуцагч ТТӨ хоршооноос зээлийн гэрээний үүрэгт 24,062,374 (хорин дөрвөн сая жаран хоёр мянга гурван зуун далан дөрөв) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргасан ба хариуцагч ТТӨ хоршоо нь нэхэмжлэлийн шаардлагыг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т тус тус зааснаар нэхэмжлэгч Х аймгийн Т сумын Засаг дарга нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс хуулиар чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч ТТӨ хоршооноос нэхэмжлэлийн шаардлага болох 24,062,374 (хорин дөрвөн сая жаран хоёр мянга гурван зуун далан дөрөв) төгрөгт тохирох улсын тэмдэгтийн хураамж 278,262 (хоёр зуун далан найман мянга хоёр зуун жаран хоёр) төгрөгийн тал хувь 139,131 (нэг зуун гучин есөн мянга нэг зуун гучин нэг) төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА