Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 28 өдөр

Дугаар 210/МА2021/00042

 

 

2020 оны 12 сарын 28 өдөр

Дугаар 210/МА2021/00042

 

 

 

 

 

                                  С.Аын хууль ёсны төлөөлөгч

                       Д.С, Б.Өнарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Б.Нармандах, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 183/ШШ2020/02347 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч С.Аын хууль ёсны төлөөлөгч Д.С, Б.Өнарын хариуцагч М Цболовсрол сургалтын байгууллагад холбогдуулан гаргасан гэм хорын хохиролд 17 425 130 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

 Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Жанчив, хариуцагчийн өмгөөлөгч Т.Мөнхсүлд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: М Ц нь хоёр наснаас сургуульд элсэх хүртэлх насны хүүхдийг асрах, хамгаалах, хөгжүүлэх цогц үйл ажиллагаа явуулдаг хувийн хэвшлийн сургалтын байгууллага юм. С.А нь 2016 оны 10 сараас эхлэн тус цэцэрлэгт сургуулийн өмнөх боловсролыг эзэмшиж, цэцэрлэгийн сарын төлбөрт 790 000 төгрөг төлж ирсэн. 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 15.30 цагийн үед М Цээс залгаж, С.А гэмтсэн гэж мэдэгдсэн. Ингэхдээ цэцэрлэгийн гаднах байрны тоглоомын талбай дээр гулсуураас гулгаж байхдаа гэмтсэн гэж хэлсэн. М Ц нь Боловсролын тухай хууль, Сургуулийн өмнөх боловсролын тухай хууль, Хүүхдийн цэцэрлэгийн аюулгүй байдлын дүрмийн 2.1.2-т "Цэцэрлэгийн гадна талбайн зохион байгуулалт, тоглоом. Бусад тоног төхөөрөмж нь хүүхдийн аюулгүй байдлыг хангасан байна”, 3.5-д "Гадна тоглоомын талбайн гулсуур, авирах шат, дүүжин, савлуур зэрэг тоглоомоор тоглох, дугуй унах, цас, мөсөн дээр гулгах үеийн аюулгүй байдлыг хангана" гэснийг тус тус зөрчсөн. Тухайн үед С.Аыг Гэмтэл согог судлалын үндэсний төвд очиж рентген зураг авахуулахад зүүн гарын тохойн буглаг ясны дисталь хэсэгт зөрүүтэй, хөндлөн бүтэн хугарсан, хагалгаа хийх шаардлагатай гэсэн. 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Япон Улс руу явж эмчлүүлсэн бөгөөд эмчилгээний зардал 139 053 иен буюу 3 262 183 төгрөг, буудлын зардал 171.690 иен буюу 4 027 847 төгрөг, 2 талын онгоцны тийз гурван хүний зардал 10 135 100 төгрөг, нийт 17 425 130 төгрөгийн хохирол учирсан тул хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн хариу тайлбарт: Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан Вилла хотхонд байрлах М Ц нь 2011 оноос хойш тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа хувийн хэвшлийн сургалтын байгууллага юм. С.А нь 2016 оны 10 дугаар сараас 2018 оны 10 дугаар сар хүртэл тус цэцэрлэгт хүмүүжиж байх хугацаанд эцэг, эхийнх нь зүгээс тухайн цэцэрлэгийн үйл ажиллагаатай холбоотой ямар нэгэн санал, гомдол гаргаж байгаагүй. 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр ангийн багш Т.Э, Н.Ннар хүүхдүүдийг гадна салхинд гаргаж байх үед С.А нь гулсуураас гулгаад буух үедээ гараа эвгүй дарснаас болж гэмтэл үүссэн гэж хоёр багш нь ярьж, тайлбарлаж байгаа. Хөндлөнгөөс хүүхэд болон багш нөлөөлж гэмтээсэн зүйлгүй. Гэмтлийн эмнэлэг үзээд рентген зураг авч, гипс тавьж, тэр даруй шаардлагатай эмчилгээ хийгдсэн. Гэмтсэний дараа ангийн багш болон туслах багш нь 2-3 удаа иргэж тойрч, утсаар ярилцаж анхаарал тавьж байсан. С.Аын эцэг, эх нь 2018-2019 оны хичээлийн жилд цэцэрлэгтэй албан ёсны гэрээ байгуулаагүй, ямар ч төлбөр төлөгдөөгүй зэрэг нь хүүхдэд анхаарал хандуулахгүй гэсэн үг биш боловч байгууллагын дотоод дүрэм, журамд захирагдах ёстой. Цэцэрлэгийн зүгээс хүүхдийн сурах, хөгжих, нөхцөл боломжийг бүрэн хангаж ажилласан. Хуулийн дагуу үүрэг хариуцлага хүлээсэн хөдөлмөрийн гэрээ байгуулсан цэцэрлэгийн эрхлэгч, анги даасан багш, туслах багш нар нь өдөр тутмын үйл ажиллагааг хариуцдаг ба хариуцлага алдсан тохиолдолд өөрсдөө хариуцах үүрэгтэй. 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр ангийн багш Т.Э, Н.Ннар С.А-н хажууд хариуцан ажиллаж байсан бөгөөд хариуцлага алдсан тохиолдолд анги хариуцсан багш, туслах багш нар хариуцлагаа хүлээх ёстой. Уг тоглоомын талбайг “Жигүүр гранд” группийн зураг, төсөл стандартын дагуу хийж тохижуулсан. Цэцэрлэгийн хамт олон ярилцаад С.Аыг цэцэрлэгээ төгсөх хүртэл хугацаанд үнэ төлбөргүй суралцах хүсэлтийг тавьсан боловч эцэг, эх нь хүлээн зөвшөөрөөгүй. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1, 506 дугаар зүйлийн 506.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч М Ц боловсрол сургалтын байгууллагаас гэм хорын хохиролд 12 377 730 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.Аын хууль ёсны төлөөлөгч Д.С, Б.Өнарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 5 047 400 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 245 080 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч М Ц боловсрол сургалтын байгууллагаас улсын тэмдэгтийн хураамжид 212 993 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Оюуны давж заалдах журмаар гаргасан гомдолд: Анхан шатны шүүхийн шийдвэрийн 12 377 730 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснийг эс зөвшөөрч байна. Шүүх нотлох баримтыг буруу үнэлж хэргийн үйл баримтын талаар хууль зүйн зөв дүгнэлт хийж чадаагүй. Нэхэмжлэгч нь тухайн жилийн сургалтын гэрээг албан ёсоор байгуулаагүй, сургалтын төлбөр төлөөгүй бөгөөд гэм хорын зардлыг зөвхөн М Цээр 100 хувь хариуцуулахаар шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй, шударга бус юм. М Ц нь Боловсролын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.7, Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7, 11 дүгээр зүйлийн 11.2.9, 11.2.10, 11.2.11, 12 дугаар зүйлийн 12.8.6, Хүүхдийн цэцэрлэгийн аюулгүй байдлын дүрэмд заасан суралцагчийн аюулгүй байдлыг хангах үүргээ зөрчөөгүй, үүргээ биелүүлсэн. Хэрэв нэхэмжлэгчийн эцэг, эх 2018- 2019 оны хичээлийн жилийн гэрээг шинэчлэхийг Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулиар эцэг, эхэд үүрэг болгож өгсөн буюу заавал гэрээг шинэчлэн байгуулснаар сургалтын үйл ажиллагааны явцад гэм хорыг ямар журмаар, ямар хэмжээнд, хэрхэн хариуцах нь тодорхой болж талуудын хоорондын итгэлцлийг хамгаалж хүүхдийн эрх илүү хамгаалагдаж, нэхэмжлэгчид учирсан хохирлыг багасгах ач холбогдолтой. 

Нэхэмжлэгч 2016-2017 онуудад цэцэрлэгийн үйлчилгээ авсан нь 2018-2019 оны хичээлийн жилд хамаарах тул Иргэний хуулийн 195 дугаар зүйлийн 195.1, 196.2 дах хэсэгт зааснаар гэрээ байгуулагдсан гэж үзэх боломжгүй. Нэхэмжлэгчийн шаардсан гэм хорын хохиролд хамаарах зардлуудыг нэхэмжлэгчид учирсан эрүүл мэндийг сэргээх, эмчилгээ хийлгэхэд шууд холбоотой гэх үйл баримтыг нэхэмжлэгч баримтаар нотолж чадаагүй байхад нэхэмжлэлийг хангасан нь үндэслэлгүй. С.Аын Япон улсын Тайто эмнэлгийн гэмтэл согог эмчилгээний тасагт 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр үзлэг шинжилгээ хийлгэхэд гарсан зардалд 139 053 иен буюу 3 262 183 төгрөгийг нэхэмжилсэн боловч хэрэгт авагдсан баримтууд төлбөрийн нэхэмжлэл болон Үндэсний хөрөнгө оруулалтын банк буюу нэхэмжлэгчийн эцэг, эхийн хамаарал бүхий банкнаас олон улсын карт хооронд хийгдсэн нөхцөл байдалд хамааралтай. Харин нэхэмжлэгчийн тухайн эмнэлэгт хийлгэсэн оношилгооны дагуу шууд төлөгдсөн эсэх, Япон улсын Тайто эмнэлгийн гэмтэл согог эмчилгээний тасагт нэхэмжлэгчийн эрүүл мэндийг сэргээн засахад ямар эмчилгээ хийгдсэн нь тодорхойгүй эмчилгээ хийгдсэнтэй холбоотой нэмэлт нотлох баримтыг нэхэмжлэгчээс ирүүлээгүй байхад хариуцагч байгууллагаас 3 262 183 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Нэхэмжлэгчийг Япон улсад эмчлүүлэх, онгоцоор нисэх, зочид буудалд байрлах талаар нэхэмжлэгч тал М Цт хүсэлт тавиагүй. Шүүх нисэх онгоцны зардал, зочид буудлын зардал гаргуулахаар шийдвэрлэсэн нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Хариуцагчийн зүгээс шинжээч томилуулах хүсэлт гаргаж Шүүхийн шинжилгээний үндэсний төвийн шинжээчийн дүгнэлтээр нэхэмжлэгчид учирсан гэмтлийг Монгол улсад эмчлэх боломжтой, “Итгэлт эстимэйт” ХХК-ийн хохирлын үнэлгээгээр 6 424 609 төгрөгийн хохирол учирсан болохыг тогтоосон бөгөөд эдгээр дүгнэлтийн талаар нэхэмжлэгч тал маргаагүй, шинжээчийн дүгнэлт гарах явцад Япон улс руу явсан нисэх онгоцны билет, зочид буудлын баримтуудыг шинжээчийн дүгнэлтэд тусгуулах эрхээ эдлээгүй нь дээрх нөхцөл байдлыг хариуцагч болно. Нэхэмжлэгч Япон улс руу зайлшгүй явах шаардлагатай байсан гэх нөхцөл байдал 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн дүгнэлтээр үгүйсгэгдсэн, хохирлын хэмжээ “Итгэлт эстимэйт” ХХК-ийн үнэлгээний тайлангаар тогтоогдсон. Нэхэмжлэгч нь хариуцагчтай сургалтын гэрээ байгуулаагүй, сургалтын төлбөрөө төлөөгүй учраас хариуцагчаас онгоцны зардал, зочид буудлын төлбөр нь Иргэний хуулийн 505 дугаар зүйлд заасны дагуу хохирогчид төлөгдөх зайлшгүй бүх зардалд хамаарагдахгүй. Шүүх Иргэний хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Нэхэмжлэгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.2 дах хэсэгт заасныг зөрчиж нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр эмчилгээний зардал 139 053 иен, буудлын зардал 171 690 иен, 3 хүний онгоцны зардал 10 135 100 төгрөгийг нэхэмжлэхдээ 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийг хүртэлх хугацаанд хамааралтай гэж нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг тодорхойлдог. Гэвч валютын ханшийн лавлагаагаар 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн байдлаар Япон иен 23.46 төгрөгийн ханштай гэсний дагуу нэхэмжлэлийн үнийн дүнг тодорхойлсон нь гэм хорын хохирлын тооцоог тооцоход үндэслэл тодорхойгүй болгох, хэргийн үйл баримтыг эргэлзээгүй дүгнэх боломжгүй байхад шүүх хэргийг шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан боловч нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй байх тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

Нэхэмжлэгч С.Аын хууль ёсны төлөөлөгч Д.С, Б.Өнар хариуцагч М Ц боловсрол, сургалтын байгууллагаас /охин/ С.Аын эмчилгээний зардалд 3 262 183 төгрөг, зочид буудлын зардалд 4 027 847 төгрөг, онгоцны тасалбарын үнэ 10 135 100 төгрөг, нийт 17 425 130 төгрөгийг гэм хорын хохиролд нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Д.С, Б.Өнарын 6 настай охин С.А нь 2016 оны 10 дугаар сараас М Цт хамрагдаж байсан ба 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр тус цэцэрлэгийн гадна тоглоомын талбайд гулсуураас буух үедээ зүүн гарын атгаалын доод булуу хугарч, хүндэвтэр гэмтэл авсан нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн осол гэмтлийн тохиолдлыг бүртгэх хуудас, зохигчдын тайлбараар тогтоогдож байна. /хх101, 103/

Нэхэмжлэгч тал хүүхдээ Япон улсад эмчлүүлсэн байх бөгөөд гэм хорын хохиролд онгоц, зочид буудлын зардал болон эм эмчилгээний зардал гаргуулахаар шаардсан нь үндэслэлтэй, шүүх энэ талаарх Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1, 506 дугаар зүйлийн 506.1 дэх хэсэгт заасан зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

2018-2019 оны хичээлийн жилд нэхэмжлэгч Д.С, Б.Өнар нь хариуцагч М Цтэй сургалтын гэрээ байгуулаагүй, сургалтын төлбөр төлөөгүй болох нь талуудын тайлбараар тогтоогдож байх боловч С.А нь тус цэцэрлэгт хамрагдаж, сургалтын үйлчилгээ авч байсан үйл баримтын талаар зохигчид маргаагүй тул Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.2 дах хэсэгт заасан үндэслэлээр гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй. Энэ  талаар хийсэн шүүхийн дүгнэлт зөв.

Боловсролын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.7-д багш нь “суралцагчийн эрүүл мэнд, аюулгүй байдалд анхаарал тавих” үүрэгтэй гэж, Сургалтын өмнөх боловсролын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7 дах хэсэгт цэцэрлэг нь барилга байгууламж, сургалтын орчны стандарт, хүүхдийн хоол хүнс, эрүүл ахуй, ариун цэвэр, аюулгүй байдлын норм, нормативыг өмчийн хэлбэр харгалзахгүй мөрдөнө, 11.2.9-т эрхлэгч нь “хүүхэд, багш, ажилтны сургалтын орчин дахь эрүүл ахуй, аюулгүй байдлыг хангах нөхцөлийг бүрдүүлэх”,  12.8.6-д багш нь “сургалтын үйл ажиллагааны эрүүл ахуй, хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдлын шаардлагыг хангах” үүрэгтэй гэж тус тус заасан.      Түүнчлэн тус цэцэрлэгийн осол авааргүйн дүрмийн 5.1-д “эрхлэгч хүүхдийг элдэв осол гэмтлээс урьдчилан хамгаалахад хяналт тавина, осол гэмтлээс хамгаалах дүрмийг мөрдөн ажиллах талаар багш, туслах нарт зөвлөгөө өгч биелэлтэд хяналт тавьж ажиллах” талаар журамлажээ.

            Хариуцагч М Ц нь тухайн осол гарах үед С.Аын анги удирдсан багшаар Т.Энх-Од, туслах багшаар Н.Намжилмаа нар ажиллаж байсан учраас хариуцлагыг тэд хүлээх ёстой гэж тайлбарладаг. Нэр бүхий багш нар хариуцагч байгууллагад хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажилладаг байсан нь хэрэгт авагдсан хөдөлмөрийн гэрээ, талуудын тайлбараар тогтоогдож байна.

Дээрх нөхцөл байдлаас үзэхэд хариуцагч нь тухайн хүүхдийн сургалтын орчин дах аюулгүй байдлыг хангах нөхцлийг бүрдүүлэх, осол гэмтлээс урьдчилан сэргийлэх үүргээ хангалтгүй биелүүлснээс С.Аад /охин/ гэм хор учирсан байна. /хх141-143/

Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт зааснаар ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээдэг. С.Аад учирсан хохирлыг М Ц боловсрол сургалтын байгууллага хариуцна.

             Нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгчид болох Д.С, Б.Өнар 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн хооронд С.Аын хамт Япон улс руу явсан, эмнэлэгт үзүүлсэн, эмчилгээ хийлгэсэн үйл баримт тогтоогдсон. Шүүх Япон улсад ирж, очих онгоцны зардалд С.А болон түүнийг асран хамгаалж авч явсан 1 хүний зардалд нийт 5 087 700 төгрөг, зочид буудлын зардалд 4 027 847 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь нотлох баримт үнэлэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан журамтай нийцжээ. /хх29-38/

Харин шүүх эмчилгээний зардалтай холбоотой хэрэгт авагдсан зарим нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлж чадаагүй байна.

            Нэхэмжлэгч 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Япон улсын Тайто эмнэлэгт  үзүүлж эмчилгээ хийлгэсэн, 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Тайто эмнэлэгт эмчилгээний үр дүнг харахын тулд давтан үзлэг хийлгэсэн байх тул уг төлбөрийг гаргуулах нь зүйтэй. Харин 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Мицүй Кинэн эмнэлэгт давхардуулан үзлэг хийлгэсэн боловч ийнхүү үзүүлэх шаардлагатай байсан гэж үзэх учир шалтгаан нь тодорхой биш байна. Нэхэмжлэгч энэ талаарх нотлох баримт гаргаж өгөөгүй учраас нэхэмжлэлийн шаардлагаас 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Мицүи Кинэн эмнэлэгт үзүүлсэн эм, эмчилгээний зардал 107 340 иен буюу 2 518 196 төгрөг, Сиди хуулах 1 080 иен буюу 25 336 төгрөг, нийт 2 543 532 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагчаас эмчилгээний зардалд 30 633 иен буюу 718 650 төгрөг гаргуулахаар шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй.

Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч байгууллага нь нэхэмжлэгчид учирсан гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй бөгөөд шүүх хэрэгт авагдсан баримтад үндэслэн гадаад валютын ханшийг тухайн үеийн Монголбанкнаас зарласан албан ёсны ханшаар тооцож хариуцагчаас нийт 10 427 104 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгоно.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдолд дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах үндэслэл тогтоогдсонгүй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 183/ШШ2020/02347 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “12 377 730” гэснийг “10 427 104” гэж, “5 047 400” гэснийг “6 998 026” гэж өөрчилж, 2 дах заалтын “212 993” гэснийг “181 783” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 212 994 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.        

 

 

                            ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                              Н.БАТЗОРИГ

                                              

                                              ШҮҮГЧИД                             Б.НАРМАНДАХ

 

                                                               А.МӨНХЗУЛ