| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төрбатын Шинэбаяр |
| Хэргийн индекс | 105/2018/0174/Э |
| Дугаар | 214 |
| Огноо | 2018-02-09 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | А.Сайнбаяр |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 02 сарын 09 өдөр
Дугаар 214
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,
нарийн бичгийн дарга Д.Тунгалаг,
улсын яллагч А.Сайнбаяр,
шүүгдэгч Д.Б /өөрөө өөрийгөө өмгөөлөн/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд Баянзүрх дүүргийн прокурорын газраас хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан Д.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1706036830119 дугаартай хэргийг хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Монгол улсын иргэн Д.Б, 1995 оны 11 сарын 03-ны өдөр Завхан аймгийн Эрдэнэхайрхан суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, дээд боловсролтой, математикийн багш мэргэжилтэй , “111” дүгээр сургуульд багш ажилтай, Хан-Уул дүүрэг 8 дугаар хороо, Дэнжийн 5-187 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,
Шүүгдэгч Д.Б нь 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 111 дүгээр сургуулийн байранд сурагч А.Төгс-Ухааныг даалгавраа хийсэнгүй гэх шалтгаанаар өшиглөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:
Шүүгдэгч Д.Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Миний тухайд хүмүүстэй ямар нэгэн маргаан байхгүй. Хоорондоо муудалцсан зүйл байхгүй. Энэ жил би шинээр багшилж байгаа. Тэр хүүхдүүд удаа дараа гэрийн даалгавараа хийхгүй, хүмүүжлийн хувьд доголдолтой байсан. Тэр хүүхдүүдийн талаар сургалтын менежерт хэлнэ гэхэд хүүхдүүд хэлэлгүй байгаач гэсэн тул хэлэлгүй өнгөрөөе гэсэн. Багшаа та бид нарыг шийтгэ гэдэг зүйлийг хэлсэний үндсэн дээр даалгавар хийдэггүй хүүхдүүдийг өшиглөсөн. Тухайн үед тэр хүүхэд таквондогийн дугуйланд явдаг байсан. Тэр үедээ бэртэл авсан байсан. Тэр нь сэдэрсэн. Багш нь надад анхааруулж хэлж байсан. Хүүхэдтэй уулзая гэхэд эмнэлэгт хэвтсэн, эргэе гэсэн эмнэлгээс гарсан байсан. Тэр үед эцэг эх нь гомдолгүй гэж байсан. Гэтэл дараа нь цагдаад өгч ийм зүйл болсон. Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа. Хохирогчийн нийт хохирлыг барагдуулсан, улсын яллагчаас сонсгосон торгуулын ялыг 6 сарын хугацаанд төлөх боломжтой” гэв.
Насанд хүрээгүй хохирогч А.Төгс-Ухаан мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Тухайн хичээлийн цаг дээр Баасанхүү багш урд өгсөн гэрийн даалгаварыг шалгасан бөгөөд миний гэрийн даалгаварыг шалгаад гэрийн даалгавар хийгээгүй байна гэж хэлээд намайг ширээн дээр сууж байхад босгоод миний бөгсөн тус газар нэг удаа өшиглөсөн юм...Энэ явдал болсоноос хойш миний бөгсөн бие хөндүүрлэж өвдөх болсон бөгөөд 5 хоногын дараа өөрийн төрсөн ээж Л.Мөнхзаяад болсон хэргийн талаар хэлсэн.Тэгээд гэмтэлийн эмнэлэг орж хүлээн авахад үзүүлэхэд ахар сүүлний үзүүрийн хугарал гэсэн онош гарсан...” гэсэн мэдүүлэг. /хх10-11/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 11 дугаар сарын 26-ны өдрийн №14728 дугаартай дүгнэлт:
Яллагдагч Д.Б мэдүүлэхдээ: “...Тухайн хичээл орсон өдрийн урд өдрийн гэрийн даалгаварыг шалгахад 11а ангийн сурагч А.Төгс-Ухаан гэрийн даалгавараа хийгээгүй байхаар нь гэрийн даалгавараа яагаад хийгээгүй юм бэ гэж хэлэхэд зүгээр гэж хэлэхээр нь босоод зогс гэж хэлээд бөгсөн биед нь нэг удаа амбаардсан юм.Тэгээд хичээл хэвийн явагдаж байгаад тарсан.Түүнээс хойш хэд хоногын дараа А.Төгс-Ухааны ээж Л.Мөнхзаяа сургууль дээр ирээд надтай уулзсан.Учир нь А.Төгс-Ухаан надад өшиглүүлээд бөгсөн биеэндээ гэмтэл авсан талаар хэлсэн...” гэсэн мэдүүлэг. /хх15-16/,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Д.Б нь 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 111 дүгээр сургуулийн байранд сурагч А.Төгс-Ухааныг даалгавраа хийсэнгүй гэх шалтгаанаар өшиглөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэг болон хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Д.Б хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Д.Б нь учруулсан хохирлоо сайн дураар нөхөн төлсөн, хохирогч гэм буруутай этгээдээс хохирол төлбөр нэхэмжлээгүй, анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн бөгөөд прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн болно.
Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Д.Б хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар Д.Б 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий анийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.Б оногдуулсан торгох ялыг тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Д.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, Д.Б нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Д.Б урьд авсан хувийн баталгаа авах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР