Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 08 сарын 08 өдөр

Дугаар 2023/ДШМ/789

 

 

М.Жад холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Чулуунцэцэг даргалж, шүүгч М.Алдар, Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Энх-Эрдэнэ,

шүүгдэгч М.Жын өмгөөлөгч А.Золжаргал,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

            Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Дайрийжав даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 2023/ШЦТ/499 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч М.Жын гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 2302003250196 дугаартай хэргийг 2023 оны 7 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            А овгийн Мгийн Жа, 1994 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр Завхан аймагт төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, найруулагч, жүжигчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 7, эцэг, эх, дүү нарын хамт - тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:-/;

            Шүүгдэгч М.Жа нь 2023 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр -ны нутаг дэвсгэрт өөрийн биедээ Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын хоёрдугаар жагсаалтад багтсан цэвэр жин нь 3.8596 грамм жинтэй дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай өвс мэт зүйлийн бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.

            Нийслэлийн прокурорын газраас: М.Жын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: А овогт Мгийн Жыг “мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, шүүгдэгч М.Жыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх зааснаар нэг жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, М.Жын эдлэх ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлж шийдвэрлэжээ.

            Шүүгдэгч М.Жа гаргасан давж заалдах гомдолдоо: “...Миний хувьд мөрдөн байцаалтын шатнаас эхлэн үйлдсэн хэргийнхээ талаар үнэн зөв мэдүүлэг өгч, гэм буруугийн талаар ямар нэгэн маргаан байхгүй бөгөөд прокуророос яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байгаа. Миний бие өөрийн үйлдэлдээ дүгнэлт хийж, хар тамхинаас татгалзах хөтөлбөрт сайн дураараа хамрагдаж байгаа. Мөн үүнээс гадна мансууруулах сэтгэцэд нөлөөлөх бодисыг хууль бусаар ашиглах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх өөрийн найруулагч мэргэжлийнхээ дагуу видео контент хийж байгаа. Миний бие 6 дугаар сарын 16-наас цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож эхэлснээс хойш хар тамхи гэдэг зүйл энэ нийгэмд асар их хор хөнөөл учруулж байгаа гэдгийг гүнээ ухамсарлаж, мэдэрч, харамсаж байна. Миний анх удаа хэрэглэж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгааг минь харгалзан үзэж, нийгмээс тусгаарлахгүйгээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг үндэслэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэжээ.

Шүүгдэгч М.Жын өмгөөлөгч А.Золжаргал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч М.Жа нь мөрдөн шалгах ажиллагаанаас эхлээд үйлдсэн хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгч, гэм буруугийн асуудлаар ямар нэгэн маргаангүй байдаг. Үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн өөрийн үйлдэлдээ дүгнэлт хийсэн. Хар тамхи, сэтгэцэд нөлөөт бодисоос татгалзах эрүүлжүүлэх хөтөлбөр Монгол Улсад хэрэгжиж байгаа. Уг хөтөлбөрт сайн дураараа долоо хоногт 2 удаа хамрагдаж байсан. Энэ талаарх баримт нь хэрэгт авагдсан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг прокурорт гаргаж байсан. Энэ хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан  сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан. Иймд шүүгдэгч М.Жа нь анх удаа гэмт хэрэгт холбогдсон, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй. Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэг нь Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байгаа. Шүүгдэгч М.Жад эрүүгийн хариуцлагыг оногдуулахдаа нийгмээс тусгаарлахгүйгээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хорих ялыг тэнсэх албадлагын арга хэмжээ хэрэглэх, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэх боломжтой. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. Өнөөдрийн гаргаж өгсөн баримтуудад шүүгдэгч М.Жа нь зүрхний ховдлын суурь өвчтэй цагдан хоригдож байхдаа эрүүл мэндийн байдал нь нэлээн муудсан. Агааргүй орчинд зүрхний хэм алдагддаг. Цагдан хорих ангийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлээд гарсан. Эхнэртэй болж байгаа бөгөөд эхнэр нь 6 долоо хоногтой жирэмсэн. Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзаад хуульд заасан боломжит байдлаар хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү. ...” гэв.

Прокурор Б.Энх-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд болсон үйл баримтыг сэргээн дүрслэх замаар хэлэлцүүлж, хуульд заасан буюу Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн асуудал байхгүй. Анхан шатны шүүхээс шүүгдэгч М.Жад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял оногдуулсан нь үндэслэлтэй, хуулийг зөв хэрэглэсэн. Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргаж өгсөн нотлох баримтын тухайд шүүгдэгчийн найз охин Индра гэх эмэгтэйг тогтоосон баримт хавтаст хэрэгт авагдаагүй. Лавлагаа авахад гэрлэлтийн баталгаагүй гэж гарч ирсэн. Сая гаргаж өгсөн баримт дээр найз охин нь 6 долоо хоногтой жирэмсэн гэх боловч нотлох баримтаар үнэлэх боломжгүй. Мөн 2023 оны 7 дугаар сарын 06-ны өдрөөс 2023 оны 7 дугаар сарын 16-ны өдөр хүртэл хугацаанд хорих 461 дүгээр ангийн нэгдсэн эмнэлэгт 10 хоног хэвтэн эмчлүүлсэн баримт авагдсан байна. Үүнийг үгүйсгэхгүй. Гэвч уг баримт нь хорих ялыг өөрчлөх үндэслэл болохгүй. Учир нь, уг өвчин нь хорих ялыг эдлүүлэхэд саад болохуйц өвчний жагсаалтад хамаарахгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Шүүгдэгч М.Жа нь 2023 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр -ны нутаг дэвсгэрт өөрийн биедээ Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын хоёрдугаар жагсаалтад багтсан цэвэр жин нь 3.8596 грамм жинтэй дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай өвс мэт зүйлийн бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

М.Жын яллагдагчаар өгсөн: “...Интернэт орчноос харж байсан каннабис гэдэг ургамалтай адилхан ургамал байхаар нь жоохныг тастаж аваад гялгар уутанд хийгээд гэртээ буюу -од авчирч хадгалсан. Би тухайн үед өөрийн авч явсан хувцасны цүнхний ёроолд хийсэн байсан. Би гэртээ цүнхээ оруулаад ... мартсан байж байгаад 2023 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр санагдаж байна. ...нөгөө өвснөөсөө ундааны саванд бонго бэлдэж, балын гэрээр сорж нэг удаа хэрэглэсэн. ...Би 2023 оны 4 дүгээр сарын 12-ны орой 20 цагийн үед нөгөө өвсөө цүнхэндээ хийж явж байгаад энгийн хувцастай цагдаа нарт баригдсан. ...” гэсэн /хх 86-87/ мэдүүлэг,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “...Ирүүлсэн шээс нь дээжийн хэмжээнд хүрэлцэж байсан тул тэнцэж байна. “Жа - 2023-4-13” гэсэн хаягтай шээснээс тетрагидроканнабинол (tethrahydrocannabinol) илэрч байна. Илэрсэн бодис нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад багтдаг болно. ...” гэсэн шинжээчийн 1891 дугаартай /хх 21-23/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “...Ирүүлсэн дээж нь шинжилгээ хийхэд тэнцэж байна. “Г-89 Жагийн биеэс хураан авсан 6.3 грамм өвс а/д М.А 2023.04.15” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ногоон өнгийн нунтаг ургамал мэт зүйлээс дельта 9 тетрагидроканнабинол (delta 9 tethrahydrocannabinol) илэрсэн. Илэрсэн бодис нь НҮБ-ын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц"-ын 2 дугаар жагсаалтад багтдаг болно. “Г-89 Жагийн биеэс хураан авсан 6,3 грамм өвс а/д  М.А 2023.04.13" гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ногоон өнгийн нунтаг ургамал мэт зүйлийн гялгар ууттай жин 6.3128 г, цэвэр жин 3.8596 г байна. ...” гэсэн шинжээчийн 1889 дугаартай /хх 27-29/,

Шүүх сэтгэц эмгэг судлалын “...М.Жа нь сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт мэдээлэл үгүй байна. М.Жа нь одоо сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. М.Жа нь мансууруулах сэтгэцэд идэвхт эм бодисын хамааралтай /донтой/ гэх шинж тэмдэг илрээгүй байна. М.Жа нь болсон үйл явдлыг зөв тусган авч мэдүүлэг өгөх чадвартай байна. М.Жа нь хэрэг хариуцах чадвартай байна. ...” гэсэн шинжээчийн 404 дугаартай дүгнэлт /хх 35-36/ дүгнэлтүүд,

гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 3/, Хүний биед үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 8-11/, Хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 12-13/, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх 17/, эд мөрийн баримтад үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх 18/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Хүн амын эрүүл мэндийг богино хугацаанд өргөн хүрээнд хамран сарниулдаг, дахин хэрэглэх зуршлыг бий болгодог, ойр дотнын хүмүүсээ хэрэглээндээ татан оролцуулдаг, тухайн хууль бусаар ашиглахыг хориглосон бодисыг худалдаалж байгаа этгээдүүдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх байдлаар худалдааг нь өргөжүүлэн тэлдэг зэрэг нийгмийн хор аюулын уршиг ихтэй учраас нийгэмд учирч болох хор аюул, үр дагавраас урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулиар мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг хууль бусаар бэлтгэх, хадгалах, бусдад өгсөн, мөн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын түүхий эдийг хууль бусаар тариалсан, ургуулсан үйлдлийг гэмт хэрэгт тооцсон.

Шүүгдэгч М.Жын үйлдэлд анхан шатны шүүхээс Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг хэрхэн агуулж буй талаар болон хэргийн үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, түүнийг хориглосон мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Мөн шүүгдэгч М.Жын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүгдэгч М.Жаас “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг үндэслэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлууд гаргажээ.

Гэм буруутай этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлаас гадна түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, тухайн гэмт хэргийн нийгэмд үзүүлэх нөлөөлөл, үр дагавар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл, хэмжээг сонгон ял шийтгэл оногдуулах, эсхүл ял оногдуулахгүйгээр тэнсэх, ялаас чөлөөлөх асуудлыг шийдвэрлэдэг.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7, 7.1 дүгээр зүйлүүдэд заасан хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлөх, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх зохицуулалт нь шүүх заавал хэрэглэх хэм хэмжээ биш, харин гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн тохиолдолд хэрэглэж болох зохицуулалт бөгөөд шүүх дээрх зүйл, хэсгийг хэрэглээгүй явдал нь Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн үндэслэлд хамаарахгүй бөгөөд дээр дурдсан үндэслэлээр давж заалдах шатны шүүхээс уг заалтыг хэрэглэх шаардлагагүй гэж үзлээ.

Нөгөөтэйгүүр, мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис нь хүний төв мэдрэлийн системд өвөрмөц нөлөөлөл үзүүлж, улмаар өөрийгөө удирдан жолоодох чадвар муудаж, уураг тархи, төв мэдрэлийн системд хүчтэй давамгайлал үйлчилж, мансууруулах сэтгэцийн өвчин үүсгэдэг нөлөөлөл бүхий бодис юм.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч М.Жын “мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан” үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх зааснаар нэг жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, М.Жын эдлэх ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлж шийдвэрлэсэн нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх зарчимд нийцсэн төдийгүй Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангажээ.

Мөн шүүгдэгч М.Жа нь 2023 оны 7 дугаар сарын 6-ны өдрөөс 2023 оны 7 дугаар сарын 16-ны өдөр хүртэлх хугацаанд цус хомсрох архаг өвчин оноштойгоор эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн баримт хэрэгт авагдсан гаргаж өгсөн хэдий ч энэ онош нь Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сА 2019 оны А/152, А/366 дугаар хамтарсан тушаалын хоёрдугаар хавсралт болох “Хорих, зорчих эрхийг хязгаарлах, нийтэд тустай ажил хийлгэх ял, баривчлах шийтгэлээс чөлөөлөх өвчний жагсаалт”-д хамаарахгүй болохыг дурдах нь зүйтэй.

Анхан шатны шүүх хэргийг эцэслэн хянан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана...” гэж заасанд нийцжээ.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч М.Жын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Шүүгдэгч М.Жын 2023 оны 6 дугаар сарын 16-ны өдрөөс 2023 оны 8 дугаар сарын 8-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 53 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 2023/ШЦТ/499 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч М.Жын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Жын 2023 оны 6 дугаар сарын 16-ны өдрөөс 2023 оны 8 дугаар сарын 8-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 53 /тавин гурав/ хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.      

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     О.ЧУЛУУНЦЭЦЭГ

ШҮҮГЧ                                                            М.АЛДАР

                        ШҮҮГЧ                                                            Г.ЕСӨН-ЭРДЭНЭ