| Шүүх | Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нямын Амарзаяа |
| Хэргийн индекс | 118/2024/0056/З |
| Дугаар | 118/ШШ2024/0067 |
| Огноо | 2024-12-11 |
| Маргааны төрөл | Бусад, |
Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2024 оны 12 сарын 11 өдөр
Дугаар 118/ШШ2024/0067
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Н.Амарзаяа би тус аймгийн Татварын хэлтсийн Тосонцэнгэл сумын Татварын улсын байцаагчийн 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн ........... дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах шаардлага бүхий прокурорын дүгнэлттэй хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад ТОДОРХОЙЛОХ нь:
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Н.М.......... нь шүүхэд гаргасан дүгнэлтдээ: ... Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Н.М............ би, Завхан аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Г.Н.......... нь бүртгэлийн Татвар-08 дугаартай ... Б.З.......... төлбөрийг татварын нэгдсэн системийн санд илгээх үүргээ биелүүлээгүй" гэх гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж, зөрчилд холбогдогч Б.З...........д 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдөр №............. дугаартай шийтгэлийн хуудсаар "Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7-т зааснаар 150.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн байна.
Эрх бүхий албан тушаалтан нь зөрчилд холбогдогч Б.З.............д 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдөр №..........дугаартай шийтгэлийн хуудсаар "Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7-т зааснаар 150.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй байна. Эрх бүхий албан тушаалтан нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д "тухайн хүн, хуулийн этгээдийн зөрчил үйлдсэнийг нотлох баримт бүрдсэн эсэх"-ийг мөн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д зааснаар "тухайн үйлдэл, эс үйлдэхүй нь Зөрчлийн тухай хуульд заасан шийтгэл оногдуулах зүйл, хэсэг, заалтад нийцэж байгаа эсэх"-ийг шалгаагүй, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.2 дугаар зүйлд Зөрчлийн улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн хүн, хуулийн этгээдийг хохирогч гэж хуульчилсан байхад хохирогчоор тогтоогдвол зохих этгээдийг тогтоогоогүй, мөн зүйлийн 2 дахь хэсэгт заасан өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах, эх хэлээрээ, эсхүл сайн мэдэх хэлээрээ мэдүүлэг өгөх, орчуулагч, хэлмэрч авах, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцох, эрх бүхий албан тушаалтан, хэрэг бүртгэлтийг удирдах албан тушаалтан, прокурорын үйл ажиллагаа, шийдвэр, шүүхийн шийдвэрт гомдол гаргах, нотлох баримт шалгуулах тухай хүсэлт гаргах, нотлох баримт гаргаж өгөх, зөрчил шалгах тодорхой ажиллагаа явуулах хүсэлт гаргах, зөрчлийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах, зөрчлийн хэрэгтэй танилцах гэсэн эрхүүдийг ноцтой зөрчсөн, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар "Эрх бүхий албан тушаалтан гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох үүрэг хүлээнэ" гэж заасны дагуу оролцогчдын эрхийг зөрчсөн, хуулийг нэг мөр хэрэгжүүлэх эрх, үүргээ хэрэгжүүлж чадаагүй зэрэг ноцтой зөрчлүүдийг гаргасан. Учир нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар "зөрчил үйлдсэнээ сайн дураар хүлээн зөвшөөрсөн", хохирогч, холбогдогч нараас хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй талаар ямар нэгэн хүсэлт аваагүй, байж Засгийн газрын 2021 оны 135 дугаар тогтоолын 3 дугаар хавсралтаар баталсан /Маягт 2/ буюу шийтгэлийн 0535113 дугаартай "хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай" хуудсаар шийтгэл оногдуулсан. Мөн Зөрчил шалган шийдвэрлэх тухай 7.2 дугаар зүйлд заасан "... Эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулах шийдвэртээ зөрчлийг шалган шийдвэрлэсэн он, сар, өдөр, шийдвэр гаргасан эрх бүхий албан тушаалтны нэр, албан тушаал, зөрчлийн талаар тогтоогдсон нөхцөл байдал, шийтгэл оногдуулах, албадлагын арга хэмжээ авах үндэслэл, хуулийн зүйл, хэсэг, заалт, оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээ, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны зардлыг хуваарилсан тухай, түүнийг сайн дураараа биелүүлэх хугацаа, хэлбэр, нөхцөл, хураан авсан, битүүмжилсэн эд зүйлийг хэрхэн шийдвэрлэсэн талаар тусгана..." гэж заасныг зөрчсөн, мөн Засгийн газрын 2021 оны 135 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан "Шийтгэлийн болон шийтгэлээс чөлөөлөх хуудасны маягт, хэрэглэх журмын 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар "Эрх бүхий албан тушаалтан шийтгэлийн хуудсыг 3 хувь үйлдэж, эх хувийг материалд хавсаргаж 2 дахь хувийг холбогдогчид өгч, үлдэх хувийг энэ журмын 2.4-т заасан албан тушаалтанд өгч, тооцоо хийнэ" гэснийг зөрчиж 2 хувийг зөрчлийн материалд хавсаргасан тул хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна гэж үзлээ. Иймд Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт заасны дагуу Татварын хяналтын улсын байцаагч Г.Н..........ын 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдөр ....... дугаартай шийтгэлийн хуудсаар Б.З........д Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7 дахь заалтад зааснаар 150 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 150.000 төгрөгөөр торгосон шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар дүгнэлт бичив гэжээ.
Хариуцагч Завхан аймгийн Татварын хэлтсийн Тосонцэнгэл сумын Татварын улсын байцаагч Т.Н........ шүүхэд гаргасан тайлбартаа: ...миний бие 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн ........ дугаартай шийтгэлийн хуудсаар зөрчилд холбогдогч Б.З........г 150 000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн шийтгэлийн хуудсыг хүчингүй болгохыг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Завхан аймгийн Татварын хэлтсийн Тосонцэнгэл сумын Татварын улсын байцаагч Т.Н.........с Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 2.7-д заасныг үндэслэн “...төлбөрийн баримтыг татварын нэгдсэн системийн санд илгээх үүргээ биелүүлээгүй...” гэх зөрчлийг үйлдсэн хэмээн үзэж, 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн .......... дугаар шийтгэлийн хуудсаар иргэн Б.З...........д 150 000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Н.М........ нь Тосонцэнгэл сумын Татварын улсын байцаагч Т.Н........н 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн .......... дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах шаардлага бүхий дүгнэлтийг шүүхэд гаргасан бөгөөд дүгнэлтийнхээ үндэслэлийг “...оролцогчдын эрхийг зөрчсөн, хуулийг нэг мөр хэрэгжүүлэх эрх, үүргээ хэрэгжүүлж чадаагүй, зөрчил үйлдсэнээ сайн дураар хүлээн зөвшөөрсөн, хохирогч, холбогдогч нараас хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй талаарх хүсэлтийг аваагүй ...” хэмээн тодорхойлсон байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Татварын улсын байцаагч Г.Н........... дээрх прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрч, шийтгэлийн хуудсыг хүчингүй болгохыг зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлжээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1 дэх заалтад зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх эрхтэй бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт “хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж заасан байна.
Эрх бүхий албан тушаалтны оногдуулсан шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох нь гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг шууд хөндөхөөргүй байх тул шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зөрчилд холбогдогч Б.З............г гуравдагч этгээдээр оролцуулах шаардлагагүй гэж үзсэн бөгөөд хариуцагчийн зөвшөөрөл нь хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 111-р зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасныг баримтлан “Тосонцэнгэл сумын Татварын улсын байцаагчийн 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн . дугаарта.........й шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай” Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Н.М...........ийн дүгнэлтийг хариуцагч тус аймгийн Тосонцэнгэл сумын Татварын улсын байцаагч Г.Н..........с бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Прокурор нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь заалтад зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт заасны дагуу хариуцагчийн зөвшөөрлийг баталсан шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлдэг болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.АМАРЗАЯА