| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Барнямын Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 155/2024/01422/И |
| Дугаар | 320/ШШ2025/00111 |
| Огноо | 2025-01-27 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 27 өдөр
Дугаар 320/ШШ2025/00111
| 2025 оны 01 сарын 27 өдөр | Дугаар 320/ШШ2025/00111 |
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй
болгох тухай
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа би
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн *** газрын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б.Н-т холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 2,000,000 ( хоёр сая) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй, 155/2024/01422/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн *** газар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Б.Н- нь Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр-т хамрагдаж, 2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр 4,000,000 төгрөгийг 24 сарын хугацаатай, гэрээний хугацаанд зээлийн төлбөрийн 50 хувийг буюу 2,000,000 төгрөгийг эргэн төлөх нөхцөлтэйгээр зээлдүүлсэн. Б.Н- нь зээлийн төлбөрөөс 2,000,000 төгрөгийг төлөөгүй байна. Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид өргөдөл гаргасан боловч тус ажиллагаа амжилтгүй болсон.
Иймд 2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр байгуулагдсан Малчин өрхийг малжуулах гэрээний үүрэгт 2,000,000 төгрөгийг Б.Н-аас гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн *** газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Х шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие Э.Х нь Хөвсгөл аймгийн *** газрын нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Н-т холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа ба хариуцагч Б.Н- нь гэрээний үүргийн гүйцэтгэл болох 2,000,000 төгрөгийг 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр төлж барагдуулсан байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл, нэхэмжлэгчийн хүсэлт, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн *** газар нь хариуцагч Б.Н-аас Малчин өрхийг малжуулах гэрээ-ний үүрэгт 2,000,000 ( хоёр сая) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Хөвсгөл аймгийн *** газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Х ... Б.Н- нь гэрээний үүргийн гүйцэтгэл болох 2,000,000 төгрөгийг 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр төлж барагдуулсан байна. Иймд нэхэмжлэлийн шаардлага биелүүлсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлтийг ирүүлсэн байна.
Шүүх хуульд заасан ажиллагааг явуулахад хариуцагч Б.Н- нь шүүхэд хүрэлцэн ирж эсхүл цахимаар нэхэмжлэлийн хувийг гардан аваагүй бөгөөд шүүх нэхэмжлэгчид төлөх ёстой төлбөрийг төлсөн байх ба энэ үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Үүнээс үзвэл нэхэмжлэгчийг нэхэмжлэлээсээ татгалзсан гэж үзэх үндэслэлтэй.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагч Б.Н-ыг нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн үндэслэлээр хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг ирүүлсэн байх ба энэ нь хууль зөрчөөгүй, бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ гэж,
Мөн зүйлийн 74.2-т Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч нэхэмжлэгчийн татгалзал, хариуцагчийн зөвшөөрөл, зохигч талуудын эвлэрэл, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана гэж тус тус хуульчилжээ.
Иймд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн *** газар нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс хуулиар чөлөөлөгдсөн болохыг дурдлаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн *** газрын нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Н-т холбогдох Малчин өрхийг малжуулах гэрээ-ний үүрэгт 2,000,000 ( хоёр сая) төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т тус тус зааснаар нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн *** газар нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс хуулиар чөлөөлөгдсөн болохыг дурдсугай
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА