| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Барнямын Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 320/2025/00062/И |
| Дугаар | 320/ШШ2025/00112 |
| Огноо | 2025-01-27 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 27 өдөр
Дугаар 320/ШШ2025/00112
| 2025 оны 01 сарын 27 өдөр | Дугаар 320/ШШ2025/00112 | Х аймаг |
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй
болгох тухай
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа би
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн *** газрын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Т.Г-т холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 4,800,000 ( дөрвөн сая найман зуун мянга) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй, 155/2025/00062/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн *** газар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Т.Г- нь Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн Ажлын байрыг дэмжих хөтөлбөр-т хамрагдаж, 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдөр Аж ахуй, бичил бизнес эрхлэгчид эргэн төлөлттэй санхүүгийн дэмжлэг олгох гэрээ-г байгуулж түүнд 4,800,000 төгрөгийг 36 сарын хугацаатай, гэрээний хугацаанд зээлийн төлбөрийг бүрэн барагдуулах нөхцөлтэйгээр зээлдүүлсэн. Т.Г- нь зээлийн төлбөр 4,800,000 төгрөгийг төлөөгүй байна. Иймд 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдөр өдөр байгуулагдсан Аж ахуй, бичил бизнес эрхлэгчид эргэн төлөлттэй санхүүгийн дэмжлэг олгох гэрээ-ний үүрэгт 4,800,000 төгрөгийг Т.Г-оос гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн *** газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Х*** шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие Э.Х нь Хөвсгөл аймгийн *** газрын нэхэмжлэлтэй, хариуцагч Т.Г-т холбогдох иргэний хэрэгт хариуцагч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл болох 4,800,000 төгрөгийг төлж барагдуулсан байна. Иймд тус хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл, нэхэмжлэгчийн хүсэлт, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн *** газар нь хариуцагч Т.Г-оос Аж ахуй, бичил бизнес эрхлэгчид эргэн төлөлттэй санхүүгийн дэмжлэг олгох гэрээ-ний үүрэгт 4,800,000 ( дөрвөн сая найман зуун мянга) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Хөвсгөл аймгийн *** газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Х ... Т.Г- нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл болох 4,800,000 төгрөгийг төлж барагдуулсан байна.Иймд нэхэмжлэлийн шаардлага биелүүлсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлтийг ирүүлсэн.
Шүүх хуульд заасан ажиллагааг явуулахаар хариуцагч Т.Г-ийг дуудсан боловч тэрээр нэхэмжлэлийн хувийг гардаж авалгүйгээр нэхэмжлэгч байгууллагад төлөх ёстой төлбөрөө төлж барагдуулсан байгаа ба энэ үндэслэлээр нэхэмжлэгч нь хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлт гаргасан байна.
Үүнээс үзвэл нэхэмжлэгч нь хариуцагч Т.Г-ийг нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн үндэслэлээр хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг ирүүлсэн байх боловч хариуцагч нь шүүхэд хүрэлцэн ирж эсхүл цахим байдлаар нэхэмжлэлийн хувийг гардан аваагүй тул нэхэмжлэгчийг нэхэмжлэлийг шаардлагаас татгалзаж байна гэж үзлээ.
Өөрөөр хэлбэл хариуцагчийн нэхэмжлэлийн хувь гардан авсан үгүй эсэхээс хамааран улсын тэмдэгтийн хураамжийг хуваарилахад ялгамжтай байдал бий болох үр дагавартай байдаг.
Нэхэмжлэгчийн дээрх нэхэмжлэлээсээ татгалзан нь хууль зөрчөөгүй, бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ гэж,
Мөн зүйлийн 74.2-т Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч нэхэмжлэгчийн татгалзал, хариуцагчийн зөвшөөрөл, зохигч талуудын эвлэрэл, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана гэж тус тус хуульчилжээ.
Иймд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн *** газар нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс хуулиар чөлөөлөгдсөн болохыг дурдлаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн *** газрын нэхэмжлэлтэй, хариуцагч Т.Г-т холбогдох Аж ахуй, бичил бизнес эрхлэгчид эргэн төлөлттэй санхүүгийн дэмжлэг олгох гэрээ-ний үүрэгт 4,800,000 ( дөрвөн сая найман зуун мянга) төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн нэхэмжлэгч хариуцагч Т.Г- нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн төлсөн үндэслэлээр нэхэмжлэлээсээ татгалзсан нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т тус тус зааснаар нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн *** газар нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс хуулиар чөлөөлөгдсөн болохыг дурдсугай
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА