| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Барнямын Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 155/2025/00038/И |
| Дугаар | 320/ШШ2025/00142 |
| Огноо | 2025-01-30 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 30 өдөр
Дугаар 320/ШШ2025/00142
| 2025 оны 01 сарын 30 өдөр | Дугаар 320/ШШ2025/00142 |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа би
Нэхэмжлэгч: Т банк бус санхүүгийн байгууллага хязгаарлагдмал хариуцлагатай компанийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ц.Э-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт нийт 1,651,838.19 ( нэг сая зургаан зуун тавин нэгэн мянга найман зуун гучин найман төгрөг арван есөн мөнгө ) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй, 155/2025/00038/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т банк бус санхүүгийн байгууллага хязгаарлагдмал хариуцлагатай компани шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч Ц.Э- нь 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Т ББСБ ХХК-тай №ЗГ2024010906338 тоот бүтээгдэхүүн зээлээр худалдан авах гэрээг байгуулан Sumsung А54 маркийн гар утсыг нийт 1,238,000 төгрөгийн зээлээр авсан ба зээлийн эргэн төлөлтийг 2024.01.09-2026.01.18 хүртэл 24 сарын хугацаанд сар бүр 72,927 төгрөгийн төлөлт хийхээр тохирсон. Хариуцагч нь 2024.02.18-ны өдрөөс эхлэн зээлийн эргэн төлөлтийг огт төлөөгүй бөгөөд төлбөр төлөх үүрэг зөрчигдсөнөөс хойш Т ББСБ ХХК нь хариуцагчид үүргийг нь байнга сануулж байсан ч үр дүн гарахгүй байх тул гэрээний 9-р зүйлийн 3-т заасныг үндэслэн гэрээг цуцлаж, шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна.Үүнд:
Үндсэн зээлийн үлдэгдэл 1,238,000 төгрөг, үндсэн хүү 344,856.19 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 68,937 төгрөг, нийт 1,651,838.19 төгрөгийг Ц.Э-гаас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Ц.Э- шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Хариуцагч Ц.Э- миний бие Т ББСБ ХХК-аас шүүхэд гаргасан нэхэмжлэлийг гардаж авлаа. Миний бие Ц.Э- нь Т апп-аар дамжуулан Sumsung А54 гар утсыг зээлээр худалдан авсан бөгөөд зээлийн гэрээний дагуу төлбөрөө төлөөгүй нь үнэн. Иймд Т ББСБ ХХК-иас нэхэмжилж буй зээлийн гэрээний үүрэгт Үндсэн зээлийн үлдэгдэл 1,238,000 төгрөг, үндсэн хүү 344,856.19 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 68,937 төгрөг, нийт 1,651,838.19 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т банк бус санхүүгийн байгууллага хязгаарлагдмал хариуцлагатай компани нь хариуцагч Ц.Э-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 1,651,838.19 ( нэг сая зургаан зуун тавин нэгэн мянга найман зуун гучин найман төгрөг арван есөн мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ц.Э- нь нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүрэгт нийт 1,651,838.19 (нэг сая зургаан зуун тавин нэгэн мянга найман зуун гучин найман төгрөг арван есөн мөнгө) төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн ба энэ нь хууль зөрчөөгүй, бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ гэж,
Мөн зүйлийн 74.2-т Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч нэхэмжлэгчийн татгалзал, хариуцагчийн зөвшөөрөл, зохигч талуудын эвлэрэл, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана гэж тус тус хуульчилжээ.
Иймд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч Т банк бус санхүүгийн байгууллага хязгаарлагдмал хариуцлагатай компанийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 41,380 (дөчин нэгэн мянга гурван зуун ная) төгрөгөөс 20,690 (хорин мянга зургаан зуун ер) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 20,690 (хорин мянга зургаан зуун ер) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Ц.Э-гаас 41,380 (дөчин нэгэн мянга гурван зуун ная) төгрөгийн тал хувь болох 20,690 (хорин мянга зургаан зуун ер) төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар Т банк бус санхүүгийн байгууллага хязгаарлагдмал хариуцлагатай компанийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ц.Э-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт нийт 1,651,838.19 ( нэг сая зургаан зуун тавин нэгэн мянга найман зуун гучин найман төгрөг арван есөн мөнгө ) төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч Ц.Э- нь нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүрэгт нийт 1,651,838.19 ( нэг сая зургаан зуун тавин нэгэн мянга найман зуун гучин найман төгрөг арван есөн мөнгө) төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Нэхэмжлэгч Т банк бус санхүүгийн байгууллага хязгаарлагдмал хариуцлагатай компанийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 41,380 (дөчин нэгэн мянга гурван зуун ная) төгрөгөөс 20,690 (хорин мянга зургаан зуун ер) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 20,690 (хорин мянга зургаан зуун ер) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Ц.Э-гаас 20,690 (хорин мянга зургаан зуун ер) төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА