Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 320/ШШ2025/00168

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: З.Ж-ийн хүсэлттэй,

Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай, 155/2025/00049/и индекстэй иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч: З.Ж-,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Х.Алтанхундага нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 Нэхэмжлэгч З.Ж- шүүхэд гаргасан хүсэлтдээ: З.Ж- миний бие Х аймгийн Т суманд 1970 онд төрсөн. Бага насаа эцэг эхийн асрамжинд өсөж бойжин бүрэн бус дунд боловсрол эзэмшин, 1987-1988 онд Т сумын Я нэгдэлд малчнаар ажиллаж байсан. 1988-1990 онд ***-р ангид цэргийн алба хаасан. Аймгийн архивын лавлагаагаар миний ажиллаж байсан үеийн ажилд томилсон, чөлөөлсөн зарим тушаал гарч ирж бусад зарим ажилд томилсон, ажлаас чөлөөлсөн тушаалууд гарч ирээгүй, хөдөлмөрийн дэвтэр үрэгдэж алга болсон зэрэг шалтгааны улмаас миний нэгдэлд ажиллаж байсан хугацаа тооцогдохгүй байна.

Иймд З.Ж- миний 1987 оны 07 дугаар сарын 01-ны өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 01-ны өдрийг хүртэл Т сумын Я нэгдэлд нэгдэлд малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч З.Ж- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 1970 онд төрсөн. 1987 онд 8 дугаар ангиа төгсөөд илгээлт авч малчнаар гарсан. Малчнаар 1988 он хүртэл ажиллаж байгаад цэрэгт явж цэргээс халагдаж ирээд өдийг хүртэл малчнаар ажиллаж байгаа. 1987 оноос цэрэгт явах хүртлээ малчнаар ажиллаж байсан байдал маань хөдөлмөрийн дэвтэр архивт байж байгаад шатсан, илгээлтийн эзнээр гарсан тушаал, шийдвэр зэрэг баримтууд байхгүй байгаа учир шүүхэд хандах болсон. Нэхэмжлэл дээрээ би 1988 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл ажилласан байдлаа тогтоолгохоор бичсэн бөгөөд хэргийн материалтай танилцахад надад 1988 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс ээлжийн амралт олгосон бөгөөд би тухайн сарынхаа 15-ны өдөр цэргийн албанд татагдсан учраас нэхэмжлэлийн шаардлагаа 1988 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл ажилласан байдлаа тогтоолгохоор тодруулж байна гэв.

 

Нэхэмжлэгчээс: Иргэний үнэмлэхний хуулбар 1 хуудас, Х аймгийн Архивын тасгийн 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 11/1126 тоот албан бичиг, Х аймгийн Т сумын Я нэгдлийн даргын 1988 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 39 дугаартай тушаалын хуулбар, Цэргийн алба хаасан лавлагаа 2 хуудас, Х аймгийн Т сумын  засаг даргын Тамгын газраас лавлагаагаар ирүүлсэн цалингийн хөлсний түүвэр, 70 дугаар дансны хуулбар 3 хуудас, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт 1 хуудас зэргийг тус тус ирүүлжээ.

Нэхэмжлэгчийн хүсэлтээр Д.М-аас гэрчийн мэдүүлэг авсан байна.

                               

Шүүх Х аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс З.Ж-гийн  ХААТР-1 (А), ХААТР-21 (А) лавлагааг бүрдүүлсэн.

 

Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон нэхэмжлэгчийн хүсэлт, тайлбарыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

          1.Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй.

2. Нэхэмжлэгч нь Х аймгийн Т сумын Я нэгдэлд 1987 оны  7 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан ба үүнийг тогтоолгосноор нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр тогтоолгон авахад улсад ажилласан жил минь нэмэгдэж тооцогдох эрх зүйн үр дагаврыг үүсгэж байгаа юм гэж тайлбарласан болно.

3.Хэрэгт:

Х аймгийн Т сумын Я нэгдлийн даргын 1988 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 39 дугаартай 1. Нэгдлийн ... нарт ажлын 21 хоногийн амралт олгохоос гадна хавсралтад заасан 27 малчинд тус бүрийн 15 хоногийн ээлжийн амралт 1988 оны  10 дугаар сарын 1-нээс олгосугай. ... хавсралтын 23. З.Ж- ... гэх бичилттэй Ээжлийн амралт олгох тухай тушаалд Х аймгийн Архивын тасаг Хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулсан хуулбар 1 хуудас (хх-ийн 4 дүгээр хуудас), 

З-ийн Х аймгийн Т сумын Я нэгдэлд  1987оны 7-12 дугаар сар,  1988 оны 01-9 дүгээр саруудад ажилласан хугацаанд авсан цалин хөлсний баримтанд Х аймгийн Т сумын засаг даргын Тамгын газрын хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажсан хуулбар, түүвэр зэрэг  3 хуудас (хх-ийн 11-19 дүгээр хуудас),

Тагнуулын Ерөнхий газрын Тусгай архивын 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 08/3613 дугаартай З.Ж нь Х аймгаас НАХЯ-ны сайдын *** дугаар тушаалаар 10 дугаар сарын 15-ны өдрөөс *** дугаар ангид цэргийн албанд татагджээ гэх бичилттэй лавлагаа 1 хуудас (хх-ийн 4 дугаар хуудас),

Цагдаагийн Ерөнхий газрын Төв архивын 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 28-09/2230 дугаартай З.Ж нь сайд нарын зөвлөлийн дэргэдэх Улсын цагдан сэргийлэх ерөнхий газрын даргын **** дүгээр тушаалаар УЦСЕГ-ын Дотоодын цэргийн жинхэнэ албаны хугацааг бүрэн дуусгасан тул 1990.10.13-ны өдрөөр тасалбар болгон хугацаат цэргийн албанаас Х аймагт халагдсан байна. гэх бичилттэй лавлагаа                            1 хуудас (хх-ийн 4 дугаар хуудас),

З.Ж-ийн Х аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс гаргаж ирүүлсэн ...14. Ажилладаг байгууллага: Я нэгдэл, ажилд орсон он: 1987, цех, тасаг, бригад: Б, эрхэлдэг ажил: адуучин, эрхэлж эхлэсэн он: 1987, оршдог, сум, район: Т...  гэж бүртгэгдсэн ХААТР-1 (А) маягтын хуулбарт Х аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн Хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажсан хуулбар 1 хуудас (хх-ийн 17 дугаар хуудас),

Хууль сануулж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан гэрч  Д.М-ийн 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр өгсөн: З.Ж- нь намайг 1987 оны 6 сард 8 дугаар ангийг төгсөөд илгээлтээр Т сумын Я нэгдлийн 2 дугаар бригадад малчнаар элсэн орж байсан. Тэгээд нэгдэлдээ малчнаар ажиллаж байгаад 1988 оны намар цэргийн албанд татагдан яваад хоёр жилийн хугацаат цэргийн алба хаасан. Цэргээс халагдаж ирээд нэгдэлдээ үргэлжүүлэн хувьчлал болж нэгдэл тартал малчнаар тасралтгүй ажилласан. Одоо хувийнхаа малыг маллан Т сумын Б багтаа гэр бүлийн хамт амьдардаг.  ...” гэх мэдүүлэг 3 хуудас (хх-ийн 32-34 дүгээр хуудас)  зэрэг бичгийн нотлох баримтууд авагдсан байна.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1-д Шүүх дараахь хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ, 

133.1.1-д Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох, мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.2-д эрх зүйн ач холбогдол бүхий дараахь үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно,

135.2.6-д хүний ажиллаж байсан байдал гэж тус тус зааснаар нэхэмжлэгч З.Ж- нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргах эрхтэй байна.

 

5. Дээрх баримтуудаар нэхэмжлэгч З.Ж-гийн Х аймгийн Тсумын Я нэгдэлд 1987 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны                    10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан болох нь болох нь нотлогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

 

 6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

         1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар  З.Ж-гийн Х аймгийн Тсумын Я нэгдэлд 1987 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл  малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2,  119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Х аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

  

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.МӨНХТУЯА