Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 08 сарын 08 өдөр

Дугаар 2023/ДШМ/795

 

           

    2023           8             08                                       2023/ДШМ/795

А.Сд холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч Г.Ганбаатар, Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Ган-Эрдэнэ,

шүүгдэгч А.С, түүний өмгөөлөгч Б.Долгорсүрэн,

нарийн бичгийн дарга Д.Тунгалаг нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 2023/ШЦТ/419 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч А.Сийн гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох 2205031940227 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 7 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

 А.С, 0000 оны 0 дугаар сарын 00-ны өдөр ******** аймагт төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 0, хамтран амьдрагчийн хамт ************* аймгийн ************* сумын 1 дүгээр багт оршин суух бүртгэлтэй боловч Баянзүрх дүүргийн *** дүгээр хороо, 00-00г тоотод түр оршин суух, /РД:**00000000/;

 

урьд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 483 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар нийт 4 жил 9 сарын хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсгүүдэд тус тус зааснаар 4 жилийн хорих ялыг өршөөн хасаж, үлдэх 1 сар 11 хоногийн хугацаагаар хорих ялыг мөн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж шийдвэрлэсэн;

Шүүгдэгч А.С нь:

2022 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Өргөө кино театрт хохирогч Ц.Яын “Iphone 11” загварын гар утсыг нууцаар, хууль бусаар авч 1.075.000 төгрөгийн,

2023 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 20 дугаар сургууль дотор хохирогч Б.Эгийн “Iphone-12 pro” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар авч 1.300.000 төгрөгийн,

хохирогч А.Аын “Iphone-12 pro max” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар авч 2.200.000 төгрөгийн,

2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр Ерөнхий боловсролын 62 дугаар сургуулийн хашаан дотор Б.Гын эзэмшлийн “Samsung А-32 5G” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 400.000 төгрөгийн,

2022 оны 5 дугаар сарын 07-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, Тэнгис кино театрын тоглоомын хэсэгт хохирогч Р.Бы “Iphone-11” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1.100.000 төгрөгийн,

2022 оны 5 дугаар сарын 07-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, Тэнгис кино театрын тоглоомын газарт хохирогч З.Бий “Iphone-11 рго” загварын гар утсыг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 1.500.000 төгрөгийн,

2022 оны 5 дугаар сарын 28-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, Тэнгис кино театрын В1 давхарт хүүхдийн тоглоомын төв дотор Б.Цийн “Samsung А-52” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 651.700 төгрөгийн тус тус хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.   

Баянгол дүүргийн прокурорын газраас: А.Сийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч А.Сийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Сийг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, шүүгдэгч А.Сд оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Сийн цагдан хоригдсон 102 /нэг зуун хоёр/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, шүүгдэгч А.Сд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, гэмт хэргийн улмаас хохирогч нарт учирсан хохирол төлбөр бүрэн төлөгдсөн болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч А.С давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд мөрдөгч нар надаас авсан мэдүүлгүүдэд миний хувийн зан байдал болон зарим нэг зүйлийг бусдад буруугаар ойлгогдохоор бичсэн байна. Үүнд, зарим нэг мэдүүлгийн хэсэгт намайг Улаанбаатар хотод оршин суух хаяг байхгүй, тодорхой эрхэлсэн ажилгүй, хулгай хийж амь зогоодог гэж бичсэн байгаа нь буруу байна. Хэдийгээр миний бие хулгайлах гэмт хэрэг үйлдсэн нь буруу боловч одоо Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, Жаргалантын 13-147г тоотод өөрийн гэр бүлийн хамт амьдардаг. Ажил хөдөлмөрийн хувьд барилга дээр туслах ажилтан, авто угаалгын газар угаагч хийдэг байсан. Сүүлийн нэг жилийн хугацаанд хавтан зүсэлтийн компанид зүсэгчээр ажиллаж цалин хөлсөөрөө өөртөө болон ар гэртээ хэрэгтэй зүйлсээ авч тусалдаг байсан. Гэвч дээрх мэдүүлгүүдийг тухайн үед надаас авахдаа хөтөлж буюу ингэж хэл, тэгж хэл гэж зааж байцаалт авсан. Миний бие энэхүү мөрдөн байцаалтад ямар нэг гомдол байхгүй ч дээрх мэдүүлгүүд миний хувийн байдлыг буруугаар ойлгуулж, миний эрх зүйн байдлыг дордуулж байгаад маш их харамсаж байна.

Иймд миний бие А.С нь Нийслэлийн эрүүгийн хэргийн шүүхэд энэхүү хэргийн гэм бурууг ямар нэгэн маргаан байхгүйгээр үнэн зөвөөр нь мөрдөн байцаалтын явцад мэдүүлсэн, мөн бусдад учруулсан хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан, өөрийн үйлдсэн гэмт хэргийн үйлдэлдээ маш их гэмшиж ухаарч байгааг минь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг журамлан миний биеэр эдлэх ялаас бага ч болов хасаж өгнө үү хэмээн энэхүү гомдол, хүсэлтийг гаргаж байгааг хүлээн авна уу. ... Би 1 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн 8 дугаар сарын 8-ны өдрийг хүртэл нийт 6 сар хоригдож байна. Энэ хугацаанд маш их зүйлийг ойлгож ухаарч ухамсарласан. Өмнө хийсэн алдаагаа дахин үйлдэж ийм байдалд хүрсэн. Би дахин алдахгүй. Ар гэр, эцэг эхдээ сайн хүү нь байж чадна. Ажил хөдөлмөр эрхэлж, эцэг эхдээ байж чадаагүй цаг хугацаагаа эргүүлж хамт байхыг хүсэж байна” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Долгорсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Үйлчлүүлэгчийнхээ гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Миний үйлчлүүлэгч давж заалдах гомдол гаргах олгогдсон эрхийнхээ хүрээнд давж заалдах гомдол гаргасан гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад тодорхой хэмжээгээр нэмэлт өөрчлөлт орсонтой холбоотойгоор миний үйлчлүүлэгчид оногдуулсан хорих ялаас өөр төрлийн ял оногдуулж өгнө үү. Миний үйлчлүүлэгчийн хувьд үлдсэн хохирол төлбөрөө шүүхийн шатанд төлж барагдуулсан, бусдад төлөх төлбөргүй. Мөн А.Сийн хувийн байдал болон анхнаасаа хэргээ хүлээн зөвшөөрч мэдүүлсэн, бусдад төлөх төлбөргүй зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзнэ үү” гэв.

Прокурор Г.Ган-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч А.Сийг нийт 7 удаагийн үйлдлээр хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, анхан шатны шүүхээс ял шийтгэл оногдуулсан. Шүүгдэгч А.Сийн хувийн байдлын тухайд өмнө нь энэ төрлийн гэмт хэргийг үйлдэж, ял шийтгүүлж байсан. Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед оргон зайлах гэсэн нөхцөл байдал тогтоогдсон, дахин гэмт хэрэг үйлдэж байх явцдаа баригдаж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байдаг. Шүүгдэгч А.Сд оногдуулсан эрүүгийн хариуцлага нь түүний хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон гэж дүгнэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудын талаар шалгасан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч А.С нь 2022 оны 5 дугаар сарын 07-ны өдрөөс 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл үргэлжилсэн үйлдлээр хохирогч Ц.Я, Б.Э, А.А, Б.Г, Р.Б, З.Б, Б.Ц нарын гар утаснуудыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч нийт 8.226.700 төгрөгийн хохирол учруулсан  гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Ц.Я /1хх 16/, Р.Б /1хх 192/, Б.Ц /2хх 105/, насанд хүрээгүй хохирогч А.А /1хх 79/, Б.Э /1хх 87/, Б.Г /1хх 115/, З.Б /2хх 45/, гэрч Ж.Билгүүнманлай /1хх 206/,

А.Сийн яллагдагчаар өгсөн “...Би бүх үйлдлүүдээ хүлээн зөвшөөрч байна. ...би хийсэн хэрэгтээ харамсаж байна, дахин гэмт хэрэг үйлдэхгүй. ...” /2хх 159/ гэсэн мэдүүлгүүд, 

эд зүйл хураан авсан тэмдэглэл /1хх 9, 103/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1хх 10, 104, 127/, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /1хх 21-23, 2хх 122-123/, “Кости-Эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /1хх 95/, илтгэх хуудас /1хх 112/, “Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /1хх 118-120/, “Ашид билгүүн” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /1хх 212-215, 2хх 55-58/, эд зүйл хүлээн авсан тэмдэглэл /1хх 122/, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 221-222, 2хх 62-63, 116-17/, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /1хх 223-224-229/, хохирол төлсөн баримт /2хх 185-187/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч А.Сийг үргэлжилсэн үйлдлээр нэр бүхий 7 хохирогчийн эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, нийт 8.226.700 төгрөгийн хохирол учруулсан гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч А.Сийн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, нийт 8.226.700 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Шүүгдэгч А.С “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд мөрдөгч нар надаас авсан мэдүүлгүүдэд миний хувийн зан байдал болон зарим нэг зүйлийг бусдад буруугаар ойлгогдохоор бичсэн байна. Үүнд, зарим нэг мэдүүлгийн хэсэгт намайг Улаанбаатар хотод оршин суух хаяг байхгүй, тодорхой эрхэлсэн ажилгүй, хулгай хийж амь зогоодог гэж бичсэн байгаа нь буруу байна. ...мэдүүлгүүдийг тухайн үед надаас авахдаа хөтөлж буюу ингэж хэл, тэгж хэл гэж зааж байцаалт авсан. Миний бие энэхүү мөрдөн байцаалтад ямар нэг гомдол байхгүй ч дээрх мэдүүлгүүд миний хувийн байдлыг буруугаар ойлгуулж, миний эрх зүйн байдлыг дордуулж байгаад маш их харамсаж байна, ...биеэр эдлэх ялаас бага ч болов хасаж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Шүүгдэгч А.Сийн гомдолд дурдсан мөрдөн шалгах ажиллагааны шатанд цуглуулж, бэхжүүлсэн болон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг шалгах, үнэлэх ажиллагааны явцад хуульд заасан журмыг ноцтой зөрчсөн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул давж заалдах шатны шүүхээс хэргийн үйл баримт, хэргийн зүйлчлэлийг өөрчлөх, процессын хуулийг ноцтой зөрчсөн гэж дүгнэх үндэслэлгүй болно.

Шүүх гэмт хэргийн нийгмийн хор аюулын хэр хэмжээ, шинж чанар, гэм буруугийн хэлбэр, шүүгдэгчийн хувийн байдал, ялыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлын талаар бодитой дүгнэлт хийж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь /ял оногдуулах, албадлагын арга хэмжээ хэрэглэх/ шударга ёсны зарчимд нийцэх учиртай.

Шүүгдэгч А.С нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан гэмт хэргийн улмаас хохирогч нарт учруулсан 8.226.700 төгрөгийн хохирлыг төлсөн, түүнчлэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хөнгөн гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзан анхан шатны шүүхээс шүүгдэгч А.Сд оногдуулсан нэг жил зургаан сарын хугацаагаар хорих ялаас зургаан сарыг хасч, түүнд нэг жилийн хорих ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

Анхан шатны шүүх шүүгдэгч А.Сийн цагдан хоригдсон хоногийг буруу тооцсон байх тул зөвтгөв.

Иймд шүүгдэгч А.Сийн ял багасгах талаар гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, шийтгэх тогтоолд дээрх үндэслэлээр зохих өөрчлөлт оруулахаар давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно” гэж заасан байх тул шүүгдэгч А.Сийн шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 77 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцов.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 2023/ШЦТ/419 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

2 дахь заалтын “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Сийг 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.” гэснийг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Сийг 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.” гэж,

4 дэх заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Сийн цагдан хоригдсон 102 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Сийн цагдан хоригдсон 105 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай” гэж тус тус өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Сийн шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 77 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

4. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай..     

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Л.ДАРЬСҮРЭН

ШҮҮГЧ                                                            Г.ГАНБААТАР

ШҮҮГЧ                                                            Т.ӨСӨХБАЯР