Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 320/ШШ2025/00170

 

 

2025 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 320/ШШ2025/00170

Х аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: О.А-н хүсэлттэй,

Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай, 320/2025/00144/и индекстэй иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Х.Алтанхундага нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч О.А- шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие О.А нь Х аймгийн Б суманд 1968 онд малчин ард О-ын 8 дахь хүү болон мэндэлсэн бөгөөд тус сумын 8-н жилийн дунд сургуулийг төгсөж Х аймгийн Б сумын С нэгдэлд малчнаар 1984 онд элсэн орсон. Түүнээс хойш тус нэгдэлд туслах малчнаар ажиллаж байгаад 1987-1989 онуудад цэргийн алба хааж 1989 оны 9 сард цэргээс халагдаж ирээд 1990-1991 онуудад С нэгдэлд малчнаар үргэлжлүүлэн ажилласан. Ингээд 1992 онд нэгдэл тарсан цагаас хойш 2020 он хүртэл Б сумын А багт малчин, 2020 оноос одоог хүртэл Ц сумын Ө багт хувийнхаа малыг маллаж байгаад одоо өндөр насны тэтгэвэрт орох болтол тухайн нэгдэлд ажиллаж байсан хугацаанд хөдөлмөрийн дэвтэр байхгүй болсон, архиваас холбогдох тушаал олдохгүй байгаа зэргээс миний нэгдэлд ажиллаж байсан хугацаа бүрэн тооцогдохгүй болоод байна. Иймд О.А- миний Х аймгийн Б сумын С нэгдэлд 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчээс: Иргэний үнэмлэхний хуулбар 1 хуудас, Цэргийн алба хаасан лавлагаа 1 хуудас, Х аймгийн Б сумын засаг даргын Тамгын газраас лавлагаагаар ирүүлсэн цалингийн хөлсний түүвэр, 70 дугаар дансны хуулбар 3 хуудас, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт 1 хуудас зэргийг тус тус ирүүлжээ.

Нэхэмжлэгчийн хүсэлтээр С.Б-аас гэрчийн мэдүүлэг авсан байна.

 

Шүүх Х аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс О.А-гийн Иргэний хаягийн хуудас №7, ХААТР-1 (А), ХААТР-21 (А) лавлагааг бүрдүүлсэн.

 

 

Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон нэхэмжлэгчийн хүсэлт, тайлбарыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй.

2. Нэхэмжлэгч нь Х аймгийн Б сумын С нэгдэлд 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан ба үүнийг тогтоолгосноор нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр тогтоолгон авахад улсад ажилласан жил минь нэмэгдэж тооцогдох эрх зүйн үр дагаврыг үүсгэж байгаа юм гэжээ.

 

3.Хэрэгт:

Х аймгийн Б сумын С нэгдлийн Ерөнхий хорооны гишүүдийн 1990 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 01 дугаартай 1. Бригадын нэгдлийн гишүүдийг нэрсийн жагсаалт 1 дүгээр хавсралтаар баталсугай. Үүнд 4 дүгээр бригад 214 ... хавсралтын 90. О.А, 21 настай, эрэгтэй, хоньчин ... гэх бичилттэй Нэгдлийн гишүүдийг батлах тухай тогтоолд Х аймгийн Архивын тасаг Хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулсан хуулбар 1 хуудас (хх-ийн 4 дүгээр хуудас), 

О.А-ийн Х аймгийн Б сумын С нэгдэлд 1990 оны 01, 8, 9, 1991 оны 01-4, 6-12 дугаар саруудад ажиллан авсан цалин хөлсний баримтын түүвэр болон цалин хөлсний баримтад Х аймгийн Б сумын засаг даргын Тамгын газрын хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажсан хуулбар, түүвэр зэрэг 3 хуудас (хх-ийн 11-19 дүгээр хуудас),

Батлан хамгаалах яамны Батлан хамгаалахын төв архивын 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 746 дугаартай О.А- БХЯ-ны сайдын *** дугаар тушаалаар Х аймгаас 1987.10.15-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдан *** дугаар ангид алба хааж, мөн сайдын 1989.09.26-ны өдрийн н/347 дугаар тушаалаар 1989.10.15-ны өдөр 622825 дугаарын цэргийн батлахтай халагдсан гэх бичилттэй лавлагаа 1 хуудас (хх-ийн 4 дугаар хуудас),

О.А-н Х аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс гаргаж ирүүлсэн ...14. Ажилладаг байгууллага: С нэгдэл, ажилд орсон он: 1989, цех, тасаг, бригад: 4 бригад, эрхэлдэг ажил: хоньчин, эрхэлж эхлэсэн он: 1989, оршдог, сум, район: Б ... гэж 1991 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр бүртгэгдсэн ХААТР-1 (А) маягтын хуулбарт Х аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн Хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажсан хуулбар 1 хуудас (хх-ийн 17 дугаар хуудас),

О.А-н Х аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс гаргаж ирүүлсэн ... хаана, ямар ажилтай: Б 8-н жил 8-р ангийн сурагч ... гэж 1985 оны 6 дугаар сарын 12-ны өдөр бүртгэгдсэн ХАЯГИЙН ХУУДАС №7 маягтын хуулбарт Х аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн Хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажсан хуулбар 1 хуудас (хх-ийн 18 дүгээр хуудас),

 

Хууль сануулж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан гэрч С.Б-ын 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр өгсөн: О.А- нь 1984 оны 6 сард Б сумын 8-н жилийн дунд сургуулийн 8 дугаар ангийг төгсөөд илгээлтээр Б сумын С нэгдлийн 4 дүгээр бригадад малчнаар элсэн орж байсан. Тэгээд нэгдэлдээ малчнаар ажиллаж байгаад 1987 оны намар цэргийн албанд татагдан яваад хоёр жилийн хугацаат цэргийн алба хаасан. Цэргээс халагдаж ирээд нэгдэлдээ үргэлжүүлэн хувьчлал болж нэгдэл тартал малчнаар тасралтгүй ажилласан. Тэгээд гэр бүлээрээ 2008 онд Ц сум руу шилжин очсон цагаасаа хойш одоо хүртэл хувийнхаа малыг маллан амьдарч байгаа. ... гэх мэдүүлэг 3 хуудас (хх-ийн 32-34 дүгээр хуудас) зэрэг бичгийн нотлох баримтууд авагдсан байна.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1-д Шүүх дараахь хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ, 

133.1.1-д Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох, мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.2-д эрх зүйн ач холбогдол бүхий дараахь үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно,

135.2.6-д хүний ажиллаж байсан байдал гэж тус тус зааснаар нэхэмжлэгч О.А- нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргах эрхтэй байна.

 

5. Дээрх баримтуудаар нэхэмжлэгч О.А-гийн Х аймгийн Б сумын С нэгдэлд 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан болох нь болох нь нотлогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.

7. Нэхэмжлэгч нь хүндэтгэх шалтгааны улмаас шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжгүй тул өөрийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлүүлэх хүсэлт ирүүлснийг шүүх хангаж шийдвэрлэн, нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар  Шарнууд О-ын А-ийн Х аймгийн Б сумын С нэгдэлд 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Х аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

  

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ  Б.МӨНХТУЯА