| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Барнямын Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 155/2024/01415/И |
| Дугаар | 320/ШШ2025/00171 |
| Огноо | 2025-02-05 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 05 өдөр
Дугаар 320/ШШ2025/00171
| 2025 оны 02 сарын 05 өдөр | Дугаар 320/ШШ2025/00171 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Д.Д-н нэхэмжлэлтэй,
Нэхэмжлэлийн шаардлага: Цэргийн алба хаасан байдал тогтоолгох тухай, 155/2024/01415/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч:Д.Д,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Н.Алтанхундага оролцов.
Нэхэмжлэгч Д.Д шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие Д.Д нь Д-гийн том хүү болж мэндэлж, эцэг эх, дүү нарын хамт Х аймгийн Э сумандаа амьдарч байгаад сургуулийн насанд хүрч сумынхаа 8 жилийн дунд сургуульд сурч төгссөн. Сургуулиа төгсөөд 1980 оны 9 дүгээр сарын 01 -ний өдөрөөс 1982 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн хооронд З дахь ТМС-ийн тэжээл бэлтгэлийн механикжуулагчийн ангид элсэн орж төгссөн. 1982 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс Х аймгийн Т-гийн сангийн аж ахуйд тэжээл бэлтгэгч- механикжуулагчаар ажиллаж байгаад 1983 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 516 дугаар тушаалаар цэргийн албанд татагдаж 1986 онд халагдсан билээ. Гэтэл одоо өндөр настны тэтгэвэрт орох гэтэл Батлан хамгаалахын төв архиваас ирсэн лавлагаанд миний овгийг хойд аав болох Н-ийн Д гэж овоглож ирсэн тул миний цэргийн алба хаасан байдал ажилласан хугацаанд тооцогдохгүйд хүрээд байна.
Иймд Д-гийн Д намайг НАХЯ-ны сайдын 1983 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 516 дугаар тушаалаар цэргийн албанд татагдаж, 05 дугаар ангид алба хаагаад мөн сайдын 1986 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 5/390 дүгээр тушаалаар 06 дугаар сарын 26-ны өдрөөс цэргийн албанаас халагдсан. Иймд Н-ийн Д намайг цэргийн алба хаасан болохыг тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Д.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 1964 оны 12 дугаар сард Э суманд төрж 1980 онд 8 дугаар ангиа төгсөөд 1982 онд З дахь техник мэргэжлийн сургуулийг төгсөж Х аймгийн Т-гийн сангийн аж ахуйд ажиллаж байгаад 1983 оны 6 дугаар сарын 13-ны өдөр цэрэгт татагдаж 1986 онд халагдаж ирсэн. Намайг Д-гийн Д гэдэг боловч цэргийн алба хаасан лавлагаа дээр Н-ийн Д гэж овог зөрүүтэй бичигдсэн байгаа учраас шүүхээр тогтоолгох шаардлагатай болсон. Зөвхөн цэргийн батлах дээр Н- гэдэг хүнээр овоглож бичсэн байгаа. Н- гэдэг хүн манай хойд эцэг байсан. Манай ээжтэй сууж 2 жил хамт амьдраад нас барсан. Манай дүү нараас надаас доошоо 3 дахиас эхлээд Н- гэдэг хүний хүүхэд буюу тэр хүнээр овоглосон байгаа. Би цэрэгт явахдаа Н- гэдэг хүнээр овоглож яваад цэргээс ирээд цэргийн батлахаа солиход Д- гэдэг хүнээр овоглосон байсан. Ийм учраас цэргийн алба хаасан байдлаа шүүхээр тогтоолгох шаардлагатай болсон. Иймд Д-гийн Д намайг 05 дугаар ангид Нийгмийг аюулаас хамгаалах яамны сайдын 1983 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн тушаалаар татагдаж алба хаахдаа Н-ийн Д нэрээр хаасан болохыг тогтоож өгнө үү гэв.
Нэхэмжлэгчээс: Д.Д-ийн иргэний үнэмлэхний хуулбар, Тагнуулын Ерөнхий газрын Тусгай архивын 2024 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 08/901 дугаартай лавлагаа, Цэргийн батлахын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар 1 хуудас улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт зэргийг шүүхэд гаргаж өгсөн.
Нэхэмжлэгчийн хүсэлтээр Р.Б, Д.Д нараас гэрчийн мэдүүлэг авсан байна.
Х аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс Иргэний хаягийн хуудас №7, ХААТР-1 (А), ХААТР-21 (А), төрсний бүртгэлийн, төрөл садангийн, ээж И.Д-гийн гэрлэсний бүртгэлийн лавлагааг шүүх бүрдүүлжээ.
Нэхэмжлэгчийн тус шүүхэд гаргасан хүсэлт, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй байна.
2. Нэхэмжлэгч Д.Д нь цэргийн алба хаасан байдлаа тогтоолгосноор цэргийн алба хаасан хугацааг ажилласан жилд оруулан тооцуулж, нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэн тооцуулах эрх зүйн үр дагаврыг үүсгэж байгаа гэжээ.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т зааснаар шаардах эрхтэй байна.
4. Хэрэгт:
Тагнуулын Ерөнхий газрын Тусгай архивын 2024 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 08/901 дугаартай Н-ийн Д нь Х аймгаас НАХЯ-ны сайдын 1983 оны 6 дугаар сарын 13-ны өдийн 516 дугаар тушаалаар цэргийн албанд татагдаж, *** дугаар ангид алба хаагаад мөн сайдын 1986 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн б/390 дугаар тушаалаар 06 дугаар сарын 26-ны өдрөөс цэргийн албанаас халагджээ гэх бичилттэй Цэргийн алба хаасан лавлагаа 1 хуудас (хх-ийн 4 дугаар хуудас),
Х аймгийн АДХ-ын Гүйцэтгэх захиргааны цэргийн хэлтсээс 1982 оны 02 дугаар сарын 06-нд Н- овогтой Д нэрээр нээж олгосон *** дугаар...7. Х аймаг, хот (район)-ын цэрэг татлагын комиссоос цэргийн албанд татав. Цэргийн хэлтсийн дарга Ц.С 1983 оны 6 сар 20 өдөр... гэж бичигдсэн цэргийн батлахын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар 1 хуудас (хх-ийн 8-11 дүгээр хуудас),
Улсын бүртгэлийн ерөнхий газар, Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангаас 2025 оны 01 дүгээр сарын 29-ниий өдөр ирүүлсэн В-ийн Н-, РЙ45051007, Ихмэргэд И-ийн Д- нар нь 1983 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Х аймгийн Т- сумын Гэрлэлтийн бүртгэлийн ***-рт бүртгэгдсэн Гэрлэсний бүртгэлийн лавлагаа 1 хуудас (хх-ийн 5 дугаар хуудас),
Улсын бүртгэлийн ерөнхий газар, Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангаас 2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр авсан Боржгон Д-гийн Д - ын ... Эхийн: Эцэг /эх/-ийн нэр: И, өөрийн нэр:Д- .. гэх бичилттэй Төрсний бүртгэлийн лавлагаа 1 хуудас (хх-ийн 5 дугаар хуудас),
Улсын бүртгэлийн ерөнхий газар, Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангаас 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр авсан Хар сүрэгтэн Д-гийн Д- ын ... Эхийн: Эцэг /эх/-ийн нэр: И, өөрийн нэр: Д- ...гэх бичилттэй Төрсний бүртгэлийн лавлагаа 1 хуудас (хх-ийн 30 дугаар хуудас),
Улсын бүртгэлийн ерөнхий газар, Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангаас 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр авсан Боржигон Д-гийн Э- ын ... Эхийн: Эцэг /эх/-ийн нэр: И, өөрийн нэр: Д- ...гэх бичилттэй Төрсний бүртгэлийн лавлагаа 1 хуудас (хх-ийн 30 дугаар хуудас),
Улсын бүртгэлийн ерөнхий газар, Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангаас 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр авсан ... , Боржигон Д-гийн Д нь Хар сүрэгтэн Д-гийн Д-ын ах гэх бичилттэй Төрөл садангийн лавлагаа 1 хуудас (хх-ийн 31 дүгээр хуудас),
Улсын бүртгэлийн ерөнхий газар, Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангаас 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр авсан ... Боржигон Д-гийн Д нь Боржигон Д-гийн Э-ын ах гэх бичилттэй Төрөл садангийн лавлагаа 1 хуудас (хх-ийн 31 дүгээр хуудас),
Д-гийн Дийн Х аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс гаргаж ирүүлсэн ...14. Ажилладаг байгууллага: Эг-Үүр САА, ажилд орсон он: 1981, цех, тасаг, бригад: Тэжээлийн үйлдвэр, эрхэлдэг ажил: машинист, эрхэлж эхлэсэн он: 1981, оршдог, сум, район: Э ... гэж 1988 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр бүртгэгдсэн ХААТР-1 (А) маягтын хуулбарт Х аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн Хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажсан хуулбар 1 хуудас (хх-ийн 17 дугаар хуудас),
Д-гийн Дийн Х аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс гаргаж ирүүлсэн ... хаана, ямар ажилтай: САА-н тэжээлийн үйлдвэрт машинист ... гэж 1987 оны 3 дугаар сарын 09-ний өдөр бүртгэгдсэн ХАЯГИЙН ХУУДАС №7 маягтын хуулбарт Х аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн Хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажсан хуулбар 1 хуудас (хх-ийн 18 дүгээр хуудас),
Хууль сануулж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан гэрч Д.Д-ын 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр өгсөн: Манай ээж Д- нь Д ах, би, надаас доош Г, Б, Х бид 5-ыг тусдаа гараагүй байхдаа төрүүлсэн бөгөөд ээжийг хойд аав В-ийн Н-тэй суугаад Т- сум руу явахад эмэг эх Ц болон ээжийн ээж И хоёр маань ах бид хоёрыг авч үлдээд ээж Э, Г, Х 3-г аваад явсан. Ээж маань хойд аав Н-тэй гэр бүл болоод дундаасаа Б, Д, Г, О, Д, Л, Д нарыг төрүүлсэн бөгөөд ээж маань 9 хүү, 3 охинтой төрүүлсэн, одоо 80 гаруй настай Улаанбаатар хотод Д дүүгийнд амьдарч байгаа. Ээжийг хойд аав Н-тэй суухаас өмнө төрсөн том ах, би болон Г, Э, Х бид тав ээж Д-гээр овоглодог, тэгээд тэр хоёрыг гэрлэлтээ батлуулснаас хойш төрсөн дүү нар маань бүгд аав Н-ээр овоглодог. ... гэх мэдүүлэг 4 хуудас (хх-ийн 24-27 дугаар хуудас),
Хууль сануулж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан гэрч Р.Б-ын 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр өгсөн: ... Нэг нутгийн, нэг голын хүмүүс бөгөөд бид хоёр сургуулийн 8 жил, Таймгийн З дахь ХАА-н ТМС-ийн 2 жил, цэргийн 3 жилийг нэг анги, нэг салаанд хамт алба хаасан гээд хамтдаа 13 жил цуг байсан учраас түүнийг хүүхэд байхаасаа сайн мэднэ. Би шүүхэд Д.Д-ийг цэргийн алба хаасан болон түүний овгийн талаар мэдүүлэг өгөх гэж ирсэн. Миний мэдэхийн Д.Д нь голцуу ээж Д-гээр овоглодог байсан. Н- гуай бол түүний хойд эцэг болох хүн юм. Ээж Д- нь Н- гуайтай гэр бүл болоод Т- суманд ажиллаж, харин Д дүү Д-ын хамт эмээ Ичинхоролтой Эд амьдардаг байсан. Ер нь бол хүүхэд байхын л Э сумандаа эмээтэйгээ хамт амьдардаг байсан. Бид хоёр 1980 онд Э сумын 8-н жилийн дунд сургуулийн 8 дугаар ангийг 1980 онд төгсөөд хамтаа Т аймгийн З дахь ХАА-н ТМС-д суралцах болж улмаар ТМС-иа 1982 оны 6 дугаар сард төгсөөд Т-гийн САА-н 3 дугаар тасаг буюу Э сумандаа тэжээлийн цехэд хамт ажиллаж байгаад 1983 оны 6 дугаар цэргийн албанд татагдан Улаанбаатар хотын *** ангид (Төрийн ордоны харуул, хамгаалалт) яваад 1986 оны 6 сард халагдаж ирсэн. Д.Д-ийн ээж И-ын Д- одоо Т- сумын Б багт амьдардаг бөгөөд Д, Д нарыг гэртээ төрүүлээд ээж И нь өсгөсөн, харин энэ хоёроос доош бараг 10-аад хүүхэд төрүүлсэн. Н- гуайнх Т-д амьдардаг байсан учраас би Д-ийн дүү нарыг бараг санахгүй байна. ... гэх мэдүүлэг, цэргийн батлахын хуулбар мөн нэхэмжлэгчтэй хамт цэргийн алба хааж байхдаа авахуулсан цэргийн хувцастай гэрэл зургууд эх хувь зэрэг (хх-ийн 18-23 дугаар хуудас) баримтууд хэрэг авагдсан байна.
5. Нэхэмжлэгч нь Нийгмийг Аюулаас Хамгаалах яамны *** дугаар ангид 1983 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 1986 оны 6 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл хугацаанд Н-ийн Д нэрээр цэргийн алба хаасан болох нь цэргийн алба хаасан лавлагаа, цэргийн батлахын хуулбар, ээж И.Д-, хойд эцэг В.Н- нарын гэрлэсний бүртгэлийн лавлагаа, гэрч Р.Б, Д.Д нарын мэдүүлэг, ажил эрхлэлтийн байдал, дүү нарын төрөлтийн болон төрөл садны бүртгэлийн лавлагаа, цэргийн алба хааж байх хугацаандаа авахуулсан гэрэл зургууд зэргээр нотлогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Иймд Боржгон Д-гийн Д -ийг Нийгмийг Аюулаас Хамгаалах яамны *** дугаар ангид 1983 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 1986 оны 6 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл хугацаанд Н-ийн Д нэрээр цэргийн алба хаасан болохыг тогтоох нь зүйтэй байна.
7.Нэхэмжлэгч Д.Д-ээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т зааснаар Боржгон Д-гийн Д -ийн Нийгмийг аюулаас хамгаалах яамны *** дугаар ангид 1983 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 1986 оны 6 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл хугацаанд Н-ийн Д нэрээр цэргийн алба хаасан болохыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч Д.Д-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Х аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА