Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 320/ШШ2025/00085

 

 

 

 

 

2025 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 320/ШШ2025/00085

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ХААК- ТӨХХК,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн ***********,

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн үндсэн төлбөр 192,500,000 төгрөг, алданги 83,475,000 төгрөг, нийт 275,975,000 (хоёр зуун далан таван сая есөн зуун далан таван мянга) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг, 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, 155/2024/01243/и дугаар индекстэй, иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М (цахим), хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Уянга нар оролцлоо.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй ба зохигчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцсэн болно.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ХААК- ТӨХХК нь хариуцагч Хөвсгөл аймгийн ***********т холбогдуулан зээлийн үндсэн төлбөр 192,500,000 төгрөг, алданги 83,475,000 төгрөг, нийт 275,975,000 (хоёр зуун далан таван сая есөн зуун далан таван мянга) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

1.  Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлжээ. Үүнд: ХААК- ТӨХХК нь газар тариалан, мал аж ахуйн салбарыг дэмжих чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг юм. Засгийн газрын бодлого, нийт хүн амын хүнсний нөөцийг бүрдүүлэхэд анхаарч иргэн, аж ахуй нэгжтэй урт хугацааны таатай зээлийн нөхцлөөр дэмждэг. Монгол орны нутаг дэвсгэрт өвөлжилт, хаваржилт хүндэрсэнтэй холбогдуулан гарсан Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2024 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн А/101 дугаартай гамшгийн эрсдлийг бууруулах талаар авах зарим арга хэмжээний тухай тушаалыг үндэслэн ХААК- ТӨХХК-д нөөцөлсөн 275тн тэжээлийн буудайг, нэгж үнэ нь 700,000 (долоон зуун мянга) төгрөгөөр тооцож, нийт 192,500,000 (нэг зуун ерэн хоёр сая таван зуун мянга) төгрөгийн зээлийг Хөвсгөл аймгийн *********** нь авсан бөгөөд өнөөг хүртэл зээлээ төлөөгүй байгаа бөгөөд 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн тооцооны үлдэгдлээр хугацаа хэтэрсэн өр 192,500,000 (нэг зуун ерэн хоёр сая таван зуун мянга) төгрөг байна. Үүнд:

2024 оны 2 дугаар сарын 22-ны өдөр ****************** дугаартай тэжээлийн буудай зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулан, 157,500,000 (нэг зуун тавин долоон сая таван зуун мянга) төгрөгийн тэжээлийн буудайг тус байгууллагын *********** салбараас авсан. Мөн 2024 оны 3 дугаар сарын 17-ны өдөр *********** салбараас 50тонн буюу 35,000,000 (гучин таван сая) төгрөгийн тэжээлийн буудайг зарлагын баримт үйлдүүлэн Хөвсгөл аймгийн ************ сум руу татан авч, нийт 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар 192,500,000 (нэг зуун ерэн хоёр сая таван зуун мянга) төгрөгийн тэжээлийн буудай авсан. 2024 оны 2 дугаар сарын 22-ны өдөр ****************** дугаартай тэжээлийн буудай зээлээр худалдах, худалдан авах гэрээний 5.2-т зааснаар худалдан авагч тал нь гэрээний 3.1 дэх заалтад заасан төлбөрийг хугацаанд нь төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.5 хувийн алданги худалдагч талд төлөхөөр тохирсон. Өнөөдрийн байдлаар 212 хоног хугацаа хэтэрсэн алданги 166,950,000 (нэг зуун жаран зургаан сая есөн зуун тавин мянга) төгрөг болж байгаа ба Иргэний хуулийн 232.4 дэх заасныг баримтлан анзыг 50 хувиар тооцоход 83,475,000 (наян гурван сая дөрвөн зуун далан таван мянга) төгрөг байна. Дээрх гэрээний үндсэн төлбөр 157,500,000 (нэг зуун тавин долоон сая таван зуун мянга) төгрөг, анз 83,475,000 (наян гурван сая дөрвөн зуун далан таван мянга) төгрөг, нийт 240,975,000 (хоёр зуун дөчин сая есөн зуун далан таван мянга) төгрөг байна. 2024 оны 3 дугаар сарын 17-ны өдөр *********** салбараас 50тонн буюу 35,000,000 (гучин таван сая) төгрөгийн тэжээлийн буудайг зарлагын баримт үйлдүүлэн авсан.

Иймд ****************************-с үндсэн төлбөр 192,500,000 (нэг зуун ерэн хоёр сая таван зуун мянга) төгрөг, алданги 83,475,000 (наян гурван сая дөрвөн зуун далан таван мянга) төгрөг, нэхэмжлэлийн нийт шаардлага 275,975,000 (хоёр зуун далан таван сая есөн зуун далан таван мянга) төгрөгийг гаргуулж, манай байгууллагад учирсан хохирлыг нөхөн төлүүлж өгнө үү гэжээ. (хавтаст хэргийн 1-3 дахь тал)

1.1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Нэмж хэлэхэд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2024 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн А/101 дугаар тушаал нь гамшгийн эрсдлийг бууруулахад авах арга хэмжээний талаар болохоос зээл болон төлбөрийн талаар тусгасан тушаал биш. Хөвсгөл аймгийн ***********, ХААК- ТӨХХК-ийн хооронд Иргэний хуулийн дагуу зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан. Сангийн яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас манай компанитай тэжээлийн буудайн үнийг төлөхөөр байгуулсан гэрээ байхгүй. Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд зааснаар аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг даргын ажлын алба нь тамгын газар байна гэсэн тул *****************-г хариуцагчаар татсан, төлбөрийг хариуцах ёстой. Нэхэмжлэлийн шаардлагад бичиг хэргийн алдаа гаргаж, төлбөрийн үнийн дүн дээр зөрүү гарсан. Үүнийг дараах байдлаар өөрчилж байна. 2024 оны 2 дугаар сарын 22-ны өдөр хариуцагчтай гэрээ байгуулж, *********** салбараас авсан 225тонн тэжээлийн буудайн үнэ 157,500,000 төгрөгийг хариуцагч нь төлөөгүй хугацаа хэтрүүлсэн тул гэрээний 5.2-т зааснаар алдангийг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-д заасныг журамлан үндсэн төлбөр 157,500,000 төгрөгийн 50 хувиас хэтрүүлэхгүй 78,750,000 төгрөг болгон бууруулж байна. Мөн Хөвсгөл аймгийн ******************** нь 50тонн тэжээлийн буудай авах шаардлагатай байна, амралтын өдөр таарсан учир ажлын өдрөөр гэрээ байгуулъя, машин явуулаад тэжээлийн буудайг авахуулна гэж утсаар ярьж, тохироод *********** салбараас зөвшөөрлийн хуудсаар авсан. Гэвч одоог хүртэл гэрээгээ байгуулж амжаагүй учир 50тонн тэжээлийн буудайн үнэ 35,000,000 төгрөгийн төлбөрт алданги тооцоогүй. Манай компани гэрээнд заасан хугацаанд тэжээлийн буудайг хүлээлгэн өгч, Хөвсгөл аймгийн *********** тэжээлийн буудайг хүлээн авснаа зөвшөөрч, төлбөр мөнгөө төлөхөөр тохирон, актыг баталгаажуулсан тухай 2024 оны 3 дугаар сарын 25-ны өдөр 11 дугаартай гэрээ дүгнэсэн акт үйлдсэн. Гэрээ дүгнэсэн актаар Хөвсгөл аймгийн *********** төлбөр төлөөгүй тул 2024 оны 7 дугаар сарын 05-ны өдөр, 2024 оны 8 дугаар сарын 21-ний өдөр тус тус төлбөр төлөхийг албан бичгээр удаа дараа шаардаж, мэдэгдсэн боловч одоо хүртэл төлөөгүй. Гэрээ байгуулж авсан 225тонн тэжээлийн буудайн үнэ 157,500,000 төгрөг, хугацаа хэтрүүлсэн алданги 78,750,000 төгрөг, 50тонн тэжээлийн буудайн үнэ 35,000,000 төгрөг, нийт 271,250,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна.

Гэвч хариуцагч нь төсвийн байгууллага тул алданги 78,750,000 төгрөг гаргуулахаас татгалзаж, үндсэн төлбөр нийт 192,500,000 (нэг зуун ерэн хоёр сая таван зуун мянга) төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байна гэв.

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ХААК- ТӨХХК-иас гэрээний дагуу 225тонн тэжээлийн буудай, нэмэлт хүсэлт гаргаж 50тонн тэжээлийн буудай, нийт 275тонн тэжээлийн буудай авсан болон гэрээ байгуулсан талаар маргахгүй байна. ХААК- ТӨХХК-иас тэжээлийн буудай авахдаа хоёр удаа хувааж авсан. Үндсэн төлбөр 192,500,000 төгрөг гэж байгаа боловч авсан хугацааны хувьд зөрүүтэй байгаа. Тиймээс эхний авсан тэжээлийн буудайн төлбөрийн алданги авсан өдрөөсөө, дараагийн удаа авсан тэжээлийн буудайн алданги авсан өдрөөсөө тооцогдох байх. Гэхдээ 50тонн тэжээлийн буудайг авсан эсэх талаар мэдэхгүй байна. Сангийн яам болон улсын онцгой комиссоос бүх аймгийн ******************** нартай хийсэн цахим хуралд ХААК- ТӨХХК оролцсон. Цахим хурлаар тэжээлийн буудайг зээлээр аваад төлбөрийг нь Сангийн яам болон Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас төлнө гэсэн чиглэл өгсөн. Дээрх яамдаас ирүүлсэн тэжээлийн буудайн төлбөрийг төлөхөө илэрхийлсэн гэрээ болон ямар нэгэн албан бичиг байхгүй. Гэрээг ********************, харьяа байгууллага болох Хүнс, хөдөө аж ахуйн газартай байгуулсан тул *********** хариуцагчаар оролцохгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэв.

3. Нэхэмжлэгчээс: Б.М-д олгосон итгэмжлэл, Монгол улсын Хүнс, Хөдөө аж ахуй, Хөнгөн үйлдвэрийн яамны сайдын 2024 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн А/101 дугаар Гамшгийн эрсдэлийг бууруулах талаар авах зарим арга хэмжээний тухай тушаал, тус тушаалын хавсралт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, ХААК- ТӨХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2023 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн Гүйцэтгэх захирлыг томилох тухай №02 дугаар тогтоол, 2024 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн ****************** дугаартай Тэжээлийн буудайн худалдах, худалдан авах гэрээ зэрэг баримтын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарууд, 2024 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 11 дугаартай Гэрээ дүгнэсэн акт, тооцоо нийлсэн акт, 2023 оны тэжээлийн буудайн борлуулалт зэрэг баримтын хуулбарууд, тэжээлийн буудай олгох зөвшөөрлийн хуудас /******************/, харилцагчийн товчоо, №94 дугаартай зарлагын баримтын хуулбар, ХААК- ТӨХХК-ийн 2024 оны 07 сарын 05-ны өдрийн Төлбөр нэхэмжлэх тухай мэдэгдэл 01/636 дугаар, 2024 оны 08 сарын 21-ний өдрийн Төлбөр нэхэмжлэх тухай мэдэгдэл 01/799 дугаартай албан бичгийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарууд зэрэг баримтыг нэхэмжлэлд хавсаргаж ирүүлсэн. (хавтаст хэргийн 4-23 дахь тал)

Тэжээлийн буудай олгох зөвшөөрлийн хуудсууд /ТБ-А/2024-12/, тэжээлийн буудай авлага баримт, 2023 оны тэжээлийн буудайн борлуулалт /Хөвсгөл аймгийн *****************-д ачуулсан буудайн тооцоо/, тооцоо нийлсэн акт №ТБ-А2024/04 зэрэг баримтын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбаруудыг цахим, болон шуудангаар давхар ирүүлсэн. (хавтаст хэргийн 82-86 дахь тал)

4. Хариуцагчаас: Б.Б, Б.О нарт олгосон итгэмжлэл өгсөн. (хавтаст хэргийн 29, 101-102, 120 дахь тал)

5. Шүүх: Шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан шүүх хуралдаан хойшлуулах, өмгөөлөгч авах, хэргийн материалтай танилцах тухай хүсэлтийг хангаж, тэднийг шүүх хуралдаанд биечлэн оролцох, хууль зүйн туслалцаа авах, нотлох баримт гаргаж өгөх боломжийг бүрдүүлж, шүүх хуралдааныг 3 удаа хойшлуулсан.

 ҮНДЭСЛЭХ нь:

1.  Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

2. Нэхэмжлэгч ХААК- ТӨХХК нь хариуцагч Хөвсгөл аймгийн ***********т холбогдуулан зээлийн үндсэн төлбөр 192,500,000 төгрөг, алданги 83,475,000 төгрөг, нийт 275,975,000 (хоёр зуун далан таван сая есөн зуун далан таван мянга) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд 225тонн тэжээлийн буудайн үнэ 157,500,000 төгрөгийн хугацаа хэтрүүлсэн алданги 83,475,000 төгрөг гаргуулахаас татгалзан, нийт 275тонн тэжээлийн буудайн үнэ 192,500,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан.

3. Нэхэмжлэгч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2024 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн А/101 дугаар тушаал нь гамшгийн эрсдлийг бууруулахад авах арга хэмжээний талаар болохоос зээл болон төлбөр төлөх талаар тусгасан тушаал биш. Хөвсгөл аймгийн ***********, ХААК- ТӨХХК-ийн хооронд Иргэний хуулийн дагуу тэжээлийн буудай зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан. Сангийн яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас манай компанитай тэжээлийн буудайн үнийг төлөхөөр байгуулсан гэрээ байхгүй. Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд зааснаар аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг даргын ажлын алба нь тамгын газар байна гэсэн тул *****************-г хариуцагчаар татсан, төлбөрийг хариуцах ёстой. Бичиг хэргийн алдаа гаргаж, төлбөрийн үнийн дүн дээр зөрүү гарсан. Үүнийг дараах байдлаар өөрчилж байна. 2024 оны 2 дугаар сарын 22-ны өдөр хариуцагчтай гэрээ байгуулж, *********** салбараас авсан 225тонн тэжээлийн буудайн үнэ 157,500,000 төгрөгийг хариуцагч төлөөгүй хугацаа хэтрүүлсэн тул гэрээний 5.2-т зааснаар алдангийг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-д заасныг журамлан үндсэн төлбөр 157,500,000 төгрөгийн 50 хувиас хэтрүүлэхгүй 78,750,000 төгрөг болгон бууруулсан. Мөн *********** салбараас зөвшөөрлийн хуудсаар авсан 50тонн тэжээлийн буудайн үнэ 35,000,000 төгрөгийн төлбөрт алданги тооцоогүй. Тэжээлийн буудайг хүлээлгэн өгч баталгаажуулсан тухай 2024 оны 3 дугаар сарын 25-ны өдөр 11 дугаартай гэрээ дүгнэсэн акт үйлдсэн. Төлбөр төлөх талаар албан бичгээр удаа дараа шаардаж, мэдэгдсэн боловч одоо хүртэл төлөөгүй. Хариуцагч нь төсвийн байгууллага тул алданги 78,750,000 төгрөг гаргуулахаас татгалзаж, үндсэн төлбөр нийт 192,500,000 (нэг зуун ерэн хоёр сая таван зуун мянга) төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгалаа гэж тайлбарлаж байна.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар үгүйсгэсэн. Үүнд: ХААК- ТӨХХК-иас гэрээний дагуу 225тонн тэжээлийн буудай, нэмэлт хүсэлт гаргаж, 50тонн тэжээлийн буудай, нийт 275тонн тэжээлийн буудай авсан болон гэрээ байгуулсан дээр маргахгүй байна. Гэхдээ 50тонн тэжээлийн буудайг авсан эсэх талаар мэдэхгүй. Сангийн яам болон улсын онцгой комиссоос бүх аймгийн ******************** нартай хийсэн цахим хуралд ХААК- ТӨХХК оролцсон. Цахим хурлаар тэжээлийн буудайг зээлээр аваад төлбөрийг нь Сангийн яам болон Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас төлнө гэсэн чиглэл өгсөн. Дээрх яамдаас зээлийн төлбөрийг төлөхөө илэрхийлсэн гэрээ болон ямар нэгэн албан бичиг өгөөгүй. Гэрээг ********************, харьяа байгууллага болох Хүнс, хөдөө аж ахуйн газар байгуулсан тул тус аймгийн *********** хариуцагчаар оролцохгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж тайлбарлалаа.

5. Хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчийн тайлбар болон нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдсон.

а. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б нь тэжээлийн буудай худалдах, худалдан авах гэрээг ********************, харьяа байгууллага болох Хүнс, хөдөө аж ахуйн газар байгуулсан тул *********** хариуцагч биш гэж маргаж байгаа боловч Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 67 дугаар зүйлд Засаг даргын ажлын алба, 67 дугаар зүйлийн 67.1-д Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг даргын ажлын алба нь тамгын газар байх бөгөөд доор дурдсан чиг үүргийг хэрэгжүүлнэ гэж тус тус зааснаар *****************-г хариуцагчаар татан оролцуулсан нь хууль зөрчөөгүй байна.

б. Улсын хэмжээнд өвөлжилт, хаваржилт хүндэрсэнтэй холбогдуулан цагаан зуд, төмөр зудын нөхцөл байдалтай байгаа аймгуудад 1тонн тэжээлийн буудайн үнийг 700,000 төгрөгөөр тооцож гэрээ байгуулан, хавсралтаар баталсан хуваарийн дагуу Хөвсгөл аймаг нийт 225тонн тэжээлийн буудай зээлээр худалдан авсан болох нь нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, (хавтаст хэргийн 1-3 дахь тал)

Монгол улсын Хүнс, Хөдөө аж ахуй, Хөнгөн үйлдвэрийн сайдын 2024 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн А/101 дугаар Гамшгийн эрсдлийг бууруулах талаар авах зарим арга хэмжээний тухай тушаал, тус тушаалын Аймаг: ...12. Хөвсгөл, сум: ...88. **********, тэжээлийн буудайн хэмжээ /тонн/: цагаан зудтай 75.0, 89. ************, тэжээлийн буудайн хэмжээ /тонн/: цагаан зудтай 75.0, 90. **************, тэжээлийн буудайн хэмжээ /тонн/: цагаан зудтай 75.0, дүн 225.0, нийлүүлэх ХААК ТӨХХК-ийн салбар: ***********... гэх бичилттэй Зудтай аймгуудад олгох тэжээлийн буудайн хуваарь хавсралтын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, (хавтаст хэргийн 5-8 дахь тал)

2024 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн ...225тонн тэжээлийн буудайг худалдах, худалдан авах, 1тонн тэжээлийн буудайн үнийг 700,000 төгрөгөөр тооцож, 2024 оны 3 дугаар сарын 08-ны өдрийн дотор татаж авах, төлбөрийг 2024 оны 3 дугаар сарын 31-ний өдөр төлж барагдуулах, төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутам 0,5 хувийн алданги тооцохоор талууд тохиролцсон тухай бичилттэй Тэжээлийн буудай зээлээр худалдах, худалдан авах ****************** дугаар гэрээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, (хавтаст хэргийн 11-14 дэхь тал)

2024 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн ...Хоёр. Гэрээний дүгнэлт. Худалдагч тал нь гэрээний 1.2 заалтад заасан салбараас 225тонн буюу нийт 157,500,000 төгрөгийн үнийн дүн бүхий тэжээлийн буудайг гэрээний хугацаанд хүлээлгэн өгч талууд тэжээлийн буудай хүлээлцэх акт үйлдсэн болно. Худалдан авагч тал нь гэрээний 3.1 заалтад заасан хугацаанд худалдагч талын нэхэмжлэлийн дагуу тэжээлийн буудайн төлбөрийг худалдан авагч талын Худалдаа хөгжлийн банкны ************** тоот дансанд шилжүүлнэ... гэх бичилттэй 11 дугаар Гэрээ дүгнэсэн акт, (хавтаст хэргийн 15-16 дахь тал)

2024 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн Төрөл: Тэжээлийн буудай, олгох салбар: ***********, олгох хэмжээ /тн/: 225.00, нэгжийн үнэ /төгрөг/: 700,000, нийт төлбөр /төгрөг/: 157,500,000. Тэжээлийн буудайг татан авч дуусах хугацаа: 2024.02.29... гэх бичилттэй ****************** дугаар Тэжээлийн буудай олгох зөвшөөрлийн хуудас, (хавтаст хэргийн 19 дэхь тал)

ХААК- ТӨХХК-ийн 2024 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн Төлбөр нэхэмжлэх тухай мэдэгдэл 01/636 дугаар, 2024 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн Төлбөр нэхэмжлэх тухай мэдэгдэл 01/799 дугаартай албан бичгийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарууд, (хавтас хэргийн 22-23 дахь тал)

ХААК ТӨХХК-ийн *********** салбарын 1. 2024 оны 3 дугаар сарын 01-ний өдөр орн47-78, паданы дугаар 5, бохир/тн 85.72, машины жин/тн 29.56, цэвэр/тн 56.16, нэгж үнэ 700,000, бүгд үнэ 39,312,000. 2. 2024 оны 3 дугаар сарын 01-ний өдөр орн80-34 сч80-34, паданы дугаар 6, бохир/тн 85.12, машины жин/тн 29.72, цэвэр/тн 55.40, нэгж үнэ 700,000, бүгд үнэ 38,780,000, 3. 2024 оны 3 дугаар сарын 01-ний өдөр орн18-88 аа76-76, паданы дугаар 7, бохир/тн 88.50, машины жин/тн 30.60, цэвэр/тн 57.90, нэгж үнэ 700,000, бүгд үнэ 40,530,000. 4. 2024 оны 3 дугаар сарын 01-ний өдөр уаа44-38 оч78-88, паданы дугаар 8, бохир/тн 87.38, машины жин/тн 31.84, цэвэр/тн 55.54, нэгж үнэ 700,000, бүгд үнэ 38,878,000. Дүн /2023 оных/ бохир/тн 346.72, машины жин/тн 121.72, цэвэр/тн 225, бүгд үнэ 157,500,000... гэх бичилттэй 2023 оны тэжээлийн буудайн борлуулалт /Хөвсгөл аймгийн *****************-д ачуулсан буудайн тооцоо/-ны нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2024 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн Тэжээлийн буудай худалдах, худалдан авах ****************** тоот гэрээгээр 2024 оны 03 сарын 01-ний өдрөөс 2024 оны 03 сарын 11-ний өдрийг дуустал хугацаанд 225тонн буудай нийлүүлсэн тухай бичилттэй Тооцоо нийлсэн акт №ТБ-А2024/04-ын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар зэрэг баримтаар нотлогдож байна. (хавтас хэргийн 85-86 дахь тал)

в. Зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримт зэргээс дүгнэхэд гэрээний гол нөхцлийг тохиролцон талуудын хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, мөн хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д Зээлээр худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь худалдан авагч үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч нь үнийг гэрээнд заасны дагуу тодорхой цаг хугацааны дараа хэсэгчлэн буюу бүрэн, эсхүл тодорхой цаг хугацааны туршид хэсэгчлэн төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасны дагуу Тэжээлийн буудай зээлээр худалдах, худалдан авах ****************** дугаар гэрээ бичгээр байгуулагджээ. (хавтаст хэргийн 11-14 дэхь тал)

г. Хариуцагч тэжээлийн буудай зээлээр худалдан авсан төлбөрийг хуваарийн дагуу төлөөгүй гэрээний үүргээ зөрчсөн болох нь ХААК- ТӨХХК-иас хүргүүлсэн мэдэгдлүүд, тайлбар зэрэг баримтаар нотлогдсон. (хавтаст хэргийн 22-23 дахь тал)

д. Хариуцагч 2024 оны 2 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан Тэжээлийн буудай зээлээр худалдах, худалдан авах ****************** дугаар гэрээний дагуу зээлээр худалдан авсан тэжээлийн буудайн үнэ 157,500,000 төгрөгийг буцаан төлөх үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэгч төлбөрийг гаргуулахаар шаардсан нь үндэслэлтэй. (хавтаст хэргийн 11-14 дэхь тал)

е. *********** салбараас 35,000,000 төгрөгийн 50тонн тэжээлийн буудай олгох 2024 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн ТБ-А/2024-12/ дугаар Тэжээлийн буудай олгох зөвшөөрлийн хуудас, авлагын баримтуудад зөвхөн *********** салбарын тал гарын үсэг зурсан, тэжээлийн буудай хүлээн авсан тал гарын үсэг зурж баталгаажаагүй тул нотлох баримтад үнэлэх боломжгүй. Тодруулбал тэжээлийн буудай худалдагч, худалдан авагч хоёр талын гарын үсэг зураагүй тул тэжээлийн буудайг хариуцагч талд хүлээлгэж өгсөн эсэх нь тодорхойгүй байна. (хавтаст хэргийн 82-84 дэхь тал)

Нэхэмжлэгч хариуцагч *********** салбараас 50тонн тэжээлийн буудайг зөвшөөрлийн бичгээр зээлээр худалдаж авсан тул түүний үнэ 35,000,000 төгрөгийг гаргуулж авна, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд Цахим хурлаар тэжээлийн буудайг зээлээр аваад төлбөрийг нь Сангийн яам болон Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас төлнө гэсэн чиглэл өгсөн. Тэжээлийн буудай зээлээр худалдах, худалдан авах гэрээг ********************, харьяа байгууллага болох Хүнс, хөдөө аж ахуйн газартай байгуулсан тул *********** хариуцагчаар оролцохгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэх тайлбар гаргаж байгаа боловч тэдгээр нь энэ талаар холбогдох нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д заасан шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ тус тус биелүүлээгүй болно.

Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д зааснаар нэхэмжлэгч нь тэжээлийн буудайн үнийг хариуцагчаас гаргуулахаар шаардах эрхтэй.

Иймд хариуцагч ****************************-с тэжээлийн буудайн үнэ 157,500,000 (нэг зуун тавин долоон сая таван зуун мянга) төгрөг гаргуулан, нэхэмжлэгч ХААК- ТӨХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 35,000,000 (гучин таван сая) төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

6. Нэхэмжлэгч хуульд зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг бөгөөд хариуцагчаас 157,500,000 (нэг зуун тавин долоон сая таван зуун мянга) төгрөгийн дүнд төлөх улсын тэмдэгтийн хураамж 945,450 төгрөг гаргуулж, улсын орлогод оруулахыг дурдаж байна.

7. Шүүх дараах нотлох баримтыг үнэлээгүй. Үүнд: ХААК ТӨХХК *********** салбарын тооцоо нийлсэн акт, 2023 оны тэжээлийн буудайн борлуулалт зэрэг баримтын хуулбарууд, харилцагчийн товчоо, №94 дугаартай зарлагын баримтын хуулбар зэрэг баримтууд нотлох баримтын шаардлага хангахгүй, ач холбогдолгүй болно. (хавтаст хэргийн 17-18, 20-21 дэхь тал)

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д зааснаар хариуцагч ****************************-с тэжээлийн буудайн үнэ 157,500,000 (нэг зуун тавин долоон сая таван зуун мянга) төгрөг гаргуулан, нэхэмжлэгч ХААК- ТӨХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 35,000,000 (гучин таван сая) төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч ****************************-с улсын тэмдэгтийн хураамж 945,450 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА