| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцэрэнийн Ренченхорол |
| Хэргийн индекс | 149/2017/00177/Э |
| Дугаар | 00008 |
| Огноо | 2018-01-10 |
| Зүйл хэсэг | 099.1., |
| Улсын яллагч | Н.Дүүрэнжаргал |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 01 сарын 10 өдөр
Дугаар 00008
Монгол улсын нэрийн өмнөөс:
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд
Нарийн бичгийн дарга Б.Ариунсанаа
Улсын яллагч Н.Дүүрэнжаргал
Шүүгдэгч С.Т, С.С
Шүүгдэгч С.Сын өмгөөлөгч Ч.Мөнгөнцэцэг, шүүгдэгч хохирогч С.Тын өмгөөлөгч С.Сувдаа, иргэдийн төлөөлөгч Д.Учралсайхан нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн С.С, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн С.Т нарт холбогдох 201718020141 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн 1977 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эхрэлсэн тодорхой ажилгүй, * тоотод оршин суудаг, урьд өмнө нь ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овгийн Сашкагийн С. РД:/*/
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн 1984 оны 06 дугаар сарын 21-ний өдөр Сэлэнгэ аймгийн Баянгол суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эхрэлсэн тодорхой ажилгүй, * тоотод оршин суудаг, урьд өмнө нь ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овгийн Сын Т. РД:/*/
/Яллах дүгнэлтэнд дурдсанаар/
Шүүгдэгч С.С нь Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Хараа 1 дүгээр багийн Бор толгой гэх газарт алтны чулуу бутлах тээрмийн ажилчдын амрах байранд 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 05 цагийн орчим С.Т, С.С нар нь хоорондоо маргалдан зодолдож улмаар С.С нь иргэн С.Тын зүүн далны ар хэсэгт 2 удаа хутгалж түүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч С.Т нь Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Хараа 1 дүгээр багийн Бор толгой гэх газарт алтны чулуу бутлах тээрмийн ажилчдын амрах байранд 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 05 цагийн орчим С.Т, С.С нар нь хоорондоо маргалдан зодолдож улмаар С.Т нь иргэн С.Сын толгой тус газар нь сандлаар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Тодорхойлох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.С өгсөн….... Орхонтуул сумаас чулуу зөөж яваад Баруунхараагийн тээрэм дээр хуурай дүүтэйгээ муудалцсан асуудалд орсон. Болсон процесс гэвэл Орхонтуул сумаас наашаа ирж байгаад Батсүмбэр сумын тэнд Ттай таарсан. Тэгээд Т ах хүү хаа хүрч явна гэхээр ах нь жоохон чулуу аваад явж байна гэхэд Т жоохон уусан байсандаа тэр үү, ах хүү дугарч ядаад байна уу гэсэн. Тэгэхээр нь үгүй дээ юу гэж тэгэх үү гээд за за ах нь явлаа гээд бид хоёр зөрөөд явсан. Тэгээд Наын тээрэм дээр ирэхэд тээрэм их очертой байсан. Тэгээд шөнө хугасчилж орно гээд Наын амрах байран дээр очиход На сайн өдөр гээд морь зассан жоохон уусан байсан. Тэгээд би хүмүүстээ хоол ундын хийж өгчихөөд оройхон Наын амрах байран дээр очиход На найз ирлээ гээд боссон. Тогооч нь нөхөртэйгээ унтаж байсан, тэр хоёрыг дуудаж босгоод тогоочоо хоол хий гэсэн, нөхөр нь болохоор усанд явсан. Тэр өдөр Наын тээрэмчин нь Шараа гэдэг залуу байсан. Ах ирлээ гээд надад 0,75 граммын Болор нэртэй 1 шил архи өгсөн. Тэр архиа аваад би На дээр очсон. Тэгээд архиа дөнгөж задлаад нэг нэг татчихаад байж байтал гадаа машин дугарах шиг болсон. Гэтэл Т орж ирээд Натай мэндэлсэн, тэгээд суух гэж байгаа юм болов уу гэтэл сандал аваад намайг шууд цохиод авсан. Тэгээд На Тыг салгаад аваад гартал буцаад орж ирээд надруу дайрч намайг боохоор нь На дахиад салгаад аваад гарсан. Тэгээд дахиж орж ирээд намайг боохоор нь бид хоёр муудалцаж дээр доороо оролцоод ноцолдож байхдаа нэг мэдэхэд би Тыг 2 удаа хутгалсан байсан. Тухайн үед боолтонд ороод ухаан мэдрэл балартаад нэг мэдсэн хутгалсан байсан. Тэрнээс өс хонзонгийн зүйл бид хоёрт байхгүй. Тын биед гэмтэл учруулсандаа туйлын харамсаж байгаа. Аргагүй байдалд орж сандардаа ийм зүйлийг хийсэн. Өөр хэлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, С.Т өгсөн .....2014 онд С ахтай танилцан хуурай ах дүүсийн харилцаатай байсан. 2017 оны 06 дугаар сард тээрэм дээр ирээд С ахтай муудалцан сандалаар цохисон нь үнэн. Тэгээд бид хоёр зууралдаад би С ахыг 2 удаа цамцныхан захаар боосон. Тэгэхэд С ах аргагүйн эрхэнд намайг хутгалсан байх. С ахад хөнгөн гэмтэл учруулсанаа хүлээн зөвшөөрч байна. Мөн С ахыг надад хүнд гэмтэл учруулах зүйл хийхэд хүргэсэндээ харамсаж байна гэх мэдүүлэг болон талуудын шинжлэн судалсан нотлох баримт болох
Гэрч Н.Оюийн мөрдөн байцаалтад өгсөн .... 2017 оны 05 дугаар сарын 29-ний өглөө үүрээр 05 цагийн орчимд На ахын амрах байранд унтаж амарч байтал гаднаас нэг шил архи барьчихсан хүрэн өнгийн подвольктой орж ирээд На ахыг сэрээгээд тэр авчирсан архиа хувааж уугаад эхэлсэн. Тэгтэл На ах намайг босоод хоол хийгээд өгөөч гээд би босоод хоол хийж өгөх гэж байтал гадаа машин ирж зогсоод нэг ах орж ирсэн юм. Тэр гаднаас орж ирсэн ах архи барьж орж ирсэн ах хоёр хоорондоо өдөр болсон явдлынхаа талаар яриад маргаад хэрэлдээд зодолдоод эхэлсэн. Тэгтэл гаднаас дахиад нэг ах орж ирээд тэр хоёрыг салгаад гадагшаа гарсан. Тэгтэл гадаа гарсаны дараа эхэлж нэг шил архи барьж орж ирсэн бор подвольктой ах гарахдаа хоолны шүүгээн дотроос бор шар өнгийн шитэй хутгыг авч гарсан. Тэгээд гараад юу болсон талаар мэдэхгүй. Удалгүй сүүлд орж ирсэн ахын зүүн тал хэсгээс цус гараад байсан ба удалгүй араас нь нэг өндөр ах орж ирээд цус гоожиж байсан ахыг аваад гарсан гэх мэдүүлэг /Хх-н 19-20 дугаар хуудас/
Гэрч Н.На мөрдөн байцаалтад өгсөн .... 2017 оны 05 дүгээр сарын 29-ний өдрийн үүрийн 05 цагийн үед би ажилчдын амрах байранд унтаж байтал манай найз С нэг шил Болор архи барьчихсан орж ирээд бид хоёр уулзаад би тэнд унтаж амарч байсан манай ажилчны эхнэрийг босгоод хоол хийлгээд идээд сууж байтал гаднаас Т /Дээмээ/ орж ирээд надтай сайн байна уу гэж мэндлээд үгийн зөрүүгүй Сын толгой руу жижиг модон сандлаар нэг удаа цохисон юм. Тэгээд л С, Т хоёр маргалдаад барьцалдаад зодолдоод эхлэхээр нь би босоод салгаад Тыг гаргаад машинд нь хүргэж өгсөн юм. Тэгээд эргээд амрах байранд ороод иртэл гаднаас Т орж ирээд дахиад С луу дайрсан юм. Тэгээд тэр хоёр ноцолдож эодолдоод байрнаас гарсан юм. Тэгээд л байрнаас гараад С Тыг хутгалсан байх. Би бол ягхутгалж байхыг нь хараагүй ээ. С Т хоёр эодолдоод дараа нь Тын ар нуруунаас нь цус гарч байсан юм. Тэгээд л Тыг хамт явсан хүмүүс нь аваад эмнэлэг явсан байх. Т С хоёр урьд шөнө нь хэрэлдээд салцгаасан байсан юм байна лээ. Яг миний хажууд бол ямар ч хэрүүл маргаан хийгээгүй гаднаас Т орж ирээд л Сыг модон сандлаар цохиод л тэгээд л тэр хоёрын дунд хэрүүл маргаан үүссэн юм. Тухайн үед Ттай хамт машинтай явсан 2-3 хүн байсан байх. Би тэр хүмүүсд нь Тыг хүргэж өгөөд явцгаа гэж хэлж байсан юм. Ттай машин дотор Өөгөө нэг бацаантай хоёулаа байсан байх. Т архи уугаагүй эрүүл байх шиг байсан юм. Харин манай найз С бид хоёр бага зэргийн согтуу байсан юм. Т Сыг сандлаар толгой руу нь црхисон, боож унагаасан, тэгээд нэлээд цохиод байсан. С Тыг дийлэхгүй байсан гэх мэдүүлэг /Хх-н 21 дүгээр хуудас/
Гэрч Д.Өл мөрдөн байцаалтад өгсөн .... 2017 оны 05 сарын 28-ны өдрийн өглөө 11 цагийн үед Баруунхараад С.Ттай таарсан чинь Орхонтуул сумын Цээл гэх газар алт гарч байгаа гэхээр нь би цуг явахаар болоод тус өдрийн ооой 22 цагийн үед байхаа С.Т түүний бригадийн 2 залуутай цуг 4-лээ алт гарч байгаа газарлуу яваад хэдэн чулуу аваад Баянгол сумын Хараа 1-р багийн нутаг дэвсгэр Бор Толгой гэх газар үйл ажиллагаа явуулах алтны тээрэм дээр 2017 оны 05 сарын 28-29-нд шилжих шөнө 04 цагийн үед ирсэн Наранбаатаоын тээрэм дээр очсон чинь очитой байхаар нь С.Т Натай уулзаад очир захих гэж орсон гадаа машин Д.Га бид 2 унтаж байсан тэгсэн Га дотор зодоон болоод байх шиг байна ороод харчихаад ирье гээд орсон Га гарч ирэхгүй байхаар нь араас нь ортол С.Т хутгапуулаад нуруунаас нь цус гарч байсан На, С.С нар согтуу байж байсан тэгэхээр нь би юу болоод байгаа юм бэ гэж хэлээр С.Түвшикжаргалыг аваад Баруунхараагийн эмнэлэгрүү явсан. 2017 оны 05 сарыи 28-ны өдрийн орой 22 цаг өнгерч байхад С.Т бид нар машинтай Орхонтуулын алт гарч байгаа Цээл гэх газарлуу явж байтал замд С.С чулуугаа аваад Бор толгойруу явсан тэгсэн С.Т гэрлээ дохиж зогсоогоод машиныхаа цонхыг буулгаад хэдэн чулуутай явж байгаа юм архи уугаад ажлаа хийхгүй юм ийм бага чулуутай явж байгаа юм уу гээд молодок байна уу гэж асуусан байхгүй гэсэн бололтой тэгээд яваад өгсөн. Тэгэхэд л жоохон ам муруйх шиг болсон шөнө амрах байран дотор юу болсныг би мэдэхгүй байна. С.Тын нуруунаас цус гарчихсан цусыг нь На дарчихсан зогсож байсан С.С хажууд нь юу дугарахгүй хараад зогсоод байсан тэгээд бид нар аваад явсан чинь араас чинь очно гэж байсан. С.Тыг амрах байрны гадаа С.Сүххбаатар хутгалсан гэж Га надад хэлсэн Га харсан юм шиг байна лээ. Амрах байранд На, С.С, С.Түвшинжаргрл, мөн тогооч хүүхэн байсан өөр хүн байгаагүй С.Т, С.С нар ноцолдож байхад нь С.С хутгалсан юм шиг байна лээ. С.Т өдөржингөө надтай цуг явсан тэгэхэд нуруундаа гэмтэл шархгүй мөн толгой нь бас зүгээр байсан. Баруунхараагийн эмнэлэгрүү явж байхад толгой, нуруунаас нь цус гарч байсан гэх мэдүүлэг /Хх-н 35-36 хуудас/
Гэрч Б.Га мөрдөн байцаалтад өгсөн .... 2017 оны 05 сарын 28-ны өдрийн 22 цагийн үед байхаа би гэрт байж байтал С.Т манай гэрт ирээд уул явъя гэхээр нь зөвшөөрөөд явсан тэгээд С.Т, Өл, Ундрах нарын хамт Орхонтуул сумруу явсан тэгсэн замдаа Сүмбэр, Бортолгой гэх газрын голд машинтай явж байгаад С.Стай таарсан С.Т машинаа зогсоогоод С.Стай уулзаад чулуугаа хараад С.Сыг ямар бага ажил хийдэг юм гээд ам мурийх шиг болсон тэгээд цаашаа явсан бид нар Орхонтуул сумруу очоод алт гарч байгаа газраас 1 шуудай чулуу аваад буцаад Бортолгойн алтны тээрэмд тээрэмдүүлэхээр ирээд2017 оны 05 сарын 28-29-нд шилжих шөнө 02-03 цагийн үед очсон тэгсэн бид На ахын тээрэмд чулуугаа тээрэмдүүлэхээр болоод С.Тыг На ахын амрах байрлуу очир асуучихаад ирье гээд орсон гадаа машинд Өл бид 2 сууж байтал амрах байрны цонхоор С.Т хүнтэй барьцалдаад авах шиг болсон тэгэхээр нь би машинаас буугаад амрах байрлуу ороход С.Т, С.Сүхбаатэр нар маргалдчихсан хоорондоо заамдалдаад зогсож байсан би боль гээд дундуур нь салгахаар орсон тэгсэн С.С С.Тыг шөлтэй хоол аягалдаг хоолны халбагаар цохих гээд байхаас нь би аваад тавьсан тэгээд С.Тыг На ах аваад гарч байтал С.С араас нь модон сандал аваад шидсэн чинь яг толгойг нь оносон тэгээд С.Т алив чи гараад ир гэсэн чинь С.С нь шүүгээнээс хайгаад байсан тэгснээ С.Тын араас очоод хутгалсан тэгэхэар нь боль гээд салгасан чинь ингээд чамайг алчихъя гээд дахиад нэг хутгалсан яаж байгаа юм гэж хэлээд С.Тын нуруунаас гарч байгаа цусьг подволькоороо дараад эмнэлэгрүү аваад явсан. Намайг ороход С.Т, С.С нар барьцалдаад авчихсан байсан дотор яг юу гэж ярьсныг би мэдэхгүй юм гэхдээ өмнөх өдөр нь бид нарыг Орхонтуул явж байхад С.Т С.Стай таараад чулуугаа харчихаад яасан бага чулуу бэлддэг юм гээд тэр 2-н дунд маргаан гарсан тэгээд яваад өгсөн тэрнээс болж шөнө маргасан юм шиг байна лээ. С.Тыг На ах аваад гарч байхад араас С.С сандал шидсэн тэгсэн толгойг оносон С.Т С.Сыг сандлаар цохьсон эсэхийг би мэдэхгүй байна. С.Тыг С.С хутгалсан би харсан уг нь С.С шүүгээнээс юм хайгаад байсан тэгсэн удалгүй араас нь очиж хутгалсан. С.Тын зүүн далны орчимд 2 удаа хутгалсан эхлээд нэг хутгалчихаад 2 дахь хутгалахдаа ингээд алчихъя гэж байсан. Уг хутга нь мөн байна гэх мэдүүлэг /Хх-н 39-40 хуудас/
Гэрч Г.Ал мөрдөн байцаалтад өгсөн .... 1977 оны 03 сарый 06-ны өдөр Сэлэнгэ аймаг Мандал суманд төрсөн, багадаа 1 дүгээр цэцэрлэгт хүмүүжиж байгаад тус хотын 03 дугаар сургуульд орж 8 дугаар анги төгсөөд байж байгаад дараа нь Төмөр замын билүү нэг гагнуурын коллежид суралцаж төгссөн бүрэн дунд боловсролтой. Гэр бүлийн хувьд өмнө нь нэг хүүхэнтэй сууж байгаад салсан нэг хүүхэдтэй дараа нь Д.Тодцэцэгтэй танилцаж гэр бүл болоод 5 жил болж байна одоо төрсөн хүүхэд байхгүй. Хувийн амьдралын хувьд С.С Улаанбаатар Төмөр замын Зүүнхараагийн воган Депод ажиллаж байгаад гарсан одоогоор алт чулуунд явж амьдрал ахуйгаа болгодог эхнэр Д.Тодцэцэг нь эрхэлсэн тодорхой ажилгүй нэг дэлгүүр ажиллуулж амьдардаг. С.С өмнө нь хэрэгт холбогдож байгаагүй үг дуу цөөнтэй төлөв даруу хүүхэд байгаа юм гэх мэдүүлэг /Хх-н 41 дүгээр хуудас/
Гэрч Д.Тодцэцэг мөрдөн байцаалтад өгсөн .... 2017 оны 05 дугаар сарын 28-29-нд шилжих шөнө 05 цаг өнгөрч байсан байхаа би унтаж байтал манай нөхөр С.С миний утасруу залгаад би хүнтэй муудалцаад хүн хатгачихлаа гээд уйлаад яриад байсан тэгсэн утас нь унтраад таг болсон би тухайн үед архи уусандаа ингэж байгаа юм болов уу гэж бодоод тоогоогүй юм маргааш нь энэ талаар цуг явж байсан хүнээс нь сонссон. Би С.Стай 2010 онд танилцаж 2012 онд цуг амьдрах болсон гэр бүл болоод 5 гаруй жил болж байна. С.С надтай танилцахдаа Воган Депод ажиллаж байсан тэгээд Ноён уулын алт гэж явж байгаад ажлаасаа гарсан юм тэрнээс хойш алт чулуу олборлоод л явж байна миний хувьд эрхэлсэн тодорхой ажилгүй хувиараа хөдөлмөр эрхэлдэг юм. Бид 2 нэг хүүтэй одоо 9 дүгээр ангид суралцдаг. С.С өмнө нь хэрэгт холбогдож байгаагүй даруухан хүнтэй муудалцаад байдаггүй юм тэгсэн ийм зүйл болчихоод байдаг хааяа нэг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг юм гэх мэдүүлэг /Хх-н 42 дугаар хуудас/
Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ № 7228 ...... Дүгнэлт:
1. С.Тын биед цээжний зүүн ар хэсэг дэх цээжний хөндийрүү нэвтэрсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, цээжний хөндийн хийн хураа, дагзны хуйхан дах шарх гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлээс цээжний зүүн ар хэсэг дэх цээжний хөндийрүү нэвтэрсэн хатгагдаж зүсэгдсэн шарх нь ир үзүүр бүхий зүйлийн, дагзны хуйхан дах шарх нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.
4. Дээрх гэмтэл нь амь насанд аюултай тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11 -д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй гэх /Хх-н 44 дүгээр хуудас/
Хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ № 832 ...... Дүгнэлт:
Шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн акт № 120... Дүгнэлт:
1.Сын биед тархи доргилт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боложтой.
3.2017-05-29нд үүсгэгдсэн байх боломжтой.
4.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй. /Хх-н 67 дугаар хуудас/
Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /Хх-н 7-12 дугаар хуудас/
Хувцасанд газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /Хх-н 13-17 дугаар хуудас/
Эд мөрийн баримт гэрэл зургийн үзүүлэлт /Хх-н 24 дүгээр хуудас/
С.С нь ял шийтгэгдсэн талаар ЦЕГ-ын МНБГ-ын лавлагааны санд бүртгэгдээгүй гэсэн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /Хх-н 91 дүгээр хуудас/
С.Т нь ял шийтгэгдсэн талаар ЦЕГ-ын МНБГ-ын лавлагааны санд бүртгэгдээгүй гэсэн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /Хх-н 92 дүгээр хуудас/
Шүүгдэгч нарын хохирол төлбөрөө төлөхөөр тохиролцсон баримт зэрэг болно.
Шүүхийн дүгнэлт:
Сэлэнгэ Амйаг Мандал сум дахь сум дундын Прокурорын газраас шүүгдэгч С.Ст 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч С.Тыг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11 дүгээр зүйлийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Шүүгдэгч С.С нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Хараа 1 дүгээр багийн Бор толгой гэх газарт алтны чулуу бутлах тээрмийн ажилчдын амрах байранд 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 05 цагийн орчим С.Т, С.С нар нь хоорондоо маргалдан зодолдож улмаар С.С нь иргэн С.Тын зүүн далны ар хэсэгт 2 удаа хутгалж түүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан нь шүүгдэгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч С.Т /хх 12-13, 14-15/, гэрч Н.На /хх 31-32/, Д.Өл /хх 35-36/, Н.Ою /хх 137-138/, Б.Гантулгын /хх 139-140/, нарын мэдүүлэг, шинжээч эмч Ч.Эрдэнэболорын тайлбар /хх 65/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 06 дүгээр сарын 02-ны өдрийн 7228 дугаар дүгнэлт /хх 44/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 07 дүгээр сарын 06-ны өдрийн 832 дугаар дүгнэлт /хх 63/, шинжээчийн 120 дугаар дүгнэлт /хх-67/, шинжээч эмч Г.Ган-Эрдэнийн мэдүүлэг /хх-69/, эд мөрийн баримтаар тооцож хураан авсан тэмдэглэл /хх-23/, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /17х/, гэрэл зургийн үзүүлэлт /хав 8, 9, 10, 11/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 88-92/, хохирлын баримтууд /хх 100-115/ зэрэг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт, дүгнэлт, бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж, дагаж мөрдсөн 2015 оны Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “үйлдэл эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг шүүх буцаан хэрэглэнэ.” гэж,
Мөн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй.” гэж тус тус заажээ.
2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар “бусдын биемаходид хүнд гэмтэл санаатай учруулсан бол... таваас дээш долоон жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж,
2015 оны Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан бол ...арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж,
Мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалт “зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэсэн бол ...таваас дээш арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заажээ.
2002 он, 2015 оны Эрүүгийн хуульд заасан “хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах” гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүн, түүнд оногдуулах ял хариуцлагын байдлаас дүгнэхэд шүүгдэгч С.Ст 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг оногдуулах нь түүний эрх зүйн байдлыг дордуулахгүй, энэ хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Тодруулбал, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлд “зэвсэг хэрэглэсэн” гэсэн шинжээр хүндрүүлэн үзэж байгаагүй ч оногдуулах ялын хувьд хорих ялын доод хэмжээ нь 5 жил байжээ. Харин 2015 оны Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгийн 2.4 дэх заалтад 2017 оны 07 дугаар сарын 01-нээс хойшхи “хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах” гэмт хэрэг үйлдэхдээ зэвсэг хэрэглэсэн тохиолдолд хүндрүүлэн үзэхээр болж ял хариуцлагын хувьд 5-12 жил болж хорих ялын дээд хэмжээ нь ихэссэн байна.Шүүгдэгч С.С нь 2017 оны 05 дугаар сарын 29-ны өдөр гэмт хэрэг үйлдсэнг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан 2-8 жилийн хооронд буюу хорих ялын доод хэмжээг багасгасан хуулийг хэрэглэх нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахааргүй байх тул шүүгдэгч С.Ст холбогдох 96 дугаар зүйлийн 96.1-т заасан гэмт хэргийн зүйлчлэлийг 2015 оны Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчлөх нь үндэслэлтэй гэж үзэв.
Шүүгдэгч С.С нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо төлж барагдуулсаныг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч С.Ст ял оногдуулахдаа шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хохирогч С.Тын зүй бус харьцаа, хууль бус үйлдэл гэмт хэрэг гаргахад нөлөөлсөн, хохирогчийн гомдол саналгүй гэх хүсэлт зэргийг харгалзан хорихоос өөр төрлийн торгох ял оногдуулах нь зүйтэй байна.
Иймд шүүгдэгч С.Сыг хүний эрүүл мэндэд санаатай хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Харин шүүгдэгч С.Т нь Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Хараа 1 дүгээр багийн Бор толгой гэх газарт алтны чулуу бутлах тээрмийн ажилчдын амрах байранд 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 05 цагийн орчим С.Т, С.С нар нь хоорондоо маргалдан зодолдож улмаар С.Т нь иргэн С.Сын толгой тус газар нь сандлаар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг санаатай учруулсан болох нь шүүгдэгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч С.Т /хх 12-13, 14-15/, гэрч Н.На /хх 31-32/, Д.Өл /хх 35-36/, Н.Ою /хх 137-138/, Б.Гантулгын /хх 139-140/, нарын мэдүүлэг, шинжээч эмч Ч.Эрдэнэболорын тайлбар /хх 65/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 06 дүгээр сарын 02-ны өдрийн 7228 дугаар дүгнэлт /хх 44/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 07 дүгээр сарын 06-ны өдрийн 832 дугаар дүгнэлт /хх 63/, шинжээчийн 120 дугаар дүгнэлт /хх-67/, шинжээч эмч Г.Ган-Эрдэнийн мэдүүлэг /хх-69/, эд мөрийн баримтаар тооцож хураан авсан тэмдэглэл /хх-23/, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /17х/, гэрэл зургийн үзүүлэлт /хав 8, 9, 10, 11/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 88-92/, хохирлын баримтууд /хх 100-115/ зэрэг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт, дүгнэлт, бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул үйлдсэн хэрэгт нь гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
Шүүх хуралдаанар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох гэрч, хохирогч нарын мэдүүлэг нь шүүгдэгч нарын гэм бурууг нотолж байх бөгөөд тэдгээрийг байцаахдаа хуулийн дагуу эрх, үүргийг нь тайлбарлан өгсөн, хууль сануулсан, хууль зөрчөөгүй байх тул хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримтууд гэж үнэллээ.
Шүүгдэгч С.Т нь шинээр батлагдсан Эрүүгийн хуулийг дагаж мөрдөхөөс өмнө буюу 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдөр гэмт хэрэг үйлдсэн боловч шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулиар шүүгдэгчид оногдуулах торгох ялын доод хэмжээ хөнгөрсөн, эрх зүйн байдал нь дээрдсэн байх тул прокуророос яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хуулийн зүйлчлэл тохирсон, мөн шүүгдэгч С.Т нь хохирогч С.Сыг цохиж зодсон үйлдэл нь хувийн таарамжгүй харьцаанаас болсон байх ба хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон нь 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангаж байна гэж үзэв.
Гэвч шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэхээр заасан тул Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газраас 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэнийг өөрчилж, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, гэмт хэрэг үйлдсэнээс хойш 6 сарын хугацаа өнгөрсөн буюу эрүүгийн хариуцлага хүлээлгэх хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр эрүүгийн хариуцлагаас чөлөөлж түүнд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99.1 зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.
Иймд шүүгдэгч С.Тд өмнө авсан бусдын батлан даалтанд байлгах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгох нь зүйтэй байна.
Мөн шүүгдэгчийн өмгөөлөгч дараах санал, хүсэлтийг гаргасныг шүүх хүлээн авах үндэслэлгүй байна.Үүнд:
Шүүгдэгчийн өмгөөлөгч Мөнгөнцэцэг:
“С.Сыг С.Т шууд цохьсон, гэрч На 3 удаа салгаж гаргасан боловч боолт хийгээд байсан, гэрч Н.Оюийн ноцолдоод Сыг араас нь боогоод байсан гэх, хохирогч С.Тын өөрөө мэдүүлсэн намайг боогоод байсан болохоор аргагүй эрхэнд хүнд байдал, хүчинд автсан гэх мэдүүлэг зэргээр шүүгдэгч нь сэтгэл санаа хүчтэй цочрон давчидсаны улмаас хүнд хохирол учруулсан байх тул 2015 оны Эрүүгийн хуулийн 11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, гэмт буруутайд тооцох гэсэн саналын тухайд:
Хохирогч С.Тд учирсан хүнд гэмтэл нь шууд хүч үйлчилсний улмаас үүссэн болох нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хууль зүйн дүгнэлт хийгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгч С.Сыг тус хэргийг санаатай үйлдсэн гэж дүгнэсэн болно.
Иймд С.Сыг санаа сэтгэл хүчтэй цочрон давчидсаны улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан гэж үзэж 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлд зааснаар гэмт буруутайд тооцох, энэ тухай дүгнэлт хийх нь боломжгүй, үндэслэлгүй, шударга ёсны заримд нийцэхгүй болно.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан 19.2 см урттай нэг ширхэг хутгыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хохирогч нар гомдол саналгүй болохыг тус тус дурьдаад шүүх хуралдаанаас
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 5.1, 5.2, 5.3, 5.4, 8 дах хэсэг, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.3, 2.4, 3 дах хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
Тогтоох нь:
1. Шүүгдэгч С.Тыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлд зааснаар Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газраас 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэнийг өөрчилж, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч С.Сыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлд зааснаар 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэнийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар С.Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн үйлдлийг гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дүгээр зүйлийн 72.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.
3.2015 оны Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.Сыг 10000 нэгжтэй тэнцэх буюу 10 000 000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар С.Сын торгох ялыг нэг жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.С нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногийн хорих ялаар солихыг шүүгдэгч С.Ст мэдэгдсүгэй.
6.Шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хохирогч нар гомдол саналгүй болохыг дурьдсугай.
7.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан 19.2 см урттай нэг ширхэг хутгыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүгчийн туслах Д.Батсайханд даалгасугай.
8. Шүүгдэгч С.Тд өмнө нь авсан таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, шүүгдэгч С.Ст авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ Д.РЕНЧЕНХОРОЛ
ШҮҮГЧИД Б.АЛТАНЦЭЦЭГ
Б.ХЭРЛЭН