Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 08 сарын 08 өдөр

Дугаар 2023/ДШМ/794

 

               2023            8             08                                       2023/ДШМ/794

Д.Бад холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч Г.Ганбаатар, Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Сарантуяа,

хохирогч Д.Жын өмгөөлөгч Б.Оюунбилэг,

шүүгдэгч Д.Б, түүний өмгөөлөгч Б.Нандин-Эрдэнэ,

нарийн бичгийн дарга Д.Тунгалаг нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 2023/ШЦТ/523 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Нандин-Эрдэнийн гаргасан давж заалдах гомдлоор шүүгдэгч Д.Бад холбогдох 2309000000128 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 7 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Д.Б, 0000 оны 00 дүгээр сарын 00-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 00 настай, эрэгтэй, дээд боловсролтой, бизнесийн удирдлага мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 0, Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хороо, Хайрхан 0 дүгээр гудамжны 2 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, “**********” хотхоны 0-00 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:**0000000/;

Шүүгдэгч Д.Б нь 2022 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, “Тэлмүүн таур” хотхоны 32 тоотод урьд хамтран амьдарч байсан хохирогч Д.Жтай тухайн үед үүссэн таарамжгүй харилцаанаас болж маргалдаж, улмаар гэрээсээ гаргахаар хүч хэрэглэн татаж чангаан зууралдан ноцолдож зодолдсоны улмаас эрүүл мэндэд нь баруун, зүүн бугалга, шуу, гуя, шилбэний цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Д.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Д.Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Быг 700 нэгж буюу 700.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Д.Б нь шүүхээс тогтоосон торгуулийн ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцон хорих ялаар солихыг мэдэгдэж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, Д.Б нь цагдан хоригдсон хоноггүй, төлөх төлбөргүйг дурдаж, Д.Бад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Нандин-Эрдэнэ давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн 2023/ШЦТ/523 дугаартай шийтгэх тогтоолд “Шүүгдэгч Д.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийг зодож, өшиглөөгүй. Гэмтэл учруулах санаа зорилго байгаагүй гэж мэдүүлсэн боловч хохирогчийг гэрээсээ гаргахаар ноцолдож, чирч, татах зэргээр хүч хэрэглэн гаргасан болохоо хүлээн зөвшөөрсөн болно. Хүчээр гаргах явцад дээрх хүчний үйлчлэлээр хохирогчид “...баруун, зүүн бугалга, шуу, гуя, шилбэний цус хуралт” бүхий хөнгөн хохирол учирсан нь шинжээчийн дүгнэлтээр нотлогдсон, дээрх гэмтэл шүүгдэгчийн үйлдэлтэй шууд шалтгаантай холбоотой байна” гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь, шүүгдэгч Д.Бад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах”-аар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн. Тус Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн гэм буруугийн шинж нь “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэсэн гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр илэрнэ.

Гэтэл анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын дүгнэлтэд “Хүчээр гаргах явцад дээрх хүчний үйлчлэлээр хохирогчид “...баруун, зүүн бугалга, шуу, гуя, шилбэний цус хуралт...” бүхий хөнгөн хохирол учирсан нь шинжээчийн дүгнэлтээр нотлогдсон, дээрх гэмтэл шүүгдэгчийн үйлдэлтэй шууд шалтгаантай холбоотой байна.” гэж гэмт хэргийн объектив шинж талаас буюу шүүгдэгч Д.Бын үйлдэл хохирогчид учирсан гэмтлийн шалтгаант холбоогоор шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож байгаа нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна.

Учир нь, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нь шинэ жилийн арга хэмжээнээс хоцрох гээд байсан тул 102-т дуудлага өгсөн гэж худал хэлэн хохирогчийн хоёр гарны шуунаас татан гэрээсээ гаргасан гэдгээ илэрхийлдэг бөгөөд энэ талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч, сэжигтэн, яллагдагчаар мэдүүлэг өгөхдөө нэгэн адил мэдүүлдэг.

Гэтэл анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд “шүүгдэгч Д.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийг зодож, өшиглөөгүй гэмтэл учруулах санаа зорилго байгаагүй гэж мэдүүлсэн боловч хохирогчийг гэрээсээ гаргахаар ноцолдож, чирж, татах зэргээр хүч хэрэглэн гаргасан болохоо хүлээн зөвшөөрсөн тул” гэж зөвхөн шүүгдэгчийн объектив үйлдэлд ач холбогдол өгч зүйлчлэгдэж буй гэмт хэргийн үндсэн шинж болох гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн эсэхэд дүгнэлт өгөөгүй, тийнхүү санаатай гэмт хэрэг үйлдсэн болохыг тогтоож чадаагүй мөртлөө санаатай гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосныг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Хохирогч нь шүүхийн хэлэлцүүлэгт “шүүгдэгчийн гэрээс машины түлхүүр хайсан, гарахгүй байсан” гэдгээ илэрхийлсээр байхад түүнд дүгнэлт өгөөгүй. Мөн хохирогч анх цагдаагийн байгууллагад гэрчээр мэдүүлэг өгөхдөө шүүгдэгч түүний толгойн орой дээр гараараа 2 удаа цохисон, пиджакны захаар хоолой боож чирсэн” гэж мэдүүлсэн нь шинжээчийн дүгнэлтээр үгүйсгэгдсэн. Энэ талаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд дурдсан буюу хохирогч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад худал, зөрүүтэй мэдүүлэг өгсөн нь тогтоогдож байна.

Тиймээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг тайлбарлах тухай 2023 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 24 дугаартай Нийт шүүгчдийн хуралдааны тогтоолын тайлбарлах нь хэсгийн 1.2-д “гэм буруутай эсэхэд” гэдэгт гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр болон гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг тогтоон тодорхойлоход үүссэн үндэслэл бүхий эргэлзээг хамааруулж үзнэ. Шүүгдэгчийн гэм буруутайг тогтоож буй нотлох баримтын эх сурвалж нь хангалттай, хүрэлцэхүйц, эргэлзээгүй буюу үнэн бодит, хүлээн зөвшөөрөхүйц эсэхэд үүссэн эргэлзээ нь дээрх ойлголтод нэгэн адил хамаарна” гэж заасны дагуу шүүгдэгч Д.Бын хохирогчид гэмтэл учруулах гэсэн зорилго байсан эсэхийг тогтоолгүйгээр, мөн түүнийг зодсон гэх хохирогчийн мэдүүлэг эргэлзээтэй байхад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заасныг зөрчиж, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан.

Мөн шүүгдэгч нь хохирогчийг гэрээсээ гаргах гэж 2 гарын шуунаас нь татсан үйлдэлдээ санаатай мэт байх хэдий ч хохирогчийн гарт учирсан хөнгөн гэмтэл учрахыг хүсэж үйлдээгүй, түүнд зориуд хүргээгүй гэдэг нь хэргийн материал болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбараас тогтоогдож байна. Энэ нь шүүгдэгч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруугийн холимог хэлбэрийг хангаж байгаа бөгөөд зүйлчилж буй Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан санаатай гэмт хэргийн шинжийг хангаагүй байхад тийнхүү ял шийтгэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Иймд дээрх үндэслэлүүдийг харгалзан үзэж Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 2023/ШЦТ/523 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

Хохирогчийн өмгөөлөгч Б.Оюунбилэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хохирогч Д.Жын гуя, шилбэ, шуунд хөнгөн зэргийн гэмтэл учирсан. Хохирогч Д.Ж, Д.Б нар нь таарамжгүй харилцааны улмаас маргалдаж Д.Б нь Д.Жын биед хүч хэрэглэж, зодож цохисны улмаас Д.Жын биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан. Шүүгдэгч Д.Бын өмгөөлөгч Б.Нандин- Эрдэнэ “хүч хэрэглэх явцад дээрх гэмтлүүд учирсан” гэж хэлж байна. Хүний биед хүрч байгаа үйлдэл нь санаатай үйлдэл юм. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан учраас хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Шүүгдэгч Д.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие хууль, эрх зүйн мэдлэг дутмаг учраас өмгөөлөгч авч шүүх хуралдаанд оролцсон. Өмгөөлөгчийнхөө гаргасан саналтай нэг байр суурьтай байна. Надад хүний биед гэмтэл учруулах гэсэн санаатай үйлдэл байгаагүй” гэв.

Прокурор Б.Сарантуяа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч Д.Бын өмгөөлөгч Б.Нандин-Эрдэнэ нь гэм буруугийн хэлбэрийн хувьд давж заалдах гомдол гаргасан гэж ойлгож байна. Аливаа хүний биед хүрч байгаа, хүч хэрэглэж байгаа үйлдлийн улмаас гэмтэл учирна гэдгийг насанд хүрсэн ямар ч хүн мэднэ. Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Д.Б нь хохирогч Д.Жын биед гэмтэл учрахыг мэдсээр байж хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн байна. Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байх тул хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянав.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудын талаар шалгасан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Д.Б нь 2022 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, “Тэлмүүн таур” хотхоны 32 тоотод урьд хамтран амьдарч байсан хохирогч Д.Жтай тухайн үед үүссэн таарамжгүй харилцаанаас болж маргалдаж, улмаар гэрээсээ гаргахаар татах, чангаах, хөл рүү өшиглөх, шалан дээгүүр чирэх, зууралдан ноцолдох зэргээр хүч хэрэглэн эрүүл мэндэд нь баруун, зүүн бугалга, шуу, гуя, шилбэний цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Д.Жын “...над руу уурлаж намайг зодох гэж дайрахаар нь жижиг өрөө рүү нь ороод хаалгаа дотроосоо түгжсэн боловч хаалга эвдэж орж ирээд миний баруун зүүн гарны бугалганаас татаад газар унагааж, хөл гар руу өшиглөж, гэрийнхээ хаалга хүртэл чирсэн. ...” /хх 7/,

Д.Бын сэжигтнээр өгсөн “...Д.Ж манай гэрээс гарахгүй шалан дээр суугаад байхаар нь гарнаас нь татсан, чангаасан, зууралдаж ноцолдож байж гаргасан. ... хүч хэрэглэж гаргасан. ... Д.Жд олон удаа шаардлага тавьсан боловч гэрээс гарахгүй байхаар нь хүчээр чирч гаргасан” /12-13, 62/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 688 дугаар “...Д.Жын биед баруун, зүүн бугалга, шуу, гуя, шилбэний цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. ...Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...” /хх 16/ гэсэн дүгнэлт зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Шүүгдэгч Д.Быг хохирогч Д.Жд хүч хэрэглэсний улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Шүүгдэгч Д.Бын хохирогч Д.Жыг татах, чангаах, хөл рүү өшиглөх, шалан дээгүүр чирэх, зууралдан ноцолдох зэргээр хүч хэрэглэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Түүнчлэн анхан шатны шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд баримтлах Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнүүдийн агуулга буюу гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан оногдуулсан торгуулын ял нь шүүгдэгч Д.Бын гэм бурууд тохирчээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Нандин-Эрдэнэ “...Д.Бын үйлдэл хохирогчид учирсан гэмтлийн шалтгаант холбоогоор шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож байгаа нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. ... шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн бүх шинжийг агуулж буй үйлдэл хийсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг бөгөөд гэмт хэргийн шинж гэдэгт нийгэмд аюултай тодорхой үйлдлийг гэмт хэрэг гэж тодорхойлж буй Эрүүгийн хуульд заасан тухайн гэмт хэргийн объектив болон субъектив талын шинжүүдийн нэгдлийг ойлгодог.

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинж нь гэм буруутай этгээдийн үйлдэл, эс үйлдэхүйн улмаас бусдын эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан байхыг шаарддаг. Өөрөөр хэлбэл, гэм буруутай этгээдийн хууль бус үйлдэл, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирол хоорондын шалтгаант холбоо нь уг гэмт хэргийн объектив талын шинжийг бүрдүүлдэг болно.     

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд хохирогч Д.Жын “...миний баруун, зүүн гарны бугалганаас татаад газар унагааж, хөл гар руу өшиглөсөн. ...” /хх 7/, “...миний баруун зүүн гарны бугалга хэсэг рүү хоёр гараараа базаад өөр рүүгээ татаад байсан. ...миний баруун, зүүн хөлний гуя руу өшиглөөд байсан. ...” /хх 8/ гэсэн тогтвортой мэдүүлгүүд нь Д.Бын сэжигтнээр өгсөн “...цагдаа дуудаагүй, би өөрөө гар хөлнөөс нь татаж чангааж гэрээсээ хөөж гаргасан, ...гарнаас нь татаж чангаасан, зууралдаж ноцолдож байж гаргасан. ...” /хх 12/, “...Д.Жд олон удаа шаардага тавьсан боловч гэрээс гарахгүй байхаар нь хүчээр чирч гэрээсээ гаргасан. ...” /хх 62/ гэсэн мэдүүлгүүд, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 688 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 16/ зэргээр давхар нотлогджээ.

Хохирогч Д.Жын эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирол нь шүүгдэгч Д.Бын гарын бугалганаас нь базах, татах, хөл рүү нь өшиглөх, чирэх зэргээр хохирогчийг өөрийн эрхшээлд оруулах, эсэргүүцлийг нь дарах зорилго бүхий идэвхтэй үйлдлийн улмаас үүсгэгдсэн байна.

Шүүгдэгч нь бусдын бие махдодид хүч хэрэглэн халдвал аливаа хохирол учрах боломжтой гэдгийг мэдэж, ухамсарласан атлаа хохирогчийн биед халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсныг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдлээ хэрэгжүүлсэн гэж үзнэ.

Анхан шатны шүүх Д.Бад холбогдох хэргийн нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдлыг дүгнэж, харьцуулан шинжилж, тэдгээр нотлох баримтын үнэн зөв байдлын нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсарт тулгуурлан, үнэлж шийдвэрлэжээ.

Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Нандин-Эрдэнийн гаргасан “эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох” агуулга бүхий гомдлыг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 2023/ШЦТ/523 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Бын өмгөөлөгч Б.Нандин-Эрдэнийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Л.ДАРЬСҮРЭН

                        ШҮҮГЧ                                                           Г.ГАНБААТАР

                        ШҮҮГЧ                                                            Т.ӨСӨХБАЯР