Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 10 сарын 22 өдөр

Дугаар 128/ШШ2024/0823

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна даргалж, шүүгч Т.Мөнх-Эрдэнэ, шүүгч С.Ганбат нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Н******* ХХК, 

Хариуцагч: Байгаль орчин, аялал жуулчлалын сайд,

Гуравдагч этгээд: Э******* ХХК,

Маргааны төрөл: Газар ашиглах хүсэлтэд нь татгалзаж, өөр этгээдэд ашиглах эрх олгосон шийдвэрийг илт хууль бус болохыг тогтоолгохоор маргасан захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Э, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.О, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Д.У, иргэдийн төлөөлөгч О.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Дэлгэрмөрөн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:

1.1. Нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн дугаар “Э******* ХХК-д газар ашиглах эрх олгосон” тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж тодорхойлжээ.

Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

2.1. Н******* ХХК нь 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд Арцатын аманд 1943 м.кв хэмжээтэй газар ашиглах хүсэлтийг Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд гаргасан.

2.2. Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн тоот албан бичгээр “... байршил нь нийтийн эзэмшлийн зам талбай, бусад иргэн аж, ахуй нэгж байгууллагын орц гарц хаасан, солбицлын нэг цэг бусад газар ашиглагч нартай давхацсан” гэх үндэслэлээр хүсэлтийг шийдвэрлэх боломжгүйг мэдэгдсэн хариу өгсөн.

2.3. Н******* ХХК нь 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд “... тоот албан бичигт дурдсан асуудлыг залруулсан” хэмээн 1466 м.кв хэмжээгээр газар ашиглах хүсэлтээ дахин гаргасан,

2.4. Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн ******* тоотоор “Тусгай хамгаалалттай газар нутаг дэвсгэрт газар ашиглах, зөвшөөрөл олгох журам болон Тусгай хамгаалалттай газар нутаг дахь эко аялал жуулчлалын зориулалттай байр сууц, үйлчилгээнд тавих нийтлэг шаардлага стандарт зөрчигдөж байна” гэх үндэслэлээр  хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй гэсэн хариу өгсөн.

2.5. Н******* ХХК нь 2021 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн тоот албан бичгээр Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд дахин хандан хүсэлтээ гаргасан.

2.6. Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас 2021 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн ******* тоот албан бичгээр “ ... 2020 оны дүгээр тушаалаар ашиглах эрх олгосон байршилтай давхцаж байна. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт “хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг байдлаар давхцаагүй байна” гэж заасныг зөрчиж байгаа тул газар ашиглах хүсэлтийг уламжлах боломжгүй” гэх хариу өгсөн.  

2.7. Н******* ХХК 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдөр мөн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад гомдол гаргаж, гомдолдоо холбогдуулж 8 дугаар сарын 03-ны өдөр нэмэлт материал хүргүүлж, 08 дугаар сарын 31-ний өдөр мэдээлэл хүссэнээр, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн тоот албан бичгээр өгсөн хариуг эс зөвшөөрч 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

Гурав. Маргаж буй үндэслэл, талуудын тайлбар:

3.1. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагын үндэслэлдээ: “...Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д дараах тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно, 47.1.1-д утга агуулгын илэрхий алдаатай; 47.1.6-д захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй гэсэн тохиолдлуудаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн дугаар тушаал нь илт хууль бус юм.

Манай компани Хан-Уул дүүргийн ** дүгээр хороо буюу Богдхан уулын Арцатын аманд бусдын эзэмшил, ашиглалтын газартай давхцаагүй газар сонгон хашаажуулсан. Улмаар уг сонгосон газартаа стандарт, тав тухтай байдлыг эрэлхийлэгч гэр бүлийн аялагчдад зориулсан жуулчдын төв байгуулах зорилгоор төсөл боловсруулан газар ашиглах эрх хүсэж 2017 оноос хойш хөөцөлдсөн.

Хүсэлтээ бичгээр гаргахаас гадна холбогдох ажилтнуудтай маш олон удаа биечлэн уулзаж байсан бөгөөд тэр болгонд “судалж байна, хугацаа сунгасан, удахгүй шийдэж өгнө, тийм юм болохгүй, ийм юм болохгүй байна” гэхчлэн элдэв арга заль хэрэглэсээр эцэст нь манай газрыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны тушаалаар бусдад олгогдсон талаар хариу өгсөн. Богдхан ууланд газар олгох асуудал нь цэвэр бизнес, мөнгө олох арга болсон байх бөгөөд шан харамж өгдөггүй, танил тал байхгүй газрын асуудлыг бол элдэв шалтаг шалтгаанаар шийддэггүй хойшлуулдаг, гацаадаг бөгөөд ингэж байх хоорондоо ашиглаж байгаа этгээдийн эрх, түүний ашиглалтын байдлыг үл харгалзан бусдад олгодог луйврын аргачлал тогтсон байна. Хэрэв Богдхан ууланд газар олгох асуудал нь бизнес болоогүй, холбогдох хууль тогтоомжийн дагуу явагдсан бол манай компани өөрийн хашаалан бодит байдлаар олон жилийн хугацаанд ашиглан хөөцөлдөж буй газрын ашиглах эрхээ авах ёстой юм. Гэтэл газар олгох асуудал хууль тогтоомжийн дагуу явагдаагүй, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд нь илт хууль бус захиргааны акт гаргах замаар хууль тогтоомжийг дараах байдлаар зөрчин газрыг бусдад олгосноор манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөд байна.

1/ Утга, агуулгын илэрхий алдаатай талаар. Захиргааны ерөнхий хуулийн 39.1-д "Захиргааны актын агуулга ойлгомжтой, тодорхой байна" гэж, 40.2-т Бичгээр гаргасан захиргааны акт дараах шаардлагыг хангасан байна, 40.2.3-т захиргааны актыг гаргах бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийг заах; 40.4-т Захиргааны актад тухайн захиргааны акт гаргах шаардлага бүхий бодит нөхцөл байдлыг тодорхой заана. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 47.1-д Дараах тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно:  47.1.1-д утга агуулгын илэрхий алдаатай гэж тус тус хуульчилсан.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд нь 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр дугаар тушаал гарган эрх мэдэл, албан тушаалын байдлаа ашиглан бусдад газар ашиглах эрх олгох, барилга байшин барих боломж олгох зорилгоор Захиргааны ерөнхий хуулийн 39.1, 47.1.1 дэх зохицуулалтыг зөрчин утга агуулгын илэрхий алдаатай захиргааны акт гаргасан гэж үзэж байна.

Тодруулбал, тушаалын 1 дэх хэсэгт "...Э******* ХХК-д 5139 м² газарт аялагч, зөвшөөрөл бүхий хүн түр буудаллах, отоглох зориулалтаар зохих журмын дагуу барьсан орон байрыг 5 жилийн хугацаагаар ашиглах эрх олгосугай" гэж заасан. Өөрөөр хэлбэл энэ тушаал нэг талаас харахаар эрх зүйн үр дагаврын хувьд шууд газар ашиглах эрх олгоогүй утга агуулгатай, нөгөө талаасаа орон байр ашиглах эрх олгосон агуулгатай, түүнчлэн нэгэнт барьчихсан орон байрыг ашиглуулах гээд байгаа юм шиг өнгөрсөн цаг дээр бичигдсэн, тэгсэн атлаа бодит байдал дээр газар ашиглах эрх олгогдон, түүн дээр нь барилга байгууламж баригдсан байдаг. Тэгвэл тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 9, 10 дугаар зүйлд зааснаар дархан цаазат газрын онцгой болон хамгаалалтын бүсэд газар ашиглах хориотой бол 11 дүгээр зүйлд зааснаар хязгаарлалтын бүсэд аялагч, зөвшөөрөл авсан хүн зөвхөн түр буудаллах, отоглох боломжтой болохоос бус аялагчийг түр буудаллуулах, отоглуулах зорилгоор газар ашиглах эрх олгох боломжгүй юм. Өөрөөр хэлбэл тусгай хамгаалалттай газарт очсон хүн тэнд түр буудаллаад, отоглож хоноод явах, ийм л зөвшөөрөл авах, өгөх хуулийн зохицуулалттай бөгөөд үүний төлөө газар ашиглах эрх олгогддоггүй.

Харин орон байрны тухайд зөвхөн ажиглалт, судалгаа шинжилгээ хийх зориулалтаар Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2 болон бусад хууль тогтоомжийн шаардлагын дагуу баригдсан (жишээ нь Хүрэл тогоот) орон байрыг ашиглах боломжтой. Ингэж орон байр ашиглах эрх олгох асуудал нь тэнд түр буудаллах, отоглох зөвшөөрөл авах, газар ашиглах эрх олгохоос бүрдүүлэх баримт бичиг, судлан шийдвэрлэх процесс, шийдвэр гаргах эрх бүхий байгууллага, албан тушаалтан, шийдвэрийн төрлийн хувьд гэхчлэн олон талаар өөр журмаар зохицуулагддаг.

Түүнчлэн аялагч, зөвшөөрөл бүхий хүн тусгай хамгаалалттай газар нутагт түр буудаллах, отоглох асуудал нь тухайн мөчид, тухайн орон нутаг буюу хамгаалалтын захиргаа, байгаль хамгаалагчийн түвшинд тухай бүр шийдвэрлэгдээд явдаг богино хугацааны түр зохицуулалтууд бөгөөд тусгай хамгаалалттай газар нутагт түр буудаллуулах, отоглуулахаар тэр болгон олон мянган тохиолдолд Сайд тушаал гаргах ёсгүй юм.

Гэтэл Байгаль орчин, аялал жуулчлалын сайд нь 2020 оны тушаалыг аялагчид түр буудаллах, отоглох эрх олгож байгаа юм шиг бичсэн боловч эрх зүйн шууд үр дагаврын хувьд орон байр ашиглах эрх (гэвч уг тушаалыг газар ашиглах эрх олгосон гэж тайлбарлаж байгаа) олгож байгаа тухай утга агуулгын илэрхий алдаатай захиргааны акт гаргасан, уг зориуд санаатайгаар утга агуулгын илэрхий алдаа гаргасан тушаалд нь үндэслэн “Э*******” ХХК нь тухайн газарт таун хаус барих замаар хууль тогтоомжийг ноцтой зөрчиж байгаа юм. Иймд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн тушаалыг илт хууль бус болохыг тогтоож өгнө үү.

Жич: Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн *** тоот тогтоолоор Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн хэрэгжилтэд хяналт, шалгалт хийж, санал, дүгнэлт гаргах  үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Б, Т.А, Б.Б, Г.М, Б.С нарын бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан юм. Уг ажлын хэсэг хяналт шалгалт хийгээд гаргасан гол дүгнэлт нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.7 дахь заалтыг гуйвуулан ашиглаж байгаа тухай асуудал байсан бөгөөд энэ чиглэлээр хууль тогтоомжийг шинэчлэхэд онцгой анхаарахаар шийдвэрлэсэн нь хууль тогтоогчийн хувьд хууль зөрчигдөж байгааг хүлээн зөвшөөрсөн нотолгоо юм.

2/ Захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй талаар. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д "захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй" тохиолдолд захиргааны акт илт хууль бус болохыг хуульчилсан. Хууль зөрчсөн буюу хуулийн үндэслэлгүй, хуульд заагаагүй үндэслэлээр, түүнчлэн хуульд үндэслээгүй, эсхүл хэлбэрийн хувьд харахад хуульд үндэслэсэн боловч хуулийн тодорхой зохицуулалт, түүний утга агуулга, зорилго чиглэлийг буруугаар ашигласан, хууль тогтоомжийг гуйвуулсан, эрх хэмжээ олгоогүй, хэрэглэх ёсгүй хууль, хуулийн зохицуулалтыг хэрэглэсэн, эрх зүйт төрийн хуульд үндэслэх зарчмыг зөрчсөн зэргээр захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй тохиолдлыг тодорхойлдог.

Манай маргааны тухайд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд нь тушаалыг гаргахдаа дараах байдлаар хууль тогтоомж зөрчсөн;

а/ Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д "Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт заасан журмыг баримтлан газар ашиглах тухай хүсэлтээ... гаргана" гэж заасан. Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.8-д "Газар ашиглах тухай хүсэлт гаргах, түүнийг хянаж шийдвэрлэх, газар ашиглах гэрээний агуулгыг тогтоох, түүнийг байгуулахад энэ хуулийн 32, 33.1.2, 33.2, 33.5, 34.1-34.5, 34.6.134.6.8, 34.6.10, 34.6.11, 34.7-34.10-д заасан журмыг баримтална" гэж заасан.

Тэгвэл Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т "энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ. Төсөл шалгаруулах, дуудлага худалдаа явуулах журмыг Засгийн газар тогтооно" гэж, мөн хуулийн 33.5-д "Энэ хуулийн 33.1.2-т заасны дагуу төсөл шалгаруулах хэлбэрээр газар эзэмших эрхийг зөвхөн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар эсхүл гадаад улс, олон улсын байгууллагын буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрт зориулж олгоно" гэж тус тус хуульчилсан. Гэтэл Байгаль орчин, аялал жуулчлалын сайд нь Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2, 33 дугаар зүйлийн 33.5 дахь заалтыг зөрчин дуудлага худалдаа явуулалгүй Э******* ХХК-д газар ашиглах эрх олгон хууль зөрчсөн.

б/ Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1-д "Төрийн захиргааны төв байгууллага нь дархан цаазат газрын... хязгаарлалтын бүс,... иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар ашиглуулах тухай шийдвэрийг хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн гаргана" гэж заасан. Гэтэл Байгаль орчны яамны бүтцийн албан тушаалтнууд хуйвалдах замаар газар ашиглах асуудлыг шийдвэрлэж хуульд заасан журмыг баримтлан дүүргийн Засаг даргын саналыг үндэслээгүй хуулийн шаардлагыг зөрчсөн.

Байгаль орчны сайдын 2001 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 218 дугаар тушаалаар батлагдсан "Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах зөвшөөрөл олгох түр журам"-ын 2.2-т "...иргэн, аж ахуйн нэгж байгууллагын газар ашиглах тухай өргөдөл, хүсэлт, хэрэгжүүлэх төслийг хянан үзээд Тусгай хамгаалалттай газар нутгийн менежментийн төлөвлөгөөнд заагдсан газар ашиглуулах чиглэл, байршилд нийцсэн бол..." судлан үзэхээр, 3.1.-т "... иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хэрэгжүүлэх төслийг доорх шалгуураар хянан үзнэ. Тухайн тусгай хамгаалалттай газар нутгийн менежментийн төлөвлөгөөний чиглэл, зорилгод тохирсон эсэх" гэж тус тус заасан. Тэгвэл Байгаль орчин, аялал, жуулчлалын сайд нь Богдхан уулын дархан цаазат газар нутгийн менежментийн төлөвлөгөө байхгүй, заагдсан газар ашиглуулах чиглэл, байршилд нийцээгүй байхад Э******* ХХК-ийн хүсэлтийн дагуу газар ашиглуулах агуулгаар тушаал гаргасан нь хууль тогтоомж зөрчсөн.

в/ Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-т зааснаар дархан цаазат газарт газар хагалах, ухах, 12.5-д зааснаар ажиглалт, судалгаа шинжилгээ хийх зориулалтаас өөр орон байр барихыг хориглосон. Өөрөөр хэлбэл аялагч, зөвшөөрөл бүхий хүн хамгаалалтын захиргаа, байгаль хамгаалагчаас зөвшөөрөл аваад түр буудаллаад явах, отоглоод хөдлөх ийм л хуулийн зохицуулалттай. Гэтэл Байгаль орчин, аялал жуулчлалын сайд нь газар ашиглах эрх олгох зорилгоор хуулийн үг хэллэгийг гуйвуулан ашиглах замаар Э******* ХХК-д газар ашиглах талаар ямар нэг хүсэлт гаргаагүй байхад нь газар ашиглах эрх, орон байр ашиглах хүсэлт гаргаагүй байхад нь орон байр ашиглах эрх олгон хууль зөрчсөн.

Тодруулбал, “Э*******” ХХК нь газар ашиглах хүсэлт гаргаагүй, харин "...6000 м² талбайд аялал жуулчлалын бааз байгуулах хүсэлтэй байгаа тул байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээ хийлгэхийг дэмжиж тодорхойлолт гаргаж өгнө үү" гэсэн хүсэлт гаргасан байхад Байгаль орчин, аялал жуулчлалын сайд нь түүний агуулгыг нь газар ашиглах хүсэлт болгон, талбайн хэмжээг нь 5139 м² болгон тус тус өөрчлөх замаар шийдвэр гаргасан (гэрлийн хурдаар 1 сарын хугацаанд) нь хууль зүйн үндэслэлгүй юм. Энэ нь Э******* ХХК-д газар ашиглах эрх олгох ажиллагаа ямар байдлаар явагдсаны нотолгоо юм.

            г/ Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2-т "Тухайн газрыг хоёр буюу түүнээс дээш этгээд ашиглах хүсэлт гаргавал газар ашиглалтын зориулалт, байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл, байгаль орчныг хамгаалах талаар авах арга хэмжээний зардал зэргийг харгалзан сонголт хийнэ" гэж заасан.  Өөрөөр хэлбэл Байгаль орчин, аялал жуулчлалын сайд нь “Н*******” ХХК нь тухай газрыг 2017 оноос хойш хашаалан хамгаалалтын хашаа хайс хийчихсэн, гэр барьчихсан, уг газраа ашиглах хүсэлтээ удаа дараа өгч гурав дөрвөн жил хөөцөлдсөөр байтал тухайн газрыг нь ашиглахаар өөр этгээд хүсэлт гаргахад Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь зохицуулалтыг хэрэгжүүлэлгүй хууль зөрчсөн.

д/ Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.7-д зааснаар хязгаарлалтын бүсэд зөвхөн аялагч, зөвшөөрөл бүхий хүн түр буудаллах, отоглохыг зөвшөөрдөг. Өөрөөр хэлбэл ууланд алхах, салхинд гарах, аялахыг зөвшөөрдөг бөгөөд харин уг зорилгоор газар ашиглах эрх олгогддоггүй. Харин орон байрны тухайд зөвхөн ажиглалт, судалгаа шинжилгээ хийх зориулалтаар зохих журмын дагуу барьсан орон байрыг ашиглахыг зөвшөөрдөг. Өөрөөр хэлбэл одон орон судлалын зорилгоор баригдсан Хүрэл тогоот шиг зохих журмын дагуу баригдсан орон байрыг ашиглахыг зөвшөөрдөг, ингэхдээ тухайн орон байрыг барих асуудал нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2 болон 27.8, 41 дүгээр зүйлд заасан зохицуулалтын дагуу тусгай журмаар зөвшөөрөл авч батлагдсан хүрээнд судалгаа, шинжилгээний зориулалттай орон байр баригддаг. Түүнээс аялагч түр буудаллах, отоглох зорилгоор орон байр барина гэдэг хуулийн ойлголт байхгүй юм. Гэтэл Байгаль орчин, аялал жуулчлалын сайд нь хуулийн заалтыг гуйвуулан ашиглах замаар 5139 м² газарт барилга байгууламж барих эрх олгож хууль зөрчсөн, хуулиар олгогдоогүй эрх хэмжээг хэрэгжүүлж эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан.

Тэгвэл хууль зөрчин газар ашиглах эрх авсан Э******* ХХК нь хууль тогтоомж, гэрээний нөхцөлийг зөрчин тухайн газар дээр таун хаус барьж хуулийн зөрчил улам гаарч байна.

е/ Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.6-д "Хууль бус захиргааны акт гэж эрх зүйн зөрчилтэй захиргааны актыг ойлгоно" гэж, 39 дүгээр зүйлийн 39.1-т "Захиргааны актын агуулга ойлгомжтой, тодорхой байна" гэж, Захиргааны ерөнхий хуулийн 47.1-т Дараах тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно: 47.1.1-д "утга агуулгын илэрхий алдаатай" гэж тус тус хуульчилсан.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд нь 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр тушаал гарган эрх мэдэл, албан тушаалын байдлаа ашиглан хууль зөрчин Э******* ХХК-д газар ашиглах эрх олгох зорилгоор Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.7 болон Захиргааны ерөнхий хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 47 дугаар зүйлийн 47.1.1 дэх зохицуулалтыг зөрчин эрх зүйн зөрчилтэй, утга агуулгын илэрхий алдаатай захиргааны акт гаргасан. Тодруулбал, тушаалын 1 дэх хэсэгт "...Э******* ХХК-нд 5139 м² газарт аялагч, зөвшөөрөл бүхий хүн түр буудаллах, отоглох зориулалтаар зохих журмын дагуу барьсан орон байрыг 5 жилийн хугацаагаар ашиглах эрх олгосугай" гэж заасан. Энэ тушаал нь орон байр ашиглах эрх олгосон агуулгатай, харин эрх зүйн үр дагаврын хувьд газар ашиглах эрх олгоогүй болно.

Тэгвэл тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 10 дугаар зүйлд зааснаар дархан цаазат газрын хамгаалалтын бүсэд газар ашиглах хориотой бол, мөн хуулийн 11 дүгээр зүйлд зааснаар хязгаарлалтын бүсэд зөвхөн аялагч, зөвшөөрөл авсан хүн түр буудаллах, отоглох боломжтой болохоос бус аялагчийг түр буудаллуулах, отоглуулахад зориулан газар ашиглах эрх олгох ёсгүй юм. Харин орон байрны тухайд зөвхөн ажиглалт, судалгаа шинжилгээ хийх зориулалтаар Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2, 27.8 болон 41 дүгээр зүйл (Тусгай хамгаалалттай газар нутагт судалгаа, шинжилгээний ажил явуулах), бусад хууль тогтоомжийн дагуу баригдсан (жишээ нь Хүрэл тогоот) орон байрыг ашиглах боломжтой. Ингэж тусгай хамгаалалттай газар нутагт орон байр барих явдал нь тухайн зориулалтаар газар ашиглуулах үндэслэлээс эхлээд гаргах хүсэлтийн төрөл, агуулга, боловсруулагдах төсөл, байгаль орчны ерөнхий болон нарийвчилсан үнэлгээ, хэн, хэрхэн шийдвэрлэх эрх хэмжээ, хууль тогтоомжийн зохицуулалт зэрэг олон талаараа ялгаатай эрх зүйн зохицуулалттай.

Гэтэл Байгаль орчин, аялал жуулчлалын сайд нь “Э*******” ХХК-нд газар ашиглах эрх олгох зорилгоор тушаалыг зориуд эрх зүйн зөрчил, утга агуулгын алдаатай байдлаар гаргасан. Уг тушаал нь аялагчид түр буудаллах, отоглох эрх олгож байгаа юм шиг боловч цаанаа хууль зөрчин газар ашиглах эрх, эсхүл орон байр ашиглах эрх олгосон мэт хуулийг гуйвуулан ашиглахад тохируулсан зөрчил, алдаа гаргасан. Ингэж гаргасан тушаалд нь үндэслэн “Э*******” ХХК нь тухайн газарт таун хаус барих замаар хууль тогтоомжийн зөрчил нэмэгдэж байна. Түүнчлэн тусгай хамгаалалттай газар нутагт "орон байр" ашиглах эрх бусдад олгох эрх хэмжээг ямар нэг хууль тогтоомжоор Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад олгогдоогүй болно. Нөгөө талаас тэрээр тоот тушаалд "барьсан орон байрыг" гэж нэгэнт бий болсон, бүтээчихсэн мэт өнгөрсөн цаг хугацааны агуулгаар тодорхойлсон боловч тухайн газар нь ямар нэгэн бүтээн байгуулалтгүй, хоосон газар юм.

ё/ Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 13 тоот тогтоолоор Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн хэрэгжилтэд хяналт, шалгалт хийж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Б, Т.А, Б.Б, Г.М, Б.С нарын бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан юм.

Уг ажлын хэсэг хяналт шалгалт хийгээд гаргасан гол дүгнэлт нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.7 дахь заалтыг гуйвуулан ашиглаж байгаа тухай асуудал байсан бөгөөд энэ чиглэлээр хууль тогтоомжийг шинэчлэхэд онцгой анхаарахаар шийдвэрлэсэн байдаг. Тэгвэл шүүх эрх мэдлийн байгууллагын хувь ч мөн хууль тогтоох эрх мэдлийн нэгэн адил хуулийг гуйвуулан ашиглах замаар хууль зөрчиж байгаа үйлдэлтэй тэмцэж энэ зорилгоор гаргасан захиргааны актыг хүчингүй болгох шаардлагатай юм.

ж/ Байгаль орчин, аялал жуулчлалын сайд нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 10 дугаар зүйлийг зөрчин дархан цаазат газрын хамгаалалтын бүсэд газар ашиглах эрх олгон хууль зөрчсөн. Тодруулбал, тоот тушаалд хязгаарлалтын бүсэд газар олгож байгаа мэтээр дурдсан боловч тухайн хэсэг нь хамгаалалтын бүсэд хамаардаг байна. Тэгвэл тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын бүсэд мөн хуулийн 9 дүгээр зүйлд зааснаас гадна ургамал, амьтны аймгийн өсөж үржих нөхцөлийг хангах, гамшгийн хор уршгийг арилгахтай холбогдсон биотехникийн арга хэмжээг байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга хэлбэрээр хэрэгжүүлэхээс бус тэнд газар ашиглах, газар ашиглах эрх олгох ёсгүй юм.

з/ Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга дараах тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно, 40.1.4-т байгаль орчны нөлөөлөх байдлын үнэлгээгээр тавигдсан шаардлагыг биелүүлээгүй, энэ хуулийн 31.4-т заасны дагуу палеонтологи, археологи, угсаатны урьдчилсан хайгуул, судалгаа хийлгээгүй, зөвшөөрөл аваагүй нь тогтоогдсон" гэж хуульчилсан. Тэгвэл энд дурдагдсан 31.4-т дараах зохицуулалт байгаа нь хуулийн 31 дүгээр зүйлд газар эзэмшүүлэхэд тавигдах шаардлага, 31.4-т Хот суурин, барилга байгууламж барих, шинээр зам тавих, усан цахилгаан станц байгуулах, ашигт малтмалын хайгуул хийх, ашиглах зэрэг аж ахуйн үйл ажиллагаа явуулахад зориулан газар олгохоос өмнө палеонтологи, археологи, угсаатны мэргэжлийн байгууллагаар урьдчилан хайгуул, судалгаа хийлгэж, зөвшөөрөл авсан байна" гэж тус тус хуульчилсан.

Тодруулбал, газар дээр барилга байгууламж барих, уг зорилгоор газар ашиглах эрх олгохоос өмнө палеонтологи, археологи, угсаатны мэргэжлийн байгууллагаар урьдчилан хайгуул, судалгаа хийлгэж, зөвшөөрөл авсан байх хуулийн шаардлага тавигдаж байх боловч Байгаль орчин, аялал жуулчлалын сайд нь хуулийн энэ шаардлагыг хангалгүйгээр, хангагдаагүй байхад 2020 оны тоот тушаал гарган Э******* ХХК-д газар ашиглах эрх олгож хууль зөрчсөн.  

3/ Манай маргааны тухайд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд нь тушаалыг гаргахдаа;

- Тусгай хамгаалалттай газар нутагт түр буудаллах, отоглох боломжтой хуулийн агуулга зохицуулалтыг зөрчин тэнд газар ашиглах, барилга байгууламж барих эрх зүйн үр дагавар үүсгэсэн,

- Газар ашиглах эрх олгох тохиолдолд түүнийг зөвхөн Дуудлага худалдааны журмаар шийдвэрлэх талаарх Газрын тухай хууль тогтоомжийг зөрчсөн,

- Тусгай хамгаалалттай газар нутагт түр буудаллах, отоглох асуудлыг тухай бүр сайд тушаал гарган шийдвэрлэх талаарх зохицуулалт хуульд байхгүй атал хуулийн үг хэллэг, агуулгыг гуйвуулан ашиглах замаар өөрт олгогдоогүй эрх хэмжээг хэрэгжүүлэн хуульд үндэслэх зарчмыг зөрчсөн,

- Дархан цаазат газарт газар ашиглуулах асуудлыг дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн гаргах талаарх Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн тодорхой зохицуулалтыг зөрчсөн,

- Хоёр буюу түүнээс дээш этгээд хүсэлт гаргасан тохиолдолд тодорхой шалгуурыг харгалзан сонголт хийх хуулийн шаардлагыг зөрчсөн,

- Иргэн, хуулийн этгээдийн газрыг олон жил бодит байдлаар ашиглаж буй ашиглалтын байдлыг үл харгалзан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг нь зөрчсөн,

- Газар ашиглах эрх олгох зорилгоо олон хууль тогтоомжийн зохицуулалтыг зөрчих, утга агуулгыг гуйвуулан буруугаар ашиглах замаар утга агуулгын илэрхий алдаа гаргасан,

- Тусгай хамгаалалттай газар нутагт менежмент төлөвлөгөө гэж байх, түүнд ашиглуулж болох газрын чиглэл, байршлыг заах, тэнд заагдсан тохиолдолд л асуудлыг судлан үзэх ёстой талаарх хууль тогтоомжийн зохицуулалтыг зөрчсөн  зэргээр захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй тохиолдолд хамаарах олон зөрчил гаргасан байна” гэжээ.

3.2.      Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н******* ХХК нь 2017 онд Богдхан уулын Арцатын аманд тухайн үеийн байгаль хамгаалагч, хамгаалалтын захиргааны ажилчидтай ярьж, зөвлөлдөж байгаад ямар нэг этгээдийн газартай давхцалгүй газрыг сонгон авч, газраа төмөр торон хашаагаар хашаалж дотор нь гэр барьсан. 2017 оноос хойш Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд хандаж, хашаа барьсан байгаа газраа ашиглах хүсэлтээ байгаагаа илэрхийлсэн. Гэтэл хүлээж бай, болохгүй байна, дарга өөрчлөгдсөн гэх шалтгаануудыг хэлж байсан ба энэ хугацаанд Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны дарга 4 удаа солигдсон. 2020 онд Э******* ХХК-иас манай газар гэсний дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын  яамнаас тодруулахад тус яамны сайдын 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн тушаалаар тухайн газар нь өөр этгээдэд олгогдсон байна. Энэ асуудлаа өөрсдөө шийдвэрлэх шаардлагатай, манайд мэдэх зүйл байхгүй гэсэн хариуг өгснөөр бид шүүхэд хандсан. Богдхан ууланд газар ашиглах эрх олгох асуудал цэвэр бизнес болсон бөгөөд газар авахад 9 оронтой тоогоор яригддаг асуудал болсон. Бидний зүгээс тус газрыг ямар нэг ашиг сонирхлын үүднээс авахгүй гэсэн зүйлгүй учраас хуулийн дагуу авч чадахгүй хохирч байна. Нэхэмжлэлийн шаардлагаа Байгаль орчин, аялал жуучлалын сайдын 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн дугаартай тушаалын Э******* ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох болгож өөрчилсөн.

Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Захиргааны ерөнхий хуулийн 47 дүгээр зүйлийн 47.1.1, 47.1.6 дахь хэсэгт зааснаар тодорхойлж байна. Утга агуулгын илэрхий алдаатай гэдэг нь тушаалыг уншихад эхлэл хэсгээсээ юу гэж байгаа нь огт ойлгогдохгүй. “Хан-Уул дүүрэг, Богдхан уулын Арцатын амны хязгаарлалтын бүсэд газар ашиглах хүсэлт гаргасан Э******* ХХК нь 5,139 м.кв газарт аялах зөвшөөрөлгүй хүн буудаллах, отоглох зориулалтаар зохих журмын дагуу барьсан орон байрыг 5 жилийн хугацаатайгаар ашиглах эрх олгосон” гэсэн захирамж гаргасан. Уг тушаалд Э******* ХХК-д газар ашиглах эрх олгосугай гэсэн нэг ч үг, өгүүлбэр байхгүй, орон байрыг 5 жилийн хугацаатайгаар ашиглуулсугай гэсэн. Яагаад утга, агуулгын илэрхий алдаатай гэхээр зориуд хууль зөрчих зорилготой. Учир нь газар ашиглах эрх олгоё гэхээр тус газарт газар ашиглах эрх олгох боломжгүй. Хуульд зааснаар тусгай хамгаалалттай газар гэдэгт аялагч, зөвшөөрөлгүй хүн, түр буудаллах, отоглох гэж заасан. Буудаллах, отоглох боломжтой гэж тушаалдаа дурдъя гэхээр нөгөө этгээдүүд нь үл хөдлөх эд хөрөнгөө барих боломжгүй болно. Ашиглуулах орон байр байгаа юм уу гэхээр байхгүй, хоосон газар байдаг. Тэгэхээр зориудаар утга, агуулгын илэрхий алдаа гаргаж, хууль зөрчих замаар байшин, барилга барих зорилготой байсан гэж үзсэн.

Нэхэмжлэлийн шаардлагын хоёр дахь үндэслэлийн тухайд,  Богдхан уулын дархан цаазат газарт газар олгох асуудлыг Байгаль орчны яамны 2001 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 218 дугаартай Монгол Улсын тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах зөвшөөрөл олгох түр журмаар зохицуулсан байсан. Тус журмын 1.2 дахь хэсэгт “Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа нь менежментийн төлөвлөгөөндөө тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглуулах чиглэл, байршил, хэмжээг тогтоосон ерөнхий төлөвлөгөөг зохих мэргэжлийн байгууллагын санал, дүгнэлт, судалгааг үндэслэн тусгасан байна” гэжээ.  Үүний дагуу шүүхээс Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд хандаж ерөнхий төлөвлөгөө байдаг уу, эсхүл тухайн үед байсан эсэх талаар тодруулахад ерөнхий төлөвлөгөө гэж байхгүй, батлаагүй гэх хариуг өгсөн. Тэгэхээр журмын 1.2 дахь заалтыг зөрчсөн гэж маргаж байгаа.

Монгол Улсын тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах зөвшөөрөл олгох түр журмын 2.2 дахь хэсэгт Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа нь иргэн, байгууллагын газар ашиглах тухай өргөдөл, хүсэлт, хэрэгжүүлэх төслийг хянан үзэж, тусгай хамгаалалттай газар нутгийн менежментийн төлөвлөгөөнд заасан газар ашиглах чиглэл, байршил, хэмжээнд нийцсэн бол уг асуудлыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам руу уламжилна гэж зохицуулсан. Гэтэл менежментийн төлөвлөгөөнд байхгүй байхад хүсэлтийг хүлээж авч, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам руу шилжүүлээд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас хүлээн авч, асуудлыг шийдвэрлэсэн. Журмын 3.1, 3.2 дахь хэсэгт газар олгохдоо юуг баримтлал болгох талаар зохицуулсан. Үүнд тухайн жилийн ээлжит төлөвлөгөө батлуулсан эсэх, хэмжээ, зориулалтад нь нийцэж байгаа эсэхийг хянах, 3.2 дахь заалт нь 3.1 дэх хэсэгт заасан хэрэгцээ, шаардлагыг хангахгүй байвал буцаахаар тус тус зохицуулсан. Гэтэл уг 2 заалтыг хэрэгжүүлэхгүйгээр Э******* ХХК-д газар ашиглах эрх олгож хууль зөрчсөн. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1 дэх хэсэгт тусгай хамгаалалттай газар нутагт газар олгох асуудлыг  Газрын тухай хуульд заасны дагуу шийдвэрлэнэ гээд мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2, 33.5 дахь хэсэгт гэр бүлийн, хүнс, хүнсний ногооны зориулалтаас бусад зориулалтаар газар эзэмших, эсхүл хуульд заасан хэмжээнээс илүү газар эзэмших тохиолдолд дуудлага худалдаа явуулах зориулалтаар газар эзэмших, ашиглах эрх олгохоор хуульчилсан. Гэтэл уг зохицуулалтыг зөрчиж, дуудлага худалдаа явуулахгүйгээр газар ашиглах эрх олгосон.

Гуравдагч этгээдийн зүгээс бид бүхэн хуульд зааснаар төсөл сонгон шалгаруулах журмаар газрыг ашиглах эрх авсан гэдэг ч  Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.5 дахь хэсэгт төсөл сонгон шалгаруулалтаар биш, “улсын төсвийн орлогоор, эсхүл олон улсын буцалтгүй тусламжаар хийгдэж байгаа төслүүдэд төсөл сонгон шалгаруулалттай газар ашиглах эрх олгоно” хэмээн заасныг зөрчсөн.

Нэхэмжлэлийн шаардлагын дөрөв дэх үндэслэлийн тухайд. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1 дэх хэсэгт тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрх олгох асуудлыг шийдвэрлэхдээ тухайн сум, дүүргийн Засаг даргын саналыг авч шийдвэрлэнэ гэж заасан. Тус газар нь Хан-Уул дүүргийн  дүгээр хороонд харьяалагддаг. Шүүхээс нотлох баримт цуглуулах ажиллагааны хүрээнд Арцатын аманд байрлах газрыг Э******* ХХК-д олгохдоо санал авсан эсэхийг тодруулахад Хан-Уул дүүргийн Засаг даргаас санал аваагүй гэсэн. Тиймээс бидний нэхэмжлэлийн шаардлагын дөрөв дэх үндэслэл уг зохицуулалтаар няцаагдаж байгаа гэж үзэж байна.

Тав дахь үндэслэлийн тухайд, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт тухайн газрыг 2 ба түүнээс дээш этгээд ашиглах хүсэлт гаргавал сонголт хийх хуулийн заалттай. 2017 оноос хойш Н******* ХХК газар ашиглах эрх хүсэж хандаж байсан. Гэтэл уг сонгох зарчмыг хэрхэн хэрэгжүүлсэн талаарх баримт хавтаст хэрэгт байхгүй.

Зургаа дахь үндэслэлийн тухайд, Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт бичгээр гаргасан захиргааны актад тавигдах шаардлагыг зөрчсөн гэж үзсэн. Үүнд, захиргааны акт гаргах бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийг заасан байх ёстой. Захиргааны байгууллагын шийдвэр гаргах үйл ажиллагаа өргөдөл, гомдлын үндсэнд үүссэн бол түүнийгээ багасгах ёстой. Захиргааны акт гаргах бодит нөхцөл байдлыг тодорхой заасан байх ёстой гэсэн зохицуулалтуудыг зөрчсөн. Яагаад зөрчсөн гэхээр Э******* ХХК нь ямар нэг байдлаар газар ашиглах хүсэлт гаргаагүй. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас ирүүлсэн баримтад Э******* ХХК-иас 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдөр 6.000 м.кв талбайд аялал жуулчлалын бааз барих төсөл байгаа учраас байгаль орчин нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээ хийлгэхийг дэмжиж тодорхойлолт гаргаж өгнө үү гэх 1 хүсэлтийг гаргасан байдаг. Гэтэл байгаль орчин нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээний хүсэлт өгөхөөр газар ашиглах хүсэлт гаргаж байна гэж ойлгоод тушаал гаргасан.

Долоо дахь үндэслэлийн тухайд, Н******* ХХК-д тохиолдсон шиг үйл явдал хаана, хэнд ч тохиолдох боломжтой. Нэг газарт газар эзэмшиж, хашаа бариулсан атлаа газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээгүй амьдарч байгаа газрууд олон байгаа. Уг газруудыг бүгдийг нь хүчээр авах юм уу гэсэн асуудал байна.

Найм дахь үндэслэлийн тухайд, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4 дэх хэсэгт нийтэд илэрхий үйл баримт, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэх зохицуулалтыг хэрэгжүүлж өгөхийг хүссэн. Улсын Их Хурлаас Богдхан ууланд газар олголтын асуудлыг хянан шалгах түр хороог байгуулсан. Хорооноос хяналт шалгалт явуулж гаргасан дүгнэлтүүдийг хэрэгт хавсаргасан. Богдхан ууланд газар олгох асуудал наймаа болгож, хуулийн утга, агуулгыг зориудаар гуйвуулж тайлбарласан байна. Үүнийг засаж сайжруулах шаардлагатай гэх дүгнэлтийг хянан шалгах түр хороонд гаргасан байгаа. Монгол Улсын Ерөнхий сайдын байр суурийг харуулсан бичлэгийг хийж флаш дискт хуулж хэрэгт хавсаргасан.  Хуульд отоглох гэсэн зохицуулалт байх бөгөөд майхан барьж түр амраад явах агуулгатай. Байшин барьсан зэрэг нь бодит нөхцөл байдал учраас үүнийг зөв талаас нь дүгнэж өгөхийг хүсэж байна.

Ес дэх үндэслэл нь Н******* ХХК газар ашиглах хүсэлт гаргахад олон янзын шалтгаанаар татгалзаж байсан. Э******* ХХК-д газар ашиглах эрх олгоход эдгээр нөхцөл байдал нь арилчихсан юм уу. Үүнийг шүүхээс тогтоогоогүй, одоог хүртэл тогтоогдоогүй учраас анхаарч үзээсэй гэж хүсэж байна. 2017 оноос хойш Н******* ХХК 1.466 м.кв газар ашиглах хүсэлт гаргасан. Гэтэл тухайн байршилд Э******* ХХК-д 5.139 м.кв газрыг олгосон. Үүнийг харвал 3.6 дахин том газрыг олгосон. Газрын хэмжээ, байршлыг харахад тухайн зөрчил арилах ямар ч боломж байхгүй. Н******* ХХК-ийн хувьд хашаагаа барьсан атлаа асуудлаа шийдвэрлүүлж чадахгүй бусад компанийн хувьд 10 хоногийн дотор шийдвэрлүүлж болж байна. Бид хууль тогтоомжид заасны дагуу асуудлаа шийдвэрлүүлэхийг хүссэн ч чадаагүй.

1.943 м.кв талбайд газар ашиглах хүсэлт гаргасан. Бусад этгээдийн газартай давхцаж байна гэхээр нь өөрчилсөн. 1.466 м.кв газар нь гуравдагч этгээдийн газрын дунд нь байгаа. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэрлэж өгөхийг хүсэж байна. гэв.

3.3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2020 оны 04 дүгээр сарын 20-ны дугаар тушаалыг илт хууль бусад тооцуулах гэж тодруулсан байна. Илт хууль бусад тооцуулах үндэслэл нь юу гэхээр Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1 дэх заалт захиргааны акт нь утга, агуулгын илэрхий алдаатай гэсэн байна. Үүнийг нэхэмжлэгчээс юу гэж тайлбарласан гэхээр маргаан бүхий захиргааны актад Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.7 дахь хэсгийг дурдсан. Зөвшөөрлийн тухай хууль хүчин төгөлдөр үйлчилж эхлэхээс өмнө буюу 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс өмнө үйлчилж байсан заалт нь маргаан бүхий захиргааны актад дурдагдсан заалт гэсэн үг. Өөрөөр хэлбэл, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.7 дахь хэсэгт заалтыг баримталдаг, гэхдээ аялал жуулчлалын зориулалттай байсан. Гэтэл хуульд аялал жуулчлалын гэдэг зориулалт байхгүй байсан. Нэхэмжлэгчээс хэлэхдээ байшингаа барих эрхгүй, барьсан байшинг бол ашиглах эрхтэй. Газар ашиглах эрхтэй биш байшинг ашиглах эрхтэй гэх байдлаар тайлбарлаж байх шиг байна. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйл нь хязгаарлалтын бүсийн дэглэмд газар ашиглагч ямар үйл ажиллагаа явуулж болох талаар зохицуулсан. Газар ашиглах эрх олгож байгааг тухайн газрын зориулалттай холбож, утга агуулгын илэрхий алдаатай гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй юм. Маргаан бүхий захиргааны актад дурдсан заалт нь Зөвшөөрлийн тухай хууль батлагдахаас өмнө байсан заалт учраас утга агуулгын илэрхий алдаа гэх зүйл байхгүй. 

Нэхэмжлэгчээс Монгол Улсын тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах зөвшөөрөл олгох түр журмын зохицуулалтуудыг дурдаж байна. Үүнийг ярихаас өмнө шүүхээс хүсэх зүйл байна. Нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдөж байгаа, нэхэмжлэлийн шаардлага биелэгдвэл нэхэмжлэгчийн ямар эрх ашиг сонирхол сэргэх вэ гэдэг нь ойлгомжгүй байна. Нэхэмжлэгч нь тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглагч байгаагүй. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт зааснаар нэг газарт хоёроос дээш хүн хүсэлт өгвөл төсөл сонгон шалгаруулах байсан гэж байна. Гэтэл Н******* ХХК-иас гаргасан газар ашиглах хүсэлтэд Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас тухай бүрд нь хариу өгч байсан. Хэрвээ хүсэлтэд хариу өгөхгүй байж байгаад газрыг өөр этгээдэд ашиглуулсан бол өөр асуудал болно. Өөрөөр хэлбэл, газар ашиглах эрх олгох боломжгүй байна гэсэн хариуг өгч хүсэлтийг шийдвэрлэсэн байсан гэсэн үг. Тусгай хамгаалалттай газар нутагт дурын иргэн, аж ахуйн нэгж гэр, хашаа бариад газар ашиглах эрх олгох ёстой байсан гэж яривал энэ нь асуудалтай. Тусгай хамгаалалттай газар нутагт хэрэгждэг тусдаа хууль тогтоомжууд байдаг. Улсын байцаагчаас хууль тогтоомжийг сахиулахаар байнга ажилладаг. Тэгэхээр хашаа барьсан газрыг өөр этгээдэд ашиглах эрх олгосон нь хууль зөрчиж байна гэж байгаа нь эрх зүйн үндэслэлгүй байна.

Нэхэмжлэлийг бүхэлд нь харахаар Э******* ХХК-д газар ашиглах эрх олгосон тушаал нь илт хууль бус гэж маргах үндэслэл байхгүй байна. Мөн Захиргааны ерөнхий хуульд заасан илт хууль бус захиргааны актын шинжийг хангахгүй байна. Нэхэмжлэгчээс төсөл сонгон шалгаруулах ёстой гэх зүйлийг ярьж байна. Зөвшөөрлийн тухай хуульд зааснаар тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрх олгох нь тусгай зөвшөөрөлд тооцогддог болсон. Тиймээс тусгай зөвшөөрлийг авахдаа хуульд заасны дагуу сонгон шалгаруулалтаар олгох ёстой. Гэхдээ тухайн үед үйлчилж байсан хуулиар сонгон шалгаруулалт явуулдаггүй байсан. Эрх зүйн үндэслэлгүй гэдэг үндэслэлийг тайлбарлах гэхээр учир зүйн дутагдалтай байна. Учир нь хуульд Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа болон дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн газар ашиглах эрх олгохоор заасан. Өөрөөр хэлбэл, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас санал авсан бол дүүргийн Засаг даргаас санал авах шаардлагагүй. Гэтэл нэхэмжлэгчийн зүгээс дүүргийн Засаг даргын саналыг давхар авах байсан гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Нэхэмжлэгчийн зүгээс эрх зүйн үндэслэлгүй гэж тайлбарлаж байгааг ойлгохгүй байна. Маргаан бүхий захиргааны актыг харахад илт хууль бус гэж үзэх үндэслэл дурдагдаагүй.

Монгол Улсын тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах зөвшөөрөл олгох түр журмын 1.1, 2.2, 3.1 дэх хэсэгт заалтыг үндэслэл болгож няцааж байна. Гэхдээ эдгээр заалтууд нь захиргааны актыг илт хууль бус гэж үзэх эрх зүйн үндэслэл биш. Нэхэмжлэгчийн ярьж байгаа үндэслэлүүд нь захиргааны актыг гаргахад баримталдаг журам болохоос захиргааны актын үндэслэлийг илт хууль бус эсэхийг тодорхойлж байгаа зүйл биш. Тиймээс нэхэмжлэгчид сэргээгдэх эрх ашиг гэж байхгүй. Маргаж буй захиргааны акт нь Захиргааны ерөнхий хуульд заасан илт хууль бус захиргааны актын шинжийг агуулахгүй байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч байна. Иргэн, аж ахуйн нэгж байгууллага нь тусгай хамгаалалттай газарт газар ашиглах хүсэлтээ хамгаалалтын захиргаанд гаргана. Хамгаалалтын захиргаанаас ирүүлсэн газар эзэмших, ашиглах эрх олгох боломжтой гэж саналыг харгалзан үзэж эрх олгодог. Үүний дагуу Э******* ХХК хамгаалалтын захиргаанд хүсэлт гаргасан бөгөөд хамгаалалтын захиргаанаас 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн ******* дугаартай санал хүргэх тухай албан бичгээр газар ашиглах хүсэлтийг хэлэлцсэн саналыг яаманд хүргүүлж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр дугаар тушаалаар Э******* ХХК-д газар ашиглах эрхийг олгосон. Маргаан бүхий тушаал нь хууль, журамд заасны дагуу гарсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

3.4. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Э******* ХХК нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д "Иргэн, аж ахуй нэгж, байгууллага Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 8 дах хэсэгт заасан журмыг баримтлан газар ашиглах тухай хүсэлтээ хамгаалалтын захиргаа буюу хамгаалалтын захиргаа байгуулаагүй тусгай хамгаалалттай газар нутагт сум, дүүргийн Засаг даргад гаргана", Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.8-д "Газар ашиглах хүсэлт гаргах түүнийг хянаж шийдвэрлэх, газар ашиглах гэрээний агуулгыг тогтоох, түүнийг байгуулахад энэ хуулийн 32, 33.1.2, 33.2, 33.5, 34.1-34.5, 34.6.1-34.6.8, 34.6.10, 34.6.11, 34.7-34.10-0 заасан журмыг баримтална", мөн хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-т "Иргэн, аж ахуй нэгж, байгууллага газар эзэмших тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан загварын дагуу гаргана" гэж тус тус заасны дагуу газар ашиглах хүсэлтээ Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд хүргүүлсэн.

Тус хүсэлтийг Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа дэмжиж 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдөр ******* дугаартай "Санал хүргүүлэх тухай" албан бичигт “Э******* ХХК нь Богдхан уулын дархан цаазат газрын Арцатын амны хязгаарлалын бүсэд 5138.81 м2 газрыг аялагч тур буудаллах, отоглох зориулалтаар ашиглах хүсэлтийг хамгаалалтын захиргаанд ирүүлээд байна. Тус компанийн хүсэлт гаргасан...солбицол бүхий байршил нь тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглагч иргэн, аж ахуйн, нэгж байгууллагын зөвшөөрөл бүхий газартай давхцалгүй байгаа бөгөөд тус компанийн газар ашиглах хүсэлтийг дэмжиж буй мэдэгдэж байна..." гэж манай компанийн гаргасан хүсэлтийг дэмжиж, саналаа Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай газар нутгийн удирдлагын хэлтэст хүргүүлсэн. Улмаар манай байгууллагаас гаргасан холбогдох баримт бичгүүд, газрын байршлын солбицол, мөн тус солбицол нь бусад газар эзэмшиж, ашиглаж байсан иргэдийн газартай давхцалгүй байсан тул 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр дугаартай Газар ашиглах гэрчилгээг манай компанид олгож хуулийн дагуу тус газрыг ашиглах эрхтэй болсон.

Түүнчлэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т "нэхэмжлэл гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар...захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг ойлгоно" гэж заасан бөгөөд нэхэмжлэгч Н******* ХХК-ийн нэхэмжлэлд ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тодорхойгүй байна. Өөрөөр хэлбэл "Э******* ХХК нь хуулийн дагуу холбогдох баримт, бичгүүдээ бүрдүүлэн газар ашиглах эрх олж авсан нь нэхэмжлэгч Н******* ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй, хуулийн дагуу баримт бичгээ бүрдүүлэн газар эзэмших, ашиглах эрхэд нь огт халдаагүй болно.

Н******* ХХК-ийн зүгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед манайхаас 100 сая төгрөгийг шаардсан. Үүнтэй холбогдуулж худал мэдүүлэг өгсөн гэж маргаж магадгүй гэж бодож байна. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь гуравдагч этгээдийг хууль зөрчсөн мэтээр ярьж байна. Албан тушаалын байдлаа урвуулан ашигласан,  хувийн ашиг сонирхол үүсгэсэн, нөлөөлсөн гэж ярьж байгаа. Гэхдээ ийм зүйл огт байхгүй. Нэхэмжлэгч компани Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд 2019 онд 2 удаа, 2021 онд 2 удаа нийт 4 удаа хандсан. 2019 онд 2 удаа хандахдаа газар ашиглах эрх олгож өгөхийг хүссэн. Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас бусад этгээдийн газартай давхцаж байна, тусгай хамгаалалтай газар нутагт хэрэгжүүлдэг MNS64262013 стандарт зөрчигдөж байна гэж тус тус хариу өгч татгалзсан. Стандарт зөрчсөнтэй холбогдуулж хүсэлтээ дахиж гаргасан уу гэвэл үгүй. Улмаар 2021 онд дахин газар ашиглах эрх хүссэн бөгөөд Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас тусгай хамгаалалттай газар нутагт өөр этгээдэд олгогдсон газартай давхацсан байна гэх хариуг өгсөн.

Н******* ХХК-иас 1.500 м.кв талбайг ашиглах хүсэлт гаргасан. Гуравдагч этгээд Э******* ХХК-ийн хувьд 5.000 м.кв талбайг ашиглах хүсэлт гаргасан. Тэгэхээр үлдэгдэл 3.500 м.кв талбайд ямар үндэслэлээр маргаж байгаа вэ. Гомдлын агуудга нь маргаан бүхий захиргааны актыг бүхэлд нь хүчингүй болгуулъя, илт хууль бус болгуулъя гэж маргаж байгаа. Н******* ХХК нь нийтийн эрх ашгийг төлөөлөх эрхтэй этгээд биш байхад ямар үндэслэлээр маргаж байгаа вэ. Энэ талаар одоог хүртэл тайлбар хийгээгүй.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд энэ шаардлагаар шийдвэрлээд нэхэмжлэгчийн ямар эрх ашиг сонирхол сэргэх вэ гэхээр “бид газар ашиглах эрх хүссэн хүсэлтийг дахин гаргана” гэдэг. Захиргааны актыг хууль бус, илт хууль бусад тооцлоо гэхэд нэхэмжлэгчийн эрх ашиг сонирхол шууд сэргээгдэх ёстой. Түүнээс биш дахин хүсэлт өгөх эрх нээгдэнэ гэсэн зүйл байхгүй.

Утга агуулгын илэрхий алдаатай гэлээ. Үүнд, 4 зүйлийг үндэслэл болгосон бөгөөд нэгдэх зохицуулалт нь барилга байгууламж барьсан бол түүнийгээ ашиглах эрхтэй гэсэн зохицуулалтыг ярьж байна.  2, 3, 4 дэх зохицуулалтуудыг харахаар Э******* ХХК-д гэрээ байгуулах зэрэг бүх эрхүүдийг олгосон байгаа. Нэхэмжлэгчээс захиргааны актын нэгдүгээр зохицуулалт нь хууль зөрчиж байна гэсэн. Гэтэл хариуцагчаас хуульд заасан зохицуулалтыг дурдсан асуудал гэдгийг хэллээ. Илт хууль бус гэдэг нь захиргааны актыг тухайн захиргааны байгууллагаас гаргах эрх хэмжээ олгогдоогүй, эсхүл өөрт хамааралгүй асуудлаар нэхэмжлэл гаргасан. Захиргааны актыг гаргах хууль зүйн үндэслэл байгаагүй.

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль, Газрын тухай хуулийг харвал төрийн захиргааны байгууллагаас газар ашиглах эрх олгох бүх зохицуулалтуудыг тусгаж өгсөн. Илт хууль захиргааны акт нь хууль бус захиргааны актаас өөр шинжтэй. Тэгэхээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь гаргаж буй тайлбаруудтай авцалдахгүй байна. Анхан шатны шүүхэд өмнө нь юу яригдсан гэхээр 2019 оноос хойш гаргасан хүсэлтэд Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас татгалзсан. Уг татгалзсан хариутай холбогдуулж маргасан юм уу, маргаагүй. Тэгэхээр нэхэмжлэгч гомдол гаргах хугацаагаа алдсан. Үүнийгээ үгүйсгэхийн тулд өнөөдрийн шүүх хуралдаанд илт хууль бус захиргааны акт гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж байна. Өмнө нь хууль бус захиргааны акт гэж маргаж байсныг шүүхээс гомдол гаргах хугацаа хэтэрсэн байна гэхээр нь илт хууль бус захиргааны акт гэж маргаж байгаа. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон үндэслэл нь хоорондоо авцалдахгүй байгаа нь үүнтэй холбоотой. Тиймээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

3.5. Гуравдагч этгээдийн өмгөөлөгч тайлбартаа: “Захиргааны актыг илт хууль бус болголоо гэхэд нэхэмжлэгчид сэргэх эрх ашиг байхгүй. Нэхэмжлэгчийн ямар эрх ашиг сонирхол зөрчигдөж байгаа талаараа хэлж чадахгүй байна. Давж заалдах шатны шүүх магадлалдаа нэхэмжлэлийн шаардлагаа тодруулах, ямар эрх ашиг сонирхол сэргэх, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас өгсөн татгалзсан үндэслэл арилсан эсэхийг тодруулах шаардлагатай гэсэн. Нэхэмжлэгчээс 2019 онд 2 хүсэлт гаргаснаас хойш дахин хүсэлт гаргаагүй гэж байна. Стандарт зөрчсөн гэхэд стандартад нийцүүлж  өөрчилж дахин хүсэлт өгөөгүй байсан. Тэгэхээр энэ нь захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагаа биш. Нэхэмжлэгч өөрийн хүсэлт гаргаагүйгээ бусад руу чихэж, хохирогч мэт дүр эсгэж байгаа боловч бодит байдалд хохирсон зүйл байхгүй. Уг захиргааны актыг илт хууль бусад тооцох эрх зүйн үндэслэл байхгүй байна. Илт хууль бус байхын тулд захиргааны акт гаргасан этгээдэд акт гаргах эрх олгогдоогүй, хууль зүйн үндэслэл байхгүй байх ёстой. Энэ зүйлийг илт хууль бус гэж байгаа нь нэхэмжлэгчийн ядсан арга гэж харж байна. Нэхэмжлэгч зөвшөөрөлгүйгээр дур мэдэж хашаа хатгасан байж энэ нь давуу эрх мэт байдлаар тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

3.6. Иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Нэхэмжлэгч компанийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй гэж үзэж байна.” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Н******* ХХК нь Байгаль, орчин аялал жуулчлалын сайдын 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн дугаар “Богдхан уулын дархан цаазат газрын Арцатын амны хязгаарлалтын бүсэд Э******* ХХК-д газар ашиглах эрх олгосон тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж, “тушаалд “орон байрыг ашиглах эрхийг 5 жилийн хугацаагаар олгосугай” гэж газар ашиглах эрх олгоогүй, орон байр ашиглах эрх олгосон агуулгаар утга агуулгын илэрхий алдаатай тодорхойлсон” нь  Захиргааны ерөнхий хуулийн 47.1.1, “дуудлага худалдаа явуулаагүй, 2 этгээд нэг газар дээр хүсэлт гаргасан байхад сонгон шалгаруулалт хийгээгүй, дүүргийн Засаг даргын саналыг аваагүй, менежментийн төлөвлөгөө байхгүй, ашиглах хүсэлт гаргаагүй байхад газар ашиглах эрх олгосон, тусгай хамгаалалттай газарт барилга барих эрх олгосон нь захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” 47.1.6 –д зааснаар илт хууль бус гэж маргажээ.

Хуульд заасан журмаар хэрэгт авагдсан, шүүх хуралдаанд судлагдсан бичгийн нотлох баримтууд, талуудын тайлбарыг үнэлээд нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж шүүх үзлээ.

          1. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар дараах үйл баримтууд тогтоогдож байна.

1.1. Н******* ХХК нь Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд Арцатын аманд, маргаанд хамаарах байршилд газар ашиглах зорилгоор 2018 оны 8 дугаар сарын 23-ны өдөр П******* ХХК-иар 1943 м.кв хэмжээгээр, мөн өдөр П******* ХХК-иар 1466 м.кв хэмжээгээр ашиглахыг хүссэн газрын кадастрыг хийлгэж, хашаалсан,

1.2. Улмаар тус компани 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр аялал жуулчлалын зориулалтаар ашиглах хүсэлтийг Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд гаргасан. Уг хүсэлтдээ 1943 м.кв хэмжээтэй кадастрын зургийг хавсаргасан буюу энэ хэмжээгээр ашиглах хүсэлтээ илэрхийлсэн хэмээн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тодруулсан.

1.3. Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн тоот албан бичгээр “... тухайн байршил нь нийтийн эзэмшлийн зам талбай, бусад иргэн, аж ахуйн нэгж байгууллагын орц гарц хаасан, солбицлын нэг цэг бусад газар ашиглагч нарын газартай давхацсан” гэх үндэслэлээр хүсэлтийг шийдвэрлэх боломжгүйг мэдэгдсэн хариу өгсөн.

1.4. Н******* ХХК нь 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд “... тоот албан бичигт дурдсан асуудлыг залруулсан” хэмээн газар ашиглах хүсэлтээ дахин гаргасан, өөрчилсөн кадастрын зургийг буюу 1466 м.кв хэмжээтэй кадастрын зургаар хүсэлтээ гаргасан хэмээн мөн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарласан. Хариуцагч байгууллагаас тус компанийн гаргасан хүсэлтүүд, тэдгээрт хавсаргасан кадастрын зургийг хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн байдаг.

1.5. Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн ******* тоот албан бичгээр “Тусгай хамгаалалттай газар нутаг дэвсгэрт газар ашиглах, зөвшөөрөл олгох журам болон Тусгай хамгаалалттай газар нутаг дахь эко аялал жуулчлалын зориулалттай байр сууц, үйлчилгээнд тавих нийтлэг шаардлага стандарт зөрчигдөж байна” гэх үндэслэлээр  хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй гэсэн хариу өгсөн.

1.6. Н******* ХХК нь 2021 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн тоот албан бичгээр Богдхан уулсын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд дахин хандан хүсэлтээ гаргасан.

1.7. Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас 2021 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн ******* тоот албан бичгээр “ ... 2020 оны дүгээр тушаалаар ашиглах эрх олгосон байршилтай давхцаж байна. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт “хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг байдлаар давхцаагүй байна” гэж заасныг зөрчиж байгаа тул газар ашиглах хүсэлтийг уламжлах боломжгүй” гэх хариу өгсөн. 

          1.8. Ийнхүү нэхэмжлэгч Н******* ХХК-иас 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр гаргасан газар ашиглах хүсэлтэд Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн тоот албан бичгээр, 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр дахин гаргасан хүсэлтэд 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн ******* тоот албан бичгээр тус тус хариу өгснөөс хойш 2021 оны 7 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл газар ашиглах хүсэлтээ гаргаагүй, үүнийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр хүлээн зөвшөөрдөг, энэ хугацаанд гуравдагч этгээд Э******* ХХК-ийн хүсэлтээр 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн тушаалаар газар ашиглах эрх олгосон, уг үндэслэлээр  2021 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн газар ашиглах хүсэлтэд Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас 2021 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн ******* тоот албан бичгээр хариу өгсөн байна.

1.9. Э******* ХХК 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн ******* дугаар албан бичгээр “...Арцатын аманд байрлах 6000 м.кв талбайд аялал жуулчлалын бааз байгуулах хүсэлтэй, байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээ хийлгэхийг дэмжиж тодорхойлолт гаргуулах” хүсэлт гаргаснаар Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа 2020 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн ******* тоот албан бичгээр Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газарт “ ... ашиглах хүсэлт гаргасан солбицол бүхий байршил нь тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглагч иргэн, аж ахуйн нэгж байгууллагын газартай давхцалгүйг, тус компанийн газар ашиглах хүсэлтийг дэмжиж буйг” тодорхойлсноор,

1.10. Уг саналыг үндэслэн Байгаль, орчин аялал жуулчлалын сайдын 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн дугаар тушаалаар Богдхан уулын дархан цаазат газрын Арцатын амны хязгаарлалтын бүсэд Э******* ХХК-д 5139 м.кв газарт аялагч, зөвшөөрөл бүхий хүн түр буудаллах, отоглох зориулалтаар зохих журмын дагуу барьсан орон байрыг 5 жилийн хугацаагаар ашиглах эрх олгожээ.

          1.11. Гуравдагч этгээдэд ашиглах эрх олгосон 5139 м.кв дотор нэхэмжлэгчийн ашиглах хүсэлт гаргасан, хашаалсан газар бүхэлдээ багтаж байгаатай, мөн уг газарт гуравдагч этгээд барилга байгууламж барьсан үйл баримттай талууд маргаагүй.

2. Дээрх үйл баримтуудад дүгнэлт хийхэд Э******* ХХК-д газар ашиглах эрх олгосон захиргааны актыг илт хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.

Нэхэмжлэгч Э******* ХХК-д газар ашиглах эрх олгосон захиргааны актыг “илт хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1 дэх “утга агуулгын илэрхий алдаатай” , 47.1.6 дахь “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй”  гэсэн заалтыг үндэслэн тодорхойлсон.

2.1. Юуны өмнө захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгох, ялангуяа бусад этгээдэд эрх зүйн эерэг үйлчлэл бүхий захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгох шаардлагыг гаргаж буй тохиолдолд нэхэмжлэгчид ийнхүү илт хууль бус болохыг тогтоолгох онцгой ашиг сонирхол байх ёстой. Өөрөөр хэлбэл ийнхүү шийдвэрлүүлснээр нэхэмжлэгчид сэргэх эрх, онцгой ашиг сонирхол байхыг энэ төрлийн нэхэмжлэлд шаардана.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 3.1.3-т зааснаар захиргааны хэргийн шүүх нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар ... гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг хянан шийдвэрлэнэ.

2.1.а Нэхэмжлэгч Н******* ХХК-д маргаан бүхий нэгж талбарт газар ашиглах эрх үүсээгүй тул сэргэх газар ашиглах эрхийн тухай ярих боломжгүй. Нэхэмжлэгч газрыг хашаалсан нь түүнд газар ашиглах эрх үүсгэхгүй, газар ашиглах эрхийн гэрчилгээгүй, эрх бүхий этгээдтэй газар ашиглах гэрээ байгуулаагүй нөхцөлд газар ашиглагч гэж үзэх боломжгүй тул “уг газрыг хашаалсан” гэх нэхэмжлэгчийн тайлбар хууль зүйн үндэслэлгүй, энэ тайлбар сэргэх аливаа эрхийг тодорхойлохгүй.

2.1.б Нэхэмжлэгч Н******* ХХК нь маргаан бүхий байршилд газар ашиглах хүсэлтээ Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаагаар уламжлан төрийн захиргааны төв байгууллагад удаа дараа хандаж гаргаж байсан хэдий ч  Хамгаалалтын захиргаа нэхэмжлэгчийн гаргасан хүсэлт бүрд татгалзсан хариуг өгсөн, тухайлбал 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр гаргасан хүсэлтэд 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн тоот албан бичгээр “... нийтийн эзэмшлийн зам талбай, бусдын орц гарц хаасан, солбицлын нэг цэг бусдын ашиглах эрхтэй газартай давхацсан” гэх үндэслэлээр, 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр “... тоот албан бичигт дурдсан асуудлыг залруулан” дахин гаргасан ашиглах хүсэлтэд 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн ******* тоот албан бичгээр “ ... газар ашиглах, зөвшөөрөл олгох журам болон стандарт зөрчигдсөн” гэх үндэслэлээр, мөн 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн тоот албан бичгээр гаргасан хүсэлтэд 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн ******* тоот албан бичгээр “ ... хүсэлт гаргасан газар нь 2020 оны дүгээр тушаалаар бусдад ашиглах эрх олгосон байршилтай давхацсан” гэх үндэслэлээр татгалзсан бөгөөд шийдвэрлэгдээгүй хүлээгдэж буй хүсэлт байхгүй, татгалзсан хариуг хууль бус гэж маргаагүйн дээр “хүсэлтийг шийдвэрлэхийг даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй.

Тодруулбал нэхэмжлэгч компани нь газар ашиглах хүсэлтээ 2019 онд 2  удаа гаргасан хэдий ч эрх бүхий байгууллагаас тухай бүрд нь татгалзсан хариу өгсөн, татгалзсан хариутай маргаагүй, дахин хүсэлтээ гаргаагүй байх хугацаанд буюу 2020 онд ашиглах хүсэлт гаргасан гуравдагч этгээдийн хүсэлтийг шийдвэрлэсэн, өөрөөр хэлбэл “нэхэмжлэгчийн хүсэлтийг шийдвэрлээгүй байхдаа дараа нь гаргасан гуравдагч этгээдийн хүсэлтийг шийдвэрлэсэн” нөхцөл байдал үүсээгүй байх тул Э******* ХХК-д газар ашиглах эрх олгосон шийдвэрийн улмаас нэхэмжлэгч компанийн “газар ашиглах хүсэлт гаргах, хүсэлтээ шийдвэрлүүлэх” эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэх боломжгүй.

Иймд дээр дурдсан хууль зүйн үндэслэлүүдээр Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн дүгээр Э******* ХХК-д газар ашиглах эрх олгосон тушаалын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй байна гэж шүүх дүгнэлээ.

2.2. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-д утга агуулгын илэрхий алдаатай тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно гэж заасан.

Энэ заалт дахь захиргааны акт илт хууль бус болох “утга агуулгын илэрхий алдаатай” гэдэгт актыг гаргасан захиргааны байгууллага, албан тушаалтны хүсэл зориг тухайн актад бүрэн гүйцэд илэрхийлэгдээгүй, актын заалтууд нь хоорондоо зөрчилдсөнөөс хоёрдмол утгатайгаар ойлгогдож болохоор агуулга нь тодорхой бус байхыг ойлгоно.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн дүгээр тушаалын “... газар ашиглах хүсэлт гаргасан Э******* ХХК-д аялагч, зөвшөөрөл бүхий хүн түр буудаллах, отоглох зориулалтаар зохих журмын дагуу барьсан орон байрыг 5 жилийн хугацаагаар ашиглах эрх олгосон” гэсэн нь илт хууль бус болохыг тогтоох утга агуулгын илэрхий алдаанд тооцох үндэслэл болохгүй.  

Нэхэмжлэгч нь “... орон байрыг ашиглах эрхийг 5 жилийн хугацаагаар олгосугай” гэж утга агуулгын илэрхий алдаатай тодорхойлсон гэж маргаж байх ба хариуцагч тал “... агуулгын хувьд газар ашиглах эрх олгосон тушаал бөгөөд хэлбэрийн хувьд хуулийн заалтад нийцүүлж томьёолсныг газрын зориулалттай холбож, утга агуулгын илэрхий алдаатай гэж тайлбарлахгүй” гэснийг үгүйсгэхгүй, уг тушаалын дагуу гуравдагч этгээдэд газар ашиглах эрхийн гэрчилгээ олгогдож, талуудын хооронд газар ашиглах гэрээ байгуулагдсан харилцаа хуульд нийцэж хэрэгжсэн, байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын “тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт аялал жуулчлалын зориулалтаар хуулийн этгээдэд газар ашиглуулах асуудлыг шийдвэрлэсэн” хүсэл зориг тухайн актад ойлгомжтой, тодорхой илэрхийлэгдсэн, актын заалтууд нь хоорондоо зөрчилдөөгүй, хоёрдмол утгатайгаар ойлгогдохооргүй агуулга тодорхой байх тул “утга агуулгын илэрхий алдаатай” гэх үндэслэл алга.

2.3. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дахь “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” гэх үндэслэл тогтоогдсонгүй.

2.3.а “Захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” гэх акт илт хууль бус болох үндэслэлд тухайн шийдвэрийг гаргах эрх зүйн зохицуулалт хуульчлагдаагүй, өөрөөр хэлбэл хуулиар зохицуулагдаагүй, шийдвэр гаргах эрх зүйн үндэслэл байхгүй, тухайн тохиолдлыг хууль тогтоомжоор зохицуулаагүй, эсхүл шийдвэрийг ямарваа хуульд үндэслэж гаргаагүй байхыг ойлгоно.

Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах зориулалт, ашиглах эрх олгохтой холбоотой харилцааг Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулиар, газар ашиглах эрх олгохтой холбоотой нийтлэг харилцааг Газрын тухай хуулиар тус тус зохицуулсан.

Маргаанд хамаарах шийдвэр 2020 онд гарсан тул тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан хууль тогтоомжийн зохицуулалтад нийцсэн эсэхийг дүгнэнэ. Тухайлбал, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 1-д Дархан цаазат газрын хязгаарлалтын бүс болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад зориулалт, хугацаа, болзолтойгоор байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга, хэлбэрээр гэрээний үндсэн дээр ашиглуулж болно, 34 дүгээр зүйлийн 1-д Энэ хуулийн 33 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан газар ашиглах зөвшөөрлийн гэрээний хугацаа таван жилээс доошгүй байх бөгөөд уг хугацааг нэг удаа сунгах хугацаа таван жилээс илүүгүй байна, 35 дугаар зүйлийн 1-д иргэн, аж ахуйн нэгж байгууллага Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт заасан журмыг баримтлан газар ашиглах тухай хүсэлтээ хамгаалалтын захиргаа буюу хамгаалалтын захиргаа байгуулаагүй тусгай хамгаалалттай газар нутагт сум, дүүргийн Засаг даргад гаргана, 2-т Хамгаалалтын захиргаа буюу Засаг дарга нь газар ашиглах тухай иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хүсэлт болон түүний талаарх саналаа төрийн захиргааны төв байгууллагад уламжилна, 36 дугаар зүйлийн 1-д Төрийн захиргааны төв байгууллага дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар ашиглуулах тухай шийдвэрийг хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн гаргана гэж тус тус зохицуулсан.

Тушаалд Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 7, 33 дугаар зүйлийн 1, 34 дүгээр зүйлийн 1, 36 дугаар зүйлийн 1, төслийн байгаль орчинд нөлөөлөх байдлыг үнэлгээ хийсэн яамны ерөнхий шинжээчийн 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн ******* тоот дүгнэлт, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн ******* тоот саналыг тус тус үндэслэсэн байдаг.

Өөрөөр хэлбэл тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт тодорхой зориулалт, нөхцөл, хугацаатай гэрчилгээ, гэрээний дагуу газар ашиглуулах харилцааг хуульчилсны дээр Э******* ХХК-д газар ашиглах эрх олгосон тушаалд эдгээр хууль тогтоомжийн заалтыг үндэслэл болгосон байх тул захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй гэж үзэхгүй.

2.3.б Тусгай хамгаалалтай газар нутгийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 1-д Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.8-д заасан журмыг баримтлан газар ашиглах зөвшөөрөл авах, сонгон шалгаруулалтад оролцох тухай хүсэлтээ тусгай хамгаалалттай газар нутгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад гаргана гэж заасан ба энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан тул энэ нь тухайн маргаан бүхий 2020 оны тушаалын хууль зүйн үндэслэлийг хянах харилцаанд хэрэглэгдэхгүй.

2.3.в Нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтэд Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас татгалзсан хариу өгсний дараа гуравдагч этгээдээс хүсэлт ирүүлсэн, энэ тохиолдолд Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 2-т заасан зориулалт, байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл, байгаль орчныг хамгаалах талаар авах арга хэмжээний зардал зэргийг харгалзан сонголт хийх “тухайн газрыг 2 буюу түүнээс дээш этгээд ашиглах хүсэлт гаргасан” тохиолдол үүсээгүй байна.

2.3.г Мөн нэхэмжлэгч нь ...гуравдагч этгээдэд газар ашиглах эрх олгохдоо дүүргийн засаг даргын саналыг аваагүй хууль зөрчсөн нь илт хууль бус гэж маргасан ба дээр дүгнэгдсэн Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 1-д газар ашиглах тухай хүсэлтээ хамгаалалтын захиргаа буюу хамгаалалтын захиргаа байгуулаагүй тусгай хамгаалалттай газар нутагт сум, дүүргийн Засаг даргад гаргана, 2-т Хамгаалалтын захиргаа буюу Засаг дарга нь газар ашиглах тухай иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хүсэлт болон түүний талаарх саналаа төрийн захиргааны төв байгууллагад уламжилна, 36 дугаар зүйлийн 1-д Төрийн захиргааны төв байгууллага дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар ашиглуулах тухай шийдвэрийг хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн гаргана гэсэн зохицуулалтын агуулгыг хариуцагч “тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаанаас, хамгаалалтын захиргаа байхгүй бол сум, дүүргийн Засаг даргаас санал авна, нэгэнт Богдхан уулын дархан цаазат газарт хамгаалалтын захиргаа байгуулагдсан тул дүүргийн засаг даргын санал авах шаардлагагүй” хэмээх тайлбар үндэслэлтэй.

3. Ийнхүү нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл бүрд шүүх дүгнэлт хийж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бөгөөд иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг хүлээн авах үндэслэлгүй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 1, 35 дугаар зүйлийн 1, 2, 36 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэгч Н******* ХХК-иас гаргасан Байгаль, орчин аялал жуулчлалын сайдын 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн дүгээр Э******* ХХК-д газар ашиглах эрх олгосон тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                            ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                         Д.ХАЛИУНА

                  

     ШҮҮГЧ                                              Т.МӨНХ-ЭРДЭНЭ

                     

     ШҮҮГЧ                                              С.ГАНБАТ