Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 210/МА2021/00063

 

2021 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 210/МА2021/00063

 

 

 

 

 

 

 

 

 

 

                              ЭК ХХК-ийн нэхэмжлэлтэй

                                              иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Н.Батзориг, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дүгаар сарын 06-ны өдрийн 181/ШШ2020/02487 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч ЭК ХХК-ийн хариуцагч АК ХХК-д холбогдуулан гаргасан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт болон учирсан хохиролд 320 289 494 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

 Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Базарсад, Д.Ууганбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Мягмарчулуун, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нар оролцов.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: ЭК ХХК нь АК ХХК-тай 2012 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр ажил гүйцэтгэх 01/20120920 тоот гэрээг байгуулсан. Гэрээний 1.2-т заасны дагуу хариуцагч АК ХХК нь нэхэмжлэгчийн барьсан ... нийт 4 хаусны 1, 2, 3 давхар болон гараж, техникийн давхрын дотоод заслын ажлыг интерьер зураг төсөл, барилгын норм дүрэм, стандартыг баримтлан чанарын өндөр түвшинд иж бүрнээр нь 1 хаусын ажлыг 2 сарын дотор хийж гүйцэтгэн 2013 оны 05 дугаар сарын 30-ны өдөр гэрээний 4.6-д заасны дагуу акт үйлдэн албан ёсоор нэхэмжлэгч ЭК ХХК-д хүлээлгэн өгөх, ажлын хөлсөнд 160 000 000 төгрөг өгөхөөр тохиролцсон. ЭК ХХК нь гэрээт ажлын төлбөрөөс 20 000 000 төгрөгийг бэлнээр, 140 000 000 төгрөгт Toyota Lexus LX570 маркийн автомашин тооцон өгч төлбөрөө бүрэн төлсөн. Мөн ЭК ХХК, АК ХХК-ийн эрх бүхий хүмүүс Иргэний хуулийн 345 дугаар зүйлийн 345.1-д заасны дагуу хаус тус бүр дээр төсөв баталгаажуулж, баталсан төсвийн дагуу нэхэмжлэгч ЭК ХХК нь хаус 1 барилгын ажлын батлагдсан төсөв 96 916 934 төгрөгөөс 26 988 326 төгрөгийн, хаус-3 барилгын батлагдсан төсөв 110 511 346 төгрөгөөс 6 072 100 төгрөгийн, хаус-4 барилгын батлагдсан төсөв 130 541 664 төгрөгөөс 62 459 268 төгрөг, нийт 95 519 694 төгрөгийн материалыг тус тус хариуцагч АК ХХК-д хүлээлгэн өгсөн боловч хариуцагч АК ХХК нь нэхэмжлэгчээс хүлээн авсан материалыг үр ашиггүй зарцуулж, барилгын норм, дүрмийг зөрчиж чанар, стандартын шаардлагад нийцэхгүй заслын ажлыг хийж гүйцэтгэн, хаус-6 барилгад ямар ч ажил хийлгүй 2013 оны 06 дугаар сард барилгын ажлыг хаяж явж гэрээний 1.2, 4.2, 4.3, 4.6 дах заалтыг ноцтой зөрчсөн.

Гэрээний 1.2, 3.4, 3.5, 3.8, 4.2, 4.3, 4.8-д заасны дагуу чанар стандартын шаардлага хангахгүй байгаа заслын ажил болон хийж гүйцэтгээгүй дутуу орхисон ажлыг чанар, стандартын дагуу дахин хийж гүйцэтгэн тус гэрээний 4.6-д заасны дагуу акт үйлдэн албан ёсоор мэдэгдэл өгөхийг мэдэгдэж байсан боловч хариуцагч АКХХК-ийн зүгээс мэдэгдэл тухай бүрт ажлын чанарыг сайжруулах амлалт өгдөг боловч шаардлагатай арга хэмжээг аваагүй. Ажлаа хийж дуусгалгүй 2013 оны 06 дугаар сард хаяж явсан тул арга буюу хариуцагч АКХХК-ийн чанар стандартын шаардлага хангаагүй ажлыг гуравдагч этгээдээр хийж гүйцэтгүүлсэн. Ажлын төлбөрт бэлнээр 20 000 000 төгрөг, 140 000 000 төгрөгийн үнэ бүхий автомашин, хаус 1, 3, 4-р барилгад дотоод засалд зориулж 95 519 694 төгрөг, нийт 255 519 694 төгрөг төлж, гэрээний үүргээ биелүүлсэн. АКХХК нь ЭК ХХК-аас хүлээн авсан 95 519 694 төгрөгийн материалыг үр ашиггүй зарцуулсан.

Хариуцагч АКХХК нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 343.2, 343.3 дах хэсэг, ажил гүйцэтгэх гэрээний 1.2, 4.2, 4.3, 4.6 дах заалтыг зөрчиж хаус-1, хаус-3, хаус-4 дүгээр барилгын дотор заслын ажлыг барилгын норм, дүрэм зөрчиж чанар стандартын шаардлага хангахгүй дутуу хийж гүйцэтгэсэн, хаус-6 дугаар барилгад ямар ч заслын ажлыг хийж гүйцэтгээгүй. Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 355 дугаар зүйлийн 355.1-д заасны дагуу ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзаж байгаа тул гэрээг цуцалж ажлын хөлсөнд төлсөн 160 000 000 төгрөг болон хохирол 95 519 694 төгрөг, нийт 255 519 694 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт АКХХК-аас гаргуулж өгнө үү. Хариуцагч АК ХХК-ийн хийж гүйцэтгэсэн чанар стандартын шаардлага хангахгүй байгаа заслын ажлыг нэхэмжлэгч ЭК ХХК нь ОИО ХХК-аар буулгаж, барилгын заслын ажлыг дахин шинээр хийж гүйцэтгүүлэн ашиглалтанд оруулсан. Хаус 1 дүгээр барилгын чанар стандартын шаардлага хангахгүй заслын ажлыг ОИО ХХК ХХК-аар буулгахад 6 000 000 төгрөгийн зардал, хаус 4 дүгээр барилгын чанаргүй хийж гүйцэтгэсэн ажлыг буулгахад 8 000 000 төгрөг, нийт 14 000 000 төгрөгийн зардал гаргасан. Хариуцагч АК ХХК нь хаус 1, хаус 4 дүгээр барилгын заслын ажлыг чанартай хийж гүйцэтгэсэн бол нэхэмжлэгчид 14 000 000 төгрөгийн хохирол учрахгүй байсан. Нэхэмжлэгч нь хариуцагч АК ХХК-д барилгын материал авахад нь бэлнээр өгсөн 50 769 800 төгрөг өгсөн. Нэхэмжлэлийн шаардлагаа 64 769 000 төгрөгөөр нэмэгдүүлж байна.  Иймд ажлын хөлсөнд төлсөн 160 000 000 төгрөг, барилгын материалын төлбөр 95 519 694 төгрөг, барилгын материал авахад бэлнээр өгсөн 50 769 800 төгрөг, чанаргүй хийж гүйцэтгэсэн заслын ажлыг нураахад гарсан зардал 14 000 000 төгрөг, нийт 320 289 494 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт хариуцагч АК ХХК-аас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн хариу тайлбарт: 2012 оны 09 сард ЭК ХХК-ийн ...1, 3, 4, 6 дугаар барилгын заслын ажлыг хийж гүйцэтгэхээр бартерийн гэрээ байгуулан барилгын заслын ажлыг эхлүүлсэн. Уг барилгууд нь хагас дутуу, чанаргүй хийсэн гүйцэтгэлтэй байсан. Нэхэмжлэгч нь ажил хийж эхэлсэн өдрөөс гэрээний 3.1 дэх заалтыг зөрчиж ажлын талбайг цэвэрлэж бэлдэж өгөөгүй, шаврын ажлууд дутуу, тэгш бус, сангийн ажлууд дутуу, цахилгааны ажлууд огт хийгдээгүй байсан. Засал хийхтэй холбоотой бараа материал бэлэн биш байсан. Мөн ажлын зураг байгаагүй. Энэ талаар компанийн ерөнхий захирал болон талбайн инженер н.Ганчимэг нарт олон удаа хэлж өөрсдийн машинаар материалыг татахаар болж үндсэн материал болох хаалга, паркет, гипсэн хавтан, гипсэн төмрүүд, плита, шатны маршны мод, хашлаганы төмрийг тус компанийн агуулахаас манай компани зардал гаргаж тээвэрлэн авсан. Гэвч эдгээр материалууд нь складанд олон жил болж чанараа алдсан, хэмжээнүүд нь зөрүүтэй паркет нь сэнсэрсэн, шатны марш нь таарахгүй, хаалга хэмжээ зэрэг олон асуудал гарсан. Бид асуудлыг тухай бүрт мэдэгдэж ажлыг хүлээсэн үүргийн дагуу бүх бололцоотой байдлаар хийж байсан. Туслах материалыг зуун айлаас өөрсдийн унаагаар авч ирж тооцоог баримтаар хааж болно. Мөн ажил хийж байх явцад удаа дараа ус алдах, дахин хийсэн ажлуудыг эвдэн хийх зэрэг төвөгтэй байдлаас ажил хийх ямар ч нөхцөлгүй болсныг тус компанийн ерөнхий захиралд мэдэгдэж үлдсэн хөлсөнд гипсний ажил хийхээр харилцан тохиролцож ажлыг 2013 оны 06 сард зогсоосон. Ажил зогссоны дараа бид удаа дараа санхүүгийн тооцоо нийлэх гэсэн боловч хариуцах эзэн байхгүй ажлыг сунжруулж байсан. Бид хийсэн ажлуудаа үнэлүүлж зохих инженер санхүүгийн ажилтнуудаар акт баримт үйлдүүлэн авч, холбогдох баримтуудыг хавсаргасан. Иймд материалын зардал болон ажлын хөлсийг 100 хувь хариуцахгүй  тул харилцан ярилцаж асуудлыг шийдвэрлэнэ гэдэгт итгэж байна. Хариуцагч тал ...таун хотхоны 1 дүгээр барилгыг 100 хувь, 3 дугаар барилгыг 90 хувийн гүйцэтгэлтэйгээр хийж дуусгасан. ЭК ХХК-ийн н.Ганчимэг ажлын гүйцэтгэлийг хүлээж авсан нь баримтаар нотлогдож байгаа. Нэхэмжлэгч нь гэрээний 1.2-т заасан бүх ажлуудыг нурааж, дахиж гүйцэтгэсэн талаарх баримтаа гаргаж өгөөгүй. Хариуцагчаас тухайн үед ус алдсан даруйд нь зургаа өгч байсан гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 227.3, 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч АК ХХК-аас нийт 320 289 494 /гурван зуун хорин сая хоёр зуун наян есөн мянга дөрвөн зуун ерэн дөрөв/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ЭК ХХК-д олгож, нэхэмжлэгч ЭК ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1 917 550 төгрөгөөс 1 759 397 төгрөгийг улсын орлогод үлдээж, улсын орлогоос 158 153 төгрөгийг, хариуцагч АК ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 1 759 397 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ЭК ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Мягмарчулууны давж заалдах журмаар гаргасан гомдолд: Шийдвэрийг эс зөвшөөрч байна. Хариуцагч нь гэрээнд заасан ажлыг чанарын шаардлага хангаагүй, дутуу гүйцэтгэсний улмаас захиалагч нь гуравдагч этгээдээр дахин гүйцэтгүүлсэн талаарх нотлох баримтуудыг нөхөж үйлдсэн байх магадлалтай, хуурамч баримтууд байх бөгөөд энэ нь хэрэгт авагдсан бусад нотлох баримт, үйл баримттай нийцдэггүй. Захиалагчийн талбайн инженер Ж.Ггарын үсэг зурж ажил хүлээлцсэн актаар хаус 1, хаус 3, хаус 4 тус бүрийг 2014 оны 1 дүгээр сарын 09-ний өдөр хүлээлцсэн байтал нэхэмжлэгч компани ОИО ХХК-тай хаус 4 барилгын ажил гүйцэтгэх гэрээг 2013 оны 07 дугаар сарын 31-ний өдөр байгуулсан. Мөн нэхэмжлэгч талаас дутуу гүйцэтгэлтэй 3 ширхэг хаус хүлээж авсан гэх боловч зөвхөн хаус 1, хаус 4 барилгын гуравдагч этгээдтэй байгуулсан ажил гүйцэтгэх гэрээг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн нь хариуцагчийн хаус 3-т хийсэн ажил доголдолгүй, 100 хувийн гүйцэтгэлтэй хүлээлгэн өгсөн гэх үйл баримт тогтоогдож байна. Нэхэмжлэгч талаас ажлын хөлсийг бэлнээр төлсөн гэх кассын зарлагын баримт болон бэлэн мөнгө олгохыг хүссэн өргөдлийн хуулбар баримтыг хэн, хэзээ ч үйлдэх боломжтой бөгөөд уг баримтууд нь компанийн санхүү бүртгэл журналд тусгагдаж баталгаажсан баримтаар нотлогдоогүй. Мөн ОИО ХХК-аар ажлыг дахин гүйцэтгүүлсэн гэж маргадаг боловч тус компани нь хариуцагчийн гүйцэтгэсэн ажлыг нурааж дахин гүйцэтгэсэн болохыг нотлох нэхэмжлэгч компанийн ажил хүлээж авдаг журмын дагуу хүлээлцсэн акт байхгүй байгаа нь АК ХХК-ийн хийж гүйцэтгэсэн ажил доголдолтой байсан, ОИО ХХК нь дахин гүйцэтгэсэн гэж үзэх үндэслэл, нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Хариуцагч нь нэхэмжлэгчтэй байгуулсан гэрээнд заасан ажлыг гүйцэтгэж 2014 оны 1 дүгээр сарын 09-ний өдөр нэхэмжлэгч компанийн талбайн инженер Ж.Гт “Заслын ажил хүлээлцэх үнэлгээний хуудас” гэх акт үйлдэн хүлээлгэн өгсөн. Ж.Г нь 2016 оны 11 сарын 15-ны өдрийн шүүх хуралдаанд өгсөн гэрчийн мэдүүлэгтээ “заслын ажил хүлээлцэх хуудсан дээрх гарын үсэг миний гарын үсгийн хувьд мөн” гэж хариулсан, ажил гүйцэтгэгч гүйцэтгэсэн ажлыг хүлээлгэж өгсөн нь нэхэмжлэгч талын ажилтан хүлээн авсан баримтаар нотлогдож байхад шүүгч гэрчийн мэдүүлэг, ажил хүлээлцсэн актыг тал бүрээс харьцуулан дүгнэж нотлох баримтыг үнэлэлгүй шийдвэрээ гаргасан. Гэрчийн мэдүүлэг нь бусад нотлох баримтаар хангалттай тогтоогдоогүй байхад хөдөлбөргүй үнэн гэж үзсэн нь хуульд нийцээгүй. “Тодорхойлолт”, “Заслын ажил хүлээлцэх үнэлгээний хуудас” гэх баримтуудад бичигдсэн бичилт, гарын үсэг нь нэхэмжлэгч компанийн талбайн инженер Ж.Гбичгийн болон гарын үсгийн хэв загвартай тохирох эсэхийг тогтоолгохоор шинжээч томилуулах хүсэлт гаргасан боловч шүүх гэрч Ж.Г нь шүүх хуралдаанд энэ талаар мэдүүлсэн гэж үзэж, хэтэрхий нэг талыг баримталж хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч талаас Ж.Г нь ажил хүлээн авах эрх хэмжээ байхгүй гэж тайлбарладаг. Ж.Гажлын байрны тодорхойлолтонд гэрээт ажилчдын ажлын гүйцэтгэлийг шалгаж, шаардлага хангасан ажлын талбайг хүлээн авч, баталгаажуулна гэж заасныг үнэлээгүй. Шүүх ажил хүлээлцсэн актыг үнэлээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах хэсэгт заасныг тус тус зөрчсөн.

2012 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн №05/2012332 дугаартай мэдэгдэл, 2013 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн №02/2013-061, 2013 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн №02/2013-113 дугаартай мэдэгдлүүдийг хүлээн авсан гарын үсгийн овгийн эхний үсгийг Ц үсэг мэтээр зурсан нь Б.Э гэгч этгээдийн гарын үсгийн хэвийг дуурайлгаж зурсан гэж үзэх үндэслэлтэй байна. 2013 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн №04/2013-005, 2014 оны 01-р сарын 07-ны өдрийн №08/2014-002 дугаартай мэдэгдлүүд нь хүлээн авсан гэх тэмдэглэгээ байхгүй. Уг мэдэгдлүүд нь нэхэмжлэгч компанийн архив, бичиг хэргийн бүртгэлд бүртгэгдсэн талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй. Хариуцагч компанийн ажилтан Б.Э нь 2013 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр ажлаас халагдсан тул тус хугацаанаас хойш мэдэгдэл хүлээн авах, тооцоо хийх, нэхэмжлэх, хүсэлт гаргах боломжгүй байтал нэхэмжлэгч талаас түүний гарын үсгийг дуурайлган зурсан байх боломжтой байхад шүүх нотлох баримтуудыг харьцуулан үзэж үнэлэлт, дүгнэлт өгөөгүй. Мөн Ж.Г нь 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн шүүх хуралдаанд “... Манайх амаар шаардаж байсан, ... Эрхэмбаяр амаар хийнэ, янзална гэдэг байсан, амаар л харилцан тохиролцоод ярьдаг байсан.” гэж мэдүүлсэн байдаг. Хэрэв уг мэдэгдлүүдийг хуульд заасан нотлох баримт гэж үзэж байгаа бол агуулгыг нь нарийвчлан анхаарах ёстой бөгөөд 2014 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн №08/2014-002 дугаартай мэдэгдэлд дутуу гүйцэтгэсэн ажлын тооцоог хийхийг мэдэгдсэн нь хариуцагч үүргээ бүхэлд нь чанаргүй гүйцэтгэсэн талаар бус дутуу гүйцэтгэснийг нотолж байна. Мөн талууд “Ажил гүйцэтгэх гэрээ”-ний 1.2-т Нэг хаус дээр дээрх бүх ажлыг гүйцэтгэх хугацааг 2 сар гэж тохиролцсон.  Гэтэл 2012 оны 12 дугаар сарын байдлаар захиалагч нь 17.0 сая төгрөгийн материал хүлээлгэж өгсөн байтал 2012 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн гэрээ байгуулснаас хойш 2 сарын хугацаанд хаусыг дуусгаж хүлээлгэн өгөх талаар мэдэгдсэн мэдэгдэл нь хэргийн үйл баримтуудтай хоорондоо нийцэхгүй, нөхөж үйлдсэн нь харагдаж байна. Нэхэмжлэгч гэрээний 3.1-д заасан ажил гүйцэтгэх материал, нөхцөлөөр хангаж өгөөгүй байхад тус хугацаанд ажлын гүйцэтгэлийг шаардаж байсан мэдэгдлүүд нь огт бодит нөхцөл байдалтай нийцэхгүй байгааг шүүх анхаарч үзээгүй. “Ажил гүйцэтгэх гэрээ”-ний 3.4-т Захиалагч тал Гүйцэтгэгч талын ажлын гүйцэтгэл, чанарт холбогдох мэргэжилтэн буюу зохиогчоор хяналт тавиулах, ажлын зураг төсөл зөрчиж буруу, дутуу, чанаргүй гүйцэтгэсэн ажлыг дахин гүйцэтгэхийг шаардах, шаардлагыг биелүүлэх хүртэл санхүүжилтийг зогсоох эрхтэй гэж заасан бөгөөд нэхэмжлэгч талаас хариуцагчийг гэрээний үүргээ зөрчсөн, ажлыг чанар, стандартын шаардлага хангахгүй гүйцэтгэж байгаа талаар 2020 оны 03 дугаар сарыг хүртэл мэдэгдэл өгсөн баримтыг нотлох баримтаар шүүхэд өгсөн боловч бараа материал болон бараа материалын үнэ шилжүүлсэн тооцооны баримтаас харахад нэхэмжлэгч нь 2013 оны 05 дугаар сарыг хүртэл хариуцагчид бараа материал, түүний үнийг шилжүүлж байсан, хариуцагч нь ажлыг чанаргүй, дутуу гүйцэтгэж байсан үндэслэлээр санхүүжилтийг зогсоогоогүйгээс үзэхэд хариуцагч нь ажлаа заасан хугацаанд чанартай гүйцэтгэж байсныг харуулж байна. Мөн нэхэмжлэгч нь 2013 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хариуцагч компанитай №01/2013-0118 дугаартай тавилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулснаас үзэхэд хариуцагч өмнөх гэрээний үүргээ зөрчөөгүй ажлаа гүйцэтгэж байсныг нотолдог.  Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг харьцуулан үзэж үнэлэлт дүгнэлт өгөөгүй. Нэхэмжлэгч нь ажил гүйцэтгэх материал болон нөхцөлөөр хангаж өгөөгүй, гэрээний 3.1-д заасан үүргээ хугацаандаа биелүүлж байгаагүй, үүний улмаас гүйцэтгэгч гэрээний үүргээ хугацаа хожимдуулж гүйцэтгэж байсан нь нотлогддог. Гүйцэтгэгч цаг хугацаандаа үүргээ биелүүлээгүй нь захиалагчийн буруугаас шалтгаалсан болох нь баримтуудаар тогтоогддог. Нэхэмжлэгч компанийн өглөг, авлагын дэлгэрэнгүй тайланд 2012-2013 онд нийт 50.0 сая орчим төгрөгийн материалыг гүйцэтгэгч худалдан авч захиалагчийн санхүү бүртгэлд өглөг, авлагаар бүртгэгдсэн нь гүйцэтгэгч өөрийн зардал, хүчээр материалыг татан авч ажил үүргээ гүйцэтгэж байсан үйл баримт тогтоогддог. Энэ нь захиалагч материал болон ажил гүйцэтгэх нөхцөлөөр хангах үүргээ биелүүлээгүй, уг үүргээ зөрчсөн болохыг харуулж байна. Хариуцагчид хүлээлгэж өгсөн гэх материалын жагсаалтаас харахад нийт батлагдсан 337 969 944 төгрөг (Хаус 6-ийн төсөв ороогүй дүн)-ийн төсвийн материалаас 2013 оны 1 дүгээр сарыг хүртэл 43 092 760 төгрөгийн материал хүлээлгэж өгсөн. Захиалагч нь гэрээ байгуулснаас хойш 3 сарын дараа буюу 1 хаусын заслыг бүрэн хийж хүлээлгэн өгч дараагийн хаусын ажлыг талдаа орсон байх ёстой хугацаанд захиалагч талын хүлээлгэн өгсөн материалаар гүйцэтгэгч ажлыг хугацаандаа хийж гүйцэтгэх боломжгүй байсан. Гүйцэтгэгч хүлээн авсан материалын хэмжээнд ажлыг гүйцэтгэх ёстой байсан. Гүйцэтгэгч гэрээт ажлыг 2013 оны 06 дугаар сард хүлээлгэж өгөх ёстой материалын 20 хувь буюу ердөө 95 519 694 төгрөгийн материалыг хүлээлгэж өгсөн байсан нь захиалагч ажил гүйцэтгэх гэрээний 3.1-д заасан ажил гүйцэтгэх бүхий л нөхцөл материалаар хангах үүргээ биелүүлээгүйгээс шалтгаалсан тул Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2-т зааснаар хариуцагчийг гэрээний үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлгүй. Харин ажлыг дутуу орхисны улмаас захиалагч гэрээнээс татгалзаж байгаа нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4.3-т заасныг үндэслэн нэхэмжлэгч гэрээнээс татгалзах эрхгүй. Түүнчлэн ажиллагаа дутуу хийгдсэн, нотлох баримт дутуу бүрдүүлснээс шүүхийн шийдвэр хэргийн бодит байдалд нийцээгүй гэж үзэж байна. Хариуцагчийн гүйцэтгэсэн ажлын хувь хэмжээ, гүйцэтгэсэн ажлын үнэлгээ, ажлын хувь хэмжээ, гуравдагч этгээдээр дахин гүйцэтгүүлсэн бол тухайн компанийн гүйцэтгэсэн ажлын хувь хэмжээ, үнэлгээг тогтоох нь хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой тул “...Таун” хотхоны 1, 3, 4 дүгээр хаусуудад удаа дараа шинжээч томилуулсан боловч үндэслэлгүйгээр шинжилгээ хийхээс татгалзаж байсан. 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдөр дээрх объектуудад шүүхийн журмаар үзлэг хийлгэх хийлгэх хүсэлт гаргасан боловч хүсэлтийг хангахаас татгалзсан. Нэг талаас ажлаа гүйцэтгэсэн, нөгөө талаас ажлаа чанаргүй, дутуу гүйцэтгэсэн гэж маргаж байгаа тохиолдолд хариуцагчийн ажлын гүйцэтгэлийг тогтоохгүйгээр энэ хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй юм. Хариуцагчийн нийт гүйцэтгэсэн ажлаас хэдэн хувийг нь чанаргүй, дутуу гүйцэтгэсэн гэдгийг тогтоож нэхэмжлэлийн шаардлагаас хасагдах төлбөр буюу нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй эсэхийг тогтооно. Энэ талаар Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 413 магадлалд заасан байхад энэ ажиллагааг хийж нөхцөл байдлыг тогтоолгүйгээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

2020 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад  “Хөрөнгийн үнэлгээний төв”-өөс ирүүлсэн тайлбарыг түүнд хавсаргасан хариуцагчийн гаргаж өгсөн өнгөт фото зургуудын хамт бүхэлд нь шинжлэн судлаагүй, нотлох баримтаар үнэлээгүй. Гэтэл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 413 дугаартай магадлалд “Хөрөнгийн үнэлгээний төв”-өөс ирүүлсэн тайлбар, түүнд хавсаргасан хариуцагчийн гаргаж өгсөн фото зургуудыг бүхэлд үнэлэхгүй байх талаар дурдаагүй байхад шүүх энэ нотлох баримтуудыг шинжлэн судлахаас татгалзсанаар холбогдох тайлбар, үг хэлэх эрхийг зөрчиж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой алдаа гаргасан. Мөн шүүх хуралдаан дээр “Хөрөнгийн үнэлгээний төв”-өөс ирүүлсэн тайлбар гаргасан шинжээч Л.Оюунзулыг шүүх хуралдаанд оролцуулах хүсэлт гаргасан боловч хангахаас татгалзсан.

Нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн санхүүгийн анхан шатны баримтуудад эдийн засгийн шинжээч томилж, 95 519 694 төгрөгийн үнэ бүхий барилгын материал, 50 769 800 төгрөгийн материалын үнийг хариуцагчид шилжүүлсэн эсэхийг тогтоолгох, “...Таун” хотхоны 1, 3, 4 дүгээр хаусуудад хичнээн төгрөгийн барилгын материал зарцуулж, хэдэн төгрөгийн төсвөөр дотоод заслын ажлыг гүйцэтгэсэн болохыг тогтоолгох нь нэхэмжлэлийн үнийн дүнг үнэн зөвөөр тогтоох, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой байсан. Мөн нэхэмжлэгч нь хариуцагчийн гүйцэтгэсэн ажлын үр дүнг хүлээлгэн өгсөнөөс хойш хэрэг хянан шийдвэрлэх энэ хугацаанд ашиглаж байгаа, шинжилгээ хийхээр томилогдсон этгээдүүдээс нэхэмжлэгчийн эс үйлдэхүй гаргаж байгааг дурдсан шүүхэд ирүүлсэн албан бичгүүд, “Хөрөнгийн үнэлгээ төв”, “Лэндс” ХХК-аас ирүүлсэн албан бичигт ЭК ХХК-ийн захирал Нямдаваагийн амьдарч буй хаусыг үзүүлэх боломжгүй гээд оруулаагүй.” гэснээс үзэхэд нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүргээ биелүүлэхгүй байгааг шүүх анхаарч үзээгүй. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалд “нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч агуулахад байгаа материалын үлдэгдлийг хариуцагчид гаргаж өгөхөд татгалзахгүй талаар шүүх хуралдаанд тайлбарласан ба хэдэн төгрөгийн, ямар материал байгаа, нэхэмжлэлийн үнийн дүнгээс хасагдах боломжтой эсэхийг шүүх тодруулах шаардлагатай болохыг шүүх дүгнэсэн” байхад энэ ажиллагааг хийж нэхэмжлэлийн үнийн дүнг нарийвчлан тогтоогоогүй, нэхэмжлэгч талд үндэслэлгүй хөрөнгөжих боломжийг олгосон. 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн шүүх хуралдаанд “Тодорхойлолт” гэх баримт, “Заслын ажил хүлээлцэх үнэлгээний хуудас” гэх баримтуудад бичигдсэн бичилт, гарын үсэг нь нэхэмжлэгч компанийн талбайн инженер Ж.Гбичгийн болон гарын үсгийн хэв загвартай тохирох эсэхийг тогтоолгохоор бичгийн хэв, загвар судлалын шинжээч томилуулахаар шүүхэд хүсэлт гаргасан боловч хангахаас татгалзсан.

Нэхэмжлэгчийн гаргаж өгсөн фото зургуудад гаражийн дотор талын өнгө будаг тохироогүй, амалгаа гадаргууг муу хийсэн, булан ирмэгийг тэгшхэн засаагүй, арчиж цэвэрлээгүй, бохир цэвэрлэгээ хийгээгүй байдал, дотор интерьер заслын ажлын явцад материалын хэтрэлт ихтэй, мэргэжлийн ажилтан байхгүй, эмх цэгцгүй, дэс дараалалгүй гүйцэтгэж байсан зэрэг засварлах боломжтой буюу ажлыг бүрэн нурааж дахин хийх хэмжээний ажлууд харагддаггүй. Хэрэгт авагдсан фото зургуудыг харахад бүгд заслын ажлын явцад авсан зургууд байх бөгөөд хэрэв хариуцагчийг чанаргүй гүйцэтгэсэн гэж байгаа бол ажил дууссан бэлэн болсоны дараа харагдах доголдлыг харуулсан фото зураг байх ёстой. Мөн хариуцагч компанийг дотоод заслын ажлыг хийж байх явцад сангийн доголдлын улмаас ус алдаж паркетан шал эвдэрсэн талаар хариуцагчаас нэхэмжлэгчид гаргаж өгсөн фото зургууд хариуцагчийн гаргаж өгсөн фото зургуудтай нийцэхгүй байгаа бөгөөд фото зургуудаас мөн дээрх хаусуудын дотор заслын зураг мөн гэдгийг нотлох зүйл байхгүй байгаа нь эдгээр зургууд хариуцагчийн хийж гүйцэтгэсэн ажлын доголдол гэж шууд үзэх үндэслэлгүй. Фото зургаар дутуу ажлын гүйцэтгэлийг нотлох боломжтой гэж үзвэл хариуцагчийн гаргаж өгсөн гэрэл зургуудаас ажлын гүйцэтгэл 100 хувь буюу дотоод засал, интьерерийн ажил бүрэн хийгдсэн, ажлыг дутуу орхиж явсан гэх алдаатай дутагдалтай зүйлсүүд харагдахгүй байгаа нь мөн нотлогдож байна. Хэрэв нэхэмжлэгчийн гаргаж өгсөн фото зургууд нь хариуцагчийн гүйцэтгэсэн ажлын фото зургууд гэж үзвэл харин эсрэгээрээ хариуцагчийг ажил Хэрэг хянан шийдвэрлэх хугацаа удаан үргэлжилснээс хэргийн бодит үнэнг тогтоох, нотлох баримт бүрдүүлэх ажиллагааг явуулах боломжгүй нөхцөл байдлууд үүсээд байгааг анхаарч үзээгүй. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д заасан “хэргийн оролцогчийн хүсэлтээр нотлох баримт бүрдүүлэх шүүхийн ажиллагааг хуульд нийцүүлэн явуулсан гэж үзэх үндэслэлгүй” гэж дүгнэсэн нөхцөл байдал хэвээрээ буюу хэрэгт ач холбогдол бүхий баримт болох Б.Эын гарын үсгийн үнэн зөвийг тогтоох, мөн хүлээлгэж өгсөн материалын жагсаалтын 2 компанийн санхүүгийн баримт материалд туссан эсэх талаар шинжээчийн дүгнэлт гаргуулах, гүйцэтгэсэн ажлын хувь хэмжээ, түүнийг нурааж хэдий хэмжээний ажлыг гуравдагч этгээдээр гүйцэтгүүлсэн гэх хэргийг хянан шийдвэрлэхэд онцгой ач холбогдол бүхий үйл явдал, нөхцөл байдал үзлэг хийх хариуцагчийн хүсэлтийг хангахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.5-д заасны дагуу ажил гүйцэтгэгч захиалагчийн буруутай үйл ажиллагаа буюу ажил гүйцэтгэх нөхцөл боломжоор хангах үүргээ биелүүлээгүйн улмаас гэрээг цуцлах эрхтэй. Мөн хуулийн 355 дугаар зүйлийн 355.5-д заасны дагуу ажлын хөлсийг шаардах эрхтэй тул нэгэнт авсан ажлын хөлсийг буцаан төлөх үндэслэлгүй байна. Хариуцагчийн хувьд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 343.2, 343.3, 353 дугаар зүйлийн 353.3-т тус тус заасны дагуу Хаус 1 барилгыг 98 хувийн, Хаус 3 барилгыг 100 хувийн, Хаус 4 барилгыг 50 хувийн гүйцэтгэлтэйгээр биет байдлын доголдолгүй ажлын үр дүнг захиалагчийн өмчлөлд шилжүүлсэн. Талууд тохиролцсоноор Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3-д заасны дагуу хаус 6 болон хаус 4-ийн үлдэгдэл ажлыг нийт 60 000 000 төгрөгөөр солихоор тохиролцсон тул Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.2-д заасны дагуу өмнөх үүргийн харилцаа дуусгавар болсон. Энэхүү үйл явдал нь 2014 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн №08/2014-002 дугаартай мэдэгдэл зэргээр нотлогдоно. Иймд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагынхаа үндэслэлийг нотлоогүй, нэхэмжлэгчийн гаргаж өгсөн нотлох баримт нь хэргийн бодит байдлыг бүрэн тогтоож чадаагүй. Шүүх хэргийн үнэн бодит байдал бүрэн нотлогдоогүй байхад хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан шаардлагыг хангаагүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

Нэхэмжлэгч ЭК ХХК нь хариуцагч АК ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээг цуцалж, ажлын хөлсөнд төлсөн 160 000 000 төгрөг, барилгын материалын төлбөр 95 519 694 төгрөг, барилгын материал худалдаж авахад зарцуулсан 50 769 800  төгрөг, чанаргүй хийж гүйцэтгэсэн ажлыг буулгахад зарцуулсан 14 000 000 төгрөг, нийт 320 289 494 төгрөг нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Шүүх хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах хэсэгт заасны дагуу үнэлж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн гэж үзэв.

Зохигчид 2012 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, хариуцагч АК ХХК нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, ...таун хотхоны хаус 1, 3, 4, 6 дугаар барилгын гараж, 1, 2, 3 дугаар давхар, техникийн давхрын дотоод заслын ажлуудыг интерьер зураг төсөл, барилгын норм дүрэм, стандартыг баримтлан чанарын өндөр түвшинд 1 хаусын ажлыг 2 сарын хугацаанд хийж гүйцэтгэх, нэхэмжлэгч ЭК ХХК нь гэрээт ажлын төлбөрт 160 000 000 төгрөг өгөх, үүнээс урьдчилгаа 20 000 000 төгрөгийг бэлнээр, үлдэгдэл 140 000 000 төгрөгт Тоёота лексус 570 маркийн автомашин тооцож өгөхөөр тохиролцжээ. Талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн, талууд гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй.

Нэхэмжлэгч ЭК ХХК нь гэрээний үүргээ биелүүлж ажлын хөлсөнд бэлнээр 20 000 000 төгрөг, Тоёота лексус 570 маркийн автомашиныг 140 000 000 төгрөгт тооцон хариуцагчид шилжүүлэн өгсөн болох нь хэргийн 1 дүгээр хавтасны 199-202 дугаар талд авагдсан автомашин хүлээлцсэн акт, кассын зарлагын ордер, талуудын тайлбараар тогтоогдсон.

Харин хариуцагч тал ажлын үр дүн болох гэрээгээр гүйцэтгэвэл зохих ажлыг гүйцэтгэж нэхэмжлэгчид хүлээлгэн өгсөн эсэх нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдохгүй байна.

Нэхэмжлэгч нь “ажил гүйцэтгэгч хүлээж авсан барилгын материалыг үр ашиггүй зарцуулсан, барилгын норм дүрмийг зөрчиж, чанар стандартын шаардлагад нийцээгүй заслын ажил хийж гүйцэтгэсэн. Хаус 6-д ямар ч ажил хийлгүйгээр, барилгын ажлыг орхиж явсан. Чанаргүй хийж гүйцэтгэсэн ажлыг нь өөр этгээдээр буулгуулж, дахин гүйцэтгүүлсэн” гэж шаардлагын үндэслэлээ тайлбарласан бол хариуцагч “захиалагч гэрээний дагуу ажлын талбайг бэлдэж, ажил гүйцэтгэхэд шаардлагатай материалыг хугацаанд нь хүлээлгэж өгөөгүй, ажлын зураг байгаагүй. Ажил хийх нөхцлөөр хангаж өгөөгүйн улмаас нэхэмжлэгч компанийн захиралд мэдэгдэж ажлаа зогсоосон. Гүйцэтгэсэн ажлаа тухай бүрт нь нэхэмжлэгчээр үнэлүүлж акт үйлдэж баталгаажуулсан” гэж маргасан.  

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт “Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан бөгөөд захиалагч тал буюу нэхэмжлэгч ажлын хөлс төлөх үүргээ бүрэн биелүүлсэн тул ажлын гүйцэтгэлийг гүйцэтгэгч буюу хариуцагчаас шаардах эрхтэй.

            Талууд гэрээний 1.2-т “ажлуудыг интерьер зураг төсөл, барилгын норм дүрэм, стандартыг баримтлан чанарын өндөр түвшинд иж бүрнээр гүйцэтгэх”, мөн гэрээний 4.6-д “ажлын гүйцэтгэлийг үе шат бүрээр захиалагч талаар дүгнүүлэн, фото зургаар баталгаажуулсан ил, далд ажлын актыг гүйцэтгэлийн зургийн хамт захиалагч талын хяналтын комисст хүлээлгэн өгөх, чанар стандартын шаардлага хангаагүй, буруу хийгдсэн ажлыг тухай бүрт нь өөрийн зардлаар дахин засварлаж бүрэн арилгах”-аар харилцан тохиролцжээ.

            Хариуцагч нь “ажлын гүйцэтгэлийг буюу хаус 1 барилгыг 100 хувь, хаус 3 барилгыг 98 хувь, хаус 4 барилгыг 50 хувийн гүйцэтгэлтэй хийж дуусгаад нэхэмжлэгчид актаар хүлээлгэж өгсөн” гэж тайлбарласан боловч баримтаар нотолж чадаагүй.  Хэргийн 2 дугаар хавтасны 123-125 дугаар талд нэхэмжлэгч компанийн талбайн инженер Ж.Ггарын үсэгтэй “заслын ажил хүлээлцэх үнэлгээний хуудас” гэх баримтыг хариуцагч тайлбарын үндэслэлээ болгон шүүхэд гаргасан байх боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Ж.Г нь гэрчээр асуугдахдаа “ ... гэрээнд заагаагүй нэмэлт ажлыг баталгаажуулах гэж надаар гарын үсэг зуруулсан. Ажил хүлээлцэх акт бол биш. Ажил хүлээлцэх актын урд талд талбайн инженер, хяналтын инженер гарын үсэг зурдаг, ар талын хуудсан дээр хяналтын инженер баталгаажуулж гарын үсэг зурдаг. Нийт 5 хүн зурах ёстой.” гэж мэдүүлэг өгснөөр хариуцагчийн тайлбар няцаагдаж байна.  Мөн хэргийн 2 дугаар хавтасны 108-113 дугаар тал дахь Ж.Гажлын байрны тодорхойлолтод “... барилгын үе шатны ажил бүрт ил, далд ажлын акт бичиж, фото зургаар баталгаажуулна, гэрээт ажилчдын ажлын гүйцэтгэлийг шалгаж, шаардлага хангасан ажлын талбайг хүлээн авч, баталгаажуулна ...” гэж зааснаас үзэхэд ажил үүргийн хувьд талбайн инженер нь дангаараа ажлын гүйцэтгэлийг хүлээн авах эрхгүй, харин гэрээт ажилчдын ажлын гүйцэтгэлийг хүлээж авахаар байна.

             Дээрх нөхцөл байдлаас үзэхэд талбайн инженер Ж.Г нь дангаараа хариуцагчийн ажлын гүйцэтгэлийг шалгаж, хүлээн авах, чанарын үнэлгээ өгөх эрх бүхий этгээд биш байх тул түүний гарын үсэг зурсан үнэлгээний хуудас гэх баримтыг үндэслэн хариуцагчийг нэхэмжлэгчид ажлын гүйцэтгэлийг актаар хүлээлгэн өгсөн гэж эргэлзээгүй дүгнэх боломжгүй. Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.6-д заасны дагуу ажлын үр дүнг шилжүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлсэн гэх байдлыг ажил гүйцэтгэгч буюу хариуцагч нотлоогүй байна.

Нэхэмжлэгч буюу захиалагчийн зүгээс үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоож, ажлыг дахин гүйцэтгэн хүлээлгэж өгөхийг хариуцагч талаас шаардаж 2012 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс 2013 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн хооронд мэдэгдэл хүргүүлж байсан нь хэргийн 23-28 дугаар тал дах “мэдэгдэл хүргүүлэх” тухай баримтаар тогтоогдож байна. Хариуцагч нь уг мэдэгдэх хуудсуудыг хүлээж аваагүй гэх боловч баримтаар няцааж чадаагүй. Гэрээгээр хүлээсэн үүргээ хариуцагч зөрчсөнтэй холбоотойгоор нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2 дах хэсэгт заасан шаардлагыг гарган үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон байна. Гэвч энэхүү шаардлагын дагуу үр дүн гараагүй байх тул нэхэмжлэгч хэлцлээр шилжүүлсэн мөнгөө буцаан шаардаж, гэрээнээс татгалзах нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт нийцнэ.

Барилгын материалын төлбөрт 95 519 694 төгрөг, барилгын материал худалдан авахад бэлнээр өгсөн 50 769 800 төгрөг, чанаргүй хийж гүйцэтгэсэн ажлыг буулгахад зарцуулсан 14 000 000 төгрөг тус тус гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн шүүхийн дүгнэлт нотлох баримтад үндэслэгдсэн байна.

Учир нь гэрээний 3.4, 3.5-д “захиалагч тал гүйцэтгэгч талын ажлын зураг төсөл зөрчиж буруу, дутуу чанаргүй гүйцэтгэсэн ажлыг дахин гүйцэтгэхийг шаардах, шаардлагыг биелүүлэх хүртэл санхүүжилтийг зогсоох эрхтэй” гэж, “захиалагч тал нь гүйцэтгэгч талаас ажил гүйцэтгэхдээ зураг төсөл, барилгын дүрэм, стандартыг зөрчсөн, чанарын гологдол гаргасан ... зэрэг тохиолдолд гарсан материалын зардал, ажлын хөлс болон бусад зардлыг 100 хувь хариуцаж гарсан хохирлыг ажлын 7 хоногт багтаан бүрэн барагдуулахыг шаардах эрхтэй” гэж тус тус заасан. Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.1-д зааснаар гүйцэтгэсэн ажлын үр дүн доголдолтой бол ажил гүйцэтгэгчийн зардлаар уг доголдлыг арилгуулах, эсхүл ажлыг шинээр гүйцэтгүүлэхээр шаардлага гаргах эрхтэй. Нэхэмжлэгчийн хариуцагчийн чанарын доголдолтой гүйцэтгэсэн ажлыг буулган дахин өөр этгээдээр гүйцэтгүүлсэн гэх тайлбарыг үгүйсгэх үндэслэлгүй.

Зохигчид Иргэний хуулийн 345 дугаар зүйлийн 345.1 дэх хэсэгт зааснаар гэрээгээр тохиролцсон ажлыг хийж гүйцэтгэхэд зарцуулагдах материалыг тооцоолон ...хаус 1 байрны дотор заслын ажилд 96 916 934 төгрөгийн, хаус 3 байранд  110 511 346 төгрөгийн, хаус 4 байранд 130 541 664 төгрөгийн төсөв гаргаж ЭК ХХК-ийн талбайн инженер Ж.Г, “Амно констркашн” ХХК-ийн менежер н.Эрхэмбаяр нар уг төсөвт гарын үсэг зурж баталгаажуулсан байна. /1хх12-22/

Түүнчлэн АК ХХК-д хаус 1, 3, 4 дүгээр барилгуудад  зориулан хүлээлгэн өгсөн бараа материалын нэгдсэн тооцоо, хүлээн авсан материалын жагсаалтыг нэхэмжлэгч талаас ирүүлсэн байх ба уг баримтуудад хүлээн авагч талыг төлөөлж Б.Э гарын үсэг зурсан байна. /1хх81-89/ Үүний зэрэгцээ уг жагсаалтад бичигдсэн материалуудыг Б.Эаас гадна хариуцагч  компанийг төлөөлөн н.Батбаяр, н.Энхтөр, н.Мягмар, н.Даваахүү, н.Отгонпүрэв, н.Бямбаа, н.Бор зэрэг хүмүүс хүлээн авсан баримтууд хэрэгт авагдсан байна. Эдгээр баримтуудыг хариуцагч нотлох баримтаар няцаагаагүй тул энэ талаар гаргасан хариуцагчийн тайлбарыг үндэслэлтэй гэж үзэх боломжгүй байна.

Мөн нэхэмжлэгч нь хариуцагчид барилгын материал худалдан авахад бэлнээр 50 769 800 төгрөг өгсөн гэж тайлбарлаж кассын зарлагын ордер, бэлэн мөнгө олгохыг хүссэн өргөдөл зэргийг нотлох баримтаар ирүүлжээ. Хариуцагчийн “өөрсдөө барилгын материалаа авч, нэхэмжлэгчид мөнгө олгох тухай өргөдөл гаргасны дагуу мөнгийг шилжүүлж байсан” гэх тайлбарыг дээрх баримтуудтай харьцуулан дүгнэхэд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй байна. /1хх204-241 дүгээр тал, 2хх 1-17 дугаар тал/

Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.5-д зааснаар “Ажил гүйцэтгэгч нь ажил гүйцэтгүүлэхээр шилжүүлсэн захиалагчийн материалыг зориулалтын дагуу арвилан хэмнэлттэй ашиглаж, материалын зарцуулалтыг захиалагчид тайлагнах, үлдэгдэл материалыг ажил гүйцэтгэж дууссаны дараа захиалагчид шилжүүлэх” үүрэгтэй бөгөөд энэ үүргээ биелүүлсэн болохоо нотлоогүй.

Нэхэмжлэгч нь хариуцагчийн чанаргүй хийж гүйцэтгэсэн ажлыг ОИО ХХК-аар буулгуулж, ажлын хөлсөнд 14 000 000 төгрөг төлсөн гэж тайлбарласан. Хэргийн 1 дүгээр хавтасны 67-72 дугаар талд нэхэмжлэгч компанийн 2013 оны 7 дугаар сарын 31, 2014 оны 8 дугаар сарын 11-ний өдөр ОИО ХХК-аар хариуцагч АК ХХК-ийн чанаргүй хийж гүйцэтгэсэн хаус 1, 4 дүгээр барилгын ажлыг буулгахад ажлын хөлсөнд 14 000 000 төгрөг төлсөн болох нь санхүүгийн баримт, гэрэл зургаар нотлогдож байна. /2хх73-88/

Дээр дурдсан үндэслэлүүдээс гадна хариуцагчийн шинжээр дүгнэлт гаргуулах шүүхийн ажиллагаа, хаус 3 барилгын ажилтай холбоотой гомдлуудыг хангаж шийдвэрлэх эргэлзээгүй баримтгүй байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид тухайн үед хариуцагч талыг төлөөлж барилгын материал хүлээн авсан Б.Эын гарын үсэг болон “АКХХК-ийн хийж гүйцэтгэсэн ажлын хувь хэмжээ, нэхэмжлэгчээс хариуцагчид хүлээлгэн өгсөн бараа, материал, бэлэн мөнгөний тооцоо зэрэгт шинжээч томилуулж, дүгнэлт гаргуулахыг хүсчээ. Шүүгчийн захирамжаар Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэн, “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК, “Лэндс” ХХК, “Итгэлт эстимэйт” ХХК, “Актив аудит” ХХК-ийг шинжээчээр томилсон боловч шинжээч тухай бүрт нь дүгнэлт гаргахаас татгалзсан байна.

Тухайлбал, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн “... Б.Эын гэх гарын үсгийн загварууд нь адилтгалын шинжилгээний тоон болон чанарын үзүүлэлтийг хангаагүй, харьцуулан шинжлэх боломжгүй. Б.Эын гарын үсгийн эх хувь болон гарын үсгийн чөлөөт, харьцангүй чөлөөт, туршилтын загваруудыг нэмэлтээр ирүүлээгүй” гэх үндэслэлээр дүгнэлт гаргахаас татгалзсан.

“Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК нь “... нэхэмжлэгч, хариуцагч нараас гүйцэтгэлийн талаар үнэн бодитой тайлбар авах боломжгүй, эргэлзээтэй, айлуудын өрөө тасалгаа бүрийн ажлыг хэмжиж, нарийвчлан гаргах боломжгүй...” гэх,  “Итгэлт эстимэйт” ХХК нь “... объектууд дээр хангалттай хугацаагаар чөлөөтэй ажиллах, хэрэгт байгаа материал болон бусад баримт бичгийг үндэслэн шинжээчийн дүгнэлт гаргах бололцоогүй. Шинжээчийн дүгнэлт гаргуулах хүсэлт гаргасан хариуцагч АК ХХК-ийн захирал М.Гантулга шинжээч ажиллуулж дүгнэлт гаргуулахыг шамдахгүй, аль болохоор тохиролцох хүсэлтэй гэдгээ илэрхийлсэн... ” гэх, “Лэндс” ХХК нь “... засварын ажлын зураг, төсөв зайлшгүй шаардлагатай, мэргэжлийн байгууллагаар засварын гүйцэтгэлийн зургийг гаргуулсны үндсэн дээр гүйцэтгэлийн төсвийг гаргуулах замаар дүгнэлт гаргахаас өөр боломжгүй ...” гэх, “Актив аудит” ХХК нь “материалын зардалд нэхэмжилсэн 95 519 694 төгрөгийн тооцоо АК ХХК-ийн санхүүгийн тайлан болон өглөг, авлагын дэлгэрэнгүй тайланд тусгагдаагүй тул үнэн зөв эсэхийг тулган баталгаажуулах боломжгүй” гэх үндэслэлүүдээр тус тус татгалзсан байна. /2хх141-156, 3хх123, 129, 180/

Шинжээчдийн дээрх татгалзал нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.8, 10 дугаар зүйлийн 10.4.1, 10.4.2, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.3-т заасантай нийцсэн. Хүсэлт гаргагч талууд нь шинжээчийн дүгнэлтийг мэргэжлийн түвшинд, тогтоосон хугацаанд түргэн шуурхай, үнэн зөв гаргах нөхцөлөөр хангаагүй, шинжээч дүгнэлтээ хуульд заасан журмын дагуу гаргуулах талаас зохих арга хэмжээг аваагүйгээс шүүгчийн захирамжийн биелэлт хангагдах боломжгүй болсон байна. Иймд анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4 дэх хэсэгт заасны дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээн явуулсныг буруутгах үндэслэл тогтоогдсонгүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх, татгалзах үндэс болж байгаа байдлын талаархи  нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй. Хариуцагч нь өөрийн татгалзлын үндэслэлийг нотлоогүй тохиолдолд шүүх хэрэгт авагдсан баримтын хэмжээнд эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэх нь хууль зөрчихгүй.

Түүнчлэн хариуцагч хаус 3 барилгыг 98 хувийн гүйцэтгэлтэй нэхэмжлэгчид хүлээлгэн өгсөн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй, мөн хаус 3 барилгын ажлын үр дүнгийн доголдол, уг ажлыг буулгаж байгаа болон гарсан барилгын хог хаягдал, тухайн барилгад засвар хийж байгаа үйл баримтыг бэхжүүлсэн гэрэл зураг 1 дүгээр хавтас хэргийн 45-54 дүгээр талд авагдсаныг хариуцагч баримтаар үгүйсгээгүй. Иймд хариуцагчийн энэ талаар гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй.

      Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчаас гэрээт ажлын хөлсөнд төлсөн 160 000 000 төгрөг, барилгын материалын төлбөрт 95 519 694 төгрөг, барилгын материал худалдаж авахад бэлнээр өгсөн 50 769 800 төгрөг, чанаргүй хийж гүйцэтгэсэн ажлыг буулгуулахад гарсан зардалд 14 000 000 төгрөг, нийт 320 289 494 төгрөг гаргуулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх тогтов.

Хариуцагч нь ажлын гүйцэтгэлд зарцуулахаар нэхэмжлэгчээс авсан бараа, материалын үлдэгдлийг тооцоолон нэхэмжлэгчээс шаардах эрх нь нээлттэй, ийнхүү нэхэмжлэхэд шүүхийн энэ шийдвэр, магадлал саад болохгүй.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдолд дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дүгаар сарын 06-ны өдрийн 181/ШШ2020/02487 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 760 000 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

                       ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                     ШҮҮГЧИД                                      Н.БАТЗОРИГ

 

                                                                                           А.МӨНХЗУЛ