Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 2023/ДШМ/25

 

А.С-т холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Көбеш даргалж, Ерөнхий шүүгч С.Өмирбек, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч А.Дауренбек даргалж, шүүгч Ө.Бахытбек, шүүгч Х.Талгат нарын бүрэлдэхүүнтэй шийдвэрлэсэн, тус шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 2023/ШЦТ/89 дүгээр шийтгэх тогтоолтой, шүүгдэгч А.С-т холбогдох эрүүгийн 2313000000081 дугаартай, 1 хавтастай хэргийг шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэж 2023 оны 6 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч Ерөнхий шүүгч С.Өмирбекийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд Баян-Өлгий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Х.Өрен, шүүгдэгч А.С-, шүүгдэгчийн өмгөөлөгчид Б.Батжаргал, Т.Маргал-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Бахытбек нар оролцов.  

 

1. Монгол Улсын иргэн, яс үндэс ****, **** оны **дүгээр сарын **-ний өдөр төрсөн, **настай, эрэгтэй, ** боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл ** хүнтэй, *** хамт **** оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай Ц овогт А-ийн С- /РД**********/.

 

2. А.С- нь 2023 оны 02 дугаар сарын 19-ний орой Баян-Өлгий аймгийн Б сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр, өөрийнхөө хашаан дотор хадам дүү болох хохирогч Т.З-тай түлээний модыг хувааж авах асуудлаар хоорондоо маргалдах явцад түүний толгой тус газар банз модоор цохиж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад хамаарах гэмт хэрэгт холбогджээ.

 

3. Прокурорын 2023 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 77 дугаар яллах дүгнэлтээр А.С-ын дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтаар зүйлчилж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.  

 

4. Анхан шатны шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтэд:

4.1. А.С- гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байна. С-ыг прокуророос гэм буруутай гэж үзсэн байна.  

 

5. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн  2023/ШЦТ/89 дүгээр шийтгэх тогтоолоор:  

5.1. Шүүгдэгч А.С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож,

5.2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч А.С-ыг 3 жил 4 сарын хугацаагаар хорих ял шийтгэж,

5.3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.С-т оногдуулсан 3 жил 4 сарын хорих ялыг эрэгтэйчүүдийн нээлттэй хорих байгууллагад эдлүүлж шийдвэрлэжээ.

 

6. Шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдолд:

6.1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийн объектив талын шинж нь Гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан “хүнд гэмтэл”-ийг хүний эрүүл мэндэд санаатай учруулсан гэм буруутай үйлдэл байдаг. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.2-т “гэмтлийн “хүнд" зэрэгт гэмтэх үед амь нас хохирч болох амь тэнссэн байдалд хүргэсэн буюу ердийн явцаараа ихэвчлэн үхэлд хүргэх гэмтэл, гэмтлээс үүссэн үлдэц, уршиг, хөдөлмөрийн ерөнхий чадвар их хэмжээгээр алдагдсан гэмтэл хамаарна...”, 2.2.4-т “ерөнхий хөдөлмөрийн чадвар их хэмжээгээр /35-100 хувь/ тогтонги алдагдсан” гэж тодорхойлсон байх бөгөөд Баян-Өлгий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч Х.Ерболын 2023 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 172 дугаар дүгнэлтийн 3-т “цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэж дүгнэжээ.

Мөн, уг шинжээчийн дүгнэлтийн 1-д “Т.З-ын биед гавал тархины битүү гэмтэл, зүүн талын ухархай яс дээд арын ханын хугарал, гавал ясанд зүүн талын зулайн ясны олон бутарсан хугаралтай, тус хугарлын түвшин зүүн талын дух зулайн ясны заадсыг дагаж баруун талын зулайн яс хүртэл үргэлжилсэн цуурч хугарсан”, 4-т “дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна” гэсэн боловч Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т “гавлын хүнхрээ ба суурь ясны хугарал Үүнд: гавлын орой (дух, зулай яс), чамархай, дагз ба суурь яс (өмнө, дунд, ар хонхор, эрвээхэй яс)-ны хугарал, заадасны салалт хамаарах ба харин ухархай ба самалдгийн дээд хана дангаараа хугарах. нүүрний яснууд ба духны хөндийн өмнөд ханын хугарал, гавлын орой ясны гадна ялтасны цууралт хамаарахгүй” гэж заасан байна.

6.2. Өөрөөр хэлбэл, хохирогч Т.З-ын эрүүл мэндэд учирсан “зүүн талын ухархай дээд ханын хугарал, гавал ясны заадсыг дагасан цуурал” бүхий гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т заасан “хүнд гэмтэл”-ийг тодорхойлоход “хамаарахгүй” гэмтэлд тооцогдохоор байна.

6.3. Нөгөөтээгүүр, ясны “цууралт”, “хугарал” нь эмнэл зүйн хувьд ялгаатай ойлголтууд бөгөөд шинжээч дүгнэлтдээ “...баруун талын зулайн яс цуурч хугарсан” гэсэн нь ойлгомжгүй байгаа юм.

6.4. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Т.З-, гэрч Б.Б, Б.А нарын өгсөн мэдүүлгээр “хохирогчийн толгойн тус газар түлээний банз модоор нэг удаа цохисон” нь нотлогддог. Гэтэл, шинжээчийн дүгнэлтээр “...уг гэмтэл 2-3 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ” гэж дүгнэсэн байдаг.

6.5. Дээр дурдсан нөхцөл байдлыг нэгтгэн дүгнэвэл, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд заасан “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцоход үндэслэсэн Баян-Өлгий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч Х.Ерболын 2023 оны 02 дугаар сарын 24-ний өдөр 172 дугаар дүгнэлт нь алдаатай, зөрчилтэй, тодорхой бус гарсан байхад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу дахин /нэмэлт/ шинжээч томилж, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг бодитой тогтоолгүй хэргийг шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байна.

6.6. Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан “зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэсэн” гэж хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр хэргийг зүйлчлэн ял оногдуулсан. Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлд “зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл” гэж иж бүрдэл, бүтцийн хувьд аливаа биетийг устгах, гэмтээх, бие хамгаалах, дохио өгөх зориулалттай эд зүйл, тоног төхөөрөмж, хэрэгслийг хамааруулж ойлгоно. Зэвсэг нь галт, хүйтэн, хийн, үйлдвэрийн, гар хийцийн аль нь ч байж болно. “Тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл" гэж хүний биед гэмтэл, эд хөрөнгөд хохирол учруулахаар тусгайлан бэлтгэсэн, засаж тохируулсан хүйтэн зэвсэг, галт зэвсэг, эд зүйл, хэрэгслийг ойлгоно” хэмээн тодорхойлжээ. Гэмт хэрэг гарах үед хохирогч Т.З-ыг түлээний модоор нэг удаа цохисон бөгөөд “түлээний мод” нь Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн “тайлбар”-т тодорхойлсон зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйлийн алинд ч хамаарахгүй байгаа юм. Нөгөөтээгүүр, гараараа цохисон бол хохирогчийн биед үүсэх гэмтэл бага байх нь ойлгомжтой бөгөөд хохирогчийн эрүүл мэндэд учруулсан хохирлын хэмжээгээрээ түлээний банзаар цохисон үйлдлийнхээ үр дагаврыг хариуцаж байгаа тул түүний үйлдлийг дахин хүндрүүлэн зүйлчлэх нь эрүүгийн эрх зүйн “эрүүгийн хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх” үндсэн зарчимд ч нийцэхгүй гэж үзэж байна.

6.7. Хохирогч Т.З-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...хүргэн ах А.С- надтай маргалдаж, улмаар би түүнийг заамдаж аваад газарт унагаасан. Тэгээд бид хоёр нэг нэгнийхээ дээр доор ороод ноцолдож байхад найз Б- намайг салгаж авсан...” гэх мэдүүлэг, гэрч Б.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...З- С-т хандаж “би анх модыг ачиж ирэхдээ бензин, түлш гаргасан, тухайн үед би танаас зуун төгрөг ч аваагүй шүү дээ” гэж хэлэхэд С- нь “тийм юм гэж байхгүй, чи тухайн үед бензин тос хийсэн талаараа надад яагаад хэлдэггүй юм бэ, одоо тэр чинь надад хамаа байхгүй, эсвэл энэ модыг ахиад 2 хуваагаад авна” гэж хэлээд С-, З- нар хоорондоо хэрэлдэж эхэлсэн...би арай гэж З-ыг салгаад портер машины араар эргэх үед С- нь портер машины урд тал хэсгээр тойрч ирээд гартаа мод барьсан байсан ба уг модоор З-ын зүүн мөр хэсэгт 4 метрийн урттай модоор нэг удаа цохиход тухайн мод хугарсан...” гэх мэдүүлэг, шүүгдэгч А.С-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... Тухайн үед З- намайг “шуналтай пизда” гэж хэл амаар доромжилсон ба тэр эхэлж намайг миний хамар болон толгой хэсэг рүү гараараа хоёр удаа цохиж авах үед би ар гэдрэгээ нуруугаараа газарт унаад газарт хэсэг ноцолдож байтал Б- ирээд З-ыг татаж салгах шиг болсон... Би тэр үед арагшаа гэр лүүгээ явах гэж байтал З- намайг “нааш ир” гээд дуудахаар нь би хойд хашааны ёроолд байсан бүрээс моднууд дундаас нэг ширхэг урт бүрээс модыг авч, З- руу дөхөж очоод гартаа байсан бүрээс модоор эхэлж З-ын зүүн мөр лүү цохиж авах үед миний гарт байсан бүрээс мод хоёр хуваагдаж, хугарсан ...” гэх мэдүүлгүүдээр хохирогч Т.З- эхэлж надад хүч хэрэглэсэн, хэл амаар доромжилсон, хохирогчийн буруутай үйлдэл гэмт хэрэг гарахад нөлөөлсөн байдал нь ял оногдуулахад харгалзан үзэх хөнгөрүүлэх үндэслэл болох учиртай.

6.8. Иймд, Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан “зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэсэн” гэх заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 2023/ШЦТ/89 дүгээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хэргийн зүйлчлэлийг өөрчлөн, миний хувийн байдал, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгасан, цаашид хохирогчид эмчилгээний зардал гарахад тусалж байхаа илэрхийлсэн, гэр бүлийн байдал 4 ам бүлээ тэжээн тэтгэдэг зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ял оногдуулж өгнө үү.

 

7. Прокурорын давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

7.1. Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Өрен би, өнөөдрийн шүүгдэгч А.С-т холбогдох эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн оролцож, дараах тайлбар, дүгнэлтээ гаргаж байна.

7.2. Шүүгдэгч нь 2023 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн орой Баян-Өлгий аймгийн Б сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт өөрийнхөө хашаан дотор хадам дүү болох хохирогчтой түлээний модыг хувааж авах асуудлаар хоорондоо маргалдах явцад түүний толгой тус газарт банз модоор цохиж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн.

7.3. Анхан шатын шүүхээс 2023 оны 5 дугаар сарын 04-ний өдөр холбогдох хэргийг хянан хэлэлцэж шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэг мөн болох  талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, 89 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон. Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж түүнд оногдуулах ялыг 3 жил 4 сарын хугацаагаар тогтоон шийдвэрлэсэн.

7.4. Анхан шатны шүүхээс холбогдох хэрэгт дүгнэлт хийхдээ шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршиг зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж энэхүү ял шийтгэлийг оногдуулсан. Анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх үндэслэл бүхий байдлыг шүүх дүгнэж өгсөн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэж түүний үйлдсэн гэмт хэрэгт хувийн байдал гэмт хэрэг үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж буй байдал зэргийг бол харгалзан үзэж 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасан үндэслэл бүхий байдал бий болсон гэж үзэж 3 жил 4 сарын хугацаагаар тогтоон шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болсон.

7.5. Хэргийн зүйлчлэлийн хувьд маргаангүй буюу санаа сэтгэгдэл нь хүчтэй, цочрон, давчидсан гэх үйл баримт тогтоогдоогүй. тухайн үед шүүгдэгчийн нэр төрд халдсан нэр төр, сэтгэл санаанд нөлөөлөхүйц ямар нэгэн асуудал хөндөгдөөгүй. Харин хоорондоо үүссэн хэрүүл маргааны улмаас харилцан зодолдсон үйл баримт тогтоогдсон.

7.6. Харин шүүгдэгчийн биед гэмтлийн зэрэг тогтоолгоход түүний биед шүүхийн шинжилгээний байгууллагаас гэмтлийн зэрэгт хамаарахгүй, түүний биед үүссэн, нүүрэнд үүссэн зулгаралт бүхий гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Хохирогчийн биед учирсан гэмтэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд заасан хүнд хохиролд хамаарсан, гэмт хэргийн улмаас учирсан хор хохирол хор уршиг бүрэн тогтоогдсон. Шүүгдэгч нь гэмт хэргийг үйлдэхдээ өөрөө тухайн цаг хугацаанд тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл буюу “аливаа биетийг устгах эд зүйл”-ийг барьж хохирогчийг цохиж, зодон биед нь хүнд хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдсон.

7.7. Тиймээс анхан шатын шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж, шийдвэр гаргасан гэж прокурорын зүгээс дүгнэж байна. Иймд давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

8. Давж заалдах шатны шүүх шүүгдэгч А.С-ын гаргасан гомдол үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзээд, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй байх шаардлагыг хангасан боловч шүүх Эрүүгийн хуулийн холбогдох заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн буюу шийдвэр хууль ёсны байх шаардлагыг хангаагүй тул шийтгэх тогтоолд дараах үндэслэлээр өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

9. Хэргийн бүх ажиллагааг хянахад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг шүүх үнэлж дүгнэх боломжтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй.

 

10. Шүүгдэгч А.С- нь 2023 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн орой 18 цагийн орчимд Баян-Өлгий аймгийн Б сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр, өөрийн хашаандаа хадам дүү болох хохирогч Т.З-тай түлээний модыг хувааж авах асуудлаар хоорондоо маргалдаж, улмаар түүний толгой тус газар банз модоор цохиж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан нь:

- гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 02 дахь тал/,

- хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 12-17 дахь тал/,

- хэргийн газраас хураан авсан 6 ширхэг банз модны хугархайг эд мөрийн баримтаар тооцож хураан авсан мөрдөгчийн тогтоол, эд мөрийн баримтууд, түүнд үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 21, 33-38 дахь тал/,

- хохирогч Т.З-ын өвчний түүх /хавтаст хэргийн 41-67 дахь тал/,

- хохирогч Т.З-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Миний бие одоогоос нэг сарын өмнө гоожин бичгээр нэг портер машин түлээ модыг “Буга” гэх газраас бэлдээд хүргэн ах С-ын хашаанд буулгасан. Түүний хашаанд буулгах болсон шалтгаан нь би хөрөөгүй байсан бөгөөд хүргэн ах С- бид хоёр уг түлээ модыг хагалж бэлдээд талыг нь аваарай гэж хэлсэн. ...2023 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 18 цагийн орчимд найз Б-ын машинаар хүргэн ах А.С-ын хашаанд үлдээсэн түлээ модны талыг нь ачиж өөрийнхөө хашаанд буулгачхаад улмаар үлдсэн жаахан түлээ мод авахаар Б- бид хоёр дахиж С-ын хашаанд очиж, үлдсэн хэсэг модыг ачиж авахаар болоход хүргэн ах А.С- надтай маргалдаж, улмаар би түүнийг заамдаж аваад газарт унагаасан. Тэгээд бид хоёр нэг нэгнийхээ дээр, доор ороод ноцолдож байхад найз Б- намайг салгаж авсан.

Тэгээд би за яах вэ гээд А.С-т гар хүрээгүй. Тэгсэн чинь А.С- хаанаас юм бүү мэд, гартаа мод барьж ирээд миний зүүн дагз хэсэг рүү цохих үед би ухаан алдаж газарт унасан. Дараа нь юу болсныг мэдэхгүй. ...миний санаж байгаагаар А.С- гартаа банз мод барьж ирээд шууд л миний толгой руу цохиж авсан санагдаж байна. Хэрэв миний мөр лүү цохисон бол миний зүүн мөрөнд ямар нэгэн гэмтэл байх ёстой байсан, гэтэл миний зүүн мөрөнд ямар ч гэмтэл байхгүй байгаа.

...хүргэн ах А.С-ын хувьд миний эрүүл мэндийн даатгалд 216.000 төгрөг, эм тарианд 520.000 төгрөг, бэлнээр 200.000 төгрөг өгсөн. Мөн Ховд аймгийн Бүсийн оношилгооны төвд толгойн аппаратад ороход гарсан 1.200.000 төгрөгийг тус тус төлж, хохирлын тодорхой хэмжээг төлж өгсөн. ...бид нараас нийт 673.000 төгрөгийн зарлага гарсан. ...энэ үлдэгдэл хохирлыг барагдуулаад өгчихвөл миний зүгээс ямар нэгэн санал, хүсэлт байхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 73, 75-76 дахь тал/,

- гэрч Б.А-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...би хашаан дээгүүр өндийгөөд харахад С-ын хашаан дотор түлээний хажууд С- ах манай нөхөртэй хэрэлдээд нэг нэгнийхээ хувцаснаас нь барилцсан байдалтай зогсож байхаар нь би “...хүүе Баатар ахаа та яагаад байгаа юм бэ, юу болоод байна...” гээд хашаан дээгүүр давж гараад харахад С- ах гартаа том банз мод бариад шууд манай нөхрийн толгой хэсэг рүү тухайн модоор цохиод авсан. ...хажуу хашаанд байдаг ах Ж-ыг дуудсан. Тэгсэн удалгүй Ж ах эхнэртэйгээ хашаа даваад ороод ирсэн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 79-80 дахь тал/,

- гэрч Б.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...З- С-т хандаж “би анх модыг ачиж ирэхдээ бензин, түлш гаргасан, тухайн үед би танаас зуун төгрөг ч аваагүй шүү дээ” гэж хэлэхэд С- нь “тийм юм гэж байхгүй, чи тухайн үед бензин тос хийсэн талаараа надад яагаад хэлдэггүй юм бэ, одоо тэр чинь надад хамаа байхгүй, эсвэл энэ модыг ахиад 2 хуваагаад авна” гэж хэлээд С-, З- нар хоорондоо хэрэлдэж эхэлсэн. Тэгээд би С-, З- нарт хандаж “та нар одоо больцгоо, жаахан зүйл дээр яах гээд байгаа юм” гэж хэлсэн боловч тухайн үед С-, З- хоёр нэг нэгнийгээ барьж аваад хоорондоо нэг нэгнийхээ хувцаснаас зууралдаж газарт унаад дээр доороо орж ноцолдож эхэлсэн ба би тэр хоёрыг салгах гэж оролдсон ч хүч өгөхгүй байсан. Би арай гэж З-ыг салгаад портер машины араар эргэх үед С- нь портер машины урд тал хэсгээр тойрч ирээд гартаа мод барьсан байсан ба уг модоор З-ын зүүн мөр хэсэгт 4 метрийн урттай модоор нэг удаа цохиход тухайн мод хугарсан ба энэ үед С- ахиад З-ыг тухайн модоор цохисон. Тэгээд З- шууд газарт унасан ба С- ахиад З-ыг модоор цохих гээд гараа далайгаад ирэхэд нь би тухайн модноос нь барьж аваад С-ыг түлхэж, тэвэрч аваад зогсож байтал З-ын эхнэр гүйгээд ирсэн, цаанаас нь мөн З-ын ах болох Ж, Ц нар гүйгээд ирсэн.

З- ухаан орохгүй газарт хэвтэж байсан ба түүнийг ах Ж, А-, Ц бид нар өргөөд гэрт оруулаад хэвтүүлсэн бөгөөд тэрээр ухаан ороогүй, хэсэг хугацааны дараа З- бөөлжсөн бөгөөд удалгүй эмнэлгийн түргэн тусламжийн эмч ирээд үзчихээд шууд эмнэлэгт аваад явсан. ...З-ын биеийн яг аль хэсэгт цохисныг харж чадаагүй, З- шууд газарт унасан. ...нэг мэдэхэд хоёулаа газарт унаж, дээр доороо ороод ноцолдсон, гэхдээ газарт унасны дараа нэг нэгнээ цохиж зодоогүй. Тэгээд би тэр хоёрыг салгаж байтал С- З-ын нүд рүү цохиж авах шиг болсон, яг аль нүдэнд нь цохисныг сайн санахгүй байна.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 82-84, 86 дахь тал/,

- гэрч Н.М-ны мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...онош нь тархины хүнд битүү гэмтэл, зүүн тархины эдийн няцралын хүнд гэмтэл, зүүн чамархай, зулай орчмын хатуу хальсны яс бяцарч, цөмөрсөн, дух, зулайн заадас, баруун зулай яс хүртэл гэмтлийн дараах цус харвалт, зүүн зовхи, дух, зулай, чамархай орчмын зөөлөн эдийн гэмтэл гэх оноштойгоор Сэхээн амьдруулах тасагт эмчилгээ хийлгэж байгаа. Одоогоор мэс засал хийгдэх заалтгүй тул эм, эмчилгээ хийгдэж байгаа гэж ойлгож болно.

Иргэн Т.З- нь эмнэлэгт анх ирэхэд ухаан бүдэг, орчны харьцаа сул байсан ба одоогоор бол анх ирсэн байдлаасаа биеийн байдал нь дээрдэж, тогтворжсон” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 88 дахь тал/,

- Баян-Өлгий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч ажилтай Х.Ерболын 2023 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 172 дугаартай “Т.З-ын биед гавал тархины битүү гэмтэл, зүүн талын ухархай яс дээд арын ханын хугарал, гавал ясанд зүүн талын зулайн ясны олон бутарсан хугаралттай, тус хугарлын түвшин зүүн талын Дух зулайн ясны заадсыг дагаж баруун талын зулайн яс хүртэл үргэлжилсэн цуурч хугарсан. Зүүн талын зовхи орчимд зөөлөн эдэд хавантай, дух, зулайн оройн хэсгүүдээр зөөлөн эдэн доорх цус хуралттай, зүүн доод зовхинд зулгаралт, баруун эрхий хуруунд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо;  Дээрх гэмтлүүд нь 2-3 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна;  Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй; Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.2.1-д зааснаар амь насанд аюултай тул, хүнд гэмтлийн зэргийг тогтоох шалгуурын 3.1.2-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 104-105 дахь тал/,

- А.С-ын мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн “...Хадам дүү З- бид хоёр 2022 оны 12 дугаар сарын үеэр Б сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр “Бугын гол” гэх нэртэй газраас зөвшөөрлөөр түлээний мод бэлдэж, манай хашаанд авчирч буулгаад, манай хөрөөгөөр хагалж, бэлдээд тавьсан.

Тэгээд хадам дүү З- 2023 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 16 цагийн орчимд хадам талын Б-тай цуг түүний портер загварын ачааны машинтай манай хашаанд орж ирээд хагалж бэлдсэн байсан түлээ модны талыг нь ачаад, хашаандаа буулгахаар явсан. Улмаар З- нь Б-тай цуг дахиж хашаанд орж ирээд надад “би сая бага мод авчихсан байна, одоо дахиад мод нэмж авна, би тэр үлдсэн хагалсан модыг бүгдийг нь авна” гэж хэлэхээр нь би түүнд “авбал талыг нь ав” гэж хэлээд бид хоёрын дунд модноос болж хэрүүл маргаан үүссэн.

Тухайн үед З- намайг “шуналтай пизда” гэж хэл амаар доромжилсон ба тэр эхэлж намайг миний хамар болон толгой хэсэг рүү гараараа хоёр удаа цохиж авах үед би арагшаа гэдрэгээ нуруугаараа унаад газарт хэсэг ноцолдож байтал Б- ирээд З-ыг татаж салгах шиг болсон. Тэгээд би газраас босож ирээд З-ын нүүрэн тус газар гараараа нэг удаа цохих үед Б- З-ыг надаас салгаж, бид хоёрыг холдуулсан. Би тэр үед арагшаа гэр лүүгээ явах гэж байтал З- намайг “нааш ир” гээд дуудахаар нь би хойд хашааны ёроолд байсан бүрээс моднууд дундаас нэг ширхэг урт бүрээс модыг авч, З- руу дөхөж очоод гартаа байсан бүрээс модоор эхэлж З-ын зүүн мөр лүү цохиж авах үед миний гарт байсан бүрээс мод хоёр хуваагдаж, хугарсан. Тэр үед З- нь модны хугарсан хэсгийг барьж аваад над руу дайрах үед би гартаа байсан хугарсан модоор түүний зүүн шанаа хэсэгт, толгой хэсэг рүү нэг удаа цохиж авсан. Тэр үед З- нь газарт унаад ухаан алдчихсан ба ойролцоогоор 10 орчим минут газарт хэвтсэн.

 ...би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна, гэмшиж байна. Хохирогчид учирсан хохирлыг тухай бүр төлөөд барагдуулаад явж байгаа. ...надад хуулийн хөнгөлөлт үзүүлж өгнө үү” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 125-126 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон бөгөөд хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн эдгээр нотлох баримтуудаар хэргийн болж өнгөрсөн жинхэнэ нөхцөл байдлыг сэргээн тогтоосон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдлыг тогтоох зарчимд нийцсэн байна.

11. Гэвч прокурорын яллах дүгнэлт болон анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтын “зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл” гэснийг хуульчилсан тайлбараас өөрөөр, буруу тайлбарлаж хэрэглэснээс А.С-ын дээрх үйлдэл холбогдлыг оновчтой зүйлчлээгүй нь гэмт хэрэг, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг энэ хуулиар тодорхойлох хууль ёсны зарчмыг хангаагүй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

 

12. Хэргийн жинхэнэ нөхцөл байдалд хэргийн зүйлчлэлийг зөв сонгон, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан аль тохирох зүйл, хэсгээр оновчтой зүйлчилж субсумци хийх нь хууль ёсны зарчмыг хангахаас гадна гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх гэм буруугийн зарчим болон түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон байх шударга ёсны зарчмыг хангах урьдчилсан нөхцөл болох тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн “гэмт хэрэг үйлдсэн хүнийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд” зорилтын хүрээнд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд хэргийн зүйлчлэл, ялыг хүндрүүлэхгүйгээр, харин хөнгөрүүлж өөрчлөлт оруулах нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хууль ёсны зарчимд нийцэх юм.

 

13. Шүүгдэгч А.С- нь 2023 оны 02 дугаар сарын 19-ний орой Баян-Өлгий аймгийн Б сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт, хашаандаа хадам дүү болох хохирогч Т.З-тай түлээний модыг хувааж авах асуудлаар маргалдах явцад түүний толгой тус газар банз модоор цохиж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдсон бөгөөд тухайн гэмт хэргийн обьектив талын нэмэгдэл шинж болох А.С-ын Т.З-тай маргалдаж, улмаар түүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах явцад хохирогчийн толгой тус газар цохиход хэрэглэсэн банз модны талаар прокурорын яллах дүгнэлтэд “зэвсгийн чанартай зүйл” гэж тодорхойлсон бол анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд “зэвсэг” гэж үзэн “иж бүрдэл, бүтцийн хувьд аливаа биетийг устгах, гэмтээх эд зүйл, хэрэгсэл мөн” гэж тайлбарласан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн хуульчилсан тайлбарын агуулга, зорилгод нийцээгүй байна.

 

14. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн хуульчилсан тайлбарын агуулгад дүн шинжилгээ хийж үзвэл, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтаар хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдэх үед “зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэсэн” нь тухайн гэмт хэргийг обьектив талын нэмэгдэл шинжээр нь хүндрүүлэн зүйлчлэх үндэслэл болох ба зэвсэг болон тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйлийн аль аль нь иж бүрдэл, бүтцийн хувьд аливаа биетийг устгах, гэмтээх, бие хамгаалах, дохио өгөх зориулалттай нийтлэг чанартай, түүнд эд зүйл, тоног төхөөрөмж, хэрэгслийг хамааруулж ойлгохоор байна. Үүнд зэвсэг гэдэг ойлголтод галт, хүйтэн, хийн, үйлдвэрийн, гар хийцийн аль нь ч байж болохоор тоочин нэрлэж тайлбарласан бол “тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл” гэдэгт хүний биед гэмтэл, эд хөрөнгөд хохирол учруулахаар “тусгайлан бэлтгэсэн, засаж тохируулсан” хүйтэн зэвсэг, галт зэвсэг, эд зүйл, хэрэгслийг ойлгоно гэж тухайн “хүйтэн зэвсэг, галт зэвсэг, эд зүйл, хэрэгсэл”-ийн тусгайлан бэлтгэсэн, засаж тохируулсан урьдчилсан байдлыг буюу гэмт хэрэг үйлдсэн хүний гэмт хэрэгт бэлтгэх, гэмт хэрэг үйлдэх үеийн тухайн урьдчилж бэлтгэсэн буюу засаж тохируулсан, гэмт хэргийн хохирол, хор уршигт хандах сэтгэхүйн харилцааг илэрхийлсэн субьктив санаа, зорилго, хандлагыг хууль тогтоогч чухалчлан авч үзэж, хуульчилсан тайлбарт тусгажээ.

 

15. Үүнээс дүгнэвэл, гэмт этгээд гэмт хэрэгт бэлтгэх, гэмт хэрэг үйлдэх үед зэвсгийн чанартай эд зүйл, хэрэгслийг урьдчилж тусгайлан бэлтгэсэн, засаж тохируулсан байдал нь түүний үйлдсэн гэмт хэргийг хүндрүүлэн зүйлчлэхэд нөлөөлөх бөгөөд харин гэмт хэрэг үйлдэх явцад урьдчилан тусгайлан бэлтгээгүй, засаж тохируулаагүй эд зүйл, тухайлбал мод, чулуу зэргийг гэмт хэрэг үйлдэх үед үүссэн урьдчилсан бус гэнэтийн сэдлээр хэрэглэсэн бол түүний энэ үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн хуульчилсан тайлбарыг баримталбал, тухайн зүйлд заасан гэмт хэргийн үндсэн бүрэлдэхүүнээр зүйлчлэх нь мөн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль ёсны зарчимд нийцнэ.

 

16. Анхан шатны шүүх шүүгдэгч А.С-ын бусдын эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдэх үед хэрэглэсэн банз модыг “зэвсэг” гэж тодорхойлсон нь илэрхий алдаатай, уг банз бодыг шүүгдэгч А.С- нь тусгайлан бэлтгэж, засаж тохируулсан гэх нөхцөл байдал хэргээс тогтоогдоогүй, харин хадам дүү болох хохирогч Т.З-тай түлээний модыг хувааж авах асуудлаар хоорондоо маргалдах явцад түүний толгой тус газар банз модоор цохиж, хүнд хохирол санаатай учруулсан хэргийн жинхэнэ нөхцөл байдал, хохирогч болон гэрчүүдийн мэдүүлэг, А.С-ын яллагдагчаар болон шүүх хуралдааны шатанд өгсөн мэдүүлгүүдийг тус тус үндэслэж, шүүгдэгч А.С-ын гэмт хэрэг үйлдэх үед хэрэглэсэн банз модыг прокурорын яллах дүгнэлтэд дурдсанчлан “тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл” гэж дүгнэх нь хууль зүйн үндэслэлгүй байна.

 

17. А.С-ын гэмт хэрэг үйлдэх үед хэрэглэсэн банз мод нь иж бүрдэл, бүтцийн хувьд аливаа биетийг устгах, гэмтээх эд зүйл буюу “зэвсгийн чанартай зүйл” мөн боловч түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт заасан “тусгайлан бэлтгэсэн” зэвсгийн чанартай зүйлд хамааруулахгүй, гэмт этгээд хэрэг учрал болсон газарт тухайн банз модыг зориуд авч очсон, эсхүл гэмт хэрэг үйлдэх үед тухайлан хайж олсон буюу тусгайлан бэлтгэсэн; үзүүрлэж, хөрөөдөж, богиносгож, эсхүл бусад байдлаар овор хэмжээ, хэлбэр, бүтцийг нь өөрчилсөн буюу засаж тохируулсан зэрэг нөхцөл байдал хэргээс тогтоогдоогүй тул тухайн банз модыг “тусгайлан бэлтгэсэн” гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй болно.

 

18. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн үндсэн болон хүндрүүлэх бүрэлдэхүүний шинж, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээ, түүний ялгамжтай байдал, тухай зүйлд заасан гэмт хэргүүдийг нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хохирол, хор уршгийн шинж байдал зэргээс үзвэл, хууль тогтоогч тухайн зүйлийн 2.4 дэх заалтад заасан “зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл” гэдэгт хуульчилсан тайлбар хийхдээ “зэвсгийн чанартай зүйл хэрэглэх” нөхцөл байдлын хувьд түүнийг “тусгайлан бэлтгэсэн байх” гэмт этгээдийн санаа, зорилгыг чухалчилсан нь тухайн гэмт хэргийн зүйлчлэлд нөлөөлнө. Иймд энэ талаар гаргасан шүүгдэгч А.С-ын “гэмт хэрэг үйлдэх үед хохирогч Т.З-ыг цохисон мод нь Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн тайлбарт тодорхойлсон зэвсэг болон тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйлийн алинд ч хамаарахгүй тул хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилж өгнө үү” гэсэн давж заалдах гомдлын үндэслэлийг хүлээж авах нь зүйтэй.

 

19. Анхан шатны шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч хуульд зааснаар шүүгдэгчийн гэм буруугийн талаар “А.С- гэр буруугаа хүлээн зөвшөөрсөн байна. С-ыг прокуророос гэм буруутай гэж үзсэн байна” гэх дүгнэлтийг гаргажээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад “шүүгдэгчийн гэм буруугийн талаар санал бичих, уншиж сонсгох”, мөн хуулийн 35.26 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Иргэдийн төлөөлөгч энэ хуулийн 35.25 дугаар зүйлд заасан ажиллагаа явагдаж дууссаны дараа шүүгдэгчийн гэм буруугийн талаар бичгээр гаргасан саналаа уншиж сонсгож болно” гэж хуульчилсан бөгөөд иргэдийн төлөөлөгчийн дээрх агуулга бүхий шүүгдэгчийн гэм буруугийн талаарх дүгнэлтийг Шүүхийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.6 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэр гаргахдаа харгалзаж үзсэнийг тэмдэглэж байна.

 

20. Шүүгдэгч А.С- нь 2023 оны 02 дугаар сарын 19-ний орой Баян-Өлгий аймгийн Б сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах хашаандаа Т.З-тай түлээний модыг хувааж авах асуудлаар маргалдах явцад түүний толгой тус газар банз модоор цохиж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан үйл баримтыг; гэмт этгээдийн хэрэглэсэн банз модыг зэвсэг, эсхүл тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл гэж үзэхгүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, түүнийг энэ зүйл, хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь хууль ёсны болон гэм буруугийн зарчимд нийцнэ.

 

21. А.С-ын үйлдсэн бусдын эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг,  хохирогч Т.З-ын толгой тус газарт банз модоор 2-3 удаагийн үйлдлээр цохисны улмаас хохирогчийн биед гавал тархины битүү гэмтэл, зүүн талын ухархай яс дээд арын ханын хугарал, гавал ясанд зүүн талын зулайн ясны олон бутарсан хугарал, тус хугарлын түвшин зүүн талын дух, зулайн ясны заадсыг дагаж баруун талын зулайн яс хүртэл үргэлжилсэн цуурч хугарсан байдал, зүүн талын зовхи орчимд зөөлөн эдэд хавантай, дух, зулайн оройн хэсгүүдээр зөөлөн эдэн доорх цус хуралттай, зүүн доод зовхинд зулгаралт, баруун эрхий хуруунд зулгаралт” зэрэг хүнд гэмтэл тогтоогдсон хэргийн нөхцөл байдлын үндэслэж, шүүгдэгчийн хувийн байдал, учруулсан хохирлыг төлсөн зэргийг харгалзан үзэж түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор хоёр жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

22. Баян-Өлгий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч ажилтай Х.Ерболын 2023 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 172 дугаартай хохирогчийн биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний дүгнэлтийг шүүгдэгч, хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг болон Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/216/422 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар баталсан Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.2.1, 3.1.2 дахь заалттай харьцуулан дүгнэвэл, шинжээчийн дүгнэлтэд хохирогчийн биед учирсан тархины битүү болон зүүн талын ухархай яс, дээд арын ханын хугарал болон зүүн талын зулай ясны олон бутарсан хугарал, бусад олон тооны цууралт, хугарал бүхий гэмтлийг гэмтлийн хүнд зэргийг тогтоох шалгуур, үзүүлэлтийг үндэслэж, хүнд гэмтэлд хамааруулсан нь үндэслэлтэй ба энэ талаарх шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдол хэрэгт цугларсан нотлох баримтуудад тулгуурлаагүй, үндэслэлгүй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг удирдлага болгож,

 

ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 2023/ШЦТ/89 дүгээр шийтгэх тогтоолын Тогтоох хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Баян-Өлгий аймгийн прокурорын газраас шүүгдэгч А.С-т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн өөрчилсүгэй” гэсэн нэмэлт өөрчлөлт оруулж, Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Шүүгдэгч А.С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэж, 2 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.С-ыг хоёр /2/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй” гэж, 3 дахь заалтын “...3 жил 4 сарын...” гэснийг “хоёр /2/ жилийн...” гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч А.С-ын давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар “анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн”, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” зэрэг үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч, прокурор, дээд шатны прокурор хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.

                                

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Д.КӨБЕШ

 

ШҮҮГЧ                                                                        М.НЯМБАЯР

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        С.ӨМИРБЕК