| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Барнямын Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 320/2025/00065/И |
| Дугаар | 320/ШШ2025/00187 |
| Огноо | 2025-02-06 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 06 өдөр
Дугаар 320/ШШ2025/00187
| 2025 оны 02 сарын 06 өдөр | Дугаар 320/ШШ2025/00187 | Х аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа би
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн *** газрын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ц.Н-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 2,000,000 ( хоёр сая) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй, 155/2025/00065/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн *** газар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Ц.Н нь Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн Ажлын байрыг дэмжих хөтөлбөр-т хамрагдаж, 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Санхүүгийн дэмжлэг олгох гэрээ-г байгуулж түүнд 4,000,000 төгрөгийг 36 сарын хугацаатай, гэрээний хугацаанд зээлийн төлбөрийг бүрэн барагдуулах нөхцөлтэйгээр зээлдүүлсэн. Ц.Н нь зээлийн төлбөрөөс 2,000,000 төгрөгийг төлж, 2,000,000 төгрөгийг төлөөгүй байна. Иймд 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдөр байгуулагдсан Санхүүгийн дэмжлэг олгох гэрээ-ний үүрэгт 2,000,000 төгрөгийг Ц.Н-гээс гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Ц.Н-гээс шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Хариуцагч Ц.Н миний бие Хөвсгөл аймгийн *** газраас шүүхэд гаргасан нэхэмжлэлийг гардаж авлаа. Миний бие Ц.Н нь Хөвсгөл аймгийн *** газраас 4,000,000 төгрөгийг зээлийн 36 сарын хугацаатай авсан. Ковид-19 өвчнөөс шалтгаалан эргэн төлөлт хийх санхүүгийн боломжгүй болоод 2024 онд 2,000,000 төгрөгийг төлсөн. Иймд Хөвсгөл аймгийн *** газраас нэхэмжилж буй зээлийн үлдэгдэл болох 2,000,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна гэжээ.
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн *** газар нь хариуцагч Ц.Н-гээс зээлийн гэрээний үүрэгт 2,000,000 ( хоёр сая) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ц.Н нь нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүрэгт 2,000,000 (хоёр сая) төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн нь хууль зөрчөөгүй, бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ гэж,
Мөн зүйлийн 74.2-т Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч нэхэмжлэгчийн татгалзал, хариуцагчийн зөвшөөрөл, зохигч талуудын эвлэрэл, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана гэж тус тус хуульчилжээ.
Иймд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагын үнэ 2,000,000 ( хоёр сая) төгрөгийн дүнд төлөх улсын тэмдэгтийн хураамж 46,950 ( дөчин зургаан мянга есөн зуун тавь ) төгрөгөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар хариуцагч Ц.Н-гээс улсын тэмдэгтийн хураамж 46,950 ( дөчин зургаан мянга есөн зуун тавь ) төгрөгийн тал хувь болох 23,475 ( хорин гурван мянга дөрвөн зуун далан тав) төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулах нь зүйтэй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар Хөвсгөл аймгийн *** газрын нэхэмжлэлтэй, хариуцагч Ц.Н-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 2,000,000 ( хоёр сая) төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч Ц.Н нь нэхэмжлэлийн шаардлагыг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үнэ 2,000,000 ( хоёр сая) төгрөгийн дүнд төлөх улсын тэмдэгтийн хураамж 46,950 ( дөчин зургаан мянга есөн зуун тавь ) төгрөгөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар хариуцагч Ц.Н-гээс улсын тэмдэгтийн хураамж 46,950 ( дөчин зургаан мянга есөн зуун тавь ) төгрөгийн тал хувь болох 23,475 ( хорин гурван мянга дөрвөн зуун далан тав) төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА