| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бүдрагчаагийн Отгонбямба |
| Хэргийн индекс | 155/2024/01384/И |
| Дугаар | 320/ШШ2025/00099 |
| Огноо | 2025-01-23 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2025 оны 01 сарын 23 өдөр
Дугаар 320/ШШ2025/00099
| 2025 оны 01 сарын 23 өдөр | Дугаар 320/ШШ2025/00099 |
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ө.Г
Хариуцагч: Д.А
Нэхэмжлэлийн шаардлага: 3,700,000 (гурван сая долоон зуун мянга) төгрөг гаргуулах тухай 155/2024/01384/и дугаар индекстэй хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ш, хариуцагч Д.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Уянга нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Ө.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэлийн шаардлагын дүн: 3,700,000 төгрөг. Энэ дүнд: үндсэн төлбөр 3,200,000 төгрөг, бусад: 500,000 төгрөг. Гэрээ байгуулсан огноо: 2024 оны 1 дүгээр сар, гэрээний дүн: 3,200,000. Худалдан авагч мөнгөн хөрөнгийг шилжүүлсэн огноо: 2024 оны 7 дугаар сарын 18. барааг хүлээн авсан огноо: 2024 оны 1 дүгээр сар.
Миний бие Ө.Г нь 2024 онд Д.А гэх айлтай айл саахалт өвөлжсөн юм. Уг хугацаандаа буюу 2024 оны 1 дүгээр сард Д.Аын Prado маркын машиныг 13,000,000 төгрөгөөр худалдан авахаар харилцан тохиролцож 3,200,000 төгрөгийг бэлнээр өгсөн. Үлдсэн мөнгөнд нь мал өгөх гэтэл авахгүй гэсэн. Гэтэл удалгүй Д.А нь эхнэртэйгээ манайд ирээд машинаа аваад явсан. Одоо миний бие машины үнэд урьдчилж өгсөн 3,200,000 төгрөг, миний эзэмшиж байх хугацаанд засвар үйлчилгээ төлбөр 500,000 төгрөг, нийт 3,700,000 төгрөгийг гаргуулж авах хүсэлтэй байна. Д.А нь машин авч явахдаа машиныг зарчихаад танай 3,200,000 төгрөгийг өгнө гээд явсан боловч машинаа зарсан мөртлөө миний мөнгийг өгөхгүй байна.
Иймд Д.Ааас 3,700,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ. (хавтаст хэргийн 1-7 дахь тал)
1.1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ш шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ө.Г, Д.А нар 2024 оны 1 дүгээр сард 13,000,000 төгрөгөөр машины наймаа хийхээр тохирч, 3,200,000 төгрөгийг урьдчилгаанд бэлэн өгч, үлдсэн мөнгийг малаа зараад өгөхөөр тохирсон гэсэн. Гэтэл хариуцагч нь 2024 оны 7 дугаар сарын дундуур эхнэртэйгээ очиж, машинаа буцааж авсан. Машиныг тухайн үед эвдэрч, гэмтсэн талаар ямар нэгэн зүйл яриагүй мөртлөө 3,200,000 төгрөгөө авна гэж хэлэхэд яндан хазайлгаж унагаасан, нэг дугуй буудуулсан, 4 амаржин ажиллагаагүй болгосон, рулийн механизм эвдэрсэн, мотор цохиулсан гэх шалтаг тоочиж, мөнгө өгөхөөс зайлсхийсэн. Нотлох баримт байхгүй учир гарсан эвдрэлийг зөвшөөрөхгүй байгаа. Зөвхөн машины нэг дугуйг буудуулж, арожитерын тосыг тургиулж, ус хийсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн тул оношилгооны төлбөр 500,000 төгрөгийг хасахаар болсон. Нэхэмжлэлийн шаардлага 3,200,000 төгрөгөөс 700,000 төгрөгийг хасаж 2,500,000 төгрөгөөр тохирч болно гэсэн. Гэхдээ бид ярилцаад нэхэмжлэлийн шаардлагаас 1,400,000 төгрөг гаргуулахаас татгалзаж, хариуцагчаас 2,300,000 төгрөг авахаар эвлэрч байна. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ гэдгийг ойлголоо гэв.
2. Хариуцагч Д.А шүүхэд гаргасан тайлбартаа: 3,200,000 төгрөгөөс 2,000,000 өгөхийг зөвшөөрч байна гэжээ. (хавтаст хэргийн 21 дэхь тал)
2.1. Хариуцагч Д.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2024 оны 1 дүгээр сард Ө.Год Прадо-95 маркийн машиныг 13,000,000 төгрөгөөр зарж, урьдчилгаанд 1,000,000 төгрөг аваад машинаа өгсөн. Дараа нь 2024 оны 5 дугаар сард 1,500,000 төгрөг, 2024 оны 7 дугаар сард 700,000 төгрөг, нийт 3,200,000 төгрөгийг дансаар болон бэлнээр авсан. Бүх мөнгөө 2024 оны 5 дугаар сард өгнө гэсэн боловч өгөөгүй болохоор машинаа очиж авсан. Гэтэл машины тосол тургиулж ус хийсэн, рулийн аппарат дуу орсон, кроп эвдчихсэн байсан. Би машиндаа 2,200,000 төгрөгийн засвар хийсэн. Бид ярилцаад машин засуулсан төлбөр, 8 сар унаж хэрэглэсэн хөлс, төлбөрөө тооцож, 2,000,000 төгрөг өгөөд эвлэрэхээр тохирсон боловч хэлэлцээрээс буцсан байна. Одоо 2,300,000 төгрөг өгөхийг зөвшөөрч, эвлэрч байна. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ гэдгийг ойлголоо гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ө.Г нь хариуцагч Д.Ат холбогдуулан 3,700,000 (гурван сая долоон зуун мянга) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ш ...бид ярилцаад нэхэмжлэлийн шаардлагаас 1,400,000 төгрөг гаргуулахаас татгалзаж, хариуцагчаас 2,300,000 төгрөг авахаар эвлэрч байна. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ гэдгийг ойлголоо гэх тайлбар, хариуцагч Д.А ...Би машин засуулсан төлбөр, 8 сар унаж хэрэглэсэн хөлс, төлбөрөө тооцож, 2,000,000 төгрөг өгөөд эвлэрэхээр тохирсон боловч хэлэлцээрээс буцсан байна. Одоо 2,300,000 төгрөг өгөхийг зөвшөөрч, эвлэрч байна. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ гэдгийг ойлголоо гэх тайлбар тус тус гаргасан.
Зохигч хоорондоо эвлэрэн хэлэлцэж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ш нэхэмжлэлийн шаардлагаас нийт 1,400,000 (нэг сая дөрвөн зуун мянга) төгрөг гаргуулахаас татгалзаж, 2,300,000 (хоёр сая гурван зуун мянга) төгрөгийг нэхэмжлэгч Ө.Год төлж барагдуулахаар хариуцагч Д.А хүлээн зөвшөөрч, харилцан тохиролцож, эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 74,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Ааас 2,300,000 төгрөгийн дүнд төлөх улсын тэмдэгтийн хураамж 51,750 төгрөгийн тал хувь 25,875 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1, 123.2-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Ө.Гын нэхэмжлэлтэй хариуцагч Д.Ат холбогдох 3,700,000 (гурван сая долоон зуун мянга) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ш нэхэмжлэлийн шаардлагыг 1,400,000 (нэг сая дөрвөн зуун мянга) төгрөгөөр багасган, хариуцагч Д.А 2,300,000 (хоёр сая гурван зуун мянга) төгрөгийг нэхэмжлэгч Ө.Год төлж барагдуулахаар эвлэрсэн, зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн бүгд 74,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Ааас улсын тэмдэгтийн хураамж 25,875 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ө.Год олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА