Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2021/00106

 

2021 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2021/00106

 

 

 

 

 

 

                                      Б.Дгийн нэхэмжлэлтэй

                                                иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Д.Нямбазар, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дүгаар сарын 12-ны өдрийн 183/ШШ2020/02754 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Б.Дгийн хариуцагч Б.Нд холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 144 255 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

 Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Д, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Чулуунгэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: Б.Нтэй 2018 оны 6 дугаар сарын 19-ний өдөр 1 сарын хугацаатай сарын 6.5 хувийн хүүтэй, гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.1 хувийн алданги тооцох тухай зээлийн гэрээг байгуулсан.  Улмаар 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 1 жилийн хугацаагаар зээлийн гэрээг сунгасан. Хариуцагч нь 2018 оны 12 дугаар сараас 2019 оны 4 дүгээр сар хүртэл зээлийн хүүг төлж байгаад одоог хүртэл төлөлт хийгээгүй. Иймд Б.Нээс үндсэн зээл 88 550 000 төгрөг, 1047 тоот зээлийн гэрээний сунгалтын үлдэгдэл болох 2 сарын хүүг 11 505 000 төгрөг, 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хүртэлх алдангид 144 250 000 төгрөг нэхэмжилж байна. Х.Хтай 2017 оноос хамтран амьдарч эхэлсэн. Х.Нямгэрэлтэй Х.Хаар дамжуулан танилцаж байсан. Би Монгол, Солонгос улсын хооронд агаарын тээврийн ачаа буюу карго ажиллуулж Хаан банкны васко гэх төхөөрөмжөөр улс хооронд мөнгөн гуйвуулга хийдэг байсан. Гэтэл уг васко төхөөрөмж хаагдаад 2017 оны 9 дүгээр сараас 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдөр хүртэл интернэт банк ашиглах боломжгүй болж Х.Хийн дансаар өөрийнхөө бүх гүйлгээг хийлгэж байсан. Х.Хи 2018 оны 3 дугаар сард Б.Нд 150 000 000 төгрөг зээлүүлбэл их өндөр хүүтэй, бидэнд ашигтай гэж хэлэхээр нь өөрийнхөө амьдардаг 4 өрөө байрны ордер болон худалдах гэж байсан 2 өрөө байрныхаа ордерийг Х.Хийн нэр дээр шилжүүлж, банк бус санхүүгийн байгууллагаас Х.Хитай хамтран 150 000 000 төгрөг зээлдэн авсан. Б.Н Зайсанд байдаг 4 өрөө байрны ордерыг үзүүлсэн боловч уг байрны ордер нь Б.Нийн нэр дээр бус өөр хүний нэр дээр байсан. Уг байр нь 56 000 000 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй, зээлээс чөлөөлөөд өгчих гэж хэлсний дагуу байрыг нь зээлээс чөлөөлж өгч, байрны ордерыг над руу шилжүүлэн гэрээ байгуулж үлдэгдэл 94 000 000 төгрөгийг Х.Хийн данс руу хийгээд бэлэн мөнгөөр Х.Нямгэрэлд өгсөн. Б.Нээс 1 сарын дараа 150 000 000 төгрөгийг бэлнээр буцааж авсан. Банкнаас гарч ирэхэд Б.Н 140 000 000 төгрөг зээлчих гааль дээр Бенз маркын машин буучихсан байгаа, татвараа төлж чадаагүй 20 000 000 төгрөг хэрэгтэй, 2 сарын дотор төлнө гэхээр нь Б.Гд бэлнээр 20 000 000 төгрөг өгөөд Б.Нтэй хэлцэл хийчих гээд нотариат руу орсон. Үлдэгдэл 130 000 000 төгрөгийг Х.Хи нь өөрийнхөө дансанд хийгээд миний данс руу шилжүүлсэн. 2018 оны 5 дугаар сарын 16-ны өдөр 140 000 000 төгрөгийн гэрээ байгуулж, 2020 оны 5 дугаар сарын 18-ний өдөр 30 000 000 төгрөгийг Х.Хийн дансаар Б.Нийн данс руу, 2020 оны 5 дугаарсарын 18-ний өдөр 18 000 000 төгрөг тус тус шилжүүлсэн. Мөн Х.Хийн дансаар өөрийнхөө найз болох Бүдрагчаа руу 50 000 000 төгрөг, 20 000 000 төгрөг, 20 000 000 төгрөг, 10 000 000 төгрөг тус тус шилжүүлүүлж Бүдрагчаатай 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдөр гэрээ байгуулсан. Надад алтан эдлэлүүд байдаг бөгөөд мөнгө хэрэгтэй болохоор Х.Хид итгээд өгөөд явуулдаг. Х.Хи “Начин заан" ББСБ-д өөрийнхөө нэрээр нийт 11 удаагийн гэрээгээр 103 410 000 төгрөгийн зээл авсан байдаг. Барьцаа хөрөнгө болох Бенз машины гэрчилгээг 2020 оны 5 дугаар сарын 30-ны өдөр шилжүүлж өгсөн. 2018 оны 6 дугаар сард Цагдаад мэдэгдэж шалгуулахад Б.Нийн нэр дээр ямар ч барилгын компани байхгүй, эхнэр хүүхдээсээ салсан байсан. Үүнээс хойш зээлийн хүүгээ төлөхгүй, би сар бүр 3 000 000 гаруй төгрөг хүү гэж төлж байна гэхэд барьцаанд авсан машинаа 30 000 000 төгрөгөөр тооцоод үүнээс хүүгээ төлөөрэй гэж хэлсэн гэжээ.

 

Хариуцагчийн хариу тайлбарт: 2018 оны 6 дугаар сарын 19-ны өдөр зээлийн гэрээний дагуу нэхэмжлэгч зээл аваагүй. Харин хариуцагч талаас 2018 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн Б.Д, Б.Н нарын өөрсдийн гараар засаж тодруулж бичсэн гарын үсэгтэй нотариатын баталгаажуулсан гэрээг хүчинтэй гэж үзэж байна. Гэрээний хавсралтад Б.Н, Б.Д нар хоорондоо мөнгийг яаж шилжүүлж байсан талаарх баримтыг нэг бүрчлэн бичсэн байдаг. 1 500 000 төгрөгөөр зээл чөлөөлсөн гэдгийг нэхэмжлэгч тал өөрөө хэлсэн. 3 500 000 төгрөг Х.Хаас Б.Н рүү шилжүүлсэн гэх боловч 2020 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн дансны хуулгаас үзэхэд 3 000 000 төгрөг шилжүүлсэн байсан. Үүнийг тухайн үед авсан мөнгөн дээрээ нэмж төлөх тухай хоорондын тохиролцоо байсан гэж тайлбарладаг. 20 000 000 төгрөгийг Б.Ггээс бэлнээр өгч авалцсан гэх гэрээ хэрэгт ач холбогдолгүй. 30 000 000 төгрөгийг 2018 оны 5 дугаар сарын 16-ны өдөр шилжүүлсэн хуулга байдаг боловч Х.Хаас Б.Нийн данс руу шилжүүлсэн байсан. Мөн 9 000 000 төгрөгийг шилжүүлсэн гэх боловч хуулгыг үзэхэд 3 000 000 төгрөг шилжүүлсэн байсан. Үүнийг Б.Н 3 500 000 төгрөгийн гүйлгээ хийгээд үүнийгээ 9 000 000 төгрөг болгож буцаан шилжүүлнэ гэсэн хоорондын тохиролцоо байсан гэж тайлбарласан. 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 9 000 000 төгрөг, 3 500 000 төгрөг болон Б.Г, Б.Н нарын хоорондох 20 000 000 төгрөгийн хэлцлийг хүлээн зөвшөөрөхгүй. Х.Хаас Б.Нд зээлийн гэрээний дагуу нийт 56 300 000 төгрөг шилжсэн. Нэхэмжлэгч 88 500 000 төгрөг гэж бичсэнийг ойлгохгүй байна. Б.Н нь Х.Хд сар бүр хүү төлж байсан баримтууд байдаг. Б.Д Б.Н нарын хооронд зээлийн харилцаа үүсээгүй харин Х.Хаас мөнгө авсан, үүнийхээ хүүг Х.Хид өгдөг байсан. 30 000 000 төгрөгийн хувьд хариуцагч талын хооронд хийсэн гэрээ байгаа. Уг гэрээн дээр 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Б.Н, Б.Д хоёр бенз маркийн авто машиныг 30 000 000 төгрөгөөр тооцож гэрээ байгуулсан. Х.Хийн дансны хуулгийг харахад Л.Отгонбаярын данснаас 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 2 000 000 төгрөг урьдчилгаа гэж орж ирсэн. Энэ өдөр Х.Хи нь өөрийнхөө дансанд 41 000 000 төгрөгийг тушаасан байдаг, Х.Хи нь уг авто машиныг 30 000 000 төгрөгөөр худалдаагүй 40 000 000 гаруй төгрөгөөр худалдсан. Ингээд Б.Дд 19 000 000 төгрөг,  2 000 000 төгрөг тус тус шилжүүлсэн. Мөн хоёр удаагийн танихгүй хүний дансны гүйлгээ байдаг бөгөөд үүнийг Б.Дгийн “Начин заан” ББСБ ХХК-д төлөх 20 000 000 гаруй төгрөгтэй холбоотой гэж тайлбарласан. “Начин заан” ББСБ-ийн зээл олгосон хүнийхээ данс руу хоёр удаагийн гүйлгээгээр шилжүүлж зээлээ хаасан. Иймд Б.Н нь Б.Дд  ямар нэгэн өргүй, тооцож үзэхэд 6 000 000 төгрөгийн зөрүү гарч ирдэг. Б.Д, Х.Хи нар хамтын амьдралтай байсан, тухайн үед эд хөрөнгө, захиран зарцуулах зүйл нь дундаа байсан. “Рилайнс” ББСБ-аас авсан зээлээ Б.Нд зээлдүүлсэн гэж худал ярьдаг. “Рилайнс” ББСБ-ийн гэрээг харахад Х.Хи, Б.Д нар өөрсдийн нэр дээр байдаг нэг, нэг байрыг барьцаанд тавиад зээлийн гэрээн дээр гарын үсэн зурж, зээл авсан байдаг. Харин Б.Д нь Х.Хийг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтэст залилсан гэж гомдол гарган хэрэг үүсээд шалгагдаж байгаа. Б.Н гэдэг хүний хувьд Х.Хигаас мөнгө авч,  шилжүүлж уг зээлсэн мөнгөөсөө тодорхой хэмжээнд хүүг нь төлж байсан баримтууд байгаа. Харин Б.Д Б.Н нарын хооронд ямар нэгэн зээлийн болон бусад харилцаа үүсээгүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

                 Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.2, 232 дугаар зүйлийн 232.6 дах хэсэгт зааснаар хариуцагч Б.Нд холбогдох зээлийн гэрээний үүрэгт 144 255 000 төгрөг гаргуулах Б.Дгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 879 225 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.

                Нэхэмжлэгч Б.Дгийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: Шүүх хэргийг хэт нэг талыг баримтлан шийдвэрлэсэн. Гэрч Х.Хи нь эд хөрөнгө, мөнгөн хөрөнгө байгаагүй гэдгээ хэлсэн. Аудитын дүгнэлт бол Х.Хид холбогдуулан шалгагдаж байгаа хэрэгт хийсэн хөндлөнгийн санхүүгийн дүгнэлт юм. Уг баримтыг гаргаж өгөх болсон шалтгаан нь Х.Хи нь өөрийн хийсэн үйлдлээ эрүүгийн болон иргэний шүүхэд гэрчээр мэдүүлэг өгөхдөө харилцан адилгүй тайлбарлаж байгааг тодорхойлуулах зорилготойгоор байсан. 2018 оны 06 сарын 19-ны өдрийн зээлийн гэрээг 1 сарын хугацаатай 6.5 хувийн хүүтэй, хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.1 хувийн алданги тооцохоор тохиролцож байгуулсан. Гэвч хариуцагч 2018 оны 12 сараас 2019 оны 04 сар хүртэл хугацаанд зээлийн хүүг төлж үүнээс хойш зээл, хүүг төлөөгүй. Шүүхийн шийдвэрт бусдад зээлүүлж буй эд хөрөнгийн эх үүсвэр болон тухайн хөрөнгийг хэн захиран зарцуулах эрхтэй байсан талаар дүгнэлт хийгээгүй нь шүүх хэт нэг талыг баримталж шийдвэр гаргах үндэс болсон. Х.Хи болон Б.Д нар нь өөрсдийн хөрөнгийг барьцаалан “Рилайнс” ББСБ-аас зээл авсан талаар тайлбарласан байдаг. Тус эд хөрөнгө хэний хөрөнгө, өмчлөгч нь хэн байсан талаар дүгнээгүй. Нэхэмжлэгч Б.Дгийн өмчлөлийн хөрөнгөөр бусдад зээлдүүлж буй мөнгөн хөрөнгийн эх үүсвэр нь үүсэж байгаа. Гэтэл шүүх уг асуудлыг тогтоолгүйгээр шийдвэр гаргасан нь үндэслэлгүй. Зээлдүүлж буй мөнгийг зээлдэгчийн өмчлөлд шилжүүлсэнээр зээлийн гэрээ байгуулсанд тооцно. 2018 оны 06 сарын 19-ний өдрийн зээлийн гэрээ нь талуудын хооронд зээлийн харилцаа үүссэн болохыг нотлох баримт юм. Гэвч хариуцагч тал өмнөх зээлийн харилцааг давхардуулж тайлбарлаж байгаа нь зээлийн гэрээний үндсэн үүргээсээ зайлсхийж байгаа асуудал юм. Өмнө нь Б.Нтэй өр, авлага, зээлийн харилцаатай байсан, уг асуудал дуусгавар болгоод дахин зээлийн гэрээ байгуулсан асуудал юм. Гэрч Х.Хи нь хариуцагчид зээлсэн мөнгөө эргүүлж нэхэмжлэхгүй талаар тайлбарладаг. Гэрч ямар шалтгааны улмаас Б.Нээс мөнгөө эргүүлж авахгүй гэж тайлбарлаад байгаагийн учир нь Х.Хи Б.Нд өөрийн хөрөнгөөс мөнгө зээлдүүлээгүй юм. Б.Нтэй нийт 88 500 000 төгрөгийн зээлийн гэрээний харилцаа үүссэн талаар талууд маргадаггүй. Шүүх талуудын хооронд байгуулсан гэрээ үүрэг болон хэрхэн Б.Нийн дансанд мөнгө орж байгаа талаар дүгнэлт хийгээгүй хэт нэг талыг барьж шийдвэр гаргасан гэж үзэж байна. Шүүхэд эргэлзээ бий болсон, үүнтэй холбоотой баримт зайлшгүй шаардлагатай болох нь тогтоогдсон бол шүүх хуралдааныг хойшлуулж зайлшгүй шаардлагатай баримтыг цуглуулах ажиллагааг боломжтой байсан. Шүүхэд тухайн асуудлыг шийдхэд зээлдүүлж буй мөнгөн хөрөнгийн эх үүсвэр болон гэрчийн мэдүүлгийн эх сурвалжийг тогтоох зайлшгүй шаардлага бий болсон аталуг боломжийг ашиглаагүй нь шүүхийн шийдвэр үнэн бодиттой шийдвэрлэгдсэн эсэхэд эргэлзээ үүсгэж байна. Гэрчийн “...анх уг байрыг хүдалдаж авах гэж байсан, тухайн үед Б.Дтай хамтын амьдралтай байсан, уг байр өмнө нь Б.Даарийаагийн нэр дээр байсан ...” гэх мэдүүлгээс үзэхэд Х.Хийн нэр дээр байсан эд хөрөнгө нэхэмжлэгч Б.Дгийн нэр дээр анхнаасаа байсан, “Рилайнс” ББСБ нь нэхэмжлэгч Б.Дтай ажил хэргийн шугамаар холбоотой байсан нь тогтоогдож байхад шүүх энэ талаар дүгнээгүй нь шударга шийдвэр гаргасан гэхэд эргэлзээтэй байна. 20 000 000 төгрөгийг Б.Ггээс авсан талаар хариуцагч тал маргадаггүй, Б.Г энэ талаар тайлбарласан. Уг байдлыг шүүх дүгнэлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн. Энэ нь шүүхийн шийдвэрт тооцоолол болон хэргийн бодит фактыг буруу дүгнэх үндэс болсон гэж үзэхээр байна. Нэхэмжлэгч, хариуцагч нар тодорхой хэмжээний мөнгөн төлбөр дээр тооцоо нийлсэн талаар маргаагүй. 20 000 000 төгрөгийг нэхэмжлэгчээс хариуцагч авсан дээр маргадаггүй атал уг мөнгөн төлбөрийг гаргуулах эсэхийг шийдэхээс илүү бөөрөнхийлсөн тайлбар хийсэн. Мөн Б.Дг нэхэмжлэл гаргах эрхгүй, нэхэмжлэлийн шаардлагаа нотлоогүй гэх байдлаар шийдвэрлэж хуулийг буруу тайлбарлаж, хэргийн бодит үнэнг тогтоогоогүй. Шүүх нэхэмжлэгчийн бусдад зээлдүүлсэн мөнгөн хөрөнгөө буцаан шаардахтай холбоотой эрхээ хэрэгжүүлж байгаа үйлдэлд саад болсон шийдвэр гаргасанд гомдолтой байна. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

 

Нэхэмжлэгч Б.Д нь хариуцагч Б.Нд холбогдуулан 2018 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн зээлийн гэрээг үндэслэсэн 144 255 000 төгрөг нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч “2018 оны 6 дугаар сарын 19-ний өдөр бодитоор мөнгө өгч, аваагүй. 2018 оны 5 дугаар сарын 16-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, нотариатаар баталгаажуулсан. Нэхэмжлэгчээс зээл аваагүй, харин Х.Хаас нийт 56 300 000 төгрөг зээлдэн авч, хүүг нь төлж байсан” гэж татгалзаж байна.

 

Хэрэгт нэхэмжлэгч Б.Д, хариуцагч Б.Н нарын хооронд 2018 оны 5 дугаар сарын 16-ны өдөр 88 500 000 төгрөгийг 1 сарын хугацаатай зээлдэн авах тухай, 2018 оны 6 дугаар сарын 19-ний өдөр 88 500 000 төгрөг 1 сарын хугацаатай 6.5 хувийн хүүтэй зээлдэн авах тухай зээлийн гэрээ, мөн 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн зээлийн гэрээний сунгалтын  гэрээ тус тус авагдсан байна. /1хх4-5, 28/

 

2018 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн зээлийн гэрээний арын хуудас буюу гэрээний хавсралтад “ 15 000 000 төгрөгөөр зээл чөлөөлсөн, Ирмүүн буюу Х.Хийн дансаар 60 500 000 төгрөг, Б.Ггээр дамжуулан 20 000 000 төгрөг,  6 500 000 төгрөг нь 82 000 000 төгрөгийн хүү, нийт 88 500 000 төгрөг хариуцагчид зээлдүүлсэн” гэж бичигджээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Х.Хи гэрчээр асуугдаж 2 удаа мэдүүлэг өгөхдөө “би Нямгэрэлд 58 500 000 төгрөг 6 хувийн хүүтэй зээлдүүлсэн, зээлийн хүүгээ одоог хүртэл надад төлж байгаа, Даариймаа миний өмнөөс зээлийн гэрээг хийсэн ...” гэж, 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн шүүх хуралдаанд “... ББСБ-аас авсан 150 000 000 төгрөгийн 100 000 000 төгрөгийг Б.Д захиран зарцуулж, үлдэх 50 000 000 төгрөгийг би Нямгэрэлд зээлдүүлсэн. Сарын 6.5 хувийн хүүг 4.5 хувь болгосон. Нямгэрэл мөнгөний хэрэг гарчихлаа гэж хэлээд 3 000 000 төгрөг зээлдэн аваад буцааж өгөхдөө 3 500 000 төгрөг болгож өгсөн, 2018 оны 5 дугаар сарын 30-нд шилжүүлсэн 30.0 сая төгрөгийг өөрийн мөнгийг эргэлдүүлэх зорилгоор зээлдүүлсэн ... ”  гэж зөрүүтэй мэдүүлсэн байна. /1хх151-52, 2хх27-29/

 

Дээрхээс үзэхэд нэхэмжлэгч нь бусдаас зээлдэн авсан өөрийн мөнгөн хөрөнгийг хариуцагчид шилжүүлсэн гэж, хамтран зээлдэгч болох гэрч Х.Хи өөрийн захиран зарцуулах хэмжээний мөнгөн хөрөнгийг хариуцагчид зээлдүүлсэн гэж зөрүүтэй мэдүүлсэн байх тул 2018 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 88 500 000 төгрөгийн зээлийн гэрээний эх үүсвэр, мөнгөн хөрөнгө хэнийх болохыг тодруулж, дээрх зөрүүтэй байдлыг арилгах нь хэргийг хянан шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой. Уг мөнгөн дүн нь нэхэмжлэгч Б.Д эсвэл Х.Хийн хэнийх болох нь тодорхойгүй байна.

 

Түүнчлэн шүүх нэхэмжлэгч Б.Д, Х.Хи нарыг 2017 оны 6 дугаар сараас 2019 оны 6 дугаар сар хүртэлх хугацаанд хамтын амьдралтай байсан, өөрсдийн өмчлөлийн орон сууцыг барьцаалж “Рилайнс ББСБ” ХХК-аас 150 000 000 төгрөг зээлдэн авсан нь тогтоогдсон, хэрэгт 2018 оны 5 дугаар сарын 16, 2018  оны 6 дугаар сарын 19, 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б.Дтай байгуулсан гэрээнд хариуцагч Б.Н гарын үсэг зурсан, зээлийн хүүнд тооцож тодорхой хэмжээний мөнгийг Б.Д, Х.Хи нарт төлсөн” гэж дүгнэсэн атлаа Х.Хийн эрх ашиг хөндөгдөх боломжтой байгаа эсэхийг анхаарч үзээгүй байна.

 

Мөн нэхэмжлэгч нь 20 000 000 төгрөгийг н.Галхүүгээр дамжуулж хариуцагчид зээлдүүлсэн гэж тайлбарлаж, хэрэгт Б.Г, хариуцагч Б.Н нарын хооронд хийгдсэн 2018 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн зээлийн гэрээ, Б.Ггийн нотариатаар баталгаажуулсан тайлбар гэх баримтыг өгсөн байх боловч уг баримтууд нь дангаараа хариуцагчид 20 000 000 төгрөг зээлдүүлсэн болохыг нотолж чадахгүй. Нэхэмжлэгч нь уг үйл баримттай холбогдуулан Б.Гг гэрчээр оролцуулах хүсэлт гаргасан байхад шүүх хүсэлтийг хангахгүй орхисон нь буруу. Б.Гг гэрчээр асуух нь талуудын хоорондох маргааныг шийдвэрлэхэд ач холбогдолтой.

 

Хэргийн 1 дүгээр хавтасны 185-250, 2 дугаар хавтасны 1-21 дүгээр талд авагдсан нотлох баримтуудыг хэргийн оролцогчдод танилцуулаагүй болохыг дурдаж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3, 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ: 

  

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дүгаар сарын 12-ны өдрийн 183/ШШ2020/02754 шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 879 225 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.     

 

 

 

                                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Ц.ИЧИНХОРЛОО

 

      ШҮҮГЧИД                             Д.НЯМБАЗАР

 

                 А.МӨНХЗУЛ