| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэнцэрэнгийн Доржбал |
| Хэргийн индекс | 161/2018/0020/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/023 |
| Огноо | 2018-01-29 |
| Зүйл хэсэг | 26.1.1., |
| Улсын яллагч | Б.Ботакөз |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 01 сарын 29 өдөр
Дугаар 2018/ШЦТ/023
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Д даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Ж
Орчуулагч А.Е
Улсын яллагч Б.Б
Иргэний нэхэмжлэгч М.М
Гэрч А.С
Шүүгдэгч нарын өмгөөлөгч С.А
Шүүгдэгч Х.Б, Х.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1713001070097 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Монгол Улсын иргэн, Н овгийн Х-гийн Б, 1975 оны 10 дугаар сарын 17-ны өдөр төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, Баян-Өлгий аймгийн Б сумын 3 дугаар багт оршин суудаг, яс үндэс казах, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар БГ0000000
2. Монгол Улсын иргэн, Ш овгийн Х-гийн Э, 1971 оны 05 дугаар сарын 28-ны өдөр төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, Баян-Өлгий аймгийн Б сумын 3 дугаар багт оршин суудаг, яс үндэс казах, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар БЮ0000000
Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд тусгагдсанаар/:
- Шүүгдэгч X.Б нь өвс хадах ажлаар 2017 оны 08 дугаар сарын 18-наас 2017 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн хооронд Б сумын 4 дүгээр багийн нутаг "Улиаст арал" гэдэг газрын ойд байх хугацаанд зохих зөвшөөрөлгүйгээр 3 м.куб, экологи-эдийн засгийн үнэлгээ нь 180000 төгрөгийн үнэ бүхий түлээний мод бэлтгэсэн,
- Шүүгдэгч Х.Б, Х.Э нар нь бүлэглэн 2017 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Б сумын 4 дүгээр багийн нутаг "Улиаст арал" гэдэг газрын ойд зохих зөвшөөрөлгүйгээр 2 м.куб, экологи-эдийн засгийн үнэлгээ нь 120000 төгрөгийн үнэ бүхий түлээний мод бэлтгэж шүүгдэгч Х.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т хамаарах, шүүгдэгч Х.Э нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т хамаарах гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч X Б, Х.Э нар нь бүлэглэн 2017 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Баян-Өлгий аймгийн Б сумын 4 дүгээр багийн нутаг "Улиаст арал" гэдэг газрын ойд зохих зөвшөөрөлгүйгээр 5 куб метр мод бэлтгэж байгаль орчинд экологи-эдийн засгийн үнэлгээ нь нийт 300.000 /гурван зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж шүүхээс дүгнэн уг гэмт хэргийг үйлдсэн болох нь:
-Шүүгдэгч Х.Б-гийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн “...Би 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдөр хөдөө явж, Б сумын Б багийн Улиастайн арал гэдэг өөрийнхөө хадлан хадах газраас хадлан хадахаар очиж, бараг тэнд 1 сар болсон. Би багаасаа тэнд өсөж хайрлан хамгаалж явдаг байсан газар юмаа. 4-5 машин өвсийг А.С-тэй тохирч хөлсийг нь өгч ачсан. Сүүлийн ачилтаар өөрөө унасан, ус унагаасан хуурай хус модыг Х.Э-гийн хамтаар жижиглэн бэлдэж машиндаа ачсан. Ямар нэгэн гарал үүслийн гэрчилгээ, эрхийн бичиг аваагүй. Ойролцоогоор 3 метр куб түлээ ачиж явж байгаад байгаль хамгаалагч Б.Ш-д баригдаж А.С-гийн тээврийн хэрэгслийг журмын хашаанд оруулсан. Зөвшөөрөлгүй ойгоос түлээ мод бэлдсэн нь бидний буруу. Буруугаа хүлээн зөвшөөрч байна. Тухайн үед А.С эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээ байхгүй гэдгийг мэдээгүй. Сүүлд нь баригдах үед мэдсэн. Х.Э өвс ачихаар очоод тэнд тааралдсан ба тэгээд хуурай моднуудыг үзэж цуг бэлдэлцсэн. А.С “Эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээ байгаа юу?” гэхэд би байгаа гээд хэлсэн. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Ямар нэгэн байдлаар зарж борлуулж ашиг олох зорилгоор хийгээгүй. Жоохон түлээ болгоё гээд авсан нь үнэн. ...Өвс хадахад саад болж байсан моднуудыг бөөгнүүлсэн. Бид хоёр урт модыг хөрөөдөж машинд ачсан. Хуулийн хөнгөлөлт үзүүлж өгөхийг хүсэж байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 47 дугаар хуудас болон шүүх хуралдааны тэмдэглэл/,
-Шүүгдэгч Х.Э-гийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн “...Би 2017 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр өөрийнхөө портер машинаар Бы хадлангаас өвс ачихаар болж очоод өвс бага болчхоор нь өвсний доор хус мод ачсан. Уг мод нь ойд унасан хуурай мод байсан. Б бид хоёр бэлдэж хөрөөдөөд ачсан. Ямар нэгэн гарал үүслийн гэрчилгээ, эрхийн бичиг аваагүй. Ойролцоогоор 2 метр куб түлээ ачиж явж байгаад байгаль хамгаалагч Б.Ш-д баригдаж тээврийн хэрэгслээ журмын хашаанд оруулсан. Зөвшөөрөлгүй мод бэлдэж, тээвэрлэсэн бидний буруу. Би хийсэн зүйлдээ гэмшиж байна. Дахин ийм асуудал гаргахгүй хуулийн хөнгөлөлт үзүүлж өгөхийг хүсэж байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 49 дүгээр хуудас болон шүүх хуралдааны тэмдэглэл/,
- Иргэний нэхэмжлэгч М.М-гийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн “...2017 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Б сумын 1 дүгээр багийн иргэн Х-гийн Б сумын 3 дугаар багийн иргэн А.С-гийн машинаар, мөн Б сумын 1 дүгээр багийн иргэн Э өөрийнхөө портер маркийн машинаараа Б сумын Б багаас зөвшөөрөлгүй дур мэдэн мод бэлтгэж, тээвэрлэсэн хэрэг үйлдсэн. Үүний улмаас байгаль орчинд хохирол учирсан. Би манай байгууллага болон Б сумыг төлөөлж иргэний нэхэмжлэгчээр оролцож шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон нөхөн төлбөр буюу хохирлыг нэхэмжлэх болно. Хуулийн дагуу шинжээчийн тогтоосон нөхөн төлбөр ба учирсан хохирлыг барагдуулж өгөхийг хүсье. Би байгууллагаас томилсон нэхэмжлэгчийн хувьд иргэн Х.Б-гаас 360.000 төгрөг, Х.Э-гээс 540.000 төгрөг нэхэмжилж байна. Яагаад гэвэл шинжээчийн дүгнэлтээр Х.Б нь ойгоос 3 куб.метр мод бэлдсэн. Экологи эдийн засгийн үнэлгээ нь 180.000 төгрөг гарсан. Х.Э 2 куб.метр мод бэлдсэн. Экологи эдийн засгийн үнэлгээ нь 120.000 төгрөг гарсан. Энэ хохирлыг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар ойн санд учирсан хохирлыг 3 дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр төлүүлнэ гэсэн заалттай учир би учирсан хохирлыг хуулийн дагуу 3 дахин нэмэгдүүлэн нэхэмжилж байна. ...Ойн санд учирсан хохирол бүрэн төлөгдсөн. Одоо нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20-р хуудас болон шүүх хуралдааны тэмдэглэл/,
- Гэрч А.С-гийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Би ЗИЛ-130 маркийн 00-00 БӨА улсын дугаартай машинаараа бусдын хөлсөнд явж амьдардаг. 2017 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр надад Х-гийн Б өвс ачуулахаар болж хөлс тохироод Х.Б-гийн өвсийг Б сумын Бас чиргүүлтэй машинаараа 3 удаа ачсан. Дараа нь 4 дэх удаагаа мөн чиргүүлтэй очиход машины толгойд хус мод ачна гэхээр нь би “Гоожин буюу гарал үүслийн гэрчилгээ байгаа юу?” гэж асуухад Х.Б надад гоожин байгаа гэхээр нь ачихаар зөвшөөрсөн. Х.Б нь Х.Э-тэй хамт ус унагаасан хус моднууд мөн хуурай хэдэн хус модыг хөрөөдөж унагааж бэлдсэн. Ямар газар гэдгийг мэдэхгүй. Толгойдоо бэлдсэн хус модыг ачиж дээр нь өвс ачсан. Чиргүүлдээ тэр чигээрээ өвс ачсан. Би Х.Э, X Б нар цуг бэлдэж байхаар нь гоожингоо цуг авсан байна гэж ойлгосон. Машинаар ус гатлаад буцаад явж байхад замдаа байгаль хамгаалагч Ш, идэвхтэн байгаль хамгаалагч Х нар бид нарыг барьж авсан. Би тэр үед л гоожингүй болохыг мэдсэн. Гоожингүй гэдгийг урд нь мэдсэн бол би мод ачихгүй байх байсан. Чиргүүлтэй очиж болохгүй шавартай газар үлдсэн овоолсон 2 газарт байсан өвсийг дээр нь ачсан. Тэрнээс биш нууж хаасан асуудал байхгүй. Би 3-4 модыг унагаасныг харсан. Тоо моднуудын хожуул болон ус унагаасан модны хожуулуудыг зааж өгч чадна. Бэлдсэн газрыг нь сайн мэднэ. Эхлээд портерийг ачаад дараа нь миний машинд ачсан. Би энэ машиныг аваад 6-7 жил болж байна.
...Х.Б, Х.Э нар нь дандаа ус унагааж урссан, өөрөө унасан хус моднуудыг тайрч машинд ачсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 29-р хуудас/,
- Гэрч Б.Ш-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр хариуцсан нутаг дэвсгэрт хяналт тавьж, эргүүлийн үүрэг гүйцэтгэж байх үед 16 цаг 25 минутанд Б сумын Б багийн М гэдэг газарт очиход Портер маркийн 00-00БӨТ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд өвс ачаад тавьсан байсан. Тухайн үед эзэн нь байгаагүй. Би ирэнгүүт шалгасан өвс доогуур нь хус мод тайрч ачсан байсан. Би үүнийг үзчихээд хажууд нь байдаг айлаас хэний машин хэзээ ирснийг нь тодруулахаар очиход Байгаль орчин аялал жуулчлалын газрын дарга Д.А сууж байсан ба уг гэр хадам болох А-гынх байсан. Гэрт нь А-гаас өөр хүн байгаагүй. Манай албаны дарга учир портерийн талаар танилцуулсан. Газрын дарга А надад үүрэг өгч энд хүлээж байгаад зөрчлийг илрүүлээд аваачаарай гэж хэлсэн. Мөн цагдаад мэдэгдсэн. Би нуугдаад портерийг гаднаас ажиглаад хэвтэж байхад тэнд идэвхтэн байгаль хамгаалагч Х.Х ирсэн. Хоёулаа нуугдаад хэвтэж байхад гол гаталж 00-00 БӨА улсын дугаартай ЗИЛ-130 маркийн тээврийн хэрэгсэл чиргүүлтэй өвс ачиж ирж байгаад гол дунд унтарчихсан. Х бид хоёр очсон чинь мөн толгойндоо хус мод бэлдэж ачсан дээгүүр нь өвсөөр даруулж модыг нуусан, чиргүүл тэр чигээрээ өвс байсан. Машин дотор жолооч А.С байсан. Х.Б болон эхнэр нь байсан. Яг тэр үед портерийн жолооч Х.Э ирж машинаа асааж байсан. Би Баас өвс доогуур мод байгаа юу гэж асуухад “Байгаа уучлаарай чи өөрөө янзлаарай зөвшөөрөл аваагүй. Хадлан хадаж байхад тэнд байгалийн жамаар унасан модыг авсан” гэсэн. Э ч гэсэн мод ачсан нь үнэн гээд хүлээн зөвшөөрсөн. Уг модыг Б, Э бэлдсэнээ хүлээн зөвшөөрсөн. Жолооч С намайг эд нар өвс ачна гээд хөлсөлж авсан. Би мэдэхгүй гэхээр нь Х бид хоёр ойн сан бүхий газраас аргалж байгаад 2 машиныг гаргуулж, мотоциклоор хөтлөн хотгорын замын даваанд авчрахад тэд явахгүй байхаар нь цагдаа дуудаж Цагдаагийн газрын тээврийн хэрэгсэл түр саатуулах байранд хүргэсэн. Дараа нь уг зөрчлийг Аймгийн Мэргэжлийн хяналтын газарт шилжүүлж, мэргэжлийн хяналтын газраас Цагдаагийн газарт шилжээд очсон байна. Ойролцоогоор ЗИЛ-130 маркийн машин 4 метр куб, портер 2 метр куб болов уу гэж бодож байна. Нойтон хуурай гэдгийг мэдэхгүй байна. Надад хаана бэлдсэнээ хэлэхгүй байгаа, ус гаталж орж ирэхийг нь бодоход Бургат гэдэг газраас бэлдсэн байх. Уг газар нь тусгай хамгаалалттай газар биш ойн сан бүхий газарт хамаардаг.” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22-р хуудас/,
- Гэрч Х.Х-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Б багт зугаалганд гарч буй хүмүүст зөвшөөрлийн тасалбар тараагаад явж байсан юм. Тэгсэн Бургат гэдэг газар голын хөвөөнд өвс ачсан портер маркийн 00-00БӨТ гэсэн улсын дугаартай машин байхаар хажууд нь очиход жолооч нь байхгүй байсан ба өвс нь жоохон байхаар нь сэжиглээд өвсийг сөхөж үзэхэд өвс доогуур нь хөрөөдөж бэлдсэн хус мод байхаар эргэлдээд явсан боловч хэн ч ирээгүй. Удахгүй манай байгаль хамгаалагч Ш ирсэн. Би хэлсэн чинь Ш ч гэсэн мэдэж байгаа гэхээр нь хоёулаа жолооч ирэхийг хүлээж манасан. Бид бараг тэнд 1 цаг болсон байх. Араас ЗИЛ-130 маркийн 00-00 БӨА улсын дугаартай өвс ачсан машин гол гатлаад орж ирсэн. Машиныг шалгахад мөн өвс доогуур хус мод ачсан байсан. Тэр машинаас портерийн жолооч Х.Э бууж ирсэн. Зил-130 маркийн машины жолооч А.С хажууд нь Х.Б нар байсан. Ш бид хоёр мод бэлтгэх зөвшөөрөл, тээвэрлэх гарал үүслийн гэрчилгээг асуусан боловч тэд байхгүй гэж хэлсэн. Тухайн үед зөвшөөрөл олгодоггүй гэдгийг бид мэднэ. Би Ш-д хүлээлгэж өгөөд Байгаль орчин аялал жуулчлалын газрын дарга Д.А-д мэдэгдээд тэнд үлдсэн. Бы эхнэр бид өөрсдөө бэлдэж авсан гэж хэлж байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 27-р хуудас/,
- Баян-Өлгий аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын дарга Д.А, Баян-Өлгий аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын мэргэжилтэн Б.Х нарын 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 2 дугаартай:
“...1.Хураагдсан мод хус мод байна.
2. Иргэн Х-гийн Б, Х-гийн Э нарын эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод бэлтгэж тээвэрлэсэн мод нь хуурай түлээний мод байна.
3. Ойн газрын даргын 2010 оны 06-р сарын 04-ний өдрийн А-79 тоот тушаалын 1-р хавсралтын дагуу иргэн Х-гийн Б, Х-гийн Э нарын эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод бэлтгэж тээвэрлэснийг Б сумын цагдаагийн хэсгийн хашаанд буулгасан байсныг газар дээр нь үзэж Б-гийн мод нь Зм3, Э-гийн мод нь 2м3 байна.
4. Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2009 оны 394 дугаар тушаалын 1-р хавсралтаар батлагдсан мод, модон материалын эзэлхүүнийг тогтоох аргачлал ашиглан шоометрийг тодорхойлов. Нэгдүгээр мужийн бүх төрлийн хуурай түлээний мод нь 60000 байна. Б-гийн мод нь Зм3 х 60000 төгрөг х 1.0 хурай түлээ модны итгэлцүүр = 180000 төгрөг экологи-эдийн засгийн үнэлгээ. Э-гийн мод нь 2м3 х 60000 төгрөг х 1.0 хурай түлээ модны итгэлцүүр = 120000 төгрөг экологи-эдийн засгийн үнэлгээтэй байна.
5. Б сумын Б багийн нутаг дэвсгэр Бургат, Улиастайн ам гэх газар нь Улсын тусгай хамгаалалттай газар нутагт хамаарагдахгүй.” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 33-34-р хуудас/,
- Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл болон фото зургийн үзүүлэлтүүд, /хх-ийн 11-12-р хуудас/
- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл болон фото зургийн үзүүлэлтүүд, /хх-ийн 13-14-р хуудас/ зэрэг хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэллээ.
Харин прокуророос шүүгдэгч Х.Б-г 2017 оны 08 дугаар сарын 18-наас 2017 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн хооронд Б сумын 4 дүгээр багийн нутаг "Улиаст арал" гэдэг газрын ойд байх хугацаанд зохих зөвшөөрөлгүйгээр 3 м.куб, экологи-эдийн засгийн үнэлгээ нь 180000 төгрөгийн үнэ бүхий түлээний модыг ганцаараа бэлтгэсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,
Мөн шүүгдэгч Х.Э-тэй бүлэглэн 2017 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Б сумын 4 дүгээр багийн нутаг "Улиаст арал" гэдэг газрын ойд зохих зөвшөөрөлгүйгээр 2 м.куб, экологи-эдийн засгийн үнэлгээ нь 120000 төгрөгийн үнэ бүхий түлээний мод бэлтгэсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар тус тус эрүүгийн хариуцлага хүлээлгэх саналтай яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
Үүнийг шүүхээс шүүгдэгч Х.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилснийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэлээ. Учир нь Х.Б, Х.Э нар анхнаасаа бүлэглэж 5 куб метр мод зөвшөөрөлгүйгээр бэлтгэж 2 машинд хувааж ачсан болох нь:
Гэрч А.С-гийн “...Х.Б нь Х.Э-тэй хамт ус унагаасан хус моднууд мөн хуурай хэдэн хус модыг хөрөөдөж унагааж бэлдсэн. ...Би Х.Э, X Б нар цуг бэлдэж байхаар нь гоожингоо цуг авсан байна гэж ойлгосон. ...Эхлээд портерийг ачаад дараа нь миний машинд ачсан.” гэх мэдүүлэг,
Мөн шүүгдэгч Х.Э-гийн “...Би 2017 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр өөрийнхөө портер машинаар Б-гийн хадлангаас өвс ачихаар болж очоод өвс бага болчхоор нь өвсний доор хус мод ачсан. Уг мод нь ойд унасан хуурай мод байсан. Б бид хоёр бэлдэж хөрөөдөөд ачсан.” гэх мэдүүлэг,
Шүүгдэгч Х.Б-гийн “...Сүүлийн ачилтаар өөрөө унасан, ус унагаасан хуурай хус модыг Х.Э-гийн хамтаар жижиглэн бэлдэж, машиндаа ачсан. Ямар нэгэн гарал үүслийн гэрчилгээ, эрхийн бичиг аваагүй, ойролцоогоор 3 метр куб түлээ ачиж явж байгаад байгаль хамгаалагч Б.Ш-д баригдаж, А.С-гийн тээврийн хэрэгслийг журмын хашаанд оруулсан.” гэх мэдүүлэг зэргээр Х.Б, Х.Э нар нь 5 куб метр модыг хамтран бэлтгэж машинд ачихдаа багтаамжаар нь тус тус хувааж ачсан болох нь тогтоогдож байна. Иймд Х.Б-ыг дангаар 3 куб метр модыг бэлтгэсэн, Х.Э-тэй бүлэглэн 2 куб метр модыг бэлтгэсэн гэж тус бүрд нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлгүй байна.
Иймд шүүхээс шүүгдэгч Х.Б, Х.Э нарыг “Зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэх” гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тооцож тэдэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан баримт болон хэрэгт авагдсан шүүгдэгч нарын хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Х.Б, Х.Э нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, мөн зүйлийн 3 дахь хэсэгт заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзсэн бөгөөд ял хүндрүүлэх нөхцөл тогтоогдохгүй байна.
Иймд шүүгдэгч Х.Б, Х.Э нарын үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Х.Б, Х.Э нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Х.Б, Х.Э нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэднээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний нэхэмжлэгч нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг хөрөө, 1 ширхэг сүхийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-д тус тус зааснаар ойн санд учруулсан хохирлыг Байгаль орчин, уур амьсгалын санд оруулахаар заасан байна. Харин шүүгдэгч нар нь прокурорын шатанд уг хохирлыг нөхөн төлөхдөө Баян-Өлгий аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын төрийн сангийн дансанд тушаасан байх тул түүнийг уг данснаас гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын санд оруулах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Х.Б, Х.Э нарын гэмт хэрэг үйлдэж олсон 5 м.куб мод, шүүгдэгч Х.Э-гийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 2.200.000 /хоёр сая хоёр зуун мянга/ төгрөгийн үнэ бүхий 00-00БӨТ улсын дугаартай Портер маркийн машин битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож хурааж улсын орлого болгуулахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж,
Шүүгдэгч Х.Б-гийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан А.С-гийн өмчийн 900.000 /есөн зуун мянга/ төгрөгийн үнэ бүхий ЗИЛ-130 маркийн 00-00 БӨА улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож өмчлөгчид нь шилжүүлж, түүний үнэ болох 900.000 /есөн зуун мянга/ төгрөгийг шүүгдэгч Х.Б-гаас гаргуулж улсын орлого болгох нь зүйтэй байна.
Мөн шүүгдэгч Х.Б-гийн өмч 13.000.000 /арван гурван сая/ төгрөгийн үнэтэй гэр бүлийн хэрэгцээний 700 м/кв газартай хувийн сууц, шүүгдэгч Х.Э-гийн өмч 23.000.000 /хорин гурван сая/ төгрөгийн үнэтэй гэр бүлийн хэрэгцээний 700 м/кв газартай хувийн сууц зэргийг битүүмжилсэн тогтоолыг тус тус хүчингүй болгохоор шийдвэрлэлээ.
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт бичгийн баримтаар хураагдан ирсэн Х.Э, Х.Б нарын эрүүл мэндийн даатгалын гэрчилгээг өөрт нь, АЯ-0000000 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг өмчлөгч А.С-д тус тус буцаан олгож, №00000000 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Х.Б, Х.Э нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэрийг Баян-Өлгий аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх хүртэл хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь :
1. Баян-Өлгий аймгийн прокурорын газраас шүүгдэгч Н овгийн Х-гийн Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэсгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Шүүгдэгч Н овгийн Х-гийн Б, Ш овгийн Х-гийн Э нарыг “Зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэх” гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.Д