Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 2023/ДШМ/20

 

Ж.Е-д холбогдох эрүүгийн хэргийн тухай  

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Көбеш даргалж, Ерөнхий шүүгч С.Өмирбек, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Туяа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Талгат даргалж шийдвэрлэсэн, тус шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 2023/ШЗ/101 дүгээр шүүгчийн захирамжтай, яллагдагч Ж.Е-д холбогдох эрүүгийн 2313000180057 дугаартай хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэж 2023 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч Ерөнхий шүүгч С.Өмирбекийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд тус аймгийн прокурорын газрын хяналтын прокурор А.Дорждэрэм,  яллагдагч Ж.Е-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Бахытбек нар оролцов.  

 

1. Монгол Улсын иргэн, яс үндэс ****, **** оны ** дүгээр сарын **-ний өдөр төрсөн, ** настай, эрэгтэй, ****боловсролтой, ***** мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл *** хүнтэй, ***** нарын хамт ***** оршин суух хаягтай, урьд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 2021/ШЦТ/245 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай Ж овогт Ж-ийн Е- /РД: **********/ нь 2022 оны 12 дугаар сарын 31-ний өглөө 07 цагийн орчимд Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 01 дүгээр багийн нутаг дэвсгэрт байршилтай аав Ж-ийн хашаанд иргэн Б.Б-тэй “хашаа руу оруулсангүй” хэмээн маргалдаж улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.

 

2. Прокурорын 2023 оны 43 дугаар сарын 13-ны өдрийн 46 дугаар яллах дүгнэлтээр Ж.Е-ы дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

 

3. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн  2023/ШЗ/101 дүгээр шүүгчийн захирамжаар: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6, 8 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгож, Ж.Е-д холбогдох эрүүгийн 2313000180057 дугаартай хэрэгт дараах үндэслэлээр  нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаажээ. Үүнд: 

3.1. Мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Б- нь “...2023 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс хойш дахин шинжилгээ өгч, эмчилгээ хийлгэж байгаад шүд хийлгэхээр болсон. Би шинээр 5 шүд хийлгэхээр болсон ба ойролцоогоор 6.500.000 төгрөгийн зардал гарна.” гэж мэдүүлсэн, харин шүүгдэгч Ж.Е- нь шүүхийн хэлэлцүүлэгт “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа боловч хохирогч Б.Б-эд хохирол 6.500.000 төгрөг төлж чадахгүй” гэж мэдүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.5 дахь заалтад заасан шүүгдэгч нь “гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн эсэх”-тэй нийцэхгүй бөгөөд гэмт хэргийн хохирол, хор уршгийн талаар маргаантай нөхцөл байдал тогтоогдож байна.

3.2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1-т  “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршино.”, мөн хуулийн 8.2  дугаар зүйлийн 1-т “Хохирогч нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дараах эрхтэй:” 1.9. “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах;”, 8.5 дугаар зүйлийн 2-т “Гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн, хуулийн этгээд нь сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, эсхүл түүний учруулсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хариуцвал зохих этгээдэд холбогдуулан иргэний нэхэмжлэл гаргах эрхтэй бөгөөд тэрхүү нэхэмжлэлийг шүүх уг хэргийн хамт хянан шийдвэрлэнэ” гэж заасныг тус тус үндэслэн мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн талаар нотолбол зохих байдлын хүрээнд хохирогч Б.Б-эд гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг нарийвчлан тогтоож, холбогдох нотлох баримтуудыг хэрэгт хавсарган ирүүлэх шаардлагатай.

 

4. Прокурорын эсэргүүцэлд:

4.1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт “Шүүгдэгч хүсэлтээсээ татгалзсан, эсхүл энэ зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлын аль нэг нь хангагдаагүй гэж үзэх үндэслэл байвал шүүх хэргийг прокурорт буцаах, эсхүл буцаахгүйгээр ердийн журмаар шийдвэрлэнэ.” гэж заажээ. Гэтэл дээрх хуулиар олгогдсон зохицуулалтын хүрээнд шүүх хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлэх боломжтой байхад үндэслэлгүйгээр хэргийг прокурорт буцаасан байна.

4.2. Прокуророос хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан дүгнэж яллагдагч Ж.Е-д холбогдох хэргийг түүнээс гаргасан хүсэлтийн хүрээнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэж яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн.

4.3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.Б- нь “...Би анх эмчилгээ хийлгэсэн бүх мөнгийг Ж.Е- өөрөө гаргаж өгч эмчилгээ хийлгэсэн. Одоо 4 дүгээр сарын 15-ны өдрөөс хойш дахин шинжилгээ авч, эмчилгээ хийлгэж байгаад шүд хийж өгөхөөр болсон. Тухайн үед Ж.Е- болон түүний аав Ж- нар өөрсдөө намайг дагуулж очиж үзүүлсэн. Би шинээр 5 шүд хийлгэхээр болсон ба ойролцоогоор 6,500,000 гаруй төгрөг гарна гэсэн. Тэр мөнгийг Ж.Е- өөрөө хариуцаж бүрэн төлж өгөхөө илэрхийлж баримт бичиж өгсөн.......Хэрэв Ж.Е- нь тухайн үед миний шүдийг хийлгэх мөнгийг хариуцаж төлж өгөхгүй юм бол би тусад нь гомдол гаргах болно...” гэж,

Яллагдагч Ж.Е- нь “...Би Б.Б-тэй өдөр болгон уулзаж байгаа. Би тэр хүний өмнөх бүх эмчилгээг хариуцаж хийлгэсэн. Одоо 2023 оны 4 дүгээр сарын 15-аас хойш дахин нэг шинжилгээ өгч байгаад шинээр 5 шүд хийлгэхээр болсон. Тухайн үед гарсан зардлыг би өөрөө хариуцаж бүрэн эмчилгээ хийлгэж өгөх болно гэж хоорондоо тохиролцоод би өөрийн гараар баримт бичиж өгсөн байгаа. Өөрөөр хэлбэл бид хоёр хоорондоо сайн дураараа эвлэрсэн...” гэж тус тус мэдүүлсэн, мөн яллагдагч нь Ж.Е- нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтдээ “...би буруутай гэдгээ хүлээн зөвшөөрч хохирогч Б.Б-ийн бүх эмчилгээний зардлыг өөрөө хариуцаж эмчлүүлж өгөхөөр болж тохиролцсон. Хохирогч бид хоёр сайн дураараа эвлэрсэн ба хохирлын маргаангүй...” гэж дурдсан нь хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн гэж үзэхээр байгаа юм.

4.4. Гэтэл анхан шатны шүүх хуралдааны явцад шүүгдэгч Ж.Е- нь шүүгчээс асуусан гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг буюу 6,500,000 төгрөгийг нөхөн төлөх үү гэсэнд асуултад төлж өгч чадахгүй гэж хариулсан. Хэдий шүүгдэгч ингэж хариулсан ч энэ нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үл хамааран түүнд олгогдсон эрх бөгөөд харин 6,500,000 төгрөгийн хор уршиг учирна гэж шүүгч хэрхэн тогтоож байгаа нь эргэлзээтэй учир шүүгдэгчийг буруутгах аргагүй юм. Дээрх нөхцөл байдлыг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.5-д заасан нөхцөл байдал хангагдаагүй гэж дүгнэсэн нь үндэслэлтэй ч хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлэж, хор уршгийн талаарх хохирогчийн тодорхойгүй байгаа иргэний нэхэмжлэлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэлэлцэхгүй орхиж хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой байхад шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан шийдвэр гаргасан гэж дүгнэхээр байна.

4.5. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна. Учир нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгээр хохирогч Б.Б-эд эмчилгээ хийлгэж байгаад 2023 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн үеэр шүд хийлгэхээр харилцан тохиролцсон, одоо ямар шүд, хаана, хэрхэн хийлгэх, цаашид ч энэ асуудлыг тодорхойлох боломжгүй байхад “...гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг нарийвчлан тогтоож, холбогдох нотлох баримтуудыг хэрэгт хавсарган ирүүлэх шаардлагатай...” гэсэн захирамжийн заалт нь хохирогч эмчилгээ хийлгэтэл биелэгдэх боломжгүй байна.

4.6. Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Хэрэг хэлэлцэх ажиллагааг хойшлуулахгүйгээр иргэний нэхэмжлэлийн тодорхой тооцоо гаргах бололцоогүй тохиолдолд шүүх иргэний нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг зааж, түүний хэмжээний тухай асуудлыг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэхээр шилжүүлж болно.” гэж заасан байхад уг зохицуулалтыг болон мөн хуулийн 17 дугаар бүлэг нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тусгай журам гэдгийг шүүхээс анхаарч үзээгүй, уг хуульд заасан зорилго, зорилт, зарчмын ойлголтуудыг бүрэн агуулгаар нь хэрэглээгүй, хуулийн хэрэглэх боломжтой зохицуулалтыг хэрэгжүүлэхээс үндэслэлгүйгээр татгалзсан байна.

4.7. Иймд Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 2023/ШЗ/101 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан прокурорын эсэргүүцэл бичив.

 

5. Яллагдагчийн давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбарт:

5.1. Хохирогч Б.Б-тэй сүүлд нэг сарын өмнө уулзсан. Хөдөөгөөр явах гэж байгаа тул шүд хийлгэх мөнгийг одоо өгчих, шүдээ өөрөө хийлгэх болно гэхээр нь бэлэн 5,000,000 төгрөг аваачиж өгч, гарын үсэгтэй баримт бичүүлж авсан. Уул нь хохирогч шүдээ хийлгэсний дараа гарсан зардлыг нь төлж өгөх талаар бодож байсан. Уг 5,000,000 төгрөгийг хохирогчид өгсөн тухай гарын үсэгтэй баримтыг гарган өгч байна.

5.2. Прокурорын эсэргүүцэлтэй холбоотой нэмэлт тайлбаргүй.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            6. Хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжид холбогдуулан гаргасан прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах шатны шүүх шүүгчийн уг захирамж хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болсон эсэхийг бүхэлд нь хянаж, захирамжийг хүчингүй болгож, эсэргүүцлийг дараах үндэслэлээр хангаж шийдвэрлэв.

 

            7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар гаргасан шүүгчийн уг захирамжийн 3 дахь хэсэгт анхан шатны шүүхийн шүүгч тухайн захирамжид гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхгүй гэж тухайлан заасан боловч давж заалдах шатны шүүх:

7.1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Арван долоодугаар бүлэгт мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар гаргасан 2 төрлийн шүүгчийн захирамжид тухайн шатны шүүхийн Ерөнхий шүүгч болон давж заалдах шатны шүүхэд талууд, оролцогч гомдол, эсэргүүцэл гаргах эрхийг тусгайлан журамлаагүй тул мөн зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ердийн журмыг баримтлах ба 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжид мөн хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй;

7.2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7, 8 дахь хэсэг нь мөн зүйлийн 5 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэрээс гадна мөн зүйлийн 6 дахь хэсэгт заасан шүүгчийн 2 төрлийн захирамжид нэгэн адил хэрэглэгдэх тул уг захирамжид талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргаж болно;

7.3. Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн “Хялбаршуулсан журмаар эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдааны дэг, журам болон шүүхийн шийдвэр боловсруулах журам, аргачлалыг батлах тухай” 13 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан Эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх шүүх хуралдааны дэг, журмын 3 дугаар зүйлийн 3.4 дэх хэсэгт “Шүүгдэгч хүсэлтээсээ татгалзсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлын аль нэг нь хангагдаагүй, эсхүл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл хэргийн зүйлчлэлийг өөрчлөх, эсхүл шүүгдэгчийг цагаатгаж болох үндэслэл тогтоогдвол шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33 дугаар бүлэгт заасан журмын дагуу хэргийг прокурорт буцаах, эсхүл яллагдагчийг шүүхэд шилжүүлж, хэргийг ердийн журмаар хянан хэлэлцэх асуудлыг шийдвэрлэнэ” гэж заасан зэргийг тус тус үндэслэж, хэргийг прокурорт буцаасан шүүгчийн уг захирамжийг прокурорын эсэргүүцлийг үндэслэж, хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хууль ёсны зарчим болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны “гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах” зорилтод нийцнэ гэж дүгнэв.

 

            8. Хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийн эхний үндэслэлд “шүүгдэгч Ж.Е- нь шүүхийн хэлэлцүүлэгт “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа боловч хохирогч Б.Б-эд хохирол 6.500.000 төгрөг төлж чадахгүй” гэж мэдүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.5 дахь заалтад заасан шаардлагыг хангаагүй” буюу “гэмт хэргийн хохирол, хор уршгийн талаар маргаантай нөхцөл байдал тогтоогдож байна” гэж дүгнэжээ.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэж байгаа шүүх хохирол, хор уршгийн талаар буюу мөн зүйлийн 4 дэх хэсгийн 4.5 дахь заалтад зааснаар “гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн эсэх”-ийг шүүх хуралдаанаар хянах ба яллагдагч Ж.Е-аас прокурорын шатанд 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдөр бусдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч “Энэ үйлдэлд би буруутай гэдгээ хүлээн зөвшөөрч хохирогч Б-ийн бүх эмчилгээний зардлыг өөрөө хариуцаж эмчлүүлж өгөхөөр болж тохиролцсон” гэж гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн байхад анхан шатны шүүх хуралдаан дээр гаргасан түүний мэдүүлгийг үндэслэж “гэмт хэргийн хохирол, хор уршгийн талаар маргаантай нөхцөл байдал тогтоогдсон” гэж дүгнэн, хэргийг прокурорт буцаасан нь хуулийн дээрх зохицуулалтад нийцээгүй байна.

 

            9. Хуульд зааснаар яллагдагч нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтдээ гэмт хэргийн улмаас өөрийн учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн байхаас гадна түүнийг нөхөн төлөхөө илэрхийлсэн тохиолдолд тухайн үед болон ирээдүйд гарах хохирол, хор уршгийн хэмжээнээс үл хамааран тус хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.5 дахь заалтад заасан болон энэ хэсэгт заасан бусад урьдчилсан шаардлагууд хангагдсан нөхцөлд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлийг үгүйсгэхгүй болно. Тодруулбал, хуулийн мөн зүйл, хэсэг, заалтад яллагдагч нь гэмт хэргийн улмаас өөрийн учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн байхаас гадна түүнийг нөхөн төлөхөө хангалттай илэрхийлсэн байдал нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл болохоор хуульчилсан.

 

            10. Хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийн дараагийн үндэслэлд “мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн талаар нотолбол зохих байдлын хүрээнд хохирогч Б.Б-эд гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг нарийвчлан тогтоож, холбогдох нотлох баримтуудыг хэрэгт хавсарган ирүүлэх шаардлагатай” гэх боловч хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу авагдсан шинжээчийн дүгнэлтээр яллагдагч Ж.Е-ы үйлдлийн улмаас хохирогчийн биед хүндэвтэр гэмтэл учирсан нь тогтоогдсон ба хохирогчоос хохирол, хор уршгийн талаар баримт гаргаж өгөөгүй, харин хохирогч Б.Б- нь “...анх эмчилгээ хийлгэсэн бүх мөнгийг Ж.Е- өөрөө гаргаж өгч эмчилгээ хийлгэсэн. Одоо 4 дүгээр сарын 15-ны өдрөөс хойш дахин шинжилгээ авч, эмчилгээ хийлгэж байгаад шүд хийж өгөхөөр болсон. Тухайн үед Ж.Е- болон түүний аав Ж- нар өөрсдөө намайг дагуулж очиж үзүүлсэн. Би шинээр 5 шүд хийлгэхээр болсон ба ойролцоогоор 6,500,000 гаруй төгрөг гарна гэсэн. Тэр мөнгийг Ж.Е- өөрөө хариуцаж бүрэн төлж өгөхөө илэрхийлж баримт бичиж өгсөн. Хэрэв Ж.Е- нь тухайн үед миний шүдийг хийлгэх мөнгийг хариуцаж төлж өгөхгүй юм бол би тусад нь гомдол гаргах болно...” гэж тус тус мэдүүлсэн байхад “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ” буюу гэмт хэргийн талаарх нотолбол зохих байдал хангалттай тогтоогдоогүй гэх анхан шатны шүүхийн дүгнэлт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад нийцээгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

            Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр прокурорын эсэргүүцлийг хангаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хууль ёсны байх зарчмыг хангаагүй анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон хүчингүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг удирдлага болгож,

 

ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 2023/ШЗ/101 дүгээр шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, прокурорын эсэргүүцлийг хангасугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар “анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн”, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” зэрэг үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч, прокурор, дээд шатны прокурор хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Д.КӨБЕШ

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Н.ТУЯА

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            С.ӨМИРБЕК