Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2024 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 128/ШШ2024/0838

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаас

татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна би, Б.Н******* нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг дарга, Хот байгуулалт, хотын стандартын газарт тус тус холбогдох хууль, гэрээнд заасны дагуу хяналт тавих хэрэгжүүлэх иргэдийн эрх ашгийг хамгаалах үүргээ биелүүлэхгүй байгаа эс үйлдэл нь хууль бус болохыг тогтоолгох, ******* тоот гурван талт гэрээгээр өгөхөөр тохиролцсон байрны үнэ,  түр оршин суух түрээсийн зардал болох хохирлыг гаруулахыг хүссэн шаардлага бүхий захиргааны хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ц******* шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Тус шүүхэд Б.Н******* нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг дарга, Хот байгуулалт, хотын стандартын газарт тус тус холбогдох захиргааны хэрэг хянан шийдвэрлэгдэж байгаа бөгөөд нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзаж байна. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Тус шүүх нэхэмжлэгч Б.Н******* Нийслэлийн Засаг дарга, Хот байгуулалт, хотын стандартын газарт тус тус холбогдуулан гаргасан хууль, гэрээнд заасны дагуу хяналт тавих хэрэгжүүлэх иргэдийн эрх ашгийг хамгаалах үүргээ биелүүлэхгүй байгаа эс үйлдэл нь хууль бус болохыг тогтоолгох, ******* тоот гурван талт гэрээгээр өгөхөөр тохиролцсон байрны үнэ,  түр оршин суух түрээсийн зардал болох хохирлыг гаруулахыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлээр хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч  Б.Н******* нь нэхэмжлэлээсээ татгалзах хүсэлтийг бичгээр гаргаж, 2024 оны 10 дүгээр сарын 10-ны өдөр тус шүүхэд ирүүлжээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д ...нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх буюу багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх эрхтэй, мөн хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно, 66.2-т ...нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх... гэж тус тус заасан.

Нэхэмжлэгч Б.Н*******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзаж буйгаа бичгээр илэрхийлсэн, шүүхэд төлөөлөх итгэмжлэлээр энэ бүрэн эрхийг олгосон байх бөгөөд хүсэлтэд итгэмжлэгдсэн төлөөлөгч гарын үсэг зурсан байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэж байгаа тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн асуудлыг мөн адил шийдвэрлэхээр хуульд зохицуулсан тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн төлбөрийг төсвийн орлогод хэвээр үлдээв.

Түүнчлэн нэхэмжлэгчид Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан бол уг асуудлаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрхээ алдах, мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй талаар тайлбарлаж буюу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсний үр дагаврыг танилцуулж, холбогдох баримтыг хэрэгт хавсаргасан болохыг тэмдэглэж байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Н******* хууль, гэрээнд заасны дагуу хяналт тавих хэрэгжүүлэх иргэдийн эрх ашгийг хамгаалах үүргээ биелүүлэхгүй байгаа эс үйлдэл нь хууль бус болохыг тогтоолгох, ******* тоот гурван талт гэрээгээр өгөхөөр тохиролцсон байрны үнэ,  түр оршин суух түрээсийн зардал болох хохирлыг гаруулах тухай  нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.5, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140,400 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Шүүгчийн захирамжийн хувийг хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарт мэдэгдэж, гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

4.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар нэхэмжлэгч нь уг нэхэмжлэлийн шаардлагаар дахин нэхэмжлэл гаргах болон шүүгчийн энэхүү захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг тайлбарласугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ  Д.ХАЛИУНА