Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 08 сарын 10 өдөр

Дугаар 221/МА2017/0568

 

2017 оны 8 сарын 10 өдөр                   Дугаар 221/МА2017/0568                          Улаанбаатар хот

Т.С-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Зоригтбаатар, шүүгч Г.Билгүүн нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Г.Отгон-Өлзий, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Жавхлантөгс, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ц, гуравдагч этгээд “У х б” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, гуравдагч этгээд “М” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.И нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 128/ШШ2017/0476 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор, Т.С-ийн нэхэмжлэлтэй, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Г.Билгүүний илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 128/ШШ2017/0476 дугаар шийдвэрээр: Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.8, 18.1.10, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2, 20 дугаар зүйлийн 20.1 20.1.2, 20.1.4, 20.3, 20.5-д заасныг тус тус баримтлан Т.С-ийн гаргасан “...Хан-Уул дүүрэг, 1 дүгээр хороо, Ар зайсангийн гудамж, Могул таун хотхоны 1А байрны 607 тоотод байрлах, 100.53 м.кв талбайтай 3 өрөө орон сууц, 1А-28А тоот автомашины зогсоолуудыг Т.С-ийн нэр дээр бүртгэхгүй байгаа Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газрын үйлдлийг хууль бус болохыг тогтоож, улсын бүртгэлд бүртгэж үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг гаргаж өгөхийг даалгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: “...Үйл явдлын талаар тойм:

Иргэн Т.С нь 2012 оны 12 дугаар сарын 14-ний өдөр “М” ХХК-тай №1А/52 дугаар бүхий Захиалгаар орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээг байгуулан гэрээнд заасан төлбөрийг бүрэн төлж дуусгаж Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Ар зайсан гудамж, Могул таун хотхоны 1А дугаар байрны 607 тоотод байрлах, 100.53 м.кв талбайтай, 3 өрөө орон сууц, 1А-28 автомашины зогсоолын хамт худалдаж авсан.

Улмаар дээрх гэрээний дагуу худалдан авсан орон сууц болон автомашины зогсоолуудыг өөрийн өмчлөлдөө шилжүүлэн авсан боловч “М” ХХК-ийн дээрх үл хөдлөх эд хөрөнгийг улсын бүртгэлд бүртгүүлэхгүй, гэрчилгээг гаргаж өгөхгүй байсан учир шүүхэд хандаж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 101/ШШ2016/02767 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 1082 дугаар магадлалаар иргэн Т.С-ийг Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Ар зайсан гудамж, Могул таун хотхоны 1А дугаар байрны 607 тоотод байрлах, 100.53 м.кв талбайтай, 3 өрөө орон сууц, 1А-28 тоот автомашины зогсоолын өмчлөгчөөр тогтоож шийдвэрлэсэн байна.

Иймээс өмчлөх эрхээ бүртгүүлэхээр Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 17 дугаар зүйлд заасны дагуу мэдүүлгээ бөглөн, 13 дугаар зүйлийн 13.5 заасан хавсаргах баримтыг бүрдүүлэн Хан-Уул дүүргийн бүртгэлийн хэлтсийн эд хөрөнгийн бүртгэлийн хэлтэст хандахад “М” ХХК-ийн “Могул таун” хотхоны барилга нь барьцаанд байгаа учир бүртгэх боломжгүй гэсэн хариуг өгсөн тул ийнхүү шүүхэд хандаад байгаа болно.

Нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн тухайд:

Нэг. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “... Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Ар зайсангийн гудамж, Могул таун хотхоны 1А байрны 607 тоотод байрлах 100.53 м.кв талбайтай, 3 өрөө орон сууц, 1А-28 тоот автомашины зогсоол нь “М” ХХК болон “У х б” ХХК-тай байгуулсан зээлийн гэрээний барьцаанд барьцаалагдаж, үл хөдлөх эд хөрөнгийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн хэвээр байна. ... Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 18.1.8 “улсын бүртгэлд өмнө бүртгэгдсэн эрх нь хүчинтэй байхад дахин бүртгэж, гэрчилгээ олгох”, 18.1.10-д “улсын бүртгэлд хөдөлгөөн хийх эрхийг түдгэлзүүлсэн тухай Улсын ерөнхий бүртгэгч, хууль хяналтын байгууллагын шийдвэрийг зөрчиж улсын бүртгэлд өөрчлөлт, хөдөлгөөн хийх” зэргийг тус тус улсын бүртгэлийн үйл ажиллагаанд хориглосны дагуу орон сууц, автомашины зогсоолыг Т.С-ийн нэр дээр бүртгэж, гэрчилгээ олгохоос татгалзсан улсын бүртгэлийн байгууллагын үйл нь хуульд нийцсэн байна гэж шүүх үзлээ” гэжээ.

Дээр дурдсанчлан Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Ар зайсан гудамж, Могул таун хотхоны 1А дугаар байрны 607 тоотод байрлах, 100.53 м.кв талбайтай, 3 өрөө орон сууц, 1А-28 автомашины зогсоолын хууль ёсны өмчлөгч нь иргэн Т.С бөгөөд энэ нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон.

Өөрөөр хэлбэл, “М” ХХК-ийн У х б-тай байгуулсан зээлийн гэрээнд 30%-ийн гүйцэтгэлтэй барилгыг ирээдүйд хийгдэх гүйцэтгэлийн хамт барьцаалсан байдаг бөгөөд “М” ХХК-ийн хувьд 30%-ийн гүйцэтгэлтэй барилгын өмчлөгч болохоос иргэн Т.С-ийн өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Ар зайсан гудамж, Могул таун хотхоны 1А дугаар байрны 607 тоотод байрлах, 100.53 м.кв талбайтай, 3 өрөө орон сууц, 1А-28 автомашины зогсоолын өмчлөгч биш юм.

Ямар тохиолдолд “М” ХХК-ийн У х б-тай байгуулсан зээлийн гэрээнд барьцаалсан 30%-ийн гүйцэтгэлтэй барилгыг бүхэлд нь барьцаанд байгаа гэж үзэх вэ гэвэл Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4-д зааснаар уг дуусаагүй барилга нь 100% баригдаж дуусч, барьцаалуулагчийн өмчлөлд бүрэн шилжсэнээр уг барилыг 100% барьцаалагдсан гэж үзэхээр байна.

“М” ХХК нь дээрх 30%-ийн гүйцэтгэлтэй барилгын 100% барьж дуусгасны дараа өөрийн нэр дээр бүртгүүлсэн талаар бүртгэл байдаггүй.

Түүнчлэн Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2014 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн “Захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн тухай” 1/11612 дугаар албан бичигт “М” ХХК-ийн барьцаалсан үл хөдлөх болон хөдлөх эд хөрөнгө, эрхийг нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээнд битүүмжлэхээр захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн байх бөгөөд уг албан бичигт иргэн Т.С-ийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө нь хамаарч байгаа эсэх нь тодорхойгүй байгаа юм.

Гэтэл анхан шатны шүүхээс иргэн Т.С-ийн хууль ёсны өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг “М” ХХК болон “У х б” ХХК-ийн хооронд байгуулсан зээлийн гэрээний барьцаанд байгаа гэж, мөн Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2014 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн №1/11612 дугаар албан бичгээр иргэн Т.С-ийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн эрхийг түдгэлзүүлсэн гэж үзэж байгаа нь үндэслэлгүй бөгөөд Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 18.1.8, 18.1.10 дахь заалтууд нь хамааралгүй гэж үзэж байна.

Мөн Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.5-д эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийг зааж өгсөн бөгөөд 6 дугаар зүйлийн 6.1-д “Энэ хуулийн 5.3-5.5-д заасан улсын бүртгэлийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг хуулиар тогтооно” гэж заасны дагуу эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн асуудалд Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд заасан журмыг баримтална.

Тиймээс иргэн Т.С-ийн өөрийн хууль ёсны өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөө улсын бүртгэлд бүртгүүлж, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргуулан авах, өмчлөх эрхээ баталгаажуулахад Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасан татгалзах үндэслэл байхгүй байхад татгалзаж байгаа нь уг хуулийн 14.2. “энэ хуулийн 14.1-д зааснаас бусад үндэслэлээр мэдүүлэг хүлээн авахаас татгалзахыг хориглоно” гэж заасныг, мөн нэхэмжлэгч иргэний эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байгаа бөгөөд анхан шатны шүүх энэ асуудалд дүгнэлт өгөөгүйд гомдолтой байна.

Хоёр. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 201.2, 20.1.4, ... 20.3, 20.5-д тус тус заасныг хариуцагч хэрэгжүүлэн ажиллажээ” гэжээ.

Дээр дурдсанчлан иргэн Т.С-ийн хууль ёсны өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө нь “М” ХХК-ийн өмч биш, уг Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Ар зайсан гудамж, Могул таун хотхоны 1А буюу 98 дугаар байрны 7 давхарт байрладаг бөгөөд Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Ар зайсан гудамж, Могул таун хотхоны 1А дугаар байрны 607 тоотод байрлах, 100.53 м.кв талбайтай, 3 өрөө орон сууц, 1А-28 автомашины зогсоол нь “М” ХХК-ийн өмч гэсэн баримт байхгүй. Зөвхөн Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Ар зайсан гудамж, Могул таун хотхоны 1А буюу 98 дугаар барилгын 30%-ийн дуусаагүй барилгын өмчлөгч бөгөөд энэ нь эрхийн гэрчилгээгээр нотлогддог.

Түүнчлэн Дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2014 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 4010 дугаар шийдвэрээр ч иргэн Т.С-ийн өмч болох Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Ар зайсан гудамж, Могул таун хотхоны 1А дугаар байрны 607 тоотод байрлах, 100.53 м.кв талбайтай, 3 өрөө орон сууц, 1А-28 автомашины зогсоолоор үүргийн гүйцэтгэлийг хангуулах шийдвэр гараагүй. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны эрхийг түдгэлзүүлсэн албан бичигт ч иргэн Т.С-ийн өмч болох Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Ар зайсан гудамж, Могул таун хотхоны 1А дугаар байрны 607 тоотод байрлах, 100.53 м.кв талбайтай, 3 өрөө орон сууц, 1А-28 автомашины зогсоол нь хамаарч байгаа нь тодорхойгүй.

Тиймээс анхан шатны шүүхээс Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 20.1.2, 20.1.4, ... 20.3, 20.5-д тус тус заасныг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж байгаа нь үндэслэлгүй байна.

Гурав. Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 3-т иргэн нь “хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй” гэж заасан бөгөөд иргэн Т.С-ийн хувьд шударгаар өмчлөх эрхийг олж авсан үл хөдлөх хөрөнгөө хууль журмын дагуу өмчлөх, өмчлөх эрхээ баталгаажуулан авах бүрэн эрхтэй гэж үзэж байна.

Мөн Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д “Дараах тохиолдолд эрхийн улсын бүртгэлд нэмэлт, өөрчлөлт оруулна”, 19.1.2-т “эрх бүхий байгууллагын шийдвэрээр өмчлөгч өөрчлөгдөх” гэж зааснаар Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Ар зайсан гудамж, Могул таун хотхоны 1А дугаар байрны 607 тоотод байрлах, 100.53 м.кв талбайтай, 3 өрөө орон сууц, 1А-28 автомашины зогсоолын өмчлөгчөөр Т.С-ийг тогтоосон шүүхийн шийдвэрийг үндэслэн хариуцагч нь дээрх үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг баталгаажуулан бүртгэх үүрэгтэй.

Гэтэл хариуцагч нь хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлэлгүй “М” ХХК-ийн “У х б” ХХК-тай байгуулсан гэрээ бүртгэлтэй гэх үндэслэлээр иргэн Т.С-ийн өмчлөх эрхийг бүртгэхгүй байгаа үйлдэл нь хууль бус байх бөгөөд Шүүхийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “Шүүхийн шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт оршин суугаа хувь хүн, үйл ажиллагаа явуулж байгаа хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй” гэж заасныг зөрчиж байгаа юм.

Түүнчлэн Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.5-д “Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл дараах төрөлтэй байна”, 5.5.1-д “эд хөрөнгө өмчлөх эрхийн”, 5.5.4-д  “барьцааны” гэж зааснаар өмчлөх эрх болон барьцаа нь тус тусдаа бүртгэлээр хийгддэг бөгөөд шүүхийн шийдвэрээр өмчлөгч тогтоогдож Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасан татгалзах үндэслэл байхгүй тохиолдолд өмчлөх эрхийн баталгаажуулан бүртгэх бүрэн боломжтой юм.

Нөгөөтэйгүүр Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1, 28.4-т зааснаар тухайн үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч өөрчлөгдсөн ч барьцааны шаардлага хэвээр хадгалагдах, барьцаа хүчинтэй хэвээр байх зохицуулалттай бөгөөд нэхэмжлэгч Т.С-ийн өмчлөх эрхийг баталгаажуулсан бүртгэл хийснээр “У х б” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол шууд хөндөгдөхгүй гэж үзэж байна.

Иймээс анхан шатны шүүхээс дээрх нөхцөл байдалд дүгнэлт өгөлгүй иргэний хууль ёсоор өөрийн хүч хөдөлмөрөөрөө олж авсан эд хөрөнгө цаашлаад орон байрыг нь улсын бүртгэлд бүртгэж өмчлөх эрхийг баталгаажуулан гэрчилгээг гаргахад хуульд заасан татгалзах үндэслэл байхгүй байхад хэт нэг талыг барьсан шийдвэр гаргаж байгаад гомдолтой байна.

Иймд хэрэгт авагдсан нотлох баримтыг хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, хууль тогтоомжийг бүрэн хэмжээнд судалж, дүгнэлт хийгээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 128/ШШ2017/0476 дугаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.

Гуравдагч этгээд “М” ХХК нь 2011 оны 06 дугаар сарын 22-ны өдөр эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-2206018350 дугаартай Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Могул таун, Ар зайсангийн гудамж 98 тоот хаягт баригдаж буй 81 айлын орон сууц, үйлчилгээний зориулалттай барилгын 30 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилгын үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ авсан байх бөгөөд 2011 оны 07 дугаар сарын 27-ны өдөр “У х б” ХХК-тай зээлийн болон зээлийн барьцааны гэрээ байгуулахдаа энэхүү барилгыг, түүний ирээдүйд хийгдэх гүйцэтгэлийн хамт барьцаалжээ.

Харин нэхэмжлэгч Т.С нь 2012 оны 12 дугаар сарын 14-ний өдөр “М” ХХК-тай “Захиалгаар орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээ”-г байгуулсан нь цаг хугацааны хувьд “М” ХХК-ийн өмчлөх эрх, түүнчлэн “У х б” ХХК-ийн барьцааны эрх үүссэнээс хойш байгуулагджээ. Өөрөөр хэлбэл, “М” ХХК нь маргаж буй үл хөдлөх хөрөнгүүдийн өмчлөгч байх үедээ буюу нэхэмжлэгчтэй гэрээ байгуулахаас өмнө уг хөрөнгүүдийг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд У х б-нд барьцаалсан байна.

Үүнээс хойш буюу 2016 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 101/ШШ2016/02767 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 1082 дугаар магадлал гарч Т.С-ийг Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсангийн аманд байрлах Могул таун хотхоны 1А байрны 607 тоотод орших 3 өрөө орон сууц, мөн байрны зоорийн давхарт байрлах 1А-28 тоот авто зогсоолын хууль ёсны өмчлөгчөөр тогтоожээ.

Гэтэл гуравдагч этгээдүүдийн өмчлөх болон барьцааны эрх нь дээрх байдлаар нэхэмжлэгчийн шаардах эрх үүсэхээс өмнө үүсэж, хүчин төгөлдөр болсон байх тул Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д “Улсын бүртгэлийн үйл ажиллагаанд дараахь зүйлийг хориглоно:”, 18.1.8-д “улсын бүртгэлд өмнө нь бүртгэгдсэн эрх нь хүчинтэй байхад дахин бүртгэж, гэрчилгээ олгох”, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т “Эрхийн улсын бүртгэлд зохих нэмэлт, өөрчлөлт хийхийн өмнө түүний улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь шууд хөндөгдөж болох иргэн, хуулийн этгээд буюу төрийн эрх бүхий байгууллагын зөвшөөрлийг заавал авсан байх бөгөөд иргэд, хуулийн этгээдээс олгох зөвшөөрлийг нотариатаар гэрчлүүлсэн байна” гэж тус тус заасны дагуу маргаж буй үл хөдлөх хөрөнгүүд өөр өмчлөгчид бүртгэлтэйн зэрэгцээ барьцааг бүртгүүлсэн улсын бүртгэл хүчинтэй байгаа тохиолдолд нэхэмжлэгчийн нэр дээр бүртгэхгүй байгаа хариуцагчийн үйлдлийг хууль бус болохыг тогтоож, улсын бүртгэлийн гэрчилгээ гаргаж өгөхийг даалгах хууль зүйн үндэслэлгүй юм.

Түүнчлэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо “... улсын бүртгэлд бүртгүүлж, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргуулан авах, өмчлөх эрхээ баталгаажуулахад Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасан татгалзах үндэслэл байхгүй байхад татгалзаж байгаа нь үндэслэлгүй ...” гэх боловч дээр дурдсан зээлийн барьцааны гэрээгээр барьцаалагдсан хөрөнгүүдийн захиран зарцуулах эрхийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2014 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 1/11612 дугаар албан бичгээр түдгэлзүүлсэн[1] байх тул Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 / Улсын бүртгэлийн үйл ажиллагаанд дараахь зүйлийг хориглоно:/, 18.1.10 /улсын бүртгэлд хөдөлгөөн хийх эрхийг түдгэлзүүлсэн тухай Улсын ерөнхий бүртгэгч, хууль хяналтын байгууллагын шийдвэрийг зөрчиж улсын бүртгэлд өөрчлөлт, хөдөлгөөн хийх/-д заасан бүртгэлийн үйл ажиллагаанд хориглох нөхцөл байдал тогтоогдсоны улмаас эрхийн улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан хариуцагчийн үйлдэл нь хуульд нийцсэн гэж үзнэ.

Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байх тул гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шүүх бүрэлдэхүүн  шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 110/ШШ2017/0476 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-д заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

                                                    

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                 Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                      Э.ЗОРИГТБААТАР            ШҮҮГЧ                                                                     Г.БИЛГҮҮН