Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 05

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Цэцэгмаа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын Хараатын 5 тоотод оршин суугч А.Нарандэлгэр,
Хариуцагч: Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын Засаг даргад холбогдох
“Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын Засаг даргын 2015 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн “Албан тушаал бууруулах тухай” б/12 дугаар захирамжийг хүчингүй болгож, Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А.Нарандэлгэр, хариуцагч Цогт-Овоо сумын Засаг дарга С.Төгсбаатар, хариуцагчийн өмгөөлөгч Г.Оюунтунгалаг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Байлгалмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч А.Нарандэлгэр шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие төрийн албанд 11 жил, тухайн албан тушаалд 6 дахь жилдээ ажиллаж байна. Цогт-Овоо сумын Засаг даргын Тамгын газрын даргаар сумын Засаг даргын 2009 оны 48 дугаар захирамжаар томилогдон 6 жилийн хугацаанд төрийн албаны дадлага туршлага сууж, үүрэгт ажлаа хариуцлага сахилгатайгаар гүйцэтгэж байсан.
Гэтэл тодорхойгүй шалтгаанаар урьдчилан тохиролцоогүй, төрийн албан хаагч надад мэдэгдээгүй байж, сумын Засаг дарга нь 2015 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр б/12 дугаар захирамж гаргаж, миний биеийг сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаал бууруулах захирамж гаргасан нь холбогдох хууль тогтоомж, дүрэм журамд нийцэхгүй байгаагаас гадна төрийн жинхэнэ албан хаагч миний хуулиар олгогдсон эрх үүргийг ноцтойгоор зөрчсөн үйлдэл болсон гэж үзэж байна.
    Засаг даргын б/12 дугаар захирамжийн үндэслэх хэсэгт баримталсан Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь заалт нь тухайн албан тушаал бууруулах үйл явцтай ямарч холбогдолгүй, Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1-д заасан “албан тушаал /ажлын байр/-ын тодорхойлолтод заасан зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн” гэжээ. Гэтэл миний бие Төсвийн ерөнхийлөн захирагчийн өмнө хүлээсэн үүргээ амжилттай хэрэгжүүлж 2014 оны жилийн эцэст 96,1% /А/-тай дүгнүүлж, 2015 оны гол ажил болох байгууллагын архивын улсын үзлэг угтсан ажлыг сайн зохион байгуулж 81,4%-тай /В/ үнэлгээ авч байсан.
Улсын дээд шүүхийн 2010 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 08 дугаар “Төрийн албаны тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах” тогтоолын 7 дугаар зүйлд хуулийн “хангалтгүй биелүүлсэн” гэдгийг “ажлын байрны тодорхойлолт болон албаны чиг үүрэгт тусгагдсан хэрэгжүүлбэл зохих үйл ажиллагааг гүйцэтгэсэн боловч чанарын хувьд доголдуулсан, хугацаа хэтрүүлсэн, тогтоосон журмыг зөрчсөн зэргээр зохих ёсоор биелүүлээгүй байхыг ойлгоно” гэж тайлбарласан байгаагаас харахад миний бие ажлын байрны тодорхойлолтоор хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн гэх шалтгаан байхгүй болно. Төрийн жинхэнэ албан хаагч надтай урьдчилан тохиролцоогүй нь миний хуулиар хүлээсэн эрх үүргийг хамгийн ихээр зөрчсөн үйлдэл бөгөөд миний бие албан тушаал буурахаар албан ажлаа хариуцлага, сахилга батгүй ажилласан тохиолдол байхгүй.  
    Цогт-Овоо сумын Засаг дарга нь 2015 оны б/12 дугаар захирамждаа намайг албан тушаал бууруулсан гэх боловч ямар нэгэн албан тушаалд намайг томилоогүй. Иймд намайг албан тушаал бууруулсан гэх биш, ажлаас чөлөөлсөн гэх үндэслэлтэй байна. Өөрөөр хэлбэл би одоогийн байдлаар ажилгүй, ажлаас чөлөөлөгдсөн, халагдсан аль нь болохоо мэдэхгүй байна. Гэтэл б/12 дугаар захирамж нь хууль зүйн дагуу ажлаас чөлөөлсөн захиргааны акт биш байх тул хүчингүй гэж үзэх үндэстэй байна.
    Захирамжийн 2 дахь хэсэгт А.Нарандэлгэрт төрийн захиргааны гүйцэтгэх албан тушаалаар хангах ажлыг зохион байгуулахыг Засаг даргын орлогчид үүрэг болгосон байна. Гэтэл сумын Засаг даргын орлогч нь аливаа хүнийг төрийн жинхэнэ албанд томилох хуулиар олгогдсон ямар нэгэн эрхгүй албан тушаалтан юм. Засаг дарга нь мэдсээр байж зориудаар ийм үүрэг өгсөн нь анхнаасаа намайг ажлаас чөлөөлөх зорилготой байсан нь харагдаж байна. 2015 оны б/12 дугаар захирамжийн 3 дахь хэсэгт А.Нарандэлгэрт ажилласан хоногийн цалин болон холбогдох тооцоог дуусгаж ажиллахыг нягтлан бодогч, нярав нарт зөвшөөрсүгэй гэсэн байна. Хэрвээ намайг албан тушаал бууруулах байсан бол тооцоог дуусгах биш цалингийн зөрүүг тооцож олгосугай гэж захирамжлах байсан.
Уг захирамжийн тухайн асуудлаар Өмнөговь аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд хандсан бөгөөд 2015 оны 17 дугаар тогтоолоор уг захирамжийг хууль эрх зүйн үндэслэлгүй гэсэн шийдвэр гаргасан. Үүний дагуу Засаг дарга С.Төгсбаатарт ажилдаа орох хүсэлт гаргасан боловч биелүүлээгүй.
Иймд Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын Засаг даргын 2015 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн “Албан тушаал бууруулах тухай” Б/12 дугаар захирамжийг хүчингүй болгож, Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг олгож өгнө үү” гэв.
Хариуцагч Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын Засаг дарга шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Засаг даргын ажлыг гүйцэтгэх хугацаанд эв эеийг хичээн, хүмүүсийг халах солих талаар бодлого бариагүй бөгөөд төрийн албыг тасралтгүй, үнэнч шударга, үр дүнтэй хүртээмжтэй, түргэн шуурхай явуулахад анхааран ажиллалаа. Сумын их ажлуудыг зохион байгуулж амжуулахад Засаг даргын Тамгын газрын даргын оролцоо хамтын ажиллагаа, мэргэшсэн бүрэлдэхүүнээ удирдах, бусад байгууллагуудыг чиглүүлэн залах үүрэг өндөр билээ. Гэвч энэхүү үүргээ хангалтгүй биелүүлсэн гэсэн зөрчлийг үндэслэн А.Нарандэлгэрийг албан тушаал бууруулах арга хэмжээг авсан юм.
2015 оны 01 дүгээр сард Засаг даргын Тамгын газрын албан хаагчдын ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх, цаг ашиглалтыг сайжруулах, хариуцлагыг өндөржүүлэх зорилгоор хурууны хээний төхөөрөмж суурилуулсан. Албан томилолт, хөдөө ажлаар гэх мэт албан ажлаар бүртгүүлэх боломжгүй байвал чөлөөний хуудсаар зохицуулах үүргийг Засаг даргаас өгсөн боловч 09 дүгээр сар хүртэл хэрэгжүүлээгүй, цаг хоцорсон, тасалсан, алдаа дутагдал гаргасан мөртлөө цалингаа бүтэн авдаг, үүнээс үүдэн төрийн албанд хариуцлагагүй, хэнэггүй хандах байдал байсаар байна. Үүнийг засах хэвшүүлэх талаар анхаарал хандуулсангүй, хэрэгжүүлэх зориг эрмэлзэл Тамгын газрын даргад байсангүй. Машинаар бүртгэсэн бүртгэлийг эс тоон, гараар бүртгэсэн бүртгэлийг үндэслэн цалинг 100 хувь олгож, ажлын цаг ашиглалтыг сайжруулах гэсэн Засаг даргын хүсэлтийг талаар болгож, зарцуулсан хөрөнгийг эс хайхарсан.
    Засаг даргын Тамгын газрын дарга нь сумын Соёлын зөвлөлийн даргын хувьд “Угийн бичиг'' хөтлөлтийн ажлыг зохион байгуулах ажлын хэсгийн дарга боловч манай сум энэ ажилд хангалтгүй дүн үзүүлсэн. Зохион байгуулсан тодорхой ажилгүй. 2015 оны 07 дугаар сарын 23, 24, 25-нд аймгийн Баяр наадамд сумаа төлөөлж оролцох бэлтгэл ажил хангах үүрэгтэй байсан ч 07 дугаар сарын 25-ны өдөр баяр наадмын нээлтийн жагсаалын дундуур ирж оролцов. Шалтгаан нь ангийн уулзаптанд явсан гэх боловч энэ өдрүүдэд ажлын өдөр тохиосон боловч цалингаа бүтэн авсан, Засаг дарга миний өгсөн үүрэг даалгаварыг хангалтгүй биелүүлсэн. 2015 оны 03 дугаар сард "Төрийн албан хаагчдын зөвлөлгөөн"-ийг сумандаа хийж уриалга гарган сахилга хариуцлагыг сайжруулах талаар дорвитой ажил хийгдсэнгүй. А.Нарандэлгэрийн өөрийнх нь 6 жил удирдсан Тамгын газар байж ажлын үр дүн гаргах, тайлагнах, хийсэн ажлаа баримтжуулах, дээд газарт мэдээ тайлангаа хүргүүлэх тал дээр нэн хангалтгүй байсаар өдийг хүрлээ. Мэргэжилтнүүдийн ажлыг сар, улирал, жилээр төлөвлүүлэн үр дүнг тооцдог байдал үгүй тул гүйцэтгэл сул байсаар байгаа нь удирдан чиглүүлэх үүргээ хангалтгүй биелүүпснийг харуулна. Сумын иргэдэд мэдээллийг багийн хурал, лекц, цуглаанаар дамжуулан өгдөг боловч Засаг дарга эзгүй үед хурал, лекц, зөвлөгөөн явуулж байсангүй. Үүний улмаас иргэдэд мэдээлэл дутуу хүрдэг, буруу ташаа ойлголт тардаг, хууль сурталчлах үүргээ хангалтгүй биелүүлсэн, санаачлага дутсан. Сумын Засаг даргын Манлайллын зорилтыг аймагт хүргүүлээгүй, орхигдуулсан. Мэдээллийн хэрэгсэлд сумын чанартай мэдээлэл өгөх, дамжуулах ажлыг 3 жилд үндсэндээ явуулсангүй. Нутгийн зөвлөлтэй гэрээ байгуулан мэдээлэл солилцох, мэдээлэл өгөхөөр гэрээ байгуулсан боловч гэрээний араас нэг ч мэдээлэл явуулаагүй.
    Засаг даргын Тамгын газрын даргын ажлыг дүгнэхдээ ажил 90%-д хүрэхээргүй байсан ч хүргэн дүгнэж, хамт ажиллаж байгаа, залуу хүнд итгэл урам өгч цаашид ажлаа сайжруул, бодит байдал ийм биш байгаа талаар хэлж зөвлөж ажиллаж байлаа. Засаг даргын Тамгын газрын гадаа сааданд зүлэг тарих, өнгө үзэмжийг сайжруулах талаар 3 жил дараалан үүрэг өгөгдсөн ч өөрөө бүрэн хариуцаж, хамт олноо зохион байгуулах ёстой бөгөөд энэ ажип хийгдээгүй.
    2015 оны 05 дугаар сард сургуулийн өмнөх боловсролын байгууллагын гадна тоглоомын талбай байгуулах уралдааныг зарлан 300.000 төгрөгийг Засаг даргын нөөц хөрөнгөөс санхүүжүүлэн явуулсан. Энэ ажлын үр дүнгээр Засаг даргын Тамгын газрын хамт олон 1, 3 дугаар байр эзлэн шагнагдсан. Гэвч энэ үед Засаг даргын захирамж гараагүй байхад өөртөө болон орлогч даргад дур мэдэн 10%-ийн нэмэгдэл олгож, цалин дээрээ авсан. Мөн энэ төлөвлөсөн захирамжаа 08 дугаар сард батлуулахаар надад ирүүлснийг миний бие зөвшөөрөөгүй болно.
    Мөн аймгийн Төрийн албаны зөвлөлийн 2014 оны 12 дугаар сарын 03-ны албан бичигт “...удаа дараа шалгалт өгөөд тэнцээгүй иргэдийн хууль бус томилгоог хууль журамд нийцүүлэх” гэсэн. Албан тушаал бууруулах арга хэмжээ авахдаа А.Нарандэлгэрийг халамжийн байцаагчаар томилуулахаар аймгийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн дарга, халамжийн мэргэжилтэн нартай урьдчилан ярьж зөвшилцөн миний бие ээлжийн амралтаа авсан. Засаг даргын орлогч сумыг бүрэн хариуцах байсантай холбоотой. А.Нарандэлгэр зөвшөөрсөн тохиолдолд Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн даргын тушаал гарч ажилд томилогдох байсан.
Сумын Засаг даргатай байгуулсан 2015 оны үр дүнгийн гэрээний 4.2-т төсвийн шууд захирагч гэрээний биелэлтийг 2015 оны 06 дугаар сарын 30-ны дотор багтаан тайлагнах тухай заагдсан боловч тайлагнаагүй, мөн өөрийн хариуцсан Тамгын газрын ажилтнуудтай гэрээ байгуулдаг, үр дүн тооцсон байдал хангалтгүй байна. Өмнөговь аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлөөс 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр надад ирүүлсэн албан бичигт албан үүргээ хангалтгүй биелүүлсэн нь хариуцлага тооцох үндэслэл мөн боловч нотлох баримт дутуу гэсэн хариуг ирүүлсэн. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна” гэв.
Хариуцагчийн өмгөөлөгч Б.Оюунтунгалаг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын Засаг даргын 2015 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн б/12 дугаар А.Нарандэлгэрийг Тамгын газрын даргын албан тушаалаас бууруулсан захирамж хууль зүйн бүрэн үндэслэлтэй, батлах хангалттай нотлох баримт хэрэгт цугларсан гэж үзэж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгуулах саналтай байна. Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д зааснаар Төрийн жинхэнэ албан хаагчийг дараахь үндэслэлээр захиргааны санаачилгаар албан тушаал бууруулж болно. Хуулийн 23.1.1-д “албан тушаал /ажлын байр/-ын тодорхойлолтод заасан зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн” бол албан тушаал бууруул болно гэж заасан байна. Тэгэхлээр захиргааны эрх бүхий албан тушаалтан нь захиргааны санаачилгаар ажилтныг албан тушаал бууруулж байгаа бол түүнтэй зөвшилцөх шаардлаггүй, удирдах албан тушаалтанд хуулиар олгогдсон бүрэн эрх нь юм.
 А.Нарандэлгэрийн албан тушаал /ажлын байр/-ын тодорхойлолтод заасан зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн гэдгийг 2010 оны 04 дугаар сарын 26-ны өдрийн 08 тоот Улсын дээд шүүхийн тогтоолоор Ажлын байрны тодорхойлолт болон албаны чиг үүрэгт тусгагдсан хэрэгжүүлбэл зохих үйл ажиллагааг хэрэгжүүлсэн боловч чанарын хувьд доголдуулсан, хугацаа хэтрүүлсэн, тогтоосон журмыг зөрчсөн зэргээр зохих ёсоор биелүүлээгүй байхыг ойлгоно гэж тайлбарласан байдаг.
Засаг даргын Тамгын газрын даргын ажлын байрны тодорхойлолтын зорилгод Засаг даргыг бүрэн эрхээ хэрэгжүүлэн ажиллахад нь бүх талын дэмжлэг үзүүлэн төрийн зорилт, чиг үүргийг хэрэгжүүлэх ажлыг мэргэшлийн үндсэн дээр удирдан зохион байгуулж оролцоно гэж байгаа. Тамгын газрын ажилчдын ажлын цаг ашиглалтыг сайжруулах, хөдөлмөрийн бүтээмж нэмэгдүүлэх зорилгоор цаг бүртгэлийн машиныг ашиглаж ажилчдад хариуцлага тооцох үүргийг Засаг даргаас Тамгын газрын даргадаа үүрэг болгосон нь Хөдөлмөрийн дотоод журмаар нарийвчлагдан байхад энэ тал дээр ямар нэгэн арга хэмжээ авч ажиллаагүй. Цагийн бүртгэлтэй асуудлыг цаг тухай бүрт нь хэлж анхааруулсаар байхад хүлээж авахгүй байсан нь тухайн саруудад хийсэн хурлын тэмдэглэлд тэмдэглэгдсэн байна. Тухайлбал 2015 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн хурлын тэмдэглэл дээр цагийн бүртгэлийг сайжруулахгүй учраас Тамгын газрын даргад арга хэмжээ авах тухай сануулсан байдаг. Угийн бичиг хөтлөх ажлыг зохион байгуулах ажлыг хангалтгүй хийсэн. Угийн бичигтэй холбоотой тайлангаа цаг хугацаанд нь ирүүлсэн боловч ирүүлсэн ажлыг нь дүгнэх боломжгүй хангалтгүй байсан талаар албан бичигт бичсэн байдаг. Энэ нь албан үүргээ чанарын хувьд доголдолтой хангалтгүй биелүүлж байсныг нь нотлох нэг баримт юм. Албан тушаал бууруулах нэг үндэслэл бол баяр наадмын бэлтгэл хангах ажлыг хэрэгжүүлэхтэй холбоотой. Баяр наадмын өдрүүдэд А.Нарандэлгэр байхгүй байсан, гардан зохион байгуулаагүй. 2015 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн хамтран ажиллах гэрээгээр веб сайтад мэдээллээр хангах үүргийг Засаг даргын Тамгын газрын дарга хүлээхээр заасан байдаг. Гэтэл ямар ч мэдээлэл өгөөгүй гэдгийг гэрээний нөгөө тал хэлсэн байдаг.
Мөн Засаг даргын захирамж гараагүй, зөвшөөрөөгүй байхад өөртөө дур мэдэн 10 %-ийн урамшуулал авсан нь тухайн 2015 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн Б/08 тоот тушаал болон гэрч Н.Лхамцэрэнгийн мэдүүлгээр нотлогдож байна гэж үзэж байна. Цогт-Овоо сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2015 оны үр дүнгийн гэрээний 4.2-т төсвийн шууд захирагч гэрээний биелэлтийг 2015 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн дотор тайлагнах ёстой байтал энэ үүргээ биелүүлээгүй. Эдгээр нөхцөл байдлуудаас Засаг даргын зүгээс албан тушаал бууруулах захирамж гаргасан байгаа. Тамгын газрын даргад албан тушаал бууруулах тухай мөн сануулсан байдаг.
Эдгээр нөхцөл байдлууд нь Засаг даргын албан тушаал бууруулсан захирамж хууль зүйн үндэслэлтэй байсан гэдэг нь нотлогдож байх тул уг захирамжийг хэвээр үлдээж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгуулах саналаа дэмжиж байна“ гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч А.Нарандэлгэр “Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын Засаг даргын 2015 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн “Албан тушаал бууруулах тухай” б/12 дугаар захирамжийг хүчингүй болгож, Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ
Уг нэхэмжлэл нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.10-д зааснаар захиргааны хэргийн шүүхийн хянан шийдвэрлэх маргаан мөн, энэхүү маргаантай холбогдсон гомдлоо нэхэмжлэгч Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.4-д зааснаар аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд гаргаж урьдчилан шийдвэрлэх ажиллагааг биелүүлсэн, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3-т зааснаар нэхэмжлэл гаргах эрхтэй, нэхэмжлэл нь мөн хуулийн 32 дугаар зүйлд заасан хэлбэр, бүрдүүлбэр, агуулгыг хангасан гэж үзэн шүүх хүлээн авч хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан.  
Хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг хянан хэлэлцээд дараахь хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгч А.Нарандэлгэрийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Маргаан бүхий захиргааны акт болох Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын Засаг даргын 2015 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн “Албан тушаал бууруулах тухай” б/12 дугаар захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1 дэх заалтыг тус тус үндэслэн Засаг даргын Тамгын газрын дарга А.Нарандэлгэрийг 2015 оны 09 дүгээр сарын 07-ны өдрөөс албан тушаалаас бууруулж, 2 дахь заалтаар А.Нарандэлгэрт төрийн захиргааны гүйцэтгэх албан тушаалаар хангах ажлыг зохион байгуулахыг Засаг даргын орлогч Б.Учралттад үүрэг болгож, 3 дахь заалтаар А.Нарандэлгэрт ажилласан хоногийн цалин болон холбогдох бусад тооцоог дуусгаж ажиллахыг нягтлан бодогч, нярав нарт даалгаж шийдвэрлэжээ.
 1. Хариуцагч нь сумын Засаг даргын Тамгын газрын ажилчдын цаг ашиглалт муу, сар бүр цагийн бүртгэлийн төхөөрөмжөөс цагийн бүртгэлийг гаргахгүй, гараар бүртгэсэн бүртгэлийг үндэслэн ажилтнуудад цалинг нь бүрэн олгодог байсан гэж маргаж байгаа боловч Цогт-Овоо сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2013 оны б/13 дугаар тушаалаар хавсралтаар баталсан “Байгууллагын дотоод журам” -ын 24 дүгээр зүйл “Ажил, амралын цаг, албан томилолт 2) Ажилтан нь ажилд ирэх, албан ажлаар явах, ажлын цаг дуусахад цаг бүртгэгчид буюу бичиг хэргийн эрхлэгчид бүртгүүлнэ. 4) Цаг бүртгэх ажлыг бичиг хэргийн ажилтан хариуцах бөгөөд зөрчилтэй мэдээллийг Тамгын газрын даргад сар бүр мэдээлж, ...” гэж заасан байгаагаас үзвэл бичиг хэргийн эрхлэгч буюу цаг бүртгэгч нь ажилтнуудын өдөр тутмын ажлын цагийг бүртгэж, сарын эцэст ажлын цаг ашиглалтыг нэгтгэн гаргадаг болох нь тогтоогдож байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 130 дугаар зүйлийн 130.1-д зааснаар Хөдөлмөрийн дотоод журам бол тухай байгууллагын нийт ажилтны хөдөлмөрлөх эрх, түүнтэй холбогдсон хууль ёсны ашиг сонирхлыг хуулиар тогтоосон баталгаанаас илүү нөхцөлөөр хангах болон хөдөлмөрийн тухай хуулиар тусгайлан зохицуулагдаагүй асуудлыг зохицуулдаг.
Цогт-Овоо сумын Засаг даргын Тамгын газрын төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчдын дагаж мөрдөж буй Байгууллагын дотоод журамд Тамгын газрын ажилтнууд нь өглөө ажилдаа ирэх, орой тарах бүртээ цаг бүртгэх төхөөрөмжид хурууны хээгээ уншуулж ажлын цагаа бүртгүүлэхээр, уг цаг бүртгэх төхөөрөмжөөс цагийн бүртгэлийг нэгтгэн гарган Тамгын газрын даргад сарын эцэст танилцуулах, энэ нь ажилтнуудын цалин, хөлсийг бодох үндсэн баримт болох тухай асуудлыг нарийвчлан зохицуулж журамлаагүйгээс гадна, сумын Засаг даргын Тамгын Газрын даргын ажлын байрны тодорхойлолтоор ийм чиг үүрэг нэхэмжлэгчид тусгайлан олгогдоогүй байх тул хариуцагчийн энэ тайлбар үндэслэлгүй  байна.
2. Мөн хариуцагч талаас манай сум “Угийн бичиг хөтлөх ажилд хангалтгүй дүн үзүүлсэн, зохион байгуулсан тодорхой ажилгүй, А.Нарандэлгэр нь 2015 оны 7 дугаар сарын 25-ны өдөр баяр наадмын нээлтийн жагсаалын дундуур ирж оролцсон, Тамгын газрын гадаа сааданд зүлэг тарих, өнгө үзэмжийг сайжруулах талаар ажил хийгээгүй, дээд газарт мэдээ, тайлан хүргүүлэх тал дээр хангалтгүй, мэдээллийн хэрэгсэлд сумын чанартай мэдээлэл өгдөггүй байсан” гэж маргах боловч хэрэгт авагдсан сумын Засаг даргын үр дүнгийн гэрээний хавсралт “Удирдлагын манлайлалыг хэрэгжүүлэх”  тайлангийн 1.3.5, Тамгын газрын 2015 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний  Арга хэмжээ 2.1.6, 2.1.7, Ажлын байрны тодорхойлолт , Аймгийн Засаг даргын Тамгын газрын 2016 оны 3 дугаар сарын 10, 11-ний өдрийн 3-371, 3-377 дугаар албан бичиг  зэргээс үзэхэд нэхэмжлэгчийн ажил үүргийн хуваарь, чиг үүрэгтэй нь хэрхэн холбогдох байгаа, эдгээртэй холбогдуулан А.Нарандэлгэрийг шууд буруутгах үндэслэл, нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Иймээс сумын Засаг даргын Тамгын газрын алдаа, зөрчлүүдийг зөвхөн нэхэмжлэгчид хамааруулан, түүнийг ажлын байрны тодорхойлолтод заасан зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн гэж үзэн хариуцлага тооцож албан тушаал бууруулсан нь бодит байдалд нийцээгүйн дээр Төрийн албаны тухай хуульд заасан төрийн алба мэргэшсэн, тогтвортой байх зарчмууд хөндөгдсөн гэж шүүх үзлээ.  
3. Хариуцагч талаас Сумын Засаг даргатай байгуулсан 2015 оны үр дүнгийн гэрээний биелэлтийг 2015 оны 06 дугаар сарын 30-ны дотор багтаан тайлагнах байсан боловч тайлан гаргаж өгөөгүй гэж маргаж буй бөгөөд Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 134 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Төсвийн шууд захирагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх журам”-ын 5.1.2-т “Төсвийн шууд захирагч нь тухайн оны гэрээний биелэлтийн тайланг... хагас, бүтэн жилээр гаргаж, төсвийн ерөнхийлөн захирагчид хүргүүлнэ...” заасны дагуу төсвийн шууд захирагч нь 2015 оны хагас жилийн Үр дүнгийн гэрээний биелэлтийн тайланг төсвийн ерөнхий захирагчид хүргүүлээгүй буруутай байх боловч Төсвийн ерөнхийлөн захирагч, төсвийн шууд захирагч нарын 2015 оны 02 дугаар сарын 16-ны өдөр байгуулсан  Тамгын газрын дарга А.Нарандэлгэрийн 2015 оны Үр дүнгийн гэрээний  4.2-т дахь заалтад гэрээний биелэлтийг хагас, бүтэн жилээр тайлагнах, дүгнэх хугацаа тодорхой тусгагдаагүй байна.Төсвийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-т “Үр дүнгийн гэрээний биелэлтийг харьяалагдах дээд шатны төсвийн захирагч нь хагас, бүтэн жилээр дүгнэнэ”, “Төсвийн шууд захирагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх журам”-ын 8.1-д “...төсвийн шууд захирагч нь хуульд заасан хугацаанд төсвийн ерөнхийлөн захирагчид гэрээний биелэлтээ тайлагнаагүй, ...тохиолдолд холбогдох тал Төрийн албаны зөвлөл болон түүний салбар зөвлөлд харъяаллын дагуу гомдол гаргаж болно...” гэсэн заалтуудаас үзвэл гэрээг дүгнэх эрх бүхий этгээд төсвийн ерөнхийлөн захирагч нь 2015 оны хагас жилийн гэрээний биелэлтийн тайлан гаргаж өгөхийг нэхэмжлэгчээс шаардах, эсхүл энэ талаар холбогдох байгууллагад хандах эрх хэмжээтэй байсан атлаа зохих арга хэмжээг авч ажиллаагүй байна.   
Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1-д “албан тушаал /ажлын байр/-ын тодорхойлолтод заасан зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн” бол албан тушаал бууруулахаар заасан бөгөөд уг шаардлагыг биелүүлсэн эсэхийг Засаг даргатай байгуулсан Үр дүнгийн гэрээгээр хүлээсэн болон ажлын байрны тодорхойлолтод заасан зорилго, зорилтыг хэрхэн биелүүлснээр тодорхойлогдох бөгөөд А.Нарандэлгэрийн 2015 оны Үр дүнгийн гэрээний биелэлтийн хэрэгжилтийг 2 тал хагас жилээр үнэлж, дүгнээгүй байхад түүнийг гэрээгээр хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн, ажлын байрны тодорхойлолт болон албаны чиг үүрэгт тусгагдсан хэрэгжүүлбэл зохих үйл ажиллагааг зохих ёсоор биелүүлээгүй гэж нэхэмжлэгчийг буруутган албан тушаал бууруулсан нь учир дутагдалтай, хууль зүйн үндэслэлгүй шийдвэр болжээ.
4. А.Нарандэлгэр нь сумын Засаг даргын захирамж гараагүй байхад дур мэдэн өөртөө болон Засаг даргын орлогчид 2015 оны 5 дугаар сард 10%-ийн урамшуулал авсан нь албан тушаал бууруулах гол үндэслэл болсон гэж хариуцагч маргадаг бөгөөд хэрэгт авагдсан баримтаас үзэхэд А.Нарандэлгэр нь “Урамшуулал олгох тухай” Засаг даргын захирамжийн төслийг төсвийн ерөнхийлөн захирагч, сумын Засаг дарга гарын үсэг зурж ёсчилоогүй байхад 2015 оны 5 дугаар сарын цалин дээр өөртөө болон Засаг даргын орлогчид үндсэн цалингийн 10 %-ийн урамшуулал авсан болох нь сумын Засаг даргын Тамгын газрын 5-р сарын цалингийн тооцооны хүснэгт , гэрч Н.Лхамцэрэнгийн мэдүүлэг  зэрэг хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.  
Гэхдээ хариуцагч нь төсвийн шууд захирагчид дээрх үндэслэлээр хариуцлага тооцохдоо Засгийн газрын 1995 оны 97 дугаар тогтолын хавсралтаар батлагдсан “Төрийн захиргааны албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, энэ талаар төрийн дээд шатны байгууллагад гомдол гаргах журам”-ын хоёрын 4-т “Сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлийг заавал шалган тогтоон, энэ тухай баримт, үндэслэлийг зөрчил гаргасан албан хаагчид урьдчилан танилцуулсан байна. Зөрчил гаргасан албан хаагч уг баримт материалтай танилцаад нэмэлт тайлбар хийх, дахин шалгалт явуулахыг шаардах эрхтэй” гэж заасныг зөрчиж, гаргасан зөрчлийн шинж байдал, шалтгаан нөхцлийг харгалзах, түүнээс тайлбар авах зэргээр уг зөрчлийг хууль болон журмын дагуу шалган тогтоолгүй хариуцлага тооцсон нь Төрийн албаны тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “ ...албан тушаал бууруулах зэрэг асуудлаар хууль тогтоомж, стандартыг зөрчих,...-ыг хориглоно” гэж заасныг зөрчсөн, захиргааны акт хууль ёсны байх шаардлагыг хангаагүй, нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн шийдвэр болжээ.
Түүнчлэн Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1-д заасан  “Албан тушаал бууруулах” нь төрийн албан хаагчийн эрхэлж байсан албан тушаалаас чөлөөлж ангилал, зэрэглэлийн хувьд доогуур өөр албан тушаалд шууд томилох ойлголт бөгөөд маргаан бүхий захиргааны актаар сумын Засаг даргын Тамгын газрын даргыг албан тушаалыг бууруулахдаа түүнийг хаана, ямар албан тушаалд ажиллахыг тодорхой шийдвэрлээгүй, А.Нарандэлгэрийг ажлаар хангах эрх хэмжээгүй этгээд болох сумын Засаг даргын орлогчид ажлаар хангах үүрэг ногдуулснаараа утга агуулгын илэрхий алдаатай, хууль бус захиргааны акт болсон байна гэж шүүх дүгнэв.
Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч А.Нарандэлгэрийг албан тушаал бууруулан тухайн байгууллагад өөр ажил, албан тушаалд шууд томилоогүй учир бодит байдалд албан тушаал бууруулах бус ажлаас чөлөөлсөн захиргааны акт гаргажээ.
Дээрх байдлуудыг нэгтгэн дүгнэвэл Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын Засаг даргын 2015 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн “Албан тушаал бууруулах тухай” б/12 дугаар захирамж нь Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д “Төрийн жинхэнэ албан хаагчийг дараахь үндэслэлээр захиргааны санаачилгаар албан тушаал бууруулж болно”, 23.1.1-д “албан тушаал /ажлын байр/-ын тодорхойлолтод заасан зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн” гэж заасантай нийцээгүй, нэхэмжлэгч А.Нарандэлгэрийн төрийн алба хаах эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн нь тогтоогдож байх тул Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын Засаг даргын 2015 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн “Албан тушаал бууруулах тухай” Б/12 дугаар захирамжийг хүчингүй болгож, А.Нарандэлгэрийг Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, түүний ажилгүй байсан хугацаа болох 2015 оны 9 дүгээр сарын 07-ны өдрөөс 2016 оны 3 дугаар сарын 15 хүртэлх хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 6.662.701 (зургаан сая зургаан зуун жаран хоёр мянга долоон зуун нэг) төгрөгөөс холбогдох хуульд заасан шимтгэлийг суутган тооцож, үлдэх олговорыг Цогт-Овоо сумын Засаг даргын Тамгын газраас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Ажилгүй байсан хугацааны олговроос зохиох татвар шимтгэлийг суутган, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийх зэрэг нь ажил олгогчийн хуулиар хүлээсэн үүрэг байдаг болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д “.Шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаар төлүүлэн нэхэмжлэгчид буцаан олгоно” гэж заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Цогт-Овоо сумын Засаг даргын Тамгын газраас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгохоор шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг хянан шийдвэр тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн албаны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.5, 23 дугаар зүйлийн 23.1.1, 40 дүгээр зүйлийн 40.1, Төсвийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-т заасныг тус тус баримтлан А.Нарандэлгэрийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын Засаг даргын 2015 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн “Албан тушаал бууруулах тухай” Б/12 дугаар захирамжийг хүчингүй болгож, А.Нарандэлгэрийг Цогт-Овоо сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоосугай.
2. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч А.Нарандэлгэрийн ажилгүй байсан хугацаа болох 2015 оны 9 дүгээр сарын 07-ны өдрөөс 2016 оны 3 дугаар сарын 15-н хүртэлх хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 6.662.701 (зургаан сая зургаан зуун жаран хоёр мянга долоон зуун нэг) төгрөгөөс холбогдох хуульд заасан шимтгэлийг суутган тооцож, үлдэх олговорыг Цогт-Овоо сумын Засаг даргын Тамгын газраас гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч А.Нарандэлгэрээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Цогт-Овоо сумын Засаг даргын Тамгын газраас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бамөн хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.



ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ            М.ЦЭЦЭГМАА