Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 52

 

“Г” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдох

 захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

            Даргалагч:                            Танхимын тэргүүн М.Батсуурь,

            Шүүгчид:                                Л.Атарцэцэг,

                                                            Х.Батсүрэн,

                                                            Ч.Тунгалаг,

            Илтгэгч шүүгч:                      П.Соёл-Эрдэнэ,

            Нарийн бичгийн дарга:       Д.Долгордорж,

Нэхэмжлэлийн шаардлага: Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн А/76 дугаар тушаалын “Г” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 128/ШШ2018/0666 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 221/МА2018/0649 дүгээр магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогч: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д нарыг оролцуулж,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Өмнөх шүүхийн шийдвэр:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 128/ШШ2018/0666 дугаар шийдвэрээр: Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2, 4.2.6, 4.2.8, 15 дугаар зүйлийн 15.1.4, 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2, 24.4, 25 дугаар зүйлийн 25.1, 25.1.2, 25.1.7, 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн А/76 дугаар тушаалын “Г” ХХК-д холбогдох хэсгийг дахин шинэ акт гаргах хүртэл 6 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 221/МА2018/0649 дүгээр магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 128/ШШ2018/0666 дугаар  шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1, 40 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 2, Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2, 22.2.1, 22.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Г” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн А/76 дугаар тушаалын “Г” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгосугай” гэж өөрчилж, 2,3 дахь заалтыг хүчингүй болгож, 4, 5 дахь заалтын дугаарыг 2, 3 болгон өөрчилж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэжээ.

3. “Г” ХХК-ийн ашиглахаар авсан газар нь Тусгай хамгаалалттай газрын байгалийн унаган төрхийг алдагдуулах, уулын тогтоц, энгэр бэлийг нурааж, байгаль орчинд шууд болон шууд бусаар хор хохирол учруулах эрсдэлтэй. Мөн “Тусгай хамгаалалттай газар нутаг дахь, эко аялал жуулчлалын зориулалтын байр сууц, үйлчилгээнд тавих нийтлэг шаардлага” МNS 6426:2013 Ерөнхий шаардлага 5.1.2-д “Эдэлбэр газрын байршлыг сонгохдоо гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүсээс гадагш, хамгаалагдсан ойн сан бүхий газраас 200 метрээс гадагш сонгоно” гэж заасныг зөрчсөн.

4. Түүнчлэн хууль зүйн актын нэгдсэн бүртгэлд бүртгэлтэй Байгаль орчны сайдын 2001 оны 218 дугаар тушаалаар батлагдсан Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах түр журам, түүний хавсралт болох газар ашиглах гэрээний маягт одоог хүртэл хүчин төгөлдөр мөрдөгдөж, хэрэглэгдэж байдаг. Тус журмын 2.2, 3.1 дэх хэсгийг зөрчин төслийн үйл ажиллагаа, зориулалтыг өөрчилсөн. Тухайлбал: “Г" ХХК-ийн 2016 оны “Мод үрэслүүлэг, аялал жуулчлалын цэцэрлэгт хүрээлэнгийн төсөл” дэмжигдэн тусгай хамгаалалттай газарт тус төслийн хүрээнд цэцэрлэгт хүрээлэн байгуулахыг зөвшөөрч олгосон боловч газар ашиглах эрх олгосон зориулалтыг өөрчлөн “Мод үрэслүүлэг, аялал жуулчлал, амралтын газар байгуулах төсөл” болгон өөрчилсөн.

5. Тус өөрчилсөн төслийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөний 2 дугаар бүлгийн 2.1-д “төслийн үйл ажиллагаанаас үүдэн газрын гадаргуу болон газар зүйн хэв шинж байгалийн унаган төрхөөсөө өөрчлөгдөн эвдрэх ба 10000,4 м2 талбайн хөрс, ургамлын нөмрөг барилгын үйл ажиллагааны нөлөөгөөр эвдэрч доройтохоор байна. Төслөөс газрын гадарга болон хэвлийд үзүүлэх гол сөрөг нөлөөлөл нь урт хугацааны хүчтэй нөлөөлөл юм. Зарим нөлөөлөл нь төслийн барилгын ажил дуусах хүртэлх хугацаанд үргэлжилнэ. Голлох сөрөг нөлөөллийг дараах байдлаар тодорхойлон үзүүлэв. Үүнд: Тус аялал жуулчлал, спортын цогцолборыг байгуулах төслийн үйл ажиллагаанаас 10000,4 м2 талбай шууд сөрөг нөлөөлөлд эрчимтэй өртөнө, Ландшафт, гео-орчин, экологийн тэнцвэртэй байдалд шууд ба дам байдлаар төслийн барилгын ажил дуусах хүртэлх хугацаанд эрчимтэйгээр нөлөөлнө. Төслийн үр дүнд Залаатын аманд барилга байгууламж, дотоод гадаад зам, үерийн шуудуу суваг зэрэг техноген нөлөөллүүд үүснэ ...” гэж тодорхойлсон болон Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхээс тухайн газар дээр очиж үзсэн үзлэгийн баримт зэргээс үзвэл байгалийн унаган төрхийг алдагдуулан дархан цаазат газрын нийтлэг дэглэм горимыг зөрчиж болохуйц нөхцөл байдал үүсч болохоор байна гэж дүгнэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д заасны дагуу газар дээрх нөхцөл байдлыг харсны үндсэн дээр үнэлж дүгнэсэн.

6. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 1, 2, 36 дугаар зүйлийн 1-д тус тус заасныг буруу тайлбарласан гэж үзэж байна. Учир нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 1-д "... Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт заасан журмыг баримтлан газар ашиглах тухай хүсэлтээ хамгаалалтын захиргаанд гаргаж, хамгаалалтын захиргаа хүсэлтийг судлан үзсэний үндсэн дээр санал боловсруулан төрийн захиргааны төв байгууллагад уламжилснаар мөн хуулийн 36 дугаар зүйлийн 1-ийн дагуу төрийн захиргааны төв байгууллага газар ашиглуулах тухай шийдвэрийг гаргахаар хуульчилсныг давж заалдах шатны шүүх буруу тайлбарласан.

7. Захиргааны ерөнхий хуулийг хэрэгжүүлэх үүднээс газар ашиглах эрхийг хүчингүй болгох үндэслэл бүрдсэн иргэн, аж ахуйн нэгж байгууллагад удаа дараа анхааруулж яамны албан ёсны сайтад мөн телевиз, хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарлал, мэдээлэл тавьж ажилласан. Гэтэл шүүх заавал тус бүрт нь сонсох ажиллагааг хийх ёстой мэтээр хуулийг буруу хэрэглэж дүгнэжээ. Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.2-д “...хорин нэг буюу түүнээс дээш тооны этгээдийг сонсохоор бол энэ хуулийн 20.1-д заасан төлөөлөгчид шууд хүргүүлэх, эсхүл тухайн орон нутагт хүргэх боломжтой хэвлэл мэдээллийн хэрэгсэл, шуудан болон тэдгээрт урьдчилан мэдэгдэх бусад арга хэрэгслийг ашиглан хүргүүлэх...” гэж заасан бөгөөд шүүх уг заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн.

8. Иймд магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

ХЯНАВАЛ:

9. Анхан шатны шүүхээс маргааны үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, маргаан бүхий актыг түдгэлзүүлж, дахин шинэ акт гаргахыг захиргааны байгууллагад даалгаж шийдвэрлэсэн байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж, магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

10. Маргаан бүхий А/76 дугаар тушаалаар “дархан цаазат газрын нийтлэг дэглэм горимыг зөрчсөн” гэх үндэслэлээр нэхэмжлэгч хуулийн этгээдийн газар ашиглах эрхийг дуусгавар болгож шийдвэрлэсэн, нэхэмжлэгчээс “байгалийн унаган төрхийг алдагдуулах үйл ажиллагаа явуулаагүй, сонсгох ажиллагаа хийгээгүй” гэж, хариуцагчаас “байгаль орчны нарийвчилсан үнэлгээ хийлгээгүй учраас газрын төлөв байдлыг эвдэх, байгалийн унаган төрхийг алдагдуулах эрсдэлтэй” гэж тус тус маргажээ.

11. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “тусгай хамгаалалттай газарт ... байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга, хэлбэрээр газар ашиглуулж болно” гэж урьдчилсан нөхцлийг заасан, Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2 дахь хэсэгт “...үйлчилгээ явуулах зориулалтаар газар эзэмших эрх авсан иргэн, аж, ахуй нэгж, байгууллага нь 90 хоногт багтаан байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийлгэсний дараа гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэнэ” гэж заасныг маргааны үйл баримтад холбогдуулан хэрэглэхэд: нэхэмжлэгч хуулийн этгээдийн маргаан бүхий газрыг аялал жуулчлалын зориулалтаар ашиглах үйл ажиллагаа нь байгаль орчинд хэрхэн нөлөөлөх, байгалийн унаган төрхийг алдагдуулах эсэхийг нарийвчлан тогтоосон эсэх нь энэ хэрэгт гол ач холбогдолтой, хэрэв байгаль орчинд сөрөг нөлөөгүй бол нэхэмжлэгчийн тусгай хамгаалалттай газар ашиглах эрх хуулиар хамгаалагдах байна.

12. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар “нөлөөллийн үнэлгээ нь байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээ, байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан” гэсэн хоёр үнэлгээнээс бүрдэж байх бөгөөд нэхэмжлэгч хуулийн этгээдийн тухайд ерөнхий үнэлгээ хийлгэсэн боловч нарийвчилсан үнэлгээ хийлгэсэн эсэх, уг үнэлгээгээр ямар дүгнэлт гарсан болох нь тодорхойгүй, нарийвчилсан үнэлгээний тайланг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, төсөл хэрэгжүүлэгч Богдхан уулын хамгаалалтын захиргаанд хүргүүлж, мэдээллийн санд бүртгүүлсэн эсэх үйл баримт тогтоогдохгүй байна. Учир нь Засгийн газрын 2013 оны 374 дүгээр тогтоолоор баталсан Байгаль орчны нөлөөллийн үнэлгээний журмын 5.11, 6.1, 7.1, 8.1 дэх хэсэгт зааснаар төсөл хэрэгжүүлэгч нь нарийвчилсан үнэлгээний тайланг төрийн захиргааны төв байгууллагад батлуулахаар хүргүүлэх үүрэгтэй, энэ дагуу Мэргэжлийн зөвлөлийн хурлаар хэлэлцэж, ерөнхий шинжээч албажуулж, мэдээллийн санд уг тайланг бүртгэснээр уг тайлан хүчин төгөлдөр болох байна.

13. Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны шинжээчийн хянасан Ерөнхий үнэлгээний гүйцэтгэлийн хуудаст “төсөл хэрэгжих нутаг дэвсгэрт сөрөг нөлөөлөл үүсч болзошгүй, усны нөөцийн хомсдол үүсэх, хөрс, ургамал, амьтан, түүх, соёлын дурсгалт зүйлс сөрөг нөлөөлөлд өртөх эсэх талаар мэргэжлийн байгууллагын нарийвчилсан үнэлгээ хийлгэх шаардлагатай, мөн Тусгай хамгаалалттай газар нутаг дахь эко аялал жуулчлалын зориулалттай байр сууц, үйлчилгээнд тавих нийтлэг шаардлага МNS 6426:2013 стандартын шаардлага хангаж байгаа эсэх талаар дүгнэлт гаргуулах”-ыг онцгойлон анхааруулж, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 11/2549 дүгээр албан бичгээр нэхэмжлэгч хуулийн этгээдэд “нарийвчилсан үнэлгээг 2017 оны 1 дүгээр улиралд багтаан ирүүлэхийг” мэдэгдэж байсан, энэхүү үүргийг нэхэмжлэгч хэрхэн хэрэгжүүлсэн нь тодорхойгүй байна.

14. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11 дэх хэсэгт зааснаар шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлж болно. Энэ тохиолдолд тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах урьдчилсан шаардлага хангагдсан эсэх буюу маргааны гол үйл баримт болох байгаль орчинд сөрөг нөлөөлөл үүсэх эсэхийг нарийвчлан тогтоох нь хэргийн гол нөхцөл бөгөөд энэхүү үүргээ захиргааны байгууллага бүрэн дүүрэн хэрэгжүүлсэн эсэх, нөгөө талаар нэхэмжлэгчээс өөрөөс шалтгаалах үүргээ бүрэн биелүүлсэн эсэхийг цаашид тодруулах шаардлагатай байгаа, энэ нь шүүхийн шинжлэн судлах цар хүрээнээс хэтэрсэн, харин нэхэмжлэгч болон захиргааны байгууллагын хэрэгжүүлбэл зохих хуулиар хүлээсэн үүрэг байх тул маргаан бүхий актыг түдгэлзүүлж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.  

15. Давж заалдах шатны шүүхээс “захиргааны байгууллага шийдвэр гаргах ажиллагаанд тавигдах шаардлагыг хангаагүйг “хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагад хамаарна” гэж үзэх үндэслэлгүй, сонсгох ажиллагаа явуулаагүй, шийдвэрт хамаарах бодит нөхцөл байдлыг урьдчилсан тогтоогоогүй” гэж нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь хуулийн дээрх заалтад нийцэхгүй байна.

16. Учир нь Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт зааснаар шийдвэр гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөх этгээдэд сонсгох ажиллагаа явуулах нь захиргааны байгууллагын үүрэг бөгөөд энэхүү үүргээ захиргаа биелүүлээгүй, шийдвэр гаргасны дараа мэдэгдэх ажиллагаа явуулсан буюу хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдэгдсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон байна. Гэвч энэхүү шийдвэр гаргах ажиллагааны алдаа нь тухайн маргаан бүхий тушаалыг бүхэлд нь хүчингүй болгох хангалттай үндэслэл биш, тухайлбал сонсгох ажиллагаа явуулснаар хэргийн нөхцөл байдал хэрхэн өөрчлөгдөх, нарийвчилсан үнэлгээ хийлгээгүй нэхэмжлэгчийн эрх сэргэх боломжгүй нөхцөл үүсэх тул захиргааны байгууллагыг шууд буруутгах үндэслэлгүй.  Мөн, нэхэмжлэгчээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн шүүх хуралдаанд “нарийвчилсан үнэлгээ хийсэн боловч яаманд хүргүүлсэн эсэхийг мэдэхгүй байна” гэж, 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн шүүх хуралдаан болон хяналтын шатны шүүх хуралдаанд “нарийвчилсан үнэлгээ хийгдэж байгаа” гэж тус тус тайлбарласан зэргээс үзэхэд нарийвчилсан үнэлгээ хийлгэсэн эсэх үйл баримт эргэлзээтэй учир ийнхүү дүгнэв.

17. Түүнчлэн Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсэгт заасан эерэг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны актыг хүчингүй болгох захиргааны байгууллагын эрхийг хязгаарлах үндэслэлгүй, давж заалдах шатны шүүхээс хариуцагчийн “экологийн тэнцвэрт байдалд нөлөөлөх, байгалийн унаган төрхийг алдагдуулах” тухай тайлбарыг няцаагаагүй, эрх зүйн дүгнэлт өгөөгүй байна.

18. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1 дэх хэсэгт зааснаар нэгдүгээрт, захиргааны акт хууль бус байх, хоёрдугаарт нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн болох нь нэгэн зэрэг тогтоогдсон тохиолдолд нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх учиртай. Гэтэл давж заалдах шатны шүүхээс хариуцагчийн “нэхэмжлэгч байгаль орчны нарийвчилсан үнэлгээ хийлгээгүй” гэх тайлбарт эрх зүйн дүгнэлт өгөөгүй, нэхэмжлэгчээс тусгай хамгаалалттай газар ашиглагчийн хувьд хуулиар хүлээсэн үүргээ хэрхэн биелүүлсэн талаар дүгнээгүй атлаа зөвхөн хариуцагчийг буруутгах байдлаар хэргийг шийдвэрлэсэн нь хуулийн дээрх заалтад нийцэхгүй.

19. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглагч нь газрын унаган төрхийг хадгалах, нөхөн сэргээх, байгаль орчинд сөрөг нөлөөгүй аргыг ашиглаж байгаа болохоо нотлох үүрэгтэй, энэ үүргээ хэрхэн биелүүлсэн нь тодорхойгүй байхад нэхэмжлэгчийн хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэх үндэслэлгүй, хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай. Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3 дахь хэсэгт зааснаар байгаль орчны үнэлгээгээр сөрөг дүгнэлт гарсан бол газар ашиглах эрхийг олгохоос татгалзах үр дагавар үүсэх тул маргаан бүхий тушаалыг хууль бус гэж дүгнэх хангалттай үндэслэл тогтоогдохгүй байна.

20. Мөн давж заалдах шатны шүүхээс “шүүх ... захиргааны шийдвэрт дурдаагүй үндэслэлийг шалгаж тогтоох, түүнийгээ шийдвэрийн үндэслэл болгох, түүнчлэн тухайн асуудлаар дахин шалгаж шийдвэр гаргахыг зааварлах хууль зүйн үүрэггүй” гэж дүгнэсэн нь буруу бөгөөд маргаан бүхий актын үндэслэл нь “дархан цаазат газрын нийтлэг дэглэм горимыг зөрчсөн” гэх үндэслэл байсан, энэ дагуу анхан шатны шүүхээс эрх зүйн дүгнэлт хийсэн нь маргаан бүхий актын хүрээнээс хэтрээгүй байна. Учир нь Засгийн газрын 1995 оны 169 дүгээр тогтоолоор Дархан цаазат газрын хамгаалалтын нийтлэг горимыг баталж мөрдүүлсэн, мөн МNS 6426:2013 стандартын шаардлагын хүрээнд дархан цаазат газрын нийтлэг горимыг, түүний дотор байгаль орчны үнэлгээний талаар заасан, уг баримтыг үндэслэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хуулийн зөрчилгүй юм.  

21. Эдгээр үндэслэлүүдээр, магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүнээс үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 221/МА2018/0649 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 128/ШШ2018/0666 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                                М.БАТСУУРЬ 

      ШҮҮГЧ                                                                                          П.СОЁЛ-ЭРДЭНЭ