Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2025 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 320/ШШ2025/00116

 

 

 

 

 

2025 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 320/ШШ2025/00116

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч:  ГБЖР ХХК-ийн,

Хариуцагч: ХЗ ХХК-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлд 39,000,000 (гучин есөн сая) төгрөг, алданги 19,500,000 (арван есөн сая таван зуун мянга) төгрөг, нийт 58,500,000 (тавин найман сая таван зуун мянга) төгрөг гаргуулах тухай 155/2024/00209/и дугаар индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Энхтүвшин, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Уянга нар оролцлоо.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.О, хариуцагчийн өмгөөлөгч Б.Манлайбаяр нарын гаргасан шүүх хуралдаанд оролцохгүйгээр хэрэг хянан хэлэлцэх тухай хүсэлтийг хангаж, тэдний эзгүйд шийдвэрлэсэн болно.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.  Нэхэмжлэгч ГБЖР ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нь ГБЖР ХХК-ийн гүйцэтгэх захирал бөгөөд 2023 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр ХЗ ХХК-тай Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ******************* 1.6км хатуу хучилттай авто замын төслийн хүрээнд асфальт бетон хучилтаар хучих, цементээр бэхжүүлсэн суурь байгуулах, хөвөө байгуулах, хажуу налуугийн тэгшилгээний ажил гүйцэтгэх зэрэг ажил гүйцэтгэхээр ажлын хөлс 130,000,000 төгрөг байхаар тохиролцож, ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан юм. Гэрээний 3.4.1-т гэрээт ажлын эхний санхүүжилтийн 20 хувийг ажил эхлэхийн өмнө туслан гүйцэтгэгч буюу манай компанид олгох ёстой байсан ч ажил эхэлснээс хойш хэд хэдэн удаагийн шилжүүлгээр ерөнхий гүйцэтгэгчээс хүлээн авч ажлаа эхэлсэн. Мөн түүнчлэн ажил гүйцэтгэх гэрээний 3.4.2-т цементээр гүйцэтгэх ажлыг хийж гүйцэтгэснээр гэрээний төлбөрийн 30 хувь буюу 39,000,000 төгрөгийг манай компанид шилжүүлэх ёстой байсан ба манай компани 2023 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн хооронд дээрх ажлыг хийж гүйцэтгэсэн боловч ХЗ ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэлгүй дээрх гэрээний төлбөрийг өдийг хүртэл шилжүүлээгүй байна. Ажил гүйцэтгэх гэрээний 6 дугаар зүйлийн 6.4-т зааснаар 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрөөс 2024 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хугацааны алданги, нийт 20,865,000 төгрөг болж байх боловч Иргэний хуульд зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувь болох 19,500,000 төгрөгийг гаргуулж авах хүсэлтэй байна.

Иймд ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлд 39,000,000 (гучин есөн сая) төгрөг, алданги 19,500,000 (арван есөн сая таван зуун мянга) төгрөг, нийт 58,500,000 (тавин найман сая таван зуун мянга) төгрөгийг ХЗ ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ. (1-р хавтаст хэргийн 1-2 дахь тал)

1.1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Э шүүхэд гаргасан хүсэлтдээ: ГБЖР ХХК нь тус шүүхэд ХЗ ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний төлбөрт 39,000,000 төгрөг, алданги 19,500,000 төгрөг, нийт 58,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ХЗ ХХК-иас 25,000,000 төгрөгийг 2025 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн дотор бүрэн төлж барагдуулахыг зөвшөөрсөн тайлбарыг ирүүлжээ. Манай компанийн зүгээс ХЗ ХХК нь 2025 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн дотор 25,000,000 төгрөг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч, үлдэх 33,500,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ. (2-р хавтаст хэргийн 3 дахь тал)

1.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байна. Хариуцагч ХЗ ХХК-иас ажил гүйцэтгэх гэрээний төлбөрт 39,000,000 төгрөг, алданги 19,500,000 төгрөг, нийт 58,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Гэвч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ХЗ ХХК-иас 25,000,000 төгрөгийг 2025 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулахаар тайлбар ирүүлсэн.

Иймд манай компани нэхэмжлэлийн шаардлагаас 33,500,000 төгрөг гаргуулахаас татгалзаж, хариуцагч 25,000,000 төгрөгийг 2025 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулахаар тохиролцож эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэв.

2. Хариуцагч ХЗ ХХК-ийн гүйцэтгэх захирал Т.Б шүүхэд гаргасан тайлбартаа: Тус компанид холбогдуулан ГБЖР ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцаад хариуцагчийн хувьд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй тул шүүхэд дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд: Нэхэмжлэгч талаас шүүхэд нэхэмжлэлийн шаардлагаа Ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлд 39,000,000 төгрөг, алданги 19,500,000 төгрөг, нийт 58,500,000 төгрөг гаргуулах гэж тодорхойлжээ. ХЗ ХХК болон ГБЖР ХХК-ийн хооронд 2023 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан. Уг гэрээний 1.3-т зааснаар ажил гүйцэтгэгч буюу ГБЖР ХХК (туслан гүйцэтгэгч) нь асфальт бетон хучилтаар хучих, цементээр бэхжүүлсэн суурь байгуулах, хөвөө байгуулах, хажуу налуугийн тэгшилгээний ажил гүйцэтгэх зэрэг ажлыг стандартыг баримтлан тооцооны дагуу хугацаанд нь гүйцэтгэж хүлээлгэн өгөх үүргийг хүлээсэн бол захиалагч буюу ХЗ ХХК-ийн (ерөнхий гүйцэтгэгч) нь гэрээний 1.1-д зааснаар туслан гүйцэтгэгчийн гүйцэтгэсэн ажлын үр дүнг хүлээн авч, ажлын хөлс нийт 130,000,000 (нэг зуун гучин сая) төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцсон. Гэрээний 3.4.1-т заасаар гэрээт ажлын эхний санхүүжилтийн 20 хувь буюу 26,000,000 (хорин зургаан сая) төгрөгийг ажил эхлэхийн өмнө буюу 2023 оны 9 дүгээр сарын 27-ны өдрөөс 10 дугаар сарын 11-ний хооронд бүрэн шилжүүлэн өгсөн. Ажил гүйцэтгэх гэрээний дагуу цементээр хучих ажлыг хийж дуусгаад, гүйцэтгэлийн баримт бичиг үйлдсэний дараа нийт санхүүжилтийн 30 хувийг шилжүүлэхээр тохиролцсон. Гэтэл ГБЖР ХХК уг ажлыг хийж дуусгаагүй, хүлээлгэж өгөөгүй атлаа 2023 оны 10 дугаар сарын 12, 17-ны өдөр нийт 19,000,000 (арван есөн сая) төгрөг шилжүүлэн авсан. Учир нь ажлаа хугацаандаа гүйцэтгэнэ гэж компанид хандсан тул гүйцэтгэсэн зарим ажлын санхүүжилтийг өгсөн. Гэвч энэхүү ажлыг хүлээлцсэн актыг өнөөдрийг хүртэл үйлдээгүй байна. Түүнчлэн гэрээний дагуу хийж гүйцэтгэх, хөвөө байгуулах, хажуу налуугийн тэгшилгээний ажил гүйцэтгэх ажлыг огт гүйцэтгээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй болно. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тус компанийн гүйцэтгэх удирдлага өөрчлөгдсөн тул ажил гүйцэтгэх гэрээг судалж, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй ГБЖР ХХК-иас хохирлоо гаргуулахаар шүүхэд сөрөг нэхэмжлэл гаргана гэжээ. (1-р хавтаст хэргийн 38-39 дэхь тал)

2.1 Хариуцагч ХЗ ХХК-ийн гүйцэтгэх захирал Т.Б шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ХЗ ХХК нь нэхэмжлэгч ГБЖР ХХК-тай харилцан тохиролцож 25,000,000 (хорин таван сая) төгрөгийг төлөхөөр болсон. Төлбөрийг 2025 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн дотор бүрэн төлж барагдуулах тул энэ хэргийг хялбаршуулсан горимоор шийдвэрлэж өгнө үү гэжээ. (2-р хавтаст хэргийн 2 дахь тал)

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ГБЖР ХХК нь хариуцагч ХЗ ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлд 39,000,000 (гучин есөн сая) төгрөг, алданги 19,500,000 (арван есөн сая таван зуун мянга) төгрөг, нийт 58,500,000 (тавин найман сая таван зуун мянга) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Э-ын ...манай компани нэхэмжлэлийн шаардлагаас 33,500,000 төгрөг гаргуулахаас татгалзаж, хариуцагч 25,000,000 төгрөгийг 2025 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулахаар тохиролцож эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэх тайлбар, хариуцагч ХЗ ХХК-ийн гүйцэтгэх захирал Т.Бын шүүхэд гаргасан ...ХЗ ХХК нь нэхэмжлэгч ГБЖР ХХК-тай харилцан тохиролцож 25,000,000 (хорин таван сая) төгрөгийг төлөхөөр болсон. Төлбөрийг 2025 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн дотор бүрэн төлж барагдуулах тул энэ хэргийг хялбаршуулсан горимоор шийдвэрлэж өгнө үү гэх тайлбар тус тус ирүүлсэн.

Зохигч хоорондоо эвлэрэн хэлэлцэж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Э нэхэмжлэлийн шаардлагаас нийт 33,500,000 (гучин гурван сая таван зуун мянга) төгрөг гаргуулахаас татгалзаж, 25,000,000 (хорин таван сая) төгрөгийг 2025 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн дотор нэхэмжлэгч ГБЖР ХХК-д төлж барагдуулахаар хариуцагч ХЗ ХХК хүлээн зөвшөөрч, харилцан тохиролцсон нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчийн эвлэрсэн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 450,500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ХЗ ХХК-иас 25,000,000 (хорин таван сая) төгрөгийн дүнд төлөх улсын тэмдэгтийн хураамж 282,950 төгрөгийн тал хувь 141,475 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1, 123.2-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч ГБЖР ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч ХЗ ХХК-д холбогдох ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлд 39,000,000 (гучин есөн сая) төгрөг, алданги 19,500,000 (арван есөн сая таван зуун мянга) төгрөг, нийт 58,500,000 (тавин найман сая таван зуун мянга) төгрөг гаргуулах тухай хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Э нэхэмжлэлийн шаардлагыг 33,500,000 (гучин гурван сая таван зуун мянга) төгрөгөөөр багасган, хариуцагч ХЗ ХХК 25,000,000 (хорин таван сая) төгрөгийг 2025 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн дотор нэхэмжлэгч ГБЖР ХХК-д төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн, зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн бүгд 450,500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ХЗ ХХК-иас улсын тэмдэгтийн хураамж 141,475 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ГБЖР ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА