| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бүдрагчаагийн Отгонбямба |
| Хэргийн индекс | 155/2024/01410/И |
| Дугаар | 320/ШШ2025/00132 |
| Огноо | 2025-01-29 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2025 оны 01 сарын 29 өдөр
Дугаар 320/ШШ2025/00132
| 2025 оны 01 сарын 29 өдөр | Дугаар 320/ШШ2025/00132 |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба би
Нэхэмжлэгч: ХХҮГ***************
Хариуцагч: Б.Э
Зээлийн гэрээний үүрэгт 2,700,000 (хоёр сая долоон зуун мянга) төгрөг гаргуулах тухай 155/2024/01410/и дугаар индекстэй, иргэний хэргийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ХХҮГ******************** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэлийн шаардлагын дүн: 2,700,000 төгрөг. Энэхүү дүнд: үндсэн төлбөр 2,700,000 төгрөг. Гэрээг байгуулсан огноо: 2017.07.19. Гэрээ дуусгавар болох огноо: 2019.07.19. Зээлийн гэрээний дагуу буцаан төлсөн нийт дүн: 300,000 төгрөг, зээлийн гэрээний үүрэг зөрчигдөж эхэлсэн огноо: 2017.07.20.
Иргэн Б.Э нь Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн АБДХ-т хамрагдаж, 2017 оны 7 дугаар сарын 19-ний өдөр Аж ахуй, бичил бизнес эрхлэгчид эргэн төлөлттэй санхүүгийн дэмжлэг олгох гэрээ-г байгуулан түүнд 3,000,000 төгрөгийг 24 сарын хугацаатай гэрээний хугацаанд зээлийн төлбөрийг төлж барагдуулах нөхцөлтэйгээр зээлүүлсэн. Гэвч Б.Э нь зээлийн төлбөрөөс 300,000 төгрөгийг төлж, үлдэх 2,700,000 төгрөгийг төлөөгүй.
Иймд 2017 оны 7 дугаар сарын 19-ний өдөр байгуулагдсан Аж ахуй, бичил бизнес эрхлэгчид эргэн төлөлттэй санхүүгийн дэмжлэг олгох гэрээ-ний үүрэгт 2,700,000 төгрөгийг Б.Эгаас гаргуулж өгнө үү гэжээ. (хавтаст хэргийн 1-3 дахь тал)
2. Хариуцагч Б.Э шүүхэд гаргасан тайлбартаа: Би АБДХт хамрагдаж, 2017 онд 3,000,000 төгрөгийн зээл 24 сарын хугацаатай авч, үүнээс 300,000 төгрөгийг төлсөн. Хөвсгөл аймгийн Хөдөлмөр, Халамжийн үйлчилгээний газраас нэхэмжилж байгаа зээлийн төлбөр 2,700,000 төгрөгийг төлж барагдуулна гэжээ. (хавтаст хэргийн 34 дэхь тал)
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ХХҮГ***** нь хариуцагч Б.Эд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 2,700,000 (хоёр сая долоон зуун мянга) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Э 2025 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр ...2017 онд 3,000,000 төгрөгийн зээл 24 сарын хугацаатай авч, үүнээс 300,000 төгрөгийг төлсөн. Хөвсгөл аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас нэхэмжилж байгаа зээлийн төлбөр 2,700,000 төгрөгийг төлж барагдуулна гэх тайлбарыг шүүхэд ирүүлсэн. Дээрх тайлбар нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч Б.Э нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагын үнэ 2,700,000 (хоёр сая долоон зуун мянга) төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж 58,150 төгрөг төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Б.Эгаас улсын тэмдэгтийн хураамж 58,150 төгрөгийн 50 хувь болох 29,075 төгрөг гаргуулж, улсын орлогод оруулах нь зүйтэй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ХХҮГ*******************-с нэхэмжилсэн зээлийн гэрээний үүрэгт 2,700,000 (хоёр сая долоон зуун мянга) төгрөгийг төлж барагдуулахаар, хариуцагч Б.Э хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч Б.Эгаас улсын тэмдэгтийн хураамж 29,075 төгрөг гаргуулж, улсын орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА