| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бүдрагчаагийн Отгонбямба |
| Хэргийн индекс | 155/2025/00044/И |
| Дугаар | 320/ШШ2025/00176 |
| Огноо | 2025-02-05 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 05 өдөр
Дугаар 320/ШШ2025/00176
| 2025 оны 02 сарын 05 өдөр | Дугаар 320/ШШ2025/00176 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Д.Б
Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлттэй, 155/2025/00044/и дугаар индекстэй, иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Жавзанпагма нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Б нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан.
1. Хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Би 1986 онд 8 дугаар анги төгсөөд, Хөвсгөл аймгийн Түнэл сумын Ялалт нэгдэлд элсэн орж, ээж, дүү нарын хамт эм хонь маллаж байгаад 1988 оны 10 дугаар сард хугацаат цэргийн албанд татагдсан. Тэгээд 1990 оны 10 дугаар сард халагдаж ирээд, үргэлжлүүлэн хувийн малаа маллаж байна. Миний аав Л.Ц, ээж Д.Д нар гэрлэлтээ батлуулаагүй тул намайг төрөхөд ээжийн нэрээр овоглон гэрчилгээ олгосон байдаг. Аав маань 1978 оны үед мал тууж яваад усанд унаж, нас барсан гэдэг. Намайг цэрэгт явахаас өмнө ээж маань н.Д гэдэг хүнтэй гэр бүл болж, дундаас нь хоёр хүүхэд төрсөн. Би өндөр насны тэтгэвэр тогтоолгох болтол Түнэл сумын Ялалт нэгдэлд ажиллаж байхдаа хөдөлмөрийн дэвтэр аваагүй, ажилд орсон, гарсан тушаал байхгүй тул дээрх хугацаа улсад ажиллаж байснаар тооцогдохгүй гэсэн. Мөн нэгдлээс надад цалин хөлс олгохдоо миний төрсөн аав Л.Цээр овоглож бүртгэсэн байна.
Иймд намайг Хөвсгөл аймгийн Түнэл сумын Ялалт нэгдэлд 1986 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан байдлыг минь тогтоож өгнө үү гэв.
2. Нэхэмжлэгчээс: Иргэний үнэмлэхийн хуулбар, Хөвсгөл аймгийн Түнэл сумын Засаг даргын тамгын газрын Архивын 70 дугаар данснаас түүвэрлэсэн Д.Дын Түнэл сумын Ялалт нэгдэлд ажиллаж байхдаа авч байсан цалин хөлсний лавлагаа, 70 дугаар дансны архивын хуулбар, Батлан хамгаалахын яам, батлан хамгаалахын төв архивын 2022 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн №498 дугаар хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагааны хуулбар, Хөвсгөл аймгийн Түнэл сумын Навчилтай багийн Засаг даргын 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 24 тоот албан бичиг, Хөвсгөл аймгийн Түнэл сумын Ялалт нэгдлийн даргын 1988 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн Ажилд томилох тухай 32 дугаар тушаалын архивын хуулбар, иргэн (даатгуулагч)-ийн ажилласан жил тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцсон тухай ************** дугаар баталгаажилтын хуудсын хуулбар, Төрийн үйлчилгээний нэгдсэн системээр дамжуулан мэдээлэл хариуцагчаас олгох лавлагаа, тодорхойлолтоос 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр гарсан Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, баярын бичгийн хуулбар болон эх хувиар, Ц.Хын төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн. (хавтаст хэргийн 2-11, 52, 53 дахь тал)
3. Шүүх: Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс Д.Бийн ХААТР-1 (А) маягтын БНМАУ-ын хүн амын регистрийн карт, иргэний хаягийн хуудас №7 баримт, ХААТР-21 (А) маягтын иргэний үнэмлэх авах өргөдөл зэрэг баримтын архивын хуулбарууд, Батлан хамгаалахын яам, батлан хамгаалахын төв архиваас Хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаа, цэргийн жинхэнэ албанд татагдагчдын анкетын архивын хуулбар, Хөвсгөл аймгийн Түнэл сумын Засаг даргын тамгын газрын Архивын 70 дугаар данснаас түүвэрлэсэн Д.Бийн Түнэл сумын Ялалт нэгдэлд ажиллаж байхдаа авч байсан цалин хөлсний 70 дугаар дансны архивын хуулбар зэрэг баримтыг гаргуулж, нэхэмжлэгчийн хүсэлтээр Д.Ц-, Г.Д, Ц.Х нарыг гэрчээр дуудан, мэдүүлэг авч, нотлох баримт бүрдүүлсэн. (хавтаст хэргийн 24-28, 29-32, 34, 49-51, 40-44 дэхь тал)
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх хүсэлтийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч Д.Б нь өндөр насны тэтгэвэрт орох болсон тул ажиллаж байсан байдлаа тогтоолгоно гэх үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлж, шүүх хуралдаанд хүсэлтийн шаардлагаа тодруулж байна.
3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, тайлбар зэргээр дараах үйл баримт тогтоогдсон.
4. Д.Б өөрийн төрсөн эх Д.Доор овоглосон иргэний бүртгэлтэй бөгөөд түүний ажиллаж байх хугацаанд авч байсан цалин хөлсний баримтад эцэг Л.Цээр овоглож бичсэн болох нь нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан ...Миний аав Л.Ц, ээж Д.Д нар гэрлэлтээ батлуулаагүй тул намайг төрөхөд ээжийн нэрээр овоглон гэрчилгээ олгосон байдаг. Аав маань 1978 оны үед мал тууж яваад усанд унаж, нас барсан гэдэг. Нэгдлээс надад цалин хөлс олгохдоо миний төрсөн аав Л.Цээр овоглож бүртгэсэн гэх тайлбар, ХААТР-1 (А) маягтын БНМАУ-ын хүн амын регистрийн картын ...4. РД: РМ**********************...5. Овог: Д, 6. Нэр: Б, 17. Эцэг эх, эхнэр нөхөр, 16 хүртэлх насны хүүхэд: эх Дэндэв Д...бүртгэгчийн нэр: Л.Д-, он сар өдөр: 1988.09.19, бүртгүүлсэн: Д гэх бичилттэй, Иргэний хаягийн хуудас №7 баримтын 1. Овог нэр: Дын Б, төрсөн он сар өдөр: *****************...14. Хуудас бичсэн: 1985 оны 11 сарын 27 гэх бичилттэй архивын хуулбарууд, ХААТР-21 (А) маягтын иргэний үнэмлэх авах өргөдөл, Хөвсгөл аймгийн Түнэл сумаас 1988 онд цэргийн жинхэнэ албанд татагдагчдын анкетын овог нэр: Д Б, төрсөн он сар өдөр: ************... гэх бичилттэй архивын хуулбар, гэрч Ц.Хын ... Д.Б нь миний төрсөн ах. Гэрчийн мэдүүлэг өгнө...Д.Б бол айлын том хүү болох хүн. Ээж Доор овогтой явдаг. Харин түүний дараах хүүхдүүд болох Д-, Х бид аав Цээр овоглож явдаг. Бидний аав Ц нь нэгдэлд адуучин, малчин хүн байсан гэсэн. Намайг 1 нас гарантай байхад 1976, 1977 оны үед нас барсан гэдэг... гэх мэдүүлэг, түүний РМ***********, хүүхдийн овог: Ц, нэр: Х, эрэгтэй, 1975 оны 06 сарын 22-нд Түнэл төрөх газар төрснийг 1975 оны 10 сарын 31-ний өдөр Түнэл сумын 19-т бүртгэв. Төрүүлсэн эцгийн овог: Л-, нэр: Ц-, эхийн овог: Д-, нэр: Д, Хөвсгөл аймаг... гэх бичилттэй 22 дугаар Төрсний гэрчилгээ-ний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, гэрч Д.Ц-ын ...Ээж Доор овоглож явдаг байх. Аавыг нь Ц гэдэг байсан. Сүүлд ээж нь Д гэж хүнтэй гэр бүл болсон... гэх мэдүүлэг зэрэг баримтаар тогтоогдсон тул Хөвсгөл аймгийн Түнэл сумын Засаг даргын тамгын газрын Архивын 70 дугаар данснаас түүвэрлэсэн Д.Бийн Түнэл сумын Ялалт нэгдэлд ажиллаж байхдаа авч байсан цалин хөлсний 70 дугаар дансны архивын хуулбарыг Дын Бид холбогдох нотлох баримтад үнэлсэн болно. (хавтаст хэргийн 26-28, 32, 44, 53, 42, 50-51 дэхь тал)
4.1. Нэхэмжлэгч Д.Б Хөвсгөл аймгийн Түнэл сумын Ялалт нэгдэлд 1986 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд малчнаар ажиллаж байсан болох нь түүний шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбар,
Хөвсгөл аймгийн Түнэл сумын Засаг даргын тамгын газрын Архивын 70 дугаар данснаас түүвэрлэсэн Д.Бийн 1987 оны 1 дүгээр сараас 1988 оны 10 дугаар сарыг дуустал хугацаанд Түнэл сумын Ялалт нэгдэлд ажиллаж байхдаа авч байсан цалин хөлсний 70 дугаар дансны архивын хуулбар, (хавтаст хэргийн 49-51 дэхь тал)
Хөвсгөл аймгийн Түнэл сумын Ялалт нэгдлийн даргын 1988 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн Зоо-мал эмнэлгийн мал эрүүлжүүлэх арга хэмжээ явуулахтай холбогдуулан Тушаах нь: 1. Мал угаалгын ажилчдаар...Д.Б...нарыг 1988 оны 8-р сарын 1-нээс эхлэн түр томилон ажиллуулсугай... гэх бичилттэй Ажилд томилох тухай 32 дугаар тушаалын архивын хуулбар, (хавтаст хэргийн 8 дахь тал)
ХААТР-1 (А) маягтын БНМАУ-ын хүн амын регистрийн картын ...5. Овог нэр: Д, 6. Нэр: Б---...14. Ажилладаг байгууллага: Ялалт нэгдэл, ажилд орсон он: 1985, цех, тасаг бригад: МАА-д, эрхэлдэг ажил: хоньчин, эрхэлж эхэлсэн он: 1985, оршдог сум: Түнэл...бүртгэсэн он, сар, өдөр: 1988.09.19... гэх бичилттэй архивын хуулбар, (хавтаст хэргийн 26 дахь тал)
Хөвсгөл аймгийн Түнэл сумаас 1988 онд цэргийн жинхэнэ албанд татагдагчдын анкетын овог нэр: Д Б...цэргийн жинхэнэ албанд татагдахын өмнө хэдэн оноос хаана ямар тушаалын ажил хийж байсан: 1986 оноос 1 бригадад хоньчин... гэх бичилттэй архивын хуулбар, (хавтаст хэргийн 32 дахь тал)
Гэрч Д.Ц-ын ...Д.Б нь 1986 оны 6, 7 сараас хойш тасралтгүй Хөвсгөл аймгийн Түнэл сумын Ялалт нэгдэлд хоньчноор 1988 оны намар цэргийн албанд явах хүртлээ ажиллаж байсан. Цэргээс ирээд мөн малаа маллаж байсан... Д.Б нь нэгдэлд мал маллаж байхдаа ээж Д, хойд аав Д, дүү Д-, Д- нарын хамт нэгдлийн 1, 2-р бригадад суурь хонь маллаж байсан...Би Түнэл сумын Ялалтнэгдэлд үхэрчин, фермийн эрхлэгчээр 1972 оноос нэгдэл тартал ажилласан. Дунд нь 3 жил цэргийн алба хаасан... гэх мэдүүлэг, гэрч Г.Дгийн ...Нэг нутгийн хүмүүс, нэгдэлд хамт ажиллаж байсан...Би 1988 оны 06 сард цэргийн албанаас халагдаж ирээд Түнэл сумын Ялалт нэгдлийн 2-р бригадад үхэрчнээр ажилласан...Д.Б нь нэгдэлд 2-р бригадад...Эм хонь маллаж байгаад 1988 оны намар цэрэгт явсан. Хонин суурийг нь гэрийхэн нь аваад үлддэг байсан...Д.Б нь тасраагүй ажиллаж байсан... гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдлоо. (хавтаст хэргийн 42-43 дахь тал)
Нэхэмжлэгч Д.Бийн шүүхэд гаргасан хүсэлт, тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг дүгнээд түүний дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1-д Шүүх дараахь хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ, 133.1.1-д Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох, мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.2-д эрх зүйн ач холбогдол бүхий дараахь үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно, 135.2.6-д хүний ажиллаж байсан байдал гэж зааснаар нэхэмжлэгч Д.Б өөрийн ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шаардах эрхтэй.
Иймд Д.Бийн Хөвсгөл аймгийн Түнэл сумын Ялалт нэгдэлд 1986 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэв.
5. Хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтыг үнэлээгүй. Үүнд: Хөвсгөл аймгийн Түнэл сумын Засаг даргын тамгын газрын Архивын 70 дугаар данснаас түүвэрлэсэн Д.Дын Түнэл сумын Ялалт нэгдэлд ажиллаж байхдаа авч байсан цалин хөлсний лавлагаа, 70 дугаар дансны архивын хуулбар, Батлан хамгаалахын яам, батлан хамгаалахын төв архивын 2022 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн №498 дугаар хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагааны хуулбар, Хөвсгөл аймгийн Түнэл сумын Навчилтай багийн Засаг даргын 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 24 тоот албан бичиг, иргэн (даатгуулагч)-ийн ажилласан жил тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцсон тухай ************** дугаар баталгаажилтын хуудсын хуулбар, Төрийн үйлчилгээний нэгдсэн системээр дамжуулан мэдээлэл хариуцагчаас олгох лавлагаа, тодорхойлолтоос 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр гарсан Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, баярын бичгийн хуулбар болон эх хувиар, иргэний хаягийн хуудас №7 баримт, ХААТР-21 (А) маягтын иргэний үнэмлэх авах өргөдөл зэрэг баримтын архивын хуулбарууд нотлох баримтын шаардлага хангахгүй, тухайн хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолгүй, хамааралгүй байна. (хавтаст хэргийн 3-7, 9-11, 27-28, 52 дахь тал)
6. Д.Б 1988 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдаж, 1990 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 622860 дугаар цэргийн батлахтай халагдсан болохыг дурдлаа. (хавтаст хэргийн 31 дэхь тал)
7. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв. (хавтаст хэргийн 12 дахь тал)
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Гэгээн овогт Дын Бийн Хөвсгөл аймгийн Түнэл сумын Ялалт нэгдэлд 1986 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА