| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Акраны Дауренбек |
| Хэргийн индекс | 161/2018/0005/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/003 |
| Огноо | 2018-01-02 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.Фарида |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 01 сарын 02 өдөр
Дугаар 2018/ШЦТ/003
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч А.Д даргалж,
нарийн бичгийн дарга Б.Ж,
улсын яллагч М.Ф,
шүүгдэгч Ө.Ж нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ө.Ж-д холбогдох 1713000000210 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч Ө.Ж: Монгол Улсын иргэн, Б овогт Ө.Ж, ... оны ... дугаар сарын ..-ны өдөр төрсөн, .. настай, эрэгтэй, яс үндэс казах, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, “Хазна” ХХК-ний шатахуун түгээх газарт түгээгч ажилтай, Баян-Өлгий аймгийн Толбо сумын 5 дугаар багт оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, РД:...............
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ө.Ж нь 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 21 цагийн орчимд Толбо сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Хазна” ХХК-ний шатахуун түгээх газрын хажууд хохирогч С.А-г хэрүүл маргааны улмаас нүүрэн тус газар нь гараараа цохиж зодсоны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Ө.Ж нь 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 21 цагийн орчимд хохирогч С.А-г хэрүүл маргааны улмаас нүүрэн тус газар нь гараараа цохиж, зодсоны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
- Хохирогч С.А-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...намайг хавирч унагааж миний зүүн нүд рүү Ж гараараа цохиод авсан. Тэр үед миний хамарнаас цус гарсан, миний дээр сууж байхад А ирж байсныг хараад больсон. Тэгээд би босоод мотоциклоо унаж шууд шатахуун түгээх станцын захирал болох А-ийн гэрт очиж болсон явдлыг хэлсэн юм. ... Ө.Ж-г уучилсан. Надад ямар нэгэн гомдол байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 8-10 дугаар хуудас/,
- Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 18 дугаартай: “... 1. Иргэн С.А-ын биед тархины доргилт, хамрын нуруунд хавдартай, цус хуралттай, зүүн нүдний доод зовхинд хөх ягаан туяатай цус хуралттай, баруун чамархай хэсэгт цус хуралттай, хавдартай, баруун алганд шархтай, зүүн талын бүсэлхий орчим цус хуралттай, хавдартай гэмтэл тогтоогдлоо. 2. Иргэн С.А-ын биед үүссэн гэмтэл нь хатуу мохоо зүйлээр 2-оос дээш удаагийн үйлчлэлээр үүссэн болно. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл болно. З. Ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй болно. 4. Иргэн С.А-ын дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр сарниулах, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4 заалтыг агуулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно. 5. Иргэн С.А-ын биед хамрын нурууны хуучин мурийлттай байна. Дээрх хуучин гэмтэл нь хэзээ хаана яаж үүссэнийг юунаас үүссэнийг тогтоох боломжгүй” дүгнэлт /хх-ийн 16 дугаар хуудас/,
- Шинжээч К.Х-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... С.А-ын эрүүл мэндэд учирсан баруун алганд шархтай, зүүн талын бүсэлхийн орчим цус хуралттай, хавдартай гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Бусад гэмтэл болох тархины доргилт, хамрын нуруунд хавдартай, цус хуралттай, зүүн нүдний зовхинд хөх ягаан туяатай цус хуралттай, баруун чамархай хэсэгт цус хуралттай, хавдартай гэмтлүүд нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх мэдүүлэг /хх-ийн 19 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, нотлох баримтуудыг үгүйсгэх нотлох баримт хэрэгт авагдаагүй бөгөөд шүүгдэгч нь өөрийнхөө гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаагаар давхар нотлогдож байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэллээ.
Шүүгдэгч Ө.Ж-гийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Мөн уг гэмт хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх зарим гэмт хэрэгт хамаарч байх ба уг хуульд заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тусгай журмыг зөрчөөгүй байна.
1. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан баримт болон хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Ө.Ж-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасны дагуу ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзаж, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.
Иймд шүүгдэгч Ө.Ж-гийн үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, эд хөрөнгө болон хөдөлмөр эрхлэлтийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын хөнгөн ял болох торгох ялыг сонгон, хуульд заасан ялын бага хэмжээгээр торгож эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 нэгж нь 1000 /нэг мянга/ төгрөгтэй тэнцэх ба 450 нэгж нь 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгтэй тэнцэх юм.
Харин шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.
Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Ө.Ж нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй болно.
Шүүгдэгч Ө.Ж нь урьд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол уг таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, хэргийн хамт шүүхэд ирүүлсэн эрүүл мэндийн даатгалын гэрчилгээг өөрт нь буцаан олгож шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 5, 6, 8, 9, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь :
1. Шүүгдэгч Б овгийн Ө-ы Ж-ийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Ж-д 450 “дөрвөн зуун тавин” нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Ж нь торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан болон битүүмжилсэн зүйлгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ө.Ж-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Ө.Ж-гийн эрүүл мэндийн даатгалын гэрчилгээг өөрт нь буцаан олгосугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Давж заалдах гомдол гаргасан эсхүл эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ө.Ж-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ А.Д