Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 2023/ДШМ/24

 

М.Б-т холбогдох эрүүгийн хэргийн тухай 

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Көбеш даргалж, Ерөнхий шүүгч С.Өмирбек, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Талгат даргалж шийдвэрлэсэн, тус шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 2023/ШЦТ/83 дүгээр шийтгэх тогтоолтой, 

 

шүүгдэгч  М.Б-т холбогдох эрүүгийн 2209000002456 дугаартай, 2 хавтастай хэргийг шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн хамтран гаргасан давж заалдах гомдол болон прокурорын эсэргүүцлийг үндэслэж 2023 оны 6 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч Ерөнхий шүүгч С.Өмирбекийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд тус аймгийн прокурорын газрын хяналтын прокурор А.Дорждэрэм,  шүүгдэгчийн өмгөөлөгч Я.Сьезд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Бахытбек нар оролцов.

 

1. Монгол Улсын иргэн, яс үндэс ****, **** оны ** дугаар сарын **-ний өдөр төрсөн, ** настай, эрэгтэй, *****боловсролтой, ***** мэргэжилтэй, **** ажилтай, ам бүл *** хүнтэй, **** хамт **** оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай И овогт М-ийн Б- /РД:***********.

 

2. М.Б- нь Монгол Улсын Боловсролын их сургуулийн Багшийн сургуулийн ********** дугаартай дипломыг уг сургуульд суралцалгүй худалдан авч, хуурамч “Боловсролын бакалавр”-ын зэргийн диплом болохыг мэдсээр байж 2013 оны 9 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн Баян-Өлгий аймгийн Ц сумын 2 дугаар цэцэрлэгийн дуу хөгжмийн багшаар ажиллахдаа ашигласан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.

 

3. Прокурорын 2023 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 60 дугаар яллах дүгнэлтээр М.Б-ын дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.   

 

4. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн  2023/ШЦТ/83 дугаар шийтгэх тогтоолоор:   

4.1. Шүүгдэгч И овогт М-ийн Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан боловсролын диплом хуурамч болохыг мэдсээр байж ашигласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,  

4.2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б-ыг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял шийтгэж,

4.3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б-т оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, 

4.4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б- нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,

4.5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн шүүгдэгч М.Б-аас гэмт хэргийн хохиролд 90.086.946 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож   шийдвэрлэжээ.

 

5. Шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:     

5.1. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын зарим хэсгийг дараах үндэслэлүүдээр эс зөвшөөрч байна. Үүнд: 

5.2. 2013 оны 6 дугаар сард М.Б- нь Улаанбаатар хотод оршин суудаг Т гэгчээс авсан хуурамч гэх дипломыг яллагдагч М.Б- өөрөө хуурамчаар үйлдсэн гэдэг нь тогтоогдоогүй.

5.3. М.Б- нь Баян-Өлгий аймгийн Ц сумын хүүхдийн 1 дүгээр цэцэрлэгт дуу хөгжмийн багшаар 2012 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн тус цэцэрлэгийн эрхлэгчийн 28 дугаартай тушаалаар томилогдсон. Ингээд уг цэцэрлэгт 2013 оны 8 дугаар сарын 15-ыг хүртэл дуу хөгжмийн багшаар ажиллаж байгаад 2013 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс Ц сумын хүүхдийн 2 дугаар цэцэрлэгт дуу хөгжмийн багшаар үргэлжлэн ажиллаж байсан нөхцөл байдал тогтоогджээ. Ингэхээр М.Б- нь 2012 оны 12 дугаар сарын 17-ны өдөр цэцэрлэгийн дуу хөгжмийн багшийн ажилд томилогдох үед Ховд их сургуулийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургуулийг 2011 оны 6 дугаар сарын 11-ний өдөр төгссөн D********** дугаартай “Математик-Мэдээлэл зүйн багш” мэргэжлээр төгсөөд “Математик-Мэдээлэл зүйн багш Бакалавр” зэрэг олгосон байдал,

5.4. М.Б- нь 2013 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр Баян-Өлгий аймгийн Ц сумын хүүхдийн 2 дугаар цэцэрлэгт дуу хөгжмийн багшийн ажилд томилогдох үед Ховд их сургуулийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургуулийг 2011 оны 6 дугаар сарын 11-ний өдөр төгссөн D********* дугаартай “Математик-Мэдээлэл зүйн багш мэргэжлээр төгсөөд “Математик-Мэдээлэл зүйн багш Бакалавр'' зэрэг олгосон дипломыг өгч ажилд орох тухай өргөдөлд уг сургуулийг төгссөн тухай дэлгэрэнгүй дурдсан нь тухайн үед тус цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байсан, гэрч А-н мэдүүлэг, тухайн үед дуу хөгжмийн багшийн ажилд орох үед гаргасан өргөдөл хавсаргасан бичиг баримтууд,

5.5. тус 2 дугаар цэцэрлэгийн дуу хөгжмийн багшийн ажлын байрны албан тушаалын тодорхойлолт эрүүгийн хавтаст хэрэгт авагдаагүй нь уг хуурамч гэх дипломыг М.Б- анх ажилд ороход заавал ашигласан эсэхэд эргэлзээтэй байдал нөхцөл байдал үүсгэж байна. Өөрөөр хэлбэл тухайн албан тушаалд заавал дуу хөгжмийн мэргэжилтэй иргэн ажиллах ёстой гэдгийг мөрдөн байцаалтын шатанд тогтоож чадаагүй байна.

5.6. М.Б- нь бага наснаас урлагийн авьяастай, аймгийн Багшийн коллежид суралцаж байхад урлаг соёлын арга хэмжээнд идэвхтэй оролцдог байсан буюу түүний төрөлхийн урлагийн авьяасыг харгалзан ажил олгогч түүнийг цэцэрлэгийн дуу хөгжмийн багшийн ажилд авсан нөхцөл байдал,

5.7. Анхан шатны шүүх шүүгдэгч М.Б-ыг хуурамч дипломыг ашиглаагүй гэж үзээд яллах дүгнэлтэд дурдсан хохирлыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нөхцөл байдал.

5.8. Иймд Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 2023/ШЦТ/83 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1, 2, 3 дахь хэсгийг хүчингүй болгож шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгөхийг хүсье.

 

6. Прокурорын эсэргүүцэлд: 

6.1. Хэрэгт авагдсан яллагдагч М.Б-ын “...Би 2013 оны 9 дүгээр сараас одоог хүртэл Ц сумын 2 дугаар цэцэрлэгт хөгжмийн багшаар ажиллаж байгаа. Тухайн үед би цэцэрлэгт ажилд орохдоо 2 бакалаврын дипломоо хуулбарлаж анх ажилд орж байсан...” гэх мэдүүлэг,

 

Гэрч Т.К-ын “...Би 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн Ц сумын 2 дугаар цэцэрлэгийн эрхлэгчээр томилогдон ажиллаж байна...”, “...Б- нь бага ангийн багшийн ********** дугаартай дипломыг тухайн үед надад өгөөгүй, үзүүлээгүй. Багш нарын боловсролтой холбоотой дипломын хуулбар зэрэг бичиг баримтууд миний өрөөнд байдаг бөгөөд Б-ын хавтаст дээрх хоёр дипломын хуулбар байсан. Хэзээ хэдийд хавтаст хийсэн эсэхийг би мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг зэргээр М.Б- нь 2016 оноос өмнө өөрөөр хэлбэл анх буюу 2013 оны 9 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн Баян-Өлгий аймгийн Ц сумын 2 дугаар цэцэрлэгийн дуу хөгжмийн багшаар ажиллахдаа ********** дугаартай дипломыг ашигласан гэж үзэх үндэслэл тогтоогдсон,

мөн гэрч Т.Г-ын “...2018 онд /сар өдрийн мэдэхгүй байна/ мэргэжлийн хяналтын газрын боловсрол хариуцсан улсын байцаагч Б гуай манай цэцэрлэгийн багш нарын бичиг баримттай танилцаад, амаар чиглэл өгч явсан. Тухайн үед М.Б- нь хөгжмийн багш мэргэжилгүй атлаа тус орон тоонд ажиллаж байгаа зөрчлийг цаашид арилгах талаар надад амаар чиглэл өгсөн. Үүний дагуу Б-тай уулзахад би Ховд аймгийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургуулийг математик мэдээлэл зүйн мэргэжлээр төгссөн. Мөн Монгол Улсын боловсролын сургуулийн хөгжмийн ангийг төгссөн. Тухайн үед миний дипломд бага ангийн багш гэж андуурч бичигдсэн байна лээ гэж хэлэхээр надад түүнийг ажлаас чөлөөлөх боломж байгаагүй...” гэх мэдүүлэг,

гэрч А.Б-ын “...хүүхдийн цэцэрлэгийн хөгжмийн багшаар математик, мэдээлэл зүйн багш мэргэжилтэй хүн ажиллаж болохгүй...” гэх мэдүүлэг зэргээр М.Б- нь 2018 онд уг дипломоо үргэлжлүүлэн ашиглаж байсан нь тогтоогдож энэ талаар зөрчил илэрсэн, зөрчлийг өөрөөс нь асуухад мэдэж, буруу бичигдсэн байна лээ гэж хариулсан нь нөхцөл байдлыг бүрэн ухамсарласан байсан,

түүнчлэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ө.А-н “...Миний санаж байгаагаар 2022 оны 2-3 дугаар сарын үед байсан байх эрхлэгч К нь багш нарын дипломыг цахим сүлжээгээр холбогдох байгууллагад явуулж байсан...” гэх мэдүүлэг,

гэрч Я.Н-ийн “...Энэ оны 3 дугаар сарын 02-ны өдөр удирдлагаас өгсөн үүрэг даалгаврын дагуу Боловсрол Шинжлэх ухааны яамны Сургуулийн өмнөх боловсролын байгууллага, ерөнхий боловсролын сургуулийн багш, удирдах ажилтны дипломд хяналт шалгалт хийх ажлын хэсгийн бүрэлдэхүүнд орж ажилласан. Тухайн шалгалтыг улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон төрийн бус өмчийн цэцэрлэг, сургуулийн багш, удирдах ажилтнуудын боловсролын баримт бичгийг цахим хэлбэрээр хүлээн авч, бүртгэлжүүлж, дээд боловсролын удирдлага, мэдээллийн системд тулгалт хийж, мөн үндэсний архивын газраас ирүүлсэн мэдээлэл, төгсөгчдийн дээд боловсролын мэдээний маягт зэргүүдээс шүүлт хийж ажилласан...” гэх мэдүүлэг,

гэрч Ч.Э-ийн “...шалгалт 2021 оны 12 дугаар сарын сүүлээр эхэлсэн ба эхний ээлжид шалгалтын бэлтгэл ажлыг хангах 2 сарын хугацаа шаардагдсан..., ...Улсын хэмжээнд цэцэрлэг, сургуулийн багш, удирдах ажилтнуудын дипломыг өөрсдөөс нь хуулбар байдлаар гаргуулж аваад түүний архивын материал, системийн бүртгэл, төгсөгчдийн дипломын бүртгэл, захирлын тушаалууд зэрэг мэдээллийг тулгаж байж зөрчлийг гаргаж ирж байгаа...” гэх мэдүүлэг,

гэрч А.Т-ийн “...шалгалтыг 2022 оны 3 дугаар сарын 02-ны өдрөөс 9 дүгээр сарын 06-ны өдрийн хооронд явуулсан...” гэх мэдүүлэг,

гэрч Т.К-ын “...2022 оны 3 дугаар сарын үед байх шиг санагдаж байна. Боловсрол, шинжлэх ухааны яамны сайдын тушаалын дагуу цэцэрлэгийн эрхлэгч, арга зүйч, багш нарын дипломыг цахим сүлжээ ашиглан сканердаж аймгийн боловсролын газрын хаяг руу би өөрөө явуулсан...” гэх мэдүүлэг зэргээр М.Б- нь 2022 оны 3 сард уг дипломыг ашиглан ажиллаж байгаад Боловсрол, шинжлэх ухааны яамнаас хийсэн цэцэрлэг, сургуулийн багш, удирдах ажилтнуудын дипломыг шалгах шалгалтын хүрээнд гаргаж өгсөн үйл баримт тогтоогдсон байхад шүүхээс түүнийг хуурамч дипломыг ашиглан ажиллаагүй, зөвхөн цахимаар бүртгүүлсэн гэж үзсэн нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна.

6.2. Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.16 дахь хэсэгт болон Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн А/430 дугаар тушаалын хоёрдугаар хавсралтаар батлагдсан хүүхдийн цэцэрлэгийн багшийн албан тушаалын үлгэрчилсэн тодорхойлолт, 2016 онд баталсан Ц сумын хүүхдийн цэцэрлэгийн багшийн ажлын байрны тодорхойлолт, гэрч К.С-ийн мэдүүлэг зэргээр хүүхдийн цэцэрлэгийн хөгжмийн багшаар бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй, мэргэжлийн сургууль төгссөн хөгжмийн багш ажиллахаар заасан байх бөгөөд уг шаардлагад нийцсэн гэж үзэж цэцэрлэгийн эрхлэгч Т.К- нь шүүгдэгч М.Б-ыг ажиллуулж байсныг шүүхээс мөн анхаарч үзээгүй байна.

6.3. Иймд Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 2023/ШЭ/83 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан прокурорын эсэргүүцэл бичив.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            7. Шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн хамтран гаргасан давж заалдах гомдол болон прокурорын эсэргүүцлийг үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.Б-т холбогдох эрүүгийн хэргийг бүхэлд нь хянаж үзэхэд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангасан боловч шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэж олсон орлогыг буруу тооцож, үндэслэлгүй хэрэгсэхгүй болгосон байдлыг залруулж, шийтгэх тогтоолд өөрчлөлт орууллаа.     

 

8. Баян-Өлгий аймаг дахь Прокурорын газраас С.Б-ыг Монгол Улсын Боловсролын их сургуулийн Багшийн сургуулийн ********** дугаартай дипломыг уг сургуульд суралцаагүй атлаа бусдаас худалдан авч, хуурамч “Боловсролын бакалавр”-ын зэргийн диплом болохыг мэдсээр байж 2013 оны 9 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн Баян-Өлгий аймгийн Ц сумын 2 дугаар цэцэрлэгийн дуу хөгжмийн багшаар ажиллахдаа ашигласан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.    

 

9. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс шүүгдэгч М.Б- нь 2013 оны 9 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн Баян-Өлгий аймгийн Ц сумын 2 дугаар цэцэрлэгт дуу-хөгжмийн багшаар томилогдож ажиллахдаа Ховд их сургуулийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургуулийн 2011 оны 06 дугаар сарын 11-ний өдөр олгосон D********** дугаартай “Математик-Мэдээлэл зүйн багш” мэргэжлийн, бакалаврын дипломыг ашигласан гэж үзэх үндэслэлтэй, харин хуурамч гэх Монгол Улсын Боловсролын их сургуулийн Багшийн сургуулийн ********** дугаартай, “бага ангийн багш мэргэжилтэй, боловсрол судлалын ухааны бакалавр зэрэгтэй” дипломыг хуурамч болохыг мэдсээр байж 2022 оны 03 дугаар сарын үед Боловсрол, шинжлэх ухааны яамны “ESIS” программд цахимаар бүртгүүлэхдээ “бага ангийн багш” мэргэжлээр төгссөн гэж ашигласан үйлдэл нь тогтоогдсон, харин улсын яллагчийн яллах дүгнэлт болон гэм буруугийн шүүх хуралдаанд дурдсан 90,086,946 төгрөгийн хохиролтой энэхүү үйлдэл шалтгаант холбоогүй гэж үзэж, 90,086,946 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.      

 

10. Шүүгдэгч М.Б- нь Баян-Өлгий аймгийн Ц сумын 2 дугаар цэцэглэгийн хөгжмийн багшаар анх ажилд орохдоо хуурамч гэх Монгол Улсын Боловсролын их сургуулийн Багшийн сургуулийн ********** дугаартай, “бага ангийн багш мэргэжилтэй, боловсрол судлалын ухааны бакалавр зэрэгтэй” дипломыг ашиглаагүй, харин Ховд их сургуулийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургуулийн 2011 оны 06 дугаар сарын 11-ний өдөр олгосон D********** дугаартай “Математик-Мэдээлэл зүйн багш” мэргэжлийн, бакалаврын дипломтой гэдгээ ажил олгогчид ажилд орох өргөдлөө анх гаргахдаа үнэн зөвөөр мэдэгдэн, ажил олгогч нар ч түүнийг “Математик-мэдээлэл зүйн багш” гэдгийг мэдсээр байж дуу-хөгжмийн багшаар хөдөлмөрийн гэрээгээр авч ажиллуулж байсан нь:

10.1 Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ө.А-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүртэл Ц сумын хүүхдийн 2 дугаар цэцэрлэгт эрхлэгч байсан.

М.Б- нь 2012 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн 2013 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл Ц сумын 1 дүгээр цэцэрлэгт түр орон тоонд хөгжмийн багшаар, дараа нь 2013 оны 06 дугаар сарын 05-ны өдрөөс 2013 оны 08 дугаар сарын 15-ны өдөр хүртэл тус цэцэрлэгт хувилбар сургалтын багшаар тус тус ажиллаж байсан бөгөөд Ц сумын 1 дүгээр цэцэрлэг нь 2012 оны 5 дугаар сараас эхлэн түр зөвшөөрлөөр салбар бүлэг нээж ажиллаж байгаад 2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн Ц сумын 2 дугаар цэцэрлэг болж өөрчлөгдсөн юм.

Тухайн үеэс эхлэн М.Б- нь тус салбар бүлгийн хөгжмийн багшаар ажиллах хүсэлт гаргасан. 2013 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн М.Б-ыг тус цэцэрлэгт хөгжмийн багшаар томилж тушаал гаргасан. М.Б- нь хөгжмийн багшийн мэргэжилгүй, Ховд их сургуулийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургуулийн математик, мэдээлэл зүйн багш мэргэжлээр 2011 оны 06 дугаар сарын 11-ний өдөр төгссөн D********** дугаартай дипломтой байсан бөгөөд хүсэлт гаргахад ажилд орох хүсэлт, дээрх дипломын хуулбар, иргэний цахим үнэмлэхийн хуулбар зэргийг өгсөн байсан. Тухайн үед би М.Б-ыг хөгжмийн багшаар томилж, тушаал гаргаж ажилд авч байсан.

...М.Б-ын тухайн үед гаргаж өгч байсан дипломын хуулбар, холбогдох материалуудыг гаргаж өгсөн болно” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 69-70, 235 дахь тал/,

10.2. Иргэн М.Б-аас гаргаж өгсөн Ховд их сургуулийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургуулийн 2011 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн D********** дугаартай “Математик-Мэдээлэл зүйн багш” мэргэжлийн бакалаврын зэрэгтэй дипломын хуулбар /1 дэх хавтаст хэргийн 44-45 дахь тал/,

10.3. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ө.А-аас нотлох баримтаар гаргаж өгсөн иргэн М.Б-ын анх ажилд орох үед бичиж өгсөн өргөдөлд “...миний бие 2007-2011 онд Ховд их сургуулийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургуулийг “Математик-Мэдээлэл зүйн багш” мэргэжлээр төгссөн. 2012 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөс 2013 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр хүртэл хүүхдийн 1 дүгээр цэцэрлэгт хөгжмийн багш, 2013 оны 06 дугаар сарын 05-ны өдрөөс 2013 оны 08 дугаар сарын 15-ны хүртэл 1 дүгээр цэцэрлэгт хувилбар сургалтын багшаар тус тус ажиллаж байсан. Их сургуульд суралцах хугацаанд авьяас чадвараа дайчлан урлагаар тэргүүлснийг минь үнэлж урлагийн авьяастны батламжаар төгсөж байсан. Мөн багаасаа дуу дуулах, бүжиглэх дуртай байсан ба олон тэмцээнд оролцож тэргүүлж байсан. Иймд миний байдлыг харгалзан үзэж 2 дугаар цэцэрлэгийн хөгжмийн багшийн орон тоонд ажилд оруулж өгнө үү” гэж бичигдсэн байдал, диплом, батламжийн хуулбарууд /1 дэх хавтаст хэргийн 53-57 дахь тал/,

10.4. Иргэн М.Б-аас гаргаж өгсөн дуу хөгжмийн тэмцээнд оролцоход авч байсан сертификат, батламжийн хуулбарууд /1 дэх хавтаст хэргийн 46-51 дэх тал/, 

10.5. Баян-Өлгий аймгийн Ц сумын 2 дугаар цэцэрлэгийн эрхлэгч, М.Б- нарын хооронд байгуулсан 2013, 2014, 2015, 2016, 2017 онуудын хөдөлмөрийн гэрээний “мэргэжил: Математик-мэдээлэл зүйн багш” гэж бичигдсэн байдал / 2 дахь хавтаст хэргийн 4-15 дахь тал/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

 

11. Харин шүүгдэгч М.Б- нь ажил олгогчоос тавьсан шаардлагыг биелүүлэхээр д 2022 оны 3 дугаар сарын үед Боловсрол, шинжлэх ухааны яамны “ESIS” программд өөрийн боловсролын талаарх мэдээллийг цахимаар бүртгүүлэхдээ “бага ангийн багш” мэргэжлээр төгссөн гэх үйл баримтыг ажил олгогч болон түүний дээд шатны байгууллагад нотлох зорилгоор, Монгол Улсын Боловсролын их сургуулийн Багшийн сургуулийн ********** дугаартай, “бага ангийн багш мэргэжилтэй, боловсрол судлалын ухааны бакалавр зэрэгтэй” диплом хуурамч болохыг мэдсээр байж ашиглан, ажил олгогчид гаргаж өгсөн нь:

11.1. Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн А/446 дугаартай “Ажлын хэсэг байгуулах тухай” тушаал, түүний хавсралт сургууль, цэцэрлэгийн багш нарын боловсролын баримт бичигт хяналт шинжилгээ хийх ажлын удирдамж /1 дэх хавтаст хэргийн 05-10 дахь тал/,

11.2. Боловсрол, шинжлэх ухааны яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдийн багш, удирдах ажилтны боловсролын баримт бичигт хяналт шинжилгээ хийсэн тухай танилцуулга, түүний хавсралтын 252 дугаар мөр “...регистрийн дугаар “***********”, овог нэр “М.Б-”, сургуулийн нэр “Монгол Улсын Боловсролын их сургууль”, эзэмшсэн мэргэжил “бага ангийн багш”, ...он “2013”, дипломын дугаар “**********”, зөрчлийн тайлбар: “...бусдын авсан дипломын дугаартай давхацсан”” гэх байдал /1 дэх хавтаст хэргийн 11-35 дахь тал/,

11.3. Монгол Улсын Боловсролын их сургуулийн 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 3/1208 дугаартай албан бичиг, түүний “сургууль төгссөн гэх мэдээлэл олдоогүй иргэдийн нэрсийн /99. М-ий Б-/” жагсаалт /1 дэх хавтаст хэргийн 39-41 дэх тал/,

11.4. Иргэн М.Б-аас гаргаж өгсөн “Боловсролын их сургуулийн Багшийн сургуулийн ********** дугаартай” диплом, үүнийг эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /1 дэх хавтаст хэргийн 63 дахь тал/, 

11.5 Гэрч Т.К-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Би 2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн тус аймгийн Ц сумын 2 дугаар цэцэрлэгийн багшаар ажиллаж байгаад 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн Ц сумын 2 дугаар цэцэрлэгийн эрхлэгчээр томилогдон ажиллаж байна.

...би 2022 оны 03 дугаар сард багш нарын дипломыг шалгуулахаар хуулбарлаж явуулах үед М.Б- нь бага ангийн багшийн дипломыг надад авирч өгөөд хуулбарлаж авсны дараа буцаагаад авсан” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 237-238 дахь тал/,

11.6. Гэрч Я.Н-ийн  мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Тухайн шалгалтыг улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж боловсролын баримт бичгийг цахим хэлбэрээр хүлээн авч бүртгэлжүүлэх, төрийн болон төрийн бус өмчийн цэцэрлэг сургуулийн багш, удирдах ажилтны боловсролын удирдлага мэдээллийн системд тулгалт хийж, үндэсний архивын газраас ирүүлсэн мэдээлэл, төгсөгчдийн дээд боловсролын мэдээний маягт зэргүүдээс шүүлт хийж боловсролын баримт бичгийг бүртгэл, тулгалт хийж ажилласан.

...уг дипломыг хаана ямар байдлаар үйлдвэрлэж олгосон гэдгийг тогтоох боломжгүй байна” мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 73-75 дахь тал/,

11.7. Гэрч Б.Д-ийн  мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Тухайн хяналт шалгалтыг хийхдээ Боловсролын тухай хуулийн 9 дүгээр зүйл, 28 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Боловсрол, шинжлэх ухааны яамны бүтэц, чиг үүргийг заасан Засгийн газрын тогтоолын дагуу тус тус хяналт, шалгалтыг явуулсан юм. Миний хувьд тухайн ажлын хэсгийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан.

...Ерөнхийдөө манай яамны дотооддоо ашиглаж байгаа цахим, мэдээллийн бааз дээр тулгуурлан, мөн өөрсдийн архивын нэгжтэй тулгалт хийх, Архивын ерөнхий газраас төгсөгчидтэй холбоотой лавлагааг мөн давхардуулан тулгах замаар дээрх зөрчлүүдийг илрүүлсэн юм.

...Дээрх он, цаг үеийн өөрчлөлтөөр курс төгсөж багш болсон хүмүүсийн дипломын зөрчилтэйд тооцсон боловч цагдаагийн байгууллагад хүргүүлсэн жагсаалт дунд оруулаагүй. Ерөнхийдөө илтэд хуурамч дипломтой, бусдын дипломыг хуурамчаар авч ашигласан гэх зөрчилтэй 600 гаруй иргэдийн мэдээллийг цагдаагийн байгууллагаар шалгуулахаар хүргүүлсэн байгаа.

...Эдгээр хүмүүс хуурамч диплом ашиглаж гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийж байгаа учраас үүнийг хуулийн дагуу шийдвэрлүүлэхээр цагдаагийн байгууллагад шилжүүлсэн юм” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 77-79 дахь тал/,

11.8. Гэрч Ч.Э-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Ерөнхийдөө шалгалт 2021 оны 12 дугаар сарын сүүлээр эхэлсэн ба эхний ээлжид шалгалтын бэлтгэл ажлыг хангах 2 сарын хугацаа шаардагдсан ба түүнд боловсролын мэдээллийн системд байгаа багш нарын мэдээллийг татаж авах, багш нарын дипломыг “PDF” файлаар татаж авах, архивын газраас мэдээлэл гаргуулж авах зэрэг мэдээлэл цуглуулах ажилд маш их хугацаа орсон. Тухайн хяналт, шалгалтыг явуулах туршлагатай мэргэжилтэн шаардлагатай байсан тул мэргэжлийн хяналтын байцаагч, боловсролын ерөнхий газраас мэргэжилтэн татан оролцуулж тушаалд өөрчлөлт оруулж уг ажлыг эхэлсэн. Мөн ажлын хэсгээ дотор нь 2 болгож хуваасан ба хувь хүний нууцлалтай хэсэг дээр бол мэргэжлийн хяналтын байцаагч, боловсролын ерөнхий газрын мэргэжилтэн, манай газрын ахлах шинжээч нарыг оруулж тэдгээр хүмүүстэй нууцлалын баталгаа гаргуулж шалгалтын үндсэн ажлыг дээрх хүмүүс 2022 оны 03 сараас эхэлж 08 дугаар сарыг дуустал хийж гүйцэтгэсэн, харин бусад ажлын хэсэгт орсон хүмүүс нь бол дээрх хүмүүсийг ажиллах нөхцөлийг хангаж мэдээллийг цэгцлэх, цуглуулах хэлбэрээр ажилласан юм. Дээрх шалгалтын үр дүнгийн тайланд бусад шалгалтаар тогтоогдсон дэлгэрэнгүй мэдээллийг тусгасан байгаа. Би яг системийг хэзээнээс эхлэн ашигласныг бол сайн мэдэхгүй байна гэхдээ манай байгууллагад “ESIS”, “HEMIS” гэсэн үндсэн 2 программ ашиглагддаг юм. Тухайн “HEMIS” программд бүх их, дээд сургуулиуд төгсөгчдийн мэдээллийг оруулдаг ба түүнийг боловсролын ерөнхий газар баталгаажуулдаг байсан, харин “ESIS” программд Монгол Улсын хэмжээнд байгаа багш, оюутан, сургууль, сурагчдын дэлгэрэнгүй мэдээлэл байдаг юм. “ESIS” систем нь Монгол Улсын хэмжээнд байгаа багш, оюутан, сургууль, сурагчдын дэлгэрэнгүй бүхий л мэдээлэл багтдаг юм.

Дээд боловсролын удирдлага мэдээллийн систем гэдэг нь HEMIS Программ буюу их дээд сургууль төгсөгчдийн дипломын мэдээлэл юм. Ерөнхийдөө шалгалтаар системд бүртгэлгүй, дугаар давхардсан гэх зөрчлүүд гарч байсан гэхдээ шалгалтын явцад бол цагдаагийн байгууллагад шилжүүлсэн хүмүүсийн мэдээлэл нь 4-5 өөр баримт бичиг дээр үндэслэн зөрчилтэй диплом баталгаажсан мэдээллийг үндэслэж хүргүүлсэн юм, тэрнээс биш 1-2 эх үүсвэр дээр зөрчилтэй мэдээллийг цагдаагийн байгууллагад хүргүүлээгүй” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 81-83 дахь тал/,

11.9. Гэрч А.Т-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Сайд Л.Э-ийн тушаалын дагуу 2022 оны 3 дугаар сарын 02-ны өдрөөс 9 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэл хугацаанд боловсролын баримт бичгийн үзлэг, шалгалтын ажлын хэсэгт Номинцэцэг, Батхангай, Солонгоо нарын хамт ажилласан юм...

...Миний хувьд бол өөрийн ажил, үүргийн дагуу дипломын хуурамч мөн эсэх болон үндэсний архивын газрын лавлагаанаас хайлт, ESIS программд дипломын дугаараар хайлт тус тус хийсэн юм. Зарим багш нарын хуурамч дипломыг системд бүртгүүлж, баталгаажуулсан зөрчил бол илэрсэн, зөрчилтэй диплом бүхий багш нарыг төгссөн эсэхийг тухайн сургуулиудаас нь тодруулж лавлагаа аваагүй. Зөвхөн дээрх бүртгэл, мэдээллүүдээс шүүлт хийх замаар зөрчилтэй дипломыг тодруулсан.

...Ангилсан кодыг уншихдаа “1.1” бол дипломын дугаар давхацсан, бусдын дипломын дугаарыг ашигласан, “1.2” бол дипломын дугаар огт байхгүй буюу тийм дугаар тухайн жилд олгогдоогүй, илтэд хуурамчаар үйлдсэн, “1.3” бол тухайн сургуулийн буруутай үйл ажиллагаанаас /сургуулиуд өөрсдөө төгсөгчдийн дипломын дугаарыг давхцуулж олгосон/, “1.4” бол дээд шатны байгууллагын буруутай үйл ажиллагаанаас /яамнаас тухайн жилд олгогдсон дипломын дугаарыг сургуулиудад давхцуулан олгосон/, “1.5” бол дараагийн шатанд зөрчилтэй диплом ашиглан суралцсан зэрэг зөрчлүүд илэрснийг тус тус ангилсан юм.

...Дээрх зөрчлүүдээс “1.1”, “1.2” кодтой зөрчил илэрсэн мэдээллийг танай байгууллагад цагдаагийн байгууллагад шалгуулахаар хүргүүлж байгаа юм” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 85-87 дахь тал/,

11.10. Гэрч Д.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2020 оны А/265 дугаар тушаалаар батлагдсан боловсролын салбарын мэдээллийн сан бүрдүүлэх, ашиглах журмын 2.2.9, 3.2, 3.3, 3.4, 3.10.1-ээс 3.10.3 хүртэлх заалтуудын дагуу тухайн сургууль мэдээллийн санг баяжуулж мэдээлэлд хяналт тавьж үнэн зөв бодит байдлыг бүрэн хариуцах зохицуулалттай байдаг. Тийм болохоор программ дээр байгаа иргэний үнэн зөв байгаа эсэхийг систем нотлохгүй тухайн сургуулийн захирлын тушаал, сургуулиас ирүүлсэн төгсөгчдийн статистик мэдээ болон бусад баримтад үндэслэн “Hemis” программ дээр оруулдаг. Программ дээр буруу шивсэн байвал хариуцлагыг тухайн их, дээд сургууль хариуцахаар сайдын тушаал, статистикийн тухай хуулиар зохицуулж өгсөн байдаг" гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 60-63, 2 дахь хавтаст хэргийн 90-93 дахь тал/,

11.11. Гэрч Д.Ц-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Одоогийн байдлаар нийт 196 хүний мэдээллийг нарийвчлан тулгалт хийж үзсэн ба үүнээс 12 иргэн нь суралцаж төгссөн үнэн байна, харин үлдсэн иргэдийн хувьд бол манай сургуульд огт элсэн орж төгсөлт хийгээгүй, энэ талаар ямар нэгэн мэдээлэл байхгүй байна. Үүнийг бол бидний зүгээс хуурамч диплом хийлгэсэн гэж үзэж байна.

...Ерөнхийдөө манай зүгээс мэдээллийг шүүхдээ бол элсэлт болон төгсөлт хийсэн захирлын тушаалыг үндэслэж хийж байгаа” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 99-100 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогджээ. Тиймээс шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн хамтран гаргасан “шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, М.Б-ыг цагаатгаж өгнө үү” гэх давж заалдах гомдол, “шүүхээс түүнийг хуурамч дипломыг ашиглан ажиллаагүй, зөвхөн цахимаар бүртгүүлсэн гэж үзсэн нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна” гэх прокурорын эсэргүүцэл тус тус хууль зүйн болон хэргийн бодит үндэслэлд нийцээгүй тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

12. Анхан шатны шүүх “Шүүгдэгч М.Б-ын Монгол Улсын Боловсролын их сургуулийн Багшийн сургуулийн ********** дугаартай, “бага ангийн багш мэргэжилтэй, боловсрол судлалын ухааны бакалавр зэрэгтэй” диплом хуурамч болохыг мэдсээр байж 2022 оны 03 дугаар сарын үед Боловсрол, шинжлэх ухааны яамны “ESIS” программд цахимаар бүртгүүлэхдээ “бага ангийн багш” мэргэжлээр төгссөн гэж ашигласан үйлдэл нь улсын яллагчийн яллах дүгнэлт болон гэм буруугийн шүүх хуралдаанд дурдсан 90.086.946 төгрөгийн хохиролтой шалтгаант холбоогүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн шүүгдэгч М.Б-аас гэмт хэргийн хохиролд 90.086.946 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв” гэсэн дүгнэлт нь Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт нийцээгүй байна. Учир нь түүний эзэмшсэн мэргэжил нь дуу-хөгжмийн багшийн ажлын байрны шаардлагыг хангаагүй, 2012 оноос эхлэн ажил олгогчтой хөдөлмөрийн гэрээгээр хөдөлмөрлөх эрхийн харилцаа үүсгэн, дуу хөгжмийн буюу бага ангийн багшийн мэргэжил эзэмшээгүй гэдгээ үнэн зөвөөр мэдэгдэж, энэ талаар ч ажил олгогчоос ажилтантай тохиролцон ажиллуулж ирсэн боловч 2022 оны 3 дугаар сараас эхлэн ажлын байрны шаардлагыг хангуулах зорилгоор хуурамч болохыг нь мэдсээр байж ********** дугаартай, “бага ангийн багш мэргэжилтэй, боловсрол судлалын ухааны бакалавр зэрэгтэй” дипломыг ажил олгогчид гарган өгч, холбогдох цахим бүртгэлд бүртгүүлснээр ашигласан нь гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан тул түүний энэ үйлдлээс эхлэн яллагдагчаар татагдсан цаг хугацаанд төрөөс авсан цалин хөлсийг гэмт хэрэг үйлдэж олсон орлогод тооцож, улсын төсвийг хохиролгүй болгох нь шударга ёсны болон хууль ёсны зарчимд нийцэх юм.

 

13. Шүүгдэгч М.Б- нь Монгол Улсын Боловсролын их сургуулийн Багшийн сургуулийн ********** дугаартай, “бага ангийн багш мэргэжилтэй, боловсрол судлалын ухааны бакалавр зэрэгтэй” диплом хуурамч болохыг мэдсээр байж 2022 оны 3 дугаар сарын үед Боловсрол, шинжлэх ухааны яамны “ESIS” программд цахимаар бүртгүүлэхдээ “бага ангийн багш” мэргэжлээр төгссөн гэж хуурамч болохыг нь мэдсээр байж ашигласан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурамч баримт бичиг ашиглах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүний хуурамч дипломыг ашиглаж эхэлсэн хугацаа болох 2022 оны 3 сараас эхлэн яллагдагчаар татсан 2022 оны 11 дүгээр сар хүртэлх хугацаанд түүнд төрөөс олгож буй цалин хөлс болох 11,886,739 төгрөгийг /2022 оны 3 сард 1,498,833 төгрөг, 4 дүгээр сард 1,329,422 төгрөг, 5 дугаар сард 1,329,422 төгрөг, 6 дугаар сард 1,202,302 төгрөг, 7 дугаар сард 891,456 төгрөг, 9 дүгээр сард 1,329,422 төгрөг, 10 дугаар сард 1,329,422 төгрөг, 11 дүгээр сард  1,329,422 төгрөг/ гэмт хэрэг үйлдэж олсон орлогод тооцож, түүнд ноогдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулж улсын орлогод шилжүүлэх нь Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.5 дугаар зүйлийн 1-3 дахь хэсэгт нийцнэ гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

14. Иймд энэ үндэслэлээр шийтгэх тогтоолын 5 дахь заалтад өөрчлөлт оруулж, шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдол болон прокурорын эсэргүүцлийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгож,

 

ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 2023/ШЦТ/83 дугаар шийтгэх тогтоолын Тогтоох хэсгийн 5 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч М.Б-ын 2022 оны 3-11 сард төрөөс авсан цалин хөлсийг гэмт хэрэг үйлдэж олсон орлогод тооцон 11,886,739 төгрөгийг түүнд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулж улсын төсөвт шилжүүлсүгэй” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр нь үлдээж, шүүгдэгч М.Б-, түүний өмгөөлөгч Я.Сьезд нарын давж заалдах гомдол болон прокурорын эсэргүүцлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар “анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн”, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” зэрэг үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч, прокурор, дээд шатны прокурор хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Д.КӨБЕШ

 

ШҮҮГЧ                                                            М.НЯМБАЯР

 

                                   ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            С.ӨМИРБЕК