Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2024 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 118/ШШ2024/0068

 

Хариуцагч нэхэмжлэлийн зарим шаардлагыг

хүлээн зөвшөөрч, нэхэмжлэгч нэхэмжлэлийн

үлдсэн шаардлагаас татгалзсаныг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Тунгалаг би тус аймгийн Алдархаан сумын Засаг даргад холбогдох, Төрийн албаны зөвлөлийн Завхан аймаг дахь салбар зөвлөлийн 2024 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн "Нэр дэвшүүлж, санал болгох тухай" 70 дугаар тогтоол, мөн өдрийн 142 дугаар албан бичгийн хэрэгжилтийг хангуулах, Төрийн албаны салбар зөвлөлийн тогтоол гарсан өдрөөс хойш ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, мөн хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих санд төлүүлэх, дэвтрүүдэд нөхөн бичилт хийлгэхийг даалгуулах шаардлага бүхий иргэн Д.Т...........ийн нэхэмжлэлтэй захиргааны хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Миний бие Алдархаан сумын Засаг даргын 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 01/78 дугаар албан бичгийн дагуу зарлагдсан Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалын тусгай шалгалтад 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдөр орж тэнцсэн. Төрийн албаны зөвлөлийн Завхан аймаг дахь салбар зөвлөлөөс 2024 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 70 дугаар тогтоол болон 142 дугаар албан бичгийг Засаг дарга Ю.Д........д хүргүүлсэн байдаг. Албан бичигт 2024 оны 08 дугаар сарын 26-ны дотор томилж, хариу ирүүлэх тухай заасан боловч Засаг дарга Ю.Д.........н  өнөөдрийг хүртэл ажилд томилохгүй байсаар байна. Мөн Төрийн албаны зөвлөлд өгсөн хариу тайлбартаа "Шүүх дээр маргаан үүсгэсэн байгаа тул томилох боломжгүй" гэсэн хариуг хүргүүлсэн байсан бөгөөд энэ маргаан нь Засаг даргын 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн Б/04 дүгээр захирамжтай холбогдуулан гаргасан маргаан байсан бөгөөд энэ томилох явцтай ямар ч холбоогүй болно. Миний бие томилохгүй байгаа энэ үйлдэлд нь Төрийн албаны зөвлөлийн Завхан аймаг дахь салбар зөвлөлд гомдлоо гаргасан бөгөөд Төрийн албаны зөвлөлөөс хууль хяналтын байгууллагад хандах тухай хариу албан бичиг ирсэн. Иймд хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Алдархаан сумын Засаг дарга Ч.Т........... 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 01/194 дүгээр албан бичгээр шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ...Д.Т............ийн нэхэмжлэлтэй, Завхан аймгийн Алдархаан сумын Засаг даргад холбогдох Төрийн албаны зөвлөлийн Завхан аймаг дахь салбар зөвлөлийн 2024 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн "Нэр дэвшүүлж, санал болгох тухай" 70 дугаар тогтоол, мөн өдрийн 142 дугаар албан бичгийн хэрэгжилтийг хангуулах, Төрийн албаны зөвлөлийн тогтоол гарсан өдрөөс хойш ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, мөн хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих санд төлүүлэх дэвтрүүдэд нөхөн бичилт хийлгэхийг даалгуулах шаардлага бүхий захиргааны хэрэгт 2024 оны орон нутгийн ээлжит сонгуулийн үр дүнд Алдархаан сумын Засаг даргын сонгуульт ажлыг Завхан аймгийн Засаг даргын 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн Б/71 дүгээр захирамжаар томилогдон, 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр сумын Засаг даргын ажлыг хүлээн авсан болно. Нэхэмжлэлийн шаардлагад дурдсан Төрийн албаны зөвлөлийн Завхан аймаг дахь салбар зөвлөлийн 2024 оны 07 сарын 26-ны өдрийн "Нэр дэвшүүлж, санал болгох тухай" 70 дугаар тогтоол, Мөн өдрийн 142 дугаар албан бичгийн хэрэгжилтийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Харин Төрийн албаны зөвлөлийн тогтоол гарсан өдрөөс хойш ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, мөн хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих санд төлүүлэх дэвтрүүдэд нөхөн бичилт хийлгэхийг даалгуулах шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байгаа тул шүүхийн журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Д.Т........ 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдөр шүүхэд бичгээр гаргасан хүсэлтдээ: ...Миний бие 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Төрийн албаны зөвлөлийн Завхан аймаг дахь салбар зөвлөлийн 2024 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн “Нэр дэвшүүлж, санал болгох тухай” 70 дугаар тогтоол болон ... 2024 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 142 дугаар албан бичгийн хэрэгжилтийг хангуулах, мөн Төрийн албаны зөвлөлийн тогтоол гарсан өдрөөс хойш ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, мөн хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих санд төлүүлэх, дэвтрүүдэд нөхөн бичилт хийлгэхийг даалгуулахаар сумын Засаг даргад холбогдуулан нэхэмжлэл гаргасан. Төрийн албаны тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.6-д “Зөвлөл эрх хэмжээнийхээ хүрээнд тогтоол гаргана, Зөвлөлийн шийдвэрийг холбогдох этгээд заавал биелүүлнэ” гэж заасан боловч сумын Засаг дарга Ю.Д.........н нь биелүүлэхгүй намайг тухайн албан тушаалд томилохгүй 5 сар гаруй явсан. 2024 оны орон нутгийн сонгуулийн үр дүнгээр шинээр томилогдсон Засаг дарга Ч.Т........ миний гаргасан нэхэмжлэлийн эхний хэсэг болох “Төрийн албаны зөвлөлийн 70 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх”-ээр тайлбар ирүүлсэн байгаа тул миний бие Засаг даргын саналыг хүндэтгэн үзэж, “2024 оны 08 дугаарын сарын 26-наас томилогдох хүртэлх хугацааны цалин хөлсийг гаргуулах, мөн хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих санд төлүүлэх, дэвтрүүдэд нөхөн бичилт хийлгэх” гэсэн нэхэмжлэлийн энэ хэсгээс татгалзаж, Засаг даргатай эвлэрч байгаа тул хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Тус шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 118/ШЗ2024/0180 дугаар шүүгчийн захирамжаар Төрийн албаны зөвлөлийн Завхан аймаг дахь салбар зөвлөлийн 2024 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн "Нэр дэвшүүлж, санал болгох тухай" 70 дугаар тогтоол, мөн өдрийн 142 дугаар албан бичгийн хэрэгжилтийг хангуулах, Төрийн албаны салбар зөвлөлийн тогтоол гарсан өдрөөс хойш ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, мөн хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих санд төлүүлэх, дэвтрүүдэд нөхөн бичилт хийлгэхийг даалгуулах шаардлага бүхий иргэн Д.Т...........ийн нэхэмжлэлээр Завхан аймгийн Алдархаан сумын Засаг даргад холбогдуулан захиргааны хэрэг үүсгэсэн.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Алдархаан сумын Засаг дарга Ч.Т....... нь “Төрийн албаны зөвлөлийн Завхан аймаг дахь салбар зөвлөлийн 2024 оны 07 сарын 26-ны өдрийн "Нэр дэвшүүлж, санал болгох тухай" 70 дугаар тогтоол, мөн өдрийн 142 дугаар албан бичгийн хэрэгжилтийг хангуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаагаа 2024 оны 12 дугаар сарын 01/194 дүгээр албан бичгээр шүүхэд илэрхийлсэн байна.

 Нэхэмжлэгч Д.Т......... нь нэхэмжлэлийн үлдсэн шаардлага буюу “Төрийн албаны зөвлөлийн Завхан аймаг дахь салбар зөвлөлийн тогтоол гарсан өдрөөс хойш ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, мөн хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих санд төлүүлэх, дэвтрүүдэд нөхөн бичилт хийлгэхийг даалгуулах” гэсэн шаардлагаас бүхэлд нь татгалзах тухай хүсэлтийг 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдөр шүүхэд бичгээр ирүүлсэн байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх, 21 дүгээр зүйлийн 21.1.1-д зааснаар  хариуцагч нь  нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, эвлэрэх эрхтэй байна.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д “Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно”, 67 дугаар зүйлийн 67.1-д “Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж заасныг үндэслэн нэхэмжлэлийн зарим шаардлагаасаа татгалзсан нэхэмжлэгчийн дээрх татгалзлыг, мөн нэхэмжлэлийн үндсэн шаардлагыг нь хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг тус тус баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй байна.

Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Төрийн захиргааны албан тушаалд энэ хуулийн 3.1.3-т заасан чадахуйн зарчмыг үндсэн шалгуур болгож, түүнийг хамгийн сайн хангасан хүнийг томилно”, 33 дугаар зүйлийн 33.12-д “...Төрийн албаны ерөнхий болон тусгай шалгалт өгөх болзол, журам, төрийн жинхэнэ албаны нөөц бүрдүүлэх журмыг Засгийн газартай зөвшилцөн төрийн албаны төв байгууллага батална” гэж заасан.

Дээрх зохицуулалтыг үндэслэн Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 25 дугаар тогтоолоор баталсан “Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журам”-ын дагуу Төрийн албаны зөвлөлийн Завхан аймаг дахь салбар зөвлөлөөс 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдөр зохион байгуулсан Алдархаан сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалын сонгон шалгаруулалтад нэхэмжлэгч Д.Т.......... нь нэрээ дэвшүүлэн оролцож, хамгийн өндөр үнэлгээг авсан бөгөөд Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2024 оны 07 дугаар арын 26-ны өдрийн 70 дугаар тогтоолоор түүнийг томилуулахаар эрх бүхий албан тушаалтанд нэгэнт санал болгосон байх тул хариуцагч Алдархаан сумын Засаг дарга Ч.Т.........с “Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндсэн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн”-ийг, нэхэмжлэгч Д.Т.........с “Нэхэмжлэлийн үлдсэн шаардлагаас татгалзсан”-ыг  шүүхээс тус тус баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь хуульд харшлаагүй, бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй байна.

Орон нутгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулийн үр дүнгээр сумдын Засаг дарга нар шинээр томилогдсон байх ба Завхан аймгийн Засаг даргын 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн Б/71 дүгээр захирамжаар Алдархаан сумын Засаг даргаар Ч.Т..........г томилсон байгааг дурдах нь зүйтэй.  

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 111-р зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсгүүдийг баримтлан хариуцагч Завхан аймгийн Алдархаан сумын Засаг даргаас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндсэн шаардлага буюу “Төрийн албаны зөвлөлийн Завхан аймаг дахь салбар зөвлөлийн 2024 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн "Нэр дэвшүүлж, санал болгох тухай" 70 дугаар тогтоол, мөн өдрийн 142 дугаар албан бичгийн хэрэгжилтийг хангуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг, нэхэмжлэгч Д.Т..........с нэхэмжлэлийн үлдсэн шаардлага буюу “Төрийн албаны зөвлөлийн тогтоол гарсан өдрөөс хойш ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, мөн хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих санд төлүүлэх, дэвтрүүдэд нөхөн бичилт хийлгэхийг даалгуулах” шаардлагаасаа татгалзсаныг тус тус баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.5, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт заасны дагуу энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлдэг болохыг дурдсугай.

 

 

                                             ШҮҮГЧ                                   Л.ТУНГАЛАГ