Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2021/00107

 

  “Ө Д” ХХК-ийн нэхэмжлэлтэй

                                          иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Д.Нямбазар, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 183/ШШ2020/02723 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч “Ө Д” ХХК-ийн хариуцагч С.Сд холбогдуулан гаргасан орон сууц захиалгын гэрээний төлбөр 236 280 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

 Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Сайнсанаа, Ж.Базарсад, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Чинхүсэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: “Ө Д” ХХК нь иргэн С.С 2017 оны 8 сарын 25-ны өдөр RGTS3965081602 дугаартай орон сууц захиалгын гэрээ байгуулж, ...1602 тоот, 3 өрөө орон сууцыг 361 900 000 төгрөгөөр захиалан авахаар тохиролцсон. 2017 оны 8 сарын 27-ны өдөр урьдчилгаа төлбөр 30 хувьтай тэнцэх 110 000 000 төгрөг, төлбөрөө хугацаанд нь бүрэн төлсөн тохиолдолд 10 000 000 төгрөгийн хөнгөлөлт үзүүлэх, үлдэгдэл төлбөр 241 900 000 төгрөгийг 2017 оны 9 сарын 15-ны дотор төлж барагдуулахаар болсон. “Ө Д” ХХК гэрээнд заасны дагуу орон сууцыг С.Сын эзэмшил, ашиглалтанд хүлээлгэн өгсөн боловч хариуцагч С.С нь өнөөдрийн байдлаар 155 000 000 төгрөг төлж 196 900 000 төгрөг төлөөгүй байна. Бидний зүгээс үлдэгдэл төлбөрөө төлөх талаар мэдэгдэл явуулж байсан боловч хариуцагч нь төлбөр төлөх ямар нэгэн арга хэмжээ авалгүй өнөөдрийг хүртэл маргаан бүхий байранд гэр бүлтэйгээ амьдарч байгаа. 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр байр хүлээлцэх актаар орон сууцыг С.С хүлээлгэж өгсөн бөгөөд санал хүсэлт барагдуулах актад тусгагдсан ажлуудыг хийж гүйцэтгэн сүүлчийн ажлыг 2018 оны 7 дугаар сарын 02-ны өдөр хийж хүлээлгэж өгсөн. Иймд С.Саас гэрээний үлдэгдэл төлбөр 196 900 000 төгрөг, алданги 39 380 000 төгрөг, нийт 236 280 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн хариу тайлбарт: С.С нь 2017 оны 08 дугаар сард ......351 900 000 төгрөгөөр худалдан авах, гэрээний төлбөрийн талыг бэлэн мөнгөөр, үлдэгдэл төлбөрийг бартераар буюу баригдаж байгаа байрнаас өгөхөөр амаар харилцан тохиролцсон. Гэтэл 2017 оны 08 сард борлуулалтын албанаас гэрээ байгуулахыг санал болгосон. Гэрээнд тухайн бартерын байрны талаар тусгаагүй байсныг асууж лавлахад “зөвхөн тухайн байрны гэрчилгээ бусад баримтыг бүрдүүлэхэд шаардлагатай тул гарын үсэг зурж болно” гэсний дагуу гарын үсэг зурсан. Байрны төлбөрөөс 110 000 000 төгрөгийг 2017 оны 08 сарын 25-ны өдөр, 45 000 000 төгрөгийг 10 дугаар сарын 18-ны өдөр тус тус шилжүүлсэн. Гэтэл байр хугацаандаа ашиглалтанд ороогүй бөгөөд гүйцэтгэгч талын 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн санал хүсэлт барагдуулах актад хийх ёстой ажлуудыг 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн дотор засаж сайжруулахаар тусгасан. Гэтэл актад дурдсан ажлуудыг бүрэн гүйцэд хийж хүлээлгэн өгөлгүй дутуу хагас байлгасаар 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдөр сүүлийн ажлыг хүлээлгэж өгсөн. Хариуцагчийн зүгээс Ө  Д ХХК-ийн гүйцэтгэх захиралд 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдөр “Лэл минерал” ХХК-ийн гэрээгээр авах байрыг төлбөрт шилжүүлэхээр албан бичгээр хандсан боловч тохиролцсон нөхцлөөсөө буцаж шүүхэд хандсан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Алдангийг хамгийн сүүлд ажил хүлээлгэж өгсөн 2018 оны 7 дугаар сарын  02-ны өдрөөс тооцоход 15 000 000 төгрөгөөс хэтрэхгүй гэжээ.

Шүүх:   Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч С.Саас гэрээний үүрэгт 236 280 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ”Ө Д” ХХК-д олгож, нэхэмжлэгч “Ө Д” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 1 339 350 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч С.Саас улсын тэмдэгтийн хураамжинд 1 339 350 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Ө Д” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

   Хариуцагч С.Сын давж заалдах журмаар гаргасан гомдолд: Шийдвэрийг эс зөвшөөрч байна. С.С нь орон сууцны тал төлбөрийг бэлэн мөнгөөр үлдэгдэл төлбөрийг бартераар буюу баригдаж байгаа байрнаас өгөхөөр тохиролцсон. Гэтэл 2017 оны 8 дугаар сард борлуулалтын албанаас дуудаж зөвхөн байрны гэрчилгээ бусад бичиг баримтыг бүрдүүлэхэд шаардлагатай тул гэрээнд гарын үсэг зурж болно гэсний дагуу гарын үсэг зурсан. ..., 1602 тоот 3 өрөө орон сууцны өмчлөх эрх Саруулын нэр дээр шилжээгүй байхад “Ө Д” ХХК нь гэрээний төлбөрт 236 280 000 төгрөг шаардаж байна. Тус орон сууц С.Сын өмчлөлд бус харин эзэмшилд байгаа. Өмч гэдэг нь материллаг болон материаллаг бус хөрөнгийг хамгийн өргөн цар хүрээнд эрхшээлдээ байлгах эрх бөгөөд өмчлөгч нь өөрийн материаллаг болон материаллаг бус хөрөнгөө чөлөөтэй эзэмших, ашиглах , захиран зарцуулах эрхтэй байна. Орон сууц захиалгын гэрээний 3.4-т гүйцэтгэгч нь улсын комиссын акт гарсны дараа Захиалагчийн өмчлөх эрхийг баталгаажуулахтай холбогдох хүсэлтийг эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн байгууллагад хүргүүлэх бөгөөд тухайн шийдвэрийг бичгээр гүйцэтгэгчид ирүүлсэн тохиолдолд шаардлагатай бичиг баримтыг захиалагчид өгнө. Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Тайм Скүэр цогцолбор орон сууцны хотхоныг 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр улсын комисс ашиглалтанд оруулж хүлээж авсан бөгөөд гэрээний 3.4 дүгээр зүйлд заасан захиалагчийн өмчлөх эрхийг баталгаажуулах ажлыг гүйцэтгэгч хийгээгүй. Уг орон сууцыг С.Сын өмчлөлд шилжээгүй байхад орон сууцны үнийг шаардаж байна.  

Анхан шатны шүүхэд тухайн орон сууц  хэний өмчлөлд бүртгэлтэй эсэхийг тодруулахаар хүсэлт гаргасан боловч хүсэлтийг хангаагүй. “Өнөр девелпомент” ХХК-тай харилцан тохиролцсоны дагуу ..., 1602 тоот 3 өрөө орон сууцны мөнгөн дүнгийн тал хувийг бэлэн мөнгөөр үлдсэн хэсгийг бартераар буюу баригдаж байгаа байрнаас өгөхөөр харилцан тохиролцсон. Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1-т хэлцлийн гол нөхцөлийн талаар талууд хэлэлцэн тохиролцсон бол амаар хэлцэл хийсэн гэж үздэг. Талууд тус байрны үнийн дүнг төлөх талаар харилцан тохиролцсон байдаг. Энэ талаар 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдөр “Лэл минериал” ХХК-ийн гэрээгээр авах байрыг төлбөрт шилжүүлэхээр албан бичгээр хандсан байдаг. Шүүх талуудын нөхцөл байдлыг бүрэн дүүрэн судлаж үзээгүй, мөн нотлох баримтаар маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргуулах хүсэлтийг хангаагүй буюу хэт нэг талыг барьсан шийдвэр гаргасан гэж үзэж байгаа тул шүүхийн шийдвэрийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

Нэхэмжлэгч “Ө Д” ХХК нь хариуцагч С.Сд холбогдуулан орон сууц захиалгын гэрээний төлбөрт  196 900 000 төгрөг, алдангид 39 380 000 төгрөг, нийт 236 280 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Талууд 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдөр орон сууц захиалгын гэрээг байгуулж, нэхэмжлэгч нь ...81.2 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг 2017 оны 3 дугаар улиралд багтаан барьж хүлээлгэн өгөх, хариуцагч нь гэрээний төлбөрт 361 900 000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцсон байх ба шүүх зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж дүгнэсэн нь зөв. Зохигчид гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй, гагцхүү төлбөрийн нөхцөл, гэрээгээр хүлээх хариуцлагын хэмжээний хувьд маргасан байна.

Барилга байгууламжийг ашиглалтад оруулах тухай улсын комисс 2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр нэхэмжлэгч “Ө Д” ХХК-ийн захиалан бариулсан Тайм скүэр орон сууцны цогцолбор хотхоныг байнгын ашиглалтад оруулж, нэхэмжлэгч нь 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хариуцагчид орон сууцыг эзэмшилд нь шилжүүлэн өгчээ. Хариуцагч нь маргаан бүхий орон сууцанд одоог хүртэл амьдарч байх ба гүйцэтгээгүй үүргийн дүн 196 900 000 төгрөг болох нь төлбөр төлсөн баримт, талуудын тайлбараар тогтоогдсон. Тэрээр хариуцагч “гэрээний үлдэгдэл төлбөрт  “Лэл минерал” ХХК-аас гэрээгээр авах байрыг тооцож өгөхөөр нэхэмжлэгч компанийн захиралтай амаар тохиролцсон. Барилга хугацаандаа ашиглалтанд ороогүй, санал хүсэлт барагдуулах актад дурдсан ажлуудыг хугацаа хэтрүүлж хүлээлгэн өгсөн” гэж татгалздаг.

Талууд гэрээний 2.2-т зааснаар “захиалагч урьдчилгаа төлбөр 110 000 000 төгрөгийг 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн дотор төлснөөр гэрээ хүчин төгөлдөр болно. Энэ хугацаанд урьдчилгаа төлбөрийг бүрэн төлсөн тохиолдолд орон сууцны үнийн дүнгээс 10 000 000 төгрөгийн хөнгөлөлт тооцно” гэж, 2.3-т зааснаар “захиалагч 241 900 000 төгрөгийг 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн дотор гүйцэтгэгчид төлнө”, 2.4-т зааснаар “захиалагч нь гэрээний төлбөрийг бэлнээр төлөх буюу гүйцэтгэгчийн дансанд шилжүүлнэ” гэж тохиролцсон байна.

 

Харин төлбөрийн үлдэгдлийг бэлэн бусаар буюу бартериар төлөх талаар тохиролцсон баримтгүй байна. Мөн хариуцагч нь нэхэмжлэгч компанийн захиралтай амаар тохиролцсон гэх тайлбараа нотолж чадаагүй.

 

Хэргийн 119 дугаар тал дах санал хүсэлт барагдуулах актад “үүдний өрөөний шкаф, ЗАЧӨ-ны шүүгээ, холигч, толь, шилэн хаалт, босго чулуу, МАЦӨ-ны шүүгээ, холигч, толь, босго чулуу, плинтус, ам дарагч, холигчны зам, домопон, .... ус мэдрэгч, хөдөлгөөн мэдрэгч, раднаторын дээд талын тор, галын утаа мэдрэгч, МУӨ-ны орны ар тал, лонхны бариул” байхгүй талаар тэмдэглэж, хийж гүйцэтгэх сүүлийн хугацааг 12 дугаар сарын 01-ний өдөр гэж тэмдэглэсэн байна.

 

Нэхэмжлэгч нь дээр дурдсан дутуу ажлуудыг хийж гүйцэтгэн сүүлийн ажлыг 2018 оны 7 дугаар сарын 02-ны өдөр хариуцагчид хүлээлгэн өгсөн болох нь хэргийн 114-115 дүгээр талд байгаа “байр хүлээлцэх явцад хийгдээгүй дутуу ажлыг тодруулах тухай лавлагаа”, гомдол хүсэлт барагдуулах хуудас, гэрч Э.Ууганбаярын мэдүүлэг, талуудын тайлбар зэргээр тогтоогдсон байна.

 

Гэрээний 3.7-д “... гэрээний төлбөрийн хугацааг хэтрүүлсэн, төлбөрөө төлөөгүй тохиолдолд гүйцэтгэгч нь энэ талаар захиалагчид утасдах, мессэж, мэйл илгээх зэргээр мэдэгдэж сануулна. Сануулснаас хойш захиалагч төлбөрийг төлөлгүй 15 хоногийн хугацаа өнгөрвөл захиалагчийг гэрээний үүргээ биелүүлээгүй гэж үзэж гэрээг дангаар цуцлах эрх үүснэ” гэж заажээ. Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчид гэрээний үүргээ биелүүлэхийг мэдэгдэж байсан талаар хэргийн 14-15 дугаар талд мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг байна.

Мөн гэрээний 3.10-т “төлбөр бүрэн төлөгдөх хүртэл хугацаанд орон сууцны хууль ёсны өмчлөгч нь гүйцэтгэгч байна” гэж тохиролцсон байх тул хариуцагчийн “орон сууцыг захиалагчийн өмчлөлд нь шилжүүлээгүй байхад орон сууцны үнийг шаардах эрхгүй” гэх гомдол үндэслэлгүй. Шүүх хэрэгт авагдсан баримтад үндэслэж хариуцагчаас гэрээний үүрэгт 196 900 000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь зөв.

 

Алдангийн хувьд гэрээний 6.1-д “захиалагч төлбөрийг хугацаанд нь төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөгдөөгүй төлбөрийн үнийн дүнгийн 0.07 хувьтай тэнцэх алдангийг гүйцэтгэгчид төлнө”, 6.4-т “гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлээгүйгээс нөгөө талдаа төлөх алдангийн дээд хэмжээ нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 20 хувиас хэтрэхгүй” байна гэж тохиролцжээ.

 

Нэхэмжлэгч алдангид Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэг, гэрээний 6.4-т заасныг үндэслэн гэрээний үлдэгдэл төлбөр 196 900 000 төгрөгийн 20 хувиар тооцож 39 380 000 төгрөг нэхэмжилсэн нь хуулийн үндэслэлтэй, анхан шатны шүүх энэ хувь хэмжээгээр алдангийн дүнг тогтоосон нь зөв байх тул энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив. Хариуцагчийн тайлбарласнаар алдангийг 2018 оны 7 дугаар сарын 02-ны өдрөөс тооцоолон үзэхэд нэхэмжлэгчийн нэхэмжилсэн дүнгээс их байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхив.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 183/ШШ2020/02723 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 760 000 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Ц.ИЧИНХОРЛОО

 

                                        ШҮҮГЧИД                                      Д.НЯМБАЗАР

                

                                                                                              А.МӨНХЗУЛ