Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 2018/ШЦТ/007

 

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч А.Д даргалж, 

нарийн бичгийн дарга Б.Ж,

улсын яллагч М.О, 

шүүгдэгчийн өмгөөлөгч Т.К,

шүүгдэгч Б.М нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.М-т холбогдох 1713000000114 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Шүүгдэгч Б.М: Монгол Улсын иргэн, яс үндэс халх, Б овогт Б-ы М, .... оны .. дугаар сарын ...-ний өдөр төрсөн, ... настай, эрэгтэй, дээд боловсролтой, авто ашиглалтын инженер мэргэжилтэй, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын .. дугаар багт оршин суудаг, урьд тус шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 118 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, РД:.................

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: 

Шүүгдэгч Б.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 13 дугаар багт байдаг гэртээ агсам тавьж, улмаар дуудлагаар очсон цагдаагийн албан хаагч, цагдаагийн ахлах ахлагч Т.Ш-ийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, улмаар хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар: 

Шүүгдэгч Б.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр цагдаагийн ахлах ахлагч Т.Ш-ийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, улмаар хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн гэмт хэргүүдийг үйлдсэн болох нь: 

- Гэрч Т.Е-ын гар утасны бичлэгт үзлэг хийж хуулбарлан авч эд мөрийн баримтаар тооцсон тухай тогтоол, тэмдэглэл /хх-ийн 20-22 дугаар хуудас/,

- Хохирогч Т.Ш-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2018 оны 11 сарын 29-нд шилжих шөнийн 02 цагийн үед Бугат сумын 3 дугаар багийн иргэн Б.З нь “Хүргэн хүү Б.М архидан согтуурч, гэр бүлийн амгалан тайван байдлыг алдагдуулж байна” гэж цагдаагийн газарт дуудлага өгсөн ба миний бие жижүүрийн ахлах, хошууч Т.Е-той хамт очсон юм. ... Бид М-ын гэрт ороод юу болсон талаар эхнэрээс нь асуух гэтэл тэрээр бидэнтэй хамт зэрэгцэн орж ирээд учир зүггүй миний зүүн хацар тус хэсэгт гараараа хоёр удаа цохиход хошууч Т.Е бид 2 түүнийг гавлах гэж байхад дахиад намайг хэд хэдэн удаа өшиглөсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 29-30 дугаар хуудас/, 

- Гэрч Б.З-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... хэсэг хугацааны дараа цагдаа нар ирж М-ыг дагуулаад гэрээс гарах гэтэл М нь цагдаа жолооч Ш гэгчийн нүүр лүү хэд хэдэн удаа гараараа цохиод авсан нь үнэн болно” гэх мэдүүлэг /хх-ийн 31-33 дугаар хуудас/,

- Гэрч Т.Е-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Б.М хэл ам гаргаж эхлэхээр нь би гар утсаа эргүүлж Б.Мт тусгахад чи яагаад надад утасны гэрэл тусгаж байна вэ гэсэн. Тэр үед Т.Ш Б.М-т битгий олон юм ярь, дуугүй зогсож бай гэхэд Б.М хажуудаа зогсож байсан Т.Ш-ийн нүүрэн тус газар гараараа 2 удаа цохиход Ш, З нар барьж аваад газар унагаасан. Би тэр үед халааснаасаа гав гаргаж ирээд гавлах гэж байхад Б.М тааралдсан хүн болгоноо өшиглөөд эхэлсэн. Тэр үед Т.Ш-ийн нүүрэн тус газар дахин нэг удаа өшиглөөд авсан” гэх мэдүүлэг /хх-ийн 34-36 дугаар хуудас/, 

- Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 485 дугаартай дүгнэлт /хх-ийн 40 дүгээр хуудас/,

- Шүүгдэгч Б.М-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... би цагдаа жолооч Ш гэгчийг нэг билүү хоёр удаа гараар түүний нүүрний тус газарт цохисон нь үнэн. ... Би буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /хх-ийн 53-54 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, нотлох баримтуудыг үгүйсгэх нотлох баримт хэрэгт авагдаагүй бөгөөд шүүгдэгч өөрийнхөө гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаагаар давхар нотлогдож байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэллээ.

Шүүгдэгч Б.М-ын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргүүдийн шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг “Бусдын эрүүл мэндэд санаатай халдах, хөнгөн хохирол учруулах”, “Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн” гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэлээ. 

Мөн уг гэмт хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх зарим гэмт хэрэгт хамаарч байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тусгай журмыг зөрчөөгүй, хуульд заасан журмын дагуу явагдсан байна. 

1. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан баримт болон хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.М-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрснийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд, гэмт хэрэг давтан үйлдсэн, албан үүргээ гүйцэтгэх, олон нийтийн үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан үйлдсэн зэргийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.

Иймд шүүгдэгч Б.М-ын үйлдсэн гэмт хэргийн шинж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан түүнийг бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын хөнгөн ял болох торгох ялыг сонгон хуульд заасан ялын бага хэмжээгээр торгож, мөн хууль сахиулагчийг эсэргүүцсэн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан  6 сарын хорих ялыг сонгон эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 нэгж нь 1000 /нэг мянга/ төгрөгтэй тэнцэх ба 450 нэгж нь 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгтэй тэнцэх юм.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т “торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг” хорих ялын нэг хоногтой дүйцүүлэхээр тогтоожээ. Тиймээс 450000 төгрөгийн торгох ялыг, хорих ялын хоногт шилжүүлэхэд 1 сарын хорих ял болж байна. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Б.М-т оногдуулсан торгох хөнгөн ялыг хүнд ял болох хорих ялд нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялыг 7 сарын хугацаагаар тогтоож шийдвэрлэлээ. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “ Шүүх хэд хэдэн шийтгэх тогтоолоор хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол энэ хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно” гэж зааснаар шүүгдэгч Б.М-ын тус шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 118 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450000 төгрөгийн торгох ялаар шийтгэж, уг торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосон тул шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр уг ялыг тусад нь эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ. Учир нь шийтгэх тогтоолд шүүгдэгчийн эд хөрөнгийн байдлыг харгалзан үзэж, торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосон байна. 

Шүүгдэгч Б.М-ын хувийн байдал, өөрийнхөө үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн зэргийг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж дүгнэв.

Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Б.М нь цагдан хоригдож байгаагүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна. 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “СД” бичлэг 1 ширхэгийг хэргийн хамт хадгалав. 

Шүүгдэгч Б.М-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг нь энэ өдрөөс эхлэн тоолж, шүүгдэгч Б.М-ын “Нокиа-3223” маркийн гар утсыг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэлээ. 

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Б.М-ын эрүүл мэндийн даатгалын гэрчилгээг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэх нь зүйтэй байна. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 5, 6, 8, 9, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь :

1. Шүүгдэгч Б овогт Б-ы М-ыг “Бусдын эрүүл мэндэд санаатай халдах, хөнгөн хохирол учруулах”, мөн “Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.  

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-ыг 450 “дөрвөн зуун тавин” нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар,

- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д зааснаар шүүгдэгч Б.М-т оногдуулсан торгох хөнгөн ялыг хүнд ял болох хорих ялд нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялыг 7 /долоо/ сарын хугацаагаар тогтоосугай. 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Шүүгдэгч Б.М нь цагдан хоригдож байгаагүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай. 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “СД” бичлэг 1 ширхэгийг хэргийн хамт хадгалсугай. 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүгдэгч Б.М-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай. 

8. Шүүгдэгч Б.М-ын “Нокиа-3223” маркийн гар утсыг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгосугай. 

9. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Б.М-ын эрүүл мэндийн даатгалын гэрчилгээг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсүгэй.

10. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

11. Давж заалдах гомдол гаргасан эсхүл эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.М-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   А.Д