Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 128/ШШ2024/1015

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “2” дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ч.Т*******,

Хариуцагч: Монгол Улсын Дээд шүүхийн Тамгын газрын дарга,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Д******* нарын хоорондын “Ч.Т*******т нэг удаагийн тэтгэмж олгох Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9-т заасныг баримталж гаргахаас татгалзсан Улсын Дээд шүүхийн Тамгын газрын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, зохих захиргааны акт гаргахыг даалгах, Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9-д заасны дагуу нэг удаагийн тэтгэмжид олговол зохих 173,570,905 төгрөгөөс олгоогүй 58,370,905 төгрөгийг нөхөж олгохыг даалгах” тухай маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Номин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

1.1. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2020 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 166 дугаар зарлигаар Улсын дээд шүүхийн шүүгч Ч.Т******* нь албан тушаалаасаа чөлөөлөгдөж, өндөр насны тэтгэвэрт гарсан байна.

 1.2. Монгол Улсын дээд шүүхийн Тамгын газрын даргын 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн Б/112 дугаар тушаалаар *******,200,000 төгрөгийн нэг удаагийн буцалтгүй тусламж олгосон.

1.3. Мөн даргаас 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Б/******* дугаар “Нэг удаагийн тэтгэмжийн зөрүү олгох тухай” тушаалыг гарсан.

1.4. Нэхэмжлэгчээс 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Монгол Улсын Дээд шүүхийн Тамгын газрын даргад холбогдуулан “Ч.Т*******т нэг удаагийн тэтгэмж олгох Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9-т заасныг баримталж гаргахаас татгалзсан Улсын Дээд шүүхийн Тамгын газрын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, зохих захиргааны акт гаргахыг даалгах, Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9-д заасны дагуу нэг удаагийн тэтгэмжид олговол зохих 173,570,905 төгрөгөөс олгоогүй 58,370,905 төгрөгийг нөхөж олгохыг даалгах” тухай нэхэмжлэл гаргасан.

 

Хоёр.Нэхэмжлэлийн үндэслэл:

2.1. Нэхэмжлэгч Ч.Т*******аас тус шүүхэд бичгээр ирүүлсэн нэхэмжлэлдээ: “Улсын дээд шүүхийн шүүгч, Захиргааны хэргийн танхимын тэргүүнээр ажиллаж байгаад, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 166 дугаар зарлигаар шүүгчийн албан тушаалаас чөлөөлөгдөж, өндөр насны тэтгэвэрт гарахдаа нэг удаагийн тэтгэмжид Улсын дээд шүүхийн Санхүүгийн албанаас бодож олгосон *******.200.000 төгрөгийг Худалдаа хөгжлийн банк дахь харилцах дансаар хүлээн авсан.

Уг мөнгөний хэмжээний талаар ямар нэгэн эргэлзээ төрөөгүйн зэрэгцээ тэтгэмжийг бодож олгосон аливаа тушаал шийдвэрийг танилцуулаагүй болно.

Харин, өндөр насны тэтгэвэрт гарахдаа нэг удаагийн тэтгэмж авсан анхан болон давж заалдах шатны шүүхийн хэсэг шүүгч нараас “...нэг удаагийн тэтгэмжийг албан тушаалын цалин, онцгой нөхцөлийн болон төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл зэргийн нийлбэрээр тооцож олгоогүй нь буруу, тэтгэлэг дутуу олгосон” гэх гомдол гаргасныг Шүүхийн ерөнхий зөвлөл шийдвэрлээгүй, үүний улмаас шүүхэд нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлсэн, тухайлбал, Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчээр ажиллаж байсан Ж.Д*******гийн нэхэмжлэлтэй, Шүүхийн ерөнхий зөвлөлд холбогдох захиргааны хэргийг 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд, Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9-д “...сарын дундаж цалин” гэх ойлголтыг “зөвхөн шүүгчийн албан тушаалын цалин гэж олгохгүй”, харин шүүгчийн цалин хөлсний бүрэлдэхүүнийг тодорхойлон заасанчлан “албан тушаалын цалин дээр хуульд заасан бусад нэмэгдлүүдийг нэмж тооцон олгоно” хэмээн тайлбарлаж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж 001/XT2024/0021 дугаартай тогтоолыг гаргасан.

Би уг маргаан болон тус хэргийг эцэслэн шийдвэрлэсэн хяналтын шатны шүүхийн тогтоолыг 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдөр олж мэдээд Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсгийг судалж үзэхэд, үүнд заасан “сарын дундаж цалин” гэх (шинэ) ойлголтыг тухайн шүүгчийн “албан тушаалын цалин”-г хэлсэн байна гэж “тааж” тус агуулгаар хуулийг мөрдүүлэх үндэсгүй; үүнд бусад хуулиудын текстэд байдаг шиг “үндсэн цалин” гэх үг ороогүй учир “үндсэн цалин” буюу энэ тохиолдлын хувьд “албан тушаалын цалин”-гийн талаар биш болох нь тодорхой байна.

Улсын дээд шүүхээс Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсгийг хэрхэн ойлгох талаар тайлбарлаж, нэгдмэл байдлаар хэрэглэх шүүхийн практикийг нэгэнт тогтоосон учраас нэхэмжлэлд заасан үйл баримтыг, захиргааны үйл ажиллагааны талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгааг үндэслэж хуулийг буруу хэрэгжүүлсэн тус алдааг залруулж, надад дутуу олгосон тэтгэмжийг захиргааны журмаар “гүйцээж” олгох нь хууль дээдлэх, хуулийн өмнө эрх тэгш байх Монгол Улсын Үндсэн хуулийн зарчимд нийцэх юм.

Мөн, Улсын дээд шүүхийн Санхүүгийн албаны цалингийн нягтлан бодогчоор дундаж цалинг тодорхойлуулан, дутуу олгогдсон тэтгэмжийн мөнгийг авахаар Монгол Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчид 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр өргөдөл гаргахад Улсын дээд шүүхийн Тамгын газрын даргын 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн Б/******* дугаар тушаалаар 58.570.905 төгрөгийг олгохоор шийдвэрлэсэн боловч уг тушаалыг хэрэгжүүлээгүй, улмаар Сангийн яамнаас шалтгаалж “олгох боломжгүй боллоо” гэж 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдөр мэдэгдсэн.

Иймээс, зөрчигдсөн эрхээ шүүхээр сэргээлгэхээр холбогдох баримтуудыг гаргуулан авч танилцахад, Улсын дээд шүүхийн Тамгын газрын даргын 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн “Ч. Т*******т нэг удаагийн буцалтгүй тусламж олгох тухай” Б/112 дугаар тушаалыг гаргахдаа Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, Засгийн газрын 2019 оны 7 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гаргахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам”-ын 2.3 дахь заалтыг үндэслэж “... албан тушаалын үндсэн цалингийн сүүлийн гурван жилийн дунджаар тооцон” нэг удаагийн буцалтгүй тусламж олгосныг 2024 оны 8 дугаар сарын 23-ны өдөр мэдлээ.

2022 оны 07 дугаар сарын 18-ны өдөр шүүгчийн албан тушаалаас чөлөөлөгдөж, өндөр насны тэтгэвэрт гарсан байхад надад олгох нэг удаагийн тэтгэмжийг 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсөн Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсэгт заасны дагуу олгоогүй нь буруу юм.

Иймээс, анхнаасаа эрх зүйн зөрчилтэй байх Тамгын газрын даргын 2022 оны Б/112 дугаар тушаалыг зөвтгөн гаргаж шүүгчийн өндөр насны тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн тэтгэмжийг Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсэг, түүнийг тайлбарлаж хэрэглэсэн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 001/XT2024/0021 дүгээр тогтоолыг үндэслэн шүүгчийн албан тушаалын цалин дээр хуульд заасан бусад нэмэгдлүүдийг нэмж тооцсон дүнгээс тодорхойлсон сарын дундаж цалингаас бодож олгоогүйгээс дутуу олгогдсон 58.370.905 төгрөгийг олгохыг хүсч Ерөнхий шүүгчид 2024 оны 08 дугаар сарын 23-ны өдөр өргөдөл гаргахад 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 05/4892 дугаартай албан бичгээр “тэтгэмжийн зөрүү мөнгийг олгох боломжгүй” гэсэн хариу ирүүлжээ” гэжээ.

 

Гурав. Хариу тайлбар, татгалзал:

3.1. Хариуцагч итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д*******аас тус шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “Ахмад шүүгч Ч.Т*******ийн нэхэмжлэлийн шаардлагатай танилцлаа. Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д “Төрийн улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч өндөр насны тэтгэвэр тогтоолгох үндэслэлээр чөлөөлөгдсөн бол үндсэн цалингийн дунджаас ажилласан хугацааг нь үндэслэн тооцож нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгоно. Нэг удаагийн буцалтгүй тусламжийн дээд хэмжээ нь 36 сарын үндсэн цалингийн дунджаас хэтрэхгүй байна. Нэг удаагийн буцалтгүй тусламж тооцох цалингийн дундаж хэмжээ болон олгох шалгуур нөхцөлийг тодорхойлсон журмыг төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар тогтооно” гэж заасан.

Монгол Улсын дээд шүүхийн Тамгын газрын даргын 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн Б/112 дугаар тушаалаар дээрх хуулийн заалт болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг үндэслэн тухайн шүүгчид шүүгчийн албан тушаалын үндсэн цалингийн сүүлийн гурван жилийн дунджаар тооцон 36 сарын цалинтай тэнцэх *******,200,000 (нэг зуун арван таван сая хоёр зуун мянга) төгрөгийн нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгосон.

Ахмад шүүгч Ч.Т*******аас 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Монгол Улсын дээд шүүхэд хандан “... нэг удаагийн тэтгэмжийг албан тушаалын цалин, онцгой нөхцөлийн болон төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл зэргийн нийлбэрээр тооцож олгоогүй нь буруу, тэтгэлэг дутуу олгосон” гэх гомдол гаргасан Ж.Д*******гийн нэхэмжлэлтэй Шүүхийн ерөнхий зөвлөлд холбогдох захиргааны хэргийг 2024 оны 2 дугаар сарын 19-ний өдөр Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд, Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9-д заасан “... сарын дундаж цалин” гэх ойлголтыг “зөвхөн шүүгчийн албан тушаалын цалин гэж ойлгохгүй”, харин шүүгчийн цалин хөлсний бүрэлдэхүүнийг тодорхойлон заасанчлан “албан тушаалын цалин дээр хуульд заасан бусад нэмэгдлүүдийг нэмж тооцон олгоно” хэмээн тайлбарлаж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж 001/XT2024/0021 дугаартай тогтоол гаргасан байна ... Улсын дээд шүүхээс Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсгийг хэрхэн ойлгох талаар тайлбарлаж, нэгдмэл байдлаар хэрэглэх шүүхийн практикийг нэгэнт тогтоосон учраас нэхэмжлэлд заасан үйл баримт, захиргааны үйл ажиллагааны талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгааг үндэслэж хуулийг буруу хэрэгжүүлсэн тус алдааг залруулж, надад дутуу олгосон тэтгэмжийг захиргааны журмаар гүйцээж олгох нь хууль дээдлэх, хуулийн өмнө эрх тэгш байх Монгол Улсын Үндсэн хуулийн зарчимд нийцэх юм.

Иймд, 2019.09.01-2022.08.30 буюу 36 сарын хугацаанд миний авсан нийт цалин 173,570,905 төгрөгөөс сарын дундаж цалинг тодорхойлоход 4,821,414 төгрөг, үүнийг 36 сараар тооцож, өмнө олгогдсон *******,200,000 төгрөгийг хасаж, зөрүү 58,370,905 төгрөгийг олгож өгөхийг хүсье” гэсэн өргөдлийг ирүүлсэн.

Монгол Улсын дээд шүүх (Тамгын газар)-ээс тухайн асуудлыг судлан үзээд, “шүүгчийн авч байсан сарын дундаж цалин” гэх ойлголтыг агуулгын хувьд тайлбарласан Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 21 дүгээр тогтоолоор “цалин хөлсний бүрэлдэхүүнийг тодорхой заахдаа албан тушаалын цалин болон бусад нэмэгдлүүдээс бүрдэж, шүүгчийн нийт авч байсан сарын цалин тодорхойлогдохоор байна ...” гэж шийдвэрлэсэн хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр болон Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9-д “Шүүгчийг өндөр насны тэтгэвэрт гарахад түүний авч байсан сарын дундаж цалингийн хэмжээгээр 36 сарын хугацаагаар тооцож нэг удаагийн тэтгэмж олгоно”, Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн “Шүүхийн шийдвэр биелүүлэх тухай” 112 дугаар тогтоолыг үндэслэн өндөр насны тэтгэвэрт гарсан шүүгч Ч.Т*******ийн хүсэлтийн дагуу 36 сарын нэг удаагийн тэтгэмжийн зөрүү 58,570,905 (тавин найман сая таван зуун далан мянга есөн зуун тав) төгрөгийг тооцож олгохоор Монгол Улсын дээд шүүхийн Тамгын газрын даргын 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн Б/******* дугаар тушаал гарсан.

Улмаар Монгол Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 01/3479 дүгээр албан бичгээр “шүүхийн хэвийн үйл ажиллагааг хангаж ажиллах хүрээнд төсвийн санхүүжилтийн холбогдох (... шүүгчийг өндөр насны тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн тэтгэмжийн зөрүү олгох ...) зохицуулалтуудыг хийлгүүлэх”;

Монгол Улсын дээд шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 01/4301 дүгээр албан бичгээр “... Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2024 оны 112 дугаар тогтоолыг хэрэгжүүлэхэд шаардагдах мөнгийг холбогдох “Тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн тэтгэмж”-ийн дансанд шилжүүлэх” хүсэлтийг тус тус Сангийн сайдад хүргүүлсэн.

Дээрх хүсэлтийн хариуд Сангийн сайдын 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 01/6393 дугаар албан бичгээр “... Монгол Улсын 2024 оны Төсвийн тухай хуульд ирүүлсэн саналын дагуу 3 жилийн үндсэн цалингийн дунджаар тооцон тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн тэтгэмжийн зардлыг тусгасан, шүүхээр шийдвэрлэгдсэн нэр бүхий шүүгчтэй холбогдох тэтгэмжийг албан тушаалын цалин болон албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны, ... нэмэгдэл зэргийг оруулан тооцож тэтгэмжийн зөрүүг олгох боломжтой, харин шүүхийн маргааны зүйл болох Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9- д заасан “сарын дундаж цалин”-тай холбогдох зохицуулалтыг зөв хэрэглэх албан ёсны тайлбар, шийдвэрийг “Төрийн мэдээлэл” эмхэтгэлд нийтлээгүй, дээрх дээд шүүхийн шийдвэрийг бүх тохиолдолд дагаж мөрдөх эрх зүйн үндэслэл бүрдээгүй” гэх агуулга бүхий хариуг ирүүлсэн.

Шүүгч нь ажил, албан тушаалын чиг үүрэг, эрх зүйн байдал, хүлээх хариуцлагаараа бусад төрийн тусгай албан хаагчдаас онцлогтой тул шүүгчийн хөдөлмөрийн харилцаа, тэтгэвэр тэтгэмж, цалин хөлсний бүрдлийн асуудлыг шийдвэрлэхдээ тэдгээрийг нарийвчлан зохицуулсан Монгол Улсын шүүхийн тухай хуулийг хэрэглэх учиртай.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д “Шүүгчийн албан тушаалын цалингийн хэмжээ нь эдийн засгийн хувьд бусдаас хараат бус ажиллах, амьдрахад хүрэлцээтэй, баталгаатай байх боломжийг хангасан байна”, 46.2-т “Шүүгчийн цалин хөлс нь албан тушаалын цалин болон албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны, докторын зэргийн, зэрэг дэвийн нэмэгдлээс бүрдэнэ”, 47 дугаар зүйлийн 47.9-д “Шүүгчийг өндөр насны тэтгэвэрт гарахад түүний авч байсан сарын дундаж цалингийн хэмжээгээр 36 сарын хугацаагаар тооцож нэг удаагийн тэтгэмж олгоно” гэж тус тус заасан.

Монгол Улсын дээд шүүхээс өндөр насны тэтгэвэрт гарсан шүүгчийн тэтгэмжийн зөрүүг олгох талаар зөвшөөрсөн тушаал, шийдвэр гаргасан хэдий боловч Сангийн сайдаас Монгол Улсын дээд шүүхийн батлагдсан төсвийн “Тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн тэтгэмж”-ийн дансанд холбогдох санхүүжилтийн эрхийг нээж, мөнгийг шилжүүлээгүй тул байгууллагын зүгээс тэтгэмжийн зөрүү мөнгийг олгож чадахгүйд хүрээд байна.

Иймд, асуудлыг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн шийдвэрлэхэд хариуцагч байгууллагын зүгээс татгалзах зүйлгүй байна” гэжээ.

3.2. Хариуцагч итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Ч.Т*******ийн тэтгэвэрт гарахад эхлээд Төрийн албаны тухай хуулийн холбогдох заалтаа бариад нэг удаагийн буцалтгүй тусламж олгосон. Ингэхдээ тухайн үед Шүүхийн ерөнхий зөвлөлөөс тодруулга авч байгаад шийдвэрээ гаргасан. Ч.Т*******ийг тэтгэмжийн зөрүүгээ авъя гэдэг хүсэлтийг гаргахад нь мөн нэр бүхий шүүгч нарын асуудал нь анхан, давж заалдах, хяналтын шатны шүүхээр шийдвэрлэгдэж байсан Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2024 оны 112 дугаар тогтоол гарсан байсан. Энэхүү тогтоолыг Шүүхийн тухай хуультай барьж байгаад тэтгэмжийн зөрүүг олгоё гэдэг Тамгын газрын даргын тушаал гаргаад 58,570,905 төгрөгийг олгохоор шийдвэрлээд Сангийн яам руу 2024 онд хүсэлтээ хэд хэдэн удаа явуулсан. Гэтэл Сангийн яамнаас эрхийг нь нээж өгөхгүй, танайх бодогдсон цалингаас биш үндсэн цалингаас олго, нийт олговол зохих цалингаас биш үндсэн цалингаас олгох нь зүйтэй гэсэн албан бичиг ирүүлсэн. Иймд Сангийн яамнаас эрх нээж өгөхгүй байгаа учраас манайхаас хэдийгээр олгоё гэдэг шийдвэр гаргасан ч хүндрэлтэй байдал үүсээд байгаа” гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Ч.Т*******аас Монгол Улсын Дээд шүүхийн Тамгын газрын даргад холбогдуулан “Ч.Т*******т нэг удаагийн тэтгэмж олгох тушаалыг Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9-т заасныг баримталж гаргахаас татгалзсан Улсын Дээд шүүхийн Тамгын газрын даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, зохих захиргааны акт гаргахыг даалгах, Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9-д заасны дагуу нэг удаагийн тэтгэмжид олговол зохих 173,570,905 төгрөгөөс олгоогүй 58,370,905 төгрөгийг нөхөж олгохыг даалгах” тухай нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн үндэслэлээ “... Улсын дээд шүүхээс Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсгийг хэрхэн ойлгох талаар тайлбарлаж, нэгдмэл байдлаар хэрэглэх шүүхийн практикийг нэгэнт тогтоосон байхад хуулийг буруу хэрэгжүүлсэн, ... тэтгэмжийг шүүгчийн албан тушаалын цалин дээр хуульд заасан бусад нэмэгдлүүдийг нэмж тооцсон дүнгээс тодорхойлсон сарын дундаж цалингаас бодож олгоогүй нь хууль бус” гэх агуулгаар тайлбарлан маргажээ.  

2. Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогчдын шүүхэд ирүүлсэн, шүүх хуралдаанд гаргасан тайлбарт үнэлэлт, дүгнэлт өгөөд дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

3. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т “Шүүгчийн цалин хөлс нь албан тушаалын цалин болон албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны, докторын зэргийн нэмэгдлээс бүрдэнэ”, 47 дугаар зүйлийн 47.9-д “Шүүгчийг өндөр насны тэтгэвэрт гарахад түүний авч байсан сарын дундаж цалингийн хэмжээгээр 36 сарын хугацаагаар тооцож нэг удаагийн тэтгэмж олгоно” гэж заасан.

4. Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 0021 дугаартай тогтоолоор хуулийн дээрх зохицуулалтыг “...Тодруулбал, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т “Шүүгчийн цалин хөлс нь албан тушаалын цалин болон албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны, докторын зэргийн нэмэгдлээс бүрдэнэ” гэж зааснаар шүүгчийн авах цалин тодорхойлогдох буюу шүүгчийн авч байсан цалин гэдгийг нь зөвхөн албан тушаалын цалин гэж ойлгохгүй, албан тушаалын цалин дээр хуульд заасан бусад нэмэгдлийг нэмж тооцож ойлгоно” гэж тайлбарласан. 

5. Гэтэл маргааны тохиолдолд Монгол Улсын дээд шүүхийн Тамгын газрын даргын 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн Б/112 дугаар тушаалаар Монгол Улсын Дээд шүүхийн шүүгчийн албан тушаалын үндсэн цалингийн сүүлийн 3 жилийн дунджаар тооцон 36 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламжийг нэхэмжлэгчид олгосон нь хуулийн дээрх зохицуулалтад нийцээгүй байна.

6. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь Монгол Улсын Дээд шүүхийн шүүгчээр ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэр тогтоолгосон байх тул түүнд олгох тэтгэмжийн хэмжээг нарийвчилсан зохицуулалттай хуульд заасан хэмжээгээр тооцно.

7. Иймд нэхэмжлэгчийн “хуулийг буруу хэрэгжүүлсэн, тэтгэмжийг шүүгчийн албан тушаалын цалин дээр хуульд заасан бусад нэмэгдлүүдийг нэмж тооцсон дүнгээс тодорхойлсон сарын дундаж цалингаас бодож олгоогүйгээс дутуу олгосон нь хууль бус” гэх тайлбарыг хүлээж авах үндэслэлтэй.

8. Хариуцагчаас хуулийн дээрх зохицуулалтын дагуу 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн Б/******* дугаар тушаалаар “...өндөр насны тэтгэвэрт гарахад олгох 36 сарын нэг удаагийн тэтгэмжийн зөрүүг тооцож олгох”-оор шийдвэрлэсэн байх боловч бодит байдал дээр тэтгэмжийн зөрүү олгогдоогүй байна.

9. Мөн Монгол Улсын Дээд шүүхийн Тамгын газрын 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 05/4838 тоот албан бичгээр “...Монгол Улсын дээд шүүхийн батлагдсан төсвийн “Тэтгэвэрт гаргахад олгох нэг удаагийн тэтгэмж”-ийн дансанд холбогдох санхүүжилтийн эрх нээгээгүй тул байгууллагын зүгээс тэтгэмжийн зөрүү мөнгийг олгох боломжгүй” гэснээс үзвэл, хариуцагч нь хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлээгүй эс үйлдэхүй гаргасан гэж үзнэ.

10. Нэхэмжлэгчид олгох нэг удаагийн тэтгэмжийн зөрүү нь 58,370,905 төгрөг болох тухайд хариуцагч маргаагүй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх зүйтэй гэж дүгнэлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 47 дугаар зүйлийн 47.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ч.Т*******ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Ч.Т*******т нэг удаагийн тэтгэмжийг Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9-т заасныг баримталж олгохоос татгалзсан Улсын Дээд шүүхийн Тамгын газрын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож нэг удаагийн тэтгэмжийн зөрүү 58,370,905 төгрөгийг олгохыг хариуцагч Монгол Улсын Дээд шүүхийн Тамгын газрын даргад даалгасугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдснийг дурдсугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1- д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Ц.МӨНХЗУЛ