Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 210/МА2021/00129

 
 

2021 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 210/МА2021/00129

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                  “ГБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

                                              иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Ш.Оюунханд, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 101/ШШ2020/03919 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч “ГБ” ХХК-ийн хариуцагч Д.Нт холбогдуулан гаргасан Зээлийн гэрээний үүрэгт 9 538 658.27 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

 Шүүх хуралдаанд хариуцагч Д.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: Д.Н нь 2018 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр Голомт банктай ЗГ1415119144 тоот цалингийн зээлийн гэрээ байгуулж 6 000 000 төгрөгийг жилийн 22.8 хувийн хүүтэй 48 сарын хугацаатай зээлдэн авсан. Мөн 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр ЗГ/КР/ЗГ32520181226 тоот зэс кредит картын гэрээ байгуулж 1 500 000 төгрөгийн зээлийн эрхтэй картыг бэлэн зээлийн хэрэгцээнд сарын 3.5 хувийн хүүтэй, бэлэн бус зээлийн хэрэгцээнд 2 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатайгаар авсан. Зээлдэгч нь зээлийн төлбөрөө төлөхгүй цалингийн зээлийг 489 хоног, зэс кредит картыг 20 capын хугацаа хэтрүүлж банкийг хохироож байгаа тул цалингийн зээлийн гэрээний 3.3.4-д заасны дагуу банк өөрийн санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, шүүхэд нэхэмжлэл гаргасан. Иймд 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн байдлаар цалингийн зээлийн үндсэн төлбөр 4 940 999.52 төгрөг, зээлийн хүү 1 555 711.72 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 51 818.07 төгрөг, нийт 6 548 529.32 төгрөг, зэс картын төлбөрт үндсэн зээл 1 492 074 төгрөг, зээлийн хүү 916 607.95 төгрөг, зээлийн эрх хэтрүүлсний хүү 248 519.85 төгрөг, зээлийн хугацаа хэтрүүлсний хүү 332 927.15 төгрөг, нийт 2 990 128.95 төгрөг, нийт 9 538 658.27 төгрөгийг Д.Наас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн хариу тайлбарт: Голомт банкнаас 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр 6 000 000 төгрөгийн цалингийн зээл, 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Зэс картын гэрээ байгуулж 1 500 000 төгрөгийн зээлийг тус тус авсан. 2018 онд ажлаасаа гарсан бөгөөд ажлаас гартал цалингийн зээлээ төлж байсан, зээлийн хүүгээ шилжүүлсэн. Одоогоор ажилгүй байгаа бөгөөд коронавирусийн улмаас хувиараа эрхэлж байсан ажил зогсонги байдалд ороод байна. Иймд давагдашгүй нөхцөл байдлыг харгалзан үзэж зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, зээл хэтрүүлсэн хүүг хасч үндсэн зээлийг тодорхой хугацаанд төлөх боломжтой тул эвлэрэх хүсэлттэй байна гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан хариуцагч Д.Наас 9 290 138.42 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “ГБ” ХХК-д олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 167 569 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Д.Наас 163 592 төгрөг нөхөн гаргуулж нэхэмжлэгч “ГБ” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Д.Нын давж заалдах журмаар гаргасан гомдолд: Шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Голомт банк ХХК-аас 6 000 000 төгрөг, 1 500 000 төгрөг зээлдэн авсан талаар маргахгүй. Би 2018 оноос хойш ажилгүй байгаа бөгөөд хувийн бизнес эрхлэхээр БНХАУ-руу явсан боловч 2020 оны 1 дүгээр сард дэлхий нийтийг хамарсан цар тахал гарч Монгол улс ч гэсэн нэрвэгдсэн. Энэ хугацаанд зээлийн хүүг боломжтой үедээ багаар төлж байсан боловч банкны зүгээс зээлийн хүүг хойшлуулах, уян хатан нөхцлийг аваагүй, хүүг бүрэн төлөхийг шаардаж байгаад гомдолтой байна. Иргэний маргаан нь талуудын хэлцлийн үндсэн дээр шийдвэрлэгддэг. Монгол банкнаас гаргасан уг зохицуулалт нь 2020 оны 1 дүгээр сарын 31-ний өдрөөс 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд хэрэгжих ёстой. Дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж үндсэн зээлүүдийг төлж эвлэрэх хүсэлтэй байна. Мөн шүүх хурал болох өдөр Баян суманд хүндэтгэн үзэх шалтгаантай байсан бөгөөд энэ талаар утсаар мэдэгдсэн. Шүүх хариуцагчийн тайлбарыг харгалзаж үзээгүй, хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн. Өмгөөлөгч авах эрхээр хангаагүйд гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

Нэхэмжлэгч “ГБ” ХХК нь хариуцагч Д.Нт холбогдуулан 2 зээлийн гэрээний үүрэгт нийт 9 538 658.27 төгрөг нэхэмжилснээс хариуцагч үндсэн зээлийг зөвшөөрч, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, хэтэрсэн хугацааны хүүгээс хасч тооцуулан, үндсэн зээлийг тодорхой хугацаанд хувааж төлөх хүсэлтэй гэжээ.

Хариуцагч Д.Н нь нэхэмжлэгч “ГБ” ХХК-тай 2018 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр 6 000 000 төгрөг жилийн 22.8 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай зээлдэн авах тухай зээлийн болон барьцааны гэрээ, мөн 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 1 500 000 төгрөг бэлэн гүйлгээнд 1 сарын 3.5 хувийн хүүтэй, бэлэн бус гүйлгээнд 2 хувийн хүүтэй 24 сарын хугацаатай зээлдэн авах тухай кредит карт эзэмших гэрээг тус тус байгуулсан байна. Талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4 дэх хэсэгт нийцжээ.

Нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн хэргийн 6, 11-12 дугаар тал дах зээлийн хүү тооцооллын хүснэгтээс харахад хариуцагч нь ЗГ1415119144 тоот зээл болон барьцааны гэрээний үүрэгт үндсэн зээл 6 000 000 төгрөг, зээлийн хүү 3 216 531.46 төгрөг, нийт 9 216 531.46 төгрөг төлөхөөс 2018 оны 4 дүгээр сарын 25-ны өдрөөс 2020 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэл үндсэн зээлд 1 059 000.48 төгрөг, үндсэн хүүнд 1 350 904.82 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 814.19 төгрөг, нийт 2 410 719.49 төгрөг төлсөн байна. 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс үүргийн зөрчил үүссэн бөгөөд хариуцагч нь үндсэн зээлд 4 940 999 төгрөг, зээлийн хүүнд 1 555 711 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 51 818 төгрөг төлөхөөр байна.

ЗГ/КР/32520181226 тоот кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээний үүрэгт хариуцагч нь үндсэн зээлд 1 492 074 төгрөг, зээлийн хүүнд 916 607.95 төгрөг, зээлийн эрх хэтрүүлсэн хугацааны хүүнд 248 519.85 төгрөг, зээлийн хугацаа хэтрүүлсэн хүүнд 332 927.15 төгрөг төлөх үүрэгтэй болох нь хэрэгт авагдсан баримтад үндэслэгдсэн байна. Хариуцагч нь нэхэмжлэгчийн уг тооцооллыг баримтаар үгүйсгээгүй болно. 

Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасны дагуу гэрээг цуцлаж, үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй. Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэг, гэрээний 2.1, 3.1.1-д зааснаар хариуцагч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй байна.

Шүүх зээлийн болон барьцааны гэрээний хүчин төгөлдөр байдал, зээлийн эргэн төлөлтийн талаар хэрэгт авагдсан баримтын хүрээнд үндэслэл бүхий дүгнэлт хийж, ЗГ1415119144 тоот зээл болон барьцааны гэрээний үүрэгт 6 548 529 төгрөг, ЗГ/КР/32520181226 тоот кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээний үүрэгт 2 990 128 төгрөг, нийт 9 290 138.42 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

 

Хариуцагчийн “Ковид-19 цар тахлын улмаас ажил зогсонги байдалд орж, орлогогүй болсон учраас зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, хэтэрсэн хугацааны хүүг хүлээн зөвшөөрөхгүй, банкны зүгээс зээлийн хүүг хойшлуулах уян хатан нөхцлийг аваагүй” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй.

Цар тахлын улмаас хариуцагчийн ямар үйл ажиллагаа, хэрхэн доголдсон талаар нотолсон баримтгүй байхын зэрэгцээ хариуцагчийн зүгээс банканд хандаж зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах, зээлийн хүүг тодорхой хугацаагаар хойшлуулах хүсэлт гаргаагүй байна. Гэрээний үүргээ биелүүлэхгүй байх хүндэтгэн үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй тул энэ талаар гаргасан хариуцагчийн гомдол, тайлбар үндэслэлгүй.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 101/ШШ2020/03919 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 43 590 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Ц.ИЧИНХОРЛОО

 

                                     ШҮҮГЧИД                                      Ш.ОЮУНХАНД                

                                                                                           А.МӨНХЗУЛ