Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 26 өдөр

Дугаар 2023/ДШМ/18

 

М.Н- нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Көбеш, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Туяа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,  

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч А.Дауренбек даргалж шийдвэрлэсэн, тус шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 2023/ШЦТ/53 дугаар шийтгэх тогтоолтой,

 

шүүгдэгч  М.Н-, М.А- нарт холбогдох эрүүгийн 2213002160235 дугаартай, 2 хавтастай хэргийг шүүгдэгч нар, түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэж 2023 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч шүүгч Д.Көбешийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд тус аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Я.Дина,  шүүгдэгчийн өмгөөлөгч Я.Сьезд, С.Нургайып /цахим сүлжээгээр/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Арманбек нар оролцов.

 

1. Монгол Улсын иргэн, яс үндэс ****, *** оны *** дугаар сарын **-ний өдөр төрсөн, **настай, эрэгтэй, *** боловсролтой, *** мэргэжилтэй, **** ажилтай, ам бүл **хүнтэй, **** хамт ***** оршин суух хаягтай, урьд Баян-Өлгий аймгийн сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 119 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, Х овогт М-ийн Н-  /Рд:************/,

 

2. Монгол Улсын иргэн, яс үндэс ****, **** оны **дугаар сарын **-ний өдөр төрсөн, ** настай, эрэгтэй, *** боловсролтой, *** мэргэжилтэй, **** ажилтай, ам бүл ** хүнтэй, ****хамт ***** оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, А овогт М-ын А-  /Рд:**********/.  

 

3. Шүүгдэгч М.Н- нь Баян-Өлгий аймгийн Б- сумын 5 дугаар багийн нутагт 2022 оны 8 дугаар сарын 11-ний өдөр хохирогч М.А-ыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг, шүүгдэгч М.А- нь Баян-Өлгий аймгийн Б- сумын 5 дугаар багийн нутагт 2022 оны 8 дугаар сарын 11-ний өдөр хохирогч М.Н-ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

4. Прокурорын 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 185 дугаар яллах дүгнэлтээр М.Н-, М.А- нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

 

3. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн  2023/ШЦТ/53 дугаар шийтгэх тогтоолоор: 

3.1. Шүүгдэгч Х овогт М-ийн Н-, А овогт М-ын А- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

3.2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Н-ыг 1000 /мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1000.000 /нэг сая/ төгрөгөөр, шүүгдэгч М.А-ыг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж,

3.3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Н-, М.А- нар нь торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулж,

3.4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч М.А-оос 190.101 /нэг зуун ерэн мянга нэг зуун нэг/ төгрөг гаргуулан хохирогч М.Н-д олгож, илүү нэхэмжилсэн 3.450.000 /гурван сая дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийг хэлэлцэхгүй орхиж,

3.5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч М.Н-, М.А- нар нь мэрүүл мэндтэй холбоотой цаашид гарах хохирол, төлбөр байгаа гэж үзвэл нотлох баримтаа бүрдүүлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

 

4. Шүүгдэгч М.А-ын давж заалдах гомдлын агуулга:

4.1. Эрүүгийн хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1-т “Өөрийн, эсхүл бусдын амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бус ба тулгарсан довтолгооны эсрэг хийсэн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй”, 2-т “Аливаа хүн мэргэжил, тусгай бэлтгэл, албан ажлын байдал, аюултай довтолгооноос зайлсхийх, бусдаас тусламж авахаар хандах боломжтой байсан эсэхээс үл хамааран аргагүй хамгаалалт хийх эрхтэй”, 3-т “Аргагүй хамгаалалтыг бусдын хууль бус халдлага эхэлсэн, эхлэх гэж байгаа нь тодорхой болсон үед хийнэ. Довтолгоо төгссөн хойно хийсэн үйлдлийг аргагүй хамгаалалтад тооцохгүй” гэж заасан.

4.2. Миний бие Истана маркийн тээврийн хэрэгслийн урьд талын зорчигчийн суудалд сууж байхад М.Н- нь хойд талын суудалд сууж байгаад хэд хэдэн удаа миний толгой тус газар гараараа цохиж авсан. Улмаар машины хойд талын хаалганаас бууж ирээд миний сууж байсан машины цонхоор цохих гээд довтолж ирэхэд өөрийгөө хамгаалах гэж баруун гараа даллахад М.Н-ын аман тус газар болгоомжгүй хүрсэн. Би М.Н-ыг санаатай цохиж зодъё, гэмтэл учруулъя хэмээн хүсээгүй.

4.3. Гэтэл шүүхийн шийтгэх тогтоолын 39-т “Шүүгдэгч М.А- нь хохирогч М.Н-ын дээрх хуулиар баталгаажуулсан эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, биед 2 шүдний 4-р зэргийн хөдөлгөөн мултрал гэмтэл буюу хөнгөн хохирол учруулсан идэвхтэй үйлдлийг хийсэн ба уг үйлдлээ хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдэн, зориуд хор уршигт хүргэсэн байх тул түүнийг санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.” хэмээн дүгнэж, гэм буруутайд тооцож байгаад гомдолтой байна. Миний бие М.Н-ын хууль бус довтолгооноос өөрийгөө хамгаалан гараа далласныг яагаад санаатайгаар бусдын биед гэм хор учруулсан гэж дүгнэж байгааг ойлгохгүй байна.

4.4. М.Н-ын хууль бус довтолгооноос өөрийгөө хамгаалахгүй байсан бол тухайн үед хөнгөн биш хүнд гэмтэл авах байсан. Цаашлаад миний амь нас хохирох ч магадлалтай байсныг хэн ч үгүйсгэхгүй. Би гараа далласан тул түүний довтолгоо таслагдаж зогссон.

 

4.5. Иймд Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 2023/ШЦТ/53 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж намайг цагаатгаж өгнө үү.

 

            5. Шүүгдэгч М.Н-, өмгөөлөгч Я.Сьезд нарын давж заалдах гомдлын агуулга:

            5.1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.5-т “Гэмт хэргийн хохирол, хор уршиг. 2. Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж, хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” 3. Энэ хуульд заасан “ноцтой хохирол, хор уршиг” гэж хохирогчийн амьдралын эх үүсвэр болсон эд хөрөнгийн эрхэд, эсхүл улс орон, хүн амын аюулгүй байдалд ач холбогдол бүхий эрхэд хохирол, хор уршиг учирсныг ойлгоно” гэж тус тус заасан.

5.2. Анхан шатны шүүхээс хохирогч М.Н-д холбогдох гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг болох 3,450,000 \гурван сая дөрвөн зуун тавин мянга\ төгрөгийг хэлэлцүүлэхгүй орхисон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.5, 2.5 дахь хэсгийн 2,3 дахь хэсгүүдийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл эрүүгийн хавтаст хэрэгт шүүгдэгч М.А-ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч М.Н-д учирсан хохирол 3,450,000 төгрөгийг гэмт хэргийн улмаас хор уршиг учирсан байна үзэж байна. Учир нь шүүгдэгч М.А-ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч М.Н-ын шүд унаж тэрээр дахин шүд хийлгэсэн тохиолдолд 3,350,000 төгрөгийн хохирол гарах нь Улаанбаатар хотын мэргэжлийн шүдний байгууллагаас олгосон нотлох баримтуудаар нотлогдсон гэж үзэж байна.

5.3. Иймд Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 2023\ШЦТ\53 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх хэсгийн “... илүү нэхэмжилсэн 3,450,000 \гурван сая дөрвөн зуун тавин мянга\ төгрөгийг хэлэлцэхгүй орхисугай" гэсэн хэсгийг хүчингүй болгон шүүгдэгч М.А-оос гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг болох 3.450,000 төгрөг гаргуулан өгч шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж өгөхийг хүсье.

 

6. Прокурорын давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлт:

6.1.  Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Я.Дина би Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон шүүгдэгч М.Н-, М.А- нарт холбогдох эрүүгийн хэргийг давж заалдах журмаар хянан хэлэлцэх шүүх хуралдаанд оролцож дараах тайлбар дүгнэлтийг гаргаж байна.

6.2. Шүүгдэгч М.Н- нь Баян-Өлгий аймгийн Б- сумын 5 дугаар багийн нутагт 2022 оны 8 дугаар сарын 11-ний өдөр хохирогч М.А-ыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг, шүүгдэгч М.А- нь Баян-Өлгий аймгийн Б- сумын 5 дугаар багийн нутагт 2022 оны 8 дугаар сарын 11-ний өдөр хохирогч М.Н-ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон.

6.3. Шүүгдэгч М.А-ын зүгээс гэмт хэргийг үгүйсгэх аргагүй хамгаалалт хэрэглэсэн гэж тайлбарладаг боловч шүүгдэгч М.Н- түүний биед халдаж зодох явцад М.А- аргагүй хамгаалалт хэрэглээгүй. М.Н- түүнийг Истана маркийн тээврийн хэрэгсэл дотор сууж байгаад зодсоны дараа машинаас бууж ирээд М.А-ын сууж байсан цонхны хажууд ирэхэд, өөрөөр хэлбэл М.Н- М.А-ыг зодоод хэсэг хугацааны дараа М.А- нь М.Н-ын биед халдаж, зодсон. Энэ үйл баримт гэрч нарын мэдүүлгээр хангалттай нотлогдсон. Тиймээс шүүгдэгч М.А-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлд заасан аргагүй хамгаалалт гэж үзэх боломжгүй. Иймд шүүгдэгч М.А-ын давж заалдах гомдол үндэслэлгүй гэж үзэж байна.

6.4. Хохирогч М.Н- шүдээ эмчлүүлэхэд гарах зардлуудыг нотлох баримтаар нотолсон ч гэсэн энэ эмчилгээг одоогоор хийлгээгүй. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын Тогтоох нь хэсгийн 4 дэх заалтад шүүгдэгч М.Н-ын гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсэн. Тиймээс шүүгдэгч М.Н- болон түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй байна. Иймд Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 2023/ШЦТ/23 дугаар шийтгэх тогтоолын хэвээр үлдээж, шүүгдэгч М.А-ын гаргасан давж заалдах гомдол, шүүгдэгч М.Н-, түүний өмгөөлөгч Я.Сьезд нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            7. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолтой холбогдуулан гаргасан шүүгдэгч М.А-, М.Н-, түүний өмгөөлөгч Я.Сьезд нарын гомдол үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хяналаа.  

 

            8. Шүүгдэгч М.А-, М.Н- нарт холбогдох эрүүгийн хэргийг мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг үндэслээд хэргийн үйл баримтыг бодитой тогтоож, эцэслэн шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны хийгээд үндэслэлтэй байх шаардлагыг хангасан байна.

 

            9. Баян-Өлгий аймгийн Б- сумын 5 дугаар багийн нутагт 2022 оны 8 дугаар сарын 11-ний өдөр хохирогч М.А-ыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, шүүгдэгч М.А- нь Баян-Өлгий аймгийн Б- сумын 5 дугаар багийн нутагт 2022 оны 8 дугаар сарын 11-ний өдөр хохирогч М.Н-ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан нь:

- зөрчлийн талаар амаар болон харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /1 хавтаст хэргийн 03 дахь тал/,

- хохирогч М.А-ын /шүүгдэгч/ мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...М.Н- машинтайгаа ирж зогссон. ...Би машины урд буюу жолоочийн эсрэг талын суудалд сууж байсан юм. Тэгснээ М.Н- ирснээ шууд гараа зангидаж байгаад миний нүүр лүү гараараа нэг удаа цохисон. ...М.Н-д хандаад за чи больчих, юм санаад яваад байдаг юм уу гэсэн чинь тэр баруун гараараа миний цээжний баруун тал руу гараараа 2-3 удаа дараалан цохиж авсан. ...Тэгснээ бууж ирснээ шууд миний талын цонхон дээр ирж гараараа миний ам руу нэг удаа цохихоор нь би бас өөрийгөө хамгаалах зорилгоор түүнийг гараараа нэг удаа цохисон чинь л шүд уначихлаа гэж хэлсэн” гэх мэдүүлэг /1 хавтаст хэргийн 38-40 дахь тал/,

- хохирогч М.Н-ын /шүүгдэгч/ мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2022 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 16 цагийн үед Б- сумын Соёлын төвийн гадна З.Асылбек бид хоёр очсон. Тэнд очиход Соёлын төвийн зүүн хойд хэсэгт М-ийн “Истана” загварын машин зогсож байсан. Яваад очиход машины урд буюу жолооч талд М, туслах талын суудалд М.А-, хойно жолоочийн арын суудалд Ес, дараагаар нь Е, хамгийн зах буюу туслах жолоочийн арын суудалд Ж.М сууж байсан. ...М.А-д хандаж би юмаа авмаар байна шүү дээ чи утсаа авахгүй юм, данхраадаа алга болгосон бол ядаж утсаа аваад хэлж болдоггүй юм уу гээд ер нь гомдсон байдлаар ярьсан. ...М.А- өөрийнхөө уугаад сууж байсан пивыг миний нүүр лүү цацсан. ...Түүнийг над руу пиво цацахаар нь би шууд М.А-ын сууж байсан урьд талын хаалга руу гүйж очсон чинь тэр өөрийнхөө сууж байсан талын машины цонхоор баруун гараа савж гаргаад миний ам руу буюу нарийвчлан хэлбэл дээд уруулын гол хэсэгт гар нь хүрсэн байх, тэгсэн миний дээд талын голын шүд болон доод талын урт соёо хэлбэрээр ургасан шүд давхар хөдлөөд, хэл хазагдсан уу амнаас цус гарсан...”  гэх мэдүүлэг /1 хавтаст хэргийн 34-35 дахь тал/

- гэрч Ж.М-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Е, М нартай хамт тус сумын “Соёлын төв”-ийн ард талд очоод тээврийн хэрэгслийн дотор “Сэнгүр” гэх пивоноос уух гээд сууж байх үед гаднаас М.Н- болон З.А нар хүрээд ирсэн. М.Н- нь ард талын хаалгыг онгойлгож орсон бөгөөд машины урд талд сууж байсан М.А- эргэж харах үед түүний уруул хэсэгт нэг удаа цохиж авсан бөгөөд машинаас бууж М.А-ын сууж байсан урд талын хэсэгт очмогц М.А- нь М.Н-ын аман хэсэг рүү нь нэг удаа цохиж авсан. Тухайн үед М.Н- нь миний шүд уначихлаа хэмээн яваад өгсөн. М.Н- нь М.А-ын уруул хэсэгт гараараа нэг удаа цохиж авсан. М.А- нь М.Н-ыг мөн адил уруул хэсэгт гараараа нэг удаа цохиж авсан. Би тухайн үед эрүүл байсан. Бид тухайн газарт очиж дөнгөж пиво уух гэж байсан юм. Тухайн болсон үйл явдлыг би нүдээрээ харсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 45-46 дахь тал/,

- гэрч З.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...М.Н- нь манай сумын залуу Ж.Е гэх хүн рүү залгахад “Соёлын төв”-ийн ард талд сууж байна гэж хэлсэн. Бид хоёрыг яваад очиход М-ийн тээврийн хэрэгсэл дотор Ес, М.А-, Д, Е нар сууж байсан юм. Тухайн үед М.А- нь тухайн машины урд талд сууж байсан. М.Н- нь тээврийн хэрэгслийн ард талд зогсож байсан бөгөөд М.А- руу хандаж чи яагаад утсаа авахгүй байгаа юм бэ, яагаад надаас зугтаад байгаа юм бэ, авсан юм аа цаг хугацаанд нь өг л дөө гэж байсан. Энэ асуудлаас болоод тэр хоёр хоорондоо муудалцсан ба М.Н- нь М.А-ын малгайн саравч хэсгийг нэг удаа цохисон бөгөөд М.А- нь М.Н-ын нүүр хэсэг рүү ууж байсан пивог цацчихсан. Тухайн үед М.Н- уурлаж машины урд талын хэсэг рүү буюу М.А-ын сууж байсан тал руу нь очиход М.А- нь М.Н-ын уруул хэсэг рүү нь нэг удаа цохиж авсан бөгөөд М.Н- эвгүй болчихлоо хэмээн цагдаагийн хэсэг рүү яваад өгсөн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 48-49 дэх тал/,

- гэрч Ж.Е-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Тухайн өдөр буюу 2022 оны 8 дугаар сарын 11-ний өдөр М.А- болон М бид гурав М-ийн машинтай хамт явж байсан юм. Тэгээд М.Н- над руу залгаж “Та хаана байна” хэмээн асуусан бөгөөд бид тус сумын Соёлын төвийн ард талд машин дотор сууж байх үед Ес, Д нар гарч ирээд бидний сууж байсан машинд ирээд суусан. Бид уг тээврийн хэрэгсэл дотор “Сэнгүр” гэх нэртэй 0.5 литрийн пивоноос тус бүр 1 ширхгийг уугаад сууж байх үед гаднаас М.Н- болон З.Ас нар хүрээд ирсэн. Тухайн үед М.А- уг тээврийн хэрэгслийн урд талд сууж байсан бөгөөд М.Н- нь М.А-ын хажуу талд очоод зогсож байсан бөгөөд уг хоёр залуу хоорондоо юм яриад байсан. Тэгээд удалгүй тэр хоёр хоорондоо маргалдаж эхэлсэн бөгөөд М.Н- эхлээд М.А-ыг нэг удаа цохиж авсан бөгөөд М.А- мөн адил М.Н-ыг нэг удаа цохиж авсан. Өөр ямар нэгэн зодоон цохион болоогүй. М.Н- өөрөө яваад өгсөн. М.А- нь М.Н-ыг мөн адил уруул хэсэгт гарынхаа гадна талаараа нэг удаа цохиж авсан. Өөр тэр хоёр нэг нэгнийгээ цохисон асуудал болоогүй. М.А- нь 1-2 жижиг пиво л уусан байсан. Согтсон зүйл болоогүй. М.Н- нь эрүүл харагдаж байсан. Тухайн үед М.А-ын биеийн байдал хэвийн харагдаж байсан. Ямар нэгэн шарх, сорви байгаагүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 51-52 дахь тал/,

- гэрч А.М-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Тухайн өдөр буюу 2022 оны 8 дугаар сарын 11-ний өдөр 14 цагийн үед М.А-, Ж.Е бид гурав сумын Соёлын төвийн ард талд миний машин дотор сууж байхад гаднаас А.Ес, Ж.М нар 1 ширхэг 2,5 литрийн “Сэнгүр” нэртэй пиво авч ирж миний машинд орж суусан. Тэгээд бид нар нөгөө пивог уух гэтэл М.Н-, З.А нар ирсэн. Тухайн үед М.А- миний машины урд талын суудалд суужбайсан ба М.Н- М.А-д хандаж авсан юм аа цаг хугацаанд нь өгөхгүй том болсон байна гэж хэрүүл маргаан гаргаж М.А-ын уруул хэсэгт нэг удаа гараараа цохисон үед М.А- нь М.Н-ын аман тус газарт нэг удаа гараараа цохисон. Тэгээд бид нар салгаж авах үед М.Н- миний шүд уначихлаа гэж яваад өгсөн...” гэх мэдүүлэг /1 хавтаст хэргийн 54 дэх тал/,

- гэрч А.Е-ий мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Соёлын төвийн хашаанд очиж зогсоод нөгөө пивыг М.А- задлаад уух гэж байхад бидний сууж байсан истана машины хажууд мөнгөлөг өнгийн приүс загварын машин ирж зогсоод машинаас М.Н- бууж ирээд бидэнтэй мэндлээд тэгээд М.А-оос миний машины данхраад хаана байна чи дандаа ингэдэг шүү дээ би данхраадгүй зөндөө явлаа гээд тэр хоёр хэрэлдээд М.А- машины урд талд жолоочийн хажууд сууж байхад нь чи буугаад ир гэхэд тэрээр буухгүй байхаар нь М.Н- түүнийг заамдаад татаад М.А-ын нүүр рүү нь гараараа нэг удаа алгадаж цохисон тэгээд М.А- нь түүнийг эсэргүүцээд М.Н-ыг буцаагаад баруун гараараа түүний ам руу нэг удаа цохисон тэгээд тэр хоёрыг салгаж авахад М.Н- миний нэг шүд уначихлаа, чамайг харна гэж хэлээд машиндаа суугаад яваад өгсөн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 57 дахь тал/,

- шинжээч К.Хайратын “...Тархины доргилт нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Тодруулбал мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр тус гэмтэл үүссэн байх боломжтой. Харин хөх ягаан туяатай цус хуралттай, цээжний баруун талд хөх ягаан туяатай цус хуралтууд нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Зулайн дунд хэсэгт хавдартай, зулайд баруун талд хавдартай байх энэ нь мохоо хүчин зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүснэ гэхдээ энэ хоёр гэмтэл нь тархины доргилттой хавсарч явагдана. Өөрөөр хэлбэл мохоо зүйлийн үйлчлэлээр тархины доргилт хавсарч үүснэ.” гэх мэдүүлэг/хавтаст хэргийн 66 дахь тал/,

- шинжээчийн 2022 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн “...Иргэн М.А-ын биед тархины доргилт, зулайд дунд хэсэгт хавдартай, зулайд баруун талд хавдартай, баруун бугалгад дунд хэсэгт хавдартай, хөх ягаан туяатай цус хуралттай, цээжний баруун талд хөх ягаан туяатай цус хуралттай гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн. Иргэн М.А-ын дээрх гэмтлүүд 1-7 хоногт үүссэн шинэ гэмтлүүд. Ерөнхий хөдөлмөрлөх чадвар алдалтад нөлөөлөхгүй болно. Иргэн М.А-Ын дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр сарниулах тул, шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх 617 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 19-20 дахь тал/,

- шинжээчийн 2022 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн “...Иргэн М.Н-ын биед 2 шүдний 4-р зэргийн хөдөлгөөн мултрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр 1-2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой шинэ гэмтэл байна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх 608 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 13-14 дэх тал/ зэрэг хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар бүрэн тогтоогджээ.

 

10. Прокурорын яллах дүгнэлт болон анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор шүүгдэгч М.А-, М.Н-  нарын дээрх үйлдэл холбогдлын тус бүрийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргээр зүйлчилсэн нь мөн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль ёсны зарчмыг хангасан байна гэж үзэв.

 

11. Шүүгдэгч М.А-, М.Н- нарын хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, мөн зүйлд зааснаар шүүгдэгч М.Н-ыг 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр, шүүгдэгч М.А-ыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсэн нь тэдний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцсэн байна гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

 

12. Шүүгдэгч М.А-ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч М.Н-ын биед 2 шүдний 4-р зэргийн хөдөлгөөн, мултрал гэмтэл тогтоогдсон бөгөөд шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах, шүүгдэгч  М.Н-ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч М.А-ын биед тархины доргилт, зулайд дунд хэсэгт хавдартай, зулайд баруун талд хавдартай, баруун бугалгад дунд хэсэгт хавдартай, хөх ягаан туяатай цус хуралттай, цээжний баруун талд хөх ягаан туяатай цус хуралттай гэмтлүүд тогтоогдсон бөгөөд  шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл учирсан байх бөгөөд тэдний гэм буруутай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой гэж үзэх үндэслэлтэй. Өөрөөр хохирогчид хүч хэрэглэсэн, өөр бусад хүчин зүйлийн нөлөөллөөр биед нь гэмтэл учирсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Мөн дээрх мэдүүлгүүд болон шинжээчийн дүгнэлтийг няцаасан үгүйсгэсэн баримт хэрэгт авагдаагүй байна. Иймд шүүгдэгч М.А-ын “...цагаатгаж өгнө үү..” гэх давж заалдах гомдол хууль зүйн үндэслэлгүй.  

 

13. Шүүгдэгч М.Н-, түүний өмгөөлөгч Я.Сьезд нар нь “...шүүгдэгч М.А-ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч М.Н-ын шүд унаж тэрээр дахин шүд хийлгэсэн тохиолдолд 3,350,000 төгрөгийн хохирол гарах нь Улаанбаатар хотын мэргэжлийн шүдний байгууллагаас олгосон нотлох баримтуудаар нотлогдсон гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх хэсгийн “... илүү нэхэмжилсэн 3,450,000 \гурван сая дөрвөн зуун тавин мянга\ төгрөгийг хэлэлцэхгүй орхисугай" гэсэн хэсгийг хүчингүй болгон шүүгдэгч М.А-оос гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг болох 3.450,000 төгрөг гаргуулан өгч шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж өгөхийг хүсье”  гэх давж заалдах гомдлыг гаргажээ.  

 

14. Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 14 дэх хэсэгт “....бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх” эрхийг баталгаажуулсан. Үндсэн хуулиар баталгаажуулсан хүний эрхийг хэрэгжүүлэх үүднээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд гэмт хэргийн хохирол, хор уршгийн ялгааг нарийвчлан тодорхойлж, 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж, 5 дахь хэсэгт “Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгахад гарах зардлын мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтооно” гэж тус тус хуульчилсан.  

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэрэгт авагдсан нотлох баримтын талаар дүгнэлт хийж, хохирогч М.Н- нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн. Учир нь, шүүгдэгч М.А-ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч М.Н-ын 2 шүдний 4-р зэргийн хөдөлгөөн, мултрал гэмтэл тогтоогдсон байх бөгөөд хохирогч М.Н- нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар шүдээ 3,450,000 төгрөгөөр эмчлүүлсэн нь бодитой тогтоогдоогүй болно.

 

15. Иймд дээрх үндэслэлүүдээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч М.А-, шүүгдэгч М.Н-, түүний өмгөөлөгч Я.Сьезд нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгож,

 

ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 2023/ШЦТ/53 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч М.А-, шүүгдэгч М.Н-, түүний өмгөөлөгч Я.Сьезд нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай. 

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар “анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн”, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” зэрэг үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч, прокурор, дээд шатны прокурор хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            С.ӨМИРБЕК

 

                                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Н.ТУЯА

 

                                    ШҮҮГЧ                                                            Д.КӨБЕШ