| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцэрэнийн Ренченхорол |
| Хэргийн индекс | 149/2018/00010/Э |
| Дугаар | 00015 |
| Огноо | 2018-01-23 |
| Зүйл хэсэг | 27.10.2.3., |
| Улсын яллагч | Э.Энхбат |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 01 сарын 23 өдөр
Дугаар 00015
Монгол улсын нэрийн өмнөөс:
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд
Нарийн бичгийн дарга П.Нямсүрэн
Улсын яллагч Э.Энхбат
Хохирогч Д.Г
Хохирогчийн өмгөөлөгч С.Ариунцацрал
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Сувдаа нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.3 дах хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.Тт холбогдох 1732000940078 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1975 оны 10 сарын 04-ний өдөр Дорнод аймгийн Чойбалсан хотод төрсөн, 42 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Артиллерийн команд тактикийн офицер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 8, эхнэр 6 хүүхдийн хамт, Дархан-Уул аймгийн Дархан сум, 16-р баг, 13-46 тоотод оршин суух хаягтай, урьд нь 1 удаа ял шийтгүүлж байсан, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай,
Бүргэд овгийн Жаргалын Т. РД:/УЖ75100419/
Яллах дүгнэлтэнд дурьдсанаар:
Шүүгдэгч Ж.Т нь 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрөөс 14-нд шилжих шөнө 00 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Баян 2-р багийн нутаг дэвсгэр, Дархан-Уул аймгаас Улаанбаатар хотын чиглэлийн төв асфальтан 173-174 клометрийн замд 33-99 ДАР улсын дугаартай Тоёото Премо загварын тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас эсрэг урсгалд явсан Ж.Эрын жолоодон явсан 13-50 УНМ улсын дугаартай Приүс-30 загварын тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, зорчигч Д.Гын эрүүл мэндэд хүнд хохирол, Б.Алын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, Тоёото Приүс-30 загварын 13-50 УНМ улсын дугаартай тээврийн хэрэгсэлийн жолооч Ж.Эрын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Тодорхойлох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Тын өгсөн …… 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр оюутан хүүгээ авах гэж Улаанбаатар хот орсон. Хүүгээ хотоос аваад орой 20 цаг болж байхад хүүгээ урдаа суулгаад Цэ, Г, Ал нарыг аваад Дархан руу гарсан. Тэгээд Баруунхараа орох гэж явахад цасан шуургатай зам нойтон Баруунхараагаас цааш зам мөстсөн байдалтай байсан. Тэгээд явж байтал урд явж байсан приус 20 машин гэнэт зогссон тэгэхээр нь тэрийг гүйцэт түрүүлэх үед өөдөөс гэрэл гарч ирсэн. Буцаад эгнээндээ орох үед машин шарваад хөндлөн очиж хөндлөн чигээрээ явсаар байгаад хохирогч Эрын машинтай очиж мөргөлдсөн. Өөрийнхөө эгнээнд буцаж орсон боловч тэр чигээрээ гулгасаар байгаад мөргөсөн. Осол болсоны дараа урд суудалд хүү бид 2 сууж явсан урд талын хаалгаа онгойлгож хүүгээ гаргаж авсан дараа нь Ал өөрөө гараад ирсэн, Цэ бас гараад ирсэн Цэг гаргаад цасан дээр юм тавиад суулгасан. Г эгчийг харсан чинь толгойноос нь цус гараад байж байсан. Тэгээд машинд байсан бинтээр цусыг нь тогтоох гэж хүүтэйгээ оролдсон боловч цус нь тогтохгүй байсан. Тэгээд Г эгчийг хүүгээрээ түшүүлж суулгаж байгаад сүүлдээ замын машин зогсоох гэхэд зогсохгүй байсан учир хүү бид 2 хоёулаа гар гараасаа барьж байгаад машин зогсоож энэ хүний цусыг тогтоогоод байхъя гэж байж хамгийн түрүүнд Г эгчийн цусыг тогтоосон. Тэгээд түргэн, цагдаад дуудлага өгөөд бараг 20,30 минут болсон. Тэр үед Г эгчийг манай хүү тэврээд сууж байсан. Машинууд зогсохгүй хэцүү байсан. Эхлээд нэг машин зогсоож Алыг өгч явуулсан дараагийн машинд Цэг өгч явуулсан. Г эгчийг болохоор зогссон машины жолооч нар цустай хүн авахгүй гээд байсан. Тэгээд түргэн, цагдаа руу дахиж 30,40 минутын дараа утасдаж хаана явж байна гэсэн чинь дөнгөж Хонгор орж явна зам хэцүү байна гэсэн. Тэгэхээр нь удах юм бол энэ хүн хэцүүдэх юм байна гэж бодоод дахиж хүү бид 2 хоёулаа гараа алдалж байж хотын kluger машин зогсоогоод Г эгчийг хүүдээ тэврүүлж явуулсан. Тэгээд эмч найз нарруугаа утасдаж асуусан чинь хамгийн түрүүнд цусыг нь тогтоо ямар ч байсан тийм арга хэмжээ ав гэж зөвлөсний дагуу цусыг нь тогтоосон. Kluger машинд Дархан руу очиж яваа хүү Г эгч хоёрыг манай найз нар тосч аваад тэр шөнөжингөө тусалсан. Хамгийн түрүүнд бүх хүмүүст бүгдэд нь тархины зураг тус бүрт нь 140000 төгрөгөөр, эхо болон рентгенд сидитэй нь 30000 төгрөгөөр эхний арга хэмжээг авсан. Тэгээд тэр шөнөдөө эмчилгээнд хэрэгтэй байсан бүх эм тариануудыг нь манай найз нар гаднаас зөөж өгсөн байгаа. Би өөрөө ослын газар дээр байж байсан. Тэр шөнөдөө Дарханаас ачдаг машинд машинуудаа ачуулсан. Нэхэмжилсэн хохиролыг бүгдийг төлсөн. Жаргалсайханд 11800000 төгрөг, Эрад 1350000 төгрөг, Г эгч 5700000 төгрөг нэхэмжилсэн байснаас хагалгааны өмнөх өдөр нь 850000, 650000 төгрөгийг тус тус шилжүүлсэн. Дарханаас Баруунхарааруу явсан түргэний машинд 150000 төгрөг төлсөн. Мөн тэр шөнө шаардлагатай эм тариануудыг манай эхнэр хүүхдийн сар бүр ордог 20000 төгрөгний 1000000 төгрөгний хадгаламжийг аваад бүгдэнгээр нь эмнэлэгт очсон хүмүүстээ зарцуулсан байсан. Тэр үедээ яарч сандраад яаралтай эм тариа авч байхдаа баримт авч чадаагүй байсан. Г эгчид сүүлд нь даатгалаас 5000000 төгрөг өмнө өгсөн 1500000 төгрөг, түргэний машин гээд нийт нийт 6800000 төгрөг өгсөн. Цэд эмнэлэгт байх хугацааных нь бүх эм тариа болон шаардлагатай бүх зүйлээр хангасан. Алын мөн бүх хохиролыг өгсөн нийтдээ 22000000 төгрөг хохиролд төлсөн. Манай найзууд тэр өдөр үүр цайтал бүгдийг түшиж холбогдох эмчилгээг нь хийлгэсэн байсан. Би ямар ч л байсан хамгийн эхэнд цусыг нь тогтоож эмнэлэгрүү хүргэе л гэсэн бодолтой байсан. Сүүлд нь хотруу авч явсан эмч нь хэлэхдээ маш түргэн авч явж цусыг нь тогтоогоогүй удсан бол өнгөрөх байсан харин та 2 хурдан эмнэлэг бараадуулсан байна гэж байсан. Г эгчтэй уулзаж чадаагүй байсан уулзаж уучлалт гуйх байсан. Уучлаарай Г эгчээ. Би таньтай уулзах гэж их үзсэн эхлээд би тань руу ээж дүү нараа явуулсан танайхан хүлээж аваагүй гэсэн. Дараа нь би эмнэлэгт байхад чинь өөрөө очсон эмэгтэй, эрэгтэй 2 хүн байсан. Наашаа эмнэлэгээс гараад ирэхэд чинь хүртэл би хэлсэн надад 1000000 төгрөг байна үүнийг аваад одоохондоо хэрэглэж бай гэсэн чинь танай дүү гээд байгаа хүн хүлээж аваагүй. Гэмтлийн эмнэлэгт ч энэ 2 хүн байсан. Яах вэ гээд л очихоор тэнд байсан ах бол намайг чамтай шүүх цагдаа дээрээ л уулзана гэсэн. Би бас юм бариад очсон тортой юм авах хүн олддоггүй би хүүг чинь дуудаж өгсөн. Сүүлд нь Гантөмөр эгчтэй 12 сарын эхээр уулзмаар байнаа яах вэ гээд ярьсан чинь ажилтай байна гэсэн орой залгасан гэртээ байна гэхээр нь гэрт чинь очоод уулзъя гэсэн гэрт болохгүй гэсэн маргааш тэгвэл цаг тохироод 12 цагт уулзъя гэсэн чинь за тэгье гэчихээд утсаа аваагүй. Мөн даатгал дээр оччихсон байна гэхээр нь би яваад очъё та байж байгаарай гэсэн. Г эгч таньтай би нэг ч холбогдоогүй дандаа энэ ахтай л ярьж байсан. Би бол яахаа алдсан хүн чанаргүй хүн бол биш. Би бол зөндөө уулзах гэж үзсэн таныг хаана байгааг мэдэхгүй байсан. Тэгээд би сүүлдээ энэ хүмүүс шүүхээр л орж байж бүх юмаа шийдэх юм байна даа гэж би бодсон. Уг нь уулзаад ярилцъя гэж зөндөө л бодсон манай эхнэр хүртэл хүүхдээ дагуулаад очъё гэж байсан гэх мэдүүүлэг
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Гын өгсөн …… Би 2017 оны 10 дугаар сарын 13-ны орой Дархан явах гээд 20 цаг өнгөрч байхад Драгон дээр очоод энэ хүнийг Дархан явна гэж байхаар нь машинд суусан. Намайг суухад урд талын суудал дээр нь нэг хүү байсан тэгээд өөрөө байсан. Тэгээд замаас нэг хүүхэн авсан байх. Баруунхараа өнгөрөөд осолд орсоноосоо болж хүнд цохилтонд орсон байх би ухаан алдчихсан байсан болохоор санахгүй байгаа. Хагалгаанд орсоноос хойш юмнуудаа санаж байгаа. Дарханд намайг эмнэлэгт хэвтэж байхад манай хүүхэд, миний төрсөн дүү нар очсон. Тэгэхэд өгсөн юм уу одоохондоо 1000000 төгрөг авч бай өөр нэмэрлэх юм алга гэхээр нь манай хүүхэд, дүү нар тухайн үед байж бай гэсэн юм уу юу гэсэн юм мэдэхгүй. Юу тэр мөнгө энэ хүнээ аваръя гээд өөрсдөө ч гэсэн намайг аймар болчихсон байхыг хараад ухаан санаа нь орон гаран л явсан юм шиг байна лээ. Манай хүүхэд гэнэт сонсоод Дархан руу явж байхдаа л уйлаад явсан гэсэн. Шөнөжингөө мөлхөж явж байж л машинтайгаа очсон юм байна лээ. Тэгээд энэ хүнээс би тэр замын зардал, хүүхдүүдийнхээ надруу ирж очсон зардалыг ч би нэхэмжлээгүй зөвхөн би эмчилгээний зардалыг л нэхэмжилсэн. Бас манай дүү намайг ажлаасаа чөлөө авч сахиж байсан тэгж цалингаараа хохирч явсанг нь нэхэмжлээгүй. Тэгээд цус их алдсан гээд цус төлжүүлэх маш их юм авч хэрэглэсэн тэр бүгд чинь эмчилгээний зардалд ороогүй байгаа ш дээ. Мөн хавирга хугарсан өөрөөр нь бороолуул гэж дандаа барагшунтай эм авч хэрэглэж байгаа өшөө 2 сар тэрийг авч хэрэглэнэ тэр зүйлсийг ерөөсөө нэхэмжлээгүй. Зөвхөн хагалгаанд зориулсан эмчилгээний мөнгийг л нэхэмжилсэн. Би эрүүл биетэй байж байгаад ийм өвчтэй болж юм ч харах муудсан. Нүдний эмнэлэгт очиж эмчилгээ хийлгээд 2 нүдэндээ хоёуланд нь лазер хийлгэж, усны суваг нь бөглөрчихсөн байна гээд тэрийг цоолуулсан. 2 удаа нүдэн даралт харваж одоо хүртэл би нүдний эмчилгээ хийлгэж байгаа. Тэр бүгдийгээ нэхэмжилвэл бас нэхэмжлэх л байсан. Надаас нэг ч удаа уучлалт гуйгаагүй эмнэлэг дээр ирсэн ирээгүйг нь би мэдэхгүй юм байна. Хүнийг ийм болгочихоод хамгийн түрүүнд хүнд гэмтсэн хүндээ л эмчилгээний зардал мөнгийг нь юу болж байна гээд хохиролыг нь барагдуулмаар юм шиг санагдсан. Тэр 5000000 төгрөг нь саяхан 07 ч хоноогүй байх даатгалаас орсон. Эрүүл мэндээрээ их хохирсон. Металл бас их суулгуулсан тэгээд гоо сайхны хагалгаанд орж нүүрээ янзлуулна гэхээр эдгэж байж 6-8 сарын дараа хагалгаанд орж болно тэгэхээр одоохондоо үнэлгээ гарах боломжгүй гэсэн. Би эрүүл мэндээрээ хохирсондоо энэ хүнд гомдолтой байна. Би Дархан явах гэж энэ хүний машинд суусан болохоос очоод осолд ороод өгөөч гэж би машинд нь суугаагүй. Надаас уучлалт гуйгаад уулзаад явсан бол би өөрөө бас эх хүн юм чинь бас бодно. Гэтэл ерөөсөө тийм зүйл хийгээгүй. Энэ хүнд бол гомдолтой л гэж хэлэх байна. Үргэлжлүүлээд манай өмгөөлөгч цааш ярих байх би сайн ярьж чадахгүй байна гэх мэдүүлэг болон талуудын шинжлэн судалсан нотлох баримт болох
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ж.Эрын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...... Би 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 18-19 цагийн үед шиг санаж байна. Дархан-Уул аймгийн төвөөс Улаанбаатар хот руу орохоор манай аавынхаа эзэмшлийн приус-30 маркын 13-50 унм улсын дугаартай машиныг жолоодон ганцаараа явж байгаад Хонгор сумын наад талд байдаг Цайдам цайны газарт жаахан саатаж байж байгаад нэлээн оройхон болгоод хот руу гарахаар Хустайн даваа гэдэг газраар явж байтал миний өөдөөс мөнгөлөг өнгийн приус-20 маркын машин явж байтал түүний ард явж байсан машин гэрлээ холын тусгал дээрээ тавьчихсан байсан машин гэнэт өөдөөс гарч ирээд миний машиныг зүүн урд талаас нь мөргөөд осол гаргасан юм. Уг ослын улмаас миний унаж явсан машинд маш их эвдрэл учирсан ба биеийн маань баруун хөлний тойгны шингэн нь асгарч яс нь бэртсэн юм. Би 20-30 километр цагийн хурдтай л явсан байх. Тухайн үед дөнгөж цас ороод зам хальтиргаатай болчихсон байсан юм. Тийм болохоор би их удаан гэлдрүүлээд явж байсан юм, Харин миний өөдөөс ирж мөргөсөн машиныг би приус-20 маркын машины араас асар хурдтай орж ирээд тулж ирэнгүүтээ миний өөдөөс ямар ч самбаачлах боломж өгөлгүй орж ирээд мөргөсөн юм. Би бол миний өөдөөс ирж мөргөсөн машиныг 100 гаруй километр цагийн хурдтай явсан байх гэж бодож байна. Уг машиныг манай аав Жаргалсайхан 2017 оны 08 дугаар сард банк бус санхүүгийн байгууллагын лизингээр худалдаж авсан юм. Ер нь бол манай аавын өмч байгаа юм. Машины хувьд аав маань Солонгос улсаас ирж байж л үнэ мөнгийг нь нэхэмжлэх байх. Харин миний хувьд биеэ эмчлүүлсэн зардлаа баримтаа бүрдүүлж байгаад нэхэмжилнэ. Гомдолтой байна./Хх-ийн 34-35 дугаар хуудас/
Хохирогч Б.Ал мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...... Би 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 21 цагийн үед шиг санаж байна. Улаанбаатар хотын Дроган төвөөс Дархан руу явна гэсэн нэг машинд хөлсөө төлөөд суусан юм. Тэгээд Улаанбаатар хотоос гараад нэлээн явсны дараа голын суудалд явж байсан чи миний дүү голд суучих би жаахан захад сууя гээд байраа сольсон юм. Тэгээд би хойд талын голын суудалд суугаад гар утсаараа эхнэртэйгээ яриад явж байтал гэнэт л машины гэрэл гялбаад өөдөөс машин ирж мөргөөд осол гарсан юм. Осол болсны дараа би ухаан ороод машинаас бууж нүүрээ цасаар угаагаад зүүн гараа барьтал зүүн гар маань сонин болчихсон байсан юм. Тэгээд би замын унаанд суугаад Дархан-Уул аймаг руу явсан юм. Би тэрийг сайн мэдэхгүй байна. Би яг ослын талаар нарийн сайн хараагүй би зам руу харалгүй суудлынхаа арын дэрийг дэрлээд дээшээ харчихсан утсаар яриад явж байсан юм. Тэгтэл гэнэт л хажууд сууж явсан эгч нар орилохоор нь хартал өөдөөс гэрэл гялбаад л тэгээд юу болсныг мэдэхгүй ухаан балартсан байсан юм. Миний зүүн гарын булчин хэсгээр хугаралтай байгаа юм. Миний зүгээс эмчилгээний зардалд мөнгө төгрөг нэхэмжлэхгүй ээ. Уг машины жолооч миний эмчилгээний зардлийн мөнгийг 100% гаргасан болно. Би гараа хугалснаас болоод ажил хийж чадахгүй байгаа. Тийм болохоор би ажилгүй байх хугацааны байрны түрээсийн 2 сарын төлбөрийг буруутай жолоочоос нэхэмжилнэ. Энэ төлбөрийг төлчихбөл миний зүгээс гаргах гомдол санал байхгүй гэх мэдүүлэг /Хх-ийн 39-40 дугаар хуудас/
Хохирогч Д.Цэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...... Би 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 21 цагийн үед шиг санаж байна. Улаанбаатар хотын Дроган төвөөс Дархан руу явна гэсэн нэг машинд хөлсөө төлөөд суусан юм. Би жолоочийн хажуугийн суудлын ар талд сууж явсан юм. Тэгээд Улаанбаатар хотоос гараад нэлээн явсны дараа гэнэт л миний сууж явсан машины өөдөөс машин орж ирээд мөргөлдсөн юм. Би угаасаа машинд суухаар дотор муухай оргиод байдаг болохоор нүдээ аниад явдаг юм. Осол яг юунаас болсныг би ерөөсөө мэдэхгүй байна. Осол болсны дараа би машинаас буугаарай гээд байхаар нь би машинаас буусан юм. Тэгээд миний сууж явсан машины жолооч замын унаа зогсоогоод л энэ хүнийг аваад яваач би осолд орчихлоо гэж гйүж байгаад намайг нэг замын унаанд суулгаад би Дархан-Уул аймаг руу явсан юм, Би тэрийг сайн мэдэхгүй байна. Гэхдээ би хотоос гараад хэрэг болгоод тэр машины хурдыг харахад 80-тай л явж байсан юм. Тэгээд би за энэ жолооч иймэрхүү л хурдтай явах юм байна гээд тайвширсан байсан юм. Тухайн зед зам хальтиргаатай байна гээд бас аажуухан л явж байгаа санагдсан юм. Миний баруун талын хоёр хавирга хугарсан бага зэргийн хавдартай байсан юм. Миний зүгээс эмчилгээний зардалд мөнгө төгрөг нэхэмжлэхгүй ээ. Уг машины жолооч миний эмчилгээний зардлийн мөнгийг 100% гаргасан болно. Миний зүгээс гаргах гомдол санал байхгүй ээ гэх мэдүүлэг /Хх-ийн 42 дугаар хуудас/
Иргэний нэхэмжлэгч Ч.Жаргалсайханы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...... Эхнэр бид 2 2017 оны 09 сарын 01-ний өдөр би Өмнөд Солонгос улсруу ажлаар явсан юм тэгсэн 2017 оны 10 сарын 14-ний өдөр надруу манай хүү Ж.Буянбат Ж.Эр Дарханы зам дээр осолд орсон талаар хэлсэн тэгэхээр нь Монголруу буцах гэтэл визны хугацааг дуусахаар ир гээд хүүхэд тэгээд байхаар нь эхнэр бид 2 зөвшөөрөөд ирээгүй байж байгаад 2017 оны 12 сарын 01-ний өдрийн орой ирсэн тэгээд Ж.Эраас юу болсон талаар нь асуухад Дарханаас явж байхад өөдөөс урсгалд машин орж ирэхээр нь гэрлээрээ дохиод болохгүй байхаар нь замаас гартал өөдөөс нь ирээд мөргөсөн гэсэн тэгээд л гэмтсэн байна лээ.2017 оны 07 сарын 22-ны өдөр Улаанбаатар хотын Да Хүрээ захаас 17 сая төгрөгөөр худалдаж авсан худалдан авах гэрээ нь байгаа гэхдээ 11 сая төгрөгийг банк бус санхүүгийн байгууллагаар төлүүлэхээр барьцаалсан юм. Одоо ингээд тээврийн хэрэгсэл маань ашиглах боломжгүй болчихлоо Инвескор ББСБ-д 17 сарын хугацаатай барьцаалсан байсан юм сард 900.000 гаруй төгрөг төлдөг гэхдээ үүнийгээ би сар сард нь төлөөд явнаа. Тийм гэсэн би үнэлүүлээгүй манай хүү Буянбат машинаа үзүүлж гаргуулсан байна лээ оношлогооны газар 80 хувь нь гэмтэл байна гэмтсэн эд зүйлүүдийг бүгдийг нь дурьдаж гаргасан орж ирээд 2 сар болж байгаа машин 80 хувь нь гэмтэхээр энэ зэргийн үнэлгээ гаргана шдээ гэж хэлсэн уг үнэлгээний газартай ямар нэгэн харилцаа холбоо байхгүй шаардлагатай гэж үзвэл Ж.Т өөрөө зардлаа гаргаад дахиж үнэлгээ тогтоолгоно биз адилхан гаргана шдээ Би машиныхаа үнэлгээг нэхэмжилнэ гэх мэдүүлэг /Хх-ийн 44-45 дугаар хуудас/
Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ № 13268 ....... Дүгнэлт
1.Ж.Эрын биед баруун хөлийн тойг ясны бяцарсан зөрөөгүй ил хугарал, баруун өвдөгний шарх, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3.Дээрх баруун хөлийн тойг ясны бяцарсан зөрөөгүй ил хугарал гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөхгүй гэх /Хх-ийн 54 дүгээр хуудас/
Шинжээчийн №1042..... Дүгнэлт
1.Б.Алын биед зүүн бугалганы битүү хугарал хагалгааны дараах байдал, тархи доргилт, зүүн сарвууны зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн шилбэний зулгаралттай гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр буюу мөргөх, хөшигдөх, хавчигдах үед үүсгэгдэх боломжтой.
3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаанд сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх /Хх-ийн 59 дүгээр хуудас/
Шинжээчийн №1040..... Дүгнэлт
1.Д.Цэгийн биед тархи доргилт, баруун талын 2 хавирганы хугарал, 2 хөлийн шилбэн дэх цус хуралт, хүзүү цээж орчмын зөөлөн эдийн няцра тогтоогдлоо.
2.Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
3.Уг гэмтэл нь ГЗТЖ-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Цаашдын эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэх /Хх-ийн 63 дугаар хуудас/
Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ № 13347 ....... Дүгнэлт
1. Д.Гын биед дух ясны цөмөрсөн ил хугарал, баруун талд хоншоор ясанд гайморовын хөндийн урд хана, арын хана, дотор хана, нүдний ухархайн дотор хана, гадна хана, доод хана, гадна хана, дээд хана, суурь яс хамар яс, этмойд яс, этмойд хөндийн таславч, зүүн талын гайморовын хөндийн урд хана, нүдний ухархайн дотор хана, гадна хана, доод хана, хоёр талын духны хөндийн гадна, дотор ялтас, дух ясыг хамарсан олон тооны ясны сэлтэрхий бүхий бяцарч цөмөрсөн нийлмэл хугарал, баруун гайморовын хөндийн урд хана, баруун нүдний ухархайн доод болон дотор дотор ханын цөмөрсөн хугарал, тархины хоёр тал бөмбөлгийн духны дэлбэнгийн тархины эдийн няцрал, цус хуралт, зулай хэсгийн аалзан бүрхүүл доорх цус харвалт, тархи доргилт, баруун талын 2,3,4,5,6-р хавирганы зөрөөтэй, зүүн талын 3-р хавирганы зөрөөгүй хугарал, хоёр талын уушигны доод дэлбэнгийн няцрал, цээжний баруун, зүүн хөндий дэх шингэн хуралт, баруун нүдний алим, хоёр нүдний зовхи, хоёр хацар, эрүү, баруун шуу, зүүн шилбэнд цус хуралт, зүүн шилбэнд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.12-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна гэх /Хх-ийн 67 дугаар хуудас/
Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэргийн газарт хийсэн схем зураг, гэрэл зургийн үзүүлэлтүүд /Хх-н 08-13 дугаар хуудас/
Ж.Тын согтуурлыг шалгахад 0,00 % гарсан гэсэн согтуурал шалгасан тухай тэмдэглэл /Хх-н 14 дүгээр хуудас/
Ж.Эрын согтуурлыг Мета багажаар шалгахад 0,00 % согтууруулах ундаа хэрэглэсэн болох нь тогтоогдсон гэсэн согтуурал шалгасан тэмдэглэл /Хх-н 15 дугаар хуудас/
Ж.Тын эзэмшлийн 33-99 ДАР улсын дугаартай тээврийн хэрэслийн гэрчилгээний хуулбар /Хх-н 16 дугаар хуудас/
Ж.Тын Цагдаагийн ерөнхий газар жолоочийн лавлагаа мэдээлэл /Хх-н 18 дугаар хуудас/
Инвескор ББСБ-ын эзэмшлийн 13-50 УНМ улсын дугаартай тээврийн хэрэслийн гэрчилгээний хуулбар /Хх-н 19 дүгээр хуудас/
Ж.Эрын жолооны үнэмлэхний хуулбар /Хх-н 20 дугаар хуудас/
Инвескор ББСБ, Ч.Жаргалсайхан нарын хооронд байгуулсан 2017 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн В17072261 дугаартай зээлийн гэрээ, эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ, тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ, тээврийн хэрэслийн даатгалын гэрээний хуулбар /Хх-н 46-51 дугаар хуудас/
13-50 УНМ улсын дугаартай автомашины эвдрэл хохирлын шууд зардлыг 9.925.000 төгрөгөөр, шууд бус зардлыг 1.720.000 төгрөгөөр, нийт 11.645.000 төгрөгөөр үнэлсэн Арвижих эстимэйт ХХК-ний үнэлгээний тайлан /Хх-н 74-80 дугаар хуудас/
Дархан-Уул аймгийн Дархан сумын 16 дугаар багийн засаг даргын тодорхойлолт /Хх-н 91 дүгээр хуудас/
Ж.Тын иргэний үнэмлэхний лавлагаа /Хх-н 92 дугаар хуудас/
Ж.Тын нь урьд нь ял шийтггүлсэн талаар ЦЕГ-ын МНБГ-ын лавлагааны санд бүртгэгдсэн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /Хх-н 93 дугаар хуудас/
Ж.Тын урьд ял шийтгүүлж байсан шийтгэх тогтоолын хуулбар /Хх-н 95 дугаар хуудас/
Ж.Тт холбогдох эрүүгийн 1732000940078 дугаартай хэргийн хохиролын тооцоо /Хх-н 102 дугаар хуудас/
Хохирогч Д.Гын эмчилгээний зардал /2017-10-14-ний өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийг хүртэлх/ хохирол нэхэмжилсэн баримт /Хх-н 111-113 дугаар хуудас/
Хохирогч Ж.Эрын эмчилгээний зардал хохирол нэхэмжилсэн баримт /Хх-н 103-110 дугаар хуудас/
Ж.Таас хохирогч Д.Цэд хохирол нөхөн төлсөн баримтууд /Хх-н 114-115 дугаар хуудас/
Ж.Таас хохирогч нарт хохирол төлбөр төлсөн тухай баримт /Хх-н 117-121 дүгээр хуудас/
Хохирогч Д.Гын хохирол нэхэмжилсэн баримтууд баримт зэрэг болно.
Шүүгдэгч Ж.Т нь 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрөөс 14-нд шилжих шөнө 00 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Баян 2-р багийн нутаг дэвсгэр, Дархан-Уул аймгаас Улаанбаатар хотын чиглэлийн төв асфальтан 173-174 клометрийн замд 33-99 ДАР улсын дугаартай Тоёото Премо загварын тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас эсрэг урсгалд явсан Ж.Эрын жолоодон явсан 13-50 УНМ улсын дугаартай Приүс-30 загварын тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, зорчигч Д.Гын эрүүл мэндэд хүнд хохирол, Б.Алын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, Тоёото Приүс-30 загварын 13-50 УНМ улсын дугаартай тээврийн хэрэгсэлийн жолооч Ж.Эрын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол тус тус учруулсан болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нь хуульд заасан шаардлага хангасан, хууль зөрчөөгүй байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримтууд гэж үнэллээ.
Мөн шүүгдэгч Ж.Т нь хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаагүйгээс замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчин зам тээврийн осол гаргаснаас нэг хүний эрүүл мэндэд хүнд, хоёр хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.3 дах хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангаж байх бөгөөд энэ зүйл ангиар зүйлчлэн ял оногдуулан тэнсэх эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэсэн улсын яллагч болон шүүгдэгчийн өмгөөлөгч нарын саналыг хүлээн авах боломжтой байна.
Харин шүүх хуралдаан дээр хохирогч Д.Г, хохирогчийн өмгөөлөгч нарын шүүгдэгчид хорих ял оногдуулах санал гаргасныг шүүх хэргийн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа зэрэг үндэслэлийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг шүүх хэрэглэх боломжтой байх тул шүүгдэгчид заавал хорих ял биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж дүгнэсэн болно.
Шүүгдэгч Ж.Тын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах бөгөөд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.3 дах хэсэгт заасан ялыг оногдуулахгүйгээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг тодорхой хугацаагаар хасч мөн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг баримтлан тэнсэж, хуульд заасан үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээг хэрэглэх нь зүйтэй байна гэж үзлээ.
Хохирогч Д.Г нь баримтаар нийтдээ 10463606 төгрөг нэхэмжилж байгаагаас шүүх хуралдаан дээр 4068501 төгрөг нэхэмжилж шүүгдэгч Ж.Т нь нийт нэхэмжилсэн төлбөрөөс 6500000 төгрөг төлснийг хасч үлдэгдэл 3963606 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогч Д.Гт олгох мөн энэ гэмтлийн улмаас цаашид зайлшгүй эмчлүүлэхэд гарах болон гарсан зардлаа тухай бүрд нь нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжилж шийдвэрлүүлэх эрхтэй болохыг шийтгэх тогтоолд тусгаж өгөх нь зүйтэй байна.
Энэ хэрэгт Ж.Тын иргэний бичиг баримт хураагдан ирээгүй, хохирогч Ж.Эр, Б.Ал, иргэний нэхэмжлэгч Ч,Жаргалсайхан, Д.Цэ нар нь хохирол төлбөргүй гомдол саналгүй, шүүгдэгч Ж.Т нь цагдан хоригдсон хоноггүй мөн энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СD-г хавтаст хэрэгт нь хадгалахыг тус тус дурьдаад
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 5.1, 5.2, 5.3, 5.4, 8 дах хэсэг, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.3, 2.4, 3 дах хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
Тогтоох нь:
1.Шүүгдэгч Бүргэд овогт Жаргалын Тыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний эрүүл мэндэд хүнд, хоёр хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг журамлан эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дах хэсэгт зааснаар Ж.Тыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жилийн хугацаагаар хасч, 01 жилийн хугацаагаар тэнсэн харгалзсугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасныг баримтлан Ж.Т нь тэнссэн хугацаанд гэмт хэргийн улмаас учирсан хор уршигийг арилгах албадлагын арга хэмжээг хэрэглэсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт зааснаар Ж.Тт оногдуулсан гэмт хэргийн хор уршгийг арилгах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Цагдаагийн хэлтэст даалгасугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан хохирогч Д.Г нь баримтаар нийтдээ 10463606 төгрөг нэхэмжилж байгаагаас шүүх хуралдаан дээр 4068501 төгрөг нэхэмжилж шүүгдэгч нийт нэхэмжилсэн төлбөрөөс 6500000 төгрөг төлснийг хасч үлдэгдэл 3963606 төгрөгийг шүүгдэгч Ж.Таас гаргуулж хохирогч Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүрэг 6 дугаар хороо, Содон хороололын 101-143 тоотод оршин суух, Боржигон овогт Дамдинсүрэнгийн Гт олгосугай.
6.Хохирогч Д.Г нь цаашид гарах эмчилгээний зардалаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжилж шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурьдсугай.
7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүхээс хүлээсэн үүргээ биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн уг шийдвэрийг хүчингүй болгож хорих ял оногдуулахыг Ж.Тад мэдэгдсүгэй.
8.Энэ хэрэгт Ж.Тын иргэний бичиг баримт хураагдан ирээгүй, хохирогч Ж.Эр, Б.Ал, иргэний нэхэмжлэгч Ч.Жаргалсайхан, Д.Цэ нар нь хохирол төлбөргүй гомдол саналгүй, шүүгдэгч Ж.Т нь цагдан хоригдсон хоноггүй мөн энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СD-г хавтаст хэрэгт нь хадгалахыг тус тус дурьдсугай.
9.Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Ж.Тт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ Д.РЕНЧЕНХОРОЛ